Ойрын өдрүүдэд хүүхэд төдийгүй том хүний гэдэс эвгүйрхэх тохиолдол элбэг болж байна. Нэгэн бүсгүйн хүүхдийн гэдэс ямар ч зовиургүй хэрнээ нилээд хэдэн өдөр шингэн алдаж гүйлгэж эхлэсэн байна. Тийм учраас өрхийнхөө эмчид үзүүлээд эм бичүүлэн авч гэрийнхээ ойролцоох аптекаас эмээ авчээ. Шинээр гарч ирж байгаа эм гээд “Pro Bio vision acute” эмийг зааврын дагуу өдөрт 2-ыг уугаарай хэмээн өрхийн эмч нь бичиж өгчээ. Нөгөөх эмээ авч зааврын дагуу уулгаж, дараагийн өдөр нь ахиад 2 эмийг уулгах гээд эмээ задалтал доторх нь хов хоосон байж. Гайхсандаа ахиад үлдсэнийг нь задалтал бас л адил байв.Эм авсан аптек руугаа буцаж очоод үнэн байдлаа хэлжээ. Учир нь дотроо 6 ширхэг байх энэ эм өөрөө 14000 төгрөгийн үнэтэй учраас зүгээр орхиход дэндүү үнэтэй юм.
Гэтэл аптекийн хүн эмийг сольж өгөх боломжгүй гэжээ. Учир нь тэд өөрсдөө оруулж ирдэг эм биш Моносоос нийлүүлдэг учраас хариуцлагыг нь Монос үүрэх ёстой гэв. Хүүхэд өвдөж байсан учраас цаг алдахыг хүссэнгүй. Нөгөө эмнээсээ ахиад авъя гэтэл тэр хайрцаганд байсан эм мөн адил хов хоосон байж. Ер нь шахмал эм дотроо хоосон байдаг тохиолдол олон бий. Ингээд аптекийн хүн Монос руу залгаж болсон явдлыг тайлбарлаж, бүсгүйн авсан эмийг сольж өгөхийг хүсэв. Гэтэл Монос хариуд нь эм нийлүүлдэг гадны компани руугаа мэдэгдээд, шалгуулаад хариу өгье гэжээ.
Энэ тохиолдолд хэн хохирч үлдэх ёстой юм бэ? Өвчиндөө шаналаад мөнгөө өгөөд эм авсан хүн хоосон эм авчаад хэрүүл зарга хийгээд явах нь хэр олон бол. Бид нар дэлгүүрээс будаа, гурил хүнсний зүйл авахдаа грамм даа хүрэхгүй эсвэл дутуу ширхэгтэй байвал солиулаад авдаг. Гэтэл хоосон савалгаатай эм мөнгийг нь төлж авчаад, түүнийгээ буцаах эрх яагаад байдаггүй юм бэ? УИХ-ын гишүүн асан Эрдэнэчимэгээр овоглодог Монос гэх маш олон салбар аптектай, эм худалдаалах салбарт монополи болсон энэ байгууллага ганцхан ашиг олох тал дээр анхаарахаас гадна. Иргэдийн хохирлыг барагдуулах тал дээр ч бас анхаарлаа хандуулж байгаасай.