Author Archives: admin

Сансрын чулуулаг биет Астероидоос дэлхийг хамгаалах сургуулилалтыг хийхээр боллоо

Ирэх аравдугаар сарын 12-ны өдөр байшингийн хэмжээтэй астероид манай дэлхийд ойрхон нисч өнгөрөх тухай Европын Сансрын Агентлаг өчигдөр мэдээлэв.

Сансрын чулуулаг биет энэ үед дэлхийгээс 44,000 км зайнд ойртох гэнэ. Энэ нь дэлхийгээс сар хүртлэх зайны наймны нэг гэсэн үг юм. Харьцуулбал бидний ашигладаг геостационар хиймэл дагуулууд дэлхийгээс хамгийн гол нь 36,000 км зайнд ажилладаг.

Ойртох астероид нь дэлхийтэй мөргөлдөхгүй гэдгийг тус агентлагийн судлаачид батлан хэлж байна. 2012 TC4 нэртэй уг астероид 2012 оны аравдугаар сард анх манай дэлхийд ойртохдоо дээрх зайнаас хоёр дахин холуур өнгөрсөн ажээ.

Астероидын өргөн 15-30 метр, 14 км/секунд хурдтай нисч яваа. Судлаачид түүнийг энэ онд дэлхийд дахин ойртоно гэдгийг мэдэж байсан ч хэр ойртохыг нь сая л тооцоолох боломжтой болж байгаа юм байна.

Одоо Чили дэх тус агентлагийн телескоп 56 сая километр зайнд яваа астероидыг ажиглан, траекторыг нь хэмжиж байгаа гэнэ. Харьцангуй ойрхон өнгөрөх тул манай дэлхийн сансрын агентлагууд хамтран сансрын биетээс дэлхийг хамгаалах сургуулилалтыг хийхээр болсон аж.

Астероидууд бол манай нарны системийг үүсэн бий болох үеэс үлдсэн чулуулаг хэлтэрхийнүүд юм. Олон сая ийм астероид манай нарны аймагт байдгийн ихэнх нь Ангараг, Бархасбадь гарагуудын тойрог замын дунд оршдог.

2013 онд ОХУ-ын Челябинск хотын ойролцоо 20 метр өргөнтэй сансрын биет агаар мандалд орж ирж дэлбэрэхдээ Хирошимад хаясан атомын бөмбөгийг 30 дахин нийлүүлсэнтэй тэнцүү хэмжээний кинетик энерги үүсгэж байв.

Үүнээс болоод 5,000 орчим байшингийн цонх хагарч, 1,200 гаруй хүн гэмтэж байжээ. Дээр өгүүлж буй астероид хэрвээ манай дэлхийн агаар мандалд орж ирвэл Челябинскийн гамшигтай адил үзэгдэл болох гэнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар нэгдэн, цалингаа нэмүүлэх арга хэмжээ авахаар шийджээ

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар нэгдэн, цалингаа нэмүүлэх арга хэмжээ авахаар шийджээ.

Багш М.Мөнхтуяа “Одоогийн байдлаар багш нарын цалин маш бага, хаанаа ч хүрэхгүй байгааг нийгэм даяараа мэдэж байгаа шүү дээ. Бид зуны амралтын мөнгөө аваад, шууд цалингийн зээлэнд өгөөд таардаг нь үнэн. Багш нар маш их стресстэй, ямар ч амьдралын баталгаагүй амьдарч байна. Тийм учраас би сэтгэлийн бухимдлаа илэрхийлж багш нарын группт пост бичсэн. Бичсэн пост маань нийт багш нарт дохио өгч, жагсах хүртэл үйл ажиллагаанд нэгдэх эхлэл болсон юм. Миний санаа бодлыг дэмжиж, энэхүү цалин нэмэгдүүлэх жагсаалд нэгдэх хүсэлтэй арван мянган багш одоогоор нэгдээд байна. Түүнчлэн энэ удаад 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр Удирдах зөвлөлөө байгуулж, эхний ээлжинд нийслэл болон хөдөө орон нутгийн багш нарын гарын үсгийг цуглуулан, Засгийн газарт цалингийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх шаардах бичиг хүргүүлэхээр болсон. Энэхүү шаардах бичигт ямар нэгэн хариу өгч, шийдвэртэй алхам хийхгүй бол дараагийн шатанд шилжинэ гэлээ.”

Засгийн газрын зүгээс энэхүү шаардлага болон багш нарын нийгмийн асуудалд анхаарч бодит алхмууд хийхгүй бол зохих зөвшөөрлийн дагуу тайван жагсаал хийхээр төлөвлөж байгаа юм байна. Түүнчлэн нийгэмд үнэн зөв мэдээлэл өгч, багш нарын өнөөгийн асуудлыг дэлгэж хэвлэлийн бага хурал ойрын хугацаанд зарлахаар болсон байна.

Тэрээр хэвлэлийн бага хурлын өдөр хараахан товлогдоогүй байгаа хэдий ч ойрын өдрүүдэд зарлана. Бид нарын хамгийн эхний эрх зөрчигдөж байгаа асуудал цалингийн асуудал л байна. Гар дээрээ 500 мянган төгрөг авч байгаа багш хүн өнөөдрийн энэ нийгэмд яаж амьдрах вэ. Захын үйлчлэгч энэ хэмжээний цалинг хангалттай авч байна шүү дээ.

Тэгэхэд ардын багш энэ цалинг авч, талыг нь цалингийн зээлэнд өгөхөөр үлдсэнээр нь амьдралаа яаж ч зохицуулах арга байхгүй шүү дээ. Хэрэв цалин нэмэхгүй бол багш нарын төлөөлөл талбай дээр тайван жагсаж Засгийн газарт сануулга өгнө. Тэгээд энэ асуудлыг авч хэлэлцээд цалин нэмэхгүй бол хичээл хаялт зарлана. Одоогийн байдлаар нөхцөл байдлаа үнэлээд хуралдаад явж байна” хэмээн мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зэсийн үнэ өссөөр байна

Зэсийн импортлогчоороо хамгийн том улс болох Хятад улсын нөлөөгөөр Нью-Йоркийн Комекс бирж дэх зэсийн худалдаалагдах үнэ гурав дахь улиралдаа тасралтгүй өссөөр байгаа тухай “Mining.com” мэдээлэв.

Ирэх есдүгээр сард биетээр хүргэгдэх зэсийн үнэ нэг тонн нь 6,494 ам.доллар болсон нь 2011 оны арван хоёрдугаар сарын дунд үеэс хойш хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байгаа юмсанж.

Хятадын боловсруулсан зэсийн импорт жилийн өмнөхөөс өнгөрсөн сарыг хүртэл 8.3 хувиар өссөн ч ачаа тээвэр энэ оны эхний долоон сард 26 хувиар буурч 2.62 сая тоннд хүрчээ. 

Түүнчлэн өнгөрсөн сард зэсийн баяжмалын далайн тээвэрлэлт өнгөрсөн жилийн мөн үеийн 2.2 хувийн өсөлтөөс нэг их өөрчлөгдөөгүй байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Гадаад хэргийн яамны туслах сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Гадаад хэргийн яамны туслах сайд Кун Шюаньёуг хүлээн авч уулзаж, Монгол Хятадын Гадаад хэргийн яам хоорондын гурав дахь удаагийн уулзалт амжилттай болж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлыг илүү өргөн хүрээнд хэлэлцсэн нь хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд чухал түлхэц болж байгааг тэмдэглэлээ.

Өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д айлчилж, Бээжин хотноо болсон “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцсон. Айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон нь хоёр улсын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж үзэж байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Энэ үеэр ярьж тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгох, ард түмэнд үр ашгийг нь хүртээх нь айлчлалын үр дүн болох учраас яригдсан асуудлуудыг цаг алдалгүй хэрэгжүүлэх нь бидний зорилт. Үүнд Гадаад хэргийн яамны туслах сайд Кун Шюаньёугийг дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд Монголын талын ажлын хэсэг Бугат хотноо ажилласан. Одоо Бугатын ажлын хэсэг ойрын хугацаанд Монголд ирж, нөхцөл байдалтай танилцаад төслийг яаралтай эхлүүлэх хэрэгтэй байна гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Мөн Замын-Үүд, Эрээн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал зэрэг боомтыг олон улсын статустай болгоход анхаарал хандуулахыг Хятадын талаас хүссэн. Энэ асуудлыг холбогдох газруудад уламжилж, шийдвэрлүүлэх чиглэлээр анхаарал хандуулахыг Ерөнхий сайд хүслээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны туслах сайд Кун Шюаньёу, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Ерөнхий сайдын айлчлалаар ярилцаж, тохиролцсон асуудлууд ажил хэрэг болох нь чухал. Эдгээр асуудлыг холбогдох байгууллага, хүмүүст уламжилж, анхаарч ажиллахаа хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

da6194fb4b9939f4ee72a7f207e69658

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны шууд ярилцлагаас. . .

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр буюу 8-р сарын 10-ны Пүрэв гарагт МҮОНТР-д анхны  шууд ярилцлагад  орсон билээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулга нь 7-р сарын 10-нд Монгол улсын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсноос хойш хэвлэлийн мэдээллийн хэрэгсэлд анхны ярилцлагаа өглөө.

Ерөнхийлөгч Х.Баттулгын ярилцлагаас онцлох зарим яриаг нь хүргье.

-60 тэрбумын асуудлыг АТГ-т хоёр ч удаа дуудаж хэллээ. 3,000 гаруй хүний албан тушаалын асуудал яригдсан.

-Намуудын санхүүжилтийн асуудлыг хуульчилж нарийн болгоно.

-Бид Норвегийн хувилбарыг авчрах ёстой. Байгалийн баялгийг ард түмэн мэддэг байх нь зөв. Уул уурхайн бизнестэй хүмүүс Засгийн газарт ажилладаг эмгэнэлтэй явдал байна.

-Тэтгэврийн зээл гэдэг баталгаатай буюу хуульчлагдсан мөнгө. Эрсдэлгүй мөнгийг зээлэхэд яагаад банк 24 хувийн хүү аваад байдаг юм бэ. Цалингийн зээл яг адил. Үүний хүүг буулгах ёстой.

-Монгол банк өнөөдөр алтны нөөцөө мэдэхгүй байна.

-Дээрээ зарчим ярихгүй бол доороо зарчим ярих хэрэггүй. Аав ээж хоёр хэрэлдэж байвал хүүхдүүд нь ч хэрэлдэнэ.

-Ерөнхийлөгчийн гадаад айлчлал хоёр хөршөөсөө эхэлнэ. Хамгийн эхлээд ОХУ-ын Владивостокт 9-р сард  уулзалтад орно.

-Хоёр хөрштэйгээ нэн тэргүүнд гаалийн татварын асуудлыг ярина гэж бодож байгаа.

Ерөнхийлөгч Х.Баттулгын  МҮОНТР-д  өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргье.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийтийн тээврийн замналд түр хугацаанд өөрчлөлт орно

Сонгинохайрхан дүүрэг Геологийн төв лабораторийн уулзварт байрлах Эрчим хүчний дулааны төв магистраль шугамын шинэчлэлт, их засвар, өргөтгөлийн ажлын хүрээнд энэ сарын 11-ний өдрийн 23:30 цагаас 13-ны өдрийн 07:00 цагийн хооронд үйлдвэрчний эвлэлийн гудамжны тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж авто замын зорчих хэсгийг хаах болсон байна.

Иймд тус гудамж, замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт орно. Үүнд:

  1. Ч:3 “Зүүн салаа-Халдвартын эмнэлэг”
  2. Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник”
  3. Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-10-р хороолол”
  4. Ч:20а “Баянхошуу-3,4-р хороолол-Өнөр хороолол-Геологийн төв лаборатори”,
  5. Ч:20б “Баянхошуу-Геологийн төв лаборатори-Өнөр хороолол-3,4-р хороолол”
  6. Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ-Далангийн зам”
  7. Ч:38 “ХМК-Саппоро-3,4-р хороолол-Хайлааст”
  8. Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”
  9. Ч:45 “Ган хийц-ХМК-Зайсан”
  10. Ч:46 “Улаан чулуут-Их наран-Вокзал”
  11. Ч:57 “Улаан чулуут-Их наран-МУИС”
  12. Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” чиглэлүүд Москвагийн гудамжаар

Хүнсчдийн гудамж-Толгойтын гудамжаар үйлчилнэ.

Иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөж нийтийн тээврийн үйлчилгээг авна уу.

Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гурван охин “Хэмнэл Зүрхэнд” тоглолт хийхээр болжээ

Эрхэм залуусаа, гурван охин хамтлаг 9 сарын 2-нд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн дотор ХАР СУВД УСАН ОНГОЦ дээр орой 20:00 цагаас 23:00 цагийн хооронд  “Хэмнэл Зүрхэнд” тайлан тоглолтоо хийх юм байна шүү.

Уг тоглолтын тухай мэдээллийг 77070707 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдэж болох гэнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Агаарын бохирдлын эсрэг ухаалаг шийдлийг урд хөрш маань олсон бололтой

Зөвхөн монгол улс төдийгүй, дэлхийн томоохон хотууд агаарын бохирдолтой тэмцсээр байгаа билээ. Агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлж буй бодлогоороо амжилт олсон орнууд хөгжлийн түүчийд явж байгаа хэмээн үнэлэгдэх болоод байгаа цаг үе.  Үүнд манай урд хөрш болох Хятад улс агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлээд буй бодлого нь нилээн ухаалаг шийдэл байж чадсан бололтой.

Тэрхүү ухаалаг шийдэл нь цахилгаан машины хэрэглээг эрчимтэй нэмэгдүүлэх аж. Үүнтэй уялдуулан өдөрт 500 цахилгаан машин цэнэглэх хүчин чадалтай зогсоол нээсэн байна. Жолооч нар ухаалаг утсаараа төлбөрөө төлж, цэнэглэх 30 минутын хугацаанд амралтын өрөөнд тав тухтай амрангаа зурагт үзэх боломжтой юм байна. 2020 он гэхэд 900м радиус тутамд ийм цэнэглэх зогсоол барьж байгуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол улсад 100 сая ам.долларын санхүүжилт орж ирлээ

Олон улсын валютын сан (ОУВС)-гийн ажлын хэсэг 2017 оны 7-р сарын 19-нөөс 8-р сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, 2017 оны 5-р сарын 24-ний өдөр батлагдсан гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээг хийсэн. Энэхүү үнэлгээний үр дүн эерэг гарсан тул хөтөлбөрийн хүрээнд олон улсын байгууллагууд болон хөгжлийн түнш орнуудаас батлагдсан 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн дараагийн шатны санхүүжилт хийгдэж эхэллээ.

Тодруулбал, 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад орж ирж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлсэн гэсэн үг юм.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Рахит буюу сульдаа өвчнөөс хүүхдээ хамгаалахын тулд юуг анхаарах вэ?

“Д” аминдэм таны хүүхдэд ямар ашигтай вэ?

Хүний бие махбодын бодисын солилцоонд чухал үүрэгтэй олон янзын бодисууд байдаг бөгөөд эдгээрээс Д аминдэм ясны бүрэлдэхүүний үндсэн хэсэг болох кальци, фосфорыг цусанд зөв зохистой харьцаагаар тогтоон барьж байх үүрэгтэй. Мөн Д аминдэм нь хүний биеийн дархлаа, эсүүдийн үүсэл, өсөлт хөгжилд нөлөөлнө. Жирэмсэн эмэгтэй Д аминдэмийг хангалттай хэмжээгээр авснаар жирэмсний сүүлийн саруудад эхийн цусан дахь Д аминдэм цусаар дамжин урагт нөөцлөгддөг. Энэ нь төрсний дараа нэг сарын дотор нялх хүүхдийн хэрэгцээг хангахад зарцуулагддаг байна.

“Д” аминдэм дутахад:
• Бага насны хүүхдэд Д аминдэм дутсанаар сульдаа буюу рахит үүснэ.
• Насанд хүрсэн хүнд яс сийрэгжилт үүсэхээс гадна халдварын бус олон өвчнөөр өвчлөхөд хүргэх эрсдэлтэй байдаг аж.

Рахит өвчин хор уршигтай юу?

Зарим эцэг эхчүүд хүүхэд томрох үед Рахит өвчний үед илэрдэг хүүхдийн толгой томрох, хөл майга болох гэх мэт шинжүүд аяндаа алга болдог мэтээр тайвширч болохгүй. Рахит өвчин өөр бусад өвчинтэй хавсраагүй үедээ хүүхдийн амь насанд аюул учруулахгүй хэдий ч эцэстээ дараах хэд хэдэн хор уршигт хүргэнэ:

1. Энэ өвчний үед хүүхдийн ясны бүтэц алдагдаж, ясжих үйл ажиллагаа удааширч, биеийн эсэргүүцэл сулран өвчлөмтгий болно.
2. Бодисын солилцоонд гүнзгий хямрал гарч дотоод эрхтэн системийн үйл ажиллагаа алдагдана.
3. Рахитаар өвчилсөн хүүхдүүд бие бялдар, ой тогтоолт, оюун ухаан сэтгэхүйн хувьд үе тэнгийнхнээсээ хоцронги байдаг.
4. Биеийн гадаад үзэмжийг эвдэнэ.
5. Эмэгтэй хүүхэд насанд хүрэхэд аарцаг багатай болдог тул төрөхөд хүндрэл үүсч болзошгүй.
6. Насанд хүрэхэд яс сийрэгжих магадлал нэмэгддэг.

Жирэмсэн эмэгтэйд Д аминдэм дутагдвал хүүхэд төрөхдөө рахиттай төрнө. Үүнээс сэргийлэхийн тулд:

Зуны улиралд жирэмсний хугацаа таарч байгаа бол 7 хоногт 2-3 удаа 10-15 минутаар наран шарлага хийх хэрэгтэй. Энэ нь 10,000 нэгж Д аминдэмийг амаар уусантай тэнцэх хэмжээний аминдэмийг нарны гэрлийн нөлөөгөөр өөрийнхөө арьсанд үүсгэж авах боломжтой юм.

Хүйтэн сэрүүний улиралд жирэмсний хугацаа таарч байгаа бол Д аминдэм агуулсан хоол хүнс хэрэглэхээс гадна Д аминдэмийг эмчийн заавраар нэмэлтээр уух шаардлагатай юм байна шүү.

54-600x515

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хууль бусаар ашигт малтмалын олборлолт хийдэг аж ахуй нэгжүүдийг илрүүлжээ

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар гол мөрнийг бохирдуулж, байгаль орчинд хохирол учруулж ашигт малтмалын олборлолт хийж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд шалгалт явуулж зөрчлийг таслан зогсоож холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг салбарын сайд, мэргэжлийн хяналтын байгууллагад үүрэг болгосон.

БОАЖ-ын сайд, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга нар мэргэжлийн хяналтын байгууллагад үүрэг болгосон ажлынхаа удирдамжийг гарган БОАЖЯ, ЦЕГ, МХЕГ, Ашигт малтмал, газрын тосны газрын хамтарсан ажлын хэсэг Дархан-Уул аймгийн Шарын гол, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдын нутагт ажиллаа.

Эдгээр сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 30 гаруй иргэн, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 10 орчим аж ахуйн нэгж, Бичил уурхайн 20 орчим нөхөрлөлд шалгалт хийж холбогдох зөрчлийг илрүүлсэн байна. Шалгалтын явцад Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд урт нэртэй хуулиар хориглосон талбайн хасалт хийлгэж нөөцийн тодотгол хийлгээгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж батлуулаагүй, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө батлуулаагүй зэрэг зөрчлийг тогтоосон юм.

Үүний эсрэг Хуульд заасны дагуу арга хэмжээг газар дээр нь авч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох, техник тоног төхөөрөмжийг лацдаж хууль хяналтын байгууллагад шилжүүлэх арга хэмжээг ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны мөрдөгч нар холбогдох арга хэмжээг газар дээр нь авч хэрэгжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд гэхэд 100 гаруй нөхөрлөл, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж ашигт малтмалын олборлолт хийдэг. Эдгээрээс ганцхан аж ахуй нэгж ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй, 7 аж ахуйн нэгж бичиг баримтын бүрдэл дутуу байсан юм. Үлдсэн тусгай зөвшөөрөлгүй, бичиг баримтын зөрчилтэй 70 орчим нь Бичил уурхай эрхэлдэг нөхөрлөл, 40 орчим нь хувиараа олборлолт хийдэг иргэд байдаг байна.

Мөн бичил уурхай эрхлэх асуудлаар Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг даалгавар БОАЖ-ын сайдаас хүргүүлэхээр болсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Таван хүний амийг аварсан их эмч Б.Түмэнбаяр эрүүл мэндийн салбарын хүндэт цол тэмдгээр шагнагдлаа

Жил бүрийн наймдугаар сард уламжлал болгон тэмдэглэдэг эрүүл мэндийн салбарын ажилтны баярыг тохиолдуулан өнөөдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 67 эмч тангараг өргөлөө. Эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүний амь  нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тэд  амлалаа. Шинэ, залуу эмч нарыг тангараг өргөсний дараа тус төвийн шилдэг эмч, ажилтнуудыг шагнаж урамшуулсан бөгөөд эрүүл мэндийн салбарын хүндэт цол тэмдэг болон “Wenger” брэндийн гарын бэлгийг гардуулан өглөө.

beff8f_emch8_x974

d9498d_emch2_x974

Жил бүр зохион байгуулагддаг Эрүүл мэндийн салбарын ажилтны баярын өдөр болох 8-р сарын 09-ныг тохиолдуулан Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах нэн хариуцлагатай үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд болон одоо хүчин зүтгэж буй эрүүл мэндийн салбарын нийт ажилтнуудыг шагнаж урамшуулан, эрүүл мэндийн салбарын хүндэт цол тэмдэг болон “Wenger” брендийн гарын бэлгээр мялаалаа. Түүнчлэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 67 эмч нар тангараг өргөсөн аж.

Эрүүл мэндийн салбарын ажилтны баярын өдрөөр Баянхошууны замд 40 тоннын контейнерт даруулан осолд өртсөн нэг гэр бүлийн таван хүний амийг аварсан Сонгинохайрхан салбарын гуравдугаар ээлжийн их эмч Б.Түмэнбаярыг “Нийслэлийн эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан юм. 

bee144_emch1_x974

Нийслэлийн түргэн тусламжийн төв нь өнгөрөгч долдугаар сард 184.700 хүнд үйлчилснээс 80%-д нь эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээг 20 минутын дотор хүргэсэн амжилт тогтоожээ.

Нийслэлийн түргэн тусламжийн төв нь өдгөө 410 ажилтантай ба 167 нь их эмч, 120 нь жолооч юмсанж. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өдөрт 46 машин гаргадаг бол 167 эмч хоёр ээлжээр ажилладаг байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

2017 оны 08 дугаар сарын 09-ний ~ 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан байдал

2017 оны 08 дугаар сарын 09-ний 20 цагаас 08 дугаар сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө сэрүүсч 17-19 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 3-8 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 16-21 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 18-23 градус, Их нуурын хотгор болон Алтайн өвөр говиор 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 12-17 градус, бусад нутгаар 16-21 дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 12-17 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр сэрүүсч 19-24 градус, нутгийн зүүн хэсгээр  24-29 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

2017 ОНЫ 08 ДУГААР САРЫН 11-НЭЭС 08 ДУГААР САРЫН 15-НЫГ ХҮРТЭЛХ  ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

11-нд төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн бороо, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно.

Дуу цахилгаантай. Салхи 11-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр,    12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд баруун аймгуудын нутгаар, 14-нд зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 11-12-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3-8 градус байна.

 Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө  Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын талаар 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ази, номхон далайн бүсийн орнуудын иргэний нисэхийн ерөнхий захирлуудын 54 дүгээр хурал болж байна

Монгол Улс Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/-ын тусгай агентлаг болох Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-д 1989 онд гишүүнээр элсэн, 193 бүрэн эрхэт гишүүний нэг болсон юм.

ОУИНБ нь гишүүн улс орнуудаа Америк, Африк, Европ, Ази, Номхон далай, Ойрхи дорнодын зэрэг 7 бүсэд хувааж, 3 жил тутам ерөнхий ассамблейгаараа сонгодог 36 орны төлөөлөлтэй Зөвлөл үйл ажиллагаагааг нь удирдан явуулдаг. Ази номхон далайн бүс хамгийн олон орон хамрагддаг бүс бөгөөд жил бүр Иргэний нисэхийн ерөнхий захирлуудын хурлыг аль нэг улсад 5-7 хоногийн хугацаагаар зохион байгуулж ирсэн.

Манай улс ОУИНБ-аас зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, олон улсын хэмжээний эрх зүйн акт, конвенци, баримт бичигт нэгдэн, иргэний агаарын тээврийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал, нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааг зохицуулах бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулахад хамтарч ажилладаг юм.

Иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын чиглэлээр олон улсын аудит хийлгэх, сургалт, судалгаанд хамрагдах, Агаарын тээвэрлэгчдийн холбооноос зохион байгуулдаг хамтын ажиллагааны хөтөлбөрт оролцох, дотоод болон гадаад орнуудын иргэний нисэхийн байгууллагууд, сургалтын байгууллагуудыг гэрчилгээжүүлэх зэрэг үйл ажиллагаанд хамрагдах, оролцох, зохион байгуулах чиглэлээр ажиллаж ирлээ.

Ази, номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 54 дүгээр хурал Улаанбаатар хотноо энэ сарын 7-11-ний өдрүүдэд болж байна.

DSC_0459

DSC_0462(1)

Энэ хуралд бүс нутгийн төлөөлөл төдийгүй, иргэний нисэхийн олон улсын төрөл мэргэжлийн 10-12 байгууллага, агаарын тээвэр өндөр хөгжсөн Америк, Европын улс орнуудын төлөөлөгчид, агаарын хөлөг болон агаарын навигаци, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын чиглэлийн тоног төхөөрөмж, нисэхийн цахим хяналт удирлагын систем, үйлдвэр эрхлэгчид, олон улсын байгууллагууд байнга оролцдог уламжлалтай.

Тус хурлын үйл ажиллагааны үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нийт төлөөлөгчдөд хандан үг хэллээ. Тэрээр “Бид нэг дэлхийтэй, нэг зорилготой. Улс орон бүрийн онцлогоос хамаарч иргэний нисэхийн салбарт тулгарч буй асуудлууд өөр өөр, шийдэл нь харилцан адилгүй байх боловч Олон улсын иргэний нисэхийн байгууллагын өмнөх хурлуудаас дэвшүүлсэн “нэг ч орныг орхихгүй хамтдаа хөгжих” уриан дор үйл ажиллагаагаа явуулж байгаа бид нэгэн цогц системийн бүрдэл юм” хэмээн онцлов.

Мөн Ази, Европ, Америк тивийг холбох нислэгийн хамгийн дөт замналтай, олон улсын нислэгийн аюулгүй байдлыг бүрэн хангасан, техник технологийн хамгийн сүүлийн үеийн ололт, тоног төхөөрөмжөөр хангагдсан навигацийн үйлчилгээтэй Монгол Улс нь бусад улс орнуудтай идэвхтэй хамтран ажиллах болно гэдгийг хэллээ. Ази, Номхон далайн бүс нутгийн иргэний нисэхийн салбарын хөгжлийг эрчимжүүлэхэд хүчин чармайлт гарган, хувь нэмрээ оруулж ажилласаар байх болно гэдгээ илэрхийллээ.

Дээрх хурлыг Ази, Номхон далайн бүсэд хамаарах зарим улс орон 2-3 удаа хүлээн авсан бөгөөд Монгол Улс 2003 онд 40 дүгээр хурлыг хүлээн авч, Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсанаар ОУИНБ-ын дээд удирдлага, гишүүн орнуудаас өндөр үнэлгээ авч байсан.

ОУИНБ-аас 2012 онд Ази, Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн ерөнхий захирлуудын 54 дүгээр хурал (DGCA 54)-ыг Монгол Улсад зохион байгуулах санал тавьж, 2015 оны 52 дугаар хурлаар баталсан. 2016 оны 07 дугаар сард Шри-Ланка Улсад зохион байгуулагдсан 53 дугаар хурлын үеэр Монгол Улсад хурлын тугийг албан ёсоор шилжүүлэн өгч, хурлын сэдвийг тогтсон.

Энэ удаагийн “Ази, Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн ерөнхий захирлуудын 54 дүгээр хурал” нь “The challenge of managing outcome focused and risk based regulations for Asia Pacific states” –/Эрсдэлд тулгуурласан, үр дүнд чиглэсэн зохицуулалт хийхийг Ази, номхон далайн бүсийн орнуудад уриалах нь/ сэдвийн дор болж байгаа юм.
Ази, Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн ерөнхий захирлуудын 54 дүгээр хурал 5 хоног үргэлжлэх бөгөөд Ази, Номхон далайн бүсийн 40-өөд орон, иргэний нисэхийн олон улсын 12 байгууллагын нийт 400-гаад төлөөлөгч оролцож байна.

media-share-0-02-06-5aacefd7ed035a0ee42e39722ffbbf662a6f5a18ad17b4f715f7e75f6a62b511-2e8df00e-d0a5-4345-a099-4ba39f1fcb3d

media-share-0-02-06-080dcc53354197eae3900b6a7c53c633f86a7149f420a1e336159852a27dbfbb-71318fbf-0bfa-4996-a3ea-87cbad2c15cd

Олон улсын хурал манай улсад зохион байгуулагдсанаар:

1. Монгол Улсын нэр төрийг олон улсын тавцанд өргөх,
2. Монгол Улсын иргэний нисэхийн салбарыг олон улсад сурталчлах,
3. Ази, Номхон далайн бүсийн орнуудын хоорондын хамтын ажиллагааны цар хүрээг өргөтгөх,
4. Иргэний нисэхийн олон улсын байгууллагатай хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

a3938a6f55c5e6a4bdbc7d7bd1cc5934

media-share-0-02-06-694bd3a51ea4dfb0d834c2c2f7e63a76d4c212f8ef74ee597775989c07022685-f3f486ac-8a3b-4404-a8e5-ef13f1636e74

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа