Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк 850 малчинд 2 тэрбум 607.6 сая төгрөгийн зээлийг 10 хувийн хүүтэй олгосон талаар Монголбанк мэдээлжээ. Энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн уг хөтөлбөрт хамрагдахаар нийт 1803 малчин 5 тэрбум 565.2 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлснээс хүсэлтүүдийг нягтлан 850 малчинд зээл олгосон байна. 10 хувийн хүүтэй зээл авах хүсэлтэй малчид Эрүүл мэнд, Нийгмийн даатгал төлдөг байх, малаа тарилга, туулга, вакцинжуулалтад бүрэн хамруулсан байх, “Малчин данс”-аа байнга ашигладаг байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой аж.