Author Archives: admin

Ой хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг биологийн болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргаар хийж эхэлжээ

Д.Жагдаг: Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг биологийн болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргаар хийж байна

БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Д.Жагдагтай ойн хөнөөлт шавжтай хэрхэн тэмцэж, ямар арга хэмжээ авч байгаа талаар ярилцлаа.

-Монгол орны ойн онцлогийн талаар товчхон ярихгүй юу?

-Манай орны ойн сан нь Төв Азийн тал хээрийн өндөрлөг болон Сибирийн их тайгын завсарт Монгол орны усны 3 их хагалбарын дагуу оршиж байдаг. Сибирийн их тайгын төгсгөл, Төв Азийн цөлөрхөг хээрийн торгон заагт оршдог, байгалийн эрс тэс уур амьсгал, нөхөн сэргэх чадвараар нэн хязгаарлагдмал, хүний сөрөг нөлөөлөлд амархан өртдөг онцогтой ой юм.

Монгол орны ой нь мөнх цэвдэгийг тогтоон барих, гадаргын усны нөөцийг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй ой юм. Иймд ойг хамгаалах, зохистой ашиглах талаар арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Байгалийн энэхүү тогтоц нь экологийн хувьд тун эмзэг хийгээд гайхалтай зохицлийг бий болгосон байдаг. Манай орны ойн энэхүү гайхалтай экологийн тогтоц нь олон зүйлийн ургамал, ан амьтны өсөн үржих өлгий нутаг болж эрт дээр үеэс эхлэн та бидний зан заншил, уламжлалт ахуй амьдралд үр өгөөжөө өгсөөр ирсэн.

-Ойн хөнөөлт шавжийн судалгаа, тэмцлийн ажлыг ер нь хэдэн оноос хийж эхлэсэн түүхтэй юм бэ?

-Монгол оронд ой хамгааллын ажлыг 1955 оноос эхлэн ЗХУ-ын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар зохион байгуулж улмаар 1987 оноос эхлэн нутгийн омгийн бактерийн бэлдмэлийг гарган авч, ой хамгааллын ажилд ашиглаж эхэлсэн түүхтэй. Ой хамгааллын ажилд үе үеийн эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн нарын хийсэн судалгаа, шинжилгээний ажлын ач холбогдол туйлын их юм.

-Монгол оронд хичнээн зүйлийн шавж байдаг вэ. Ямар шавжууд нь хөнөөл учруулдаг талаар тодруулахгүй юу?

–Эрдэмтэн судлаач нарын судалгаа, шинжилгээний бүтээлээс үзэхэд одоогийн байдлаар Монгол орны ойн санд 7 баг 62 овог 316 төрөл 695 орчим зүйлийн ойн  шавж бүртгэгдсэн байдаг. Эдгээр шавжийг модлог, бутлаг ургамлын янз бүрийн хэсгүүдээр хооллох байдлаар нь хуваан авч үзвэл, навч шилмүүсний 181 төрөл 363 зүйл, иш холтосны 134 төрөл 290 зүйлийн шавж зонхилж байна. Экологийн бүлэглэлийн эзлэх хувиар нь ойн анхдагч хөнөөлт шавж буюу навч шилмүүсний, ойн хоёрдогч хөнөөлт шавж буюу иш, холтосны хөнөөлт шавж гэж  ангилдаг. Судлаачдын бүтээл болон бусад холбогдох баримтаас үзвэл манай орны ойд 4 баг 16 овог 35 төрөлд багтах 45 орчим зүйлийн шавж түгээмэл тархалттай байдаг. Дээрх 45 зүйл шавжаас ойн санд учруулж буй хөнөөлийн хэмжээгээр дараах 5 зүйлийн шавж хамгийн их байна. Манай орны ойн санд Сибирийн хүр эрвээхэй  (Dendrolimus sibiricus  Tshetv), Өрөөсгөл хүр эрвээхэй  (Lymentria dispar L  /Gypsy moth/), Якобсоны төөлүүрч эрвээхэй (Erannis jacobsoni diak),Эгэл бийрэн сүүлт эрвээхэй (Orgyia antiqua), Нарсны эвэрт цох (Monochamus galloprovincialis pistor Germ) зэрэг шавжууд их хэмжээгээр хөнөөл учруулж ойн санг доройтуулж байна.

-Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь ойн хөнөөлт шавжтай тэмцэх чиглэлээр ямар зорилт тавьж ажиллаж байгаа вэ?

–Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь ногоон хөгжлийн бодлогын хүрээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын арга технологийг өөрчилж, химийн бодисын хэрэглээнээс татгалзаж, биологийн аргаар ногоон технологид шилжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Энэ зорилтын хүрээнд салбарын сайдын 2013 оноос тушаалаар ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын нийт талбайн 40-өөс доошгүй хувьд биологийн аргаар, 65-аас доошгүй хувьд онгоцоор гүйцэтгэхээр зохион байгуулж, улмаар үе шаттайгаар химийн аргаас татгалзах бодлого баримтлаж ажиллах шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу жил бүр ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд 124,7 мян.га талбайн 48,9%-д, 2014 онд 97,7 мян.га талбайн 70,0%-д, 2015 онд 163,9 мян.га талбайн 58,1%-д, 2016 онд 70,8 мян.га талбайн 80,0%-д, 2017 онд 150.0 мян.га талбайн 100%-д  нь биологийн болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, технологиор тэмцлийн ажлыг зохион байгуулж ажиллаа.

Эдгээр шавжууд нь ойн санд их хэмжээгээр олширч ойн санг доройтуулж, дахин сэргэн ургах чадваргүй болгож,хатаж хуурайшуулах аюултай байдаг. Иймд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг эрдэмтэн, судлаачдын судалгаанд тулгуурлаж тэмцлийн ажлыг зохион байгуулах шаардлагатай байдаг.

-Танай яам нь хөнөөлт шавжтай тэмцэх ажилд химийн бодисоос бүрэн татгалзаж ажиллаж байгаа юм байна. Ер нь тэгээд ямар бодис, бэлдмэлээр тэмцлийн ажлыг зохион байгуулдаг юм бэ?

-Манай яам нь Монголын эрдэмтдийн гаргаж авсан нутгийн омгийн бактерийн бэлдмэлээр тэмцлийн ажлыг зохион байгуулах, дотоодын бэлдмэл, бодис үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдээ дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байна.

Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд хэрэглэж байгаа бэлдмэлүүд нь Монголын эрдэмтэдийн гарган авсан Энтомотоксин(Bacillis thuringiensis), Bt-MN01(Bacillus thuringiensis.var.dakotaMN-01), Green(Metarhizium anisopliae MaMn-09/22), Бассиана мускардин(Beauveria bassiana-G07, G10) Лепидоцид, СК (Bacillus thuringiensis. var. Kurstaki), зэрэг 5 төрлийн биобэлдмэл байдаг.

–Энэ жилийн хувьд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг аль нутгийн ойн санд  хичнээн га талбайд хийж байна вэ?

-Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын хүрээнд  2017 онд судалгааны ажлыг 2,0 сая га, тэмцлийн ажлыг 150,0 га талбайд хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын хүрээнд энэ онд Архангай аймагт 13,0 мян.га, Увс аймагт 4,0 мян.га, Сэлэнгэ аймагт 5,0 мян.га, Горхи-Тэрэлжийн БЦГ-т 3,0 мян.га талбайд онгоцоор, Өвөрхангай аймагт 2,0 мян.га талбайд үүргийн шүршигч багажаар, Хөвсгөл аймаг 5,8 мян.га Төв аймагт 15,0 мян.га, Сэлэнгэ аймагт 35,0 мян.га, Нийслэлийн ногоон бүсийн ойд 5,0 мян.га  талбайд механик аргаар тэмцлийн ажлыг зохион байгуулж,   хөнөөлийн голомтийг хязгаарлаж байна. Өнөөдрийн байдлаар 88,0 мянган га талбай буюу нийт тэмцэл хийх ажлын 58,6 хувийг хийж гүйцэтгээд байна.

-Ойн хөнөөлт шавжийн судалгааны ажлыг яаж хийдэг юм бэ?

 -Судалгаа ажлыг 2,0 сая га талбайд15-17 аймгийн 100 гаруй сум, Нийслэлийн ногоон бүс, Богдхан уулын ДЦГ, Тусгай хамгаалалтай газар нутагт хавар 4-6 дугаар сард, намар 9-10 дугаар сарын хооронд 2 үе шаттайгаар   зохион байгуулж байна. Судалгааг “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ, Шавж судлалын чиглэлээр ажилладаг мэргэжлийн хүрээлэнгийн судлаачид, Ойн мэргэжлийн байгууллага гүйцэтгэж байна. Энэ жилийн хувьд судалгааны ажлыг Баруун, зүүн, төв гэсэн 3 хэсэг болгон зохион байгуулж байна.

–Ойн хөнөөлт шавжтай тэмцэж байгаа ажилд яаж хяналт тавьдаг вэ?

-Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг ойг хөнөөлт шавьж өвчнөөс хамгаалах тэдгээртэй тэмцэх мэргэжлийн байгууллагын эрх авсан байгууллагууд хийдэг. Тэмцлийн ажлын хяналтыг орон нутгийн түвшинд Ойн анги, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч мөн захиалагч талаас төслийн менежер томилон байнгын хяналт тавьж, ажлын үр дүнг газар дээр нь үзэж ажилладаг.

БОАЖЯ-наас энэ жилийн хувьд улсын болон орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Нийслэлийн ногоон бүс, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын ойн санд хийсэн тэмцлийн ажлыг газар дээр нь үзэх хяналт, шалгалтыг 2017 оны 6 дугаар сарын 8-15-ны хооронд БОАЖЯ-ны ОБЗГ-ын ойн хөнөөлт шавжийн судалгаа, тэмцлийн ажлын бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Жагдаг, Ерөнхий ба Сорилын биологийн хүрээлэнгийн шавж судлаач Д.Энхнасан, Газарзүй,Геоэкологийн хүрээлэнгийн шавж судлаач Д.Ганбат, Б.Батчөдөр, ХААИС-ын багш, экологич Т.Байгаль-Амар нар газар дээр нь үзэж, ажлын явц, үр дүнд хяналт, мониторинг хийж ажиллаа.

 

 

 

 

 

 

 

 

 

-Байгаль орчин, аялал жуулчлалын яам ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажлын хүрээнд өөр ямар ямар ажлуудыг хийж байгаа вэ?

 

-Ойн хөнөөлт шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэж хамгаалах ажлыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлж, ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажлын норматив зардлыг 2-4 дахин нэмэгдүүлж ажиллаа. Ингэж ажилласаны үр дүнд ой хөнөөлт шавжтай тэмцлийн ажил гүйцэтгэдэг аж ахуйн нэгжүүдийн чадавхи сайжирч, технологийн шинэчлэлт хийх боломж нөхцөл бүрдсэн. Үүний нэг жишээ нь, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ойн мэргэжлийн байгууллагууд энэ чиглэлийн технологи өндөр хөгжсөн  улсаад хүчин чадал сайтай багажуудыг оруулж ирснээр ажлын бүтээмж, үр дүнг нэмэгдүүлж байна. Ойн ашигтай шавж үржүүлэх, ойн шавжийн судалгааны лаборотори байгуулах техник эдийн засгийн үндэслэл боловсруулж, ойн хөнөөлт шавжийн байгалийн дайсан  ангуучилдаг болон шимэгч шавжийг үржүүлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, турших судалгааны ажлыг Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр Ургамал хамгааллын хүрээлэнтэй хамтарч ажиллаж байна. Мөн  Ойн хөнөөлт шавжийн үр дүн, эрхзүйн орчинг сайжруулах үүднээс судалгаа, тэмцлийн ажил гүйцэтгэх 7 стандарт батлуулж үйл ажиллагаандаа ашиглаж байгаа. Түүнээс гадна ойн анхдагч хөнөөлт шавжийн хүрэнцэртэй тэмцэх нутгийн омгийн бактери болон вирусийн гаралтай бэлдмэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, турших ажлыг Ерөнхий ба Сорилийн биологийн хүрээлэнтэй хамтарч хийж эхлээд байна. Ингэснээр өөрийн улсын эрдэмтэдийн гарган авсан нутгийн омгийн бактери болон вирусийн гаралтай бэлдмэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд чухал ач холбогдолтой. Гэх мэт олон ажлыг нэрлэж болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тулам зарж байгаад баригджээ

8-р сарын 03-ны өдөр Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хорооны байцаагч нар тус дүүргийн нэгдүгээр хороо, вокзалын арын автобусны буудал дээр ил задгай худалдаа хийж байсан иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар иргэн Б.Баасанбаярын борлуулах гэж байсан гурван ширхэг тарвагыг илрүүлэн, хураан авчээ.
Цаашлаад Зооноз судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн аж. Мөн албаныхан ойр орчмын талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нүцгэн онгоцны үйлчлүүлэгчдээр үйлчлүүлэгч татахыг оролдсон нь

Казахстаны иргэний агаарын тээврийн Chokotravel компани хүмүүсийг өөрийн онгоцонд суухыг урьсан зар сурталчилгаанд чармай нүцгэн үйлчлүүлэгчдийг тоглуулсан байна.
Бүсгүйчүүд чармай нүцгэн байх агаад онгоцны үйлчлэгчийн малгайгаар нууц эрхтнээ халхалсан аж.

Гэтэл цахим сүлжээний хэрэглэгчид эмэгтэйчүүдэд ийм таагүй хандсанд дургүйцлээ илэрхийлжээ.

Зарим хүмүүст сурталчилгаа таалагдсан нь мэдээж. Маш олон хүн сэтгэгдлээ бичиж үлдээсний дотор эмэгтэйчүүд бухимдлаа илэрхийлсэн юм байна. Харин эрчүүд уг сурталчилгааг дахин дахин үзэх болно гэдгээ хэлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба хорих ял сонсжээ

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Эрүүл мэнд, спортын сайд  асан Г.Шийлэгдамба, төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэг нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүв. Шүүх хурал хоёр өдөр үргэлжлэн, өчигдөр орой шийдвэрээ гаргажээ.

Тодруулбал, шүүхээс Эрүүл мэндийн сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбыг гэм буруутай хэмээн үзэж 5.1 жилийн хорих ял оноож, хахуулиар авсан мөнгийг нь улсын орлого болгох шийдвэр гаргасан аж.

Харин бусад шүүгдэгчдэд хэрхэн ял оноосныг мэдээлэхэд, түүнд авлига өгсөн О.Даваасүрэнд 1.6 жилийн ял өгсөн байна. Мөн ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэгт 19 сая 200 мянган төгрөгийн торгууль, “Метро Нетворк” компанийн гүйцэтгэх захирал Э.Гантулгад 14 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Трамп ногоон картыг өндөр шаардлага тогтоох санал гаргажээ

Түүний оронд АНУ-ын иргэн болохыг хүсэгчдийн дунд сонгон шалгаруулалт явуулахыг санал болгожээ. Ингэснээр өндөр боловсролтой, англи хэлтэй, мэргэжлийн ажилчдад иргэншил олгох магадлал өндөрсөнө гэж тэрбээр үзэв. Доналд Трамп сугалаагаар Америкийн иргэншил олгодог явдлыг үгүй хийх хэрэгтэй гэжээ.

Доналд Трамп сугалаагаар Америк иргэншил олгодог явдлыг үгүй хийх хэрэгтэй гэсэн байна. Ингэснээр өндөр боловсролтой, англи хэлтэй, мэргэжлийн ажилчдад иргэншил олгох магадлал өндөрсөнө. Энэ нь Америк улсын ядуурал буурч, цалингийн хэмжээ нэмэгдэж, татвар төлөгчдийн олон тэрбум доллар хэмнэгдэнэ, зах зээл дээрх өрсөлдөөн нэмэгдэнэ хэмээн Трамп мэдэгжээ.

Мөн санал болгож буй хуулийн төслөө АНУ-ын цагаачлалын тогтолцоонд сүүлийн 50 жилд хийгдэж буй томоохон шинэчлэл хэмээн нэрлэв. Хэрэв энэ хууль батлагдвал АНУ-д цагаачлан суух зөвшөөрөл авдаг хүмүүсийн тоо ойрын 10 жилийн дотор 50 хувиар буурна гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дундговийн Гурвансайханд Шүлхий илэрчээ

Дундговь аймгийн Гурвансайхан суманд хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Дэрсэнэ Ус багийн нутаг Цагаан хошуу хэмээх газарт малчин Б-ийн гурван үхэрт шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, МЭАЦ-ийн төв лаборатор луу шинжилгээнд явуулсан бол өчигдөр гарсан хариунд шүлхий болох нь тогтоогдсон байна.

Тиймээс сумын засаг даргын захирамжаар өчигдрөөс эхлэн Дундговь аймгийн Гурвансайхан суманд хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

Хорио цээрийн дэглэм тогтоосон Цагаан хошуу хэмээх газар нь Гурвансайхан сумын төвөөс 20 шахам км-т оршдог бөгөөд хорио цээрийн дэглэм 28 хоногийн турш үргэлжилнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Банк санхүүгийн байгууллагууд заналхийлэлд өртөх эрсдэл өндөр боллоо

Банк бус санхүүгийн байгууллагууд зохион байгуулалттай гэмт халдлагад өртөх нь ихэч байгаа ба гэмт этгээдүүд урьдчилсан судалгаа хийж, галт зэвсэг, зэвсгийн чанартай зүйлс ашиглан дээрэмдэх, хулгайлах ноцтой хэрэг үйлдэх болсон болохоор цаашид болгоомжтой байхыг анхааруулж байна.

Санхүүгийн зохицуулах хороо аж ахуйн нэгжүүдэд тусгай зөвшөөрөл олгохдоо Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн заалтыг үндэслэн аюулгүй байдлын нөхцөл хангасан хяналт, хамгаалалтын тоноглол, систем бүрдүүлсэн байхыг шаарддаг байна. Бэлэн мөнгөний гүйлгээ хийж буй ажилтны аюулгүй байдлыг хангасан хамгаалалт, бичлэгийг нэг сараас доошгүй хугацаагаар архивлан хадгалдаг хяналтын камертай байх тухай заалт журамд бий.

Тиймээс зохицуулалтын журам, холбогдох хууль, тогтоомжоор нэгэнт хүлээлгэсэн ажилтны болон эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг биелүүлэхгүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангахгүй байх нь эрсдэл учруулж болзошгүйг ББСБ-ууд болон бусад зохицуулалттай аж ахуйн нэгжүүдэд СЗХ-оос сануулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Т.Булган: “Ногоон зээлийн санг байгуулъя”

Агаарын бохирдлыг бууруулахад ногоон зээлийн санг байгуулах тухай өнгөрсөн мягмар гарагт болсон хуралдаанаар БОАЖЯ-ны Ногоон хөгжил бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган тодруулга хийжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, мөн өнгөрсөн гуравдугаар сард батлагдсан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт байгальд ээлтэй, орчны бохирдол болон дулааны алдагдлыг бууруулсан, эрчим хүчний хэмнэлтийг бий болгосон иргэн, аж ахуйн нэгжийн төсөл хөтөлбөрийг тодорхой хэмжээнд санхүүжүүлэхээр тусгасан.

БОАЖЯ-ны хувьд бодлогын хүрээнд 2016 онд Монголын банкны холбоотой хамтрах ажлын хэсэг гарган, Ногоон зээлийн сан байгуулах чиглэлд судалгааны ажлаа эхлүүлсэн байдаг. Судалгааны ажлаа эхлүүлснээс хойш уг зээлийн сан ямар бүтэцтэй байх, зорилтот бүлэг ямар байх зэрэг бүх зүйлээ тооцоолж гаргасан байгаа.

Судалгааг хийхэд олон улсын байгууллагуудын дэмжлэг чухал байсан. Тэр утгаараа Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, НҮБ-ын төрөлжсөн таван байгууллагын санаачлагаар бий болсон Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран эдгээр судалгааг хийсэн юм.

Өмнө нь БОАЖЯ судалгааны ажлаа Монголын банкны холбоо, арилжааны банкууд, олон улсын байгууллагуудтай хийсэн бол одоо үүнийг бодит сан болгох чиглэлд төрийн байгууллагуудтай нэлээд сайн хамтарч ажиллаж байна. Өнгөрсөн 6 дугаар сард Сангийн сайд болон БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нарын хамтарсан тушаалаар хоёр яамнаас ажлын хэсэг гаргаж, хуралдаанаа хийсэн.

Уг хуралдаанаар ямар ч байсан халаалтын улирлаас өмнө Ногоон зээлийн санг байгуулъя гэж ярилцсан. Эхний ээлжинд Засгийн газраас бодлогын хүрээнд гаргасан шөнийн цахилгааныг тэглэсэн боломжийг иргэд маань илүү ашиглаасай гэдэг үүднээс цахилгаан халаагуур, дулаалгын материалыг хөнгөлөлттэй нөхцлөөр санхүүжүүлэх боломжийг бүрдүүлэх чиглэлд зорилтот бүлгээ тодорхойлон ажлаа эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

Халаалтын улирал эхлэхэд уг ажлын анхны сууриа тавьчихсан байна гэж үзэж байгаа. Мэдээж, энэ маань шинэ тутамд бий болж байгаа сан учраас анхнаас нь бүх нарийн судалгааг бид нухацтай хийсэн гэдгийг онцолъё. Түүнээс гадна Сангийн яамтай хамтарсан ажлыг хэсэг дээр Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөл орж ажиллаж байгаа. Тэр утгаараа уг сангаа тогтвортой үйл ажиллагаа явуулах чиглэлд нэлээд нарийн анхаарч ажиллаж байгаа гэж ойлгож болно.

Эхний ээлжинд утаа, агаарын бохирдол руу чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Ногоон зээлийн сан маань ер нь байгальд ээлтэй, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн төслүүдийг санхүүжүүлэх боломжтой.

Ногоон зээлийн сангийн нэг онцлог нь зөвхөн аж ахуйн нэгж байгууллагууд руу хандсан бизнесийн зээл олгохоос гадна иргэн хүн авч болох зээлийн бүтээгдэхүүнийг бий болгоно гэж үзэж байгаа явдал юм” хэмээн онцолжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Монгол туургатан” хүүхдийн спортын наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

“Монгол туургатан” хүүхдийн спортын наадам энэ сарын 12-17-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах болжээ.

“Монгол туургатан” хүүхдийн спортын наадам биеийн тамир спортын газрын дарга,Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатарын санаачлагаар 2009 оноос хойш зохион гүйцэтгэхээр болж ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО улсуудтай хэлэлцэж гурван орны дунд ээлжлэн  жил бүр зохион багуулагдахаар болсон билээ. Энэ удаа манай улс VII  дахь удаагийн наадам буюу VII наадмыг зохион байгуулах гэж байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газрын Спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Х.Бакытжан хэлэхдээ

“Анхны наадамд спортын зургаан төрлөөр 300 гаруй тамирчид оролцож байсан бол энэ удаагийн VII наадамд спортын 11 төрөлд 1200 орчим тамирчин, багш, дасгалжуулагч оролцохоор төлөвлөгдсөн байна. Иймд энэ удаагийн наадам урьд урьдаас илүү өрсөлдөөнтэй болох байх.

Нээлтийн арга хэмжээ наймдугаар сарын 12-нд Д.Сүхбаатарын талбайд 17:00 цагаас эхлэх юм. Шууд дамжуулалтыг МҮОНРТ, хийнэ. Мөн тэмцээн болон хаалтын үйл ажиллагааг эрүүл мэндийн HTV хамтран шууд дамжуулах ба хаалтын үйл ажиллагаа олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт 17-нд болно” гэлээ.

Наадмын онцлог нь

Багийн спортын төрлүүдийг нилээн түлхүү оруулсан. Багийн спортын төрөл болох футзалны төрөлд эрэгтэй, эмэгтэй төрлөөр болно. Өмнө нь сагсан бөмбөгийн тэмцээн гурвын эсрэг гурав зөвхөн эрэгтэйчүүдийн дунд болдог байсан бол одоо таван хүний бүрэлдэхүүнтэй классик сагсан бөмбөгөөр охид, хөвгүүдийн дунд орж байгаа. Волейболын тэмцээн зөвхөн охидын дунд болдог байсан. Харин энэ удаа охид хөвгүүдийн дунд явагдана. Мөн шинээр спорт тоглоомын төрөлд талбайн теннис, халз тулааны төрөлд таэквондогийн төрөл орж ирж байгаа. Наадмын бас нэг онцлог  нь талбайн болон ширээний теннис, байт харваа зэрэг холимог төрлийн тэмцээнүүдийг олон улсын холимог багийн төрлөөр зохион байгуулна.

Тэмцээнийг үзэх сонирхолтой бүх хүмүүст

Энэхүү наадам маань ямар нэг тасалбар хураамж авахгүй. Монголын хөл бөмбөгийн холбооны футзалны ордонд футзалны тэмцээн болно.Үндэсний сурын зурхайд байт харвааны тэмцээн болно.

Төв цэнгэлдэх хүрээлэнд хөнгөх атлетикийн тэмцээнүүд зохион байгуулагдана.

Хан-Уул дүүргийн Биеийн тамир спортын ордонд боксын тэмцээнүүд үргэлжилнэ. Спортын төв ордонд сагсан бөмбөгийн тэмцээнүүд, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн зааланд  волейболын тэмцээн, “Аврагч” спортын хороонд  таэквондогийн тэмцээн үргэлжилнэ. МҮЭСТ ордонд ширээний теннисний тэмцээн явагдана. Харин Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборт чөлөөт, жудо бөхийн тэмцээн болно. Хамгийн хол буюу Бага тэнгэрийн аман дахь Спорт цогцолборт талбайн теннисний тэмцээнүүд үргэлжлэх хуваарь гарсан байна.

Ивээн тэтгэгчид

үндэсний үйлдвэрлэгч болон гадны компаниуд ивээн тэтгэж байгаа. Тухайлбал, “АПУ” компани тамирчдыг ус ундаагаар хангаж байна. Мөн БНХАУ-ын “Grand China Sports” төрийн өмчит компанийн зүгээс нийт тамирчдын хувцас, Спорт хувцасны шинэ “DAWA” бренд  шаардлагатай хэрэгслийг нийлүүлж байна. Anu&T ХХК бүх хэвлэлийг хариуцаж байгаа бол Хэвлэл мэдээлэлийн спонсор байгууллагаар МҮОНРТ, Эрүүл мэндийн HTV, Монголын спортын нэгдсэн портал сайт SPORTLIFE.MN, Гэрэл зургийг “Студи 9” гэрэл зургийн студи, Blue Mon групп тамирчид дасгалжуулагчдын хоолыг хариуцаж байгаа бол Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор өмнөх наадмуудад хамтран оролцогчоор ажиллаж байсан. Энэ удаа ч мөн тамирчдыг хүлээн авч, цогцолбортоо байрлуулж байна.

Өөр бусад талаар хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлж буй байгууллагууд ч байгаа. Хэмээн танилцуулж яриа дэлгэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Хог хаягдлын тархалтыг хязгаарлах” аяны дагуу 320.260 м.кв талбай цэвэрлэжээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт газрын ургамал, шарилж, зэрлэг ургамлыг устгах, тархалтыг хязгаарлах ажлын хүрээнд “Хог хаягдлын тухай” өдөрлөг өрнүүлж байгаа билээ.

“Хог хаягдлын тархалтыг хязгаарлах” үйл ажиллагаанд иргэдийн бүлгүүд, аж ахуйн нэгж байгууллагууд, иргэд, төрийн бус байгууллагууд болон Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид идэвхтэй оролцсоор байгаа аж.

8-р сарын 3-ны Пүрэв гарагт л гэхэд нийтлэг үйлчилгээний газрууд хороодын иргэдийн бүлэгтэй хамтран нийт 320.260 м.кв талбайн шарилж, хөл газрын ургамлыг түүж, цэвэрлэжээ. Шарилж, хөл газрын ургамал түүх ажлыг хороод ирэх 9 дүгээр сар хүртэл өдөр болгон зохион байгуулж байгаа учир иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг цаашид идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэл хүргэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч захирамж гарган А.Гансүх, Д.Дагвадорж нарыг бие төлөөлөгчөөрөө томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж нарыг бие төлөөлөгчөөрөө томиллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжид “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучиндөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зйүлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

-Амаржаргалын Гансүхийг Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 3 талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилсугай.

-Долгорсүрэнгийн Дагвадоржийг Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилсугай” гэжээ.

Амаржаргалын Гансүх нь

ТӨХ-ны Хууль эрх зүйн албаны ажилтан

Худалдаа хөгжлийн банкны Тамгын газрын захирал

ТӨХ-ны газрын дарга

Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд

УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байв.

Долгорсүрэнгийн Дагвадорж нь

Монгол Улсын гавьяат тамирчин,

Хөдөлмөрийн баатар

Японы Нагоно мужийн Мацумото Их сургуулийн хүндэт доктор

Сүмогийн 68 дахь, ёкозүна болсон анхны Монгол хүн

Монгол-Японы харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж гүүр болсоор ирэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч Х.Баттулга Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хувийн хэвшил, бизнесийн салбараас төрсөн, ажлын байр гаргаж, татвар төлж, хүмүүсийг цалинжуулж, энэ бүхний зовлон, бэрхшээлийг биеэрээ туулсан хүн Төрийн тэргүүн болсон давуу талыг ашиглан МҮЭ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллах хэрэгтэйг хэллээ.

УИХ-аас хөгжлийн хөтөлбөр баталдаг ч Засгийн газар түүнийг хэрэгжүүлдэггүй. Тухайлбал, 2010 оны 6 дугаар сард Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг УИХ баталсан боловч Засгийн газар хэрэгжүүлээгүй. Иймд холбогдох Төрийн бус байгууллагуудыг үйл ажиллагаанд оруулж, үйлдвэрлэгчид нэгдэж нийлж, хамтарч ажиллах, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрыг шахах ёстой. Бодлого хэрэгждэггүй учраас ажил явдаггүй сөрөг талтай. Гэрээт ажилчдаас нийгмиийн даатгал төлдөггүй, энэ нь нэг талаас тухайн аж ахуйн нэгжийн чадамжтай холбоотой. Үүнээс болж нийгмийн даатгалын сан босч ирж чаддаггүй гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сануулав.

Цалингийн зээл, тэтгэврийн зээл зэрэг эрсдэлгүй зээлд сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүү ногдуулж арилжааны банкууд мөнгө хүүлж байгаа нь зохисгүй гэдгийг мөн хэлсэн юм.

Гурван талт хэлэлцээрийн хэрэгжилт тааруу, ажлын байр хадгалах, цалин нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар хүлээсэн үүргээ сүүлийн хоёр жил хэрэгжүүлэхгүй, гэрээний үр дүнг дүгнэдэггүй зэрэг дутагдал байгааг  МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар энэ үеэр дурдаж байлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа