БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

2026 оны 07-р сарын 11 өдөр, 21 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
so5
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарын төрийн айлчлал өндөрлөлөө.
Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны уулзалт, хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.
Төрийн тэргүүн нар “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг улам хөгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, “Монгол–Солонгосын бизнес форум”-ын нээлтэд оролцлоо.
БНСУ-ын төрийн тэргүүний түвшинд 15 жилийн дараа болсон төрийн энэ айлчлал ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааны “Алтан үе”-ийн эхлэл болж буйг талууд нотоллоо.
Мөн улс төрийн харилцан итгэлцэл, “Стратегийн түншлэл”-ийг улам гүнзгийрүүлж, иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал түлхэц боллоо.
Хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших 36 жилийн хугацаанд найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж, өдгөө “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрснийг талууд өндөр үнэлж, улам өргөжүүлэхийн төлөөх “Хамтарсан тунхаглал” гаргалаа.
Айлчлалын хүрээнд талууд эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, соёл, спорт, аялал жуулчлал, тээвэр, логистик, геологи, чухал ашигт малтмал, хот байгуулалт зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын 21 баримт бичигт гарын үсэг зурлаа.
so2
so3
Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцож, сурын талбай, шагайн харвааны асраар зочлон, наадамчин олонтой мэндчиллээ.
Хүндэт зочдыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас үдлээ.
Хоёр улс:
– 2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”,
– 2011 онд “Иж бүрэн түншлэл”,
– 2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, БНСУ 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээсэн юм.
so4 so6

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх