Санжийн Пүрэв зохиолчийн шинэ номуудыг худалдан авч, хандивын аянд нэгдээрэй

2016 оны 04-р сарын 04 өдөр, 16 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

“Санжийн Пүрэв зохиолчдоо туслая” хандивын аяныг улам эрчимжүүлье  хэмээн Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Дан.Нямаа, МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн шагналт, зохиолч Д.Энхболд нар хэвлэлд хандлаа. Үргэлжилсэн үгийн нэрт мастер, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Санжийн Пүрэв хүнд өвчин тусч, биеийн байдал нь сайнгүй байгаа. БНХАУ-д эмчлүүлэх болсон тул  энэ сарын 10-нд Бээжинг зорихоор  билетээ авсан. Тиймээс түүнд туслахыг хүсч буй  хүмүүс энэ хугацаанд амжиж  хайр энэрэлийн халуун гараа сунгаарай гэдэг үүднээс зохиолч нөхөд ийнхүү мэдээлэл түгээж буйгаа онцлов. Нөгөөтэйгүүр, түүний зохиол бүтээлд шмтэн дурлагч фенүүд, утга зохиолд элэгтэй монголчууддаа С.Пүрэв зохиолчийн “Хээр талд адуу янцгаана”, “Бороотой зуны нүүдэл” шинэ номууд нь хэвлэлтээс дөнгөж гараад буйг дуулгаж, ном худалдан авах аянд идэвхтэй оролцохыг нийслэлчүүддээ  уриаллаа. МЗЭ-ийн хөдөө орон нутаг дахь  салбар зөвлөлүүд, уран зохиолын хорхойтнууд, хөдөөгийн уншигчид уг аянд идэвхтэй нэгдсэн байна. Мөн зохиолчийн унаган хамт олон болох Монголын радиогийн уран бүтээлчид түүнчлэн үзэг нэгт нөхөд, сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн  аянд нэгдсэнийг  Дан.Нямаа найрагч хэлээд  “Уран бүтээлч гэдэг нас нь явлаа ч зохиол бүтээлээ туурвисаар  байдаг. Нас сүүдэр 70 хүрч байгаа ч цаашид урлан туурвих ид насандаа байна. Шинэ туужууд, эхлүүлээд байгаа роман гээд яривал зөндөө бүтээл байна. Уран бүтээлчээ аваръя. Хүнд өвчнөөс  нь салгая” гэлээ. Зохиолчид туслах хандивын  аяныг анх санаачилж,  эхлүүлсэн МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн шагналт, зохиолч Д.Энхболд “Хандив аян зарлах санааг С.Пүрэв зохиолчид  анх хэлэхэд зөвшөөрөөгүй. Гэсэн ч эмчлүүлж чадахгүй бие нь улам муудсаар байсан тул би бараг дур мэдэн цахим хуудсаар зарласныг  олон түмэн дэмжлээ. С.Пүрэв баавай маань олонтой хүн. Дээр нь гадаадад суугаа монголчууд, АНУ-ын Чикаго мужид амьдардаг яруу найрагч Х.Тэргэл, яруу найрагч Б.Пүрэвсүрэн тэргүүтэй хүмүүс аяныг идэвхтэй өрнүүлж тус дэм боллоо. ОХУ-ын Москвад амьдардаг монголчууд, орчуулагч О.Чинбаяр аяныг сайн зохион байгуулж байгаа,  түүнчлэн Өвөрмонголд байгаа  элэг нэгт сайн санаат нөхөд  олон ажил  өрнүүлж байгаа  мэдээ ирүүллээ. Дээр нь ном худалдаж авах аяныг АНУ-ын олон хотод зохион байгуулсан зохиолч, уран бүтээлчид, анд нөхөд, эрхэм дүү нартаа зохиолчийнхоо гэр бүлийн өмнөөс баярласнаа илэрхийлье. Мөн Монголд энэ аяныг идэвхтэй өрнүүлсэн хүмүүс,  зохиолч Б.Шүүдэрцэцэг дүүдээ баярлалаа. Ном борлуулах ажлыг гардан гүйцэтгэж буй алтайчууд, Говь-Алтай нутгийнхан, утга зохиолд хайртай бүх уншигчиддаа баярлалаа” гэв. Эрхэм таныг С.Пүрэв зохиолчийн хэвлэлтээс дөнгөж гараад буй “Хээр талд адуу янцгаана”, “Бороотой зуны нүүдэл” номыг МЗЭ-ийн хороо, зохиолчийн хүүхдүүдээс  худалдан авч номын буянд нэгдэхийг хүсье. Халуун сэтгэлийн хандив өргөх бол ХААН банкны 5034402911, Төрийн банкны 103200150992 тоот дансаар харилцана уу. Зохиолчийн гэр бүл, хүүхдүүдтэй холбоо барих утас : 96366056, 99040249

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх