Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн төлөө бүтээлч хөдөлмөрөө зориулан онцгой гавьяа байгуулсан, үнэ цэнэтэй мэргэжилтнийг үйлдвэрийнхээ Хүндэт дэвтэрт нэрийг нь мөнхөлж, алдаршуулдаг уламжлалтай. Төмөр хулгана жилд Хүндэт тэмдгийн эзнээр тодорсон гурван эрхмийн нэг нь Чанарын хяналтын хэлтсийн технологич инженер Отгойн Баттогтох юм.
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын төвд 1970-аад оны үест үдэш бүр гэрлийн чийдэн гурвантаа анивалзан дохио өгснөөр моторын нүргэлэх дуун тасарч, түнэр харанхуй болно. Сурагч О.Баттогтох энэ мөчийг хүртэл ном дэвтэртэйгээ нөхөрлөх. Тоо, орос хэлэнд толгой цохидог охин Аймгийн олимпиадад сумын хүүхдүүдээ төлөөлдөг байж. Мэргэжил сонгох мөчид О.Баттогтох тухайн үеийн Политехникийн дээд сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн Уулын ашиглалтын инженерийн ангийг зориглон авчээ. Хайртай ээж нь түүнд уйгагүй хөдөлмөрч, олонтой эвтэй, оногдсон ажлаа чанартай хийх зан чанарыг төлөвшүүлжээ. Дээд сургуулиа амжилттай төгссөн О.Баттогтох “Бор-Өндөр”-ийн уулын баяжуулах үйлдвэрт яамны томилолт өвөртлөн очтол Ерөнхий захирал орос эр: “Алх даахгүй жаахан охин уурхайд яаж ажиллах вэ” гээд баяжуулах үйлдвэрт хуваарилчхав. Орос мэргэжилтнийг дагалдан насосын машинч, дараа нь сургалтын мастер, норм зохиогч, эдийн засагч ч хийж үзэв. Ингээд зургаан жил ажилласны дараа Эрдэнэт үйлдвэрт ирлээ. Мөн л баяжуулалтын машины операторчоос хөдөлмөрийн гараагаа эхлэн, удалгүй мастеруудыг амрахад орлон ажиллах болов. Мастер бүсгүйчүүд үйлдвэрлэлийн цехэд бараг үгүй. Иймээс мастер бүсгүйг харчууд сонирхон сонжино. Бас ажил даалгахад дуулгавартай хүлээн авч, үүргээ сайн гүйцэтгэнэ. Мань мастер зарчимч хатуу шаардлагатай ч, аливаад наанатай цаанатай хандаж, жанжин шугамаа алдахгүй. Хамт олонтойгоо агаар салхинд гарна, чөлөөт цагаа хамтдаа хөгжилтэй өнгөрөөнө. Тэдэнтэйгээ ойлголцож ойр байхын хэрээр ажил ч бүтэмжтэй, залуус ч ам сайтай байж. Ийнхүү Баяжуулах үйлдвэрт таван жил ажиллажээ. 1997 оноос тухайн үеийн Техникийн хяналтын хэлтэст ажиллаж эхэлжээ. Энэ нь одоогийн Чанарын хяналтын хэлтэс. Энд мөн л мастераас эхэлж, удалгүй инженер болсон. Өдгөө Эрдэнэт үйлдвэртээ 28 дахь жилдээ ажиллаж явна. Чанарын менежментийн тогтолцоог сайжруулах, Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой энэ цех Ил уурхайгаас эхлэн баяжмал ачигдах хүртэлх бүхий л процесс, Засвар механикийн завод, Дулааны цахилгаан станцын технологийн үйл ажиллагаа, гаднаас ирж буй бараа материалд ч мөн хяналт тавьж ажилладаг. Чанар шалгагч нар хэмжилтээ журналд бичиж, мэдээллээ утсаар дамжуулдгаас цаг хугацаа алдах, алдаа гарах зэрэг тохиолдол их байж. Эдгээрээс зайлсхийх, хяналтын ажлыг сайжруулахын тулд О.Баттогтох мэдээллийг автоматжуулахад анхаарлаа хандуулав. Тэрбээр ХМТАЦ-ийн программистуудтай хамтран Тоо чанарын мэдээллийн систем боловсруулжээ. Баяжмалыг механик жин дээр пүүлдэг байсан бол одоо вагоны дугаар оруулахад л автоматаар жинлэгдэх жишээтэй. Энэхүү программыг ашигласнаар 10 жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэрт 1,3 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр ашиг өгчээ. Мөн цех хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, иж бүрэн хяналттай байх зорилгоор О.Баттогтох инженер алгоритм боловсруулж, ХМТАЦ-ийн мэргэжилтнүүдтэй хамтран 2017 оноос хүдрийн чанарын жигдрүүлэлтийг үнэлдэг болжээ. Ингэснээр 2017-2020 онд Эрдэнэт үйлдвэрт 9,4 тэрбум төгрөгийн үр ашиг авчирсан байна. Хүдрийн агуулга жигд тогтвортой байх нь баяжмалын гарц, чанарт сайнаар нөлөөлөх томоохон хүчин зүйл аж. Түүнчлэн баяжмал дахь зэс авалтыг хамгийн дээд түвшинд байлгах математик загварчлал, урвалжийн тунг оновчлох программ хангамжийг ХМТАЦ-ийн мэргэжилтэн, Их сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран хийж, Эрдэнэт үйлдвэрт нэвтрүүлжээ. Энэ нь онол, практикийн ихээхэн ач холбогдолтой юм. Тэрбээр одоо хүдрийн хам үүслийн судалгаа хийж байгаа аж. Уул геологийн нөхцөл хүндэрч, зэсийн агуулга буурч байгаа энэ нөхцөлд баяжмал дахь зэсийн чанараа хэрхэн барих вэ гэдэг асуултад хариулт олохоор мэрийж явна. О.Баттогтох инженер Техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн судлаач. Тэрээр 2018 онд ОХУ-ын Екатеринбург хотноо болсон Олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн. Түүний Урвалжийн тунг оновчлох ажил нь олон улсын нэр хүндтэй сэтгүүлд нийтлэгдсэн. Онолын хоёр ч ном хэвлүүлсэн эрдэмтэн. Тиймээс ч тэр аливаад шинжлэх ухаанчаар хандан, судалгаа шинжилгээгээр баталсан зүйлээ үйлдвэрлэлд нэвтрүүлж, Эрдэнэт үйлдвэртээ өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж яваа. Тэрбээр өдөр бүр баяжуулалтын процессыг хянадаг болохоор ямар хүдэр орж ирсэн, баяжмалын гарц, чанар хэр байна, хаягдал ямар түвшинд байна гэдэгт дүгнэлт хийж, учир шалтгааныг олох гэж толгойгоо гашилгана. Гэлээ ч тэр ажилдаа туйлаас дур сонирхолтой. О.Баттогтох эрдэмтэн багш нар, үргэлж дэмжиж ирсэн үе үеийн удирдлага, хамт олон минь надад урагшлах хүч өгч байсан гэж ярьсан. Тэр хойч үеийн судлаач, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд ч цаг заваа зориулж яваа. Өнгөрсөн жил Залуу судлаачдын эрдэм шинжилгээний цахим хуралд хоёр ч залуу мэргэжилтнийг бэлтгэж оролцуулжээ. Мастер Б.Үнэнбаяр, Д.Нямаа, Х.Мөнхнасан зэрэг залуусыг судалгааны ажилд чиглүүлж яваа. Тэрбээр: “Чанар бол үйлдвэрийн дээд удирдлагаас эхлэн бүх хүнд хамаатай. Бүх хүний хийж буй ажил чанартай байж, эцсийн бүтээгдэхүүн чанартай гарна. Цехийн дарга гэхэд удирдах арга барил, хүнтэй харилцах харилцаандаа анхаарч хамт олноо зөв, чанартай удирдах ёстой. Ер нь бүтээгдэхүүний чанар олон зүйлээс хамаардаг” гэсэн юм.
Тэр ярилцаж суухдаа үе үе гэрэл цацруулан инээх нь жаргалтай эмэгтэйн шинжтэй. О.Баттогтохын хань С.Бямбаа Эрдэнэт үйлдвэрийн Урвалжийн хэсгийн ахмад ажилтан. Тэд сурагч байхаасаа үерхсээр, гал голомтоо бадраасан. Тэрбээр: “Хань минь миний найдвартай ар тал, баттай түшиг тулгуур. Гэр бүл, үр хүүхдэдээ их халамжтай. Ганц жишээ дурдахад л, намайг доктор хамгаалах үеэр дэргэд минь байж, бэлтгэл ажлын маань үнэнч туслах байлаа” гэв. Тэднийх гурван хүү, дөрвөн ачтай. Том хүү Б.Баярцогт Оюутолгой компанид, дунд хүү Б.Цогтбаяр Эрдэнэт сувиллын цогцолборт, бага хүү Б.Баярдалай аавыгаа залгамжлан Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт цахилгаанчнаар ажиллаж байна.
Элбэрэлт ээжийнхээ сургаалаар замнаж эрдэм үйлсийг хослуулсан О.Баттогтох Эрдэнэт хэмээх их ажлын эрхэмсэг нэгэн од болон гялалзаж явна.
Я.ЭНХТУЯА

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит их хурал эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
