Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэдээ уриалж “Ковид-19”-ийн эсрэг вакцин хийлгэснээр үе шаттай вакцинжуулалт албан ёсоор эхэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг хүргэж байна.
Элэг нэгт монгол ахан дүүс ээ.
Өнөөдөр 2021 оны 02 дугаар сарын 23. Шинэ Засгийн газар бүрдэж ажилдаа ороод 25 хонож байна. Өнгөрсөн хугацаанд манай Засгийн газар олон улсын шилдэг туршлагад үндэслэсэн, өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд тохирсон, шуурхай, шийдэмгий, шинэ бодлого дэвшүүлж амжилттай ажиллалаа.
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өнөөдрөөс цуцалж байна. Улаан түвшнээс Шар түвшинд шилжиж, нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 95 хувь нь амьдралын энгийн горимд орж байна. Тулж ирсэн сорилтын өмнө үндэстнээрээ нэгдэн зогсож чаддагийн бас нэгэн тод жишээг хамтдаа бүтээж чадлаа.
Хөл хорионы үед төр, засгийнхаа шийдвэрийг хүндэтгэж, бас ойлгож хүлээн авч, тэвчиж байсан ард иргэд, нийслэлчүүддээ талархал илэрхийлье. Мөн өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэсэн төрийн бүх байгууллагын ажилтан, алба хаагчиддаа чин сэтгэлээсээ баярлалаа.
Өнгөрсөн өдрүүдийн хөл хорио бидэнд дараах гурван үр дүн өглөө гэж Засгийн газрын тэргүүний хувьд үзэж байна.
1. Эхний үр дүн: Бид өвчний тархалтыг хумьж чадлаа.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 411 мянган өрхийн тус бүр нэг хүнийг хамруулахаар төлөвлөсөн ч 523 мянган хүнээс шинжилгээ авлаа. Энэ ажлын үр дүнд халдварын 122 тохиолдол, далд 33 голомтыг илрүүлж чадлаа. Нэг үгээр хэлбэл 122 хүнээр цааш дамжин тархах эрсдлийг хааж, айл өрх бүрийн дэлгэрэнгүй мэдээллийн нэгдсэн системтэй боллоо. “Хаашаа явж байгаагаа мэдэхгүй хөлөг онгоцны дарвуулыг ямар ч аясын салхи үлээгээд нэмэргүй” гэсэн үг байдаг. Тэгвэл “Нэг хаалга-Нэг шинжилгээ” бид хаана байгааг, маргааш хаашаа явах стратеги боловсруулах суурь судалгаа болж чадсан гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.
2. Хоёр дахь үр дүн: Вакцинжуулалт эхлэх суурь нөхцлийг бүрдүүлж чадлаа
Вакцинжуулалт өнөөдрөөс эхэллээ. Монгол Улс вакцинжуулалтаа эхэлсэн Ази тивийн эхний улсуудын нэг болж чадлаа. Вакцинжуулалт ингэж шуурхай шийдэгдэхэд өмнөх Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди-д илгээсэн захидал чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэе. Оюун санааны хөрш Энэтхэгийн ард түмэн, Засгийн газарт монголчуудынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье. Эрхэм Элчин сайд М.П.Сингх таньд баярлалаа. Мөн вакцины Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар болон албаны бусад хүний хичээл зүтгэл өндөр байсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар энд байна. Олон улсын стандартад нийцсэн вакцинаар хангахад дэмжлэг үзүүлсэн Та бүхэнд талархал илэрхийлье. Цаашид вакцин нийлүүлэх хандивын болон худалдааны хэлцэл хийж байгаа ОХУ, БНХАУ, Европын Холбоо, БНСУ, Япон Улсын Засгийн газарт талархаж байгаагаа илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар хүн амынхаа 60 хувь буюу 18-аас дээш настай иргэдээ вакцинд богино хугацаанд, шуурхай хамруулна. Вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр хийгдэнэ гэдгийг дахин хэлэхийг хүсч байна. Гэхдээ аюулт цар тахлаас эрүүл мэндээ, эдийн засгаа хамгааж чадах хүн төрөлхтөний олсон цорын ганц зам бол вакцинжуулалт гэдгийг онцлон хэлье. Тиймээс ч иргэдээ уриалж ДЭМБ-ын батламжилсан Оксфордын АстраЗенека вакцины анхны тунг хийлгэлээ.
3. Гурав дахь үр дүн: Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх төлөвлөгөө хэрэгжих суурь нөхцөл бүрдлээ.
Вакцинжуулалттай зэрэгцэн “Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж эхэлнэ. Энэ төлөвлөгөө эдийн засаг -6 хувь агшсан байгааг өөрчилж, 70 орчим мянган ажлын байрыг сэргээн, зах зээлд эргэх байсан ч гацсан 8 их наяд төгрөгийг эргэлтэд оруулж цусны эргэлтийг сэргээнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Өнөөдрөөс бид шинэ, гэхдээ идэвхтэй эрүүл мэндийн хэмнэлд шилжин орж байна. Одоо иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлага, хамтын хүчин чармайлт бүхнийг шийдэх учиртай. Зөвхөн өөрийнхөө төлөө биш, улсынхаа эрүүл мэнд, эдийн засгийн төлөө иргэн Та халдвар хамгааллын дэглэмээ ягштал мөрдөөрэй, зайгаа бариарай, амны хаалтаа зүүгээрэй, дархлаагаа дэмжээрэй, вакцинд бас хамрагдаарай гэж уриалж байна. Зөвхөн өөрийнхөө байгууллага биш, нийт иргэн, аж ахуйн нэгж, эдийн засгийн төлөө ажил олгогч Та хариуцлагатай байгаарай, халдвар хамгааллын дэглэмээ яв цав мөрдүүлж, ариутгалаа хийлгэж, хүн хоорондын зайг бариулаарай. Ажилчдаа вакцинжуулах чиглэлээр хувийн хэвшлийнхэн Засгийн газартай хамтарч ажиллаарай. Ингэж чадвал бид хаагдсан бүхнээ эргүүлэн нээж чадна. Хаагдсан бизнес, хаагдсан хичээл сургууль, хаагдсан хил хязгаар, хаагдсан том хөрөнгө оруулалт, хаагдсан аз жаргалтай амьдралын хэмнэлээ эргүүлэн олж авч чадна. Монгол ахан дүүс ээ. Цаг наашилж байна, хаврын улирал ирж байна. Шинэ цаг ирж байна. Шинэ цагт бид шинэ хандлагаар ажиллаж, шинэ бодлого хэрэгжүүлэх болно. Монгол Улсын Засгийн газар эс үйлдэл хийхгүй ээ. Цаг алдалгүй хүнд, амаргүй, давс мэт шийдвэрүүдийг үргэлжлүүлэн гаргах болно. Өнгөрсөн 12 хоногийн хөл хориог 98 хувь хамтдаа хийж чадсан шигээ ирээдүйн томоохон шийдлүүдэд ч гэсэн Засгийн газартаа эргэлзэлгүй итгэж, бидэнтэй хамт байхыг Ерөнхий сайдын хувьд уриалж байна. Хамтын хүчээр цар тахлын эсрэг сөрөн зогсож, хаагдсан бүхнээ нээж, алдсан боломж бүхнээ эргүүлж авахын төлөө хамтран зүтгэцгээе гэж монголчууддаа уриалж байна. Баярлалаа.



Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
