Жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг “Дэлхийн усны өдөр” болгон улс орнууд тэмдэглэж, ундны усаа ариг гамтай хэрэглэх, нөөцийг арвижуулж, хамгаалах асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулдаг уламжлалтай. Өнгөрсөн онд “Ус ба уур амьсгалын өөрчлөлт” уриан дор тэмдэглэж байсан бол энэ жил “Усны үнэлэмж” сэдвийг онцолжээ. Монгол Улсын хэмжээнд хамгийн холоос буюу 65 км-ын алс Сэлэнгэ мөрнөөс цэвэр ус олзворлож хэрэглэдэг хүмүүс бол Эрдэнэтчүүд. Тэр утгаараа хамгийн өндөр өртөг, зардалтай ус хэрэглэдэг гэж хэлж болно. Тэртээ холоос цэвэр ус татаж, хэрэглэгчдэд хүргэх үүргийг Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн хамт олон гүйцэтгэдэг. Энэхүү тэмдэглэлт өдөрт анхаарал хандуулах учир шалтгаан хийгээд тус цехийн ажлын амжилтын талаар Ерөнхий инженер Б.Баянбаттай цөөн хором ярилцлаа.
-Дэлхий нийтэд усны өдрийг хэзээнээс тэмдэглэж эхэлсэн бэ?
-Одоогоос 28 жилийн өмнөөс буюу 1993 оноос “Дэлхийн усны өдөр”-ийг улс орнууд тэмдэглэж ирсэн түүхтэй. Монгол Улсын хувьд 2005 оноос нэгдэж, жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр усны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд тодорхой урианд олон нийтийн анхаарлыг хандуулан, өөрсдийн төсөл, хөтөлбөрөө танилцуулах, эрдэм шинжилгээний хурал, бусад ажил, үйл ажиллагаа зохион байгуулах хэлбэрээр “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэдэг болсон.
-Энэ жил Монгол Улс дэлхийн усны өдрийг “Усны үнэлэмж” уриан дор тэмдэглэж байгаа нь ямар учиртай вэ?
-Дэлхийн уур амьсгалын нөлөөнөөс шалтгаалан усны хэрэглээ, үнэ цэнэ жилээс жилд өсч байгааг дэлхийн эрдэмтэд дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байна. Монгол Улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т жагсдаг. Өөрөөр хэлбэл усны нөөц багатай улс орны тоонд багтдаг. Монголчууд хэрэглээний усныхаа 80 хувийг газар доорх усаар хангаж байгаа. Монгол орны газрын гүн дэх усны нөөц нь экологийн хувьд эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн зуун жил байдаг. Иймд нөхөн сэргээгдэх боломжтой гадаргын усыг түлхүү ашиглаж, газрын гүний усны нөөцөө хамгаалах нь Монгол Улсын нэн тэргүүний зорилт юм. Энэ жил манай улс усны нөөцийн үнэлэмж, усны дэд бүтцийн үнэлэмж, усны үйлчилгээний үнэлэмж, үйлдвэрлэл, нийгэм-эдийн засгийн үйл ажиллагаанд оруулах усны үнэлэмж, усны нийгэм-соёлын талын үнэлэмж гэсэн таван чиглэлд анхаарлаа хандуулж байна.
-Танай цех энэ өдөр ямар ажил зохион байгуулж байгаа вэ?
-Цар тахлын улмаас үүсээд байгаа нөхцөл байдалд нийцүүлэн олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл, сурталчилгаа хүргэх ажлыг Маркетингийн хэлтсийн Олон нийттэй харилцах албатай хамтран зохион байгуулж байна. Ялангуяа хүүхэд, залууст зориулсан, усыг хэрхэн ариг гамтай хэрэглэх, усны үнэ цэнийг ойлгуулсан мэдээллийг анимейшин хэлбэрээр дуу, дүрстэй бэлтгэж радио, телевизээр цувралаар гаргаж байна.
-Оны өмнө Засгийн газрын тогтоол гарч улсын хэмжээнд хэрэглээний усны үнийг Эрдэнэт үйлдвэр даах болсон. Үүний нөлөө-ачаалал танай цехэд мэдрэгдэж байна уу?
-Энэ тогтоолыг хэрэгжүүлэх журмыг хэрхэн мөрдөн ажиллах талаар үйлдвэрийн холбогдох албад хэлэлцэн бэлтгэл ажлаа хангасан. Одоогоор цехийн хэвийн ажиллагаанд нөлөөлсөн зүйлгүй. Тогтоол гарснаар усны хэрэглээ огцом өсөж болзошгүй гэсэн болгоомжлол байсан. Гэтэл их хэмжээгээр өссөнгүй. Манай хотын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд үнэхээр ухамсартайгаар усны хэрэглээгээ хянах, хэмнэх зөв хандлагатай байгаад бид талархаж байна.
-Эрдэнэтийн усан хангамжийн найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, өргөтгөлийн ажил хэр хийгдэж байна?
-Эрдэнэт үйлдвэр 65 км-ын алс Сэлэнгэ голын ай саваас цэвэр ус татаж Эрдэнэтчүүдийг ундны усаар хангадаг. Холоос өндөр өртөг зардлаар авчирсан усаа нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх үүднээс харьцангуй бага үнээр хэрэглэгчдэд хүргэдэг. Тиймээс Орхон аймгийн ард иргэд маш азтай, нөгөө талаар усны үнэлэмжийг хамгийн сайн ойлгож мэдэж байх ёстой хүмүүс. Үйлдвэрлэлтэй холбоотой техникийн шинэчлэл сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж байна. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрийг эргэлтийн усаар хангах насосуудыг шинэчлэн сольж байна. 1976 онд ашиглалтад орсон орос насосоор Япон улсад үйлдвэрлэсэн сүүлийн үеийн “Ebara” фирмийн насосуудаар сольж байгаа. Гурав дахь насосыг солих ажил өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн. Ингэснээр эргэлтийн усан хангамжийн найдвартай ажиллагаа бүрэн хангагдаж, цахилгаан эрчим хүч хэмнэх нөхцөл бүрдсэнээр эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэж, хот өргөжин хөгжихийн хэрээр цэвэр усны хэрэглээ өсч байгааг харгалзан усан хангамжийн төв шугамыг нэмэгдүүлэх өргөтгөлийн ажил өнгөрсөн оноос эхэлсэн. Манай цех Сэлэнгэ мөрний хөвөөнөөс Эрдэнэтийн усан сан хүртэл татсан хос шугам хоолойгоор хоногт 62000 м3 цэвэр ус татаж, хэрэглэгчдэд түгээдэг. Үүний нэг нь 1976 онд, нөгөө нь 1988 онд ашиглалтад орсон. Одоо гурав дахь шугамаа татах гэж байна. Гүйцэтгэгч компаниуд шугам хоолой, шаардлагатай материал хэрэгслүүдээ талбай дээр авчирсан, газар шорооны ажил эхлэхэд бэлэн болоод байна.
-Баярлалаа.
Эх сурвалж: www.erdenettoday.mn

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
