Улаан тамгатай будаатай аяга, Орос гантелын луйвар

2016 оны 05-р сарын 03 өдөр, 15 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Дэлхийн улс орнуудын хуучин бараа хадгалах газар манай орон болон хувирсан бололтой. Манай улсын иргэд энд тэндхийн хог цуглуулж түүнийгээ хаяна гэж үгүй учраас ховордсон зүйл алдагдсан патентаа хуучин бүтээгдэхүүнээсээ олж авахаар эрэл хийхэд тэр нь ганц манайд байдаг бололтой. Гар утас, хуучин япон машин , дээр үеийн орос индүү, плитка гээд технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхдаг ч гэлээ хуучин бараагаа хаяж сураагүй монгол занг яалтай билээ.

Сүүлийн үед сошиал ертөнцөөр дээр үеийн хятадын улаан тамгатай аяга болон ЗХУ-ын үед хэрэглэгдэж байсан гантелыг өндөр үнээр худалдаж авна гэх зарууд олонтаа харагдах боллоо. Айл болгон авдар саваа уххад энэ хоёрын нэг нь гарч ирж байгаа нь гайхалтай шүү. Тийм ч утгаараа бид энэ зальжин нөхдийн өгөөш болж байгаа байх.

Гэхдээ өнөөдрийг хүртэл энэ хоёр зүйлийг худалдаж авна гэх зар хөврөх хэдий ч хэн ч тэр яриад байгаа өндөр үнээр нь зарж чадаагүйг дуулгамаар байна. Энэ хоосон цуурхал нь Хятадад нэг хэсэг дэлгэрч байсан мөнгөтэй болох зальжин арга юм.

Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө Хятадад санаа нийлсэн хэдэн нөхөд “улаан тамгатай аяга”ыг өндөр үнээр авна хэмээн зарлаж хэсэг нийгэм даяар сенсаци дэгдээж маш олон хүнээс тэрхүү аягыг хэлсэн үнэндээ авсан байна. Гэтэл тэрхүү этгээдүүдийн хэрэгжүүлж буй зальжин аргад автсан иргэд тэр аягыг өндөр үнээр авдаг юм байна гэж сэтгээд ойр хавийнхаа айлуудаас улаан тамгатай аяга цуглуулж толгойтой бүр тэрхүү аяганы эрэлд гарчээ. Аяга ховордох тусам түүнийг худалдаж авах үнэ нийгэмд автоматаар өсөж эхэлжээ. Харин энэхүү шуугианаар ажиллагааг эхлүүлсэн нөхдүүд эхэлж авсан аягаа улам өндөр үнээр зарж эхлүүлсэн ажлынхаа үр шимийг хүртжээ. Ингээд л сенсаци тасрахгүй хэрнээ аягаа зарж мөнгөтэй болсон хүн байдаггүй гэдэг.

Тодруулбал “Ийм аяга нь дан цэнхэр тамгатай, made in china гэсэн байдаг. Харин энэ зураг нь дээр байгаа улаан тамгатай будаатай аяганы ханз нь хуучны ханз бөгөөд Чяньлун (Тэнгэр тэтгэгч) гэх нэртэй 1735-1796 онд төр барьж байсан Чин улсын зургаадугаар хааны тамга юм. Үүнээс үзэхэд одоогоос200 орчим жилийн өмнө байсан будаатай аяга үнэ хүрэх нь тодорхой” гэсэн цуурхал аль хэдийнэ газар авчээ.

Яг энэ ажиллагаа өнөөдөр манай улсад газар авч байна. Улаан тамгатай аяга болон Орос гантель өндөр үнээр худалдаж авна гэх зар хөвөрч байна. Энэ шуугианаар мөнгөтэй нөхдүүд нь зарах хүнээ ч олоогүй байж баахан аяга, гантель цуглуулж орхижээ.Амьдрал тааруу болон түүнийг хэрэглэхгүй айлуудаас нь нэг зуун мянгаас гурван зуун мянган төгрөгөөр худалдаж аваад зарах хүнээ олохгүй будилж явна. Анхлан энэхүү цуурхлыг мөн л нөгөө Хятадууд гаргаж орхижээ. Мэдээж эхний ээлжид хэдэн ширхгийг худалдан аваад үлдсэн хэсэгт нь дээрх аргыг хэрэглэж мөнгөтэй болж байна.Монголчууд бид яахаараа ингээд зүгээр суугаад мөнгө олдоно гэсэн сэтгэхүйгээсээ гарч чаддаггүй юм болоо.

аяга 1

Өнөөдрийн байдлаар нийгэмд тэр Орос гантель нь тав хүртэлх сая төгрөгийн ханштай гээд цуурхал тарсан байна. Бас болоогүй дотроо улаан мөнгөн устай мөн цагаан алттай гэж үлгэр яриад явах юм. Цагаан алттай гантель нь тавин сая төгрөг гэнээ. Яалаа гэж Орос ах нар тэр хар төмөр дотор цагаан алтаа нууж байхав дээ. Тэгээд одоо тэр төмөр дотроо цагаан алт, улаан мөнгөн ус хоёр нуусныг нь Хятадууд олж мэдээд авч байгаа юм гэнэ. Жинхэнэ үлгэр. Зүгээр дам яриагаар амьдарч мөнгөө дэмий зүйлд үрж сенсациар богино хугацаанд их мөнгө олох гэж бүтэхгүй зүйлд цагаа зарцуулах нь дэмий хэрэг шүү залуусаа.

гантель

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх