Та бидний сайн мэдэх газрын нэг бол Судалгаа шинжилгээний хүрээлэн. Цаг нартай уралдсан тэдний нарийн чимхлүүр ажлын үр дүнгээр баяжуулалтын технологи зөв голдрилоор явж, дэлхийд танигдсан бүтээгдэхүүний чанар сайн гардаг. Тэр ч утгаар нь Судалгаа шинжилгээнийхнийг Эрдэнэт үйлдвэрийн “судас баригч” гэж нэрлэх нь бий. Энд тодорхой ажилтай тунгалаг төрхтэй олон сайхан бүсгүй мэргэжил чадвараараа манлайлан ажилладаг. Тэдний нэг нь баяжуулагч Норзонгийн Лхамбаяр.
Ховд аймгийн Булган сумын харьяат энэ эмэгтэй багын л хичээл сургуульдаа мэрийлттэй, хичээнгүй сүрхий охин явжээ. Дунд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотын Худалдааны техникумд элсэн суралцаж, нягтлан бодогчийн мэргэжил эзэмшихэд аавынх нь нөлөө их байсан болов уу. Түүний аав Худалдаа бэлтгэлийн ангийн даргаар нутагтаа 40 шахам жил ажилласан, олны дунд нэр хүндтэй эрхэм байлаа. Аав нь арван хүүхдэдээ: “худал хэлж, хулгай хийж болохгүй, улсын ажлыг унагаж, хүний итгэл алдаж болохгүй” гэж захидаг байсан нь бяцхан охины ой тойнд тод сийлэгдэн үлдэж, хожим ажил, амьдралдаа мөрдөх гол “дүрэм” болжээ. Н.Лхамбаяр Ховд аймгийнхаа Худалдааны трестэд нягтлангаар ажиллаж байхдаа дадлагын оюутан залуутай танилцаж дотноссон нь тэдний гайхам сайхан хайрын эхлэл байв. Тэд гурван хүүхдийн эцэг, эх бололцон, хүнээс дутуугүй амьдарч байсан ч үрсийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө залуусыг соронз мэт татсан Эрдэнэсийн хотыг зорьсон. Гэсэн ч санаснаар болдоггүй хорвоо түүнд хатуурхаж, магнайн толионд нь зурвас тодроогүй, толгойн үсэнд нь мөнгөн хяруу унаагүй байхад хань нь тэнгэрийн орноо одож, ангаахай адил гурван хөөрхөн үртэйгээ л үлдсэн. Хадмууд нь хэдий ойр байвч хүний нутагт бүсгүй хүн ажилгүй, өөрийн талын ах дүүгүй, өдөр шөнийн эргэлтэд аавыгаа нэхэн уйлагнах гурван хүүхдээс өөр ханьгүй амьдарна гэдэг ёстой л амьдын там санагдаж байсан нь мэдээж. Н.Лхамбаяр нутаг буцахаар шийдсэнээ хадам ах Ж.Баатархүүдээ хэлбэл, “Чи залуу хүн дахин сурч, Эрдэнэт үйлдвэрт хэрэгтэй мэргэжил эзэмш. Олны дунд ажиллаж, хамт олонтойгоо ханьсаж амьдрах хэрэгтэй. Хүүхдүүдийнхээ ирээдүйг бодсон ч төв газраа үлдсэн нь дээр” гэж зөвлөснөөр ачаа бараагаа буцааж задалсан гэдэг. Тухайн үед хэлсэн болгоныг нь ухаарч ойлгох сэхээ байгаагүй ч, “Ах нь ажилд ороход нь тус дэм болъё” гэсэн ганц өгүүлбэр Эрдэнэтэд амьдрах итгэл төрүүлж байлаа. Ингэж л тэр, зоргоор болдоггүй тавилан заяаг зоригоороо туулахаар сэтгэл шулуудсан юм.
Н.Лхамбаяр Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургууль дүүргэж, баяжуулагч мэргэжил эзэмшин одоогийн Судалгаа шинжилгээний хүрээлэнд 2003 онд баяжуулагчаар ажилд орсон. Эхний жилүүдэд ажилдаа тэнцэхгүй гологдох вий, алдаа гаргаж хүмүүст түвэг удах вий гэхээс эмээж, дахин дахин нягтлан шалгаж хичээдэг байжээ. Түүний анхны мэргэжил болох нягтлангийн мэдлэг чадвар нь судалгаа шинжилгээний ажилд ихэд хэрэг болно. Тооцоолол буруу хийвэл олон хүний оюун сэтгэлгээ, хүч хөдөлмөрөө зориулсан судалгааны ажил гажуудах аюултай тул маш няхуур, нямбай хандах хэрэгтэй гэх. Тэрээр Судалгаа шинжилгээний хүрээлэнд 17 жил ажиллах хугацаандаа үйлдвэрлэлийн болон хагас үйлдвэрлэл, лабораторийн туршилтын ажилд биечлэн оролцож, технологийн процесст нэвтрүүлж буй шинэ тоног төхөөрөмж, урвалжуудад туршилт, сорьцлолт, ширхэглэлийн шинжилгээ хийх ажлыг өндөр үр дүнтэй гүйцэтгэж ирснийг журмын нөхөд нь бахархан ярьсан. Үйлдвэрлэлийн технологийн хүндрэл гарахад мэргэшсэн, шуурхай, найдвартай учраас түүнд түрүүлж үүрэг өгч, илүү ачаалал үүрүүлнэ. Гэсэн ч хамт олныхоо итгэлийг зүтгэл дүүрэн хариулаад сурчихсан Н.Лхамбаяр бүхнийг амжуулаад инээгээд зогсож байна. Амьдралын ончроо нугачаанд түшиг тулгуур болж ирсэн хамт олон минь надад юу юунаас эрхэм гэж тэр ярих. Хөвүүлэн баяжуулагч мэргэжлийн тавдугаар зэрэгтэй тэрээр жилд 155 удаагийн үйлдвэрлэлийн туршилтын сорьцлолт, 2078 сорьцлолтын дээжийн боловсруулалт, 548.7 дээжид ширхгийн шинжилгээ, 418 дээжид нунтаглалтын горим тогтоох ажил гүйцэтгэсэн байдаг. Энэ тоо зарим хүмүүсийн хувьд мөрөөдлийн үзүүлэлт байж мэдэх юм. Н.Лхамбаяр ирээдүйд ашиглах хүдрийн технологийн шинж чанарыг тодорхойлох, геометаллургийн загвар буюу ордын геологи ашиглалтыг боловсруулах лаборатори, хагас үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн туршилтад идэвх чармайлттай оролцон сорьцлолт, ширхэглэлийн шинжилгээ хийх ажлыг үр дүнтэй гүйцэтгэсээр байна. Ажилд орсон эхний жилүүдэд үйлдвэрээс дээжээ авчирч хатаагаад, аяганд хийж гараар нунтаглаад шинжилгээ сорьцлолтыг нүдэн баримжаагаар шахуу хийдэг байснаа тэр дурссан. “Одоо орчин үеийн дэвшилтэт олон багаж, тоног төхөөрөмжтэй, түүн дээр ажиллаж байгаа залуус нь дэлхийн хэмжээний мэдлэг боловсролтой, хэл устай, судалгаа шинжилгээний ажил нь Эрдэнэт үйлдвэртээ төдийгүй улсад үнэлэгдэх хэмжээнд хүрсэн нь сайхан шүү”, гээд сэтгэл дүүрэн инээмсэглэсэн. Тэрээр ажилдаа тун өөриймсөг ханддаг онцлогтой. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, зохион байгуулалтад анхаарч, аюул, эрсдэлийг олж илрүүлэн арилгахад санаачилгатай ажилладаг. Тиймдээ ч “Аюулгүй ажиллагч”-аар гурван удаа шалгарсан, залуу ажилчдад үлгэр дуурайлал болсон тэргүүний ажилтан төдийгүй халамжлан хүмүүжүүлэгч юм.
Хамт олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн, Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга Н.Лхамбаярын гурван хүүхэд өнөөдөр ээжийгээ ачлах хэмжээнд хүрчээ. Том охин нь Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт конвейерийн машинчаар ажиллаж байгаа бол дундах нь Японд ажиллаж, амьдардаг. Харин бага хүү нь саяхан, “Энержи ресурс” компанид ажилд оржээ. Дөрвөн ач, зээгийн эмээ болсон, гээд нүүр дүүрэн инээмсэглэх түүний яриа цаанаа л хат суусан, амьдрал таньсан, өөрийн жаргалаас илүү үр хүүхдүүдээ гэсэн чин сэтгэлт торгууд эмэгтэйн гайхамшигт түүхтэй. Амьдрал хэмээх их далайн шуурганд сэлүүрээ алдаж, бүр живсэн хүмүүс ч бий. Харин Н.Лхамбаяр итгэлийн хүчээр жигүүрлэн, зүтгэлийнхээ илчинд дулаацан жаргаж, хамт олондоо хүндлэгдэн, уурхайчдынхаа урд эгнээнд тэмүүлэл дүүрэн алхаж явна.
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс
erdenettoday.mn

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
