Б.Мөнхнасан: Техник, тоног төхөөрөмжийн захиалгын нэгдсэн системийн мэдээллийн санг сайжруулсан нь үр дүнгээ өгч байна

2021 оны 01-р сарын 15 өдөр, 10 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
_TGS8185

  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагааны үндсэн таван бодлогын нэг нь техникийн бодлого юм. Энэ бодлого оновчтой, тодорхой байснаар үйлдвэрийн үйл ажиллагаа тогтвортой үргэлжлэх үндэс нь болдгийг мэргэжилтнүүд онцолдог. Эрдэнэт үйлдвэрийн техникийн бодлого, чиглэлийг хариуцаж ажилладаг Техникийн хэлтсийн дарга Б.Мөнхнасантай ярилцаж, өнгөрсөн оны ажлын үзүүлэлт, шинэ оны зорилт төлөвлөгөөний талаар тодрууллаа.

-Уул уурхайн салбарын хамгийн чухал амин сүнс нь техникийн бодлогын оновчтой зохион байгуулалт гэдэг. Тэр утгаараа, Эрдэнэт үйлдвэр техникийн бодлогоо маш тодорхой, эмх цэгцтэй авч явдаг гэж хэлж болно. Өнгөрсөн оны хувьд энэ чиглэлийн ажлууд, эдгээрийг хариуцдаг Техникийн хэлтсийн ажил үйлс ямар байв? Гарсан үр дүн, ахиц дэвшлийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

     -Уул уурхайн компаниуд өөрийн гэсэн тодорхой техникийн бодлоготой байх ёстой. Манай үйлдвэрийн хувьд ч техникийн бодлогоо тодорхойлох нь нэн чухлаар тавигддаг. Мөн технологийн бодлогоо тодорхойлон ажиллаж байна. Манай хэлтэс 2019 оны 8 дугаар сараас Үйлдвэрийн 2020 оны бизнес төлөвлөгөөний дагуу хөрөнгө оруулалтын захиалгыг бүтцийн нэгжүүдээс авч, захиалгын нэгдсэн системийн программд оруулан эхэлсэн. Үйлдвэрийн  эргэлтийн болон үндсэн хөрөнгийн нэгдсэн захиалгыг Техникийн хэлтэс нэгтгэж, үйлдвэрийн бодлогын газрын даргын баталсан жагсаалтын дагуу Хөрөнгө оруулалт, худалдан авалтын бодлогын газарт хүргүүлдэг. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд үндсэн хөрөнгийн захиалгаар 87.5 сая доллар буюу 219 орчим тэрбум төгрөгийн худалдан авалт хийхээр төлөвлөсөн. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн 40 гаруй жилийн түүхэнд байгаагүй хамгийн өндөр дүнтэй  хөрөнгө оруулалтын төлөвлөгөө байлаа. Үүний дагуу үйлдвэрийн чиглэл хариуцсан газар, хэлтсүүд өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлж, дээрх төлөвлөгөөний биелэлтийг  95-аас дээш хувьд хүргэж ажилласан. Мэдээж, зарим үндсэн тоног төхөөрөмж он дамжиж үйлдвэрлэгдэж буйтай холбоотойгоор бизнес төлөвлөгөөний 2-3 хувь нь дараагийн онд шилжих тохиолдол бий. Манай хэлтэс Эрдэнэт үйлдвэрийн техникийн бодлогыг хариуцаж, ажиллах чиг үүргийнхээ хүрээнд техникийн бодлогын баримт бичиг, техникийн бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж, өнгөрсөн оны 4 сард батлуулж, хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлээ тодорхойлсон. Үйлдвэрийн хэмжээнд 40 гаруй жилийн явцад суурилуулж, нутагшуулсан  үндсэн тоног төхөөрөмж багагүй бий. Эдгээрийг цаашид техник технологи тэр тусмаа үндсэн технологитоо хэрэглэх зайлшгүй шаардлага гарч байна. Тиймээс бид чиглэл хариуцсан яам болон холбогдох байгууллагуудад техникийн бодлогын дагуу үндсэн тоног төхөөрөмжийн жагсаалтыг 2020 онд гаргаж, танилцууллаа. Ингэхдээ жагсаалтын төслийг үйлдвэрийн техникийн зөвлөлөөр хэлэлцүүлж, Хөрөнгө оруулалт худалдан авах ажиллагааны бодлогын газраар дамжуулан хүргүүлсэн. Энэ нь өнгөрсөн онд бидний хийсэн томоохон ажлын нэг төдийгүй үйлдвэрийн газрын цаашид баримтлах техникийн бодлогын  чухал баримт бичиг болсон гэдгийг хэлэх нь зүйтэй. Жил бүр холбогдох газраас  манай үйлдвэрийн үйл ажиллагаанд шалгалт хийдэг. Шалгалтаар дээрх бичиг баримтыг бас шаарддаг. Тэр утгаараа үндсэн тоног төхөөрөмжийн нэгдсэн жагсаалт хяналт, шалгалтад өндөр ач холбогдолтой материал болж ашиглагддаг.

-Техникийн зөвлөл өнгөрсөн онд хэрхэн ажиллав?

     -Өнгөрсөн 2020 он нэлээд ачаалалтай жил байсныг та бүхэн мэдэж байгаа. Өөрсдийн дэвшүүлсэн зорилтоос гадна Засгийн газраас нэмэлт үүрэг даалгавар өгсөнтэй холбоотойгоор үндсэн болон зарим тоног төхөөрөмжүүд ачааллаа даахгүй байх тохиолдлууд гарсан. Тиймээс нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ тоног төхөөрөмжөө шинэчлэх, засварлах ажлууд давхар хийгдлээ. Үйлдвэрийн Техникийн зөвлөл энэ хугацаанд 18 удаа хуралдаж, төлөвлөгөө судалгаа гаргах, ямар нэг үйл ажиллагааг дэмжих, өмнө байгуулсан гэрээ хэлцлийг дүгнэх сунгах чиглэлээр 23, бараа ажил үйлчилгээ худалдан авах чиглэлээр 23, хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлэх, зохион байгуулалтын болон бусад асуудлаар 5 шийдвэр хэлэлцэж, гаргалаа. Дээрх шийдвэрүүдээс 33 нь 100 хувь хэрэгжиж, 27 нь биелэх шатандаа байна. Томоохон шийдлүүдээс дурьдвал, “ковид-19” цар тахлаас шалтгаалан ЗМЗ-ийн өргөтгөл шинэчлэл, Чанар хяналтын хэлтсийн урвалжийн бодис, шинжилгээний тоног төхөөрөмж, Ган бөөрөнцгийн цехийн үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагаанд шаардагдах бэлдэц, ДЦС-ын Эрчим хүчний үйлдвэрлэлийн  вакум таслуурыг шинэчлэх  гэх зэрэг ажлын техник тоног төхөөрөмжийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

-Жил жилийн бизнес төлөвлөгөөнд тусгагдах техникийн нэгдсэн захиалгын ажил чамгүй цаг хугацаа шаардсан, чамбай хийхийг шаарддаг чухал ажил. Үүнийг эмхэлж, цэгцлэх, илүү нарийн зохион байгуулалттай болгох үүднээс нэгдсэн захиалгын программын сайжруулалтыг танай хэлтэс хийж байгаа. Үр дүн ямар байна вэ? 

     -Бид жил бүрийн эхний улиралд дараа оныхоо бизнес төлөвлөгөөний нэгдсэн захиалгын бэлтгэлийг хангаж, түүнд тусгагдах асуудлын талаар санал авах зорилгоор бүтцийн цех нэгжүүдийн дунд хэлэлцүүлэг хурал зохион байгуулдаг. Хурлаар үйлдвэрийн захиалгын нэгдсэн программыг шинэчлэх, сайжруулах, алдаа дутагдлыг хэлэлцэж, засах асуудлыг ярилцдаг. Тухайлбал, өнгөрсөн оны 4 дүгээр сард хуралдсан хурлаар бид 2021 оны бизнес төлөвлөгөөний дагуу үйлдвэрийн үндсэн болон эргэлтийн хөрөнгийн захиалгыг нэгдсэн программд тусгахад ямар асуудал байгаа эсэх, засаж сайжруулах, өөрчлөх санал бодлоо солилцож, хэлэлцсэн. Эрдэнэт үйлдвэр жилд нэг удаа “их зогсолт” хийж, үндсэн тоног төхөөрөмждөө их засвар хийдэг. Их зогсолтод шаардлагатай сэлбэг хэрэгсэл, мөн  тоног төхөөрөмжийн их засварт шаардлагатай сэлбэг хэрэгслэлийг нэгдсэн программд оруулснаар эргэлтийн хөрөнгөөр ямар эд ангиуд авч ашигласан зэрэг мэдээллийг нэг бүрчлэн бүртгэж, хадгалах боломж бүрдлээ. Энэ нь ажлын тайлан гаргах, удирдах ажилтнуудыг мэдээллээр хангах зэрэг олон талын ач холбогдолтой. Мөн захиалгын нэгдсэн программаас ажлын гүйцэтгэлээ харж, хяналт тавих  боломжтой болсон. Хагас жил, улирлаар эргэлтийн хөрөнгийн худалдан авалтын хувь хэд байгаа эсэх, цехүүдийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлтийн явц ямар байгаа гэх мэтчилэн олон мэдээллийг шууд харж болно. Ингэснээр бид тайлан мэдээллээ шуурхай гаргаж өгөх боломжтой боллоо.
Өмнө нь манай үйлдвэрийн үндсэн болон эргэлтийн хөрөнгийн захиалга эксэл программ дээр хийгддэг байв. Тиймээс дээрх боломжууд хязгаарлагдмал байсан. Харин одоогийн захиалгын нэгдсэн программын үндсэн хөрөнгө цэсээс тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, биет бус, компютер техник хэрэгсэл, тавилга эд хогшил гэсэн таван чиглэлээр тайлангаа авах, гүйцэтгэлээ хянах  боломжтой болсон. Нөгөө талаар, бид захиалгын нэгдсэн программд анхны өгөгдөл оруулахдаа асуумж оруулсан. Тухайлбал, таны оруулж буй нэг эрэг боолт “их зогсолт”-д ашиглагдах уу,их засварт хэрэглэх үү гэх мэтчилэн асуумж бөглөснөөр мэдээлэл цогц байдлаар байршиж байна гэсэн үг. Их засварын болон их зогсолтын эргэлтийн хөрөнгө, нормчилсан материал гэх зэргээр нарийвчлалтай бүх төрлийн мэдээллийг авч болно. Түүнчлэн захиалгын нэгдсэн программд захиалга оруулах үед тухайн тоног төхөөрөмжийн агуулахад буй үлдэгдлийг шаардах эсвэл харуулна. Ингэснээр захиалах бараа материалын тоо хэмжээ, хэрэгцээг тодорхойлж гаргах, мэдээллээ цаг алдалгүй шуурхай авах зэрэг давуу талыг өгч байна. Энэхүү техникийн захиалгын нэгдсэн мэдээллийн сан нь захиалгатай холбоотой иж бүрэн мэдээллийг нээлттэй өгөхийн зэрэгцээ хөрөнгө оруулалтын оновчлол, эдийн засгийн үр ашгийг тооцоход өндөр ач холбогдолтой боллоо. Бас нэг давуу тал нь гэвэл, захиалгын нэгдсэн программыг ажиллуулснаар Маркетингийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны хэлтэс болон бусад хэлтэс нэгжүүдийн ажлын уялдаа холбоо сайжирсан. Жишээлбэл, нэгдсэн программд оруулж буй захиалгын үнэ ханшийг тухай бүрт нь Маркетингийн хэлтсээс бодит судалгаанд тулгуурлан тусгадаг. Энэ үнэ ханшийг өөр хэлтэс, цехээс өөрчлөх боломжгүй. Тэгэхээр үнэ судлах, тогтоох зэрэг удаашралтай байсан ажлууд цаг хугацаа хэмнэж, захиалга цогц байдлаар хийгдэх болсон нь манай ажилд чухал үр дүн өгч байна.

-Шинэ оны зорилт? Голлон чиглэж ажиллах ямар асуудал байна вэ?

     -Цар тахлаас улбаатай эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахаар энэ онд улсын хэмжээнд бүх айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулааны төлбөрийг тэглэх, уг санхүүжилтийг Эрдэнэт үйлдвэрээс гаргах тухай Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарсантай холбогдуулан үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээг багасгасан. Тэгэхээр бид үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ биелүүлэхэд хамгийн гол үүрэгтэй үйлдвэрлэлийн үндсэн технологийн тоног төхөөрөмжийн бэлэн байдал, бүтээмжийг дээшлүүлэх чиглэлд онцгойлон анхаарч, ажиллана. Мөн үйлдвэрийн 2022 оны хөрөнгө оруулалтын захиалга авах, захиалгын нэгдсэн программд нэмэлт сайжруулалт хийхдээ ХМТАЦ болон бусад бүтцийн нэгжүүдтэй нягт уялдаа холбоотой ажиллаж, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих зэрэг ажлуудаа зохион байгуулна.

Баярлалаа.

М.Балжинням

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх