Монголын Засгийн газрын эрчимтэй өсөж байгаа зардлыг тогтоон барих арга хэмжээ авах хэрэгтэйг Дэлхийн банкнаас гаргасан тайландаа сануулав. Зардал нэмэгдэж, орлого хомсдож байгаагийн улмаас Монголын төсвийн алдагдал эрчимтэй өссөөр байна. Энэ оны эхний гурван сарын байдлаарх Монголын төсвийн алдагдал нь жилийн нийт алдагдлын гуравны хоёрт хүрсэн байна гэж Монголын эдийн засгийн тайланд дурджээ. Энэ оны эхний гурван сарын төсвийн орлогыг өнгөрсөн оны мөн саруудынхтай харьцуулахад 11 хувиар буурсан нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлого буурсан, эдийн засгийн идэвхжил суларсантай холбоотой юм. Үүний зэрэгцээ энэ оны нэгдүгээр улирлын хөрөнгийн зарцуулалтыг өнгөрсөн оны мөн хугацааныхтай харьцуулахад хоёр дахин нэмэгдэж, нийт зардал 25 хувиар өсчээ. Мөн “Оюутолгой” ордын далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт орж ирснээр энэ оны хоёрдугаар хагаст импортын татвар алгуур нэмэгдэх хэдий ч хэрвээ түүхий эдийн үнэ ханш ойрын ирээдүйд нэмэгдэхгүй бол орлогын бүрдүүлэлт өмнө нь төсөвлөж байснаас бага байх болно гэж тайланд дурдсан байна. Харин орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг Засгийн газар руу шилжүүлснийг сайшаагаад, уг хөтөлбөрийн зардлыг улсын төсөвт суулгахыг тайлангийн тусгай хэсэгт зөвлөжээ.