“Утгын чимэг 2019” наадмын дэд байрт шалгарсан зохиолч П.Батхуягийн “Цаггүй газар” өгүүллэг

2020 оны 01-р сарын 13 өдөр, 15 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
a0848b9303a47517f79390d72bc4d9795a219d82

“Утгын чимэг -2019”-ийн дэд байрт шалгарсан зохиолч, доктор, профессор Пүрэвхүүгийн Батхуягийн “Цаггүй газар” өгүүллэгийг хүргэж байна.

ЦАГГҮЙ ГАЗАР

Цаг тэр үед одооныхоос арай хурдан урагшилдаг байсан ч байж мэдэх юм. Заримдаа тэдэнд цаг хэмээх хачин зүйл огт байхгүй болчихсон мэт санагддаг байжээ. Гагцхүү өглөө нар мандаж, орой жаргана. Он жилийн уртад  хэн ч анзаарахааа байсан хуучин байшингийн дээвэр дээр суугаад дуулалдана. Гэхдээ хэн нь ч дуучин болно гэж бодож байсангүй. Хаанаас ч юм бэ, дуулмаар санагдах мэдрэмж төрж, тэгээд л хэн нэгнийхээ хоолойг давах гэж орилолдож гарна. Хавь орчны хүмүүст заримдаа тээртэй санагддаг байсан уу, хөвгүүд голдуу чулуу нүүлгэж тэднийг дээвэр дээрээс хөөж буулгана. Ийм үед хашааны буланд тойрон суугаад ирээдүйн гэрэлт амьдралынхаа тухай мөрөөдөл ихтэй яриандаа умбацгаана.

Богинодсон цэнхэр даашинзтай өвдөг тохой нь зузаан сайр болсон бор охин “Би хэзээ ч эндээс нөхөр авахгүй. Холоос бүр өөр газраас нөхөртэй болно” гэхэд түүний үгийг өлгөн авч онгож хуучраад ямар хээтэй байсан нь мэдэгдэхгүй болсон даавуун өмд цамцтай шар охин “ Би ч гэсэн эндээс л лав нөхөр авахгүй. Том болоод гадаадад амьдарна. Бүр олон давхар байшинд амьдарна” гэж хэлээд өндийн босоод эргэн тойронд нь дэггүй хөвгүүдийн аюул бийг тандах мэт ийш тийшээ сэрэмжлэн харахад өтгөн хар үснийхээ үзүүрийг өм цөм хайчилчихсан, цоохор нүүртэй охин ”Манай гудамж ч уйтгартай шүү дээ?” гэж хэлээд уртаар санаа алдана. Охид яг энэ насан дээрээ юунд ч юм бэ их л догдлон яардаг. Тэд хурдан сайн сайхантай учрахсан гэж эргэн тойронд нь юу болж байгааг ч үл анзааран цаг хугацаанд тэмүүлдэг билээ. Харин үеийнх нь хөвгүүд нохойн гөлөг тамлах, дээврийн хөндийгөөс тагтааны өндөг түүгээд шарж идэх, чулуугаар байлдахаас өөр зүйл бодохгүй. Одоохондоо их л эртнээс яс маханд нь шингээд олон үеийг даван ирсэн ан ав, дайн тулааны тухай л бодож гүйлдэнэ.

Хачирхмаар нь энэ бор, шар, цоохор гурван охин яг нэг өдөр, нэг цагт, нэг амаржих газар, нэг эхээс уван цуван төрцгөөжээ. Итгэхэд хэцүү л дээ. Гэхдээ царай зүс, бие галбир тэс ондоо төрсөн ч яах аргагүй ихрүүд байлаа. Аав нь гэх лужир том цээжтэй, үс сахалдаа баригдсан эр нилээд халамцуу “гурван ихэр охинтой болсоон” хэмээн орилж явснаас хойш арван дөрвөн жил цаггүй юм шиг харван өнгөрчээ. Тэд гурван өөр газраас энд ирснийг хэн ч мэдэхгүй. Туранхай шар охин ”Би л лав эндээс явахдаа ээжийгээ аваад явна. Аав яахав дээ, шовгортоо л үлдэнэ биз” гэхэд бүдүүн бор нүд амаа эргэлдүүлж ” Би ч гэсэн ээжийгээ л авч явна”.  Цоохор нүүрт тэднээс дутах вий гэсэн мэт сандран ”Би ч гэсэн” гэв. Энэ үед бүдүүн бор бусдыгаа дурамжхан харснаа ”бид чинь дундаа ганц ээжтэй шүү дээ? Тэгэхээр хэн нь ээжийгээ эндээс явч явахаа одоо шийдчихье” хэмээн  зоримог хэлэв. Цоохор нүүрт “Яаж? ” гэж асууснаа энгэр задгай цагаан цамцныхаа ханцуйгаар нүүрээ арчлаа. Бүдүүн бор ”алга тэнгэрээ үзэх үү?” хэмээн хэлж дуусаагүй байхад”миний охид хаа байна” гэх ээжийнх нь цангинасан дуу гарчээ. Туранхай шар зальжин байдлаар нүдээ ирмээд” тэгвэл хэн түрүүлж ээж дээр очсон нь…” гэж хэлээд гэр рүүгээ гүйлээ. Үлдсэн хоёр нь ч араас нь ухасхийв. Даанч хэн нь ч ээж дээрээ түрүүлж очсонгүй, аахилж уухилан гурван зэрэг байшингийнхаа хаалгаар чихцэлдэн оров. Тэдний ээж болох онигор нүдтэй, бор хүрэн үстэй намхан эмэгтэй ”яаав та нар чинь чоно нохойд хөөгдөө юү?” хэмээн инээмсэглэн угтав. Гартаа барьсан боодолтой зүйлээ сарвайж” Май аавын чинь өдрийн хоол. Миний гурван охин хүргэж өгчихөөд буцаад гүйгээд ир” гэжээ. Харин бүдүүн бор даашинзныхаа хормойг сэгсэрснээ ”Өдөр бүхэн л бид нар тийшээ явах юм. Ингэхэд та хүргээд өгч болдоггүй юм уу? Яршигтай юм” гэсэнд бусад нь дэмжиж “Харин тийн” гэж амандаа бувтнав. Ээж нь цонхны наагуур татсан хөшигний хэдэн улаан цэцгийг тоолох мэт тийш удаан ширтээд “Өөрсдөө л мэд дээ. Муу аав чинь өлсөнө л биз” гээд боодолтойгоо үүдний өлгүүрт тохчихоод гэрээсээ гараад явчихав. Бодвол зүүн хойдох баячуулын хороололд амьдардаг багын найзынхаа гэрийг хөлсөөр цэвэрлэхээр явсан бизээ. Тэд их л урамгүйхэн үлдэж, “алга тэнгэрээ үзээд”, ялагдсан туранхай шар бүр ч дургүйхэн боодолтойгоо санжгануулан барьсаар гурвуул гэрээсээ гарлаа.

Гурван эгнээ гудамны үзүүрт аавынх нь ажлын газар байна. Том сайхан байшин, саруул тохилог өрөө танхимтай, шил толь болсон албан тасалгаа гэж битгий бодоорой. Ердөө ”Гуталчин” гээд томоор биччихсэн жижигхэн модон шовгор. Тэнд олон жил сууж, хүмүүсийн ханзарсан, хагарсан гутал уллаж, өсгий нааж, зан татаж тэднийгээ тэжээнэ. Тамхины утаа битүү суунагласан шовгор дотроо харагдахгүй шахуу униар дунд сууна.

-Эвий дээ, миний гурван өнгийн охин хүрээд ирлээ. Аавынхаа хоолыг авчрав уу?” гэсээр угтав. Хэдийгээр өдөр бүхэн л аавдаа хоолыг нь зөөж энэ шовгорыг зорин хойно урдаа орж гүйдэг ч заримдаа тийм зовмоор газар ажилладаг аавтайг нь мэдэх үеийн охидоос ичиж “чи яв, би яв. Ичиж байна” гэлцэж хэрэлдэж шуугилддаг байлаа. Туранхай шар хүзүү сунган байж “Май, аав таны өдрийн хоол” гээд боодолтой зүйлээ намхан ширээн дээр нь чангахан тавив. Бүдүүн бор нүүрээ үрчилзүүлж, хамраа чимхээд ”Угаартаж үхлээ” гэсэнд аав нь инээд алдангаа шовгорынхоо үүдийг хөлөөрөө өшиглөн онгойлгов. Гаднаас агаар салхи урсан орж ирээд аавынх нь татсан тамхины утаатай зодолдох мэт дээр доороо орон бужигнав. Толгой нь шовгорынхоо таазанд тулах шахуу өндөр аав нь биеэ нужигнуулан босоод өврөөсөө хэдэн халтар төгрөг гаргаж, тэдэнд нэг нэгийг өгөөд ” За миний гурван охин харих замдаа дэлгүүр орж иштэй чихэр авч идээрэй” гэснээ боодолтой зүйлийг задалж элсэн чихэр жигдхэн түрхсэн талхнаас авч томоо гэгч нь үмхлэн идэв.

Цоохор нүүрт иштэй чихэр хүлхэн хацраа төмбийлгөснөө ” Би аавыгаа бас аваад явна. Энд шовгорт нь үлдээхгүй, ээ”. Хариуд нь “Би ч гэсэн аваад явна” гээд туранхай шар чихэрлэг хэлээрээ уруулаа долоож, байшингийн сүүдэрт суугаад ундаа усны савны төмөр бөглөө нүдэж байгаа банди нарын зүг зааж ”аргаа барсан юмнууд” хэмээн намжирдав. Бүдүүн бор дахиад л “бид гурав бас ганцхан аавтай. Гэтэл гурвуулаа эндээс аваад явна гэдэг. Хэн нь авч явахаа шийдэх хэрэгтэй дээ” гэв. Цоохор нүүртнүдээ онийлгон наран сөрөг харснаа ”Аав, ээж хоёрыгоо хамт аваад явна. Мэдээж салгаж авч явахгүй нь тодорхой” гээд толгой бөнжигнүүлэв. Бүдүүн бор ”Тэр мэдээж” гээд иштэй чихрээ амнаасаа гаргаж “Харин яаж шийдэх вэ?” гэв. Туранхай шар нилээд уурлах янзтай ”Ямар ядаргаатай юм. Ерөөсөө энд л шийдчихье. Алга тэнгэрээ үзье” гээд эрээн цамцныхаа ханцуйг хойш нь шумлаад гараа сунгав. Өнөө хоёр нь бас түүний өөдөөс харж зогсоод” алга тэнгэрийн аль нь вэ? Ус мөс цас” хэмээн тэд шодож эхэллээ.

Хачирхалтай нь өдрөөс, үдшийн бүрий унатал ”алга тэнгэрээ” үзээд хэн нь ч сондгойрсонгүй. Гурвуулаа залхталаа” Алга тэнгэрийн аль нь вэ? Ус мөс цас” гэж хашгирсаар, гараа савчсаар байсан ч эцэстээ хоолой нь сөөжээ.

-Ямар сонин юм бэ? Гурвуулаа адилхан гаргаад байх юм.

-Харин тиймээ. Сонин юм даа?

-“Хүүе, ээ. Харанхуй болчихлоо. Аав ээжийн санаа зовчихно. Харьцгаая” гээд хэдий сөөсөн ч хоолой мэдэн дуулалдсаар гэрийнхээ зүг хойно урдаа орон гүйлджээ. Түүнээс хойш цөөнгүй удаа алга тэнгэрээ үзсэн ч урьдын адил хэн ч сондгойрсонгүй.

Цаггүй газарт гэвч цаг цохилсоор алгуурхан урагшилсаар, орой нар жаргаж өглөө мандсаар байлаа. Харин охид аав ээжийгээ өөр сайхан газарт авч явахад ердөө 3655 хоног буюу 87720 цаг үлдсэн байлаа. Тэд дуулалдан өссөөр билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. зочин
     (202.9.46.8.***)
    2020/01/17 13:08

    гадна өнгөний илэрхийлэл нь зохиомжоо илэрхийлэж бгаа юмаа даа_ дотоод өнгө хаана бнаа_ 14 настай охид хиртэй өвдөг тохойг нь сайртуулаад арчаагүй тэнэг болгоод бүүр дүнхүүрүүлээд бараг шар хадны хаяанд аваачих нь бна
    больж үз
    уран зохиол гэдэг чинь аливаа зүйл дээр цэг хатгаж түүнээс улбаалан хамгийн торгон хэлллэгээр бичиж , түүнийг уншигч бид хүртэх ёстой. Ийм тас нясхийтэл хяргаад хаячихсан тэгээд дээр нь молхи ухааны болхи сэтгэмжээр бичсэн зүйлийг унш гэж албадаж бгаа, бас шагналтай гэж бгаа, ичиж үхдэггүй юмаа гэхэд битгий навсалзаад бай

    (0) (0)