Д.Нямдолгор: Сурна гэдэг миний туйлын хүсэл мөрөөдөл

2023 оны 09-р сарын 04 өдөр, 11 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
372410770_693593512619622_8486409570483695418_n

Манайд 1990-ээд оны сүүлээр борооны дараахь мөөг шиг үүдээ нээж байсан сургалтын төвүүд эдүгээ он цагийн шалгарал, эдийн засгийн хямрал, санхүү менежмент зэргээс  шалтгаалан цөөрсөн. Гэвч энэхүү буухиаг үргэлжлүүлэн итгэл сэтгэлийн жигүүр болж яваа “Боловсрол дуусч дундарашгүй гэгээн үйлс” хэмээн ажил мэргэжлээрээ бахархан, олон зуун хүүхдийг гадаад  хэлний мэдлэгээр аялуулж  яваа  “Нарны илч ээх” ССТ тэргүүн Д.Нямдолгортой ярилцлаа. Тус төв нийгмийн ямар ч үед гал алдалгүй, өөрсдийн чадах бүхий л нөөц бололцоог дайчлан ажил үйлсээ урагшлуулсаар яваа буянтай байгууллага билээ. Хичээл сургалтаа ч хүүхдийн урмыг сэргээж, сэтгэлд нь хүртэл   заахыг туйлаас эрхэмлэдэг учраас ийн  ажил, амьдралаа ухааны цараар сийлж, цаг үеэ мэдэрч ажиллаж ирсэн нь сурагчид, эцэг эхчүүдээсээ талархлын үгсийг сонсоор ирсэн аж. Хамтдаа  урагшилж, хамтдаа хөгжиж яваа тэрбээр аливааг зөөллөж, зөөлөн аргаар удирдахыг ажлынхаа гол чиг шугам, зарчим болгодог хэмээн олон жилийн туршлагаасаа ярилцлагын үеэр бидэнтэй хуваалцсан  юм. Эндээс түүнийг хувь  хүнийхээ болон, эзэмшсэн мэргэжил, хариуцсан ажилдаа өөрийгөө бүрэн олчихсон, маш  бүтээлч  хүн  гэдэгт тун итгэлтэй байна. Тиймээс сэтгүүлч миний бие эл багшийн гэлгэмсүү, өгөөмөр  байж бусдад ихийг  мэдүүлж, сайн  хүн болгохын төлөөх чин зорилго, хүнлэг хүн чанар гээд зөв хүнд байх олон эерэг чанарыг хэдэн хором  ярилцаж суухдаа олж харсандаа бахархах сэтгэл төрсөн юм. Ийнхүү 20 гаруй жил сурган хүмүүжүүлэх үйлсэд хөтлөгдөж, хөглөгдөж яваа мянга мянган багш нарын төлөөлөл, эглийн эгэл багшийн  талаар үзэглэх боломж олдсон минь энэ бөлгөө. 

-Таныг анагаах мэргэжилтэй гэж сонссон. Гэвч ямар хувь тохиолоор “Багш” хэмээх ачит эрдмийн учрыг таниулдаг мэргэжил рүү хөрвөх болов. Тодруулбал, олон аав ээжийн хүүхдэд хэлний мэдлэг түгээж олон зуун өдрийг үдэж  өнгөрөөдөг “багш байна” гэдэг юутай сайхан.  Энэ бидний ярианы эхлэл болой?

-Миний бие анагаах ухааны дунд сургууль дараа нь сувилгаа эмчилгээний арга зүйчийн бакалавр тухайн үеийнхээр Дархан хотын Анагаах ухааны дунд сургуульд  багшилсан. Угаас багшийн мэргэжилд дуртай, хайртай учраас энэхүү мөрөөдөлдөө хөтлөгдөн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн докторант суралцаж байна. Ээж маань ч мөн  багшийн мэргэжлийг шүтдэг  учраас гурван охин нь гурвуулаа багш. Хэдийгээр ээж минь  техникум төгссөн ч гэлээ биднийг эрдэм боловсролтой хүн болгохын төлөө чадлынхаа хэрээр зүтгэсээр хүссэн мэргэжилдээ хүргэж чадсан гайхалтай хөдөлмөрч хүн байлаа. Эцэг эхээс дөрвүүлээ, гэвч харамсалтай нь ХААИС төгссөн ах маань ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Доод талын дүү маань Үндэсний Технилогийн сургуульд Хууль эрх зүйн багш, отгон дүү маань ХААИС-д Англи хэлний багшаар ажиллаж байна. Харин миний хувьд Дарханы АУДуС ( тухай үеийнхээр) “Мөнх ану” дээд сургуульд багшилснаас эхлээд нийтдээ 20 гаруй жил багшилж байгаа. “Бага насны хүүхдийн боловсролын  монголын холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байлаа.  Яагаад ч юм надад ангаахын  мэргэжлээр явах боломж байсан хэдий ч энэ миний амьдралын туршид хийх ажил биш байсан. Учир нь ээж маань намайг олны дунд оруулахын тулд тавдугаар ангиасаа 10 дугаар анги хүртэл Хөдөлмөр зуслан явуулсан байдаг. Эндээс миний олон нийттэй ажиллах зам нээгдсэн ч юм уу  Хүмүүнлэгийн ухааны их сургууль төгссөн жил  аз болж Хятад улсад хоёр гурван жил  суралцах боломж тохиосон. Энэ үеэс хятад хэлийг сонирхож, МУБИС-ийн ханз заах чиглэлээр боловсрол судлалын магистр хамгаалсан.

– Таны амьдрал зам мөр эхнээсээ сурч боловсрох, хийж бүтээх эрэл хүслээр дүүрэн явж иржээ. Иймд “Нарны илч ээх” ССТ -өө хэдийнээс байгуулав?

-Манай “Нарны илч ээх” ССТ албан бус боловсролын чиглэлээр явж байгаа учраас энэ ажлаа улам өргөжүүлж, монголын хүүхэд багачуудын сурч боловсрох, сайн үйлс, гэрэлт ирээдүйд нь хэрэгтэй зүйл хийе гэж бодож байгаа. Гэвч хувийн үйл ажиллагаа явуулахад хүн чанар зайлшгүй нөлөөлдөг юм байна гэдгийг энэ хугацаанд мэдэрч байна. Учир нь би хүн чанар муутай байсан бол 20 жил ялангуяа өнөөдрийн хүнд цаг үед сургалтын төвөө энэ хэмжээнд авч явж чадахгүй, хаалгаа барих байсан. Яагаад ч юм, хэзээний л юмыг болгож бүтээхийн шамддаг хүний хувьд амьдралын боломжгүй байх үеэсээ л БГД-ийн УЗН хамгийн анхны сайн дурын идэвхтэн болж байлаа. Нам эмэгтэйчүүд ахмадын байгууллага гээд анхнаасаа хүний төлөө гэсэн сэтгэлээр маш их олон нийтийн  ажил хийж ирсэн учраас ССТ-ын ажлыг бие дааж явуулах нь надад танил бус орчин  агаад төвөгтэй байгаагүй. Чухам яаж энэ ажлаа яаж доголдолүй авч явахав гэдэг тал дээр жинхэнэ ухаанаа уралдуулж, задарч  эхэлдэг юм билээ. Наад зах нь харилцаа хандлага, хүнийг татах санхүүгээ бүрдүүлэх зэргээр өөрөө хөгжихийн зэрэгцээ ах дүү найз нөхөд, хамаатан садандаа туслах юмсан гэдэг бусдын төлөөх  уян зөөлөн сэтгэл дээр  энэ ажил маань тогтдог. Ялангуяа өнөөдөр шинэ хүмүүс хандах нь ховор, харин хуучин хүмүүс маань буцаад ирэхэд маш их баяртайгаар хүлээж авдаг. Аливаа зүйл хоёр талтай байдаг учраас  юм хийж байгаа хүнд ялангуяа шинээр ирж байгаа хүмүүсийн хувьд  мэр сэр сөрөг хандлага гаргахыг үгүсгэхгүй. Гэвч энэ бүхэнд тухайн үедээ гомддог ч гэлээ аль болох эерэгжүүлж, энергижүүлж, уучлахыг хичээдэг.

-Та юунаас илүү сэтгэл ханамжийг авдаг вэ?

-“Авахаасаа өгөх нь өлзийтэй” гэдэгчлэн өөрт ямар л боломж байна болж л өгвөл хүнд өгөхсөн туслахсан гэж боддог. Тэр нь жижиг томдоо биш сэтгэлээсээ өгсөн инээмсэглэлийг харах маш дуртай. Багш нараа жилдээ нэг удаа хүлээж авч баярлуулдаг, ер нь би сэтгэлээрээ л баян хүн. Ямартаа л  зарим багш нар маань  надад өгөх юу байна гээд шкафыг мань онгойлгоод зогч байхав дээ. Хүнд өгөх юмтай байна гэдэг хамгийн гоё. Эндээс маш их энерги, эрч хүчийг авдаг даа.

– Нээрээ л хүн хаа ч явсан бусдад дэм тустай явах шиг сайхан зүйл үгүй. Нөгөөтэйгүүр таныг бас их спортлог гэж сонссон. Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юү?

-Дардас тоглож, софтволейболоор хичээллэдэг учраас энэ жил спортын хамт олноо багш нар дээрээ  нэмж хүлээж авах бодолтой байгаа. Би  Ахмадуудын гурван зарчим болох  хөгжил хөдөлгөөн, харилцааг баримталдаг. Хөгжлийн хувьд  хүн хэл сурахаар  маш их хөгждөг  гэж нэгэнтээ лекцийн багш маань хэлж байсан удаатай. Тийм учраас алхам тутамдаа шинэ зүйлийг сурах шаардлагатай. Миний хобби сурах, хамт олон дотор байх. Түрээсэлж байгаа хоёр өрөөнд ахмадууд маань ирж ач тустай лекц уншуулах тоглох гэх мэтээр аль болох хүн баярлуулах юмсан л гэж их боддог хүн дээ. Ахмадын байгууллагын ажлаа хүлээлгэж өгөхдөө тайлангаа тавиад сугалаан сугалуулаад гарын бэлгээ өгнө. БЗД-т миний Ахмадын хоёр холбоо байгаа. Тэтгэвэрт гарсныхаа маргаашнаас  Ахмадын байгууллагуудыг хайж эхэлсэн. Өөрөөр хэлбэл одоо миний чадах зүйл юу байна гэж өөрийгөө сорьж,ТББ-аа  ажиллуулна гэж  сэтгэл зүйгээ бэлдсэн хэрэг.  Үүнээсээ аз жаргал, сэтгэл ханамжийг  авдаг. Түүнээс тэтгэвэрт гараад л гиюүрч уйтгарлаад байж болохгүй. Угаасаа багш, эмч хоёр цаанаасаа хүний төлөө гэсэн чин сэтгэлтэй заяагдмал төрдөг хүмүүс. Тиймээс сургалтын төвөөрөө дамжуулан сурагчдынхаа алдаа дутагддлыг таньж мэдэж, эцэг эхээс нь баяр талархлын үгс сонсч байсан үе цөөнгүй. Бүр Ардын багш нарт баярлалаа гэдэг үг бүр ч сэтгэлийг минь  омоггшуулж билээ.

-Сургалтын төвийн нэрээ  “Нарны илч ээх” гэж   ямар утга учрыг бэлгэдэж өгсөн бэ?

-Энэ тухайд бүх зүйл мөнгөн дээр тогтдоггүй шиг  нар шиг цацруулж, нарны  илчээр хүнийг яагаад гийгүүлж болдоггүй юм бэ гэдгийг бодолцож “Нарны илч ээх” нэрээ хайрласан учиртай. Үйл ажиллагаа маань өнөөдрийг хүртэл зогсолтгүй урагш тэмүүлсээр л байна.Нарнаас өглөө болгон алгаа дээш харуулж элчийг нь авахыг хичээдэг.

 -Их ажлын дараахь алжаалаа тайлах буюу хобби, сонирхол тань юу байдаг бол?

-Ном унших дуртай. Тэр дундаа өөр өөр төрлийн ном уншдаг. Хамгийн сүүлд гэхэд “Бүх зүйлийн арга олддог” гэдэг ном уншсан. Харин одоо Баабарын “Нүүдэл суудал”, мөн “Менежер ба сэтгэлгээний гайхамшиг” номыг  уншиж байгаа. Хүний хөгжлийн түүх, Санхүүгийн эрх чөлөөнд яаж хүрэх вэ ,хувь хүний хөгжил номууд үнэхээр гайхалтай. Уншсан номуудаасаа байнга тэмдэглэл хөтөлж, Тухайлбал, “Үйлдэл өөрчөлт амлалт”, Хамгийн жижиг нохой, хамгийн чанга хуцдаг гэх мэт сургамжтай сайхан үгсүүдийг бичиж үлддэг. Тариан түрүү томрох тусмаа бөхийдөг, Хүний тархи хөгжих тусмаа хязгааргүй уудамд сэтгэнэ, таны орлого таны өсч байгаа хэмжээгээр л өсдөг. Тухайн үед  аргалаад байдаг зангаасаа хурдан сал гэх мэт танин мэдэхүйн үгсүүдээс  өөртөө ухаарал авдаг. Хүн нэг ажил барьж авбал түүнийгээ хийсэн шиг хий гэдэг  шиг би нэг зүйл бариад авбал заавал ард нь гарч санаа нь амардаг.

– Хүн эхийн ачийг харилуж бардаггүй гэдэг. Таны хувьд?

-Энэ тал дээр хүмүүс янз бүрийн л бодолтой байдаг байх. Миний хувьд ээжийгээ  амьд сэрүүн байхад  миний  ээж намайг ямар сайхан  хүний нүдэнд дулаахан  төрүүлсэн юм бэ  ээждээ баярлалаа гэж хэлж байсан. Мөн  ээждээ дандаа цүнх, үзэгдээгүй ховор нандин чихэр авч өгдөг байлаа. Тийм учраас хүн ээжийгээ дандаа  баярлуулж явах хэрэгтэй. Залуу байхдаа хоёр хүүдээ ээж нь яах  вэ эмээгээ л сайн бод, хайрла чадал хүрсэн бүхнээ өг, тусал гэж захидаг байлаа. Ээжийнхээ захиасыг биелүүлж хоёр хүү маань эмээгээ хөдөө агаарт их авч явдаг байсан. Одоо энэ буян одоо над дээр  ирж хоёр хүү маань ажлыг маань ойлгож тусалж дэмжээд явж байгаа. Ориг ном хүртэл комоор нь авч өгч байх жишээтэй.

-Тийм ээ, амжилттай яваа хүний ар талыг сайн хань, үр хүүхэдгүйгээр төсөөлөхийн аргагүй?

-Би атаархал хов 2 оос айдаг. Багаасаа аав ээжийнхээ замналаар хүмүүжиж, ухаажсан  хоёр хүү маань сайн сайхан явцгааж байгаа. Том хүүгийн нэрийг лам, бага хүүгийн маань нэрийг эмээ нь  өгсөн.  Хань ижлийнхээ хийморь лундааг нь доройтуулахгүй, хатан ухаанаар  хайрлаж өрх гэр, амьдралаа бүтнээр нь авч явах ёстой. Нэрт яруу найрагч О.Дашбалбарын амьддаа бие биесээ хайрла гэж хэлсэн шиг амьддаа л аав ээж, хань ижил, ах дүү, найз нөхдөө хайрлах нь хамгийн чухал. Дээр нь хүлээцтэй тэвчээртэй, ухаантай байх хэрэгтэй. Хүүхдүүддээ дуучин бөх, хоёр л хорвоод хоолтойгоо ирсэн. Бусад нь ажиллаж хөдөлмөрлөж л амьдарна гэж хэлдэг.

-Таны дотоод ертөнцөө сонсч, өөрийгөө таньж мэдэх боломж олгосон зүйл юу байдаг вэ?

-Маш сайхан асуулт байна. Дотоод ертөнц гэдэг дээр алсдаа хүн чанар байхгүй болчихвий гэдэгт их эмзэглэдэг. 40-өөс дээш насныханы унаган хүмүүжил  өөр. Жишээ нь манай багш нар хичээлээсээ хоцрохгүй, хичээлээ чин сэтгэлээсээ заадаг. Хичээл заахад багш 48 % сэтгэл гаргах гэж уншиж байсан энэ үнэн үг. Ажил хийж байгаа газар алдаа оноо байдаг учраас  залуучуудыг шүүмжлэх үедээ шүүмжилсэн ч гэсэн хамтдаа хөтлөлцөөд л хөгжих ёстой. Харилцан бидэнд чадах, чадахгүй зүйлүүд байгаа. Гэвч хүн өөрийнхөө болон бусад хүүхдүүдэд хичээл зааж байх үедээ ухаарал хайрласан үгсийг хэлж баймаар санагддаг юм. Ямар хүмүүжилтэй хүүхэд, эцэг эх нь ямар хүмүүс  вэ гэдэг нь аяндаа л ярьж хэлж байгаагаасаа багшид мэдрэгддэг. Харин хичээлээ таслаад яваа байгаа хүүхдүүдийг ээж аав чинь мөнгө олох гэж зовж байгаа, мөнгөө битгий дэмий зүйлд үр, аав ээжийгээ хайрла, хамгаал гэж багш хүний хувьд хүмүүжлийн талын ухагдахуунуудыг ярианы далимд хэлэхийг хүсдэг. Мөн хичээл зааж байхад хүүхэд эвшээхээр  маш их санаа зовдог. Ийм үед аль болох хөгжилтэй хөөртэй зүйл ярьж, ярианы сэдвээ өөрчлөхийг эрмэлздэг. Эсрэгээрээ хүүхэд хичээл ойлгоод нүд нь гялалзахаар маш их баярладаг даа.Тийм учраас багш хүний мэдрэмжээр хүүхдүүдийг маш сайн ажиглаж, аль болох үр дүнтэй цагийг өнгөрөөхийг зорьдог. Манай сургалтанд нэг нь нөгөөгөөсөө сонсоод л хүүхдээ хөтлөөд ирдэг. Хамгийн гол нь бидний хийж буй ажил бодит, хөрсөн дээрээ бууж байх ёстой. Нөгөө талаас өөрт байхгүй зүйлд шунах биш, байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай өөдрөг байх хэрэгтэй. Түүнээс бусдад атаархаад байхгүйгээ үгүйлээд шаналаад суух нь утгагүй.

354199155_569293082059202_1902765596574301538_n

-Манайхан хүнийг хувцсаар нь угтана гээд л ярьцгаадаг. Иймд таны гол гангараа юу вэ?

– Би залуу байхаасаа л нэг их мода загвар хөөгөөд байдаггүй ээ. Ер нь хувцас  үнэтэйдээ биш, донжийг олсон өнгөний зохицолтой, өөртөө тохирсон, цэвэрхэн хувцаслалт л чимэг болдог. Гоёл чимэг зүүлтээ ч хувцасныхаа өнгөнд тохируулах гээд ерөнхийдөө би  өнгөний зохицлыг эрхэмлэдэг хүн. Гадаад үзэмж 30 хувь гэдэг шүү дээ.

-Хэлэх дуртай үг тань?

-“Уйгагуй хүн уул нүхлэнэ, ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэдэг үгийг байнга санаж явдаг. Аливаад эрсдэлээ үүрэх чадалтай байх ёстой. Миний хувьд боломжийг шүүрэх дуртай. Миний ширээн дээр байгаа боломж чамд байхгүй, чиний ширээн дээр байгаа боломж надад байхгүй гэдэг үгэнд маш итгэдэг. Хүний хэлснийг маш хурдан хэрэгжүүлдэг.Залуу байхад мөн ч сайхан боломжуудыг алдсан даа. Гадаад хэлийг ч мөн адил өөртөө итгэлтэй, суръя гэсэн зорилготой ирвэл маш хурдан сураад гардаг.

-Сүүлчийн асуултыг танд нээлттэйгээр үлдээе?

– Би их цагаан цайлган  хүнд тусархуу хүн л дээ. Тухайн үед тусалчихаад  л мартдаг. Гэтэл  олон жилийндараа найз нөхдөөс минь эхлээд  чи, зарим нь, та  тэр үед тэгж, ингэж тусалж билээ гэж сануулдаг юм. Эндээс гоё мэдрэмж төрдөг. Магадгүй зарим үед  болох зүйл дээр учраа ололгүй хүнд тусалж чадахгүй гаргах тохиолдол бий. Дараа нь үүндээ гэмшиж л суудаг юм. бас ямар нэг арга хэмжээн дээр үг  хэлсний дараа ч дутуу дулимаг зүйлүүд ажиглагдаж л байдаг, тийм учраас сайхан үгсийн эвлүүлгээр тэмдэглэл хөтлөөд явж байна. Энэ хүрээнд 12 удаа хуралд суусны дараа үг хэлэхэд өөрийгөө бэлтгэж байгаа. Тодруулбал, хүмүүс ямар хандлагатай байдаг юм байна гэдэг тал дээр оновчтой үгийн сонголт дээрээ бас суралцаж байна. Үг хэлсэн бичлэгүүдээ сонсч харж дүгнэлт хийдэг болоод байгаа. Энэ мэтээр насан туршдаа суралцдаг юм байна. Би зөөлөн аргаар хүн удирддаг. Ханьтайгаа ч хүүхдүүдтэйгээ ч эелдэг зөөлөн харьцаж, амьдралд зөөлөн аргаар хандаж ирсэн.

Д.Нэргүй

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. нямдолгор
     (103.161.24.***)
    2023/09/06 09:58

    Баярлалаа сайхан бичжээ.Зохиолч Д.Нэргүйдээ амжилт хүсье! Үзэг нь хурц байг

    (0) (0)