Author Archives: admin

Ухаарал /өгүүллэг/

Нэг залуу томоохон компанийн менежерийн ажилд орохоор ярилцлаганд оржээ.
Компаний захирал залуугийн танилцуулга бичиг баримтуудыг судалж байснаа

 -Сурч байх явцдаа ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаж байсан уу?

-Үгүй.
-Аав чинь төлбөр төлдөг байсан уу?
-Үгүй. Аав минь намайг нэг настай байхад өөд болсон. Ээж л төлдөг байсан.
-Ээж чинь юу эрхэлдэг хүн бэ?
-Насаараа гэрээрээ хүмүүсийн хувцас угааж мөнгө олдог.

Захирал залуугийн булбарай зөөлөн цэвэрхэн гарыг хараад:
-Та ээждээ хааяа тусалдаг уу?
-Үгүй ээ. Ээж минь намайг сайн сур, хичээлдээ анхаар л гэдэг юм.
-За тэгвэл өнөөдөр хариад ээжийнхээ гарыг угааж өгөөд, маргааш ирээрэй… гэлээ. Залуу ч ажилд орох магадлал өндөр байна даа хэмээн баярлаж, орой ээжийгээ гарыг тань угааж өгье гэхэд гайхсан ээж нь санаа зовонгуй гараа өглөө.
Ээжийнхээ гарыг угааж зогсохдоо залуу анх удаа л ээжийнхээ гарыг ямар их үрчлээтэй, шарх сорвиор дүүрсэн болохыг анзааран нулимс унагалаа. Энэ л хоёр гар миний төлөө зүтгэж, энэ л хоёр гараар миний ирээдүй төлөгдсөндөө гэж бодохоос өр эмтрэн, залуу тэр өдөр үлдсэн бүх хувцсыг нь ээждээ угааж туслаад, шөнөжин нойр нь хулжсаар өглөө нь залуу захирал дээрээ очлоо.

 Залуугийн уйлж хавдсан нүдийг анзаарсан захирал:

-Өчигдөр орой хариад юу сурав?
-Ээж минь байгаагүй бол өнөөдөр энд ингээд зогсож байхгүй байснаа ойлголоо.
Өчигдөр ээждээ тусалж байхдаа “Хүн зорилгодоо хүрэхийн тулд яаж хөдөлмөрлөх ёстойг, гэр бүлдээ бага ч болов туслах ёстой”-г ухаарлаа.
-Сайн байна. Хүний хийснийг үнэлэх чадвартай, зөвхөн мөнгийг амьдралын зорилго болгоогүй ийм л ажилтан хайж байсан юм гээд залууг ажилд авлаа.
Залуу хөдөлмөрч, найрсаг, тусч байж, хамт олныхоо дунд нэр хүндтэй нэгэн болж, компаний ажил ч цэцэглэж эхэллээ.

Зөвхөн өөрийгөө юмны түрүүнд тавьж, хүссэн болгоноо авдаг, эцэг эхийнхээ түүний төлөө яаж зүтгэж байгааг эс ойлгон, тэгж байх ёстой мэт санадаг залуучууд болон удирдлаган дороо ажиллагсадтай дээрэнгүй харьцдаг залуучууд нийгэмд маань бага байгаасай.

Ажлаасаа ирээд хоолоо идээд, ТВ үзэн тухлан суухаасаа өмнө гэр бүлийнхэндээ өдөр тутмых нь ажилд юугаар ч хамаагүй жаахан ч гэсэн тусалж, хамт суун ярилцаж, үр хүүхдүүддээ хүний хөдөлмөрийг үнэлж, урамшуулж, тусалж байхыг үлгэрлэн сургаж байгаарай

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Буулт хийж сурвал гэр бүл аз жаргалаар бялхана

Эхнэр нөхөр болсон олон хосуудын дунд түрүүлж буулт хийх гэж үү? гэсэн асуулт түгээмэл байдаг. Гэр бүлийн харилцаа гэдэг бол заримдаа диваажин мэт сайхан боловч зарим үед там мэт хэцүү санагддаг. Магадгүй үүнийг уншиж байгаа та ч бас гэр бүлийн хүнтэйгээ муудчихаад хэрхэн эвлэрэх аргаа олохгүй шаналж байна уу? Тийм бол би танд ганц л зөвлөгөө хэлэе. Та яг одоо л буулт хийх хэрэгтэй.

Хосууд том, жижиг гээд л янз бүрийн асуудлаас болж маш амархан муудалцаж болох юм. Гэвч бие биенрүүгээ хашгирч, өөрийнхөө зөвийг нотлох гэснээрээ байдал хэзээ ч сайжрахгүй. “Хэрэв хоёр хүн муудалцаж байгаа тохиолдолд хэн ухаантай нь буруутай” гэдэг үг байдгыг санаарай. Тиймээс та өөрийгөө өмгөөлөхийн оронд хайртдаа буугаад л өгчих. Түүнийхээ өөдөөс элдэв муу үг урсгасны огтхон ч хэрэггүй.

Та хоёр хичнээн муудалцлаа ч гэсэн бие биендээ хайртай хэвээрээ гэдгээ үргэлж сана. Зөөлөн нь хатуугаа дийлнэ гэдэг зарчим үнэн байдаг юм. Тиймээс хайрт ханьдаа буулт хийж, хэдийгээр таны буруу биш байсан ч гэсэн уучлаарай хэмээн тэврэн үнсвэл гэр бүл тань аз жаргалтай байх болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тансаг үнэртэнг хаанаа түрхвэл үнэрээ удаан хадгалах вэ

Хүмүүс үнэртэй усыг нүүрний тос адил тааруулан хэрэглэх хэрэгтэй. Хэт их үнэртэй ус цацсан хүнтэй харицахад төвөгтэй байдаг. Аятайхан үнэр жигд ханхлуулж байхын тул хаанаа ус түрхэх вэ. Үүнд:

Чихний ар, үсний доод захаар шилэндээ, шилний хонхорхойд хүзүүндээ ар талаас нь. Өвдөг тохойн нугачаа, шанаа, сугандаа түрх.

Үнэртэй усыг харанхуй сэрүүн газар хадгалбал тохиромжтой. Онгойлгосноос хойш 6-8 сарын турш үнэртэй усны үнэр арилахгүй хадгалагдана. Гэхдээ үнэртэй усны чанараас хамаарах удаа бий. Хүн хүний арьсанд үнэртэй ус янз бүрээр нөлөөлдөг. Тийм учраас үнэртэй ус бүхэн хүн бүгдэд таарахгүй. Цайвар хувцас дээр мэдэгдэхүйц толбо үлдэж магадгүй тул хувцасны дотор талаас оёдлын нь дагуу шүршинэ. Үслэг зүйл үнэртэй усны үнэрийг сайн шингээдэг. Зун бол биеийнхээ наранд ил гардаггүй газраа л түрхэнэ. Тэгэхгүй бол биед толбо үүсгэдэг аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хугарамтгай хумсны арчилгаа

Хумс нь эмэгтэй хүний гоо сайхны голлох үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс ч байгаль, цаг уурын нөлөөнд маш амархан автдаг эрхтэн юм. Хумс өнгө алдана гэдэг бол витамины дутагдалтай холбоотой. Иймээс эмэгтэй та юуны өмнө хумсаа тэжээж эхлэх нь зүйтэй. А,Е,С болон В бүлгийн витаминаар баялаг бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Лууван, салат, улаан лооль, элэг, ургамлын тос, самар, хар талх, байцаа, төмс, киви, вандуй, шош хэрэглэх хэрэгтэй.

Зөвлөгөө1: Хамгийн хялбар арга бол хумсан дээрээ нимбэгний шүүс дусааж, шингээх арга байдаг. Мөн гэрийн нөхцөлд хусны тос бэлдэж болох юм. Yүний тулд танд 30 гр зуун настын шүүс, 30 гр оливын тос, хоолны халбагаар 2-3 цөцгий эсвэл зөөхий хэрэг болно. Цөцгий эсвэл зөөхийнд зуун настын шүүсийг хийж, дээрээс нь оливын тосоо хийгээд сайтар хутгана. Бэлэн болсон бэлдмэлийг хумс болон хумсны эргэн тойронд түрхэнэ. Бэлдмэлээ хөргөгчинд хадгалах хэрэгтэйг мартаж болохгүй.

Зөвлөгөө2: 4-5 гр өтгөн зөгийн балыг бага зэрэг усанд хийж гал дээр тавина. Дээрээс нь өндөгний шар хийж хутгаад, персикийн буюу чангаанзны тос нэмнэ. Улмаар таны бэлдмэл цөцгий мэт өтгөн цагаан болно. Варены шилэнд хийж хөргөөрэй. Тосыг унтахынхаа өмнө хумсандаа түрхэж, үр нөлөөг нь хүчтэй болгохын тулд даавуун бээлий өмсвөл бүр ч сайн.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүлээн авалтанд уригдвал…

Гэнэт өндөр зэрэглэлийн ресторанд,  хүлээн авалтанд уригдаж байсан уу? Хэрэв үгүй бол хэзээ нэгэн цагт арга хэмжээнд уригдвал  ширээн дээр чинь элдэв олон халбага, хундага сэрээ хараад сандрахгүйн тулд үүнийг сайн тогтоож аваарай. Мөн та өөрөө хүлээн авалт зохион байгуулахаар болсон бол үүнийг сурч авахад хэзээд илүүдэхгүй. Учир нь орчин үед хооллох соёл маш чухал болсон юм шүү.seree

* butter knife – маслоны хутга
* dessert spoon – Амттаны халбага
* Desert fork – амттаны сэрээ
* water glass – Усны стакан
* champagne glass – шампаскны хундага

* red wine glass – улаан дарсны хундага
* white wine glass – цагаан дарсны хундаг
* soup spoon – шөлний халбага
* dinner spoon – амны/хоолны халбага
* dinner knife – хутга
* dinner fork – сэрээ
* salad fork – салатны сэрээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хоолойны өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

Хэрэв таны хоолой ямар нэг байдлаар өвчилсөн бол гэрийн нөхцөлд хоолойгоо марганцтай ус, хүнсний сода, нимбэг, царвантай усаар зайлаарай. Эдгээр нь антибиотик хэрэглэснээс илүү үр дүнтэй. Өдөрт наад зах нь 6-8 удаа зайлах хэрэгтэй. Мөн жамц давстай усаар хоолойгоо зайлах нь маш сайн. Энэ нь хоолой өвдөх, буйл өвдөх аль алинд нь хэрэглэдэг арга юм. Хоолойны өвчин нь Стрептококк гэх бактераар халдварладаг мөн амьсгалын зам, аяга таваг, амаараа хүүхдээ хооллох, үнсэлцэх зэргээр халдварладаг байна. Иймээс хоолойны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд:

1. Та амьсгалахдаа хоолойгоороо биш хамраараа амьсгалж байгаарай.
2. Хатуу хоолыг маш сайн зажилж залгиарай.
3. Хэт халуун юм залгих хэрэггүй.
4. Та хэт хүйтэн зүйл гэнэт огцом залгих, хөлнөөсөө жиндэж даарахгүй байхыг бодоорой.
5. Түүнчлэн машины агааржуулалт, гэрийн халаалтын хуурай агаар, утаа ургамал амьтны болон ахуйн тоос гэх мэт харшлын үед хоолой хатаж сэрвэгнэдэг тул түүнээс байнга сэргийлээрэй. Үүний тулд та орчноо байнга чийгшүүлж байх хэрэгтэй аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“УРБАН БОНД II” амжилттай боллоо

“URBAN BRAND”-ийг санхүүжүүлж буй “УРБАН БОНД II” нь намар, өвлийн коллекцийн шинэ загварууд болон зах зээлд шинээр бомбер жакет, пиджак, куртик, пальто, дизайнер жийнс зэрэг шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх зорилготой ажиллаж байгаа билээ.

Харин Монголын деним хувцас үйлдвэрлэлийн анхдагч “Денимон” ХХК хөрөнгийн зах зээл дээр хаалттай хүрээнд нийт 750 сая төгрөгийн “УРБАН БОНД II”-ыг амжилттай арилжиж дуусчээ.

“УРБАН БОНД II”-ыг 2 транчаар хувааж гаргасан бөгөөд жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад зориулсан 2-р транч нь 7 сарын хугацаатай, жилийн 17.0% хүүтэй, 100% даатгагдсан байсан нь хөрөнгө оруулагчдад таатай нөхцөлийг бүрдүүлжээ.

Энэхүү бонд нь тус компанийн хоёр дахь бонд болж байгаа ба энэ оны 4-р сард эхний хаалттай бондын санхүүжилтээр жийнсэн бус шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаанд гарган 7-р сард бондын эргэн төлөлтөө амжилттай гүйцэтгэсэн байна.

Бондын андеррайтераар “Голомт Капитал ҮЦК” ХХК Санхүүгийн зохицуулах хорооноос олгогдсон андеррайтерийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд “Монре Даатгал” ХХК ажилласан юм. Даатгагдсан бонд нь Монголын хөрөнгийн зах зээлд шинээр нэвтэрч буй үйлчилгээ болох “URBAN BRAND”-ийг санхүүжүүлж буй “Урбан Бонд II” нь хаалттай арилжигдаж байгаа компаний 3 дахь даатгагдсан бонд гэдгээрээ онцлог юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бангкок хотын “Рүүнг Арун” сургуулийн сурагчид морин хуурын тоглолтоо сонирхуулжээ

Бангкок хотын “Рүүнг Арун” сургуулийн сурагчид 2017 оны наймдугаар сарын 4-ний өдөр багш, сурагч, эцэг эхчүүддээ морин хуур сурснаа үзүүлж, тайлан тоглолтоо сонирхуулжээ.

Тоглолтонд тус сургуулийн 1-11 дүгээр ангийн сурагчид монгол ардын дуу, Бетховен, Моцарт зэрэг сонгодог хөгжмийн зохиолчид, Монгол, Тайландын алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлийг морин хуураар хөгжимдөж, төгсгөлд нь Тайландын хаант төрийн дууллыг эгшиглүүлэв.

“Рүүнг Арун” сургуулийн сурагчдад Монголын морин хуурын төв, Ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “ИКЭЛ” сангийн гишүүн, Соёл, урлагийн Их Сургуулийн морин хуурын багш Пүрэвхүүгийн Мөнхжин хичээл заасан бөгөөд тэрээр Тайланд Улсад байх хугацаандаа нийслэл Бангкок хотоос гадна Чиангмай, Сонгкла, Накхон Си Таммарат, Кхонкен зэрэг мужийн их, дээд сургуулиудад морин хуурын сургалт зохион байгуулжээ.

Морин хуурыг Тайландын олон нийтэд танилцуулж, сурталчлах төслийг ноён Вилит Тежапайбул анх санаачилж, Тайландын Цог жавхлант Хаан Пумипон Адульядетэд зориулсан Монголын морин хуурын төвийн хөгжимчдийн тоглолтыг 2015 онд Бангкокийн Урлагийн төвийн байранд, мөн 2016 онд Рангситын Их сургуульд “Хан Хуур” хамтлаг, СУИС-ийн “Найман шарга” морин хуурын оркестрын “Монгол Алтайн нуруунаас Тайландын Чаопраяа мөрөнд” гэсэн нэртэй концертыг Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайдын яамтай тус тус хамтран зохион байгуулсан юм билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Маргааш Гэрэлт гудамжинд “Залуучууд=Эерэг өөрчлөлтийн хүч” аяны нээлт болно

8 дугаар сарын 25-нд болох энэ жилийн “Монголын залуучуудын өдөр” тэмдэглэлт үйл ажиллагааг “Залуучууд=Эерэг өөрчлөлтийн хүч” уриан дор  Нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг залуучуудын хүч, идэвх оролцоо, санал санаачилгаар хэрхэн шийдвэрлэх талаар хамтдаа хэлэлцэх, залуучуудын санаачилга, идэвх оролцоо, нийгэмд оруулж буй хувь нэмрийг таниулах, сурталчлах зорилготой Залуучуудын хөгжлийн сарын аяныг зохион байгуулах болсноо өнөөдөр мэдээлэл хийлээ.

8a5aab_zaluuchuud_x974

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Наймдугаар сар бол залуучуудын сар юм. “Олон улсын Залуучуудын өдөр”, “Монголын залуучуудын өдөр” гээд олон тэмдэглэлт ой тохиодог.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар бол залуучуудын асуудлыг дангаараа эрхлэх төрийн захиргааны анхны байгууллагын хувьд энэ сарын аяны хүрээнд олон томоохон арга хэмжээ зохион байгуулна.

Тухайлбал 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд “Эерэг Улаанбаатар 2017″ олон улсын залуучуудын фестиваль, “Бид зорилготой залуус” форум уулзалтыг Нийслэлийн 6 дүүргийн залуучуудын дунд, “1,000 морьтны фестиваль зэрэг  арга хэмжээнүүд болно. 

“Залуучуудын хөгжлийн сарын аян”-ы албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 8 дугаар сарын 12-ны 18:00 цагт “Гэрэлт гудамж”-нд болох тул их хотын эрч хүчтэй залуучууд та бүхнийг урьж байна” гэлээ.

Тус аяны хүрээнд Залуучуудын Иргэний нийгмийн чуулган, Залуучуудын гарааны бизнесийг дэмжих “Startup” өдөрлөг, Ардчилал, хүний эрхийн төлөөх байгууллагуудын хамтарсан “Democrazy Carnival”, Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг залуу уран бүтээлчдийн “Orange Sessions” үдэшлэг, Итгэл найдвар боломж-УБ марафон, Тэгш Эрх Бахархлын өдрүүд, залуучуудын сайн дурын ажлыг дэмжих “I volunteer do you?” өдөрлөг, зэрэг олон сонирхолтой арга хэмжээг төр, иргэний нийгмийн болон залуучуудын байгууллагууд хамтран зохион байгуулах ажээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон Иргэний боловсролын төв, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сан зэрэг иргэний нийгмийн олон байгууллага хамтран энэхүү аяныг хэрэгжүүлэх юм.

Нээлтийн үйл ажиллагаан дээр аяныг дэмжин оролцож буй байгууллагууд өөрсдийн хийх ажлууд болон үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулах юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Япон Улсын Засгийн газраас 58 мянган ам.долларын санхүүжилт орж ирэхээр боллоо

Нийслэлийн Өргөө Амаржих газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Наранцацралт “Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд Япон Улсын Засгийн газраас 58 мянган ам.долларын санхүүжилт орж ирж байна. Энэ нь Нийслэлийн Өргөө Амаржих газрын А, Б, Ц, Д хэсгийн дээврийн засварын ажилд зарцуулагдах юм. 

Дээврийн нөхцөл байдал одоогийн байдлаар шаардлага хангахгүй, бороо орохоор ус дусдаг байдалтай байгаа. Үүнд даруй засвар хэрэгтэй байгаа.

Манай эмнэлэгийн зүгээс “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-т төсөл бичиж оролцсон. Энэ төсөл нь шалгарч, засварын үйл ажиллагаа хийгдэх болсонд бид туйлын их баяртай байна” гэлээ.

Өргөө амаржих газрын дээврийн засварын ажил наймдугаар сарын 20-оос эхлэн сарын хугацаатай хийгдэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. 

Арга хэмжээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, Япон улсын ЭСЯамны 2-р нарийн бичгийн дарга Ёкояма Такаши, Япон Улсын ЭСЯ “Өвсний Үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Цүйки Мао, Япон Улсын ЭСЯ “Өвсний Үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн С.Сувдаа НӨАГ-ын төлөөлөгч нар оролцжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Хуурамч мэдээ”

Уламжлалт сэтгүүл зүйд мэдээ мөн, эсвэл бишийн тухай маргаан өрнөх нь түгээмэл. Тэгвэл одоо хуурамч буюу зохиомол мэдээ гэсэн бас нэгэн ангиллын тухай дэлхийн хэвлэлүүд ид хэлэлцэж байна. Хуурамч мэдээг сэтгүүл зүйн хэлээр нугас мэдээ гэдэг.

Үүслийн хувьд өнө эртнийх. Хэвлэл гээч юм үүссэн цагаасаа жигтэй сонинд дуртай уншигчийнхаа хорхойг дарах гэж үйлээ барж ирсэн. 1770-аад онд Францын хөдөө аж ахуйн нэгэн сонин борлуулалтаа нэмэгдүүлэх зорилгоор нугас агнах нэгэн шинэ аргын тухай мэдээ нийтэлжээ. Уг нь ердөө Мянгуужингийн үлгэрээс санаа авсан хэрэг. Урт утсанд уясан боргоцойг нугасанд залгиулах аргаар хориод нугас нэгэн дор агнах зохиомол түүх. Шинэ аргын талаар шуугиан дэгдсэнээр зогсохгүй туршиж үзсэн зарим нь уураа барьж ядан сонины газарт гомдол гаргасан нь мөнөөх сониныг хэсэгтээ л алдаршуулсан гэдэг. Ийнхүү хуурамч мэдээ нэршлээ олсон түүхтэй. Нугас мэдээ гэдэг нь зохиомжлон бодож олдог хэр нь хүний сониуч зангийн үрээр олны анхаарлыг татаж, шуугиан тарих увдис агуулдаг мэдээ гэсэн үг.

Шилдэг жишээ татая:

ТРАМП VS “НУГАС МЭДЭЭ”

fe12b1_170217-whitney-trump-fake-news-tease_w0o5oa_x974

Бараг бүх хэвлэлүүд түүний эсрэг зогсох цагт халаасанд нь жиргээ л тонгочиж байсан нь үнэн. Бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойших анхны Хэвлэлийн бага хурал дээр Дональд Трамп CNN-ийн Цагаан ордон хариуцсан сэтгүүлч Жим Аскота руу чичлэн “Чи бол хуурамч мэдээ” хэмээх трэнд үгээ хэлсэн юм.

Тэр цагаас хойш CNN, New York Times гээд хэвлэлүүдийн талаар ангайх бүртээ “хуурамч мэдээ” хэмээх үгийг заавал дагалдуулах болсон билээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өс санах хувийн шалтгаан түүнд бий. Тэгээд ч “хуурамч мэдээ” хэмээх хаяг өөрт нь илүү хүртээлтэй баймаар.

Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр таван чөлөөгүй жиргэдэг байсан Трамп нугас жиргээг нь өөгшүүлэн дэмжигч бүхэл бүтэн армийг бий болгож чадсан. Обама Америкт төрөөгүй (энэ мэдээ худлаа гэдгийг сүүлд нь зөвшөөрсөн), цаг уурын өөрчлөлт гэдэг нь зохиомол зүйл, Мексик болон АНУ-ын хилийг тусгаарласан хана босгоно, АНУ-ын хилээр нэг ч лалын шашинтныг алхуулахгүй гэхчлэн поп жиргээнүүд дэмжигчдийнх нь цөсийг жинхэнэ хөөргөсөн.

Гэвч утасны цаанаас жиргэж суух амархан, харин утсаа тавиад улсаа засах амаргүй байгаа бололтой. Өдөр бүр л Цагаан ордны албанаас чөлөөлөгдөх мэдэгдлүүд хөвөрч зарим нь бүр томилогдоод хэдхэн хоногийн дараа халагдсанаа зарлах.

Иймэрхүү маягаар улсаа засаж суугаа Трамп өнгөрсөн хавар Ройтерсын сурвалжлагчид “Өмнөх амьдралаас минь хамаагүй их ажилтай юм. Би уг нь арай амархан байна гэж төсөөлж байлаа” хэмээн гомдол мэдүүлсэн удаатай. Ямар ч гэсэн тэр жиргэсээр байгаа. Жиргээгээ “орчин үеийн Ерөнхийлөгчийн ажлын хэсэг” хэмээн тайлбарлаж байсан юм.

Трамп хэвлэлүүдийн талаар ам ангайх бүртээ хуурамч хэмээн цоллож буй ч Америкийн хэвлэл түүнд бууж өгөх янз алга байна.

ХАРИН МОНГОЛ УЛСЫН ХУВЬД

Монголд мэдээ мэдээлэл, ухуулга сурталчилгааг тархаах хамгийн үр дүнтэй арга нь амнаас ам дамжсан яриа байдаг. Үнэ цэн шингэсэн сэтгүүлчийн бүтээлийг судалж суухаар хорон үгтэй жиргээг илүүд үзнэ гэсэн үг. Үйл явцыг өөрийн тал руу эргүүлэхийн тулд зохион байгуулалттайгаар хэрэглэдэг ухуулгын энэ аргын төлөө улс төрийн хүчнүүд тоймгүй их хөрөнгө хүч зарж ирсэн.

Уг нь нийгмийн сүлжээ бол мэдээллийн хэрэгслийн нэг хэлбэр төдий. Гэвч одоохондоо түүнд дүрэм гэж алга. Тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг шиг жиргээ шиг хямд төсөр хэр нь үр нөлөөтэй арга өөр алга аа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ нугас мэдээ тархаах үйл хэрэгт оройлон зүтгэсэн нь нууц биш.

Жишээ нь: Нэр зүсгүй нэг хаягаас Энхболдын эмээ чинь шувуун хөлт хужаа юм гэнэ ээ гэнгүүт л хуурай өвсөнд тавьсан түймэр лугаа тарж байх.

Араас нь Монгол ялна аа хэмээн зүрхийг нь хөөргөх. Тэвдэж явахдаа хэрэглэсэн том том тэвнүүд нь алс хэтдээ ямар гай удахыг одоохондоо таашгүй.

Шинэ Ерөнхийлөгч маань Трампаас дутахгүй олон поп амлалт өгсөн.

Томоос нь дурдвал иргэдийнхээ банкны өрийг хүчингүй болгоно гэчихсэн. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаан дээр “Эрдэнэт”-ийн хувьцааг нэмээд бултаараа хувааж авна. Эдийн засгийн хямрал хийгээд түүнийг эмчлэх ОУВС-гийн хөтөлбөр цаашаа шүү. Бидэн шиг баян улс таван тэрбумаар дутлаа юу…

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Эдийн засгийн Хойд коридорын төмөр зам дагасан хүлээлтүүд

ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын дарга Васильев Максим Викторович эдийн засагч Д.Жаргалсайхантай ярилцахдаа “Эдийн засгийн коридор байгуулах нь Монголын хувьд тун чухал асуудал. Маш хүчирхэг хоёр улсын дунд байгаа Монгол Улс нь энэ коридорын тусламжтайгаар эдийн засгийн ямар үр дүнд хүрэх вэ гэдэг нь чухал бөгөөд үүнийг сайн боловсруулах хэрэгтэй” хэмээн хууч хөөрсөн билээ.

Эдийн засгийн коридор нь 2016 оны 6 сард Монгол, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалтаар батлагдсан 32 хамтарсан хөтөлбөр юм.

  • Тээврийн дэд бүтцийн чиглэлээр 13,
  • Аж үйлдвэрийн салбарын чиглэлээр 2,
  • Хилийн боомтын шинэчлэх чиглэлээр 1,
  • Эрчим хүчний чиглэлээр 5 гэх мэтчилэн нийт 32 төслийг хамтран хэрэгжүүлэхээр болсон байдаг.

Үүнээс хамгийн олон төсөл хэрэгжүүлэхээр баталсан нь Тээврийн дэд бүтцийн чиглэл юм.

энэ дөрвөн төмөр замын чиглэлд гурван улсын тэргүүн нар ихээхэн ач холбогдол өгч буйгаа илтгэсэн юмсанж.

Эдгээрээс ганц хөдлөх гэж байгаа нь Эрдэнэт-Овоотын төмөр зам буюу Эдийн засгийн Хойд коридорын төмөр зам. Эрдэнэт-Овоотын төмөр замыг Австралийн “Аспайр майнинг” компани өөрсдөө хөрөнгө санхүү босгож барьж байгуулна гэсэн бол Монгол төр засаг санхүүгийн хямралд байгаа учир бусад төслийг эхлүүлэх боломжгүй байгаа аж.

ОРОСУУДЫН ХҮЛЭЭЛТ

Төмөр замын дөрвөн чиглэл, тэр дундаа ажил нь эхлээд байгаа Хойд чиглэлийн төмөр зам манай хоёр хөршийн анхаарлын төвд байнга байдаг гэдгийг онцолмоор байна. Энэхүү замыг “БНХАУ-ОХУ-Европын хооронд хийгдэх худалдаа, тээврийн хамгийн дөт зам мөн” гэж Европын логистикийн “Transcare” компани судалж тогтоожээ. Иймдээ ч БНХАУ-ын “Нэг бүс – нэг зам” болон гурван улсын “Эдийн засгийн коридор хөтөлбөр”-т тусгалаа олоод байгаа юм.

Эрдэнэт-Овоотын төмөр бол дан ганц Овоот ордод зориулсан зам биш юм. Энэ замаар ОХУ-ын коксжих нүүрс болон БНХАУ-ын Европ чиглэлийн ачаа тээвэр хөврөх болно. Төсөл гурван үе шаттай үргэлжилнэ. Нэгдүгээр үе шат нь Эрдэнэт-Овоот, хоёрдугаар үе шат нь Овоот-Арц суурь (Туватай хиллэдэг хилийн боомт), гуравдугаар үе шат нь Арц Суурь-Кызыл юм.

ОХУ-ын хувьд энэхүү төмөр замыг хүлээн байгаа учир нь Тувагийн нутаг дахь Улуг Хэмийн бүлэг ордод коксжих нүүрсний дөрвөн том төсөл тээврийн асуудлаа шийдээгүй байна. Элегест (895 сая тонн), Межегей (765 сая тонн), Центральный (639 сая тонн), Каа-Хемский (200 сая тонн) гэсэн дөрвөн том төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 47 сая хүртэл тонн коксжих нүүрс олборлоно. Овоот-Арц суурийн төмөр замтай Арц суурь-Кызылийн 330 км төмөр зам холбогдсоноор энэ бүлэг орд хөдөлгөөнд орох юм.

Транссибирийн төмөр замын Байгаль нуурын тойрог хэсэгт ачаа тээвэр ихээхэн саатдаг. Галт тэрэг энэ тойрогт хурдаа хасдаг учир тээвэрлэлтийн түр “амсхийлт”, “түгжрэл” үүсдэг байна. Иймд ачаа тээврийг хурдлуулах нэг зам нь Хойд чиглэлийнх буюу Эрдэнэт-Овоот-Арц суурийн төмөр зам болоод байна.

ХЯТАДЫН ХҮЛЭЭЛТ

БНХАУ-ын хувьд 2016 оны 6 сарын байдлаар Хятад, Европын хооронд ачаа тээврийн 1881 галт тэрэг аялж, 17 тэрбум ам.долларын өртөгтэй экспорт, импортын бараа тээвэрлэсэн.

Харин Хятадын Хөгжил шинэтгэлийн хорооны гаргасан төлөвлөгөөний дагуу 2020 он гэхэд Хятад болон Европын хотуудын хооронд жилдээ ачааны 5,000 галт тэрэг явуулна гэсэн зорилт тавилаа. Энэ нь Хятад-Европын хооронд төмөр замын тээврээр жилд 50 тэрбум ам.долларын ачаа тээвэрлэгдэнэ гэсэн үг юм. Энэхүү их мөнгөний урсгалын нэг гол зам нь “Эдийн засгийн Хойд коридор” гарцаагүй болно. Манай улс Хятадын “Нэг зам – Нэг бүс” хөтөлбөрийг дэмжиж байгаа. 65 орон хамрагдаад байгаа энэхүү төсөл дэлхийн хүн амын 60 хувийн хөгжилд үр нөлөөгөө үзүүлэхээр байна.

МОНГОЛЫН ХҮЛЭЭЛТ

ОХУ болон БНХАУ-ын тал энэхүү төмөр замыг ийнхүү хүлээж байх дор манай УБТЗ ч энэхүү төмөр замын туузыг саяхан баяртайгаар хайчилсан нь тун чиг учиртай. Хойд чиглэлийн төмөр зам нь Улаанбаатар төмөр замын 2030 он хүртэлх хөгжүүлэх хөтөлбөрт тусгалаа олсон. УБТЗ 2030 онд ачаа тээвэрлэлтийн хэмжээг 73.7 сая тонн (их хувилбар) хүртэл өсгөнө” гэж тусгасан байгаа. Энэ нь ачаа тээврийг бараг хоёр дахин нэмнэ гэсэн үг юм. Мөн хос зам, цахилгаан замтай болох хэтийн ирээдүй ч Эрдэнэт-Овоотын төмөр замгүйгээр урагшлах аргагүй юм.

Улаанбаатар төмөр замын тээвэр болон ашгийг нэмэгдүүлэхэд саад учирдаг ганц зүйл нь ачаа юм. Ачаагүй бол ашиггүй. Ачаа хэдий чинээ их байх тусам төмөр замын ашиг төдий чинээ их байна. УБТЗ-ын цэвэр ашиг яагаад олон жил тогтмол түвшинд байгаад байна вэ гэвэл тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэхгүй байгаад юм. Ачаа тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэхэд Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр зам жин дарна. Ашгийн огцом өсөлтийг бий болгох ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Уулчин Н.Байгалмаа “Европын 12 орноор тэмээтэй аялал тун удахгүй хийнэ”

Монгол бүсгүйчүүд “Европын 12 орноор тэмээтэй аялал хийхээр удахгүй эх орноосоо мордох гэж байна. Эх орноо сурталчлахаар энэхүү сонирхолтой аялалд гарах гэж байгаа уулчин, аялагч Н. Байгалмаатай ярилцлагыг хүргье.

– Монголоос Европ тивийг зорих, тэр дундаа тэмээгээр аялах өвөрмөц санаа танд анх хэрхэн төрсөн бэ?

– Би 2008 оноос хойш аялал жуулчлалын салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна. Аяллын бүх төрлөөр хичээллэдэг. Аялал миний амьдралын нэгээхэн хэсэг болсон төдийгүй, хэмжээлшгүй аз жаргалыг мэдэрдэг. Тэр хэрээрээ хүн болгон дуртай салбартаа манлайлахыг хүсдэг шиг би ч гэсэн энэ чиглэлээрээ амжилт гаргахыг хүссэн.

Зургаан жилийн өмнө миний таньдаг австрали хүн Монголоос Унгар хүртэлх замыг морьтой туулсан юм. Тэр үед Монголоос Унгар хүртэл яаж морьтой явдаг байна гэж бодож. биширсэн. Тухайн үед санаанд бууж егөхгүй байсан ч одоо бол аялж чадах юм шиг санагдаж байна. Зургаан жилийн өмнө хамгийн анх энэ аяллыг хийх тухай бодол толгойд буусан.

– Яагаад заавал тэмээгээр аялахаар шийдэв?

– Эрт дээр үеэс манай монголчууд тэмээн дээр гэр орон, ачаа тээшээ тээвэрлэн, нүүдэллэж ирсэн уламжлалтай. Ер нь ачаа тээвэрлэхэд их тохиромжтой.Түүнээс гадна хоёр бөхтэй тэмээ нэг бөхтэйгөөсөө илүү туулах чадвар сайн. Мөн тэмээ гурван cap ус, хоолгүй явж чаддаг.Гэхлээ чаддаг гээд хоолгүй байлгана гэсэн үг биш л дээ. Зардлаа зохицуулаад явах боломжтой.

– Нийт арван тэмээгээр аялах төлөвлөгөөтэй гэсэн. Тэмээнүүдээ яаж сонгосон бэ?

-“Монголын тэмээн холбоо”-нд хандаж,“Манай аялалд юугаар тусалж чадах вэ. Хоёр бөхтэй тэмээг алдаршуулах талаар юу гэж боддог вэ” гэж асуусан. “Монголын тэмээн холбоо”-ны Ариунсанаа эерэгээр хүлээн авч, гурван тэмээ бэлэглэсэн. Бусад нь Өмнөговь аймгийн Ханын Хэцийн хүрэн үүлдрийн тэмээнүүд бий.

Тэндхийн тэмээнүүд залуу, уналга, эдэлгээнд хэрэглэгдэж байгаагүй. Миний хувьд хөдөө тэмээтэй ойрхон өссөн ч тодорхой хэмжээнд тэмээг судлах шаардлага гарсан. Туулах чадвар зэргээсээ хамаарч янз бүр байдаг. Гадаад аялагчдын хувьд тэмээг анх удаа унах гэж байгаа учраас бүр ч их судалгаа хийсэн.

– Гадаад хүмүүсээр багаа бүрдүүлсэн гэхээр сонирхолтой санагдаж байна. Та багийнхнаа танилцуулаач?

– Өөрийнхөө хүсэл, мөрөөдлийг биелүүлэхийн тулд зангидсан гар шиг гайхалтай хамт олныг бүрдүүлэх хэрэгтэй. Олон улсын аялагчид байвал арай илүү олон хүмүүст хүрэх байх гэж бодсон. Галаад аялагч нар тэмээгээ унахгүй, ачаагаа тэмээн л дээрээ тавиад явна. Монгол маань тэмээ унаж магадгүй ч бид өөрсдөө явган алхаад сурчихсан. Хүмүүс хэд хоног хөдөө явахад л их зутардаг шүү дээ. Тийм болохоор өдөр болгон арван тэмээ асарна гэдэг хэцүү.

Хувь хүн өөрөө бас сэтгэлзүйн бэлтгэл, бие бялдрын хөгжил сайтай байх хэрэгтэй. Карл Бушбид гадаад хүмүүсийн багаа бүрдүүлэх даалгаврыг өгөөд, өөрөө монгол бүсгүйчүүдээ олсон. Баг сонголт дээр маш их ярилцсан. Зургаан өөр ертөнц, зан ааш, соёлтой хүмүүс нэг дор нэгдээд аялна гэдэг амаргүй. Багийн гишүүдээсээ харсан зүйл бол тэсвэр, хатуужил, аливаа зүйлийг даваад гарах чадвар.

Аяллын санааг би гаргасан ч намайг дэмжсэн хүн бол Английн алдарт явган аялагч Карл Бушби юм. Бид хоёрын аяллын маршрут нэг учраас манай баг болооч гэсэн хүсэлтийг би тавьсан. Одоогоор манай бaг гурван монгол, гурван гадаад хүний бүрэлдэхүүнтэй.

Мөн Бразил, АНУ-ын аялагчид хамт явна. Энэ гурав дэлхийд аль хэдийнээ танигдсан, чадварлаг явган аялагчид. Монголоос манай найз, сүүлийн 2-3 жил аялж байгаа бүсгүй хамт явна. Монголын хилээр гартал бидэнтэй хамт нэг, хоёр сард малчин маань явж магадгүй.

– Аяллын ач холбогдлыг юу гэж харж байна вэ?

– Маш олон ач холбогдолтой. Нэгдүгээрт. Монголынхоо түүхэнд бичигдсэн замаар дахин явж өөрийн нэрээ үлдээх юм. Хоёрдугаарт, дэлхийн 20 гаруй орноор аялж явахад манай орныг мэдэх хүмүүс их ховор байдаг. Тиймээс аялаад явж байхад харсан хүн болгон сонирхож, аль улсын иргэн гэдгийг минь асууна. Ер нь Монголд маш том сурталчилгаа болно гэж бодож байна. Гуравдугаарт. Монголын хоёр бөхтэй тэмээг гадаадад алдаршуулахыг зорьсон.

– Тэмээгээр аялахад багагүй саад бэрхшээл тохиолдох байх. Аяллын маршрутыг сонирхож болох уу?

– Маршрутын хувьд хуучны торгоны замуудаар явж байгаад Хятадын хилээр гараад цаашаа Англи хүртлээ нийт 12 орныг дайрах төлөвлөгөөтэй. Торгоны зам гэдэг нь Азиас Европ хүртэлх зам бөгөөд НТӨ 115 оноос ХIII зуун хүртэл хамгийн чухал арилжааг хийдэг байсан. Италийн аялагч Марко Поло энэхүү замаар худалдаа наймаа хийдэг байсан.

Болж өгвөл ХIII зууны үед Чингисийн эзэнт гүрэн байсан үеийн газруудаар явж өнгөрөх төлөвлөгөөтэй байна. Өөрсдөө болон тэмээгээ амраах ёстой учраас өдөрт 30 км туулна. Казахстан, Узбекстан, Туркменистан, Иран, Турк, Европын орнууд гэх мэт 12 орныг дайрч өнгөрөхөөр төлөвлөж байгаа. Тэгэхээр нийтдээ 20 мянга гаруй км замыг туулах юм.

– Урт хугацааны аялалд маш их зориг, тэвчээр шаардагдана. Сэтгэл санаагаа хэрхэн бэлтгэсэн бэ?

– Цаг тутамд сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, “Би чадна” гэсэн итгэлтэй байх хэрэгтэй. Урт хугацааны аялал мэдээж амаргүй. Ууланд даарна, өлсөнө, цангана, магадгүй хөл, гараа хөлдөөж, гэмтэл авна. Европ тивийн уулын оргилд -40 хэмийн хүйтэнд майханд хононо гэдэг амаргүй ч оргил дээр гарсан хойно тэр бүх зовлонг мартчихдаг.

Эрүүл л байвал ямар ч хэцүү аяллыг даваад гардаг. Харин өвчтэй үед яаж ч сэтгэл санаагаа өөдрөг байлгах гээд чадахгүй үе бий. Хамгийн сүүлд арванхоёрдугаар сард Энэтхэгт 20-иод хоногийн аяллаар явахдаа хоолны хордлогод орж, 14 хоног хэвтэхэд их хүнд байсан.

Аяллын эхний гурван cap явагдсаны дараа манай аяллын талаар нэвтрүүлэг National Geography,Bbc телевизээр гарч эхэлнэ. National Geography манай ивээн тэтгэгч болохоор яригдчихсан байгаа.

– Туршлагатай ууланд авирагч, аялагч хүний хувьд аялах хүсэл сонирхолтой ч ажил хэрэг болгож чадахгүй байгаа хүмүүст зөвлөгөө өгвөл?

– Эхлээд зорилгоо тодорхойл. Зорилготой хүн бүхнийг даван туулж чаддаг. Мөн гомдоллож өөрийн бурууг бусдаас эpэxээ болих хэрэгтэй. Бүхнийг чадна гэсэн итгэлтэй байж, чадахын тулд хичээвэл зорилгодоо хүрнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатар хоттой ах дүүсийн холбоотой Намьяанжу хот

БНСУ-ын Намьянжү хотын дарга Ли Сог Ву нь “Намьянжуд Монгол соёлын төв, Улаанбаатарт Намьянжу хотын гудамж, соёлын төв байгуулсан хийгээд ах дүүгийн харилцаа тогтоосны 20 жилийн ой ирэх онд тохиох билээ. Миний бие Намьянжу хотын даргаар 12 жил ажиллаж байна.

Энэхүү хугацаанд Намьянжу дахь Монгол соёлын төвийн үйл ажиллагааг дэмжиж өргөжүүлэх үүднээс 4-5 тэрбум воны хөрөнгө оруулалт хийгээд байгаа. Улмаар тус төвийг улам сайжруулах үүднээс гурван тэрбум воны нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр зорьж, зураг төслийн ажлыг эхлүүлээд байгаа” гэдгийг дуулгалаа.

Түүнчлэн “Монголын төрөөс хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж “Алтан гадас” одонгоор шагнасанд дахин талархал илэрхийлье” хэмээгээд Намьянжу хотын даргаар сонгогдоод анхны гадаад айлчлалаа Монгол Улсад хийх завшаан тохиож, Улсын Их Хурлын даргыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхад нь уулзаж байснаа дурсаад Улаанбаатар хот  дахь Намьянжугийн соёлын төвийн үйл ажиллагааг улам өргөжүүлэх бодолтой байгаагаа хэллээ.

Уулзалтанд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Харин Улсын Их Хурлын дарга М.Энхболдын зүгээс “Монгол оронтой ах дүүгийн харилцаатай хотын даргатай уулзаж буйдаа баяртай байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлсэн бол Монгол, Солонгос хоёр орон олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай, хамтын ажиллагааны баялаг туршлагатай орнууд.

 Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түүх, соёлын өв уламжлалаа харилцан сурталчилж таниулж ойлгуулах нь ихээхэн ач холбогдолтойг Улсын Их Хурлын дарга уулзалтын үеэр онцлоод Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар долоон жил орчим хугацаанд ажиллахдаа Улаанбаатар, Сөүл хотын хооронд ах дүүгийн харилцаа тогтоож, Улаанбаатар хотод Сөүлийн гудамж, Сөүл хотын Гонжун дүүрэгт Монгол сургууль байгуулах санаачилга гарган хамтран хэрэгжүүлсэндээ баяртай байдгаа дурдлаа.

Мөн одоогоос бараг 20 жилийн өмнө Намьянжу хот дахь Монгол соёлын төвийг хэдэн Монгол гэртэй, цөөн тооны монгол адуутай анхлан байгуулсан.

Дурсгалын мод тарьж анхны галыг нь асаалцаж байсан.

Түүнчлэн Улаанбаатарт Намьянжу хотын гудамж, соёлын төв байгуулах асуудлыг шийдэж, ажлыг нь эхлүүлж байснаа дурсаад эдгээр гудамж, соёлын төвүүд нь хоёр орны үүх түүх, соёлын өв уламжлалыг харилцан сурталчлах, улмаар хоёр орны хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцааг улам ойртуулж хөгжүүлэх нэг гол гүүр болох учиртай тул цаашид үйл ажиллагааг нь улам өргөжүүлэхэд анхаарах нь чухал юм гэдгийг хэллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа