Author Archives: admin

Мексик улсад 43 тэрбум баррель газрын тос илэрлээ

Мексик улсад 43 тэрбум баррель газрын тосны нөөц илрээд байгаа билээ. Харин Мексик улсын төрийн мэдлийн Petroleos Mexicanos компани “Нефтийн зах зээлд Мексикийн байр суурь 10 жилийн дараа нийлүүлэгчээс хэрэглэгч рүү өөрчлөгдөнө” гэжээ. Учир нь 43 тэрбум баррель газрын тосны 32% нь шууд олборлох бол үлдсэн нь тусгай технологи хэрэглэж олборлох нөөц юмсанж.  Гэхдээ бүр мөсөн нефтьгүй болчихно гэсэн үг биш, хайгуулын ажил явагдаж байгаа хэмээжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Террористууд энгийн номхон иргэдийг “харгис аргаар” хөнөөжээ

Өнгөрсөн ням гарагт Сар-и Пул мужийн Мирзаваланг суурин дахь цагдаагийн шалган нэвтрүүлэх цэг рүү зэвсэгт этгээдүүд халдаж, дараа нь лалын шашны ниит урсгалыг шүтэгч иргэд, тэдний дотор хүүхэд болон эмэгтэйчүүдийг буудан хөнөөсөн байна.

Зэвсэгт этгээдүүд иргэдийг “харгис аргаар хайр найргүйгээр” хөнөөсөн гэж мужийн захирагчийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Афганистаны аюулаас хамгаалах хүчний долоон алба хаагч мөн энэ халдлагад өртөн амиа алджээ.

Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “лалын шашны суннит урсгалыг шүтэгч “Талибан” болон “Лалын улс” бүлэглэлийн хүмүүс иргэдийг хөнөөсөн” гэсэн юм.

Ийм халдлага үйлдсэнийг Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани эрс зэмлэн буруушаагаад “Террористууд дахиад л энгийн номхон иргэд, хүүхэд, эмэгтэйчүүдийн аминд хүрлээ. Тэдний энэ харгислал нь хүний эрхийг шууд зөрчсөн хэрэг бөгөөд дайны гэмт хэрэг үйлдсэнтэй дүйцнэ” гэжээ.

Сүүлийн саруудад Афганистаны байдал улам тогтворгүй болсоор байна. НҮБ-ын мэдэгдсэнээр, энэ оны эхний хагаст Афганистанд 1662 энгийн номхон иргэн амь үрэгджээ.

Афганистаны армийнхан болон цагдаа нарт тусалж буй армийн алба хаагчдынхаа тоог нэмэгдүүлэх эсэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа авч хэлэлцэж байгаа аж.

КАБУЛ. /ВВС/. Афганистаны хойд нутагт зэвсэгт этгээдүүд 50 гаруй энгийн номхон иргэдийг хөнөөсөн гэж албаны эх сурвалж мэдэгдсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Мора” 3D хүүхэлдэйн кино удахгүй нээлтээ хийнэ

Хоёр жил гаруй хугацаанд бүтээгдэж Амжилт студын чадварлаг, бүтээлч, хөдөлмөрч залуусын ур ухаан, зүтгэл чармайлтын хүчээр амжилттай бий болсон “Мора” 3D хүүхэлдэйн кино Монголын технологийн салбарт болон кино урлагт энэ төрлөөр анхны шанг татаж буйгаараа өндөр ач холбогдолтой юм.

Амжилт студын чадварлаг, бүтээлч, хөдөлмөрч залуусын ур ухаан, идэвхи зүтгэлээр амжилттай мэндэлсэн “Мора” 3D хүүхэлдэйн кино ирэх сард кино дэлгэцнээ нээлтээ хийхээр товлогдоод байна.

“Мора” хүүхэлдэйн кино нь  1 цаг 15 мин үргэлжлэх бөгөөд Улаанбаатар хотод өрнөх өнөөгийн амьдралаас сэдэвлэсэн “Том-Амжилт” компанийн анхны зөгнөлт бүтээл гэдгээрээ онцлог юм.

Киноны найруулагчаар Найруулагч: Чулуунмөнхийн Отгонбаяр, Продюсер: Жаргалсайханы Шижир, Зохиол: Г.Анхбаяр нар ажиллажээ.

Киноны үйл явдал Тэргэл хэмээх өөрөөсөө өөр хүнийг хайрлаж, хүндэлдэггүй зожиг зохион бүтээгч залуу “Мора” гэх нисдэг робот бүтээнэ. Гэвч зохион бүтээгчийн шинэлэг үйлдлийн системд санаархсан Томоо хорон санаа гаргаж, муу бүхнийг үйлдэнэ. Тэргэл, Шүрээ хэмээх бүсгүйд сэтгэлтэй болох боловч киноны үйл явцад “Мора’-ийн үйлдлийн систем алдагдаж, дурлалт бүсгүй нь сураггүй алга болсноор цааш адал явдлаар дүүрэн үргэлжлэх билээ.

Бүх ээдрээт асуудлуудын зангилааг  тайлж, робот, дурлалт бүсгүйгээ хэрхэн аврахыг үзэгч та бүхэн уг киноноос үргэлжлүүлэн үзээрэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гол дагуух 20 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан өнөөдөр Туул, Улиастайн гол дагуух нийт 30 километр газрын хог хаягдлыг  цэвэрлэлээ. Цэвэрлэгээнд дүүргийн Тамгын газрын нийт алба хаагчид болон 5, 9, 10, 11, 20, 23 дугаар хороод, Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ын Иргэдийн бүлэг болон Батлан хамгаалах Их сургуулийн 1000 оюутан цэрэг зэрэг нийт 1200 гаруй  хүн оролцсон юм.

Энэ удаагийн цэвэрлэгээгээр нийт 20тонн хог хаягдлыг ачиж цэвэрлэсэн бөгөөд ирэх есдүгээр сарыг дуустал цэвэрлэгээг үе шаттайгаар үргэлжлүүлэх юм. Гол дагуух хог хаягдлын  дийлэнх нь архи, пивоны шил лааз эзэлж байсан. Мөн голын усанд гялгар уут болон ахуйн хогийг ихээр хаясан байжээ. Иймд иргэд та бүхэн амралт зугаалгаар явахдаа хог хаягдлаа ил задгай газар хаяхгүй байж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Японы Нагано мужийн Саку хотын найман хүүхэд Сүхбаатар дүүрэгт зочиллоо

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг Японы Нагано мужийн Саку хоттой эгч дүүсийн найрамдалт харилцаатай. Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хүүхэд солилцооны хөтөлбөрт хамрагдсан Саку хотын хүүхдүүд, албаны хүмүүсийн хамт энэ сарын 1-6 ны өдрүүдэд Сүхбаатар дүүрэгт зочиллоо. Хүүхдүүдийг дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд болон холбогдох хүмүүс хүлээн авч уулзав. Энэ үеэр хүүхдүүд Саку хотынхоо талаар танилцуулга бэлтгэж ирснээ сонирхуулав. Мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагаатай танилцсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гашуунсухайт боомтын ачаалал эрс буурчээ

Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор нүүрс  тээвэрлэж байгаа хүнд даацын автомашины цуваа олон арван км үргэлжилж, урт дараалал үүссэний улмаас нэг удаа хилээр гарахдаа 3-4 өдрийн хугацааг зарцуулдаг байсан. Тэгвэл хүнд даацын автомашины хилээр орох гарах урсгалын тоог нэмэгдүүлж, хил нэвтрэх баримт бичиг шалгагчийн 14 кабиныг байгуулснаар оочир дараалал эрс буурч, жолооч нар чирэгдэлгүйгээр хил нэвтрэх боломж бүрдлээ.

Хилийн шалган нэвтрүүлэх уг пост байгуулах санхүүжилтийг төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж энэ сарын 2-нд нээлтээ хийсэн юм. Тус кабин ашиглалтад орсноор Гашуунсухайт боомтоор нүүрс болон зэсийн баяжмал тээвэрлэж байгаа жолооч нарын хил нэвтрэх эрхийн бичгийг 1 минутын дотор багтаан шалгах боломжтой болж байна. Тус боомтоор өдөрт 1500 орчим нүүрс тээврийн автомашиныг хилээр шалган нэвтрүүлдэг байсан бол энэ өдрөөс эхлэн 3000-н автомашиныг нэвтрүүлэх боломжтой болж байгаа юм.

a3a7d0b4f25848d83b37f9480b1655bb

b2e2f249cc23fded3588b66dd21d9726

Мөн эрдэс баялаг тээвэрлэж буй жолооч нар хэдэн өдрөөр олон арван км-н урт цуваа үүсгэж хил нэвтэрдэг асуудал өөрчлөгдөж, цаг хугацааг ихээхэн хэмнэж байгаа нь хамгийн чухал юм. Энэ утгаараа тус боомтоор экспортолж байгаа эрдэс баялгаас улсын болон орон нутгийн төсөвт төвлөрөх татвар, хураамж нэмэгдэж, улс орны эдийн засагт мөн хэмжээгээр дэмжлэг болох бодит боломжийг бүрдүүлсэн чухал үйл явдал болж байгаа гэдгийг томоохон уул уурхайн компаниудын удирдлагууд хэлж байсан юм.

Хилийн боомтын зөвлөлөөс Гашуунсухайт боомтыг жишиг боомт болгохоор төлөвлөсний дагуу эхний ажлууд ийнхүү үр дүнгээ өгч эхлээд байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Солонгос Монголын хамтын ажиллагааны форумын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол-Солонгосын эдийн засгийн форум, Солонгос-Монголын хамтын ажиллагааны форумын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол Солонгосын эдийн засгийн форум хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг бүхий л түвшинд эрчимтэй хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зургаан жилийн өмнө байгуулагдсан, үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг бөгөөд хамтарсан хуралдаан нь өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж буй юм байна.

Уулзалтад тус форумын удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Н.Энхболд, удирдах зөвлөлийн дэд дарга Г.Батхүү, Солонгос-Монголын хамтын ажиллагааны форумын тэргүүн, БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Ким Тэ Нён, БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд, Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун болон форумын бусад гишүүд оролцлоо.

Уулзалтын үеэр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, Солонгост ажиллаж амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах болон тус улсаас манай улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд форумаас үзүүлэх дэмжлэг, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Монгол, Солонгосын харилцааг бүхий л салбарт хөгжүүлэхийн төлөө гүүр болж ажилладагт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат талархал илэрхийлээд хамтарсан хуралдаанд амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энэтхэгийн цэрэг Хятадын хил дээр цэргээ нэмэгдүүлсээр байна

Өнгөрсөн долоо хоногт “Энэтхэгийн цэргийн 48 хүн болон 1 бульдозер хууль бусаар Хятадын хилд нэвтрэн оржээ” хэмээх мэдээлэлд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуаний хийсэн мэдэгдлийн тухай хүргэсэн билээ.

Тэгвэл нөхцөл байдал нэг л биш болоод байгаа учир Хятадууд анхааралдаа авч эхэллээ.

Энэтхэг улс Хятадын хилийн дагуу цэргээ нэмэгдүүлж байгааг Бээжингийн албаныхан мэдээлэлсэн байна. Энэтхэгийн уулархаг бүс нутаг болох Сикким муж нь Хятадтай 3500 км газраар хиллэдэг аж. “Энэтхэгийн тал хил дагуу зам засаж, олон тооны зэвсэглэсэн цэргүүдийг байршуулаад сар гарангийн хугацаа өнгөрсөн аж. “Энэ нь яав ч энхийн төлөө биш” хэмээн Хятадын гадаад хэргийн сайд мэдэгдээд байсан билээ. Харин Энэтхэгийн тал хил дагуу цэргийн хүчээ нэмэгдүүлсэн гэх хардлагыг үгүйсгэж, “Хятадтай энх тайван харилцааг эрхэмлэж, үл ойлголцлыг яриа хэлцлээр шийдэх хүсэлтэй” хэмээн мэдэгджээ.

Өмнө нь өнгөрсөн зургадугаар сард “Тахианы хүзүү” гэж нэрлэсэн Энэтхэг, Бутаныг хооронд тусгаарладаг Хятадын эзэмшлийн хилийн нарийн зурвас бүс дэх тосгонд хоёр талын хилийн харуулууд хоорондоо зэвсэг барин тулсан хэрэг гарч байв. Энэ нь Энэтхэгийн хил дагуух зам засварын ажилтай холбогдон гарсан маргаан байж. Түүнчлэн Хятадын гадаад хэргийн яамнаас “Ямар ч улс Хятадын цэргийн хүчин чадал, энх тайван, тусгаар тогтнолоо хамгаалах чадварыг дорд үзэх ёсгүй” хэмээн мэдэгджээ.

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди ирэх есдүгээр сард “BRICS”-ийн чуулга уулзалтад оролцохоор Хятадад айлчлах аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч Х.Баттулга “Оффшор данс”-ны тухай Сангийн сайдад ханджээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оффшорын асуудлаар олон улсын байгууллагатай хамтрах асуудлаар Сангийн сайдад хандан өнөөдөр албан бичиг хүргүүллээ.

Уг албан бичигт “Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга манай улсаас оффшор бүсэд хууль бусаар байршуулсан хөрөнгийг буцаан авчирч өрийн дарамтыг багасгах чиглэлээр ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын /OECD/ оффшор бүсэд хууль бусаар хөрөнгө байршуулахын эсрэг үйл ажиллагаа явуулдаг Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны чиглэлээрх Дэлхийн форум /Global Forum of Transparency and Exchange of Information for Tax Purposes/ мөн татварын шударга тогтолцоог бүрдүүлэх Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулах /Base Erosion and Profit Shifting/ асуудлын эсрэг төсөлтэй хамтран ажиллахаар төлөвлөж байгаа юм.

Эдгээр байгууллагуудаас гишүүн болох саналыг 2012, 2016 онуудад манай талд тавьж байсан байна. Оффшор бүсэд хууль бусаар хөрөнгө байрших явдалтай тэмцэх ажлын хүрээнд эдгээр байгууллагуудад Монгол Улс нэгдэн орох асуудлыг судлан үзэж хэрэгжүүлэхээр ажиллана уу. Явцыг эргэж мэдээлэхийг хүсье.” гэсэн байна.

Оффшор дансаа хааж, мөнгөн хөрөнгөө оруулж ирэхэд 35 хоног үлдлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахыг түргэвчлэх, визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналаа илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн И Хэ Чан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Ноён И Хэ Чан, есөн жилийн дараа ирэхэд Монгол Улс ч, манай хоёр улсын харилцаа ч маш их хөгжсөн байна гээд энэ удаа хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийг түлхүү сонирхож буйгаа онцоллоо.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, манай улсын хөгжлийн тэргүүлэх салбаруудын нэг нь хөдөө аж ахуй юм гээд энэ чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллахад болон Засгийн газрын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа дурдлаа. БНСУ-д саяхан болсон сонгуулиар Ардчилсан нам ялж, эрх баригч хүчин болсонд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат баяр хүргэж, хоёрын талын тохирсон зарим ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцлов. Тухайлбал, одоо ажлын хэсгийн хамтарсан судалгааны төвшинд байгаа Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хурдхан байгуулбал манай хоёр улсын харилцаа илүү хөгжих боломжтойг Ерөнхий сайд илэрхийллээ. Мөн БНСУ-ын тал манай улсад 500 сая долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн байгаа, энэ зээлээр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн саналаа манай тал удахгүй явуулах учир зээлийн хэлэлцээрийг ойрын үед тохирч байгуулна гэдэгт итгэж буйгаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

Монгол Улсын 40 гаруй мянган иргэн БНСУ-д ажиллаж амьдарч байгаа юм. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эдийн засаг сэргэхээр иргэд маань эх орондоо буцаад ирнэ. Манай улсын эдийн засгийн түр зуурын хүндрэлтэй энэ байдлыг харгалзан БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдэд маань бүх талын дэмжлэг үзүүлэх, цаашид хоёр улсын иргэдийн харилцан зорчих визийн нөхцөлийг илүү хөнгөвчлөх тал дээр эрх баригч шинэ хүчин, Үндэсний ассамблейн зүгээс нааштай хандана” гэдэгт итгэж  байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

20af98539d9ee84dae010768d4a6bd45

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

2017 онд 138688 зөрчил гаргасан жолооч, 1046 жолоочийн зөрчлийн оноо дууссан

Жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо хүртэл хасна гэж тус журманд орсон байдаг билээ. Мөн тус журманд жолооч бүр арван оноотой байх бөгөөд ямар зөрчил гаргасан гэдгээсээ шалтгаалан дараах 17 тохиолдолд оноо хасагдана.

  1. Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй үедээ (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч – 2 оноо.
  2. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолооч – 1 оноо.
  3. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолооч – 2 оноо.
  4. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн уг этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолооч – 1 оноо.
  5. Улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон жолооч – 2 оноо.
  6. Механикжсан тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолооч – 2 оноо.
  7. Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн жолооч – 3 оноо.
  8. Зам тээврийн осолд холбогдсон жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй жолооч – 2 оноо.
  9. Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй жолооч- 1 оноо.
  10. Гэрлэн дохио болон цагдаагийн алба хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон жолооч – 1оноо.
  11. Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн тохиолдолд – 2 оноо.
  12. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн жолооч – 2 оноо;
  13. Давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолооч – 2 оноо;
  14. Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн жолооч – 3 оноо;

15.Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн жолооч – 1 оноо;

  1. Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолооч – 1 оноо.
  2. Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг зөрчснөөс зам тээврийн осол үйлдсэн болох нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд -5 оноо тус тус хасагдах аж.

Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш нэг жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээж, мөн зөрчил гаргалгүй хоёр жил өнгөрсөн тохиолдолд зөрчлийн арван оноог сэргээж урамшуулах юм гэнэ. Жолоочийн зөрчлийн оноо дууссан буюу эрх хасагдсан, хуулийн дагуу ногдуулсан торгуулийг заагдсан хугацаанд сайн дураараа төлөөгүй жолоочид энэхүү журмын урамшуулал хамаарахгүй гэнэ шүү. Шинээр жолоодох эрхийн үнэмлэх авсан жолооч (үнэмлэх нөхөж, сольж авах, ангилал ахиулахаас) бусад зөрчлийн оноо дууссан болон эрх хасагдсан жолооч зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд зөрчлийн арван оноо олгох юм.

Зөрчлийн бүртгэлийн оноог хасуулсан жолооч Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүсэлт гаргаж, зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд зөрчлийн бүртгэлийн арван оноог сэргээнэ гэнэ.

Жолооч нар зөрчлийн оноогоо http://service.police.gov.mn/checkDriver хаягаар орж шалгах боломжтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

YouTube-ийн түүхэнд анх удаа 3 тэрбум удаа үзсэн уран бүтээл тодорлоо

Одоогоос ердөө ес хүрэхгүй сарын өмнө зах зээлд гарсан Luis Fonsi, Daddy Yankee нарын “Despacito” дууны видео YouTube сүлжээний шинэ дээд амжилтын эзэн болж, 3 тэрбум үзэлтийн босгыг давлаа.

Дөнгөж өчигдөр нь тэр Wiz Khalifa, Charles Puth нарын “See you Again” видеог гүйцэж, YouTube-ийн хамгийн олон үзэлттэй бүтээл болоод байсан юм. Уг хип хоп/поп төрлийн латин дууны видео нэг сарын өмнө YouTube-ийн хааны титмийг Өмнөд Солонгосын PSY-ийн “Gangnam Style”-аас булаасан байна.

Өнгөрсөн оны нэгдүгээр сарын дундуур YouTube сүлжээнд оруулсан “Despacito” дууны видеог дэлхий нийтээр огт уйдахгүйгээр үзэж, дахин дахин тоглуулсаар байгаа юм.

Түүний аваргын титмийг ойрын хугацаанд булаах бүтээл гараагүй байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Байгаль эх өөрийнхөө зүй тогтлоор домогт хайрханаа урлажээ

Завхан нутгийнхан ч, ард иргэд бид цөмөөрөө  оройн дээд очирваань “Отгонтэнгэр” хайрханаа мөнхөд дээдлэн хүндэлж, шүтэн биширч ирсэн билээ. Эл хайрханы тухай урлагийн төрөл бүрийн олон уран бүтээл бий.  Гэвч энэ удаад хүний оюун санаанаас ангид байгаль өөрийнхөө зүй тогтлоор домогт хайрханаа урлажээ.

Байгалийн сонин, содон, үнэт чулуу цуглуулагчийн цуглуулгын сор болсон чулууны зургийг бид анх удаа дэлгэн үзүүлж байна.

sfhgh

11*8 см харьцаатай Очирвааний дүрс бүхий чулуу энэ чулууг хайрханы гэрэл зураг, уран зургуудтай харьцуулан харах тусам сэтгэл баясан хөдөлж, үнэхээр тайлагдашгүй, байгалийн сүр хүч, нууцлаг байдлыг шүтэн биширч хоцорлоо.
Очирваань “Отгонтэнгэр” хайрханы дүрс бүхий чулууг гайхалтай билгийн нүдээрээ олж таньж “шүтээн” болгон залсан эрхэмд ард түмэн Завханчуудынхаа өмнөөс хүндэтгэл өргөе.
Түүний цуглуулагад олон зүйлийн үнэт зүйл байх агаад “Алтайн сүрлэг хөх” уулсыг санагдуулам дүрс бүхий чулуу ч байх аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Д.Оюунхорол: Хаягдал, сав баглаа боодлыг үйлдвэрлэгч болон импортлогч нь хариуцаж хураамж төлөх зохицуулалттай болсон

БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

НОГООН ЗЭЭЛИЙН САНТАЙ БОЛСНООР АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЭХЛЭЛИЙГ ТАВИНА.

–Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурал өнгөрсөн мягмар гаригт боллоо. Тодорхой шийдэлд хүрсэн ямар асуудал байна вэ?

-Ерөнхий сайд Ж.Эрдэнбатаар даргалуулсан үндэсний хорооны хурал маань амжилттай боллоо. Нийслэл болон 10 мянгаас дээш хүн амтай суурин газрын цахилгааны шөнийн тарифийг тэглэх болсонтой холбогдуулж, иргэдэд бэлтгэлээ хангах боломж олгохыг Ерөнхий сайд үүрэг болгосон. Энэ асуудлыг дэмжих үүднээс манай яам “Ногоон зээлийн сан” байгуулах бэлтгэл ажлаа хангаад байгаа. Төстэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын сангаас хөрөнгө оруулалт авах замаар үйл ажиллагаагаа явуулах энэ сан маань өчигдрийн хуралдаанаар дэмжлэг хүлээлээ. Сангийн үйл ажиллагаа эхэлснээр байгальд ээлтэй техник, технологийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох ажлууд эхлэх бололцоо бүрдэх юм. Ногоон зээлийн сан нь Засгийн газрын сан шиг үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд улсын төсөвт ямар ч дарамт үзүүлэхгүйгээр олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц ногоон төслүүдийг дэлхийн зах зээлд гаргаж, төстэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын сангуудаас санхүүжнэ гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болоод байгаа хүлэмжийн хийг бууруулах асуудал дээр хийж байгаа монгол эрдэмтэд болон зохион бүтээгчдийн бүтээлээр олон улсын анхаарлыг татаж, хөрөнгө оруулалт татсаны үндсэн дээр агаарын бохирдлыг бууруулна гэж тооцоолж байгаа. Энэ ажлыг бид Сангийн яам, Банкуудын холбоотой хамтран бэлтгэл ажлыг нь хангаж байна. Бодлогын зөвлөлд нь салбар салбарын төлөөлөл багтах бөгөөд менежментийн багийг нь сонгон шалгаруулалтын үндсэн дээр хувийн хэвшлээр хийлгэх төлөвлөгөөтэй байгаа. Ингэснээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэр дээр тогтох зорилтот, үлгэр жишээ томоохон сантай болох юм.

–Агаарын бохирдлоос гадна хөрс, усны бохирдол манайд хурц асуудал болоод байгаа. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд өнгөрсөн сард Горхи, тэрэлжийн байгалийн цогцолборт газарт бага оврын цэвэрлэх байгууламж бүхий нийтийн бие засах газар бариулж, ашиглалтад оруулсан. Уг байгууламж нь өдөрт 3 тонн бохирыг 98.6 хувиар гүн цэвэрлэж, ариутган, 40 хувийг саарал ус болгон бие засах суултуурт дахин ашиглана. Хамгийн гол нь манай орны эрс тэс, хүйтэн сэрүүн уур амьсгалд тохирсон буюу 40 градусын хүйтэн, халуунд ажиллах боломжтой. Цаашдаа энэхүү байгууламжийг тусгай хамгаалалттай газар, аялал жуулчлалын бүсэд жишиг болгохоор ажиллаж байна. Мөн Азийн хөгжлийн банктай хамтран гэр хорооллын 1500 өрхөд стандартад нийцсэн ариун цэврийн байгууламж байгуулахаар ажиллаж байгаа. Энэ ажилд маань төрийн бус байгууллагуудын оролцоо маш чухал байгааг дурьдах гэсэн юм. Монголын байгаль орчны иргэний зөвлөлийнхөн гэр хорооллын айлуудын жорлонгийн асуудлыг газар дээр нь очиж, судалж, бидэнд мэдээлэл өгч байгаа нь төрийн бус байгууллагууд шүүмжлэгч биш ажил хэрэгч байдлаар асуудалд хандаж байгаагийн нэг илрэл юм. Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нүхэн жорлон барьж, орчныхоо хөрсийг бохирдуулсан аж, ахуйн нэгжид хариуцлага хүлээх асуудлыг тусгаж өгсөн. Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр барих асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газарт хандсан, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ асуудлыг яаравчлуулах үүднээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон манай яамыг хамтарч ажиллаж, төслөө оруулж ирэх үүрэг өгсөн.

ХОГ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИХ САНАЛЫГ ЕРӨНХИЙ САЙД ДЭМЖИЖ, ЯАРАВЧЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОСОН

-Шинэчлэн батлагдсан Хог хаягдлын тухай хуулийн онцлог юунд байна вэ. Хуулийн хэрэгжилтийг хангуулахад хэрхэн анхаарч байгаа вэ?

-Хуулийг шинэчлэн батлуулсантай холбоотойгоор НҮБ-ын Байгаль орчны байгууллагын Олон улсын хүрээлэн буй орчны технологийн төв, Азийн технологийн институт, Ази, Номхон далайн бүсийн нөөцийн төвтэй хамтран үндэсний болон Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан. Энэ нь Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт, менежментийг сайжруулахад ихээхэн түлхэц болно. Хуулийн шинэчилсэн найруулгаар хог хаягдлын дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжих, эдийн засгийн хөшүүрэг, урамшуулал олгох харилцааг зохицуулсан. Хог хаягдалтай холбоотой үйл ажиллагаанд үүрэг, хариуцлагын тогтолцоог тодорхой болгосон. Тодруулбал, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хуулийг хэрэгжүүлэхэд хяналт тавих, менежментийг сайжруулах бүрэн эрх олгосон. Нийтийн эдэлбэр газар, ногоон бүсэд хог асгахад ашигласан тээврийн хэрэгслийг хураах, хог хаягдал хаясан хүнийг нэг сая, хуулийн этгээдийг гурван сая төгрөгөөр торгох заалт бий. Мөн хог хаяж байгаа тухай мэдээллийг өгсөн иргэнд мэдээлэл нь баталгаажсан тохиолдолд торгуулийн дүнгийнх нь 15 хувьтай тэнцэх мөнгөн урамшуулал өгөхийг хуульчилсан. Олон улсад баримталдаг “үүсгэгч нь хариуцах”, “бохирдуулагч нь төлөх” зарчмаар бараа бүтээгдэхүүний хэрэглээнээс үүсэх хаягдал, сав баглаа боодлыг эргүүлэн татах, дахин ашиглах, боловсруулахыг үйлдвэрлэгч болон импортлогч нь хариуцах, үүсгэсэн хэмжээнээсээ хамаарч хог хаягдлын төлбөр, хураамж төлөх зохицуулалттай болсон.

-Танай яамнаас “Цэвэр сайхан орчин” аяныг зарлаж, дүнгээ гаргасан байна билээ. Аяны хүрээнд нэлээд хог цэвэрлэсэн ч хогны асуудал хэвээрээ байх шиг байна?

-Хог хаягдлын тухай хуулийг орон нутаг болон иргэдэд хүртээмжтэй сурталчилж, амьдралд нь хэрэгжүүлэх үүднээс “Цэвэр сайхан орчин” сарын аяныг улс орон даяар зарласан. Ажлын хэсгийн дүгнэснээр Говь-Алтай аймаг нэгдүгээр байрт орж 18 сая, Увс аймаг хоёрдугаар байрт шалгарч 13 сая, гуравдугаар байрт Дархан-Уул аймаг, Сонгинохайрхан дүүрэг шалгарч тус бүр 7.5 сая төгрөгөөр шагнал хүртлээ. Аян явуулсны үр дүнд Говь-Алтай аймаг гялгар уутыг халж, даавуун торыг хэрэглээнд хэвшүүлж байна. Увс аймаг “Холивол хог, ялгавал баялаг”, “Бид байгаль эхтэй хүйн холбоотой”, “Байгаль орчны хяналтад бидний оролцоо” сэдвээр иргэдээ соён гэгээрүүлэх ажлыг эхлүүлсэн. Дархан-Уул аймгийн өндөр настангууд нэгдэж, залуу хойч үедээ эх болсон байгаль дэлхийгээ хамгаалах талаар сургалт явуулж эхэлсэн зэрэг бодит үр дүнтэй ажлууд хийсэн байна.

Мөн улсын хэмжээнд Хог хаягдлын тухай хуулийг сурталчлах зорилгоор нийт 89 удаа 19537 иргэн, аж ахуйн нэгжид сургалт зохион байгуулж, 2432 ширхэг гарын авлагыг хэвлүүлэн, сурталчилан таниулсан. Нийт дүнгээр 18974 иргэн, аж ахуй нэгж байгууллагыг хамруулан, 3945 орчим га талбайн хог хаягдлыг цэвэрлэн 21148 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт буулгасныг аймаг, дүүргүүдийн ирүүлсэн тайлангаас ажлын хэсгийнхэн онцолсон. Ийм хэмжээний хог цэвэрлэж, сургалт, сурталчилгаа явуулсаар байхад дахин хог тарьж, хогтой байсаар байна гэдэг харамсалтай асуудал. Иргэд дор бүрнээ эрх, үүргээ ухамсарлаж чадвал бид хогноосоо салахад дөхөм байх болов уу.

–Та ярилцлагын эхэнд хог боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг яаравчлуулсан гэлээ. Энэ талаар тодруулна уу?

–Хог боловсруулах үйлдвэр барина гэдэг монголчуудын хувьд нэн яаралтай шийдэх асуудлуудын нэг. Миний хувьд БОАЖ-ын сайд болсноосоо хойш хэд хэдэн асуудал дээр төвлөрч ажилласны нэг нь Хог боловсруулах үйлдэртэй болох асуудал. Энэ хүрээнд 2012 онд батлуулсан Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн батлуулж, хог боловсруулах үйлдвэр байгуулах эрх зүйн орчныг бий болгоход анхаарч ажиллалаа. Хог боловсруулах үйлдвэрийг хэд хэдэн газарт байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаагаа Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Ерөнхий сайд дэмжиж, энэ саналаа яаралтай ажил хэрэг болгохыг даалгасан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлд барих хог боловсруулах үйлдвэрийн төслийг яаралтайгаар Засгийн газрын хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэхийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдааны үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдэгдсэн. Нийслэлийн холбогдох газрынхантай хамтарч энэ асуудлыг ажил хэрэг болгохоор ажиллаж байна.

ТҮЙМРИЙН 70 ГАРУЙ ХУВЬ НЬ ХҮНИЙ БОЛГООМЖГҮЙ ҮЙЛДЛЭЭС БОЛЖ ГАРЧ БАЙНА

-Ой хээрийн түймэр дэгдсэнтэй холбоотойгоор энэ зун өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа байх. Ямар ажлууд хийв?

-Зөвхөн түймэр гэлтгүй аялал жуулчлалын улиралтай холбоотойгоор бид энэ зун онцгой байдалд ажиллалаа. Хамгийн сүүлд л гэхэд Төв, Сэлэнгэ аймагт дэгдсэн түймрийн үеэр хоёр баг гаргаж, Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдад хоёр хоног ажилласан. Төв аймгийн сум дундын ойн ангид 27 сая төгрөгийн тоног төхөөрөмж, Батсүмбэр сумын Засаг даргад яамны ажилтнуудын нэг өдрийн цалин болох таван сая төгрөгийг хандивлалаа. Дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн Сэлэнгэ аймгийн сум дундын ойн ангид 10 сая төгрөгийн тоног төхөөрөмж гардуулсан. Үүнээс өмнө Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар болон Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанд тус бүр 10 сая төгрөг олгосон. Түүнчлэн манай яамаар дамжуулан “Оюутолгой” компани, Самар үйлдвэрлэгчдийн холбоо, Аялал жуулчлалын холбоо, Монголын байгаль орчны иргэний зөвлөл зэрэг газрууд мөнгө хандивласан. Хандивын мөнгөөр РЛО буюу үүргэвчтэй ус шүршигч авахуулж, ойн ангиудад өгөхөөр боллоо. Түймэр гарсан газарт хамгийн түрүүнд очиж, хамгийн сүүлд буудаг хүмүүс бол ойн ангийнхан. Тиймээс ойн сан бүхий улсын тусгай хамгаалалттай газрын захиргаадад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нэмж олгохоор шийдвэрлэлээ. Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн хандивласан мөнгийг өөрсдөд нь үлдээсэн төдийгүй мотоцикл өгч, түймрийн үеэр үрэгдсэн амьтдын сэг зэмийг хайх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

-Танай яамыг түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хангалтгүй авч байна гэсэн шүүмжлэл гарч байсан?

-Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтөөс болж ган гачиг болж, агаарын температур хэт халж байна. Үүнээс болж аянга буух, хүний хүчин зүйл зэргээс хамаарч түймрийн тархалт нэмэгдсэн. Бидний зүгээс түймэр гарч байгаа тухай мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газраас авмагцаа орон нутаг дахь ойн ангиуд болон тусгай хамгаалалтын захиргаадтай хамтран ажиллаж байгаа. Харамсалтай нь иргэдийн маань санамсар болгоомжгүй байдлаас болж гарсан галыг унтраах боломжгүй хэмжээнд хүрч байна. Мөн аянга бууснаас болж уулын оройгоос эхэлж шатаж буй газарт хүрч чадахгүй байсаар цаг алдах явдал гарч байгаа. Иймэрхүү асуудлыг Цаг уур, орчны шинжилгээний газрынхантайгаа хамтран үүлэнд зориудаар нөлөөлөх замаар бороо оруулж шийдэж байгааг уншигчид маань мэдэж байгаа байх аа. Өнгөрсөн сард Улаанбаатартай ойр гарсан түймэрт л гэхэд Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хот, Төв, Сэлэнгэ аймагт тус бүр хоёр, Дархан-Уулд нэг, нийт долоон баг гаргаж, 30 гаруй албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр 12 байршлаас үүлэнд нөлөөлөх аргаар 39 ширхэг пуужин харвасан нь түймрийг цурманд оруулахад маш их нэмэр боллоо. Ой хээрийн түймрийн 70 гаруй хувь нь иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж гарсныг цагдаагийн байгууллагынхан тогтоож, хариуцлага тооцохоор ажиллаж байгаа тухай мэдээлэл ирүүлсэн.

-Гал түймрээс гадна ойг сүйтгэж байгаа нэг том аюул бол хортон шавьж. Цэвэрлээгүй ойн асуудал байдаг. Гэтэл цэвэрлэгээ хийх нэрээр ой мод огтоллоо гэх шүүмжлэлийг иргэд их гаргах юм?

-Ойн хөнөөлт шавьжинд өртсөн 220.000 га талбайд нэн яаралтай тэмцлийн ажил явуулах БОАЖЯ-ны хүсэлтийг Засгийн газар хүлээн авч, нөөц хөрөнгөөсөө 6.6 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн. Уг ажлыг гүйцэтгэснээр ой дахин сэргэнэ.  Хатаж, хуурайшин ургах чадваргүй болохоос хамгаалж, байгаль орчинд их хэмжээний хохирол учрахаас урьдчилан сэргийлэх юм. Сая гал гарахад хамгийн ихээр шатсан ой бол цэвэрлээгүй ой байсныг мэргэжлийнхэн хэлж байсан. Манай яамнаас ойн тооллого явуулж дуусахад цэвэрлэгээ хийх шаардлагатай гэдэг дүгнэлт гаргасан. Гэхдээ ойг цэвэрлэнэ гэдгийг иргэд маань сайн ойлгох хэрэгтэй. Шатсан, шавжинд идэгдсэн, хөгширсөн модыг авахаас гадна унасан модыг түүх юм. Нөгөөтэйгүүр, цэвэрлэгээ хийж байгаа газруудад нөхөн сэргээлтийг өндөр түвшинд хийх шаардлагыг тавьдаг.

ТОМООХОН КОМПАНИУДЫН ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРЧ БАЙГАА Ч ИРГЭД МААНЬ ДЭМЖИЖ БАЙГАА УЧИР ШАНТРАХГҮЙ

-Хууль бус үйл ажиллагаа явуулж буй уул уурхай, аялал жуулчлалын компаниудын эрхийг цуцлах зэрэг арга хэмжээ авч байгаа гэв үү?

–Тусгай хамгаалалттай газар нутагт зөвхөн газар ашиглах эрх олгодог. Өөрөөр хэлбэл, төрийн газрыг түрээсээр түр ашиглуулж байгаа гэсэн үг. Тиймээс хуулийн дагуу л үйл ажиллагаа явуулах учиртай. Би БОАЖ-ын сайдаар ажиллаж буй эх хүн, эмэгтэй хүний хувьд эх орныхоо уул, усны ариун дагшин байдлыг хадгалж үлдэхэд бүх л сэтгэл зүрхээ зориулан ажиллана. Улс орны болон нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг учир ямар нэгэн компанийнхан над руу дайрахаас айж, шантрахгүй. Бид тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж буй компаниудад эхнээс нь мэдэгдэл хүргүүлж, зөрчлөө арилгахгүй бол тусгай зөвшөөрлийг нь хураах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдэж, хугацаа өгсөн. Тухайлбал, МХЕГ-тай хамтран Архангай аймгийн Цэнхэр сум, Орхон голын эхэнд ажиллаж буй компаниудыг шалгаж, үйл ажиллагааг нь хоёр сарын хугацаагаар зогсоож, зөрчлөө арилгах үүрэг өгсөн. Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутаг Гутайн даваа орчим хууль бус үйл ажиллагаа явуулж, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй “Юу энд Би” компанийн ашиглалтын зөвшөөрлийг цуцалсан. Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутагт хайгуул хийх явцдаа эвдэгдсэн газрыг нөхөн сэргээгээгүй “Урд хутлаг уул” компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргалаа. Туулын бургасыг их хэмжээгээр хядсан “Зүүн баян рефайнери” компани байгалийн унаган төрхийг алдагдуулсан гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг нь цуцалсан.

-Сэлэнгэ аймгийн Хараа, Ерөө голд алт олборлолт хэрээс хэтэрч, усанд нь орсон иргэдийн арьсан дээр халдвар гарч байгаа тухай мэдээлэл гарах боллоо. Энэ газарт юу болоод байгаа юм бэ?

–Миний шийдвэрээр манай яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газрынхан яг энэ асуудлаар ажлын хэсэг гарган газар дээр нь ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн удахгүй ирээд дүгнэлтээ танилцуулах байх. Ерөө гол дагуу 19 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсны дөрөв нь зөвшөөрөлтэй, 15 нь бичиг баримтаа зохих ёсоор бүрдүүлээгүй, дутуу учраас Хараа, Ерөө голын сав газрын захиргааныхан холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлж, зөрчилтэй компаниудын үйл ажиллагааг зогсоосон.  Нөхөрлөл нэрийн дор иргэд Ерөө голын голдиролд зөвшөөрөлгүй алт олборлож байсныг илрүүлж, үйл ажиллагааг нь таслан зогсоох шаардлагыг Сэлэнгэ аймгийн болон Бугант тосгон дахь цагдаагийн байгууллагад хүргүүлсэн. Харин одоо манай яамны Байгаль орчин, үнэлгээ аудитын хэлтэс мэргэжлийн байгууллагуудтай хамтран газар дээр нь ажиллаж байгаа.

–Элэг судлалын үндэсний төвийн газрыг яамнаас дээрэмдэж байна гэх мэдээлэл гараад удаж байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Уламжлалт анагаах ухаан, элэг судлалын үндэсний төв нь “Хүн ба байгаль” төслийг хэрэгжүүлэхээр 2001 онд Байгаль орчны яамтай гэрээ байгуулж, 2002 онд нэг га газар ашиглах эрх авсан байдаг. Тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж газар ашиглах эрхээ таван жил тутам сунгуулах ёстой атал тэд найман жилийн дараа буюу 2010 онд л сунгуулах хүсэлтээ яаманд тавьсан юм билээ. Түүнээс өмнө буюу 2008, 2010 онд БОАЖ-ын сайдаар ажиллаж байсан хүмүүс тушаал гаргаж, төвийн ойр орчмын газрыг тодорхой компаниудад ашиглах эрх олгожээ. Тэдгээр компанийнхан газраа ашиглах гэхээр Элэг судлалын үндэсний төвийнхөн хүлээн зөвшөөрдөггүй, шүүхийн шатанд маргалдсаар 2012 онтой золгосон байна. Тус төв орчимд газар ашиглах эрх авсан компаниуд асуудлаа, хүсэлтээ салбарын сайдад удаа дараа тавьж байжээ. Ингээд хажууханд нь орших “Энигма” компанитай тохиролцсоны үндсэн дээр Н.Батцэрэг сайд 2016 онд орц, гарц гаргах, давхцал арилгах тушаал гаргасан байдаг. Ингэснээр тухайн компаниуд Газрын тухай хуулийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргад хүсэлт гаргаж, орц, гарцаа чөлөөлүүлэх ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн юм билээ. Монгол Улсын рашаан, сувиллын бүтэц, үйл ажиллагааны стандартад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд найман га газар эзэмшүүлнэ гэж заасан байдаг. Элэг судлалын үндэсний төв анх 2002 онд нэг га газар ашиглах эрх авч, 2010 онд зөвшөөрлөө сунгуулах хүсэлт тавьсан. Энэ хугацаанд газрын төлбөр огт төлөөгүй. Тухайн үед тус төвийн ойр орчимд ямар ч рашаан байхгүй, нөгөөтэйгүүр, газрын төлбөр төлөөгүй, газар ашиглах эрхээ цаг тухайд нь сунгуулаагүй талаар мэдэгдэхэд БОАЖЯ-ыг шүүхэд өгсөн байдаг. Шүүхээс 2012 хэний ч эрх ашгийг хөндөхгүйгээр асуудлыг шийдэх үүргийг манай яаманд өгсөн байдаг. Харамсалтай нь, хэний ч эрх ашгийг хөндөхгүйгээр тус төвд найман га газар ашиглуулах боломжгүй гэдэг үндэслэлээр яам өнгөрсөн он хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Харин миний бие өнгөрсөн оны аравдугаар сард А/169 тоот тушаал гаргаж, тухайн төвийг газрын төлбөр төлөөгүй, газар ашиглах эрхээ цаг тухайд нь сунгуулаагүй байсан ч шүүхийн шийдвэрийг биелүүлж, өмнө нь ашиглаж байсан нэг га дээр нь нэмж 3.8 га газар ашиглах эрх олгосон. Харамсалтай нь, тус төвийнхөн одоо болтол шаардлагатай материалаа бүрдүүлээгүй учир газар ашиглах эрхийн гэрчилгээ аваагүй юм билээ. Гэтэл одоо энэ бүхнийг эсрэгээр ярьж байгаа нь үнэхээр ойлгомжгүй, бас харамсалтай байна.

-“Энигма” компанийн гурван га газрын эрхийг цуцалж, автомашины цогцолбор барина гэж байсан. Тэр асуудал юу болсон бэ?

-Засгийн газраас Богд уулын аманд аялагчдад зориулсан цогцолбор байгуулах тогтоол гаргаж, газар чөлөөлөх үүргийг БОАЖ-ын сайд надад, санхүүжилтийг шийдэх үүргийг нийслэлийн Засаг дарга С.Батболдод өгсөн. Үүний дагуу цогцолбор барих боломжтой газруудыг судлуулж, иргэдээс санал авсны үндсэн дээр “Энигма” компанийн ашиглаж буй гурван га газрыг нийтийн эрх ашгийн өмнөөс цуцлах шийдвэр гаргасан. Гэтэл тус компанийнхан “Их сургууль барих газрыг дээрэмдэж, казино, зочид буудал байгуулах нь” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэй нийтлэл гаргаж байсныг хүмүүс санаж байгаа байх. Богдхан ууланд аялж, алхдаг хүмүүс, нийтийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж гаргасан шийдвэрүүд маань мөнгө, хөрөнгө, эрх мэдэлтэй хүмүүсийн ашиг сонирхолтой зөрчилдөж байгаа учир намайг болон яамныхныг зохион байгуулалттай гүтгээд байх шиг байна. Төр, засгийн зүгээс нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэж, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө түрээслүүлж буй газрынхаа эрхийг хэзээ ч цуцалж, бүтээн байгуулалт хийх эрхтэй. Тэгээд ч бид “Энигма” компанийн ямар нэг объект бүхий газрын эрхийг цуцлаагүй. Олон жил хоосон байсан газарт ард иргэдийн шаардлагын дагуу, Засгийн газрын шийдвэрийг үндэслэн цогцолбор байгуулахаар болсон юм. “Энигма” компани МХЕГ-ын лацыг авч, байгаль орчны үнэлгээ хийлгээгүй атлаа газар шорооны ажил эхлүүлсэн байхтай бид өнгөрсөн долоо хоногт газар дээр нь очиж танилцсан юм. Үүнийг л мушгин гуйвуулж буй бололтой.

-Аялал жуулчлалын салбарт хийгдэж буй ажил юу байна?

-Хэрэгжүүлж буй ажил олон бий. Мянганы суут хүн эзэн Чингис хааны нутагт аялал жуулчлалын томоохон цогцолбор байгуулах зураг төслийн уралдаан зарлахад архитекторын 12 баг оролцож, цогцолбор байгуулах ажлыг хамтран эхлүүлэхээр болсон. Монгол, Орос, Хятад гурван улсын Ерөнхийлөгчийн түвшинд ярилцаж тохирсон эдийн засгийн коридор байгуулах үйл ажиллагааны хүрээнд 32 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээс аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүнийг бүс нутагт хөгжүүлэх “Цайны зам” төслийг эхлүүллээ. Гурван улсын аялал жуулчлалын сайд нарын II уулзалт энэ сарын эхээр Улаан-Үдэд болсон. III уулзалт ирэх жил манай улсад болно. Энэ мэтээр эхлүүлсэн ажлууд маань амжилттай хэрэгжиж байна. Аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг шинэчлэх, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа. Мөн энэ салбарт мөрдөж буй стандартуудыг олон улсын түвшинд хүргэн, шинэчлэн боловсруулж, мөрдүүлэх ажлыг эхлүүлээд байна. Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу аялал жуулчлалыг баруун, зүүн, хангай, төв, говийн хэмээн бүсчлэн хөгжүүлэхээр судалж байгаа.

ӨДРИЙН СОНИН

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа