Эдийн засгийн ухааны доктор С.Даваасүрэн АНУ дахь Монгол телевизийн нэвтрүүлэгт уригдан оролцож, өнөөдрийн эгзэгтэй асуудлуудыг хөндлөө

2016 оны 05-р сарын 17 өдөр, 13 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

МУИС-ийн дэд профессор, Эдийн засгийн ухааны доктор С.Даваасүрэн АНУ дахь Монгол телевизийн нэвтрүүлэгт уригдан оролцож, өнөөдрийн эгзэгтэй асуудлуудыг хөндөн ярьсныг Уншигч олондоо зохиогчийн зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

Өөртэй чинь уулзаж ярилцья гэж эртнээс бодсон юмаа. Та цуврал нийтлэлээрээ эдийн засгийг маш энгийн үгээр тайлбарлаад байгаа чинь жирийн түмний сэтгэлд их нийцэж байх шиг байна.Тэдний адил би таны нэг уншигч аа.

Та манай улс аюулт өвчин тусаад улам хүндэрч байна гэж хэлсэн. Бас өр бол томуу төдий биш, бүр хорт хавдар гэж хэлсэн. Сонсоход нэг л аймаар. Ямар тоо баримт, үзүүлэлтийг үндэслэн ингэж хэлэв?

Тиймээ. Манай улсын гадаад өр 21.6 тэрбум ам. долларт 2015 оны эцэс гэхэд хүрсэн байгаа. Тэгэхээр энэ өр манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 186 хувьтай тэнцэнэ. Өрийн хэмжээ нэмэгдэх нь улс орны эдийн засаг, иргэдийн амьдрал, нийгмийн бүхий л салбарт хүчтэй  нөлөөлдөг учраас үүнийг  энгийн нэг ханиад биш хорт хавдар түүний үсэрхийлэлтэй зүйрлэж бичсэн хэрэг л дээ. Тоо баримтын хувьд, Монгол банк болон Сангийн яамны мэдээлэл,  албан ёсны статистик, ОУВС, Дэлхийн банкны тайлан мэдээг үндэс болгосон.

Өрийн асуудал дэлхийн улс орнуудад байнгын асуудал болсоор байгааг эдийн засагчид онцлон ярьдаг. 1980-аад оны эхэн үед гуравдагч ертөнцийн улс орнууд гэгддэг Африк тивийн улсууд бараг бүхэлдээ өрийн хямралд орж байсан. Мөн 1980, 1990-ээд онд Латин Америк, Өмнөд Америкийн орнууд өрөнд нэрвэгдэж байсан. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Европ тивийн Грек улс өрийн хямралд орсноо нэгэнт зарлаад байна. Биднийг ч гэсэн өрийн асуудал тойрохгүй нь.  Тиймээс өрийн асуудалд маш болгоомжтой, хянуур хандах хэрэгтэй.

Тэгсэн мөртөө эрх баригчид монголчуудын амьдрал болж байна гэж үзээд байдаг шүү дээ. Амьдрал дээр иргэдийн амьдрал өдөр хоногоор дордоод байгааг ард нийтээрээ харж байгаа. Эдийн засаг хүндрэхэд эрх баригчид худал тоон мэдээлэл түгээж, түүндээ итгэж байгаа хэрэг үү?

-Эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хумигдаж, иргэдийн худалдан авах чадвар сүүлийн хэдэн жил тасралтгүй буурч байна. Эдийн засаг муудахын хэрээр сар, улирал тутам гаргадаг байсан зарим тоон мэдээллийг гаргахгүй байх, засварлах, гаргаж буй мэдээлэлдээ өгч байгаа тайлбар нь учир дутагдалтай байх явдал байна. Иргэдийн худалдан авах чадвар буурч хэрэглээгээ танаад эхэлсэн нь зөвхөн иргэдийн асуудал биш, иргэд худалдан авалтаа танахын хэрээр аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн үйл ажиллагаа доголдож, тэдний орлого ч мөн дагаад буурна. Энэ хэмжээгээрээ эдийн засаг маань агшиж байна гэж ойлгож болно.  Гэтэл, манай улс хэрэглээний эдийн засгаас хуримтлалын эдийн засагруу шилжиж байна гэх мэдээлэл засгийн газар хэлж байх юм.  Үүнийгээ иргэдийн олонх нь ипотекийн зээлтэй байна, хэрэглээгээ танаж зээлээ төлөн хуримтлалын эдийн засагруу шилжиж байна гэх зүйлийг яриад байгаа.  Үнэхээр хэрэглээний эдийн засгаас хуримтлалын эдийн засагт шилжиж байгаа бол иргэдийн татварын дараах орлого хэрэглээгээ давсан, хуримтлал үүсгэх хэмжээнд хүрч иргэдийн хадгаламж ихэсч, аж ахуйн нэгжүүдийн орлого ашиг өсч, дээр нь улсын төсөв алдагдалгүй улмаар илүүдэлтэй байх учиртай тийм үү.

Харамсалтай нь иргэд маань зээлээ төлж чадахгүй банкны хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ 2 их наяд төгрөгт хүрээд байна. Дээр нь улсын төсөв өндөр алдагдалтай, хувийн хэвшлийн үйл ажиллагаа зогсонги, уналтад орсон байдалтай байна. Тэгэхээр нөхцөл байдал болон тайлбарлаж байгаа байдал хоёр ийм зөрүүтэй байна гэдгийг л хэлж байгаа юм.

????????????????????????????????????

Саяхан Улаанбаатарт болж өнгөрсөн Эдийн засгийн форумын үеэр Монголын эдийн засгийн хэтийн төлөв, өнөөгийн нөхцөл байдалд Азийн Хөгжлийн Банкнаас хангалтгүй гэсэн үнэлгээ өгсөн. 2017 оноос эхлээд бондын өрөө төлөөд эхлэхэд Монгол Улс хэцүүднэ гэсэн дүгнэлт хэлсэн. Мэргэжлийн топ эдийн засагчдаас аврал хайж байна гэчихвэл ад болдог болов уу, эрх баригчид маань гомдчих болов уу. Гэхдээ энэ бол сэтгүүлч хүний санаа зовнисон л үг, та зөв ойлгоорой.

Тэгэхээр монгол хүн бүр одоогийн үүсчихээд байгаа өрийн асуудалд сэтгэл зовнихгүй байхын арга алга л даа. Дэлхийн болон бүс нутгийн банк санхүүгийн байгууллагууд, Дэлхийн банк, Олон улсын валютын сан манай улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд 0.6 хувиас бага байна гэж таамаглаад байгаа. Таны хэлснээр Азийн хөгжлийн банк тайландаа манай улсын эдийн засгийн өсөлт энэ онд 0.1 хувь, 2017 онд 0.5 хувь байна гэж урьдчилан тооцсон байна. Энэ юу вэ гэхээр бид бүхэн ДНБ гэдэг “бялуу” хийдэг тэр маань томрохгүй, үндсэндээ манай эдийн засаг өсөлтгүй болж байна гэсэн үг.

Гэтэл энэ жилд л гэхэд төсөвт тусгагдсанаар бид 947,5 тэрбум  төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт төлөх учиртай. Ирэх  оноос зээлийн хүү төдийгүй  үндсэн төлбөрийг төлж эхэлнэ. Улс оронд ирэх эдийн засгийн дарамт улам ихэснэ. Гэтэл харамсалтай нь зээлсэн мөнгөө төлөхөд зориулсан хуримтлалын санг  байгуулаагүй, дээр нь улсын төсөв сүүлийн 3 жил дараалан 1 их наяд төгрөгөөр тасарч, төсвийн өндөр алдагдалд орсон, төлөвлөсөн ажил, хөрөнгө оруулалтаа ч хийж чадахгүй, төрийн иргэддээ үзүүлэх нийгмийн үйлчилгээ хумигдсан хүндрэлтэй байдалтай байна.

Ингэхэд ядуу орон, ядуу айл, ядуу хүн гэж яг ямар хүнийг хэлж байна? Жишээ нь, Монгол орон, иргэд та бид ядууд орох уу?

Ядуурал гэдэг бол их харьцангуй ойлголт л доо. Хүний наад захын материаллаг хэрэгцээг тэр дундаа хоол хүнс, хувцас хунарын хэрэглээг хэрхэн хангаж байгаа байдлаар ядуурлыг хэмждэг дэлхийн стандард бий. Ядуурлыг хэмжихдээ ядуурлын шугам гэдэг ойлголтыг хэрэглэдэг бөгөөд тэр шугамын дор амьдарч байгаа иргэдийг ядуу гэж тодорхойлдог. 1980 онд өдөрт 1 ам. доллараас, 1990-ээд онд дэлхий нийтээрээ орлогын түвшин өсч  өдрийн орлогыг 1.25 ам.доллараас, 2000 оноос хойш 2 ам.доллараар шугамаа зураад үүнээс бага орлоготой хүнийг ядуу гэж тооцож байна. Гэтэл хөгжингүй орнуудад, тухайлбал АНУ-ын олонх мужуудад 4 ам бүлтэй өрхийн жилийн орлого 20 мянган ам. доллараас бага бол ядуу өрх гэж тодорхойлоод хүнсний болон бэлэн мөнгөний тусламжийг үзүүлж байдаг. Тэгэхээр ядуурал гэдэг их харьцангуй ойлголт байгаа биз.

Та мэдэж байгаа, манай улсын ДНБ-ний нэг хүнд оногдох хэмжээ 4 мянга ам.доллар. Энэ шалгуураар бид Дэлхийн Банкны дунд орлоготой улсуудын ангилалд багтдаг. Манайд амьжиргааны баталгаажих доод түвшинг нийгмийн халамжийн тэтгэмж олгоход хэрэглэдэг, ядуурлын шугам гэсэн 2 шугам бий. Ядуурлын судалгаа манай оронд харамсалтай нь хамгийн сүүлд гэхэд 2014 онд хийгдсэн байгаа. Тэр судалгаагаар манай хүн амын дундах ядуурлын түвшин 21.6 хувь гарсан байгаа. Сүүлийн 2 жилийн хугацаанд нөхцөл байдал сайжраагүй, магадгүй ядуу хүн, айл өрхийн тоо нэмэгдсэн гэсэн таамаг байна. Саяхан хийгдсэн бие даасан судлаачдын тооцооллоор Улаанбаатар хотын ядуурлын түвшин 40 хувийг давчихсан байна  гэсэн дүн гарсан.

Дэлхийн Банкны Ерөнхийлөгч дэлхийн ядуу иргэдийн 40 гаруй хувь нь эдийн засгийн өсөлт нь саарсан хөгжиж буй орнуудад амьдарч байна гэж мэдээлсэн байна. Газрын баялаг ихтэй манай орон үүнд багтаж орж байх шив дээ?

Тийм. Манай улс эдийн засгийн өсөлт нь саарсан хөгжиж буй орон гэдэгт хамаарагдаж байгаа. Ази тивээс манай урд хөрш Хятад цаашлаад Энэтхэг, Индонез зэрэг улсуудын эдийн засаг өндөр өсөлттэй байгаа. Хятад улс  гэхэд өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд 670 гаруй сая иргэнээ ядуурлаас гаргасан. Жишээ хэлэхэд, 2000 оныг хүртэл Хятадыг оруулан тооцох нь дэлхийн ядуурлын хэмжээнд дарамт үзүүлдэг байсан бол 2000 оноос хойш Хятадыг хасан тооцох нь дэлхийн ядуурлын хэмжээг өсгөж байна. Дээр хэлсэн ядуурлын шугамаар, өнөөдөр дэлхийн хүн амын 14% өдөрт 1 ам.доллар болон түүнээс бага орлоготой,  25% өдөрт 1.25 ам.доллар, харин 47% нь 2 ам.доллараас бага орлоготой амьдарч байна гэсэн судалгаанаас харахад дэлхий дахинд ядуурлын асуудал анхаарал татсан хэвээр байгаа юм.

Өртэй хүн өөдөлддөггүй гэсэн үг байдаг. Улсын гадаад өрийг өнөөдрийн ханшаар тооцвол нэг хүнд 15 сая төгрөгийн өр ноогдож байгаа гэж нийтлэлдээ та дурьдсан байсан. Арвуулаа айл 150  сая төгрөгийн өртэй болж таарч байна. Энэ өрийг зарим улс төрч хойч үеийнхэн төлөх болно гэж хэлсэн байсан. Энэ чинь хойч үедээ үлдээж байгаа нүгэл лай биз дээ? Гэтэл нөгөө талдаа улсын өр хувь хүнд ямар хамаа байх вэ гэсэн ойлгоц нилэнхүйдээ байдаг. Өр ер нь хүн бүрийн нуруун дээр буух ёстой юу? Бид өрөө яах вэ?

Монгол улсын гадаад өрийг одоогийн байгаа ханшаар үржүүлээд хүн амынхаа тоонд хуваахаар нэг хүнд 15 сая төгрөгийн өр оногдож байгаа юм. Тэгэхээр энэ өрийг бид төлөх л ёстой. Гэхдээ ийм  капиталист системийн өрийг  шийдэж байсан туршлага Монгол улсын хувьд  байхгүй. Түүхээс харахад, 20 дугаар зууны эхэн үед Монголчууд Хятадын пүүсүүдэд их хэмжээний өртэй байгаад,  данс тооцоог нь шатааж, бослого тэмцэл хийж байсан байдаг. 21 дүгээр зууны эхэн үед 20 дугаар зууны туршид хуучин Зөвлөлт холбоот улсаас авсан 11.7  тэрбум ам долларын өрийн асуудал байна. Энэ 2 өрийн асуудал хоёулаа Монголд болон дэлхий нийтэд нийгэм, улс төр, эдийн засгийн тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор бидэнд харьцангүй зардал багатайгаар шийдэгдсэн. Хуучны Зөвлөлтийн Их өрийн 98 хувийг хөнгөлж 2 хувийг төлж   тэглэсэн. Харин энэ удаад бидэнд энэ өрнөөс бултах зугатах  боломж байхгүй. Өрийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр нийгмийн халамж, хамгаалал, цалин хөлс гээд бүх зардал танагдана, хумигдана. Ер нь өрөнд нэрвэгдсэн улс орны ирээдүй нь тодорхойгүй, хөгжил нь боомиглогдсон, ард түмэн нь гутранги, итгэлгүй, засаг төр нь хүч чадлаа алдсан байдалтай байдаг. Тэгэхээр өр бол эдийн засагт ерийн нэг ханиад биш хорт хавдартай адил нөлөө үзүүлдэг гэдгийг хэлмээр байна.

Улсын гадаад өр, Засгийн газрын өр хоёр яг өнөөдрийн байдлаар хэд хүрчихэв, энэ хоёрын зааг ялгааг тайлбарлаж өгөөч?

Улсын гадаад өрийн 40 гаруй хувь нь Засгийн газрын болон Монгол банкны өр.  Үлдсэн нь хувийн секторынх. Тэгэхээр олон улсын практикт  Засгийн газрын өрийг нь авахаас илүү тухайн улсын гадаад өр, гадаад өрийн ДНБ-д эзэлж байгаа хувь хэмжээгээр нь тооцож энэ улс төлбөрийн чадвартай байна уу, эрсдэлтэй байна уу аль эсвэл сайн зээлдэгч улс байна уу гэдгийг харж байдаг. Тэгэхээр бид гадаад өр гэдэг асуудлыг бүр багцаар нь авч үзэх хэрэгтэй. Дээр нь Засгийн газрын дотоод өрийн хэмжээ  3.3 их наяд төгрөгт хүрсэн байгаа. Гуравхан жилийн өмнө засгийн газрын дотоод өр 500 гаруй тэрбум төгрөг байсан. Үүнээсээ 6.5 дахин өсчихсөн. Тэгэхээр ЗГ маань гадааддаа төдийгүй дотооддоо ч мөн их хэмжээний өртэй байгаа юм.

Өр гэхээр ихэнх хүмүүс маань  хуучин Зөвлөлтийн өртэй адилтгаж ойлгоод байдаг. Гэтэл одоогийн өр, төлөх хугацаагаа хойшлуулах ч юмуу хөнгөвчлөх байдлаар зохицуулах ямар ч боломжгүй юмаа даа, өөрөөр хэлбэл өршөөлгүй өр юмаа даа?

Одоог хүртэл бид зээлийн хүүгийн төлбөрөө хийж байна. Үндсэн зээлээ төлөөд эхлэхээр томоохон дарамтыг эдийн засагтаа үзүүлэх байдалтай байна. Гэхдээ өрийн хэлцлийг дахин хийх зээлийнхээ нөхцөлийг өөрчлөх, үндсэн зээлээ төлөх хугацаагаа хойшлуулах боломж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдөр авчихсан байгаа бүх зээл, бүх бондынхоо хувьд ийм нөхцөл олно гэдэг хэцүү. Тэгэхээр бид хүссэн ч эс хүссэн ч энэ өрөө төлөх л болж байна. Дахиад Грек улсыг ярья л даа, Грек бол эртний соёл иргэншлийн цөм, дэлхий нийтээрээ соёл иргэншлийг магтдаг, онцолдог Европийн холбооны дунд орлоготой энэ улсын хувьд өнөөдөр өрнөөсөө шалтгаалаад маш хүнд  байдалд орчихоод байна. Өнгөрсөн жил гэхэд Евро бүсийн орнууд хуралдаж  Грекийг Европын Холбооноос гаргах асуудлыг хүртэл хэлэлцсэн. Хэлэлцээнд Грекийн нөлөөлөл маш сул байсан, энэ нь улс төрийн тавцан дээр дуугарах дуу хоолой нь хэр хумигдсаныг харуулж байна, Европийн холбооноос 86 тэрбум еврогийн дэмжлэг үзүүлэхээр тохирчихоод байж байгаа. Саяхан тус улсыг нийгмийн хамгаалал, халамжийн бодлогоо дахин танахыг санал болгосон байсан. Энэ хэмжээгээрээ л тус улс, улс төрийн  эрх мэдэл, эдийн засгийн эрх чөлөөгөө гээхэд хүрчихээд байгаа юм.  Мөн ажилгүйдлийн түвшин нь  20 илүү хувийг даваад байна. Тэгэхээр өр гэдэг нь зүгээр нэг асуудал биш  энэ нь цаанаа эдийн засгийн амьдралруу яаж нэвчиж орж байгаа, улсын эдийн засгийн болоод нийгэм, улс төрд яаж нөлөөлж байдгийг Грекийн жишээнээс харж болно.

Өрийн хямралд нэрвэгдсэн өндөр эрсдэлтэй ангилалд 14 улс орсоноос Монгол 7-д жагссан байлээ.Өрөнд нэрвэгдэж саяхан дампуурлаа зарласан Грек улс манай ард 3-т орсон харагдсан. Үүнээс болж хэдэн арван жилээр хөгжлөө ухраах болох юм биш биз?

Энэ асуудлыг зөвхөн бид нар биш дэлхийн санхүүгийн судалгааны олон байгууллагууд хийж байдаг. 2015 оны 7-р сард Английн “Жубилий Дэбтсанхүүгийн судалгааны байгууллага Монголыг өрийн өндөр эрсдэлтэй 14 орны 7-д оруулсан байcан. 2015 оны 11 сард “Файнейншл Таймс”-д манай улсыг Исландын дараа 2-р байранд  ДНБ-д  эзлэх гадаад өрийн хэмжээ их байна гэдгээр жагсаасан байсан. Энэ жагсаалтанд Грек улс манай дараа 3-т орсон,  мөн энэ оны эхэнд “Ди Экономист” сэтгүүлд улсуудыг өрийнх нь байдлаар ангилж жагсаахад манай улс  Африк тивийн Зимбабе улсын дараа бас л 2-т жагсаж байна. Тэгэхээр эдгээр нь  жирийн нэг сануулга төдий зүйл биш юм. Үнэхээр манай улсын бүтээж байгаа баялаг буюу ДНБ-ний хэмжээтэй харьцуулахад төлөх өрийн хэмжээ нь  хэр зэрэг өндөр түвшинд хүрсэнийг харуулж байгаа хэрэг юм.  Дэлхийн банк Монгол Улсыг өрийн өндөр эрсдэлтэй орон болсоныг мэдэгдсэн байгаа.

Улсын гадаад өр ийм их боллоо гээд байгаа нь хувийн компаниудын гадаадаас авсан өр зээлийг оруулж тооцоод байгаа юм биш үү?

Тийм. Яагаад энэ хоёр өр хамт байгаад байна вэ гэхээр дэлхийн улс орнуудын зээлжих зэрэглэлийг тодорхойлдог хэд хэдэн байгууллагууд байдаг л даа. “Стандард энд Пүүрс”, “Мүүдиз”, Фич агентлагуудаас  Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сүүлийн жилүүдэд  хэд дахин буурууллаа. Энэ нь олон улсын санхүүгийн зэрэглэл тогтоодог байгууллагууд манай улсын эдийн засгийн нөхцөлд өгч байгаа үнэлгээ юм. Зээлийн зэрэглэлийг тогтоохдоо улсын гадаад өрийн хэмжээ, өрийн түүх, ДНБ-ий өсөлт, нэг хүнд ногдох ДНБ, төсвийн алдагдал, төлбөрийн тэнцлийн алдагдал зэрэг үзүүлэлтүүдийг авч үздэг. Тэгэхээр манай улс макро эдийн засгийн чухал үзүүлэлтүүд дээрээ байнга ухраад байна. Энэ үзүүлэлтээ сайжруулахгүй бол манайх гаднаас хөрөнгө татахад улам л үнэтэй зардалтай болно. Өөрөөр хэлбэл найдваргүй зээлдэгч харагдаад байгаа юм л даа. Сүүлийн үед гаргасан үнэлгээгээр нь манайх   B хасах  буюу зээлийн өндөр эрсдэлтэй улс гэсэн, хэрэв энэнээс жаахан ухрах юм бол төлбөрийн чадваргүй гэдэг ангилалд явж ороход хүрнэ нэгд ийм байна. Тэгэхээр эдгээр улсууд чинь санамсаргүй тохиолоор засгийн газрын гэдгийг нь тасалж аваад байгаа биш, гадаад өр  засгийн газрын ч бай, хувийн секторын ч бай, банкны ч бай нийт өрөөр нь тооцож байгаа юм. Хоёрт нь  та хувийн хэвшлийн асуудлыг  ярилаа.  Гаднаас зээл авч байгаа манай томоохон хувийн компаниудын зээлийн асуудал. Эдгээрийн зээл авахдаа барьцаалсан хөрөнгийг нь хэрвээ сонирхвол өөрсдийнхөө ашиглаж байгаа ордынхоо тусгай зөвшөөрөл, лицензийг барьцаалсан байгаа. Энэ бол бас л бодох ёстой асуудал, өнөөдөр уул уурхайн баялаг маань нэг компанийн мэдэлд  байж байгаад тухайн компанийн өр төлбөрөө  төлж чадаагүйгээс болоод  бусдад шилжих үү,  арбитрын шүүх дээр асуудал яригдах уу  гэх мэт олон хөвөрсөн асуудлууд гарч ирнэ.

Гэгээн сайханаар гэх ч юмуу, өрийг хөрөнгө оруулалт гэж ойлгож болох уу?­­­­

За, өрийг хөрөнгө оруулалт гэж хэлж чадахгүй нь (инээв). Яагаад гэхээр, эдийн засаг утгаараа, хөрөнгө оруулалт нь өнөөдөр биш харин ирээдүйн баялаг бүтээхэд хэрэглэх тийм хөрөнгө. Харин санхүүгийн утгаараа, хөрөнгө оруулалт нь ирээдүйд илүү өндөр орлого бий болгож, илүү өндөр үнээр борлуулж болох тийм мөнгөн хөрөнгө. Тэгэхээр энэ утгаар нь авч үзвэл өнөөдрийн өрийг хөрөнгө оруулалт гэж хэлэх боломжгүй.  Өөр гэгээлэг үг олж хэлэх хэрэгтэй гэвэл, өр гэдэг үгийг орхиод  “зээлийн өндөр эрсдэлтэй эсвэл төлбөрийн чадвар муудаж байгаа”  гэж  л  хэлж болох юм болов уу.

Гадаадын зарим эдийн засагчид манайхныг хэрэглээ өндөртэй, үрэлгэн хүмүүс гэж дүгнэсэн байдаг. Орлоготой нь харьцуулбал хэрэглээ тийм өндөр байгаа юу?

Би үүнийг юу гэж бодож байна вэ гэхээр, манай иргэдийн амьдралын хэв маягтай нь холбоотой болов уу гэж. Их орчин үеийн амьдралын хэв маягтай, өндөр хөгжилтэй орнуудын иргэдийн эдэлж хэрэглэж байгаа зүйлсээс хоцордоггүй зэрэгцэж явдаг гэх мэт. Гудамжаар явж байгаа авто машиныг л харахад дэлхийн ямар ч орны чинээлэг, өндөр орлоготой иргэдийн унадагтай ижил байгаа. Үүнийг яагаад хэрэглээ өндөртэй гээд байна гэхээр, ДНБ гэдэг “бялуу” бүтээж байгаа түүний хэмжээтэй харьцуулахад бидний хэрэглээ өндөр байгаа юм. Бид 11 тэрбум долларын “бялуу” бүтээж байхад урд хөрш манайхаас  400 дахин их хүн амтай ч  1000 дахин том бялуу хийж байна ш дээ. Энэ нь 10 гаруй их наяд ам долларын ДНБ гэсэн үг. Тэгэхээр бүтээж буй баялагтайгаа харьцуулахад хэрэглээ маань өндөр гэдэгтэй таны ч, гадныхантай ч санал нэгдэнэ (толгой дохив).

Зөв дүгнэлт байна даа тиймээ, За сүүлийн үед чинээлэг дундаж ангитай болох тухай ярьж байна. Ингэснээр эдийн засгийн бага зэргийн уналтанд өртөхгүй байх боломж бүрдэнэ гэх юм?

Тиймээ, ер нь эдийн засагт дундаж давхаргыг тодорхойлдог хэд хэдэн чухал шинж байдаг. Үүнд байнгын тогтвортой орлоготой,  сайн боловсролтой, мэргэжлийн ур чадвар өндөр энэ хэрээрээ өөрсдийгөө хөгжүүлж байдаг, дээр нь эдийн засаг, улс төр, нийгмийн амьдралын талаар тогтсон итгэл үнэмшил, үнэт зүйлстэй байх гээд. Дундаж давхаргын иргэд нь хамгийн зохистой хэрэглээтэй, хамгийн бүтээмжтэй, бусдад үлгэрлэх,  нөлөөлөл өндөртэй, нийгмийн бусад бүлэгт итгэл үнэмшил, сайн сайхан амьдралын үнэ цэнийг ойлгуулж чадах, улс төр нийгэм эдийн засгийн тогтсон үзэлтэй, аливаа мэдээлэлд гуйвж дайваад байдаггүй. Тиймээс  чинээлэг дундаж давхаргыг бий  болгох нь  маш чухал байгаа юм. Ийм чинээлэг дундаж давхарга бүхий нийгмийг байгуулахаар өнөөдөр дэлхий нийтээрээ чармайж байна. Учир нь ядуу, бага орлоготой байх тусмаа бусдын нөлөөлөлд амархан орох, бусдаас хамааралтай байх явдал  их өндөр байдаг байна л даа.  Энгийн жишээ хэлэхэд АНУ-ын Нью Хэмпшер мужид оршин суугчдын  95 хувь цагаан арьстнууд, мөн бидний яриад байгаа дундаж давхаргынхан ихээр байдаг. 2007, 2008  оны санхүүгийн хямралын үеэр моргэйжийн зах зээлд маш их хүндрэл үүсээд  Америкийн олон мужид зээлээ эргэн төлж чадахгүй  иргэд тэр чигээрээ зээлээ орхиод санхүүгийн салбар маш хүнд байдалд  орж байхад  Нью Хэмпшер мужид хямралын өмнөх үеийн моргейжийн чанаргүй зээл 3 орчим хувь байгаад хямралын дараа  4 хувьтай л байсан. Өөрөөр хэлбэл тэр мужийнханд санхүүгийн хямралтай байдал бараг нөлөөлөөгүй гэсэн үг. Тэгэхээр маш тогтвортой дундаж давхаргынхны хувьд дэлхий нийтийг донсолгосон эдийн засгийн төв цэгт байхад л хямрал мэдэгдэлгүй өнгөрч байсан, ийм үр дүнтэй.   Дундаж давхарга нэмэгдэхийн хэрээр эдийн засагт гаргаж байгаа шийдвэр ч савласан биш тогтвортой байж чаддаг. Иймд дундаж давхарга маш үнэ цэнэтэй…

Зээл, бондын хөрөнгийг үр ашигтай зарцуулж байгаа тухай мэдээлэл сурталчилгаа хэвлэлээр бишгүй гардаг. Яг үүнтэй зэрэгцээд хэтэрхий үр ашиггүй зарцуулдаг гэж үзэгсэд бас баримттай яриад байдаг. Та эдгээрийн алийг нь дэмжиж байна?

Зээлийг яах гэж авдаг юм бэ? гэсэн энгийн асуултаас эхэлье. Зээлийг зайлшгүй шаардлагатай болоод авна ингэхдээ зээлийн хүү, хэмжээ, хугацаа буюу зээлийн  нөхцөлийг хардаг. За, авсан зээлээ юунд зарцуулах вэ гэдэгт хувь хүн ч улс орон ч ялгаагүй тодорхой шийдвэр гаргана. Манай зээл, бондын хөрөнгийн үр ашигтай зарцуулалтын тухай харъя гэхэд нэгд ямар эх үүсвэрээс, хичнээн хэмжээний зээл авсан гэдэг нь чухал, хоёрт чухам тэрийг юунд зарцуулав? Зарцуулалтын хувьд санхүүгийн үнэлгээ хийж үзэхэд   хэр үр ашигтай юм? Эдийн засгийн үнэлгээ хийж үзэхэд тэр зээл хэр үр өгөөжтэй байсан? Нийгмийн үнэлгээ хийгээд үзэхэд   нөөцийн хуваарилалт, шудрага ёс тэгш байдлыг хангахад зориулагдаж чадсан уу, үгүй юу? гэх зэрэг асуудлууд байгаа юм. Дэлхийн банк 1980-аад оноос зээлийн хөтөлбөр хэрэгжүүлсэн улсууд дээрээ хэрэглэдэг нэг арга байгаа юм. Зээл авсанаар яав, аваагүй бол яах байсан, зээлийн өмнөх болон  дараах эдийн засгийн нөхцөл байдал ямар болов гэдгийг харьцуулдаг. Тэгэхээр, 2013 он 2011 онд ч юм уу улс орны эдийн засгийн нөхцөл байдал ямар байсан одоо их хэмжээний зээл аваад нөхцөл байдал ямар болов? гэдэгтэй харьцуулж үзэх хэрэгтэй болно л доо. Ингэж байж хүн болгон тодорхой нэг хариулттай болох байх. Нөгөө талаар нэгэнт хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн хувьд санхүүгийн, эдийн засгийн, нийгмийн үнэлгээг нь гаргаж харах хэрэгтэй.   Ингэвэл хүн бүрийн сэтгэгдэл гэхээсээ илүүтэй үндэслэлтэй авч үзэх боломж бий болно.

16 За, улс орнуудын эдийн засгийн байдал нилэнхүйдээ сайнгүй байгаа. Бусад оронтой харьцуулбал Монголын давуу тал юу вэ?

Хүн болгон л мэдэж байгаа манай орны эдийн  засаг уул уурхайн баялаг, эрдэс түүхий эдийн экспортоос хамааралтай өрөөсгөл бүтэцтэй байгаа. Ийм өрөөсгөл бүтэцтэй байгаа нь дэлхий зах зээлд  түүхий эдийн үнэ өсөхөөр орлого нь нэмэгдээд харин дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унахаар дагаад л манай эдийн засаг савлаж байдаг. Ийм эмзэг байна гэсэн үг. Бидний хувьд эдийн засгийнхаа бүтцийг өөрчлөх, эдийн засгаа төрөлжүүлэх асуудал чухал байна. Ингэснээрээ тогтвортой өсөлтийг хангах боломж бүрдэнэ. Магадгүй давуу талын хувьд нэгдүгээрт  хүн амаа эрүүл органик хүнсээр хангах асуудал тавигдах байх, яагаад гэвэл хүнсний хэрэглээнд импортоор орж ирж байгаа хүнс маш томоохон хувийг эзэлж байгаа. Үүний тулд яах ёстой вэ гэхээр хөдөө аж ахуйн салбар тэр дундаа мал ахуй, газар тариалангийн салбараа эрчимжүүлэн хөгжүүлэх,  МАА гаралтай  түүхий эд, газар тариалангийн бүтээгдэхүүнээ орцоо болгосон хөнгөн хүнсний үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх, ингэснээр дотоодынхоо хүнсний хэрэгцээг бүрэн хангах энэ боломжруу явах зайлшгүй шаардлагатай байгаа.   Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна гэхэд манай малыг экспортлох сонирхол аль аль хөршид маань, мөн гуравдагч орнуудын хувьд ч байгаа. Хэрвээ малаа эрүүлжүүлвэл махыг нь импортоор авах улс бэлэн байна гэсэн үг. Энэ бол бас бидний нэг давуу тал.  Дээр нь эдийн засгийн өсөлтийг хангахад нэгэнт эхэлсэн байгаа стратегийн ордуудынхаа үйл ажиллагааг эрчимжүүлэх, ингэхдээ түүнийгээ дагасан дэд бүтэц, төмөр зам, авто зам, цахилгаан станц, дагалдсан үйлдвэрүүд зэрэг бүтээн байгуулалтаа хамтад нь авч явах юм бол бүтээгдэхүүнээ түүхийгээр нь бус нэмүү өртөг шингэсэн байдлаар экспорт хийж, олох ашгаа нэмэгдүүлэх боломжтой. Мөн манай онгон байгаль, уламжлалт зан заншил дээр тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулж гадаад талдаа дэлхий дахинд таниулах,  зар сурталчилгаагаа нэмэгдүүлснээр манайхыг чиглэсэн гадныхны урсгал нэмэгдэнэ. Энэ нь зөвхөн аялал жуулчлалын салбарын орлого бус агаарын болон төмөр зам, дагалдах бүтээн байгуулалтыг хөгжүүлж сайжруулах ийм боломж бүрдэх учиртай.

Удахгүй болох сонгуулиар ялж гарах Засгийн газар түүхэнд байгаагүй хамгийн хүнд эдийн засагтай,баялаг өртэй улсыг хүлээн авах нь ойлгомжтой.Ийм тохиолдолд ямар гарц байж болох вэ? Монголын нэртэй эдийн засагч Жасрай агсан Ерөнхий сайд байхдаа, хонгилын үзүүрт гэрэл харагдах нь ээ гэж нэгэнтээ хэлж байсан. Тийм гэрэл мөддөө харагдах нь уу?

Нэг зүйл бол  нэлээд тодорхой байна. Сонгуулиар ямар ч нам засгийн эрхэнд гарч ирлээ гэсэн улс орны эдийн засгийн асар том бөгөөд хүнд хэцүү сорилт, бэрхшээлтэй тулгарахаар байна.

Засгийн газрын нэн тэргүүний  хийх ёстой үүрэг нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах юм. Макро эдийн засгийн тогтвортой байдал алдагдсан учраас л нөхцөл байдал ийм байна. Хоёулаа өрийн асуудлаар нэлээд их ярилаа. Өрнөөс гадна төсвийн алдагдал гэж том хүндрэл байна. Төсөв маань сүүлийн 3 жил дараалан 1 их наяад төгрөгөөр тасарчихсан явж байгаа. Энэ бол орлого бүрдүүлэлтийн 10 гаруй хувь нэлээд том тоо. Дээр нь ханш, ханшны зөрүүний томоохон эрсдэл байна. Төсөв ийнхүү алдагдалтай байх нь ямар хор уршигтай  юм бэ гэхээр нэгд, эдийн засгийн тэнцвэрт байдал алдагдана, хоёрт, макро бодлого буюу ЗГ-ын эдийн засгийг бодлогоор удирдах орон зай хумигдана, орлого бүрдэхгүй байгаа учраас, гуравт, яг ийм нөхцөл байдлаас болоод улсынхаа өрийг дахиад нэмэхэд хүрдэг. Саяхан  750 сая ам долларыг ЗГ гаднаас зээлээд авч байна, арилжааны нөхцөлтэйгээр, дөрөвт, хувийн хэвшилд зээл олох боломж хумигдана, зээлийн зардал өснө, тавд, хувийн секторын үйл ажиллагаа хумигдана, эдийн засагт баялаг бүтээдэг сектор агшина, энэ хэрээр эдийн засаг агших дахин агших гэсэн байдалруугаа явж эхэлж байна . Ханшийн өсөлт нь төгрөгийг сулруулснаар нөгөө гаднаас авсан зээл улам л үнэтэй болж тусч байна шүү дээ. Ийм  байдал хэвээр үргэлжлэх юм бол  та түрүүн дурдсан Жасрай гуайн хэлснээр бид нэг хонгилруу яваад орчихсон, тэр хонгил нь хэр зэрэг уртын, бас  тэр хонгилдоо хэр зэрэг удаан байхын тэрийгээ тодорхой хэлж мэдэхгүй, магадгүй  ирэх 5 арван жилдээ ирээдүй нь тодорхой бус бүрхэг байдалд байхыг ч үгүйсгэхгүй.  Эдийн засаг маань өвдчихсөн байна. Чухам ямар өвчин туссаныг нарийн шинжилгээний үндсэн дээр тодруулах шаардлагатай байна. Эдийн засгийн энэ удаагийн өвчлөлт нь хавсарсан эмгэг байхыг үгүйсгэх аргагүй юм. Хавсарсан эмгэгийн хувьд нэгийг нь эмчилснээр нөгөөг нь бүр муутгах аюул бас байгааг бодолцож  хаанаас яаж эмчлэх вэ, ямар эм тариаг, хэдий хэмжээгээр хэрэглэхийг нарийн тогтоох гээд олон асуудал гарна л даа. Нэгэнт онош нь тодорхой болоод, эмчилгээгээ эхлэх аваас эмчилгээний дэг журам, жаягийг ягштал мөрдөөд эдийн засгаа эмчлэх, түргэнэ эдгэнэ гэдэгтээ итгэлтэй байх маш чухал…

-Гэвч  эмчлэх боломж одоо байхгүй байгаа биздээ?

Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд ер нь бол тэгэж эмчлэхээс өөр аргагүй. Бид хүссэн ч эс хүссэн ч тийм байдал явах болно. Тиймээс нэгэнт зарлаад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бодлого, хөтөлбөр, арга хэмжээгээ тууштай хэрэгжүүлж,  хариуцлагатай, сайн зохион байгуулалт, өндөр  сахилгатай ажиллах шаардлагатай. Хэрвээ бид өөрсдөө эмх цэгц, зам мөрөө  хурдан шуурхай олохгүй бол гадны олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага гарахыг ч үгүйсгэхгүй.

Манай эдийн засагт ингэхэд ер нь бодлого гэж байна уу?  Эдийн засагч удирдагчдын хомсдолд бид ороод их удаж байна.Энэ байдал удаан үргэлжилж болохгүй биз дээ?

Ер нь засгийн газрын бодлого гэдэг улс төрийн ямар хүчин засгийн эрх барьж байна гэдэгтэй хамааралтай байдаг. Засгийн эрх барьж байгаа улс төрийн хүчнүүдийг ерөнхийд нь зүүний чиглэлийн, барууны чиглэлийн гэж хоёр хуваадаг. Барууны чиглэлийнхэн баян чинээлэг, хөрөнгөтэй иргэдээ дэмжсэн эдийн засгийн бодлого явуулдаг бол  зүүнийхэн ядуу болон бага орлоготой иргэддээ чиглэсэн нийгмийн баримжаатай бодлогыг явуулдаг. Манайд өнөөдөр ардчилсан нам Засгийн эрхийг барьж байна, барууны чиглэлийн нам засгийн эрх барьж байхад бизнес илүү цэцэглэх учиртай. Тэгэхээр таньтай санал нийлж байна. Ямар бодлого байна вэ гэхээр тийм гээд хэлж чадахгүй байдалд хүрээд байна. Харин энд өөр зүйл байх шиг, бүлэглэлийн гэж олон нийт ярьдаг даа, тэр ашиг сонирхол яваад байна.  Барилга, уул уурхай, үл хөдлөхийнхөн болон банк, төрийн эрх мэдэлтэн гэсэн бие биендээ санаа тавьсан гурамсан холбоо бүхий онцгой бодлого хэрэгжээд байна уу гэмээр санагдах юм. Энэ гурамсан холбоо бүхий түншлэл нь нэг нэгэндээ санаа тавьж байдаг, эрх ашиг нь харилцан хөндөгдөж байдаг бие биенийгээ  чангалж ч чадахгүй, бас чөлөөлөөд тавьчихаж ч чадахгүй чагталчихаад байх шиг байна. Таны манай эдийн засагт бодлого байна уу гэсэн асуултанд бодлоготой байна гэж хариулж чадахгүй нь.

-Бид чинь энэ парламентын засаглалтай орон болоод нэлээд хугацаа өнгөрчихлөө. Ний нуугүй ярихад энэ хувийн бодол л доо. Ард түмэн ч бас тийм юм бодож байгаа байх. Энэ парламетад маань ихэвчлэн эдийн засагч мэргэжилтэй, хуульч мэргэжилтэй хүмүүс ороосой гэж бодох юм. Одоо эрээвэр хураавар болчихсон  юун улсаа хөгжүүлэх нь битгий хэл эдийн засгийн мэдлэг л байхгүй байна шүү дээ, хатуухан хэлэхэд.

Ер нь улс орны бодлого тодорхойлдог, шийдвэр гаргадаг хүмүүс өндөр боловсрол, өргөн мэдлэгтэй, ажил хөдөлмөрийн арвин туршлагатайн дээр нь бусдын төлөө гэсэн өөрийгөө давсан сэтгэлтэй байх учиртай юм болов уу. Хэлж ярьж, хийж бүтээж байгаа нь ч гэсэн  дараагийн сонгууль харсан биш улс эх орны маань дараагийн үе ямар байх уу гэдгийг боддог байх хэрэгтэй байх. Хийж буй үйлдэл нь хэлж ярьж байгаагаас илүү хүчтэй байдаг гэдэг дээ. Бусдад танигдах, таалагдахаас илүүтэй бусдын төлөө биеэ, бас сэтгэлээ чилээж ажиллаж, ачааг үүрч чадах тийм хүмүүс үгүйлэгдээд байгаа юм болов уу гэж боддог.

-За та бид  эдийн засагчид тэр бүр хэлж тайлбарлаад байдаггүй,  улс төрчид хүмүүсийг төөрүүл ж будилуулаад байдаг  нэлээн хуримтлагдсан асуудлаар ярилцаж байна. Шинэ сэргэг мэдээлэл өгч байгаа танд баярлалаа.  Ингээд ярилцлагынхаа төгсгөлд хувийн чанартай ч гэхиймүү   таны уншигч үзэгчдийн асуугаасай гэсэн асуултыг асуумаар байна. Та урамтай сайхан нийтлэл бичиж сайхан ярилцлага өгдөг хүн. Хувь хүнийхээ хувьд тэр бүр нээлттэй ярьдаггүй. С.Даваасүрэн гэж хэн бэ? Намтрын товчооноос тань сонирхож байна.

-Би Улаанбаатар хотын уугуул, 1-р төрөхөд төрсөн.  УБ хотын 24-р дунд сургуулийг төгсч,  МУИС- д суралцан  бакалавр, магистрын зэрэг авч МУИС-д  хорин жил ажиллаж байна. Энэ хугацаандаа Англи, АНУ-д эдийн засгийн ухааны Магистр, Докторын зэрэг хамгаалсан.  Гэр бүлтэй, нөхөр  3 хүүхдийн хамт амьдардаг. Том хүү минь МУИС-ийн оюутан, дунд охин минь дунд сургуульд суралцдаг, бага охин минь гэртээ. Манай нөхөр бид хоёр их сургуулийн нэг курсын оюутнууд.  Нөхөр маань гадны хөрөнгө оруулалттай компанид ажилладаг. Сургуулиа төгсөөд хамтдаа ажиллаж, амьдарч байна. Сурагч байхдаа нийгмийн идэвх нэлээд өндөртэй хүүхэд байсан. 24-р сургуулийн бүлгэмийн зөвлөлийн дарга, хотын пионер штабын орлогч дарга, тухайн үедээ Монголын пионерийн байгууллагын төв зөвлөлд нэг хоёр хүүхэд сонгогдох үед бас Төв Зөвлөлийн гишүүнээр сонгогдож байсан. Их идэвхи зүтгэлтэй хүүхэд байсан болохоор Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн  тэргүүний сурагч алтан медаль, Пионерийн байгууллагын төв зөвлөлийн хошой алтан медаль зэрэг шагнал урамшууллыг авч явсан. Энэ нь хүүхэд насны минь их сайхан дурсгалтай үе санагддаг. Олон жил өнгөрсөн ч найзууд минь ч яг тэр байдлаар минь дурсдаг юм байна лээ. Их сургуульд орсноосоо хойш судалгаа  шинжилгээ,  цаашид суралцах явцдаа илүү их анхаарсан. Гэр бүлтэй болоод гэр бүлдээ анхаарах цаг минь хамгийн үнэтэй сайхан цаг болсон.

Англи, АНУ-ын хаана сурч байв?

Английн Манчестерийн их сургуульд магистрийн зэрэг хамгаалж, АНУ-ын Нью Хэмпшер мужийн их сургуульд  Эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Америкад хэр удсан бэ?

АНУ-д зургаан жил гаран гэр бүлээрээ амьдарсан. Ер нь АНУ хүн бүхний хүсэж мөрөөддөг газар гэдэг шүү дээ. Хүсч мөрөөдөхийн шалтгаан нь юу юм бол доо гээд бодохоор  тэнд биднийг хүний нутгийн хүмүүс гэж гадуурхдаггүй байсантай холбоотой юм болов уу.  Англид бол би английн иргэн биш гэдэг нь маш тод мэдрэгддэг байсан л даа.  Харин Америкад тэндэхийн иргэн нь байж магадгүй, дээр нь хууль ёсоо дагаад амьдраад байвал хэн бүхэн амьдраад байх боломжтой.  Манай гэр бүлийн хувьд Америкад маш тодорхой зорилготой очсон. Тэр зорилго нь юу вэ гэхээр хүн бүр дор бүрнээ сурна, ажил хийнэ гэж зөвшилцөж яваад зорилгоо биелүүлээд ирцгээсэн. Миний дунд охин  АНУ-ын Нью Хампшер мужид төрсөн. Тэгээд бага хүүхэдтэй эрдэм шинжилгээний ажил хийгээд сургуульд суралцсан  амаргүй үе тэнд өнгөрсөн.  Тиймээс энтертэймент хийх хугацаа харьцангүй бага байсан. Гэсэн хэдий ч гэр бүл хамтдаа байна гэдэг маш том тус дэмжлэг. Үүнийхээ ч дагуу бид төлөвлөсөн зорилгоо биелүүлцгээсэн.

-За их сайхан санагдаж байна. Та тэнд байсан хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцаач?

Ер нь АНУ-ын эрүүл мэндийн систем, хүндээ чиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээ, америкийн боловсролын систем нүдийг минь нээхэд тусалсан гэж бодож байна. Хүн мэдэхгүй байснаа мэдээд, сураад ирэх тийм завшаантай хэрэг байхгүй.  Дээр нь Америкийн бас нэгэн сайхан дурсамж бол гэр бүлийг эрхэмлэдэг нийгэм, энэ байдал нь ч бидний амьдралын хэв маягт нөлөөлсөн гэж боддог.

-Чөлөө зав гарахаараа ер нь юу хийдэг вэ?

Ер нь зав зай гарахаар гэр бүлтэйгээ, хүүхдүүдтэйгээ байх их дуртай. Бас боломж байвал агаарт уул устай газраар алхах их сайхан санагддаг. Мөн шинээр гарсан, сонирхолтой уран зохиолын  ном уншихаар их сайхан амралт болдог.

    а та бид бага цагт нилээн олон зүйл хамруулаад ярьж амжлаа.Амжуулж чадсандаа баяртай байна.Энэ удаагийн ярилцлагаа дэлхийгээр тархан суугаа нутаг нэгтнүүддээ хүргэх таны сэтгэлийн үгээр өндөрлөхийг хүсч байна. Хамтдаа ярилцсан дэд профессор, доктор Даваасүрэн танд баярлалаа.

-Ярилцлагадаа урьж оролцуулсан та бүхэнд бас уран бүтээл, ажлын өндөр амжилт хүсье.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. GREAT ILLUMINATI ORDER
     (41.203.78..***)
    2019/09/05 07:06

    ИЛЛУМИНАТИЙН НЭГДЭЛИЙН НЭГДСЭН Нэгдсэн улс ба дэлхийн өнцөг булан бүрт мэндчилж байна. Энэ бол алдагдсан мөрөөдлөө сэргээж, эд баялаг, аз жаргалын гэрлийг харж чаддаг Иллюминати ах дүүсийн эгнээнд нэгдэх сайхан боломж юм. зүйл хийхгүй. Ах дүү хамаатан садандаа элсэж орохдоо өөрсдийн сонгосон болон байрлалтай байшин, хөрөнгө оруулалттай хамт амьдрах боломжийг тэдэнд олгохын тулд 650,000 долларын төлбөрийг төлж байна. үндэс угсаа, арьсны өнгө.

    Тэмдэглэл: хувийн шуудангаар бидэнтэй холбоо бариарай: greatilluminate99@gmail.com

    НҮБ-ын ИЛЛУМИНАТИ ТЭМЦЭГ.

    (0) (0)