Хасбаатарын Оюунбилэг: Сурагчдадаа монгол хэлээ эрхэмлэн дээдлэх үзэл баримтлуулахыг зорьж ажилладаг

2023 оны 05-р сарын 05 өдөр, 12 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
оюун

Хүүхэд багачуудыг  оюун эрдмийн их далай руу хөтөлдөг эрдэм номын хаан багш байна гэдэг юутай сайхан.  Энэхүү эрдмийн харгуйд шимтэж, үүгээрээ 10 гаруй жил хөгжиж хөглөгдөж, залуу нас, сэтгэлийн дуудлагаар өсч яваа чадварлаг  багшийн нэг “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн Х.Оюунбилэгийг энэ удаагийн ярилцлагандаа онцоллоо. Тэрбээр угийн уйгагүй хичээл зүтгэлтэй, ажил үйлсийн айзам хэмнэл, багш хүний торгон  мэдрэмжээр аливааг гэрэлтүүлж, урагшлах  замын үүдийг нээж,  хэрхэн хичээл сургалтаа сонирхолтой, үр дүнтэй, хүртээмжтэй  явуулах вэ гэдгийг  ажлынхаа гол зорилго болгож явдаг юм билээ. Энэ ч утгаар тэрбээр анх багш болох гэж тэвдэж явсан үеэ төвөггүйхэн ардаа орхиж, бэрхшээл  саадыг даван туулж эдүгээ сурагчдынхаа  урмын үгсэд тэтгэгдэн тэжээгдэж, талархлыг нь хүлээсээр  буй.

Цаашилбал, багш болсон цагаасаа  үе үеийн ажил амьдралын арвин туршлагатай багш нараасаа суралцаж, тэдэнтэйгээ нэгэн жимээр алхахын тулд өдөр бүхэн хичээсээр ирсэн нэгэн. Эндээс багш хүн гэдэг ийм л гэгээлэг, бусдад ихийг  сурч мэдүүлж, сайн сайхан  хүн болгохын төлөө төрсөн байдаг юм байна даа хэмээн бодогдож сууснаа нуух юун.  Энэ л эерэг сайхан бодол, алсын хараа, сурч боловсрохын гайхамшиг, үзсэн дуулсан, уншсан мэдсэн бүхнээсээ шинэ санаа олж, сурагчдадаа түгээж хүртээж яваа нь эл багшийн бас нэгэн чимэг гэлтэй. Нөгөө талаас бадрангүй, гэгээлэг,элэгсэг өгөөмөр,тусч  хүнлэг,ямар ч үед өөрийнхөөрөө байдаг зөв хүнд байх олон эерэг чанар нь түүнтэй хэдэн хором ярилцаж суухад эрхгүй сэтгэлийг минь татсан юм.

-Багш болох хүн бүрийн мөрөөдөл байдаг. Таны хувьд энэхүү хувьтай, буянтай гэгээлэг ертөнц буюу сурган хүмүүжүүлэх үйлстэй хэрхэн ямар хувь тохиолоор холбогдсон түүхтэй вэ?

– Миний бие Хөвсгөл аймгийн Их-уул суманд 10 жилийн сургуулиа төгсөөд Улаанбаатар хотын “Цагаан лавай” багшийн дээд сургуульд элсэн суралцаж, 2002 онд монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. Оюутан байхдаа анхны  хүүхдээ, сургуулиа төгссөний дараа жил 2 дахь хүүхдээ төрүүлээд, үрсээ харах зуураа 2005 оны намар МУИС-ийн магистрт шалгалт өгч тэнцээд 2.5 жил сурч, 2007 оны 3-р сард “ Хэл шинжлэлийн магистр” зэрэг хамгаалсан юм. Гэтэл аз болж, магистрын дипломоо гардан авсан өдрөө найзаасаа “Модны хоёр”-т байрлалтай “Оюуны ундраа” цогцолбор сургуульд монгол хэл, бичиг, уран зохиолын багшийн орон тоо гарсан байна гэх сайхан мэдээг сонсоод, МУИС -аас шууд таксидаж ирээд, 2007 оны 04 сарын 09 буюу магистрын диплом гардан авсан тэр бэлэг дэмбэрэлтэй өдөр “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн босгыг алхаж байсан түүхтэй. Ийм  сайхан учрал тохиол бүрдсэн тэр өдрийг хэзээ ч мартдаггүй. Энэ дашрамд тэр үеэ эргэн санахад бүр ч сэтгэл огшиж байна. Эдүгээ сургуульдаа монгол хэл,бичиг, уран зохиолын багшаар 17 дахь жилдээ ажиллаж байгаа.

– Дөнгөж сургуулиа төгссөн залуухан багш хүүхдийн өмнө гараад анхны хичээлээ заах, цаашилбал, мэдэхгүй, чадахгүй сандрах үе бишгүй гарна шүү дээ. Энэ бүгдийг давж гарахад чухам юу нөлөөлсөн гэж боддог вэ?

– Эхний долоо хоног халширч шантраад, энэ олон бужигнасан хүүхдүүдэд юу зааж, юу хийлгэх вэ гэдгээ ч мэдэрч чадаагүй өнгөрсөн. Их сандарсандаа бүр  бие дагжин халуурч байлаа. /Инээв/ Эхний 7 хоног сурагчдынхаа дунд учраа олохгүй бужигнаад л өнгөрсөн. Гэсэн ч  багш болох гэж 6,5 жил бэлтгэгдсэн хүний хувьд ажиллахаас өөр сонголт байгаагүй. Гэрийнхэндээ ч багшилна гэдэг миний хийж чадах ажил биш байна, больдог юм бил үү гэтэл нөхөр маань тэгвэл чи юунд бүхэл бүтэн зургаан жил гаруй хугацаанд цаг заваа барж сурсан юм бэ гэж сануулсан. Ингээд “ Ажил хийе гэсэн хүнд арга олдоно” гэдэгчлэн арга ухаан сүвэгчлэн хоёр дахь долоо хоногоосоо сурагчидтайгаа дотночлон өмнөх багш нар нь яаж хичээлээ явуулдаг байсан юм, яаж заавал та нарт сонирхолтой байх вэ гэж  асууж ярилцсаны үр дүнд ерөнхий дөр сууж эхэлсэн. Манай мэргэжил монгол хэл, үндэсний бичиг, уран зохиол гэсэн гурван хичээл заадгаараа бусад хичээлээс ялгаатай. Гурав дахь долоо хоногоос арай дээрдэж, өөрийн гэсэн  арга барилаа аажим аажмаар олж авсан гэх мэтээр нэг нэг  шатаар ахиад явдаг юм билээ. Тухайн үед монгол хэлний мэргэжилтэн байсан Ө.Цэндсүрэн багш маань шинээр орж ирсэн залуу багш нарын дунд ойр ойрхон давтамжтай сургалт явуулдаг байсан бөгөөд тэр сургалтуудаас маш их зүйлийг сурч мэдэж авсан даа. Энэ үеэс бага багаар учраа олж, бүхий л хүүхдүүдэд нэгэн сэтгэлээр шударга хандаад ирэхээр тэд маань манай багш гоё ш дээ, мэдэхгүй,чадахгүй үедээ илэн далангүй бидэнд хэлж, багш нь мэдээд ирье, та нар бас боломжоороо судлаарай гээд санал бодлоо харамгүй хуваалцдаг гээд хүүхдийн ухаанаар үнэлж эхэлсэн. Түүнээс мэдэмхийрч худлаа хэлж өгч хүүхдийг будилуулж, сарниулж  болохгүй шүү дээ. Сурахын төлөө ид тэмүүлж яваа хүүхдийн оюун ухааныг хайрлах ёстой. Ингээд маш их хичээн ажилласан. Сурагчдадаа  ч оролдоод хичээгээд бай, “Оролдлого сайт оройд нь гардаг,оволзуур аашт ёроолд нь хоцордог” юм шүү гэж хэлдэг байлаа. Дараагийн үзэл баримтлал маань нэг  хүнд ч болов тусалчих юм сан, хэрэв чадахгүй бол бусдад төвөг удахгүй амьдрах юмсан гэдгийг өөрөө ч , шавь нартаа ч баримтлуулахыг ажил амьдралын гол зарчмаа болгосон билээ. Энэ хугацаанд гурван удаа есдүгээр анги, нэг удаа 12 дугаар анги төгсгөсөн бөгөөд 12-р анги төгсгөсөн шавь нар маань энэ жил оюутан болцгоосон.

-Монгол хэлний багш учраас онцолж, тодотгож асууж байна  л даа. Өнөөдөр ихэнх хүүхдүүд цаг үеэ дагаад дэлхий нийтийн хэл болох англи хэл, цаашилбал бусад гадаад хэл рүү хошуурч сурахыг эрмэлзэж байна. Энэ буруу биш, гэхдээ үндэсний эх хэлээ хэзээ ч  орхих учиргүй. Энэ тал дээр юу хэлэх вэ?

– Гадаад хэл сурах нь өнөөгийн шаардлага.  Гэхдээ “Эх хэл эрдмийн түлхүүр”  гэдэг болохоор эх хэлээ сайн сурч, сайтар ойлгон судалсны дараа гадаад хэлийг харьцуулан судалж үзвэл илүү үр дүнтэй гэж боддог. Иймийн тулд монгол хэлнийхээ дүрэм,зүй тогтол, үг, өгүүлбэр, цогцолбор, эхийн утга, бүтэц, хувиргал, соёл хийгээд яруу тансаг байдал, арвин баялаг үгсийн сангаас хичээнгүйлэн суралцаж, төрөлх хэлээрээ чадамгай сайхан ярьж, чадварлаг найруулан бичиж сурах хэрэгтэй. Одоо хүмүүсийн харилцахыг сонсож байхад наад захын 10 үг тутмын тавд нь гадаад үг явж байх жишээтэй. Хэл бол хэрэглээ, тийм учраас шаардлагатай үедээ тухайн  хэлээрээ ярьж бай, тэр чинь чамд  мэдлэг болж өгнө, түүнээс биш хооронд нь хольж хутгаад эх хэлээ бохирдуулаад байж болохгүй шүү гэж аминчлан захидаг юм. Зарим хүүхдүүд      “ Багшаа би удахгүй гадаад явах гэж байгаа, надад монгол бичиг хамаагүй ” гэдэг. Гадаад улсад очоод л гадаад хүн болчихгүйгээс хойш хэл соёлоо үгүйсгэж болохгүй. Дэлхийн хаана ч очсон эх хэл гэдэг  монгол хүн болж төрсний гол бэлгэ тэмдэг, омогшил бахархал учраас төрөлх хэлээрээ зөв сайхан яриад, бичээд сурчихвал энэ чиний онцлог давуу тал болж өгнө хэмээн захидаг. Тийм учраас монгол хэлээ эрхэмлэж, дээдлэх ёстой гэсэн үзлийг баримталж ажилладаг даа.

– Багш хүн үргэлж шавь нараараа бахархаж, гангарч явдаг. Багш таны амжилт ч олон байгаа даа?

– Бахархам амжилтаар дүүрэн олон шавь бий.  Миний хоёр дахь удаагийн есдүгээр анги төгсгөсөн шавь нар маань хөл бөмбөг тоглох их сонирхолтой .    Н.Баттулга багшийн дасгалжуулдаг “Хараацай” клубт идэвхтэй хичээллэж, энэ эрч хүч, зориг эрмэлзлээрээ олон тэмцээн уралдаанд тэргүүн байр эзэлж байсан төдийгүй монголын хүүхдэд зориулсан хөл бөмбөгийн анхны кино болох “Бөмбөг” киноны гол дүрд шавь Э.Бямбадорж , туслах дүрд П. Мөнх- эрдэнэ, Б.Пунцагбалжир хоёр маань тоглосон юм. Авьяаслаг хүүхдүүдийнхээ буянаар урилгын ширээнд сууж багш болсноороо бахархаж, бахдаж байлаа. Манай захирал С.Нэргүйдаваагийн санаачилсан олон брэнд хөтөлбөр байдгаас “Тусгаар тогтнол ” гэсэн сайхан хөтөлбөрийн хүрээнд 2017, 2018 оны хавар Сүхбаатарын талбайд ОУЦС-ийн 3333 сурагч болон Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга, УИХ-ын гишүүд, сургуулийн захирал, багш нар хамтран Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Д. Пүрэвдоржийн“ Тусгаар тогтнол” 19 бадаг шүлгийг орон даяар уншсан бөгөөд манай ангийн сурагч Б.Анхбилэг, М.Сугарсүрэн нар гоцлон уншиж, дагуулсан нь маш том бахархал юм. Мөн шавь Г.Анударь хөөрхөн шүлэг бичдэг. Дүүрэг, нийслэлийн “ Хүрэл тулга” наадамд дэд болон гутгаар байр эзлэн, “Нээлттэй сургууль” сонинд бүтээлээ хэвлүүлсэн.

 Миний тухайд гэвэл ахмад багш нараасаа байнга суралцаж, 2008 онд “ Чанд стандарт- чанартай боловсрол” бүлэг сэдвийн хөтөлбөр боловсруулах уралдаанд дэд байр, 2009 онд “Нийслэлийн монгол хэлний багш нарын олимпиад”-д тусгай байр эзлэн, “Монгол хэлбичгийн улсын 40 дэх удаагийн олимпиад”-д амжилттай оролцон хот хөдөөгийн олон шилдэг багш нараас суралцах завшаан олдсонд баярлаж явдаг. 2016 онд “Ном хөтөлбөр манай сургуульд” эсээ бичлэгээрээ Баянгол дүүрэгт Тэргүүн байр, 2017 онд “ Шилдэг нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах” уралдаанд тэргүүн байр, 2018 онд Нийслэлийн МХБУЗ-ын багш нарын дунд зохион байгуулсан “Хөгжөөнт буухиа” тэмцээнд нэгдүгээр байр, 2008 оноос эхлэн үе үеийн монгол хэл, бичиг,уран зохиолын багш нартайгаа хамтран илтгэлийн уралдаанд байнга оролцож, сургууль, дүүрэгтээ II, III болон тусгай байрт шалгарч байлаа.

–  Багш, тэр дундаа монгол хэлний багш байхын сайхан нь юу вэ?

– Яагаад ч  юм, монгол хэлний багш болсноор илүү бахархалтай санагддаг юм. Учир нь, анх зургадугаар анги дааж авахад хүүхдүүд маань манай багш ганцаархнаа гурван хичээл заадаг гайхалтай, бас англи хэл асуухад мэдээд байдаг, түүх асуухаар хариулаад байдаг гэж  их магтана аа. /Инээв./ Мөн монгол хэлний сонгон гэж манай сургуульд байдаггүй, гэтэл хүүхдүүд маань би монгол хэлний сонгоны ангийн хүүхэд гэж баярлаад явдаг нь хөөрхөн. Энэ нь маш их урам өгч, итгэл сэтгэл, эрч хүчийг минь бадрааж өгдөг юм.

– Анх багшаар ирэхэд нь тосч авч, зааж зөвлөж, чиглүүлсэн багш тань хэн бэ?

– Сургуулийн захирал С.Нэргүйдаваа, сургалтын менежер Н.Гомбо болон монгол хэлний алдар гавьяа нь түгсэн Д. Хишигсүрэн, Б.Чимгээ, З.Ичинхорлоо, Ш.Шагдаржав, Л.Сүрэнхорлоо, Л.Бямбасүрэн, Б.Буянаа, С.Эрдэнэчимэг гээд олон сайхан багш нар маань намайг учраа мэдэхгүй гүйж явахад харамгүй зааж сургаж, зөвлөн чиглүүлж өдий зэрэгт хүргэсэн. Би ч өөрөө  Монгол Улсын гавьяат багш Ш.Шагдаржав, Монгол Улсын  аварга багш Д. Хишигсүрэн, олон ном, гарын авлага бичсэн Б.Чимгээ нарын эрдмээр жигүүрлэсэн, олон жилийн арвин туршлагатай, улс нийгэмдээ үнэлэгдсэн алдартай багш нарын дэргэд муу байж болохгүй гэж өөрийгөө ихэд дайчлан, ямар боломж байна, цаг алдалгүй сураад мэдээд авах юмсан гээд ихэд хичээнгүйлэн зүтгэдэг байлаа. Нэг удаа З.Ичинхорлоо багш маань “ Оюунбилэг маш уйгагүй тууштай,зүтгэлтэй ” гэж урам хайрлан онцлоод “ Оюунбилэг ээ, чамайг харахаар бүр ядраад байх юм, дандаа л өөрөө уншиж ярилцаад, дүрд нь ороод хүүхдүүдтэйгээ бужигнаад байх, зарим үед миний хүү уран зохиолын хичээл дээрээ хүүхдүүдээрээ уншуулаад жаахан ч болов амсхийгээд аваач” гэж намайг хайрлан, дэндүү их ачаалал авчих вий гэж сэтгэл нь зовсон байдалтай хэлж байсан нь санаанаас ер гардаггүй. Ийм л сайхан багш нараараа өлгийдүүлэн энхрийлүүлсэн болохоор би өөрийгөө хамгаас азтай гэж боддог. Намайг багшаар ажилд ороход монгол хэлний 40 гаруй настай Л.Бямбасүрэн багш маань юм юманд гүйдэг хамгийн залуу нь байжээ.  Тэгээд 20 гаруй настай намайг хараад “ Одоо нэг ийш тийш гүйлгэх дүүтэй болж сэтгэл уужирлаа” хэмээн алиалж байсан нь багш нар ачаалалтай ажилладаг төдийгүй ахмадаа хүндэлдэг нь биширмээр санагдсан.Тийм учраас энэ гайхалтай багш нарынхаа сэтгэлд хүрэхгүй байх вий гэж өөрийгөө улам  шахаж шаардан ажилладаг байлаа.

 -Хичээл сургалтандаа  ямар  шинэ дэвшилтэт арга барилыг нэвтрүүлж  байна вэ?

–  Сургуулийн маань  анги болгон  телевизтэй. Манай монгол хэл,бичиг, уран зохиолын хичээл үзүүлж харуулах зүйл их. Эдгээрээс дэлгэцээр тодорхой хугацаанд үзүүлж ярилцдаг. Ялангуяа уран зохиол бол сэтгэлийн хичээл гэдэг учраас сэтгэл хөдөлгөж, догдлуулсан сонирхолтой бичлэгүүд оруулаад хүүхдүүдтэйгээ ярилцаж, хамтдаа уйлж дуулж, өрөвдөн гуньж, ухаарч сэхээрч, хөөрч догдлон, бахархан омогших үе хамгийн гоё байдаг. Тийм учраас бодитоор үзүүлж харуулж, орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглахыг зорьж байна. Мөн сурагчдаа  ном уншуулах дадалтай болгохыг хичээж байна. Тасралтгүй долоон жил хичээл зааж, зөвхөн миний арга барилаар явсан хоёр ангидаа А4 -ийн дэвтэр гаргаж, “Бүтээлч унших арга зүйд сурах нь “ уриан дор  ном уншуулаад, задлал хийх аргыг дор бүр нь заагаад явчихаар хүүхдүүд маш амархан сурдаг юм билээ. Эхний хоёроос гурван зохиолыг хамт задлаад, дараагийнхаасаа яг багшийнхаа хийлгэсэн шиг энэ аргаар задлаад ирээрэй гэхэд 6,7 дугаар ангийн хүүхдүүд маань  маш идэвхтэй “Багш аа би хийгээд ирсэн” гээд уралдан гараа өргөөд, баг болж өрсөлдөөд, өөрсдийгөө дүгнээд явчихдаг сайн талтай. Үүний ачаар даасан ангийн гурван сурагч маань “ТЭРГҮҮНИЙ УНШИГЧ – Д. НАЦАГДОРЖ ТЭМДЭГТЭН”-ээр шалгарсан. Эндээс хүүхдүүдийг ном унших арга зүйд сурган, номоор хөтлөх их зөв зүйтэй юм байна гэж дүгнээд байгаа.

-Ингэхэд  Оюунбилэг багш маань юунд өөрийгөө сорьж сонжиж, ирлэж хурцалж, юунд зорьж, тэмүүлж  явдаг вэ?

–  Маш сайхан асуулт байна. Сургууль, дүүрэг, нийслэл, улсын хэмжээнд зохиогдож буй бүхий л уралдаан тэмцээнд шавь нараа сойж, өөрийгөө ч сорихыг хичээдэг. Олон олон шавийнхаа амжилтаар ирлэж хурцлагддаг даа.

Хүүхдүүдийн маань “Хүрэл тулга” наадамд зохиож байсан гар  бичмэлүүд, дуурайн зохиосон, үргэлжлүүлэн найруулж бичсэн эхүүд надад хадгалаастай байгаа. Эдгээр шүлэг,эх, эсээгээ эмхэтгээд ойрын хугацаанд ном болгохыг  гол зорилгоо болгож байна.

“Нээлттэй сургууль” сонинд өөрийн арга туршлага болоод сурагчдынхаа  бүтээлийг ахин хэвлүүлэхийг зорьж байгаа.

 -Багш тантай яриад байвал олон зүйлийг өгүүлэх бололтой. Хүний амьдралыг чимж явдаг олон сайхан зүйлс бий. Түүнээсээ хуваалцахгүй юу?

  – Юуны  түрүүнд сайхан хамт олон маань  байна. Манай сургууль 5000 гаруй суралцагч,180 гаруй багштай өнөр өтгөн гэр бүл, монгол хэлний гэхэд л 17 багш бий. Хүний амьдралд өвдөж зовох,баярлаж хөөрөх гээд юу эс тохиолдох билээ. Зовлон  жаргалд үргэлж хамт байдаг хамт олондоо маш их баярладаг.  Хамт олонтой хүн хэзээ ч ганцаардаггүй, амьдралын  маш том хань болж явдаг юм байна гэдгийг олонтаа мэдэрч явна.

– Аав ээж, нутаг ус, гэр бүлийнхээ тухайд?

– Миний бие Хөвсгөл аймгийн Их уул сумын уугуул. Аав Ц.Хасбаатар маань намайг дунд сургуулийн 8-р ангид байхад бурхан болсон. Ээж Т.Дагдан тэтгэвэрт, бид эцэг эхээс хоёулхнаа бөгөөд эгч Оюунцэцэг  маань хөдөө мал малладаг.

Би 1998 онд Улаанбаатарт сурахаар ирээд нөхөртэйгээ танилцаж, хотын хүн болсон. Цаг хугацаа гэдэг амархан юм даа, нэг мэдэхэд таван хүүхдийн аав ээж болцгоосон байна шүү дээ. Нөхөр Чойжамцын Ганхүү “Барилгын политехник коллеж”-д мужааны  багшаар ажилладаг. Хоёул багш мэргэжилтэй учраас бие биеийнхээ ажлын онцлог,ачааллыг сайн ойлгодог. Хичээлээ яаж сонирхолтой хэлбэрээр зааж сурагчдадаа ойлгуулах вэ, гар утаснаас нь хэсэг хугацаанд ч болов хөндийрүүлж, хичээлдээ хэрхэн анхааралтай хандуулах вэ, яаж зөв хүмүүжил төлөвшил, эерэг хандлагатай болгох вэ гэж үргэлж сэтгэл чилээхийн хажуугаар дэвтэр засна, хичээлийн бэлтгэлээ хийнэ гээд гэртээ хариад ч дуусдаггүй ажил бол багшийн ажил юм. Дээхнэ үед хүүхэд янз бүрийн зүйлд сатаарч, үзэж харах зүйл нь бага байсан. Гэтэл одооны хүүхдүүд бүх мэдээллийг цахим орчноос авдаг болсон учраас эдгээрээс нь чөлөөлж, яаж сонирхлыг нь татах вэ гэдэг тал дээр оюун бодол,ухаан санаагаа уралдуулах шаардлага гарч ирж байгаа юм. Том охин маань МУИС-ийн сэтгүүлч, орчуулагчийн ангийн оюутан. Удаах хүү өнгөрсөн жил 12 дугаар ангиа төгссөн. Дараагийн хоёр охин  манай сургуулийн дөрөв, зургадугаар ангид сурдаг. Хамгийн бага маань нэг ой таван сартай.

 -Багшлахаас бусад хобби сонирхол гэвэл?

– Эх орныхоо түүхэн дурсгалт газруудаар аялах, ном унших,алдартай зохиолчдын шүлэг яруу найргаас уншиж, дуулж хуурдах  дуртай.

Хэлэх дуртай үг тань?

-“Оролдлого сайт оройд нь гарна, оволзуур аашт ёроолд нь хоцорно” гэдэгчлэн   хүн мэдэхгүй, чадахгүй байж болно, гэвч хамгийн гол нь сурч мэдээд авъя гэсэн чин хүсэл, эрмэлзлэл байх нь л чухал.

Д.Нэргүй

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх