Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадралын Б/443 тоот тушаалаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчаар дэд хурандаа С.Пүрэвсамданг, тус газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн даргаар хошууч Б.Анхбаяр нарыг томилсон байна. С.Пүрэвсамдан нь ОХУ-ын Иргэний хамгаалалтын академийг Цэргийн удирдлагын магистраар төгсөж ирсэн даруйдаа, ийнхүү Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын даргаар томилогдлоо.
Дэд хурандаа С.Пүрэвсамдан нь БХИС-ийг Инженерийн цэргийн команд тактикийн офицер, зам гүүрний барилгын машин механизмын инженер мэргэжлээр төгссөн. Төрийн удирдлагын магистр, Зэвсэгт хүчний 256 дугаар ангид салаан захирагч, 122 дугаар ангид салбарын захирагч, Гамшгаас хамгаалах тусгай ангид инженерийн бэлтгэлийн багш, Аврах тусгай ангид штабын орлогч, ахлах мэргэжилтэн, Бэлэн байдал хариуцсан мэргэжилтэн, Говь-Алтай аймгийн ОБХ-ийн дарга хийж байсан ажлын туршлагатай нэгэн ажээ. Ийнхүү ажил албан үүрэгтээ хайнга хандсан тус аймгийн ОБГ-ын дарга хурандаа Ц.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.