Нам гүм.
Тог тог тог …тогших чимээ.
Хариу тогшлоо.
Тэр хоёр сайн ойлголцоно.
Том цэнхэр нулимс дуу чимээтэй бөмбөрөн газар унах адил тог тог тог.
Тиймээ хоёулаа цоожтой. Дахиад л нам гүм.
Орой болох хаа ч байсан юм. Буйдан дээр шигдэн суугаад эрхиэ эргүүллээ. Сэтгэл нь тогтох янзгүй. Урд урдаас илүү нутгаа санана. Үнэр нь анхилж , уулс толгод, халтар аргал, аргамжааны модон гадас, өтөг бургисан навтгар бор өвөлжөө гээд л юу эс харагдах билээ дээ. Түмэн үрчлээт хацрыг нь даган нулимс бөмбөрлөө. Нутаг ус минь, нутаг ус минь… Хаврын цэнхэр зэрэглээ мяралзаад л, айлууд хаваржаанаасаа зуслан өөдөө нүүгээд мөн ч сайхан байгаа даа… Арван хэдэн хүүхэд төрүүлж цагаан сүүгээрээ амлуулсан өдгөө арьс төдий болж үлдсэн хөхнийх нь цаана чимээ аниргүй хүлцэнгүй нам гүм байсан сэтгэл нь долгилон гуниглан займчих шиг санагдахад аюулхай дээрээ дарлаа. Насны өндөр даваа өөд өгсөөд намуухан ядранги цохилох болсон зүрнийх нь цохилт алганд нь мэдрэгдлээ. За даа уйлж урсаж суугаад яахав, муу ёр байгаа даа. Хэдэн хүүхдийнхээ буянд бишгүйдээ л сайхан аж төрж байна. Насны адагт үүнээс илүү яах ч юм билээ дээ. Дулаан байшинд дутах гачих юмгүй сайхан л байна. Хүүхдүүд минь аль амттай аль зөөлнийг л зөөж байна. Юугаар дутлаа гэхэв дээ… Санаа алдлаа.
Болдогсон бол, өөрийн мэдэлтэйсэн бол, нутагтаа л очих юмсан. Халуу дүүгсэн бор гэртээ өөрийн дураар аяга бүгээн цайгаа чанаж уугаад зуухныхаа урд ноолорсон бор хөдсөн дээрээ хэсэгхэн хажуулах юмсан. Дахиад л өтөл буурай хацрыг нь даган нулимс урслаа. Дурсан санаж, тэмүүлэн зүтгэхийн ай их сэтгэлийн далайг дундлах гэсэн юм шиг урсан асгарах энэ нулимсыг үр хүүхэд нь ойлгодог ч болоосой. Эргэн тойронд нь чимээ аниргүй нам гүм дүнсийх чамин сайхан тавилгууд хөөрхий хөгшнийг хараад ингэж өрөвдөх адил нам гүм. Бослоо. Яг одоо нутаг руугаа гарах гэж байгаа адил дээлээ цэмцийтэл бүсэлж дугуй малгайгаа тавьжээ. Цонхоор хардаг юм бил үү, за даа больё доо. Юундаа дандаа цонхоор хараад байдаг юм бэ. Таньд харах юу л байв гэж дээ.
Охин нь уцаарлангуй ингэж хэлсэн шүү дээ.
Ханын цаганд дөхөж очоод саравчлан харлаа. Мойног хуруугаа даран тооллоо. Дахиад гурван цаг хүлээхнээ.
Тог… тог…тог…
Хариу алга. Өнөөх маань дугхийжээ дээ янз нь.
За даа, хоол цайны ая бодоё доо.
Цай хоол бэлэн зэхээний болсны дараа хамгийн түрүүн ирдэг ач хүүгээ хаалга тогшихыг хүлээлээ. Эмээ нь ач хүүдээ арай амин дотно үгээ хэлнэ. Нэг удаа
– миний хүү энэ чарласан муухай дуутай дохиог битгий дуугаргаж байгаарай. Эвгүй гэдэг нь. Зүгээр л хаалгаа тогшиж бай. Эмээ нь тайлаад өгөмз гэжээ.
Ашгүй ач хүү нь тэгэе ээ эмээ гэж.
Харин охин хүргэн хоёртоо хэлж чадсангүй. Хүргэн нь арай намдуухан дуугаргаж дарна.
Харин охин нь бачимдуухан ойр ойрхон дуугаргаж, хир чадлаараа майжигнаж очоод хурдан түргэн тайлж байхад л бухимдана. Та одоо юугаа хийгээд хаалгаа ийм удаан тайлдаг юм бэ. Өдөржин ажилтай зууралдаад ядраад ирж байхад гэнэ. Ээж нь хошуу цорвойн охиноо өрөвдөж цай хоол дөхүүлнэ.
Хүргэн нь ийм нэг хүн байдаг гэдгийг ч төдийлөн анзаарахгүй. Өрөөндөө цай хоолоо зөөлгөж идээд ном шагайж байгаад хэвтээд өгнө.
Хөгшин нэг л юманд сайн дасаж өгөлгүй жил тойрчээ. Хүргэн охин хоёр нь хоорондоо барагтай л бол ярьж хөөрөхгүй. Хүүхдүүдтэйгээ ч тэр. Айл гэхэд арай л нам гүм, хөндий хол байх шиг санагдана. За даа тэгээд эрдэм номтой улс ярих юм багатай бодох санах юм ихтэй байдаг биз дээ. Хөдөөний маниус шиг юугаа л ярив гэж дээ гэж бодно.
Харин өөрөө дээд давхрын буурайтай нэг сайхан хуучлах юмсан гэж бодно. Энэ хотын улс мөн ч хувьчхан муухай улсаа даа. Бид хоёр уулзаад аяга цай хувааж уугаад хуучлахад юу нь болохгүй байхав дээ. Танихгүй хүнтэй юугаа ярьдаг юм бэ гэж ирээд л дургүйцэх юм. Ярих юм байлгүй яахав, адилхан нутгаа санасан настай улс. Надтай адилхан л олон хүүхэд төрүүлж өсгөж хэдэн малын араас дагаж насыг барсан хүн байлгүй дээ хөөрхий хараажаар.
Тэр хөгшинтэй хоёр ч удаа цахилгаан шатанд таарч хоёр гурван үг сольж амжсан билээ. Зүүн аймгийн хүн бололтой. Яриа хөөрөөний байдал. Хүүхдүүдэд маань зав гарч өдөр тавираад дулаараад ирэхээр уулзаж ярьж хөөрч байвал өдөр амархан өнгөрнө дөө гэж хэлсэн хөөрхий тэр хөгшин гараас нь хөтөлсөн хүүгээ царайчлангуй харсан нь санагдлаа. Ай даа, өтлөнө гэдэг мөн ч айхтар юм даа. Хүний царай харж амьдарнаа гэдэг, тэр тусмаа энэ их хотод. Хаашаа л харнав цоож цуургатай байшин сав. Айл хөршүүд хүртэл нэгнээ танихгүй. Хаалга үүдэндээ тааралдлаа ч мэнд усгүй. Цөвүүн цагийн улс ингэж амьдрах учиртай юм болов уу даа.
Уул усны чинад төрж илүү дутуугүй тэр л сайхан нутаг усаа дууриаж төлөв байдлыг олсон хөдөөх буурал эжийд ойлгож ухаарахгүй сэтгэлд нь буухгүй юм их байлаа ч үр хүүхдээ бараадаж амьдрахаас өөр яалтай билээ.
Ангир уургаа шимж, ар өврөөс нь зүүгдэж, алган дээр нь бөмбөрч өссөн арван хэдэн хүүхдийн буурал эжий насны эцэст өөрийн дураар орж гарч чадахгүй гилмэгдэж сууна гэдэг мөн ч их уй, мөн ч их зовлон оо доо. Энгэрт нь тусах нар ингэж хэлэх шиг, эвий буурал эжийг өрөвдөж хамаг байдгаараа ээх адил.
Өдөр хоног жирэлзэн дэрвэлзэн өнгөрсөөр зуны сар гарлаа. Нутгаа санах сэтгэлийн ай сав халин асгарсаар. Өдрөөс өдөрт хүүхдүүдийн шуугилдан шаагилдах дуу цонхон цаана цангинаж эгээ л энэ хүүхдүүд шиг намуухан урсгалт цэнхэр голынхоо хөвөөгөөр гүйх юмсан гэж бодогдоно. Хүүхэд насных нь он жилүүд сэтгэлийнх нь зам зөргөөр ойртон ирж алслан холдоод, ай даа мөн ч сайхан нутаг ус юмсан даа.
Тог…тог…тог…
Дахиад л хариу алга. Хөөрхий дөө.
Ядраад хажуулаад байдаг болжээ дээ. Сайхан цай болсон юмсан. Орж ирээд аяга уучихаж болдоггүй мөн ч хэцүү юм даа. Байр сав гэдэг настай улсын амьдрах газар яавч биш юмаа.
Одоохондоо ч хаалга үүдээ мэдээд хамхиад байхтайгаа л байна л даа. Түлхүүр цоожоо үлдээгээд явдаг бол гэж бодлоо. Даанч хүүхдүүд нь будилж төөрөөд үүд хаалгаа онгорхой орхичихно, элдэв хүн амьтанд хууртагдчихна гээд итгэхгүй л дээ.
Цонхоор харлаа. Машинууд жирийтэл зогсдог урд талын талбай дээр багавтар гэр бариад хүн амьтан хөлхөлдөнө.
Хаа нэг ээжийгөө хөтлөөд гарч орж харагддаг өндөр залуу гэрийн гадаа толгой гудайн зогсоод нулимсаа арчиж харагдлаа. Өгөөмөр сайхан хайр, халуун дулаан сэтгэл, энгүй их ачлалаараа ямагт толгой дээгүүр сэтгэл хангалуун явахад нь тус дэм болж тулж түшдэг эжий нь байхгүй болсон болохоор өндөр сайхан залуугийн харц цардмал талбай дээр унажээ. Тэр харцнаас бас харамсал цөхрөл хайрлаж амжаагүйн их гашуудал бөмбөрөн дуслаж байлаа. Хайрлахын дээдээр хайрлаж болох байсан. Амьдралаас буцах өдрийг нь хүртэл нуруундаа үүрч энгэртээ тэвэрч болох байсан… Бөмбөрөн унах нулимсны тоолон ингэж бодогдож байгаа даа.
Цонхоор харсандаа харамслаа. Харуусал цөхрөл өрөвдөл хайрлалын нэг их ай чимээ сэтгэлийнх нь алсаас ойртон ирж хана түшин аажуухан суулаа. Цонхны тавцан дээр дэлбээлж байсан нил ягаан цэцэг газарт унаж тод тод цэнхэр цэцгэн хээтэй цагаан хивсэн дээр хар шороо бутран тархлаа.
Бурхан минь, хөөрхийдөө. Түм түжигнэж, бум бужигнасан хөл толгой нь мэдэгдэхгүй хүний газар ясаа тавих ч гэж дээ.
Зөрөөд өнгөрөх зуур арав тавхан үг сольж, ганцаардаж цөхрөхдөө цоожтой хаалгаар нэвтэрч чадахгүйн эрхэнд хана дагаж дүмбэ оргин мөлхсөн халаагуур тогшиж шавайгаа ханатал хуучилсан адил нэгэндээ чимээ бараа болсон хөөрхий хөгшиний араас маань уншиж орой бүрий болтол суулаа.
Бачим бачимхан хонх бархирах чимээнээр бохирсон хөлөө арайхийн тэнийлгэж бослоо.
Охин нь айсан царайтай. Ээжээ та зүгээр үү. Хаалгаа тайлж өгөлгүй удахаар чинь ямар их айваа. Арай янз бүр болчихоогүй байгаа гэж ухаан алдах дөхлөө.
Дээд айлын эмээ өнгөрсөн гэнээ. Гадаа гэр барьчихаж…
Тиймээ охин минь. Настай хүн гэдэг өнөөдөр байвч маргааш байхгүй ч байж мэдэх болзолгүй шүү дээ.
Охин нь ээжийнхээ мөрөнд толгойгоо нааж , хэзээ ч алдахгүй дээ гэх адил чанга тэврээд
– Ээжээ уучлаарай, таныгаа нутагтаа хүргэж өгөе дөө. Хүүхдүүдийн маань хичээл ном нь ч тарлаа гэжээ.
Эвий дээ, ээж нь та нарыгаа орхиод яаж явхав дээ. Ажлаа тараад ирэхэд чинь аяга цай хоолтой суулгүй бол болохгүй. Ээж нь яах вэ. Та нар минь цаг наргүй их ажилд дарагдаж байхад өөрийгөө бодож хаа байсан газрын мухарт очиж суугаад яах билээ.
Тэр хол газар оччихоор хүүхдүүд минь санаа нь зовоод олигтой ч ажил төрлөө хийж чадахгүй шүү дээ гэлээ.
Амьдралаас буцан буцталаа өөрийгөө гаргуунд гаргаж үр хүүхдээ хайрлах сайхан буурал ээжийн санчиг норон уяслаа. Сайхан нутагтаа очдогсон бол доо. Гэвч үхтэл үр харам хорвоо шүү дээ.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
