Ж.Оюунцэцэг: Англи хэлээр зөв ярьж, бичиж сурах нь чухал

2023 оны 05-р сарын 12 өдөр, 16 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
346097707_206550712186042_7836701130079258488_n

Өглөө бүр үгийн сайхныг хэлэлцэж, өдөр бүр хүний сайхантай уулзаж … хэмээх үгийн утга учрыг нэгэн сайхан “багш” амилууллаа. Үүний тод жишээ, эдүгээ ч түүчээ болж яваа хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Ж.Оюунцэцэг багшийг намуухан агаад цэгцтэй яриагаар нь энэ удаагийн ярилцлагандаа онцоллоо. Багаасаа сурч мэдэхийг хүсэл мөрөөдөл, зорилгоо болгож ирсэн тэрбээр дэлхийн жишгийг даган монголчууд англи хэл рүү хошуурч эхэлсэн тэр үеэс бие даан англи хэл сурч, тэртээх 1998 онд бичсэн Англи хэлний зүй ном нь англи хэл сурахыг эрмэлзсэн хэн бүхний ширээний ном болж, өнөөдөр ч хэл шинжлэлч эрдэмтэд, гадаад хэлний сургуулийн багш нар Оюунцэцэг багшид тун ихээр талархаж, өндрөөр үнэлдэг юм билээ. Эл багшийн 2019 оноос эхлэн явуулсан оновчтой, цэгцтэй сургалтаас зорьж ирж суралцсан хүн бүхэн өөрийн хүссэн түвшин, мэдлэгийг олж аваад сэтгэл дүүрэн гарцгаадаг аж. Тиймдээ ч Оюунцэцэг багш маань амьдралынхаа хамгийн аз жаргалтай гэгээлэг мөчүүдийг хэлний боловсролтойгоо холбон тайлбарлах нь зүйн хэрэг буйзаа. Энэ лугаа адил хэлний гайхамшгаар аялан оюунаа чилээн бичсэн үнэ цэнэтэй  бүтээлүүд нь үргэлжийн эрэлт хэрэгцээтэй, залуусын сэтгэлийн дуудлага болж байдаг билээ. Улмаар олон мянган суралцагчдад англи хэлийг амар хялбар, оновчой сурч болдгийг мэдрүүлж, тэдний хэл сурах урмыг сэргээж, галыг нь бадраасан ачтан юм. Тэрбээр Англи хэлний зүй, “Англи хэл өөрөө сурах бичиг”,“Англи хэлээр зөв уншиж сурахуй” зэрэг бүхий л бүтээлээ Монгол Улсад англи хэлний боловсролыг хөгжүүлэхэд зохих хувь нэмэр болоосой гэж чин сэтгэлээсээ бодож бичдэг учраас энэ хэмжээгээр олон хүнд хүрдэг ажгуу. Нөгөөтэйгүүр түүнээс нөр их хөдөлмөр, хүнлэг сэтгэлийн илч, авьяас билэг амтагдаж байсныг ч хэлэх хэрэгтэй.  Тэрбээр энэ сарын буюу 5 дугаар сарын 15-наас богино хугацаанд англи хэлний мэдлэг чадвараа дээшлүүлж, IELTS, TOEFL-ийн шалгалтыг амжилттай өгөх суурь мэдлэгийг эзэмшин, англи хэлний тогтолцоог бүхэлд нь ойлгох боломжийг олгох зорилгоор Англи хэлний дүрмийн эрчимжүүлсэн сургалт явуулах гэж буй.

-Ертөнцийн хэлний хаан болсон англи хэлийг сурах гэж найман настай балчраас наян настай буурлууд тэмүүлсээр багагүй хугацааг үдэж байна. Энэ хэлний марафон буюу Монгол Улсад англи хэлийг хөгжүүлэх үйлсэд таны оруулж буй нэмэр нэлээд хувийг эзэлж байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй  байна. Эндээс бидний яриа эхлэх нь зүйтэй болов уу?

– Миний хувьд Улаанбаатар хотод төрсөн. Гэсэн ч аав ээжийнхээ нутаг болох Өвөрхангай аймгийн дунд сургуулийн нэгдүгээр ангид  элсэж, сурагч насаа үдсэн. Сургуулиа төгсөхдөө математик болон гадаад хэлний хичээлд илүү дуртай байсан. Аз болж, тэрхүү хүүхэд насны минь мөрөөдөл эргэлт буцалтгүйгээр гадаад хэлний хэлний ертөнц  рүү хөтөлсөнд одоо ч баяртай байдаг. Гадаадад суралцах нь тухайн үеийн бүр ч их сонирхол минь байлаа. Гэвч ганцхан Иркутскийн хуулийн ангийн хуваарь байна гэдгийг аав, ээждээ хэлсэн. Аав маань охиныхоо хүсэл сонирхлыг дэмжихдээ аймгийн даргатай уулзтал яагаад ч юм, тэрбээр “Энэ тийм амархан зүйл биш ээ, танай охин I групээр конкурс өгч байгаа сурагчдынхаа дундаас нэгдүгээрт жагсах юм бол онцгойлон авч үзээд хүсээд байгаа хуваарийг нь өгье” гэж хэлсэн юм билээ. Энэ үед миний толгойд хэрвээ би нэгдүгээрт нь л орж чадахгүй бол …. гэсэн бодол толгойд орж ирсэн. Аав  маань ч миний охины 10 жил онц сурсан чанар чансаа чинь одоо л харагдана гэж ихэд зоригжуулсан гэх үү дээ. Дүн гарахад 500 гаруй хүүхдээс нэгдүгээрт жагссан байхыг хараад мөрөөдөл болсон хуваариа авлаа, гадаад явлаа гэж маш их баяр хөөр, догдлол болсоор гэртээ харьсан. Гэтэл маргааш нь хуваариа сонстол миний авах ёстой болзол хангасан хуваарийг нэгэн том даргын охин авчихав. Удалгүй намайг хоёрдугаарт нь дуудахаар гайхаад ортол орос хэлний л хуваарь байна, энэ дундаас л сонгоно доо, эсвэл өөр бодолтой байгаа юм уу гэж багш нар асуухад өөрийн бодож байгаагаа хэлээд тухайн үеийнхээр Орос хэлний багшийн дээд сургуулийн хуваарийг авч байлаа. Ингэж бага зэрэг саад орсон ч гэлээ хувь заяа маань л намайг яалт ч үгүй гадаад хэлтэй холбосон түүхтэй. Сургуулиа орос хэлтэй, тодорхой хэмжээний герман хэлтэй төгссөн боловч тухайн үед орос хэлний хэрэглээ өдөр ирэх тусам багасаад англи хэл сурах хөдөлгөөн ид эрчимжиж байв. Тийм учраас цаг үеийн хөгжлөө дагаад дэлхий нийтийн  хэл болох англи хэлийг зайлшгүй сурах хэрэгцээ шаардлага гарч англи хэлний хоёр сарын курст сурч, нэгэнт сонирхол минь учраас үргэлжлүүлэн тасралтгүй бие дааж үзсээр англи хэлээрээ докторын зэрэг хамгаалж, улс, эх орондоо гадаад хэлний салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахын төлөө бүхий л чадлаараа хичээн хөдөлмөрлөх болсон доо.

-Тийм ээ, богино хугацаанд амжилтанд хүрсэн танд үнэхээр талархаж байна. Дурлаж сонирхсон зүйлийнхээ оргилд хүрнэ гэдэг бүр ч бахархам зүйлийн нэг. Тиймээс англи хэлийг ямар дүрэм, арга барилаар заах нь  оновчтой ойлгомжтой агаад, суралцагчдад ч хялбар дөхөм байдаг бол. Тэрхүү туршлагаасаа хуваалцахгүй юу?

 -Манай залуучууд англи хэлийг маш их сонирхож, сурахын төлөө тэмүүлж байгаа нь том дэвшил, хөгжил. Тэр дундаа англи хэлийг богино хугацаанд, өндөр түвшинд эзэмших сонирхолтой хүн ч олон байна. Америкийн заах арга нь прагматик хандлагатай тул харилцааг чухалчилж, ярианы хэлэнд түлхүү анхаардаг. Харин Британийнх илүү академик шинж чанартай тул анхнаасаа зөв ярьж, бичиж сурахыг чухалчилдгаараа онцлогтой. Эндээс аль чиглэлийг баримтлах вэ гэдэг нь тухайн хүний сонголтын асуудал юм. Жишээ нь, зөвхөн ярьж сурах шаардлагатай, бичгийн ажил хийдэггүй хүний хувьд Америкийн арга барил, харин бичгийн болоод гадаад хэлний өндөр боловсролтой болох зорилготой хүмүүс, тухайлбал, магистрантур, докторантурт суралцах гэж байгаа залуучуудын хувьд англи хэлний дүрмийг тогтолцоогоор  нь эзэмшиж, зөв ярьж, зөв бичиж сурах нь чухал байгаа юм. Манайд байгаа ихэнх сурах бичиг Америкийн тэрхүү хандлага дээр үндэслэгдсэн байгаа. Тухайн нэг сурах бичиг нь унших, бичих, сонсох, ярих чадварыг зэрэг хөгжүүлэх зорилготой байх тул англи хэл гэдэг ямар тогтолцоотой, ямар онцлогтой болохыг бүхэлд нь харах, нэгдмэл ойлголттой болох боломж олгодоггүй. Англи хэлэнд үйл үг маш чухал үүрэгтэй. Үйл үгээр үйлийн олон янзын утга, санааг илэрхийлдэг бөгөөд тэдгээрийг үйл үгийн цаг хэмээх ойлголтонд хамааруулж үздэг. Зарим эрдэмтэн англи хэлэнд 12 цаг байдаг гэж үздэг бол зарим нь 2 цаг байдаг хэмээн үзэх нь бий. Гэвч нийтлэг түвшинд ярихад, англи хэлэнд 26 цаг байдаг. Энэ цагуудыг эзэмшсэнээр үйлийн янз бүрийн санааг зөв зүйтэй илэрхийлэх боломжтой болох юм. Дээр дурдсан сурах бичгээр хичээл зааж байгаа сургалтанд суух тохиолдолд үйл үгийн цагуудийг хооронд нь ялгаж, тэдгээрийг бүрэн эзэмших боломж олгодоггүй. Үүнийг буруу гэж хэлж байгаа хэрэг биш, харин тухайн сургалтын зорилго өөр байгаатай холбоотой юм.

– Одоо та ээлжит сургалтаа явуулах гэж байна. Олон жилийн туршлага, чадвараасаа хамаараад магадгүй өөрчилмөөр санаанууд урган гарч ирсээр л байгаа даа. Цаашилбал, сургалтын үр дүн гээд л…..?

– Угтаа англи хэлийг цогцоор нь, бүхэлд нь ойлгож авъя гэсэн хүнд тогтолцоог нь ойлгуулах чухал байдаг. Тийм учраас миний бие энэ бүх байдлыг харгалзан үзээд ямар сургалт явуулбал үр дүнтэй вэ гэдгээ тодорхойлсны эцэст англи хэлний дүрмийг анхан шатнаас нь дээд шат хүртэл заах хоёр сарын хөтөлбөр боловсруулсан. Энэ нь англи хэлийг тогтолцоогоор нь ойлгох боломжийг олгох үндсэн гол дүрмүүдийг багтаасан 60 цагийн хөтөлбөр юм. Дахин сургалт явуулах боломжгүй учраас энэхүү сургалтаасаа урдынхаас ч илүү үр дүн хүлээж байна. Шавь нарынхаа амжилт, сэтгэгдлүүдээс сургалтын үр дүнг харж, мэдэрч байгаа  учраас аль болох олон хүн хамруулахыг хичээж байна даа.

– Хийж байгаа зүйлдээ хэчнээн сэтгэлээ өгнөв, тэр хэмжээгээр хүнд хүрэх  учиртай. Тиймээс энэ удаагийн сургалтын маш ач холбогдол, онцлог, давуу тал нь юу  вэ?

– Англи үгсийг уншиж чаддаг хэдий ч тэдгээрийг зөв холбож өгүүлбэр бүтээх мэдлэг, чадвар эзэмшээгүй хүмүүс, эсвэл англи хэлийг монголдоо төдийгүй гадаадаар яваад 20-30 жилийн турш судалсан хэдий ч ганц өгүүлбэр алдаагүй бичиж чаддаггүй, үйл үгийн цагуудаа хооронд нь сайн ялгаж мэддэггүй хүмүүсийг яг нэг ижил гараанаас эхлүүлдэг. Сургалтын явцад суралцагчид маань англи хэлийг сурч болох юм байна, маш их урам зориг авлаа, маш их зүйлийг ойлгож мэдлээ гэцгээдэг. Ямар үр дүнд хүрэх нь тухайн хүний хичээл зүтгэл, ажил, амьдралын онцлог, цаг заваас их хамаарна. Сайн суръя гэсэн чин зорилготой хүн ирээд хичээх юм бол анхан шатнаас дээд шатны мэдлэгтэй болоод төгсдөг. Дунд шатны мэдлэгтэй орж ирээд зөвхөн нэг түвшин ахиж дундын дараах түвшний мэдлэгтэй болоод гарах тохиолдол ч цөөнгүй байна. Өөртөө зориулж байгаа үнэт цагаа зөв зарцуулаад, заасан бүгдийг эзэмшиж чадвал дээд шатны мэдлэгтэй болоод төгсөнө гэсэн үг. Англи хэлний дүрмийг нэг л сургалтаар хоёрхон сарын дотор эзэмшүүлдгээрээ онцлог гэж хэлж болно. Сургалтаа эхлэхэд, мөн дуусахад шалгалт авч, оноог нь харьцуулаад ямархуу ахиц, дэвшил гаргаснаа олж харах боломжийг олгодог. Суралцагчид маань таны сургалтанд сууснаар өөрийнхөө хэмжээнд мэдлэг, чадвар олж авсны зэрэгцээ маш гоё энерги аваад, стресс тайлагдаж, хоёр сарын хугацаанд үнэхээр сайхан байлаа, таны инээмсэглэсэн царай, зөөлхөн яриа, шавь нараа хайрласан, дэмжсэн чин сэтгэл, эелдэг, дулаахан харц, дуу хоолой бидэнд сайхан сэтгэгдэл төрүүлдэг, багш бүр ийм байдаг бол үнэхээр сайхан байхсан гэхийг сонсоод улам бүр хичээх сэтгэл төрдөг.

-Та Удирдлагын академийн нэр төрийг өндөрт өргөж явсан залуухан эрдэмтэн багш нарын нэг байсан тэр үеэ эргэн дурсвал? 

-Мэргэжлээ зөв сонгосон хувь заяандаа баярлаж явдаг. Удирдлагын академид багш, дараа нь гадаад хэлний тэнхимийн эрхлэгчээр ажилласан. Олон сайхан эрдэмтэн, профессор, багш нар, эрч хүчтэй, гэгээлэг хамт олны ач буянаар л  тодорхой амжилтанд хүрсэн гэж боддог. Энэ дашрамд бүгдэд нь талархаж явдгаа хэлэхийг хүсэж байна. Олон зуун шавь нараараа ч бахархаж явдаг. Үүгээр зогсохгүй, дэлхий ертөнц, орчлон хорвоод болон өөртөө хамааралтай бүхий л хүнд талархаж явдаг. Удирдлагын академид байхад шавь нар маань багш аа, бид англи хэлийг сурах гээд хаа сайгүй л дамжаад яваад байна, харин таны хичээлд сууснаас хойш англи хэлийг сурч болох юм байна гэсэн итгэл, гэрэл гэгээ цацраад эхэлсэн гэцгээдэг байсан. Энэ дундаас, та ямар ч тэнэг хүн ойлгохоор заадаг шүү гэдэг үгийг байн байн сонсдог байв. Энэ үгийг сонсоод өөрийн эрхгүй инээд хүрдэг байсан ч улам л хичээж олон хүнд энэ хэлийг түгээх ёстой юм байна гэж бодогдсон. Өвчтэй байсан он жилүүдэд хүмүүс үгүйлсээр, хандсаар л байсан. Энэ завсраа биеэ дээрдэх богинохон хугацаанд ганц нэг байгууллага дээр очиж хичээл заасан тохиолдол бий. Нэг байгууллагын захирлын албыг хашиж байсан эрдэмтэй, сайхан эмэгтэй өөрийн хамт олондоо хандаж хэлэхдээ, би энэ байгууллагыг хөгжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийж, хичээн хөдөлмөрлөж байна. Энэ хүрээнд та нарынхаа англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор улсынхаа өмнөө барьдаг багшийг авчирлаа, тийм учраас та нар хичээгээрэй, хэрэв Оюунцэцэг багшаар заалгаад англи хэл сурахгүй хүн байвал Шар хад руугаа яваарай гэж хэлэхэд нь тэсгэлгүй инээмээр санагдсан ч энэ бол миний хувьд бас л нэг том хариуцлага шүү дээ хэмээн бодож билээ.

– “Англи хэлний зүй” номыг үнэхээр мэргэжлийн түвшинд, өндөр ур чадвар шаардаж бичигдсэн ном гэж үе үеийн хүмүүс таалан сонирхдог, илүү ойлголт ч авсан байдаг. Энэ хүртээмжтэй, хүртээлтэй номынхоо талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Би сургалтынхаа хүрээнд ярих, сонсох чадвар хөгжүүлэх хичээл заадаггүй боловч сургалтанд суугаад IELTS, TOEFL-ийн шалгалтанд тэнцээд байна гэдэг англи хэлнийхээ дүрмийг ойлгосон тохиолдолд бусад чадвараа хөгжүүлэхэд хялбар дөхөм юм байна гэдгийг олж хараад байгаа. Сургалтанд хамрагдах боломжгүй хүмүүс “Англи хэлний зүй” номыг судлаасай гэж бодож байна. “Англи хэл өөрөө сурах бичиг” ном маань үг уншиж сурахаас авахуулаад унших, бичих, сонсох чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн ном. Өөрөө сурах бичиг гэдэг утгаар дасгалын хариутай, харилцан яриа, сонсголын  дасгал нь MP3 бичлэгтэй. Бусад номоо санхүүгийн бэрхшээлийн улмаас хэвлүүлж чадахгүй олон жил болж байна. “Англи хэлний зүй” номоо анх 1998 онд ажлынхаа хажуугаар нэг жил зургаан сарын турш нойр, хоолоо умартан бичиж дуусгаад хэвлүүлж байж билээ. Энэ сурах бичигтээ анхан шатнаас мэргэжлийн түвшинд хүртэлх үндсэн бүх дүрмийг багтаасан. Би эгэл жирийн сэхээтэн айлын хүүхэд. Эцэг эхээс наймуулаа, зургаан дүүтэй. Залуугаасаа амьдралын төлөө зүтгэсээр өглөөнөөс үдэш хүртэл өчүүхэн ч чөлөөгүй, шөнө дунд хүртэл ажилладаг амьдралын замнал, хэмнэлээр олон жил явж ирсэн. Өглөөнөөс орой хүртэл хичээл заагаад, шөнө дунд номоо бичдэг. Энэ хугацаанд маш бага унтаж, цуцашгүй зүтгэсэн, нэлээн ч ядарсан. Гэвч дараа нь өөр өвчнөөр удаан хугацаанд өвдсөн ч гэгээлэг сайхан ажил, номнуудынхаа буянаар олон сайхан амжилтанд хүрч, суралцагчдынхаа талархалд бялхсаар явна. Номыг маань дунд сургуулийн багш нар, ахлах ангийн сурагчид, их сургуулийн багш, оюутнууд, эрдэмтэн, судлаачид, гадаад хэлний мэргэжлийн хүмүүс, түүнчлэн англи хэл сурах зорилготой аль ч ажил, мэргэжлийн хүмүүс судална хэмээн бодож тохиромжтой тайлбар, үг, өгүүлбэрүүдийг багтаахыг зорьсон. Дүрэм болгоныг англи, монгол хэлээр жишээ авч тайлбарлавал илүү ойлгомжтой болохыг ч давхар бодолцсон. Жишээгээ ихэнхийг нь өөрөө зохиодог, бусад ном бүтээлээс авсан жишээ тун цөөхөн. Хүнд үг, хэллэг оруулбал дүрмээ ойлгоход төвөгтэй байх тул аль болох хүмүүст ойлгомжтой байдлаар энгийн үг хэллэгтэй өгүүлбэр бодож олохыг хичээдэг байв. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн эрдмийн зөвлөлөөс намайг энэ номоороо докторын зэрэг хамгаалахыг санал болгоход нь би: ”Энэ номынхоо үр шимийг хүртсээр яваа тул диссертаци бичиж эрдмийн зэрэг хамгаалъя” гэж хэлээд өдөр, шөнөгүй суусаар гурван сарын хугацаанд диссертациа бичээд хамгаалж билээ. Ийнхүү сургуулийнхаа эрдмийн зөвлөлийн хувьд анхны доктор болж байсан түүхтэй. Номоо жил бүр алгасалгүй хэвлүүлдэг ч санхүүгийн боломжоос хамаарч хэсэг хугацаанд тасардаг тал бий. Энэ хугацаанд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн хүмүүстээ ихэд талархаж явдаг. Миний зохиосон анхны ном бол “Англи хэлээр зөв уншиж сурахуй” гэсэн нэртэй хэвлэгдсэн авиазүйн чиглэлийн нимгэхэн ном байсан. ”TOEFL-д бэлтгэх сурах бичиг”, “Бичгээр харилцах нь”, “Цангасан монгол морь” хэмээх орчуулгын ном зэргээ хэвлүүлэлгүй удаж байгаа ч заримыг нь дахин хэвлүүлж олны хүртээл болгох бодолтой байгаа. “Англи хэлний зүй” номын маань 25 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд англи хэл сурахыг хүсэж, эрмэлзэж байгаа олон түмэндээ зохиогчийн гарын үсэгтэй номын хямдралтай худалдаа зохион байгуулж бэлэг барихаар төлөвлөж байгаа.

-Та үйл ажиллагааныхаа цар хүрээний тухайд товч тайлбар өгөөч?

– Би нэг хэсэг гадаад хэлний салбарт хэл шинжлэлийн чиглэлээр доктор хамгаалуулах зөвлөлд ажиллаж байсан. Дараа нь зэрэгцүүлсэн хэл шинжлэлээр докторын зэрэг хамгаалах гэж буй хүмүүсийн диссертацийг уншиж, шүүмж, санал өгөх, гадаад хэл сурах арга, барилын талаар зөвлөгөө өгөх, их, дээд сургуулийн багш нар, бизнесийн менежер, удирдах ажилтнууд, төрийн албан хаагчдаас англи хэлний түвшин тогтоох шалгалт авах гэх мэтчилэн олон чиглэлээр ажиллаж ирсэн.

– Гадаад хэлний их, дээд сургуулийн англи хэлний багш нараас шалгалт авч байв уу?

– Тийм. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн англи хэлний багш нараас шалгалт авч байсан. Мөн хэлний мэргэжлийн бус тэнхимийн багш нараас нь англи хэлний түвшин тогтоох шалгалт авсан. Хөдөө аж ахуйн их сургуулийн англи хэлний багш нараас гээд тоочоод байвал олныг нэрлэхээр байна. Ер нь шалгалтын материал бэлтгэх, шалгалт авах, материалаа засах, дүн гаргаж өгөх гээд цаг хугацаа шаардсан энэ ажил миний ажлын нэгээхэн хэсгийг эзэлдэг юм.

 -Ингэхэд суралцагчдадаа хандаж юу хэлэх вэ?

-Англи хэлийг эзэмшихийн тулд эх болсон монгол хэлээ сайн эзэмших хэрэгтэй. Төр засгаас монгол хэлийг сурах тал дээр нэлээд анхаарч байгаа ч илүү сайн анхаараасай гэж боддог. Монгол хэлээ сайн эзэмшсэн нөхцөлд англи хэлийг сайн сурах боломж илүүтэй байдаг. Монгол хүн болж төрснийх, хүн бүр эх оронч байж, эх хэл, монгол ёс заншил, өв уламжлалаа дээдэлж, хойч үедээ өвлүүлж, үлдээх ёстой. Миний хувьд англи хэлний өгүүлбэрзүйг заахдаа монгол хэлнийхээ өгүүлбэрзүйг заахад хүрдэг тал бий. /Инээв/ Мэдээж, шавь нарын маань дунд монгол хэлээ сайн эзэмшээгүй байх тохиолдол байлгүй яахав. Энэ тал дээр аль болох ойлгуулахыг хичээдэг. Өнөөдөр дэлхийн хүмүүс англи хэлээр ойлголцож байна. Англи хэлнээс гадна орос, герман, франц зэрэг чухал хэлнүүд бий. Гэвч англи хэл дэлхийн олон хүмүүсийг нэгтгэж байгаа. Энэ утгаар монголчууд бид англи хэлийг эзэмших нь чухал юм. Ойр зуурхан сурах нь учир дутагдалтай.  Дүрмээ маш сайн эзэмших хэрэгтэй. Тэгж чадваас зөв ярьж, зөв бичнэ. Эрдэм шинжилгээний өгүүлэл бичээд түүнийгээ орчуулах чадвартай байна гэдэг маш чухал шүү дээ. Үг, хэллэг мэдэх нь дангаараа хангалтгүй, гол нь дүрмийн дагуу зөв бичиж, зөв найруулж, орчуулах нь чухал. Тийм учраас л сургалт явуулаад байгаа юм. Эхнээсээ зөв ярьж, бичиж сурах нь цаг хугацааг хэмнэдэг учраас дүрмээ эхэлж сайтар үзээд дараа нь бусад чадваруудаа хөгжүүлэх нь давуу талтай. Өөрийнхөө туршлагаас хуваалцахад, анх дүрмээсээ л эхэлж байсан. Аз болоход тэр үед Америкаас ирсэн эрдэмтэнтэй хамтарч ажиллах боломж тохиож билээ. Тэр үед англи хэлээ мэдэж байгаа хэрнээ сайн ярьж чадахгүй байв. Ярьж сурахад дадлага хэрэгтэй гэдэг нь тодорхой болсон. Түүний докторын ажилд нь туслаад тэр чиглэлээр нь монгол эрдэмтэн, судлаач хүмүүстэй уулзаж, ярилцлагыг нь орчуулж, тодорхой хэмжээний монгол хэл заагаад явуулсан даа. Одоо тэр эрдэмтэн маань Калифорнийн их сургуулийн профессор болсон.

-Сайхан аав, ээжийнхээ үнэт сургаалиар хүмүүжиж, боловсорч ухаажсан   хүүхдүүд холыг харж, сайн сайхан явдаг жамтай. Энэ талаар таныг ихийг өгүүлэх болов уу гэж харж байна?

-Миний хувьд бусдын адил улс эх орныхоо ирээдүйд сэтгэл зовниж, санаа тавьж явдаг. Дэлхий ертөнцөд хувь хүний хөгжлийн асуудал давамгайлж, үүнийг янз бүрийн өнцгөөс тайлбарлаж байгаа. Угтаа хүний хөгжил гэдгийн цаана маш олон ойлголт бий. Монгол Улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийд дээгүүрт жагсаж чадахгүй байгаад дүгнэлт хийх цаг аль хэдийнэ болсон. Аав, ээжийн маань биднийг өдий зэрэгт хүргэж хүмүүжүүлсэн сургаал маш чухал. Ялангуяа аав маань биднийг зүйр цэцэн үгсээр сургаж хүмүүжүүлдэг байсан. Бидний найман хүүхдийг өөрийнхөө үг яриа, үйлдэл, ажил, амьдралаараа үлгэрлэж хүмүүжүүлсэн. Эндээс хүн гэдэг ийм байх ёстой юм байна гэсэн ухамсар, төлөвшил суусан. Аав маань ч энэ талаар маш сайн тайлбарлаж хэлж өгдөг, маш сайн зөвлөгч, чиглүүлэгч  байлаа. Жишээ нь, эх оронч үзэлтэй байж, эрдэм номондоо шамдаж өндөр мэдлэг боловсрол эзэмшээд улс эх орныхоо төлөө юу хийж чадах вэ, түүнийгээ хийх, Монгол Улсынхаа төлөө гэсэн сэтгэлээр ажиллаж, амьдрах, аливаад зөв үнэлэлт дүгнэлт өгч, үнэнч шударга, төлөв даруу, хүнлэг, тусч, хөдөлмөрч, хариуцлагатай байх гэсэн хамгийн эрхэм чанаруудыг эзэмшиж, өөртөө бий болгож чадваас улс эх орондоо хэрэгтэй сайн хүн болж чадна гэж сургасан. Ээж маань бидэнд сайхан сэтгэлийн үлгэр дууриал болж ирсэн. Тийм учраас бид маш сайн хүмүүжсэн гэж боддог. Аав, ээжийн маань генээр дамжин бидэнд эерэг зүйл ихээхэн өвлөгдөж ирсэн тал ч байгаа байх. Өөрийн бодлоо хэлэхэд, мэдлэг боловсрол, ажил, мэргэжил чухал хэдий ч хүн хүнээрээ байх нь хамгийн чухал гэж боддог. Миний хувьд, Монгол Улсдаа гадаад хэлний боловсролыг хөгжүүлэхийн төлөө анхнаасаа хичээн зүтгэсээр өнөөдрийг хүрч, үндсэндээ хэлний ертөнцөд амьдралаа зориулж явна даа.

Тийм ээ, Оюунцэцэг багшийн сургалтанд салбар салбарын, янз бүрийн боловсролын түвшинтэй, дунд сургуулийн сурагч, оюутнууд, дунд, их дээд сургуулийн багш нар, төрийн албан хаагчид, бизнесийн салбарынхан гээд насны хязгааргүй хүмүүс суралцдаг. Тэдгээр шавь нарын сэтгэгдэл, зарим тодхон жишээнээс дурдахыг хүссэнд тэрээр ярихдаа:

ШУТИС-ийн доктор, багш эмэгтэй дундын дараах шатны нэлээд сайн мэдлэгтэй орж ирсэн. Сургалтыг дүүргээд тэрээр “Англи хэл гэдгийг чухамдаа ойлгочихлоо, одоо таны номыг ширээн дээрээ тавиад суухад ямар ч зүйлийг орчуулах чадвартай боллоо, багш танд маш их баярлалаа” хэмээж байсан удаатай.  МУИС-ийн доктор, багш миний сургалтын дараа олон улсын уулзалт, семинар дээр ментороор ажилласандаа өндөр сэтгэгдэлтэй байгаагаа дуулгаж, талархал илэрхийлж байсан. АШУҮИС-ийн доктор, багш мөн миний сургалтыг төгсмөгц Английн их сургууулийн докторантурт шалгалт өгч тэнцээд, тэндээ олон улсын докторантуудаас англи хэлний шалгалт авахад оноогоороо нэгдүгээрт орж, хамгийн өндөр цалинтай ажилд томилогдлоо гэсэн сайхан мэдээг дуулгаж байв. Энэ мэтчилэн сургалтын үр дүнгийн талаар олон жишээ татах боломжтой болсондоо би дотроо ихэд баяртай байгаа гэлээ.

Юутай ч түүний сургалт үр дүнтэй, түвшний хувьд өндөр хэмжээнд очиж, бодож төлөвлөж байсан ойрын болон хэтийн зорилгууд нь эхнээсээ биеллээ олж, батлагдаж байгаад нь дахин дахин талархъя. Ингэж сургалтаараа  дамжуулан хаа ч гологдохгүй мэдлэгийг өгч байгаа нь Оюунцэцэг багшийн бас нэгэн тодотгол. Эндээс их сургуулийн багш нар илүү сайн сурч, анагаах, хууль, инженерийн чиглэлээр сурч байгаа хүмүүс илүү амжилт гаргадаг нь эл багшид ажиглагджээ. Хэдийгээр багш хүний хувьд ийм дүгнэлтэнд хүрсэн ч гэлээ бусад салбарынхныг үгүйсгээгүй, нийтлэг ойлголтын хувьд л энэ юм хэмээсэн. Ийнхүү өндөр боловсрол, өргөн мэдлэг, харилцааны өндөр соёлтой, ухаан бодол шигээ цэлмэг сэтгэлтэй чимээгүй, шаргуу хөдөлмөрч, эгэл даруухан Оюунцэцэг багшийн дотоод ертөнцийн нэгээхэн хэсгээр аялснаа уншигч танаа хүргэхээр зорьсон минь энэ буюу. Тийм ээ, эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байж, түүгээрээ амжилт олно гэдэг юутай сайхан. 

Д.Нэргүй

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх