Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг “Шүд угаах цаг”-тай болно

2023 оны 08-р сарын 31 өдөр, 11 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zasag
Засгийн газрын өчигдөр /2023-08-30/-ийн хуралдаанаар эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжих тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬ БҮР “ШҮД УГААХ ЦАГ”-ТАЙ БОЛНО
Хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Эрүүл шүд” арга хэмжээг хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төслийг танилцуулсан.
Тэрбээр манай улсын хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт сүүлийн 40 жилийн хугацаанд 85 хувиас буураагүй, 12 хүртэлх насныханд тархалт 77 хувьтай байгаа бөгөөд насанд хүрэгчдийн дунд ч өндөр хувьтай байгаа тул Ерөнхий сайд шүд, амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах, 2024 онд “Шүд” төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг өгснийг дурдаад хүн амын амны хөндийн эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах зайлшгүй шаардлагатайг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Манайд шүдний тусламж, үйлчилгээний хүртээмж хангалтгүй. 10 мянган хүн амд ногдох шүдний эмчийн тоогоор бүс нутаг болон дэлхийн дунджаас харьцангуй өндөр ч шүдний эмч нарын  84 хувь нь хувийн шүдний эмнэлэгт, 79 хувь нь Улаанбаатарт төвлөрөн ажилладаг.
ЭМЯ-наас шүд цоорох өвчний урьдчилан сэргийлэлтийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр холбогдох арга хэмжээнүүдийг авч байна. Тухайлбал, 0-18 насны хүүхдийг амны хөндийн эмгэгээс урьдчилан сэргийлэх үзлэгт жилд 1 удаа орох эрх зүйн орчныг бүрдүүлэн, ЭМДҮЗ-ийн энэ оны 6-р сарын 28-ны 08 дугаар тогтоолын дагуу хүүхдийн шүд, амны хөндийн урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг 25,000 төгрөгөөр тооцон ЭМД-ын сангаас санхүүжүүлэхээр болсон. Мөн шүд, амны хөндийн амбулаторийн тусламж үйлчилгээний тарифыг нэмэгдүүлж, нийслэлд 60 мянга, орон нутагт 1.5 дахин их буюу 90,000 төгрөг болгосон нь орон нутгийн иргэдэд амны хөндийн тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй, хүртээмжтэй авахад дэмжлэг болно гэж үзэж байгаа.
Хуралдаанаас 2024-2027 онд хэрэгжих “Эрүүл шүд” арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангах, сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд өдөр бүр “Шүд угаах цаг”-ийг зохион байгуулж, хэвшүүлэх, цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдыг шүдээ угаах цэг бүхий эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлөөр хангах, “Эрүүл шүд” арга хэмжээний хүрээнд шүд амны хөндийн урьдчилан сэргийлэх болон тусламж, үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт тусган зохион байгуулах арга хэмжээ авахыг холбогдох сайдууд болон нийслэл, орон нутгийн удирдлагад үүрэг болголоо.
ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛАХ ЖУРАМТ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ЧУХАЛ
Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй, эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй” гэж, Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлд  Иргэн эрүүл мэндээ хамгаалах асуудлыг үүрэгжүүлж, эрүүл мэндийн боловсрол эзэмших, хэвшүүлэх, амьдрал ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлэх гэж заасны дагуу ЭМЯ-наас иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд онцгой анхаарч үндэсний хэмжээнд төлөвлөгөө хөтөлбөр боловсруулан ажиллах бодлого барьж байгаа юм. Энэ хүрээнд Засгийн газраас Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зарим арга хэмжээний талаар хэлэлцэж шийдвэр гаргалаа.
Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зайлшгүй шаардлагын талаар Эрүүл мэндийн сайд Засгийн газрын хуралдаанд хийсэн танилцуулгадаа ДЭМБ-аас аливаа хүний эрүүл мэндийн байдал, өвчлөх эрсдэлд тухайн хүний амьдралын хэв маяг, дадал зуршил, зан үйлээс 55 хувь, бусад салбарын үйл ажиллагааны үр дагавраас 25, эрүүл мэндийн үйлчилгээнээс 15, удамшлын хүчин зүйлээс 5.0 хувь нь хамаардаг болохыг тогтоосныг онцлоод “Нийгмийг илүү хүртээмжтэй, эрх тэгш, амар амгалан болгоход иргэний эрүүл мэндийн боловсрол нэн чухал үүрэгтэй бөгөөд энэ нь эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэж, нийгмийн өөрчлөлтийг салбар бүрээр хэрэгжүүлэх нь үр дүнтэй болохыг тодорхойлж, салбар бүрт хүн төвтэй, хүнд ээлтэй, эрүүл мэндийг дэмжсэн, эрүүл мэндийг хамгаалах орчин бүрдүүлэхийг чухалчилдаг.
ДЭМБ-аас нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өнөөдөр зарцуулж буй 1 ам.доллар нь ирээдүйд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зарцуулах 5-40 ам.долларыг хэмнэнэ гэж зөвлөдөг.
Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтээс нас барсан насанд хүрсэн 10 хүн тутмын 9 нь зүрх судасны эмгэг, хорт хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний шалтгаантай. Халдварт бус өвчний гол шалтгаан нь зохисгүй хооллолт, архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол бөгөөд 4 хүн тутмын нэг нь хөдөлгөөний хомсдолтой, 2 хүний нэг нь илүүдэл жин, таргалалттай, 3 хүний нэг нь цусны даралт ихсэлттэй, 3 хүний нэг нь архи хэрэглэдэг. Тамхины хэрэглээгээр дэлхийд эхний 10-т орж, 2 эрэгтэйн нэг нь, 10 хүүхэд тутмын 3 нь тамхи татаж байна.
Хүн амд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийг дэмжих,  эрүүл мэндийн боловсрол олгох талаар төрөөс олон талт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн хэдий ч энэ нь зөвхөн эрүүл мэндийн салбараар хязгаарлагдаж, ажил, амьдралдаа эрүүл зөв дадлыг хэвшүүлсэн хүн ердөө 6 орчим хувийг эзэлж буй нь нийт хүн амын эрүүл мэндийн боловсрол туйлын хангалтгүй түвшинд байгааг харуулж байна.
Иймд эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд салбар дундын хамтын ажиллагааг хангах, соён гэгээрүүлэх ажлыг салбар, байгууллага бүр тогтмол, системтэйгээр, оновчтой явуулах механизмыг бүрдүүлэх шаардлагатай байна” гэсэн юм.
Засгийн газрын хуралдаанаар Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээний 2024-2027 оны төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэхийг дэмжиж, энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх, салбар дундын уялдаа холбоог хангахад ЭМЯ БШУЯ, БХЯ, ХНХЯ болон Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо зэрэг байгууллага  хамтран ажиллахыг анхаарууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх