С.Бямбацогт: УИХ-ын гишүүдийг жагсаалтаар биш ард түмнээсээ шууд сонгохыг дэмжинэ

2016 оны 04-р сарын 25 өдөр, 16 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүнийг намын жагсаалтаар сонгох нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж хүлээн авахаар боллоо. Энэ асуудлаар бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нар мэдээлэл хийлээ. Мөн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах шалтгаан болох ёсгүй гэсэн байр суурьтайгаа илэрхийлэв.

Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ “Манай бүлэг УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхээр гарсан Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. Өмнө нь МАН хүнээ шууд сонгодог байх ёстой, жагсаалтын ард нуугдах нь буруу гэсэн байр суурь баримталдаг байсан. Үүний дагуу хүнээ сонгох нь зөв үү, намын жагсаалтаар сонгох нь зөв үү гэсэн санал асуулгыг Ард нийтийн санал асуулгын хуулийн хүрээнд явуулах санаачилгыг жилийн өмнө өргөн барьж байсан. “УИХ-ын сонгууль пропорциональ тогтолцоогоор явах нь улс төрийн намуудын төлөвшилд чухал”,  “76 жалга довны гишүүн гарч ирэх нь буруу “гэдэг байр сууьтай байсан АН өнөөдөр хэлсэн ярьснаасаа буцаж байгаад харамсаж байна. Гэхдээ МАН байр суурин дээрээ байдаг гэдгээ нотолж Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг дэмжиж байгаа. Томсгосон мажоритори байх уу, жижиг 76 байх уу гэдэг дээр асуудал яригдана. Жагсаалтын 28-ыг 26 тойрогт хуваах асуудлыг тодорхой ярих ёстой. Сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоохдоо хүн амын тоо, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж гэсэн гурван хүчин зүйлийг харгалзах Үндсэн хуулийн заалтыг баримтлах ёстой. Өөрөөр хэлбэл, хөдөөгийн 20 тойрогт нэг нэгээр, үлдсэн найман мандатыг нийслэлийн дүүргүүдэд хуваарилах нь зүйтэй. Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт тус бүр хоёр мандат, бусад дүүрэгт нэг мандат хуваарилах нь шударга гэж үзэж байна”гэлээ.

Н.Номтойбаяр: 2015 оны үндсэн чиглэлийн биелэлт хангалтгүй байна

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл хэрхэн хэрэгжсэн талаар МАН-ын бүлгээр хэлэлцлээ. 2015 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд таван бодлого, 24 зорилт, 91 арга хэмжээ тусгасан байна. Энэхүү үндсэн чиглэлд туссан зорилт, арга хэмжээний тоо сүүлийн дөрвөн жилд дараалан буурсаар 2011 оныхтой харьцуулахад хоёр дахин багасчээ. Тухайлбал, 2011 онд 190 арга хэмжээ тусгагдаж байсан аж. Засгийн газар 2015 оны үндсэн чиглэлийн биелэлтийг 76.1 хувьтай гэж үнэлсэн бол Үндэсний аудитын газар 70 хувьтай гэж дүгнэжээ. Харин үндсэн чиглэлтийн биелэлтийг МАН бүлэг хангалтгүй гэж дүгнэсэн гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдээллээ. Тэрээр хэлэхдээ “Үндсэн чиглэл 70 гаруй хувийн биелэлттэй гэж байгаа ч Засгийн газар ам ажлын зөрүү ихтэй ажиллаж байна. Үүнийг ард иргэдийн амьдрал нотолж байна. Ер нь үндсэн чиглэлийн биелэлтийг цаасан дээрх тоогоор биш улс орон, ард түмний амьдралын бодит байдлаар хэмжих ёстой” гэв. Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн бүтэц, агуулгад зарчмын өөрчлөлт ороогүй, төлөвлөлт, судалгаа, тооцооллын үндэслэлийг сайжруулах талаар өмнөх жилүүдтэй харьцуулахад ахиц ажиглагдаагүй, зарим арга хэмжээний төсвийн эх үүсвэрийг буруу тооцсон зэрэг нь холбогдох байгууллагуудын хяналт сул байгаатай холбоотой гэж Үндэсний аудитын газар дүгнэсэн байна.

Х.Болорчулуун: Хөдөө аж ахуйг чөлөөт бүс хэлбэрээр дагнан хөгжүүлдэг практик дэлхийд байхгүй

 Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг МАН-ын бүлэг дэмжлээ. Уг тогтоолын төслийг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун мэдээлэхдээ “Халх гол чөлөөт бүс байгуулах УИХ-ын 75 дугаар тогтоол унтаа байсан ХХААЯ-ыг сэрээсэн. Ард иргэдийн эсэргүүцэл, тэмцлийн үр дүнд салбарын яам хөдөө аж ахуйг хөгжүүлэхдээ чөлөөт бүс байдлаар биш органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүс хэлбэрээр хөгжүүлэх ёстойг ойлгодог болсон. Хөдөө аж ахуйг чөлөөт бүс хэлбэрээр дагнан хөгжүүлдэг практик дэлхийд байхгүй. Чөлөөт бүсийн олон улсын жишиг бол бага хэмжээний га талбайн хүрээнд яригддаг. Гэтэл Халх голд 500 мянган га талбайг хамруулах гэж байсан нь дэндүү их газар нутаг юм. Уг тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлын эрх ашиг хангагдаж, улмаар гадаад худалдааны алдагдлыг бууруулж, хөдөө аж ахуй, хүнсний салбарын зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах эдийн засгийн бодлогын агуулгад нийцэх ач холбогдолтой. УИХ-ын гишүүд Латин Америкийн зарим улсын туршлагатай танилцсан. Тэнд газар нутгийнхаа боомттой хэсэгт органик бүс байгуулж мал, махаа эрүүлжүүлж экспортод гаргадаг юм билээ. Уругвай улс гэхэд хөдөө аж ахуй, мал аж ахуйгаа эрүүлжүүлээд 35 тэрбум ам.доллар олж байна. Гэтэл манай улс  энэ салбараас 3.5 тэрбум ам.доллар ч олж чадахгүй байна. Зөвхөн Халх гол гэлтгүй өөр бүс нутагт органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөдөө аж ахуйн бүс байгуулах ёстой. Үүний эхлэл нь Халх гол болох юм” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх