МУСТА, жүжигчин Л.Нурбулан: Эрүүл болчихоод ээждээ хамгийн түрүүнд очно доо

2019 оны 10-р сарын 28 өдөр, 09 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
73364218_2157602584341725_2659026686883921920_n

Ирэх 11-р сарын 3-нд УБ паласийн концертын их танхимд “Дулаан сэтгэл” хандивын тоглолт болох тов гарчээ. Монголын рок попын болоод хошин урлагийн одод оролцох энэ тоглолтын орлого жүжигчин Л.Нурбуланы эмчилгээнд хандив болно. Ингээд бид уг тоглолтын эзэн түүнтэй уулзахаар Богд Ар дахь гэрт нь очсон.  Биднийг очиход Б.Ербулан, Б.Нурболат нарын залуус нутгийн олноос /500 гаруй хүн нэгдсэн/ цугларсан мөнгийг түүнд өгөөд гарахтай таарав. Жүжигчний маань том охин хичээлдээ явж, бага охин, эхнэрийн хамтаар гэртээ угтлаа. Бидний танилцсан түүх их сонирхолтой. 2000 оны эхээр шинэхэн сэтгүүлч би редактороосоо жүжигчин Латиф агсны бага хүү Нурбуланаас ярилцлага авч ирэх даалгавар авдаг юм. Тэгээд Соёлын төв өргөөн дээр тоглолтын бэлтгэл дээр нь шууд л яваад очсон жижигхээн нөхөр гарч ирснээ “Би ярилцлага өгдөггүй” гэж хээвнэг хариулчихаад дотогш орчихдог шүү. Шинэхэн сэтгүүлч  байсныг ч хэлэх үү “гуйж” энэ тэр болсонгүй. Бараг л “За за” гээд буцчихаж билээ. Харин  тав дахь өдөр сонин гарахад бүтэн нүүр дүүрэн Нурбуланы ярилцлага гарлаа. Учир нь надаас нэг, хоёр жилийн өмнөх сэтгүүлч түүнийг “найрч” амжжээ. Одоо бодоход би шартай нөхөр байсан шиг байгаа юм. Сонин гарсны орой нь шинэ дугаараа аваад ахиад л Соёлын төв өргөөн дээр очоод Нурааг дуудсан гараад ирэв. Тэгэхээр “Нэг сониноос ирээд яриа авъя гэж байхад” гээд л эхэлсэн. Чимээгүй л сонсож зогссоноо “Уучлаарай. Ингэхэд хоёулаа танилцах уу. Дараа дараагийн удаад миний хэрэг болбол тусалъя” гэж билээ. Түүнээс хойш 18,19 жил мэнд устай явжээ. Энэ хугацаанд түүнийг Туркт ажиллаад ирэхэд нь яриа авч, хуримынх нь анхны мэдээг бичиж, “Хандгай” театрын тухай ч мөн л бичжээ. Харин сүүлийн жилүүдэд таарсангүй удсан аж. Ингээд энэ өдөр /аравдугаар сарын 21-нд/ яриа авахаар болсон билээ. Нураа ч хэзээний л жижигхэн биетэй, овор багатай нөхөр. Ер нь энэ урлагийнхан чинь үеийнхнээсээ залуу харагддаг нууцтай улс л даа. Гэхдээ сүүлийн жил гаруй хугацаанд өвдсөн болохоор бага зэрэг жин хасчээ. Бас хагалгааны шархнаас /энэ тухай ард өгүүлэх болно/ болоод баруун гарын хөдөлгөөн хязгаардмал, элэг дэлүү томорсоноос хэвлийн тойрог нэмэгдсэн гэнэ. Тэгээд баруун гараараа гэдсээ үл ялиг тэвэрч, ихээ удаан алхална.

    Биеийн байдлыг нь асуувал нэг үеэ бодвол би чинь хүн болчихоод байгаа юм. Шөнө унтахдаа “холоо явчих вий” гэж айдаг үе маань өнгөрсөн. Тэр өдрүүдийг дурсах юм биш. Жилийн өмнө хагалгаанд ороод л эв эрүүл болчихоод, ажлаа хийнэ гэж бодсоноос үнэндээ өнөөдрийн тухай төсөөлсөн ч үгүй гэсээр бидний яриа эхэлсэн юм.

-Бид анх хошин шогийн жүжигчин байхад чинь уулзаж байлаа. Түүнээс хойш олон жил өнгөрчээ. Хүүхдийн жүжигчин болоод хэдэн жил болчихов оо?

-Сургуулиа төгсөөд хошин урлагийн хэд хэдэн продакшнд ажиллаж байлаа. Тэгээд 2012 онд монгол улсынхаа циркийг сурталчилж, “Болдоо циркус”-ын хамт олонтой Туркт зургаан сар гаруй хугацаанд ажилласан юм.  Тэр хугацаандаа гадныхан зөвхөн хүүхдүүдэд зориулсан тусгай төрөл байдгийг олж харсан л даа. Улмаар ирээд нэг их удалгүйгээр “Хандгай” хүүхдийн театраа байгуулж ажилдаа орсон. /Түүний нэрний Булан гэдэг нь хандгай гэсэн утгатай./ Түүнээс хойш Улаанбаатар хотынхоо маш олон хүүхдийн төрсөн өдөрт сюрприз барьж уригджээ. Бас 18 аймгийн 330 сумын ихэнхээр бүтэн хоёр удаа тойрч, бяцхан үзэгчдэдээ циркийн урлагийг болоод өөрийн уран бүтээлийг толилуулсан байна. Одоо ч намайг “Хүүхдийн жүжигчин” гэхээр ээж аавууд андахгүй болж дээ. Амьдрал гэж сонин байгаа юм шүү. Нэг л мэдэхэд ингээд хүүхдийн жүжигчин болоод хувирчихсан. /сурв. инээв/ Түүнээс өмнө чинь томчуудад л зориулсан номерт тоглож явлаа.

72951990_525443901624166_1670140544635895808_n

-Сая нутгийн залуучууд ирээд гарч байна. Ойрдоо зочид их байгаа юм аа даа. Тоглолтын бэлтгэл ажил дууссан уу?

-Тийм ээ, тоглолт хаяанд ирчихлээ. Олны хүч оломгүй далай гэдэг дээ. Түмэн олныхоо сайхан сэтгэлээр тоглолт маань амжилттай болох байх аа. Ямартаа ч хандивын аянаас орж ирсэн мөнгөнөөсөө УБ паласынхаа түрээсийг өгчихсөн. Энэ аян эхэлснээс хойш сайхан сэтгэлт хүмүүс их холбогдож байна. Сая гэхэд нутгийн хоёр  залуу Б.Ербулан, Б.Нурболат хоёр маань нутгийн залуучууд болон гишүүд, хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа нутаг нэгтнүүдээсээ цуглуулсан 16 сая төгрөгийг өглөө. Түүнээс өмнө Мустафа тэргүүтэй Баян-Өлгий, Ховдын аймгийн цолтой бөхчүүд маань ирж уулзаад, тусламжийн гараа сунгалаа. Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан сайд, Д.Мурат гишүүн, Баян-Өлгийн театрын дарга Б.Асылбек гээд олон хүнээс хандив ирлээ. Заримынх нь нэрийг оруулалгүй гомдоочих вий дээ. Тоглолтын ивээн тэтгэгчээр Ospring Mongolia-гийн хамт олон ажиллаж байна. Энэчлэн өдөр бүр “уулзалттай” л сууна. Надад туслаж байгаа эх орны маань өнцөг булан бүрт суугаа зон олондоо баярлаад л. Олны энэ сэтгэл өвчнөө ялах эрч хүчийг бэлэглэж байна. Ямар сайндаа л заримдаа өвчнөө мартаад, ширүүхэн алхчихаад пянгаа дийлэхгүй баларна аа.

-Яг өнөөдрийн байдлаар биеийн байдал ямар байна. Ямар эмчилгээ хийлгэж байгаа вэ?

-Одоо бол өдөрт хоёр удаа боолтоо хийлгээд, ганц нэг эм ууж байна. Өглөөний боолтоо Баянгол дүүрэгтээ очоод солиулчихна. Оройныхыг эхнэр маань солиод өгчихдөг юм. Жил гаруй хугацаанд ингээд явахаар хажуудах маань сурахаас өөр аргагүй л болдог аж. Анхандаа айгаад  харж ч чаддаггүй байлаа. Би ч өвдөлтөө тэсэхэд бэрх байсан үе бий. Тэгээд яах вэ, баяр ёслол, амралтын өдрөөр хаана боолтоо солиулна гээд явах вэ, хань маань сурсан л даа. Түрүү жилийн өдийд тэр ширээ /сурв.зурагтын хажуудах сэтгүүлийн ширээгээ заав./ зүгээр л миний эм тариагаар дүүрсэн байдаг байлаа. Одоо багасаад нэг хайрцагт багтдаг болсон.

-Нэг удаагийн боолтыг ямар үнээр хийлгэх үү. Бүтэн жил боолт хийлгэсэн байх нь ээ?

-Боолтын материалаа аваад, эмнэлэг рүүгээ таксидаад ирж очно гэхээр хөөрхөн мөнгө гарна аа. Тэрийгээ жилээр тооцохоор санаснаас их болчихдог юм билээ. Жил гаруй боолт хийлгэчихлээ шүү дээ. Гол энэ шархаа аниулахгүй байж дор дор нь цэвэрлээд байхгүй бол аньчихвал ахиад буглаа үүсэх аюултай. Энэ өвдөлтөөс болоод баруун гар маань хөдлөхөө больсон. Уг нь эмч нар хөдөлгө гээд байгаа ч  өргөж дийлэхгүй юм аа. Гараа жаахан хөдөлгөчихвөл элэг дэлүү, баруун тал ташаа хөл гээд тэр чигтээ өвдөнө. Энэ өвдөлтөөс болоод тал харвачихсан хүн шиг болчихсон. Хүмүүст хэлэхэд эрүүл байх шиг сайхан юм алга. Өнөөдөр манай гэр бүлийнхэн миний группийн 275 мянган төгрөгөөр /эхнэр нь асаргааны 60 мянган төгрөг авдаг/ л амьдарч байна. Яг надтай адил энэ группийн мөнгөөр амьдарч байгаа хүмүүс олон бий. Үнэндээ өвчтэй хүн чинь эм тариагаа эсвэл талх будааныхаа аль нэгийг л сонгох хэрэг гардаг юм байна.

-Одоо Шанхай руу ямар эмчилгээнд явах гэж байгаа билээ?

-Улаан хоолой, гуурсан хоолой цооролтоо нөхүүлэх юм. Үүнийгээ нөхүүлчихвэл ард /баруун далны ар/ асуудал үүсэхээ болино. Эргээд элэг дэлүү маань хэвэндээ орж, хаван буух юм. Заримыг нь ч учрыг сайн олохгүй болохоор ойлгомжтой сайн тайлбарлаж чадахгүй байна. Ойлгосноо л хар ухаанаар ярьж байгаа шүү. Би чинь Сонгдо эмнэлгийн хяналтанд байдаг юм. Энэ удаад Шанхай руу тус эмнэлгийн эмч маань хамт явна. Эмч хэлэхдээ амаргүй хагалгаа гэсэн. Хатуу ч гэсэн  хэлэх ёстой  байсан байх л даа. Гэрээслэлээ бичихийг сануулсан. Мөн эхнэрээс гадна өөр нэг хүн хамт явах ёстой гэнэ. Эндээс харахад хэцүү л даваа хүлээж байгаа бололтой. Уг нь монголд улаан хоолойн цоорхойг дурангийн хагалгаараа нөхчихдөг юм билээ. Миний тухайд аминд их ойрхон байгаа юм байх. Гэхдээ бурхан тэнгэр маань намайг үлдээх байх аа.  Би чинь анх өвчний түүхээ Бугат руу явуулсан зөвхөн уушгины эмчилгээний зардал 45 сая төгрөг гэхээр нь улаан хоолойн зургаа нэмээд явуулсан эмчлэхгүй гэдэг хариу ирсэн. Солонгос руу болохоор 150 сая гараад явчих юм байна лээ. Энэ их мөнгийг цуглуулна гэдэг амаргүй шүү дээ. Тэгээд арай хямдаар нь Шанхайг сонгочихоод байгаа юм.

73446245_574583059947464_3674690120566439936_n

-Одоо биед чинь ямар зовиур байна вэ?

– Мэдээж шарх маань аймаар өвдөнө. Энэ чинь нээлттэй байгаа шарх шүү дээ. Анх намайг хоёр, гурван сувилагч бариад цэвэрлэдэг байлаа. Тэрийгээ бодоход одоо ёолж суусаар тэвчдэг болж. Яах вэ, харьцангуй хүнд үе нь  өнгөрсөн л дөө. Идээ нь багасаад хаван буугаад ирэхээр ингээд босож суугаад ярихтайгаа болчихож байгаа юм. Гэхдээ боолт тулаад дээшээ хараад хэвтэх боломжгүй. Тэгээд нэгхэн байрлалаар жил хэвтэхээр сүүлдээ нойр ч хүрэхээ больчихдог юм байна. Байрлалаа олж хэвтэх хүртлээ багадаа 30 минут нааш цааш болно гээч. Тэгээд нэг талаараа удаан хэвтэхээр хөших энүүхэнд. Нойр хүрээд байгаа хэрнээ унтахгүй. Хэрвээ аз таарч сайхан унтаад авбал бие нэг их гоё сэргэчихнэ. Бүүр цоо эрүүл болчихсон ч юм шиг. Даанч тавхан минутын дараа эргээд л нурчихдаг. 60 алхаад ирэхэд 500,600 км явган явчихсан юм шиг ядралтыг авах жишээний. Их л удаан тэнхэрдэг юм байна. Хүн ч тэгээд өөрийн биеэр үзэж байж аливааг таньдаг юм байна. Энэ биеэ хүртэл таниагүй л явдаг санагдсан. Халдвартад хагалгаанд орчихоод хэвтэж байхдаа хоёр удаа ухаан алдаж унаад баларсан. Тэр үед л нээрээ би чинь их хүндээр өвчилжээ гэж ойлгож байгаа юм. Тэрнээс өмнө бол хагалгаанд орлоо, маргааш нь л босоод явах шиг санасан гээч. Би чинь бас циркийн үзүүлбэр үзүүлдэг болохоор зүгээр сууна гэж байсангүй. Байнга л хөдөлгөөнтэй ажиллаад сурчихсан болохоор хэцүү юм билээ. Харин одоо бол биеэ сайн мэддэг болсон. Эвгүйтэж байна шүү гэж мэдлээ л бол хэвтээд өгнө.

Үг амьтай гэдэг дээ. Удахгүй эрүүл саруул болоод эргэн бид уулзаж яриа авна. Та тэр үед юу хийж байх бол оо?

-Ажлаа л хийнэ дээ. Эхний ээлжинд хүүхдийн нэвтрүүлгээ үргэлжлүүлнэ. Өмнө нь ТВ8-аар “Хандгайн цаг” гэж  нэвтрүүлэгтэй байсан ч миний санхүүгийн асуудлаас болоод зогсчихоод байсан юм. Дараа нь бага охиноо өндөрт өргөж тэвэрнэ. Том охиноо сургуулиас нь авна. Эхнэр, хоёр охиноо дагуулаад парк орж, хүүхдүүдээ тоглуулна. Миний бага охин чинь намайг хагалгаанд орж байхад төрж байлаа. Нүдэн дээр минь дэгж дэрвээд, хичнээн эгдүүтэй болж байна гээч. Даанч аав нь элгэндээ наагаад ханатлаа тэвэрсэнгүй. Хүнээр өргүүлээд нэг үнсдэг юм. /сурв. Охин нь 10 сартай бөгөөд явдаг болчихож. Биднийг ярилцаж байхад өрөөнд орж ирсэн юм. Тэгсэн аав нь “Миний охин чинь хөөрхөн бүжиглэдэг юм. Энэ хоёрт үзүүлчих гээд ТВ-гээр “The gummy bear”  дууг тавьж өгөхөд бяцхан охин баяр хөөр дүүрэн бүжиж биднийг баясгалаа./ Том охин маань өнгөрсөн жил нэгдүгээр ангид орсон. Хагалгаанд орохоосоо өмнө нэг, хоёр удаа л сургуулиас нь авч байлаа. Энд нэмэхэд охины маань ангийн хүүхдүүдийн ээж аавууд сэтгэлийн гараа сунгаж, эмчилгээндээ хэрэглээрэй гээд сая шахам төгрөг өгсөн. 20-р сургуулийн 2д ангийн хамт олон, тэдний аав ээжүүдэд баярлаж байгааг минь дамжуулаад өгөөрэй. Таны асуултаас жаахан гараад явчихсан уу. Бас ээждээ очно доо. Нас яваад тэр үү. Нөгөө талаас их удаан өвдөхөөр ээжийгээ маш их боддог болдог юм байна. Өрөвдөнө, хайрлана, санана гээд л. Ээждээ эрүүл саруул болоод очих юм сан гэж ямар их хүсч байна вэ. /сурв. нулимсаа барьж дийлсэнгүй./ Хүү нь эрүүл болчихлоо гээд тэврүүлээд, үнсүүлмээр байна. Би чинь айлын отгон хүү. Ээждээ эрх л дээ. Энэ зун Баян-Өлгийд ээждээ очоод ирсэн. Хар үүрээр л түмпэн шанага хангинуулаад хоол цай болоод явчихна, миний муу ээж чинь. Хөөрхий шөнөдөө бүтэн нойртой хоноогүй мөн л жил болчихлоо доо. За тэгээд хоёр охиндоо, ханьдаа, хайртай дотны бүх хүмүүсийг эрүүл саруул болж баярлуулмаар байна даа.  Ханийнхаа хайр халамжаар өдий дайны сайхан болчихоод сууна. Нялх хүүхдийнхээ хажуугаар өвчтэй намайг асарна. Дөнгөж төрчихөөд маскаа зүүгээд л халдвартын эмнэлэг дотор гүйж явлаа. Ямар сайндаа л харсан эмч нар “Нялх биетэй хүн ийм газраар явлаа” гээд “үглэж” байх вэ. Тэгээд охиноо сар хүргээд л Баян-Өлгий рүү нисгэчихээд өөрсдөө Бээжин рүү эмчилгээнд явсан.

Үүнээс цааш олон зүйлийг яримаар байсан ч түүнийг чилээхийг хүссэнгүй. Тэр зарим нэг хэсэгт дуу нь овоо дориун өндөрсөж ирснээ удсангүй ч сонстох төдий бувтнана. Гэхдээ л урлагийн хүний хувьд тэвчээр заана. Удаан суугаад, бараг 40 минут ярьснаас ядарч буй нь илт ч “Зүгээр дээ, айхтар ядрахгүй байна” гээд инээнэ. Гэхдээ л энэ инээдний цаана гуниг, бас хэцүүг байгаа ч бүгдийг нь харуулахыг хүсэхгүй байгаа залуу насны омголон зан аль аль нь зэрэгцэн буй мэт санагдана. Урлагийн хүн болохоор тэрхэн хооронд орон зайгаа мартаад сатаарч орхино. Тэрээр өнгөрсөн удаад хэд хэдэн удаа нүүрномын лайваар ярилцлаганд оржээ. Үзэж байгаа хүмүүсээс “Инээж ханиагаад цоглог суугаа юм биш үү” гэсэн сэтгэгдэл нэлээдгүй таарчээ. Үнэндээ тэрээр яг тэгж суугаад ярих гэж ямар их тэвчээр заан, ямар их өвдөлтийг мэдэрч байгааг түүнээс өөр хэн ч мэдэхгүй. Яах вэ хажууд нь суугаа гярхай улсад бол мэдрэгдэнэ л дээ. Эндээс юу хэлэх гэсэн бэ гэхээр зүгээр л “Амьддаа бие биенээ хайрлая”. Нэгэн удаа тэрээр дотрын эмчид үзүүлэхээр цагаа хүлээж суугаад муужирчихжээ. Коридорт маш олон хүн эмчид үзүүлэхээр дугаарласан байж гэнэ. Эхнэрээ зуураад л хүмүүсийн яриа холдоод ирэхэд хажуугаар өнгөрч явсан сувилагч “Жүжигчин гэдгийг чинь мэдэж байна шүү. Битгий маяглаад бай….” гээд загнаж гарчээ.  Эхний энэ хоёр өгүүлбэрээс бусдыг сонсож ч амжаагүй аж. Дараа нь сэргэсэн хойноо үгүй ядаж эмнэлгийн байгууллагын хүн ингэж хэлэхээр яана даа хэмээн сэтгэл эмзэглүүлснийг ярьсан ч энэ ярианд оруулахыг хүссэнгүй. Харин би зөвшөөрөлгүй ч нийтэлж орхилоо. Ингээд бидний гэрээс нь гарахад нэг их өвчин зовлон яриад уншигчдыг чилээчих вий дээ. Өвчний хэсэг таначихаарай гэсээр инээмсэглэсээр үдсэн.

74318409_557726198330046_7071813916589817856_n

Энд нэмэхэд “Дулаан сэтгэл” сайн үйлсийн үзэсгэлэн 2019 оны 10-р сарын 29-д 17:00 цагаас “Зайсан хилл”-ийн нэг давхар дахь “ArtiCour” галерейд болно. Энд 50 уран бүтээлчийн 60 гаруй бүтээлийг олонд дэлгэх бөгөөд зураг сонирхогчид сонирхсон бүтээлээ худалдан авах боломжтой бөгөөд эндээс олсон орлого 100 хувьд жүжигчин Л.Нурбуланы эмчилгээнд зориулагдах аж.

Харин “Дулаан сэтгэл” хандивын тоглолт 11-сарын 03-нд Улаанбаатар паласын концертын их танхимд болно. Билет захиалгын утас: 99108814, 99576305, 88119594.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх