Балтын орнуудыг 60 цагт эзэлнэ гэсэн таамагт Оросын Жанжин штаб гомдолтой байна

2016 оны 06-р сарын 14 өдөр, 15 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

“Орос улс 60 цагийн дотор НАТО-гийн армийг бут цохиж, Балтын орнуудыг эзэлж чадна” гэж Америкийн Батлан хамгаалахын Дэд сайд Майкл Карпентер мэдэгдлээ. Тэрбээр тус яамны Орос, Украин, Евразийн асуудал эрхэлсэн дэд сайд бөгөөд энэ мэдэгдлээ АНУ-ын “The Weekly Standard” сонинд ярилцлага өгөхдөө хийжээ.

“ОХУ-ын арми цаг хугацаа, орон зайн хувьд давуу байдалд байгаа. Оросууд 60 цагийн дотор Эстон, Латвийн нийслэлд хүрчихнэ. Иймээс бид одоо нөхцөл байдлыг өөрчлөхөөр ажиллаж байна. Оросын аюул, түрэмгийллээс сэргийлэхийн тулд манай цэргийн анги нэгтгэл, байлдааны техникээ шилжүүлэн байрлуулах ёстой” гэж Америкийн БХ-ын Дэд сайд  Карпентер ярьжээ. Дашрамд дурдахад, Америк өөрийн танк, их буу, онгоцуудаа аль хэдийн Балтын орнуудад байрлуулсан, түүнчлэн НАТО саяхан цэргийн 4 ангиа Польшид авч ирж байршуулсан билээ.Пентагон энэ бүх тооцоогоо “RAND” судалгааны байгууллагаас авчээ. “RAND” хэмээх Америкийн стратегийн судалгааны төв бол улсынхаа үндэсний аюулгүй байдлын асуудлаар дагнан судалгаа, шинжилгээ явуулдаг аж. Тус байгууллагад мэргэжлийн  маш олон тагнуулч, туршуул арилжааны журмаар ажилладаг гэнэ.

Харин Оросын Зэвсэгт хүчний Жанжин штаб тэдэнд хариу өгөхдөө “Шал дэмий юмаар “занималдаж” байхын, энэ “RAND”. Бид яах гэж Балтын орнууд руу давших юм бэ? Шпротын төлөө юү? Эсвэл Зөвлөлтийн үе шиг тэдгээр Балтын орнуудад үйлдвэр завод барьж өгөхийн төлөө юу? Тэд өмнө нь Европын холбоо, НАТО-д элсэхдээ бүхнийг хааж, устгаж сүйтгэснээ дахин давтаг гэж үү?” хэмээжээ. Оросын цэргийнхэн “Үнэн хэрэгтээ, тэдний тооцоо биднийг гомдоож байна шүү. Зөвхөн онолын хувьд авч үзвэл, хэрэв ийм дайн боллоо гэж таамаглавал Балтын орнуудыг эзлэхэд бидэнд ердөө ганц цаг л хангалттай” гэж ам бардам мэдэгдлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх