“Лалын улс” бүлэглэл дэлхийн өвийн жагсаалтад багтдаг Сирийн Пальмира хотыг 2015 оны тавдугаар сард эзлэн авч жил хүрэхгүй хугацаанд Пальмира хот дахь алдарт “Ялалтын хаалга”, баганууд болон олон тооны эртний хөшөө дурсгалуудыг нураан сүйтгээд зогсохгүй хотоос олдсон эртний дурсгалт зүйлсийг худалдсан тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл Сирийн Пальмира хот болон түүх соёлын дурсгалт бусад байгууламжуудыг сэргээн босгох, хамгаалах асуудлаар ОХУ-ын санаачилсан тогтоолыг ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөл баталсан байна. Пальмира хотыг чөлөөлөх цэргийн ажиллагааны төлөвлөгөөг ОХУ-ын цэргийн зөвлөхүүдтэй хамтран гаргасан гэж тус улсын Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, дэслэгч генерал Сергей Рудской гуравдугаар сарын 31-нд мэдэгдээд “ОХУ-ын Агаарын цэргийн хүчин Сирийн цэргүүдэд дэмжлэг үзүүлж, “Лалын улс” бүлэглэлийн байрлалд 2000 гаруй удаа цохилт өгснөөс гадна Оросын тусгай хүчнийхэн Пальмира хотыг чөлөөлөх ажиллагаанд оролцсон” хэмээсэн байна.