Author Archives: admin

ОБЕГ-ын зарим албан тушаалтнуудыг саатуулан шалгаж эхэллээ

АТГ-ын ээлжит баривчилгаанд онцгойгийнхон “өртжээ”.Өнгөрсөн баасан гаригт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс  Онцгой байдлын ерөнхий газрын Санхүү, хангалт үйлчилгээний газрын дарга, онцгой байдлын хурандаа Р.Дадамыг ээлжийн амралттай байх үед дуудуулж албан өрөөнд нь нэгжлэг хийжээ. Зарим эх сурвалжийн мэдээллэж буйгаар, ОБЕГ-ын нэр бүхий албан тушаалтнуудыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн ба Р.Дадам, Л.Билэгдэмбэрэл нарыг нь шүүгчийн захирамжаар цагдан хориод байгаа аж.

Түүнчлэн АТГ-аас уг хэргийн талаар ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй гэх ба улсын нууцтай холбоотой байж болзошгүй гэсэн юм. Албан бус эх сурвалжуудын хэлж буйгаар, ОБЕГ-ын удирдлагуудыг онцгой албаны хэрэгцээнд тусгай тоноглосон “Газель” маркийн машин авах тендер зарласан ч ямар ч тоноглолгүй тээврийн хэрэгсэл өндөр үнээр авсан гэх үндэслэлээр шалгаж байгаа гэлээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Кабулд халдлага болж 100 орчим хүн амь алджээ

Афганистаны нийслэл Кабул хотноо орон нутгийн цагаар 01.25 цагийн орчимд хүчтэй дэлбэрэлт болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Уг дэлбэрэлтийг талибанчууд үйлдсэн тухайгаа өөрсдийн мэдээллийн агентлагаараа дамжуулан мэдэгдсэн байна.“Талибан” бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч Абуль аль Аби “Кабул хотноо болсон халдлагыг бид захиалсан. Бид Засгийн эрхийг авах хүртлээ халдлагаа үргэлжүүлсээр байх болно” гэж хэлжээ.

 Халдлагаар 100 орчим хүн амиа алдсан хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байгаа ч уг мэдээллийг эрх баригчид үгүйсгэж байна. Цагдаагийнхан халдлагаар амиа алдагсдын гэр бүлтэй холбогдож эхэлсэн бөгөөд “Одоогоор албан ёсны мэдээлэл хийгээгүй байна” хэмээн “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 Талибанчууд өнгөрсөн сарын 21-ны өдөр Кабул хотноо халдлага үйлдэж, 88 хүнийг хөнөөсөн билээ. Амиа алдагсдын ихэнх нь тус улсын цөөнх гэгддэг хазарачууд байжээ. Хазарачууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах үеэр талибанчууд их хэмжээний тэсрэх бөмбөг суурилуулсан ачааны машин дэлбэлсэн байна.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хоол хүнсээр дамжих өвчнөөс сэргийлье

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын мэдээгээр хоол хүнсээр дамжих өвчний шалтгаанаар 10 хүн тутмын нэг буюу 420 сая хүн нас барж байна. Нас барсан 3 хүн тутмын хоёр нь тав хүртэлх насны хүүхэд байна.

Аюулгүй байдал нь алдагдсан хоол хүнс хэрэглэсний улмаас суулгалт өвчнөөр жил бүр 550 сая хүн (220 сая нь тав хүртэлх насны хүүхэд) өвчилж, 230 сая хүн (96 сая нь тав хүртэлх насны хүүхэд) нас барж байна. Өвчин үүсгэх гол шалтгааныг эмгэг төрөгч нян, вирус, шимэгч болон химийн хороор бохирдсон хоол хүнс эзэлж байна (ДЭМБ, 2015).

2016 он гарсаар Монгол Улсад хоолны хордлогын хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байна. Хоол хүнсийг буруу хадгалах; дутуу чанаж болгох; баталгаагүй хүнсний түүхий  эд, бүтээгдэхүүн хэрэглэх; хүнс бэлтгэх, боловсруулах, худалдаалах болон хэрэглэх явцад ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм муу сахих нь эмгэг төрөгч нянгаар хоол хүнс бохирдох шалтгаан болж байна.

Хоолны хордлого болон хоол хүнсээр дамжих бусад өвчнөөс сэргийлэхийн тулд “АЮУЛГҮЙ ХООЛ ХҮНСНИЙ 5 ТҮЛХҮҮР” ЗАРЧМЫГ ДАГАЖ МӨРДӨХИЙГНийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн Хоол Судлалын Төвөөс ТАНЬД ЗӨВЛӨЖ БАЙНА.

  • Цэвэр байлгах
  • Шууд идэх хүнсийг түүхий  хүнснээс тусгаарлах
  • Хоол хүнсийг гүйцэд болгох
  • хүнсийг зохих хэмд хадгалах
  • Аюулгүй ундны ус, хүнсний түүхий  эд ашиглах

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд аа, Хөгжлийн банкны бондын зарцуулалтад хэзээ шалгалт оруулах вэ

Санхүү эдийн засаг, томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх, дэмжих зорилгоор улс орнуудын Засгийн газар бонд гаргадаг. Энэ жишгээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар “Чингис” болон “Самурай” бонд гаргасан. Тэгвэл энэхүү их мөнгө өдгөө хаашаа гарч Монгол Улсад ямар үр өгөөжөө өгчихөв өө гэх асуултын тэмдэг гарч байсан ч хариулт нь тодорхойгүй үлдсэн юм. Өнгөрсөн хугацаанд тухайн үеийн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн ахалсан ажлын хэсэг хийсэн шалгалтынхаа үр дүнг олон нийтэд танилцуулахыг хүсч байсан ч УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Г.Батхүү, Б.Гарамгайбаатар, Л.Эрдэнэчимэг, Ц.Баярсайхан, Я.Санжмятав, бие даагч Х.Болорчулуун нар өнөөдрийг хүртэл гарын үсэг зураагүй байгаа тухайг ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан,Ч.Хүрэлбаатар, Л.Чойжилсүрэн нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр мэдэгдэж байсан .Тэр ажлын ажлын хэсэгт тухайн үеийн  УИХ-ын гишүүн Г.Батхүү, Ц.Баярсайхан, Я.Санжмятав, Л.Эрдэнэчимэг,Б.Гарамгайбаатар,Л.Чойжилсүрэн,Ч.Хүрэлбаатар, Г.Уянга, Х.Болорчулуун нарын гишүүд багтаж байсан юм.

Харин өнөөдөр нөхцөл байдал өөр болж УИХ-ын үнэмлэхүй олонхи болж засгийн газраа дангаараа байгуулаад байгаа МАН-ынхан “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад яаралтай ажлын хэсэг гаргаж шалгалт оруулах хэрэгтэй гэсэн үг. Өнгөрсөн оны аравдугаар сард УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн дээрх бондын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн боловч эрх баригчдын шахалт хавчилгаас болж нөхцөл байдал ямархуу байгаа, хэн гэгч эрх мэдэлтэн хэдэн төгрөг хаашаа зувчуулсан гээд олон зүйлийг ил болгож чадаагүй.

Хөгжлийн банкнаас олон ноцтой зөрчил илэрч байсан

Тухайн үед ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Чингис”,”Самурай” бондын зарцуулалт, “Хөгжлийн банк”-ны үйл ажиллагаанд олон ноцтой зөрчил илэрснийг дурдав. Ялангуяа УИХ-ын гишүүн Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын туслах байснаа гэнэтхэн дэвшиж “Хөгжлийн банк”-ны Гүйцэтгэх захирлаар томилогдсон Н.Мөнхбатын удирддаг банк өнгөрсөн гурван жилд санхүүгийн ноцтой алдаа, дутагдал гаргаж, булхай луйврын шинжтэй маш олон санхүүжилт олгосоор ирснийг дурдаж байсан юм. Тэгвэл өнгөрсөн он жилүүдэд багагүй будлиантай ажилласан “Хөгжлийн банк”-ны эх сурвалжийг хөөж үзвэл Монгол Улсын Засгийн газар 2010 оны долоодугаар сарын 20-ны өдрийн 195 дугаар тогтоолоор “Хөгжлийн банк”-ыг байгуулахаар шийдвэрлэж, УИХ-аас “Хөгжлийн банк”-ны тухай хуулийг 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр баталсан байдаг. Дээрх хуулиар “Хөгжлийн банк” нь Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй, ашгийн төлөө, төрийн өмчит хуулийн этгээд байхаар заажээ. Ингээд Засгийн газрын 2011 оны тавдугаар сарын 11-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор “Хөгжлийн банк”-ны дүрэм, бүтэц, зохион байгуулалтыг баталж хуулийн дагуу албан ёсоор үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа нь эхэлсэн байдаг.

2010 оны долоодугаар сарын 09-ны өдөр баталсан Монгол Улсын 2010 оны “Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах” хуульд “Хөгжлийн банк”-ны дүрмийн санг 16.7 тэрбум төгрөгөөр тогтоож 2010 оны арванхоёрдугаар сард Сангийн сайдын 283 дугаар тушаалын дагуу банкны дүрмийн санг бүрдүүлжээ. “Хөгжлийн банк”-ны дүрмийн санг 2011-2014 оны Төсвийн тухай хуулиудаар нийт 127.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр 2014 оны арванхоёрдугаар сарын 31-нийн байдлаар 143.9 тэрбум төгрөг болсон байна.

Ингээд “Чингис”,”Самурай” бондын зарцуулалт, “Хөгжлийн банк”-ны үйл ажиллагаанд УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтээс шалгалт хийсэн зарим ноцтой баримтыг эргэн сануулая.

-УИХ-ын 2012 оны 52 дугаар тогтоолын дагуу Засгийн газар “Чингис бонд”-ыг олон улсын зах зээлд таван жилийн хугацаатай, жилийн 4.125 хувийн хүүтэй 500 сая ам.долларын, 10 жилийн хугацаатай, жилийн 5.125 хувийн хүүтэй нэг тэрбум ам.долларын бондыг тус тус арилжаалснаас бондыг арилжаалах үйл ажиллагааны зардалд гэрээний дагуу 5.4 сая ам.долларыг суутгуулж, 2012 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдөр Монгол банкин дахь Засгийн газрын бондын харилцах дансанд нэг тэрбум 494.6 сая ам.долларын орлого орж байсан байна.

Тэгвэл одоо энэ их хөрөнгө мөнгө хаашаа юунд зарцуулагдаж улс орны эдийн засаг ингэтлээ муудах болов оо. Угтаа бол Хөгжлийн банкны удирдлагууд хийгээд эрх баригчид “Чингис, Самурай” бондын хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн сонголт ил тод бус, хариуцлагатай байх зарчмыг алдагдуулж төслүүдийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг олон нийтэд ил болгоогүй түүнчлэн “Чингис, Самурай” бонд, “Хөгжлийн банк”-ны эх үүсвэрүүдийн хоорондын зааг ялгаа зорилго, чиглэлийг байхгүй болгож өөрсдийнхөө хар хайрцаг болгож байсан юм.

Өмнөх Хөгжлийн банкыг шалгасан ажлын хэсэг дутуу ажилласан

Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд та бүхэн “Чингис”,”Самурай” бондын зарцуулалтыг өнгөрсөн хугацаанд үхэн хатан нууцалж байсан эрх баригчид хийгээд хэн гээч улстөрч, бизнесменүүд гap, хөлөө угааж, хэд гурван тэрбумаар нь хулгайлан зувчуулсныг яаралтай ил болгож монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан албан тушаалтнуудад нэн даруй хариуцлага тооцох хэрэгтэй байх.

Тухайлбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Үндэсний Аудитын газраас дараах мэдээллийг өгч байсан юм. Үүнд, “Чингис” бонд 1.5 сая ам долларын санхүүжилттэй. Энэ мөнгийг 11 төсөлд зарцуулж, одоо 520 тэрбум төгрөг үлдээд байгаа тухай зарласан байдаг. Эрх баригчдын тайлбарлснаар “Чингис” бондын мөнгөнөөс “Гудамж” төсөлд 200 сая ам.доллар, “Авто зам”-ын төсөлд 570 тэрбум төгрөг, “Шинэ төмөр зам” төсөлд 200 сая ам.доллар, “Тавантолгойн цахилгаан станц” барихад 50 сая ам.доллар, “Ноолуурын салбарт технологийн шинэчлэл” хийхэд 68.8 сая ам.доллар, “Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөлт”-д 200 тэрбум төгрөг, ’’Байшин үйлдвэрлэх комбинат”-ыг сэргээхэд 14 сая ам.доллар, Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд 27.7 сая ам.доллар, Хүлэмж байгуулахад 17.7 сая ам.доллар, Ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 45 сая ам.доллар, Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд 13.5 сая ам.долларын санхүүжилтыг олгосон” хэмээж байсан юм.

Хэдийгээр бондын мөнгөний зарцуулалтын талаар тодорхой хэмжээгээр мэдээллэсэн ч эдгээр бондоос тухайн үеийн УИХ, Засгийн газрын гишүүдээс хэн нь ямар зориулалтаар хэчнээн тэрбум төгрөгийг хэзээ, ямар төсөл хэрэгжүүлэхээр авсныг л ил болгож өгөхийг олон нийт хүсч байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АТГ-ын дарга Х.Энхжаргал Олон нийтийн зөвлөлийн гишүүдтэй уулзав

Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од, гишүүн Д.Цэрэнжав, М.Оюунчимэг, Б.Нямдорж нарын төлөөлөлтэй өнгөрсөн баасан гарагт  уулзлаа. Энэ нь Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалын албан ажлаа хүлээж авснаас хойших анхны уулзалт юм.

Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од авлигатай тэмцэх амаргүй албанд томилогдсонд нь баяр хүргэж, амжилт хүсээд алд цагаан хадаг барьж мэндчилэв. Тэд авлигатай тэмцэх ажилд олон нийтийн хяналтыг бий болгох боломж, арга замын асуудлаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцов.Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал “Авлигатай амжилттай тэмцэж байгаа улс орнуудын туршлагыг харахад олон нийтийн оролцоо, хяналтын хүчээр үр дүнтэй ажиллаж, амжилтад хүрсэн байдаг. Тиймээс авлигатай тэмцэх ажил бол зөвхөн Авлигатай тэмцэх газрын ажил биш бөгөөд энэ нь бүх нийтийн оролцоо, хяналт, үйлс байх ёстой. Өөрөөр хэлбэл, авлигатай тэмцэх ажлыг олон нийтийн хяналтад өгье. Харин энэ үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг талаар та бүхний саналыг сонсъё, бүгдээрээ харилцан ярилцъя” гэж хэллээ.

атг ДАРГА 1Олон нийтийн зөвлөлийн гишүүд авлигатай тэмцэх ажилд олон нийтийн хяналтыг бий болгох чиглэлээр саналаа илэрхийлэв. Тухайлбал, Олон нийтийн зөвлөлийн дарга, “Транспэрэнси интернэшнл Монгол” байгууллагын гүйцэтгэх захирал Л.Төр-Од “Авлигатай тэмцэх чиглэлээр үндэсний хөтөлбөр, алсыг харсан бодлого хэрэгтэй. Энэ хөтөлбөр, бодлогын баримт бичгээ боловсруулах чиглэлээр хамтарч ажиллах саналтай байна” гэж хэлэв.

Олон нийтийн зөвлөлийн гишүүн, “Ил тод байдал сан” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Цэрэнжав “Соён гэгээрүүлэх ажлын үндсийг өөрчлөх шаардлагатай. Авлигын хүндийн төв өөр тийшээ шилжээд байгааг харгалзах ёстой. Төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод болгох замаар урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах нь зөв. Төрийн байгууллагаас гаргасан шийдвэр бүхэн гармагцаа ил тод болдог байх, ингэснээрээ шууд олон нийтийн хяналтад очдог байх хэрэгтэй. Хэдийгээр энэ нь авлигатай шууд холбоогүй ч олон нийтийн механизм үйлчилж байгаа тул маш том хяналт болж чадна. Мониторингийн тогтолцоо бий болгох, өөрөөр хэлбэл төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр бүрийг гармагц нь шууд ил тод болгодог тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна” гэв.

Олон нийтийн зөвлөлийн гишүүн, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга М.Оюунчимэг “Танхимын зүгээс Авлигатай тэмцэх газартай хамтран бизнес эрхлэгчдэд зөв мэдээлэл өгөх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд түлхүү анхаарч ажилладаг. Авлигатай тэмцэх зөвлөл байгуулж ажиллуулсан, хүнд суртлын индексийг тооцож гаргадаг болсон, НҮБ-ын “Даян дэлхийн гэрээ”-нд нэгдсэн зэрэг арга хэмжээг хэрэгжүүлснээр зарим эерэг үр дүн харагдаж байгаа. Цаашид ч бид төр-хувийн хэвшлийн хэлцэл, түншлэл хэлбэрээр Авлигатай тэмцэх газартай хамтарч ажиллана. Бидний зорилго нэг. Бизнесийн орчныг эрүүл болгох, ил тод байлгах, засаглалыг сайжруулахын төлөө ажиллана” гэж хэллээ.Олон нийтийн зөвлөл нь авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилго бүхий орон тооны бус 15 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 4 жилийн хугацаатай томилогддог юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар бүрдлээ

Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 29, 30-ны өдрийн хуралдаанаас П.Сэргэлэн, Г.Мөнхбаяр, А.Цогцэцэг, П.Ганхүү нарыг Засгийн газрын гишүүн, сайдаар томилсноор Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхим бүрдлээ. Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүн, сайд нар өнөөдөр яамны тамгаа хүлээн авч, ажилдаа орлоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн;

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо.

МАН-ын мөрийн хөтөлбөрт хөдөө, аж ахуйн салбар Монгол Улсын тэргүүлэх чиглэлийн гол салбар байна. Энэ салбар өсөлттэй ажилласнаар Монголчуудын ахуй амьдрал дээшилнэ гэдэг бодлогыг түлхүү тусгасан. Удахгүй Засгийн газрын мөрийн хөтөлбөр батлагдана. Мөрийн хөтөлбөрт хөдөө аж ахуйтай холбоотой олон заалт оруулж, энэ салбарын хөгжлийг өөд өргөж явна гэж танд итгэж, Монголын төр танд өндөр хариуцлага хүлээлгэлээ гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тамга гардуулахдаа хэллээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн салбарынхаа мэргэжилтэн, эрдэмтэд, ахмадууд, удирдлагуудтай уулзалт хийхээс ажлаа эхлүүлнэ гээд энэ салбарт бодлого, үйл ажиллагааны эрс шинэчлэл хийнэ гэдгээ илэрхийлэв.

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр;

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Барилга, хот байгуулалтын яамны тамгыг Засгийн газрын гишүүн Г.Мөнхбаярт гардуулж өглөө.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тамга хүлээлгэн өгөхдөө Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярт хандан барилгын салбарт гарсан гажуудлыг засч, барилгын салбарын хөгжлийг түргэтгэх олон ажил, арга хэмжээ хийж хэрэглүүлж, энэ салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж ажиллахыг хүсэв.

Ажил хүлээлцэхэд Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ болон тус яамны газар, хэлтсийн дарга нар байлцлаа.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг;

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Эрүүл мэнд, спортын сайд асан С.Ламбаагаас яамны тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо.

Эрүүл мэнд, спортын сайд асан С.Ламбаа Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийг гуравдугаар шатлалын эмнэлгийн тэргүүн магнайд ажиллаж байсны хувьд энэ салбарыг маш сайн удирдаж чадах хүн гэж тодорхойлоод түүнд ажлын амжилт хүсэв.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэ салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа, эрүүл мэндийн салбарын бүтэц, үйл ажиллагаа, амжилт бүтээл, алдаа оноог гадарлахын хувьд үүрэгт ажлаа шуурхай эхлэх нь хамгийн чухал байна гээд зөвхөн эрүүл мэндийн салбарынхны бус гурван сая хүний сайд боллоо гэж өөртөө маш том хариуцлага хүлээлгэж байгаагаа илэрхийлээ.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат ажил хүлээлцэхэд байлцаж, тамгаа хүлээн авсан сайдад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.

Эрчим хүчний сайд П.Ганхүү;

Эрчим хүчний сайд П.Ганхүүд Эрчим хүчний сайд асан Д.Зоригт яамны тамгаа хүлээлгэн өглөө.

Ажил хүлээлцэхэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат байлцав. Тэрээр Эрчим хүчний сайд П.Ганхүү нь их сургуулиа төгсөөд энэ салбарын мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлсэн. Салбарын яаманд хэлтсийн дарга, газрын дарга, эрчим хүчний төсөл хөтөлбөрүүдэд ажиллаж байсан туршлагатай, салбарын хүн сайдаар томилогдон ирж байгааг тодотгоод Монгол Улсын хөгжлийн нэг тулах цэг нь эрчим хүч. Тиймээс энэ салбарыг ажлаа мэддэг сайд удирдахаар болсон учраас эрчим хүчний салбарт ажил цалгардах асуудал гарахгүй гэдгийг онцолсон юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Хүүхдийг эхийн сүүгээр хооллох 7 хоног: Эхийн сүүний ач тус

Дэлхий дахин жил бүрийн наймдугаар сарын 1-7-ныг хүртэлх өдрийг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн уламжлалтай бөгөөд хэдийнээ 20 гаруй жил болж буй. Харин Монгол Улс 1992 оноос “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Хүүхдийн эрхийн конвенци, Инносентийн тунхаглал, НҮБ-ын удаа дараагийн чуулганы шийдвэр, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний олон улсын хуулийн заалтуудыг биелүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг өөрийн оронд нэвтрүүлсээр ирсэн юм.

Гэвч Монгол улсад 2010 онд нийт нялхсын 66 орчим хувь эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд энэ үзүүлэлт 47 хувь буюу 50 хүрэхгүй хувьтай болж буурсан нь хүүхдүүдийн дунд өвчлөл тэр дундаа халдварт өвчнөөр өвдөх нь ихсэж, өвчин хүндрэх, амь насаа алдаж байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байна.

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас эхийн сүүгээр хооллолтыг дэмжих 7 хоногийн хүрээнд дараах арга хэмжээг зохион байгуулах аж.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд жирэмсэн болон хөхүүл бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зөв хооллолтын зөвлөгөө өгөх өдөрлөгийг 8 дугаар сарын 2-ны 16.00-20.00цагийн хооронд

Шийдвэр гаргагч нарт жирэмсэн болон хөхүүл бага насны хүүхэдтэй эхчүүдийг дэмжих талаар нөлөөллийн арга хэмжээг 8 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулна.

ЭХИЙН СҮҮНИЙ АЧ ТУС

Эхийн сүү маш их ач тустай гэдгийг хүн бүр мэддэг ч, яг юунд сайн гэдгийг тэр бүр мэддэггүй шүү дээ. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь зөвхөн хүүхдэд төдийгүй эхэд сайн нөлөө үзүүлдэг. Ингэснээр эхийн дархлаа сайжиран умай сайн агшина, жирэмслэлт хоорондын зай уртасан хөхний хавдар болон бусад эмэгтэйчүүдийн өвчлөл багасдаг байна. Үүнээс гадна Эхийн сүү нь лабораторийн нөхцөлд боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай  элементээс бүрдсэн найрлагатай бөгөөд хүүхдийн байнга өөрчлөгдөж буй хэрэгцээнд зориулагдан найрлага нь байнга өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг байна.

Эхийн сүү нь өөрийнхөө хүүхдэд л тусгай зориулагдсан байдаг хэмээн мэргэжлийн эмч нар онцолж, эхийн сүүний 12 ач тусыг ийнхүү жагсаасан байна.

  • Дөнгөж төрсөн нярай хүүхдийн хувьд хамгийн сайн хоол дангаараа эхийн сүү юм: Хүний амьдралын эхний 6 сарын туршид өөр ямар нэгэн нэмэлт хоол тэжээлийн шаардлагагүйгээр түүний бүхий л хэрэгцээг эхийн сүү дангаараа хангаж чаддаг. Энэ үед хүүхдэд нэмэлтээр уулгах ганцхан дэмжлэг бол Д аминдэм юм…
  • Ээж бүрийн сүү нь өөрийн хүүхдэдээ тусгай үйлчилгээтэй: Эхийн сүүнд үнээний сүүнд байдаггүй, лабораторийн нөхцөлд боловсруулах боломжгүй 100 гаруй нийлмэл элемент агуулагддаг байна. Түүнчлэн эхийн сүү орлуулагч /хайрцаг, шилтэй бэлэн бүтээгдэхүүн/-аас ялгаатай нь эхийн сүү хүүхдийнхээ хэрэгцээг даган найрлагаа байнга өөрчлөн, шинэчилж байдаг. Жишээ нь: Эхийн сүүний өглөөний найрлага нь оройныхоосоо, нэг сартай хүүхдийн сүүний найрлага нь долоо сартайгийнхаасаа өөр байдаг байна. Мөн дутуу төрсөн хүүхдийн эхийн сүүний найрлага нь хугацаандаа төрсөн хүүхдийнхээс өөр байдаг нь тогтоогдсон байдаг.
  • Амархан шингэдэг: Эхийн сүү бол нярай хүүхдийн дөнгөж хөгжиж буй, эмзэгхэн хоол боловсруулах системд яг тохирсон. Эхийн сүүнд агуулагддаг уураг, тос нь үнээний сүүнийхтэй харьцуулахад илүү амархан шингэдэг. Ерөнхийдөө эхийн сүүгээр хооллодог хүүхдэд өтгөн хаталт, шингэн алдалт бараг илэрдэггүй. Дан ганц эхийн сүүгээр хооллож байх нөхцөлд бүрэлдэн бий болдог гэдэсний өнгөр нь элдэв үрэвсэл, шингэн алдахаас хамгаалж байдаг байна.
  • Илүү бага натри (давс), уураг: Эхийн сүүний найрлаган дахь давс, уураг нь үнээний сүүнд байдгаас хамаагүй бага байдаг учир дөнгөж төрсөн хүүхдийн хөгжиж буй бөөрний шүүх чадварт нийцдэг.
  • Илүү бага харшлах эрсдэл: Эхийн сүүгээр хооллодог нярай хүүхдийн хувьд эхний 6 сардаа болон нэмэлт хоолонд орох үед нь ч тэр хоол хүнсний тал дээр ямар нэгэн харшил өгөх нь угжны хүүхэдтэй харьцуулахад харьцангуй бага байдаг байна.
  • Илүү их кальци ба төмрийн шимэгдэл: Эхийн сүүнд агуулагддаг кальци, төмөр зэрэг нь үнээний сүүний найрлагатай эхийн сүүний орлуулагчтай харьцуулахад илүү сайн шимэгдэж, хүүхдийн цусны эргэлтийн системд шилждэг байна. Эхийн сүүгээр хооллодог хүүхдэд төмрөөс үүдэлтэй цус багадалт төдийлөн илэрдэггүй.
  • Арьсанд нөлөө: Эхийн сүүгээр хооллодог хүүхэд шээс, баасандаа илүү бага түлэгддэг.
  • Дархлааг сайжруулдаг: Эхийн сүү бол хүүхдийг элдэв өвчнөөс урьдчилан сэргийлдэг дархлааны анкор хэмээх бодисыг дамжуулж дархлааны системийг нь сайжруулж байдаг. Эхийн сүүгээр хооллодог хүүхдэд чихний үрэвсэл, ханиад зэрэг өвчнөөр бага өвчилдөг, эмнэлэгт хэвтэхээр нян бактерийн гаралтай өвчнөөр өвчлөх нь харьцангуй бага байдаг.
  • Хэт таргалалтаас хамгаалдаг: Эхийн сүү нь хүүхдийг насанд хүрсэн хойно нь ч гэсэн хэт таргалалтаас хамгаалдаг.
  • Сэтгэлзүйн хөгжилд ач тустай: Эхийн сүүгээр хооллох явцад эх-хүүхдийн хооронд дотны нандин холбоос үүсч байдаг. Энэ нь хүүхдийг сэтгэлзүйн хөгжилд эерэг нөлөө үзүүлж, эх-хүүхдийн холбоосыг бэхжүүлж өгдөг.
  • Эхийн сүү байнга бэлэн байдаг: Үргэлж хэрэглэхэд бэлэн, ариутгагдсан, байнга бүлээхэн байдаг. Хүүхдэд хэрэгцээтэй үед хаана ч, хэзээ ч бэлэн байдаг. Хамгийн чухал нь үнэ төлбөргүй.
  • Эхийг хамгаалж байдаг: Хөхүүл эхчүүдийг хөхний болон савны хавдраас бусад эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү сайн хамгаалж байдаг.

Хүүхдийг 2 нас хүртэл нь эхийн сүүгээр хооллох хэрэгтэй. Хүүхдийг төрсний дараах эхний 6 сард дан ганцхан эхийн сүүгээр хооллож, 6 сараас нь хойш нэмэлт хоолонд оруулах хэрэгтэй. Нэмэлт хоолонд дасгах явцад үндсэн хоол нь эхийн сүү байх бөгөөд хүүхэд 1 нас хүрэхэд хүүхдийн хоолны 30 хувийг эхийн сүү эзэлж байх ёстой. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээлж байгаагаар хүүхдийг эхийн сүүгээр хоол тэжээлийнх нь зэрэгцээ 2 нас хүртэл нь хооллохыг зөвлөдөг.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн онцгой комисс хуралдана

Хотын дарга Су.Батболд нийслэлийн Онцгой комиссыг өнөөдөр яаралтай хуралдуулахаар болсон. Энэ хурлаар үерийн улмаас үүссэн нөхцөл байдлыг арилгуулах, цаашид үер усны аюулаас урьчдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлуудыг хийх талаар  мэргэжлийн байгууллагуудын саналыг авч хэлэлцэн, хэрэгжүүлэх ажлуудаа тодорхойлно.

ҮЕР 1Өнгөрсөн долоо хоногт орсон түр зуурын борооны улмаас нийслэлийн зүүн хэсэг тэр дундаа Баянзүрх дүүрэг бүхэлдээ усанд автсан. Тиймээс Улаанбаатар хотын автозамуудын ус зайлуулах шугам хоолойг өргөтгөх, ус соруулах автомашин, техник хэрэгслийг сайржуулах шаардлагатай байгааг хотын дарга хэлсэн. Мөн цаашид шинээр барих автозамуудыг заавал ус зайлуулах шугам хоолойтой байхаар төлөвлөж хийх хэрэгтэйг түр зуурын бороо нийслэлийн удирдлагуудад харуулж, сануулсан билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Эрдоган цэргийн академиудаа татан буулгалаа

Туркийн зэвсэгт хүчин БХЯ-ны шууд удирдлага дор шилжиж, тус улсын бүх цэргийн академи татан буугдлаа.Энэхүү өөрчлөлт нь зэвсэгт хүчнийг дахин шинэчлэх цогц бодлогын нэг хэсэг гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “А Haber” телевизд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр “Манай зэвсэгт хүчин энэхүү шинэ өөрчлөлтөөр илүү хүчирхэг болно. Цэргийн төрлийн командлагч нар Батлан хамгаалахын сайдад захирагдана” хэмээжээ.

турк армиҮүнээс гадна Үндэсний тагнуулын газар, Ерөнхий штабын удирдлагуудыг шууд бус байдлаар Ерөнхийлөгчид захирагдах ёстой гэж үзжээ. Гэхдээ үүний тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй бөгөөд сөрөг хүчний намын тэргүүнүүдтэй л хамтарч байж хийгдэх асуудал гэжээ. Харин цэргийн академиудын оронд Үндэсний цэргийн их сургууль байгуулах аж. Энэ талаар “Цэргийн сургуулиуд хаагдана. Бид Үндэсний цэргийн их сургууль байгуулах болно” гэжээ.

Цэвэрлэгээ ба шинэчлэл

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өнгөрсөн сарын 15-16-нд шилжих шөнө цэргийн эргэлт хийх оролдлого гарсны дараахан зэвсэгт хүчний бүрэлдэхүүн, түүнтэй холбоотой бүтцүүдэд “цэвэрлэгээ” хийж эхэлсэн.Цэргийн эргэлт хийх оролдлогын улмаас бослого дэгдээгчдийг тооцолгүйгээр 246 хүн амиа алдаж, 2000 гаруй хүн гэмтэж бэртсэн юм. Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырымын хэлснээр энэхүү бослогын дараа улс орон даяар 13 мянган хүнийг баривчлан саатуулсан бөгөөд тэдний тоонд цэргийнхэн, цагдаа нар, шүүгч, прокурорууд олон байжээ. Үүнээс гадна төрийн 45 мянган ажилтныг ажлаас нь халж, улс орноосоо гарахаас сэргийлж 50 мянган хүний паспортыг хураан авчээ.Анкарагийн бослогыг Фетхуллах Гюлен гэгч зохион байгуулсан гэж буруутгагдаж байгаа юм. Түүний хувьд 1999 оноос сайн дураараа АНУ-ын Пенсильвани мужид дүрвэж гарсан бөгөөд Үндсэн хуулийн бүтцийг унагаах, өнөөгийн удирдлагуудыг суудлаас авч хаях зорилготой параллель бүтцийн тэргүүн хэмээгдэж буй.Туркийн засаг захиргаанас Гюленийг Туркт өгөх албан ёсны хүсэлтээ Вашингтонд гаргасан юм. Түүнийг мэдээллийг гуйвуулдаг, санхүүгийн гэмт хэрэг үйлдсэн, террорист байгууллага байгуулсан зэрэг үндэслэлээр эргүүлэн олгохыг шаарджээ.

АНУ-ын Төрийн департаментын зүгээс Туркийн талын хүсэлтийг хүлээн авснаа мэдэгдсэн ч Гюленийг өгөх эсэх асуудлаар ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй юм. Туркийн Ерөнхийлөгч Эрдоган сөрөг хүчний Гюленийг хэн нэгэн “удирдлагатай” “шатрын хүү” төдий хүн хэмээн нэрлэжээ.

Үүнээс гадна төрийн эргэлт хийх оролдлогоос хойш Туркийн ард түмэнд шаардах юм бол улс орондоо цаазын ялыг сэргээх бодолтой байгаагаа ч илэрхийлсэн байна. Харин Евро комиссын дарга Жан-Клод Юнкер “Хэрвээ Анкарагийн зүгээс цаазын ялаа эргэн сэргээх юм бол Европын холбоо Турктэй хийх хэлэлцээрээ зогсооно” гэж мэдэгджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

НИТХ-ын ажлын албаны даргаар М.Буяндэлгэрийг томиллоо

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2016 оны 7 дугаар сарын 29-нд болж хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байсан Бөхчулууны Энхболдыг чөлөөлж түүний оронд  Мягмарсүрэн овогтой Буяндэлгэрийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын түр орлон гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргалаа.

М.Буяндэлгэр нь  1980 онд төрсөн. Эхнэр 3 хүүхэдтэй. 1987-1997 онд 10 жилийн сургууль, 1997-2001 онд хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Газар Зохион байгуулагч мэргэжлээр баклавр, 2001-2003  онд   Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, мэргэжлээрээ магистр, 2005-2008 онуудад Удирдлагын Академи, Төрийн удирдлагын менежер, 2013-2013 онд    Санхүү, эдийн засгийн Дээд Сургууль, санхүүгийн шинжээч, 2005-2016   онд  Швед улсын Явле Их Сургууль, магистр, 2009-2016    Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Газар зүйн ухааны доктор хамгаалсан.   2001-2003 онд Баянзүрх дүүргийн Газрын албанд Бичиг хэрэг-Төлбөрийн байцаагч, 2003-2006 онд  Нийслэлийн Хот байгуулалт газрын харилцааны газарт-Кадастрын мэргэжилтэн, Хэлтсийн дарга, 2006-2008 онуудад Газрын харилцаа геодези зураг зүйн газар-Хэлтсийн дарга, 2008-2012 онуудад Нийслэлийн Газрын албанд Дэд дарга, дарга, 2012-2013 Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд багш, 2012-2015 Улаанбаатар капитал ХХК-д Санхүүгийн шинжээчээр ажиллаж байсан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ойрын хоногуудад Говь болон Зүүн аймгуудын нутаг, Төвийн аймгуудын зүүн хэсгээр халуун өдрүүд үргэлжилнэ.

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад Говь болон Зүүн аймгуудын нутаг, Төвийн аймгуудын зүүн хэсгээр халуун өдрүүд үргэлжилнэ.

 БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр хойноос зүүн хэсгээр өмнөөс секундэд 7-12 метр. Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн хойд хэсгээр зүүн хойноос өмнөд хэсгээр зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө зарим газраар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 градус, Орхон голын эх, Туул, Хараа голын саваар 32-37 градус, бусад нутгаар 27-32 градус  дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 16-21 градус, өдөртөө 34-39 градус дулаан байна.

 ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө халж 32-34 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө зарим газраар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө 20-25 градус, өдөртөө 33-38 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 32-34 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хэл халалт газар тариалалтад сөргөөр нөлөөлж болзошгүй

Өнөөдрөөс эхлэн Монгол Улс даяар хэт халалт үргэлжилнэ гэх мэдээллийг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс өгч байгаа.

Тэгвэл цаг агаарын энэ байдал нь иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөллийг дагуулж болзошгүйгээс гадна улсын эдийн засагт бас хор хохирол дагуулж магадгүй байна. Тэр нь юу гэхээр үр тариалалтад сөргөөр нөлөөлж мэдэхээр байна. Үрийн болц боловсрох шат наймдугаар сарын 15 хүртэл үргэлжилж, 20-ны өдөр орчимоос болцын эхэн үе эхэлдэг байна. Гэтэл үр тариа боловсрох шатанд хэт халалт удаан үргэлжилбэл үр давжаарах, цаашлаад үр тарианы ургац, гарцад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа юм байна. Манай улсын хэмжээнд энэ жил 323 мянган га талбайд үр тариа, үүнээс 301.5 мянган га талбайд улаанбуудай тариалсан юм байна. Түүнчлэн салбарын яамнаас мэдээлж буйгаар цаг агаарын дулаарал нь ойд хөнөөлтэй шавжны тархалтыг нэмэгдүүлдэг аж. Энэ жил 16 аймгийн 80 сумын ойн сангийн 680 мянган га талбайд хөнөөлт шавж тархаж, үүнээс 590 мянган га талбайд хөнөөлт шавжийн голомт үүсээд байсныг тогтоожээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдрөөс эхлэн микронууд үйлчилгээнд явахгүй

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй микронуудын насжилт дууссан учир энэ ондоо багтаж шугамнаас хасахаар болсон. Тэгвэл тухайн Микро автобусуудыг өнөөдрөөс эхлэн явуулахгүй байхаар болжээ.

Тодруулбал, 12-оос дээш жил ашиглаж, насжилт нь дууссан 171 микро автобусыг үйлчилгээнээс халах тооцоо гарсан байна. Харин том оврын автобустай чиглэл давхцаагүй, зорчих тээврийн стандартад нийцсэн 45 микро автобус нийтийн тээвэрт үйлчлэх юм байна. Эдгээр 45 микро автобус нь зайлшгүй нийтийн тээвэр хэрэгтэй, том оврын автобус явах боломжгүй Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Баруун туруун, Партизан зэрэг чиглэлүүдэд иргэдэд хүрч, үйлчлэх аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдрөөс тээврийн товчоодод хяналтын эргүүл ажиллаж эхэлнэ

Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрөөс эхлээд 15 хоног хяналт шалгалт явуулах цэгийг Авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн 24 цагаар, хамтарсан хяналтын хөдөлгөөнт эргүүл гаргахаар болжээ. Мөн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг тус тус зохион байгуулж ажиллуулахыг нийслэлийн Засаг дарга С.Батболд үүрэг болгосон байна. Учир нь сүүлийн үед байгалийн голомтот болон хүн, мал амьтны гоц халдварт өвчний халдвар идэвхжиж буйтай холбогдуулан нийслэл рүү зөөгдөн орохоос сэргийлж байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа