О.Эрдэнэчимэг: Эсгий ширмэл ширдгээ тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн болгож чадсан

2023 оны 03-р сарын 13 өдөр, 09 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
erdene

Эсгийгээр урласан зүйлийг нүдээр харахад энгийн л нэг бүтээл боловч дотоод ертөнцийг тольдсон амьд амьтдын шүтэлцээн, ахуй амьдралын салшгүй нэгэн хэсэг юм. Тодруулбал, хүний сэтгэлийн чавхдасыг хөндөж, нандигнан хийдэг гайхамшигтай урлал гэмээр. Түүний нэг ноосыг амьдруулагч, амьдралын өнгөө өөрийн чадвараар өнгөлж яваа Боловсролын тэргүүний ажилтан, “Цагаан солонго”компанийн захирал, үйлчин бүсгүй  О.Эрдэнэчимэг 20 гаруй жил ардын хүүхдийг сурган хүмүүжүүлэх үйлсэд зүтгэж явсан бол сүүлийн 10 гаруй жил монголын үндэсний өв соёл гар урлал, тэр дундаа эсгий урлалыг хадгалан авч үлдэх, түгээн дэлгэрүүлэх, танин мэдүүлэх,хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж явна.

Үүнээс улбаалан тэртээх 2013 онд  охиныхоо  хүсэл сонирхлоор уламжлалт эсгий хийх аргыг орчин үеийн дэвшилтэт технологи, уран хатгамалтай хослуулан экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор монголын анхны эсгий үйлдвэрийн “Цагаан солонго”компаниа үүсгэн байгуулж байв. Учир нь охин Б.Номин-Эрдэнэ нь ээжийгээ дууриасан уран гартан бөгөөд 13 настайдаа бие даан эсгий бойтог хийж сурчээ. Эсгий ширмэл ширдэгээ тансаг хэрэглээ болгож монголд төдийгүй дэлхийд таниулж яваа Эрдэнэчимэг багш   ашиг орлогыг нэгдүгээрт тавьдаггүй, чанар, итгэл, ирээдүйг эрхэмлэн бидний хийсэн бүтээл хүний хэрэгцээг хангаж, он удаан жил хэрэглэх, эдэлгээ даах, үнэ цэнэтэй бүтээл болоосой гэж бүтээл болгондоо үнэнийг шингээн урладаг учраас эдүгээ түүний бүтээл ур хийцийн хувьд давтагдашгүй урлагийн бүтээл болж чаджээ. Энэ хэмжээгээр хэрэглэгчдээсээ талархлын үг сонсч, маш олон үнэнч хэрэглэгчидтэй болоод буй. Дээр нь өөрийгөө залгамжлах олон хүнд дээрх урлал хийх арга техникийг зааж сургасан гээд түүний өөрийн гараар бүтээж буй ажил үйлсийн бахархам үйлс дуусч дундарашгүй.

– Таныг монголын хамгийн анхны эсгий урлалын компанийг байгуулсан гэж сонссон. Энэхүү сайхан монгол хүний ур ухаан шингэсэн эко бүтээл урлаж,хөгжүүлэх санаа хэрхэн төрөв?  

 –Энэ тухайд 2013 онд охинтойгоо хамтарч “Цагаан солонго” хэмээх  монголын хамгийн анхны эсгий урлалын компанийг байгуулж байлаа. Анх бид эсгий олбогоор гар урлалаа эхэлж байсан бол өнөөдөр  эсгий ширмэл ширдэг, уран хатгамлын бүх төрлүүдийг шингээсэн эсгий аравч, суудлын эсгий олбог, машины иж бүрдэл,зээгтэй олбог, эсгий малгай, эсгий цүнх, эсгий аяганы суурь, эсгий гар утасны цүнх, буйдангийн иж бүрдэл зэрэг 20 гаруй нэр төрлийн  бүтээгдэхүүнийг стандартын өндөр түвшинд урлаж, дотоодын болон дэлхийн зах зээлд  гаргаж байна. Тодруулж хэлбэл, одоогоос 20 гаруй жилийн өмнө эсгий ширмэл мартагдахад хүрээд бараг хүн хэрэглэхээ больсон гэхэд хилсдэхгүй, 60,70 настай хөгшчүүл энэ талын ойлголттой тийм л үе байлаа шүү дээ. Энэ бүхнийг мэдэрсний дүнд Улаанбаатарт шилжиж ирээд Мэргэжил сургалтын төвд амьдрах ухааны багш болж, өөрөөр хэлбэл түүхийн багшаасаа хөрвөж байлаа. 10 гаруй жил сургалт явуулсан энэ хугацаанд  400 гаруй хүнд эсгий ширмэл буюу гар урлалын мэргэжлийн ур чадвар олгосноос өнөөдөр 20-иод хувь нь энэ чиглэлээрээ ажиллаж байгаа. Түүхийн багш хүн  хэдэн зуун жилийн өмнөх монголын ард түмний үүх түүх, соёлыг судалж ирсэн байдаг. Тиймээс эсгий соёл монгол бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийн зайлшгүй хийх ёстой хөдөлмөр. Цагаан эсгий байгаа айлд буян тогтдог, гаднаас орж ирж байгаа муу энергийг өөртөө шингээдэг, цаашилбал бэлэг бэлгийн дээд цагаан эсгий ширмэл ширдэг гэсэн дуу хүртэл байдаг шүү дээ. Монголчууд таван хошуу малын нэг хонийг маш их дээдэлдэг агаад наад зах нь хонь өдөр нүүдэл хийж  гэрээ барих нь амар амгалан элбэг дэлбэг сайхан амьдарна гэж бэлгэддэг. Тийм учраас хониныхоо ноосыг бүтээгдэхүүн болгож, үеийн үедээ өвлөгдөж ирсэн эсгий ширмэл бүтээгдэхүүнийг хойч үедээ өвлүүлэн үлдээж хэрэглээ болгох нь маш чухал юм. Ингэж чадваас дээрх соёл маань өн удаан оршин тогтноно. Өөрөөр хэлбэл зуны  сарын эхээр хонио хяргаад ноосоо угааж боловсруулаад цагаан эсгийгээр гэрээ сайхан бүрдэг,эсгий ширмэл, малгай гутлаа хийх зэргээр амьдралынхаа бүхий л ахуйн хэрэгцээт зүйлийг малынхаа түүхий эдээр олон зуун жилийн өмнөөс урлаж ирсэн бахархам түүхтэй ард түмэн. Гэтэл сүүлийн үед хэт европжоод энэхүү амьдрах ухааны урлагаа мартахад хүрсэн нь харамсалтай.  Монголынхоо өв соёлыг хөгжүүлнэ гэдэг тусгаар тогтнолтой холбоотой. Монгол хүн үүх, түүх өв соёлоороо дэлхийгээс ялгарна. Түүнийгээ хөгжүүлж,бахархал болгож байж Монгол Улс дэлхийд танигдана. Тиймээс бид монголын өв соёл шингэсэн эсгий урлалыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлж, танин мэдүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой. Энэ хүрээндээ нэгдүгээрт үйлдвэрлэл явуулдаг, хоёрдугаарт эсгий урлалын мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх сургалт явуулж,үүгээрээ дамжуулан дараа, дараагийн үеийн урлаачдыг бэлтгэж байна. Ингэснээр  энэхүү өв  соёл маань хэдэн зуун мянган жилээр өртөөлж хөгжих учиртай.

334961248_753377446423908_6242594651867406545_n– Эсгий ширмэл  ширдгийг хүний эрүүл  мэндээс эхлээд олон талын ач тустай гэдэг?

-Энэ үнэн. Байгальд ээлтэй, чийг татдаггүй, бактери үүсгэдэггүй,улирал харгалзахгүй хэрэглэх боломжтой, удаан эдэлгээтэй, галд тэсвэртэй, харшил үүсгэхгүй, агаарын солилцоо сайтай, амьд малаас гарч байгаа учраас өөрөө амьсгалдаг, халуун хүйтнийг тэнцвэржүүлдэг, халуунд халаахгүй, хүйтэнд дааруулдаггүй, ая тухтай орчныг бүрдүүлдэг экологийн цэвэр бүтээгдэхүүн. Бүхий бүтээлээ  хүний эрүүл мэндэд ач тустай байх талаас нь бодолцож хийдэг учраас  бүтээлээс маань  Япон, Америк, Пранц, Англи, Германд амьдарч байгаа монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүс их захиалдаг. Энэ нь монголоороо бахархаж байна гэсэн үг. Эсгий ширмэл урлал  Монголын биет бус өв мөн гэж бүртгэгдсэн. Энэ хүрээнд Соёлын өвийн үндэсний төвөөс манай компани дээр  ирж олон зуун жилийн өмнөөс уламжлагдан ирсэн ноос боловсруулах технологийг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан хөгжүүлж, эсгий бүтээгдэхүүн хэрхэн бүтдэг талаар бүх шат дамжлага, арга ажиллагаагаар нэг бүрчлэн бичлэг хийж, үүгээрээ баримтат кино хийсэн. Өөрөөр хэлбэл ноосыг хэрхэн боловсруулж, бүтээгдэхүүн болгож байгаа бүх процесыг харуулсан гэсэн үг.  Энэ нь хэдэн мянган жилийн дараа ч монголын ард түмэн ноосыг эсгий болгоод олон төрлийн бүтээгдэхүүн болгож хэрэглэдэг байсан гэдгээрээ архивт хадгалагдан үлдэнэ гэж хэлсэн. Ийм гайхалтай бүтээл урласандаа маш их баяртай байгаа.

-Эсгийгээр урлана гэдэг тийм амар зүйл биш санагддаг. Цаг хугацаа, ур ухаан, авьяас гээд л….

-Эсгий ширмэл ширдэг гар ажиллагаа, нарийн чимхлүүр ажил ихтэй, маш хүнд хөдөлмөр ч гэлээ ажилдаа дуртай, сэтгэлтэй байвал аяндаа бүтээл ундраад байдаг юм.Хажуугаар нь захиалагчдаас маань гоё санаанууд орж ирж давхар биднийг хөгжүүлж байдаг. Ажлаа зөв төлөвлөөд, удирдаад явахад болохгүй зүйл гэж үгүй. Ард түмэндээ, үр хүүхэддээ сайхан юм бүтээчих юмсан, бахархалтай аав, ээж байх юмсан гэсэн сэтгэлээр монголын залуучуудыг амьдраасай гэж хүсдэг. Өөрөөр хэлбэл миний аав ээж ийм  мундаг хүн байсан шүү,тэднийхээ нэрийг үргэлж өндөрт өргөж явах юмсан шүү гэсэн сэтгэхүйтэй, амьдрах ухаан, амьдралаа зөв  авч явахын тулд өвөг дээдсийнхээ  үнэт сургаал,  зүйр цэцэн үгсээр үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байсан ухааныг хойч үедээ өвлүүлж үлдээмээр байна. Зөвхөн өнөөдрийн өнгө мөнгөний төлөө биш, чин сэтгэлээсээ бусдад хүртээлтэй, хүртээмжтэй баялаг бүтээхийн төлөө хөдөлмөрлөх ёстой. Түүх нийгмийн багш би өнөөдөр зүү утас сүвлээд сууж байна гэдэг нь  хүүхэд бага насандаа юу үзэж харж хүмүүжинэ түүгээрээ насан туршдаа амьдардаг гэдэг хамгийн үнэн юм байна гэдгийг би бодит  амьдралаасаа харж байна. Учир нь ээж маань нэгдлийн оёдолчин, тэдэнд зориулсан бүтээлийг оёж шидээд бөөн оёдолд дарагдсан хүн байдаг байлаа. Түүн шиг би өөрийгөө  хараад ерөөсөө л би ээж шигээ болж дээ гэж бодож суудаг. Тийм учраас  өөрсдөө  ажилсаг хөдөлмөрч, үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлэх нь эх орондоо оруулж буй үнэт  баялаг юм. Тууштай би чадна л гэж зүрхэлж, зориглож барьж авсан бол огт  ухарч шантарч болохгүй. Надад энэ бизнесийг өдий зэрэгт хүргэхэд уйлах дуулах, сөгдөх үе байсан уу гэвэл байсан, гэвч бүгдийг даван туулаад өнөөгийн сайхан амьдралыг бий болгож чадсан.

-Хүний хэрэгцээ цөм бүрдсэн бүтээлээ үзэсгэлэн худалдаанд  олон удаа толилуулж, хэрэглэгчдэдээ хүргэж талархлыг нь хүлээж байсан гэдэг. Энэ тухайд?

Хөх хотод хоёр жил тутамд болдог  Монгол, Орос, Хятадын Олон улсын Экспо үзэсгэлэнд гурван удаа, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотод  болдог Олон улсын ноос ноолуурын үзэсгэлэн, БНХАУ-ын Чангша хотод болсон дэлхийн 70 гаруй орны гар урлаачдын үзэсгэлэнд охинтойгоо хамт, Хөх хотноо Монгол Хятадын III дугаар экспо үзэсгэлэн худалдаа зэрэг дотоод гадаадын 40,50 үзэсгэлэнд эсгий урлалын бүтээлээ таниулан сурталчилж, амжилттай оролцож байсан. Тэд монголын үндэсний гэгдэх болгоныг ихэд дээдэлж, хэрэглэдэг юм билээ. Монголдоо жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Монголд үйлдвэрлэв” Цагаан сар, “Наадам”зэрэг  үзэсгэлэн худалдаанд тогтмол бүтээлээ толилуулдаг.  2022 онд “Нүүдэлчдийн” олон улсын наадам болоход манай компани урилгаар оролцож,өргөмжлөл, медаль” хүртсэн. Соёлын яамнаас зарласан энэхүү үзэсгэлэнд 60 мянга гаруй жижиг дунд үйлдвэрлэгчдийн 2000 гаруй бүтээлээс 100 бүтээлийг шалгаруулсан юм.  Үүнд манай компани уран хамтгамал буюу зээгт наамлаар баяжуулж бүтээсэн “Хийморийн мориор”-оо шалгарч“ Монгол Улсын уран хатгамалч” цол өргөмжлөлөөр шагнагдсан. Шалгарсан 100 бүтээгдэхүүнийг  Засгийн газраас тусгай хөтөлбөрөөр гурван жилийн хугацаатай “Инкубатор” хөтөлбөрт хамруулж, үндэсний гар урлалын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах хэмжээний хөгжүүлэлт хийх хүртэл  дэмжиж төсөл хэрэгжүүлэх гэж  байгаад баяртай байгаа.

334818121_157526800438965_3560087645349408508_n-Бүтээлч хүмүүсийн ажил ундарсаар л байдаг гэдэгчлэн мөн саяхан нэгэн гайхалтай том бүтээл урласан гэсэн. Хэдий хугацаанд бүтээгдсэн бол?

-Тийм ээ, 10 гаруй жилийн өмнө Цэнхэрийн агуйгаас олдсон Хүннүгийн аравч буюу хивсийг түүхийн олдвор дээрээс нь үндэслээд монгол зураачаар эхийг нь гаргуулаад 4мх5 метрийн урттай монголд хамгийн том эсгий хивс урлалаа. Бүтээл маань хоёр сар гаруй хугацаанд бүтээгдсэн. Дандаа зээгт наамлын технологиор хүннүгийн тэрхүү сайхан олдворыг орчин үед нь тохируулаад цагаан ноосыг өнгө өнгөнд шилжүүлээд маш гоё бүтээл болсон. Гурван жилийн өмнө Энэтхэг улсад амьдарч байсан залуу лам нар манай компаниар найман эсгий ширмэл ширдэг захиалан хийлгэж багш нартаа бэлэглэж байлаа. Мөн  2022 оны 11 дүгээр сард  Энэтхэг улс руу  аялахаар явж  байгаа эмэгтэй Далай багшид  хамгийн гоё бэлэг юу аваачиж өгөх вэ гэхэд эсгий цагаан ширмэл авчирч өгөөрэй, маш дулаахан, энергитэй гэж  захиалсан байдаг. Энэ хүсэлтээр бид маш гоё хээ хуартай цэвэр цагаан хоёр эсгий ширмэлийн нэгийг нь улаан торгоор, нөгөөхийг нь шар торгоор эмжээд өгч явуулсан. Тэд монголын уран бүсгүйчүүдэд маш их баярлалаа, монголын ард түмэн тансаг зэрэглэлийн бүтээл хэрэглэдэг юм байна гэж маш талархалтай хүлээж авсан байна лээ. Ингээд  ширдэг бэлэглэсэн эмэгтэйд аравнайлсан бурхнаа өгсөн  гэдэг. Тэр эмэгтэй маань танай хамт олонд маш их баярлалаа, та нарын уран үйл улам дээшээ хөгжиж буян чинь бороо шиг асгарна гэж баярлаж талархсанаа илэрхийлсэн. Мөн дахиад Далай багшид улаан гутал, цагаан олбогтой нь  хамт хийлгэнэ  гэсэн. Эндээс харахад манай хивс, олбог, дээлийн торгон дээр байгаа хээ хүртэл учир утга агуулгатай. Өөрөөр хэлбэл айл гэрийг амар амгалан байлгаж, энергийг нь тэнцвэржүүлж байдаг агуулга, арга бэлэгтэй юм билээ. Тийм учраас бид эсгий ширмэлдээ дандаа бэлгэдэлтэй хээнүүдийг гаргадаг. Эсгий ширмэлийн нэг онцлог нь зөв буруу зээг байдаг. Зөв буруу алгадаж хосоор нь хийхээр тариан түрүү шиг харагддаг. Тийм учраас цаашдаа ширмэл ширдэгний учир утгын талаар гарын авлага гаргах бодолтой байгаа. Тухайлбал, ноосон хувцаснуудыг дандаа сүлжиж хийсэн байдаг. Энэ нь мөн адил эсгий ширмэлийн технологиор хийсэн буюу урлаг судлаач Батчулуун багш даавуу бүс, торгоны эх үүсвэр эсгий ширмэл юм шүү гэж тайлбарласан. Тийм учраас бид олон зууны жилийн өмнөөс өвлөгдөж ирсэн  энэ сайхан соёлыг зайлшгүй хөгжүүлэх ёстой.

 – Та бүхний ойрын болон цаашдын зорилго гэвэл юу вэ?

– Эсгий  бүтээгдэхүүнээ монголын ард түмэн төдийгүй дэлхийн ард түмэн хэрэглэдэг болоосой, дэлхийн зах зээл дээр гаргаад монголын ард түмэн, эмэгтэйчүүд ямар уран юм бэ гээд дэлхий хэрэглэгч болчихвол бидний зорилго биелэх нь тэр. Энэ амжилтанд  хүрэхийн тулд санхүүгийн  чадавхи сайтай байх ёстой. Цаашдаа өөрийн гэсэн үйлдвэрийн байртай 40,50 ажилчинтай болоод тэднийхээ амьдралыг дээшлүүлээд, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний гарцаа нэмэгдүүлчих юм бол бидний үйл ажиллагаа улам өргөжин тэлж, энэ сайхан урлаг хөгжинө гэдгийг цаг ямагт санаж явдаг.

334394357_238314485202151_3551248869231509997_n

Д.Нэргүй

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (66.181.160.***)
    2023/03/22 22:27

    Гоё юмаа

    (0) (0)