Хуулиудын төсөл өргөн мэдүүлэв

2016 оны 12-р сарын 27 өдөр, 18 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслүүдийг тус тус өргөн мэдүүллээ.

Одоо мөрдөж байгаа гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг улам боловсронгуй болгож, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг  шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, удирдлага зохицуулалт, бодлогын зөвлөмжөөр хангах, гамшгийн эрсдэлийг бууруулахад холбогдох талуудын оролцоо, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,  төрийн хүлээх чиг үүрэг, гамшгийн улмаас учирч буй санхүүгийн нөлөөллийг багасгах, гамшгийн эрсдэлийг хуваалцах, шилжүүлэх, даатгах, олон нийтэд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах чиг хандлагыг хөгжүүлэх зэрэг эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлага үүссэн байна. Иймд:

  • Тулгараад байгаа нөхцөл байдал, олон улсын чиг хандлагад нийцүүлэн гамшгаас хамгаалах эрх зүйн орчинг сайжруулах,
  • Монгол Улсын Их Хурлын 2011 оны 22 дугаар тогтоолоор баталсан “Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого”-ын үндсэн чиглэлийн 2.3-т заасан “Гамшгийн нэр томьёоны тодорхойлолт, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын гамшгаас хамгаалах чиг үүрэг, тогтолцоо, гамшгийн эрсдэл хуваалцах даатгал, гамшгийн үед үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно” гэсэн заалтыг хэрэгжүүлэх,
  • Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тогтолцоо, бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг, албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс”, 2016 онд батлагдсан Батлан хамгаалахын багц хуулиудтай нийцүүлэх,
  • Дэлхийн улс орнуудын удирдагчид, шийдвэр гаргагчдын хамтран хэлэлцэж баталсан Дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээ, Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээний баримт бичиг, эдгээр баримт бичгүүдэд заасан улс орнуудад өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, онцгой байдлын байгууллага, гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоо, зохион байгуулалт, эрх, үүрэгтэй  холбогдсон харилцааг зохицуулах зорилт бүхий хуулийн төсөл 11 бүлэг, 54 зүйлтэй.

Мөн сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэл, журмыг тодорхой болгож, улс төрийн хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх зохицуулалт бүхий Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, хуульд заасны дагуу Улсын Их Хурлаас томилогддог албан тушаалтан, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргад сахилгын, улс төрийн, ёс суртахууны хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхойлохыг төсөлд тусгажээ.

Сахилгын хариуцлагыг хууль тогтоомж, тангараг, ёс зүйн дүрэм зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан оногдуулахаар тусгасан байна. Улс төрийн хариуцлагын тухайд Үндсэн хууль, хууль, ёс зүйн дүрэм зөрчсөн албан тушаалтныг албан тушаалаас огцруулах буюу эргүүлэн татаж, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг 2 эсхүл 4 жилийн хугацаатайгаар хязгаарлахаар тусгасан болохыг Улсын Их Хурлын даргад танилцуулав.

Албан тушаалтан өөрийн санаачилгаар гэм буруугаа ухамсарлах, хариуцлагаа сайн дураар хүлээх улс төрийн соёлыг Монгол Улсад төлөвшүүлэх үүднээс ёс суртахууны хариуцлагыг хариуцлагын төрөл болгон зааж өгсөн бөгөөд  хэрэв албан тушаалтан ёс суртахууны хариуцлага хүлээсэн бол улс төрийн хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заажээ. Хуулийн төсөл батлагдсанаар сонгуульт болон томилгоот төрийн өндөр албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах үндэслэл, журам, хүлээлгэх хариуцлагын төрөл тодорхой болж, албан тушаалтан өөрөө улс төрийн хариуцлага хүлээх соёл төлөвших нөхцөл бүрдэнэ хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.

Ээлжит сонгуулийн үр дүнд төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, удирдах албан тушаалтан өөрчлөгдсөн зэрэг улс төрийн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр төрийн албаны томилгоо, мэргэшсэн, тогтвортой байдал алдагдаж залгамж чанар муутай хариуцлагагүй байдал үргэлжилсээр байгаа. Түүнчлэн хариуцлагатай албан тушаалд хуулийн шаардлага хангаагүй иргэн тохиолдлын журмаар төрийн удирдах албан тушаалд томилогддог нь мэдлэг, туршлага, ур чадвартай, мэргэшсэн албан хаагчдын шатлан дэвших боломжийг хангаж чадахгүйд хүрч байгааг үндэслэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Төсөл батлагдсанаар төрийн албанд анх орох иргэд, төрийн албанд ажиллаж байгаа албан хаагчид мэдлэг, ур чадвараараа шударга өрсөлдөж томилогддог, мэргэшсэн, туршлагатай, чадварлаг төрийн албыг бүрдүүлэх боломж бий хэмээн үзсэн байна. Хуулийн төсөл нийт 6 зүйлтэй бөгөөд холбогдох найман хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хамтад нь боловсруулснаа Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Улсын Их Хурлын даргад танилцуулав.

Мөн иргэний төрийн үйл хэрэгт оролцох, улс төрийн эрхүүдийг хэрэгжүүлэх боломжийг хангах зорилго бүхий Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Иргэдээс хууль тогтоомжийн тухай саналаа хууль санаачлагчид хэрхэн уламжлах, Улсын Их Хурлын болон өөрийн орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд асуудал оруулах, иргэд тодорхой тооны гарын үсэг зурж нэгдэн, хуульд заасан шаардлага хангасан тохиолдолд ард нийтийн болон орон нутгийн түвшинд санал асуулга явуулах нарийн тодорхойлсон механизмыг бүрдүүлэх зохицуулалтыг тус хуулийн төсөлд тусгасан байна. Нөгөө талаар энэхүү боломжийг урвуулан ашиглахаас сэргийлэх зорилгоор нарийвчилсан зохицуулалтууд буюу мэдээллийн хүртээмжтэй ба бодитой байдал, үйл ажиллагаа, санхүүгийн ил тод, хяналттай байдал болон иргэд өөрсдөө асуудалд шүүн тунгааж оролцож болохуйц цаг хугацааны боломжит нөхцөл, иргэдээс санал асуулга явуулахаар санаачлах хүрээ хязгаар механизмуудыг тусгажээ.

Тус хуулийн төслийн хэлэлцүүлгийг 21 аймаг, орон нутгийн болон хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудыг оролцуулан нийт 31 удаа явуулахад 1700 орчим хүн оролцсон талаар төслийн танилцуулгад дурдсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх