Author Archives: baaska baaska

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар 2025 оны 03 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Энэ нь энэ онд тохиож байгаа хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Польш Улсад 12 жилийн дараа хийх айлчлал юм.

Хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө. Ерөнхийлөгч мөн Польшийн Парламент, Засгийн тэргүүн нартай уулзана.

Айлчлалаар уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулахын зэрэгцээ эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, палеонтологи, археологи, хэвлэл мэдээлэл, соёл, кино урлаг зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Түүнчлэн Варшав хотноо Морин хуур найрал хөгжмийн тоглолт, бизнес форум зохион байгуулна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөхөгчин гахай өдөр

-Аргын тооллын 3 дугаар сарын 7. Баасан (Сугар) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 8, хөхөгчин гахай, мэнгэ 2 хар, суудал хий, гөрөөсөн толгой-4 од, үл тохирох барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:21-18:45.​
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад нас уртасна маш сайн. Харин могой, бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бөөр, хөмхийд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Лам болох, гал тахих, шинэ гэр, байшин, асар майхан барих, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, морь уралдуулж эхлэх, газар хагалах, тариа ногоо тарих, арилжаа наймаа хийх, эм хүртэх, найруулах, хурим хийх, замд гарах, эрдэм сурах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ хувцас өмсөх, үс засуулах, даллага авах, дуган, шүтээн босгох, равнайлах, мал хөнгөлөх, ан гөрөө хийх, ад зэтгэрийг номхтгох, номын хурим, ном заалгах, гөлөг тэжээх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох, тарни тоолох, хариулга хийх, согтуу галзууг номхтгох сайн. Бурхан сахиус тахих, бэрийн үйл, тээрэм босгох, андгай тавих, чуулах, амраг садан бололцох, багш шавь барилдах, газар малтах, үхэгсдийн үйл, мод таслах, худаг шуудуу малтах, замд гарах, эд, мал худалдан авах, газар тариалангийн үйл, малын үс, ноос хяргах, хувцас эсгэх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал гаргахад муу.
– Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 1 градус дулаан

                            Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

7-8-нд ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 2025 оны 03-р сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -13…-18 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 0…+2 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +1…+3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 0 градус орчим байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сар шинийн өдрүүдэд зам тээврийн болон ахуйн хүрээний осол гэмтэл эрс нэмэгджээ

Сар шинийн баярын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 01-нээс 06-ныг хүртэлх 5 хоногийн хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 1979 иргэн тусламж үйлчилгээ авчээ.
Нийт үйлчлүүлэгчдийн 690 /34.9%/ нь 0-18 насны хүүхэд байна.
Осол гэмтлийн дийлэнх шалтгааныг халтирах, тээглэх, бүдрэх болон шат гишгүүр, бусад зүйлээс унаж бэртэх тохиолдол эзэлж буй бөгөөд нийт тохиолдлын 856 /43.3%/ иргэн уг шалтгаанаар эмнэлэгт ханджээ.Түүнчлэн ахуйн хүрээний осол гэмтэл буюу хутга мэс, шил шаазан зэрэг амьгүй механик хүчин зүйлд өртсөн 357 /18.0%/, зам тээврийн осолд өртсөн 274 /13.8%/, архидан согтуурах болон бусад шалтгааны улмаас зодоон цохион гэх мэт хүчирхийлэлд өртсөн 152 /7.7%, нохой муур, морь малд хазуулах зэрэг амьд механик хүчин зүйлд өртсөн 164 /8.3%/, түлэгдэж гэмтсэн 94 /4.7%, осголт хөлдөлтийн байдалтай 6 /0.3%, бусад шалтгааны улмаас бэртэж гэмтсэн 76 /3.8%/ хүн тусламж үйлчилгээ авчээ.
Нийт иргэдийн 274 /13.8%/ нь бэртэж гэмтэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.
Төв болон салбар эмнэлгийн хэмжээнд нийт 81 эмч, эмнэлгийн ажилтан үүрэг гүйцэтгэж ажилласан бөгөөд ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай үзүүлсэн байна.
Мөн Амбулаторийн тасаг баярын өдрүүдэд тодорхой хуваарийн дагуу ажилласан бөгөөд өнөөдрөөс үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж буй юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын иргэд цахим хэлбэрээр үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, залилангийн хохирогч болж, хөрөнгөө их хэмжээгээр алдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үндэсний валют ямар нэгэн хяналтгүйгээр гадагш шилжиж, манай улсын эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулж, эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа үйлдлийг таслан зогсоох зорилгоор Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, магадлалыг урьдчилан тооцоолж үр дүнг таамаглах боломжтой спортын бооцоот тааврын үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгож, харин спортын бооцоот таавраас бусад бооцоот таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг хориглох талаар тус хуулийн төсөлд тусгаж, хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зохицууллаа.

Мөн мөрийтэй тоглоом болон хууль бус бооцоот таавар, тоглоомын үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлж өөрийн нэр дээр бүртгэлтэй төлбөр тооцооны данс,  цахим мөнгө худалдах, худалдан авах бирж, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим хаягаа бусдад ашиглуулсан этгээдэд хүлээлгэх хариуцлага болон Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулж, төлбөрт таавар, бооцоот таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомыг сурталчилахыг хориглож, хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгалаа.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулж, мөрийтэй тоглоом тоглосон этгээдэд нэг зуун мянган төгрөгийн торгууль ноогдуулдаг зөрчлийн шийтгэлийг чангатгахаар, Банкны тухай хуульд нэмэлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд заасны дагуу хойшлуулшгүй ажиллагааг яаралтай зохион байгуулж, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянадаг байхаар тусгажээ.

Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг бүс бүрд зохион байгуулна

Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг бүс бүрд зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд даалгалаа.

Бүсийн хамтын ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх, хөдөлгөөн өрнүүлэх олон талт арга хэмжээ зохион байгуулах зардлыг 2025 оны батлагдсан төсвийн хүрээнд шийдвэрлэхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгав.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 14-ний хуралдааны тэмдэглэл, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны хоёрдугаар сарын 03-ны тогтоолоор Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг бүс бүрд зохион байгуулах шийдвэр гарсан.

Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг 2025 оны гуравдугаар сарын 25-нд Баруун бүсийн зөвлөлийн хуралдааныг Баян-Өлгий аймагт зохион байгуулахаар төлөвлөж байна. Хангайн бүсийн зөвлөлийн хуралдааныг Архангай, Говийн бүсийн зөвлөлийн хуралдааныг Дорноговь, Хойд бүсийн зөвлөлийн хуралдааныг Булган аймаг, Зүүн бүсийн зөвлөлийн хуралдааныг Дорнод аймаг, Төвийн бүсийн зөвлөлийн хуралдааныг Дархан-Уул аймагт болон Улаанбаатарын бүсийн зөвлөлийн хуралдааныг Улаанбаатар хотод энэ оны хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 112 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 112 жилийн ойг тохиолдуулан үе үеийн сэтгүүлч, уран бүтээлч, инженер техникийн ажилтнуудадаа баярын мэнд хүргэе.

​“Түмэн зүйлийг бадруулан элдэв ухааныг дэлгэрүүлнэ” хэмээх уриатайгаар 1913 оны 3 дугаар сарын 6-нд нийслэл хүрээнд монголын сэхээтнүүдийн гаргасан анхны хэвлэл бол “Шинэ толь хэмээх бичиг” сонин билээ.

Орчин цагийн сэтгүүл зүйн анхдагч болсон энэхүү сонин бичиг нь тухайн үед өрнөсөн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч, ард олныг нийгмийн өөрчлөлтөд уриалан дуудагч болж байжээ.

Өдгөө өдөр тутмын 5 сонин, 45 радио, 111 телевизийн суваг, 186 мэдээллийн цахим хуудас үйл ажиллагаагаа явуулж байна.

Хэвлэл мэдээллийн ажилтны мэргэжлийн ёс зүй, хариуцлагатай хандлага нь олон нийтийн итгэл, үнэмшлийг нэмэгдүүлж, ардчилсан Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж ирсэн, цаашдаа ч чухал үүрэгтэй юм.

    Та бүхний үзэг нь хурц, үг нь мэргэн байхыг  хүсье.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энэ онд нийт 650 шүүрт худгийг засварлана

ГУББГ-аас энд онд долоон байршилд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ шинээр угсрахаар төлөвлөсөн. Нэмэлтээр нийслэлийн Замын хөгжлийн газартай хамтран хоёр байршилд нийт 1.3 км авто замын борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөөд байна. Энэ талаар ГУББГ-ын дарга Б.Бямбасайханаас тодрууллаа.

Тэрбээр “Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өдөртөө нэмэх хэм рүү шилжсэн үед буюу гуравдугаар сарын 15-ны өдрөөс бүтээн байгуулалтын ажлыг эхэлнэ. Үүнээс өмнө газар хөлдүү байгаа энэ үед бэлтгэл ажлыг хангах, суваг татах зэрэг ухлага багатай ажлуудыг хийж байна” гэв.

ГУББГ-аас ус зайлуулах шугам, сүлжээ шинээр угсрах долоон байршил:

  1. Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Төмөр замын вокзал орчим;
  2. Баянгол  дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний урд хэсэг буюу “Алтай” хотхоны автобусны буудал орчим;
  3. Баянгол  дүүргийн 5 дугаар хороо, “Алтай” хотхоны 14 дүгээр байр орчим;
  4. Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Бөмбөгөр” худалдааны төвийн урд зам, Гэсэр сүмийн уулзвар орчим;
  5. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүр доор;
  6. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ТЭЦ 3 буюу Ажилчны гудамж;
  7. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө буюу 19-р хороолол орчимд борооны улирал эхлэхээс өмнө шинээр шугам угсрахаар төлөвлөөд байна.

ГУББГ, нийслэлийн Замын хөгжлийн газартай хамтран ус зайлуулах шугам, сүлжээ шинээр угсрах хоёр байршил:

  1. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарт” хотхон орчимд 600 метр шугам;
  2. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Тэсо группийн урд 700 метр шугам тус тус угсарна.

Түүнчлэн энэ онд нийт 650 шүүрт худгийг засварлана. Үүнээс гадна өнгөрсөн онд НЗД-ын өгсөн үүрэг чиглэлийн дагуу явган хүний зам дээр ус ихээр тогтдог 70 байршил байгааг тогтоосон. Эдгээр байршлаас зарим байршлыг уклоноор хучиж шүүрт худаг руу унагах, жижиг хэмжээний шугам угсралт хийж ногоон байгууламж руу гаргах, төвийн шугам руу холбох зэрэг арга хэмжээг авч, засварлах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сар шинийн баярын өдрүүдэд 68 удаагийн дуудлагаар ажиллаж, 16 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа

Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа.

Энэ хугацаанд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын давхардсан тоогоор 438 алба хаагч, 103 нэгж тусгай зориулалтын автомашинтайгаар үүрэг гүйцэтгэсэн юм.

Алба хаагчид гамшиг, аюулт үзэгдэл, гал түймрийн 68 удаагийн дуудлагаар ажиллаж, нийт 16 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлэн, мөс, цасанд суусан 4 автомашиныг татан гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Мөн хүн, ам олноор цуглардаг худалдаа үйлчилгээний болон галын онц аюултай нийт 1225 объектод гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналт шалгалтыг зохион байгуулж, 8422 зөрчил дутагдлыг илрүүлэн, 2104 зөрчлийг шалгалтын явцад арилгуулж, заавал биелүүлэх албан шаардлага 996, мэдэгдэл 452, танилцуулга 12, зөвлөмж 13 тус тус хүргүүлсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дээрмийн гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүдийг баривчиллаа

Энэ оны 03 дугаар сарын 03-наас 03 дугаар сарын 04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бусдад дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагч нар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, бусдын Samsung S-23 маркийн гар утас, 400.000 төгрөгийг дээрэмдсэн 17-18 насны эрэгтэй “А”, “Д”, “М”, эмэгтэй “А”, “Ш” нарын бүлэг этгээдүүдийг энэ оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Иймд иргэн та оройн цагаар явахдаа сонор сэрэмжтэй байж, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхээс татгалзан, баталгаат таксигаар үйлчлүүлж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
Мөн уг гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд насанд хүрээгүй хүүхдүүд байх тул эцэг эх, асран хамгаалагч Та бүхэн хүүхдүүддээ тавих анхаарлаа нэмэгдүүлж, хараа хяналттай байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар 2025 оны 03 дугаар сарын 09-12-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Энэхүү төрийн айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд болох бөгөөд Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Чех Улсад 10 жилийн дараа хэрэгжүүлж буй айлчлал юм.

Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэлд мэдээлэл өгнө.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхимын дарга, Төлөөлөгчдийн танхимын дарга болон Ерөнхий сайд нар тус тус бараалхана.

Мөн хоёр орны уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулж, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй, спорт, хууль эрх зүй зэрэг чиглэлээр Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд талууд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн тэмдэглэлт ойг тохиолдуулан Прага хотноо Морин хуур найрал хөгжмийн тоглолт, бизнес форумыг тус тус зохион байгуулна.

Мөн хоёр улсын Төрийн тэргүүн нарын ивээл дор Чехийн Үндэсний музейд дэлгэгдэх “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг нээнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөх нохой өдөр

-Аргын тооллын 3 дугаар сарын 6. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 7, хөх нохой, мэнгэ 3 хөх, суудал мод, чөлөөт эх-3 од, үл тохирох барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:23-18:44.​
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, морь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, үхэр, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, сүүж, шагайнд, гэрийн сүлд голомтонд орших болой.
-Лам, бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Сургуульд сурах, бичиг зурхай, ном сонсох, номлох, хэвлэх, хурим хийх, оёж, хатгах үйл, гал тахих, морь уралдуулж эхлэх, арилжаа наймаа хийх, замд явах, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, газар усны үйл, шинэ гэр, байшин, асар майхан босгох, үхэгсдийн үйл, ажилчин авах, гүү барих, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох, бурхан, тэнгэр тахих, чимэг зүүх, шав тавих, усан балин тавих, эм залахад сайн. Газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухах, тангараг тавих, амраг садан бололцох, багш шавь барилдах, бэрийн үйл, нүүдэл хийх, өвчтөнд очих, ашиг тустай үйл, хэрүүл хийх, цэрэгт мордох, мал гаргах, нохой тэжээх, үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, анд нөхөр бололцох, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авахад муу.
– Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 1 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарах тул шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

                          2025 оны 03-р сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх 

                                              цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -13…-18 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +4…+9 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +1…+3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 0 градус орчим байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Төрт ёсны уламжлал, түмэн олны заншлаар буурал жилээ үдэж, буянт жилээ угтахаар үгийн сайныг хэлэлцэн, үйлийн сайныг урлаж, ашдын ерөөлөө бэлгэдэн, хатуу өвлийг энх давж, хаврын урьтай мэнд золгож буй хотол олон Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлж байна уу?

Монголчууд бид эрт дээр үеэс эцэг тэнгэр, эх дэлхий, уул усандаа сүслэн залбирч, од эрхэс, орчих гарагсыг ажин шинжиж, ахуй амьдрал, ажил үйлсээ таацуулан нийцүүлж, сар шинээ ёслол төгөлдөр тэмдэглэн, ахас ихсээ хүндэтгэн, төр улс, түмэн олноороо учран золгож ирсэн сайхан уламжлалтай ард түмэн билээ.

Хүннү гүрнээс хүндэтгэн ёсолж ирсэн Монголын цагаан сар бол монгол үндэстний шинэ оны баяр, хүн бүр нас нэмсний баяр, урган төлжихийн эх, урин хавартай золгож буй монгол түмний баяр юм.

Сар шинийн баяр бол ураг төрлөө таньж, угсаа гарлаа мэдэж, төр улс, түүх соёлоо дээдэлсэн, монгол үндэстний хосгүй үнэт өв, зан заншил, эв эеийн илэрхийлэл болсон үндэсний их баяр ёслол билээ.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Улиран одож буй Модон луу жилд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 60 гаруй мянган үр хүүхдээр ам бүл нэмж, монголчууд бид 3 сая 550 мянгуулаа боллоо.

Малчин, тариаланч түмний маань хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, хангай дэлхийн буян хишгээр эрдэнэт мал сүргийн тоо толгой 57 саяар тоологдож, 970 гаруй мянган тн ургац хураан авлаа.

Мөн манай улсын эдийн засаг 5 хувиар өсөж, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, экспорт, гадаад валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрч, улсын төсөв ашигтай гарч, стратегийн ач холбогдол бүхий хөгжлийн томоохон мега төслүүд хэрэгжиж эхэллээ.

Сүр хүчний бэлгэдэл луу жил манай улсын гадаад бодлого, гадаад харилцаа олон улсын тавцанд улам өргөжин бэхжиж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн өндөр дээд айлчлалууд амжилттай болж, бидний үүх түүх, өв соёл, зан заншил, ололт амжилтыг дэлхий дахинд сурталчлан таниулсан, гадаад харилцаа, хамтын ажиллагааны оргил жил байлаа.

Миний Монголын ард иргэд ээ,

Даян дэлхийд тархан суугаа элэг нэгт ахан дүүс ээ,

Их эзэн Чингис хаан төр улсынхаа сүр хүчийг тунхаглан зарлаж, Хаврын тэргүүн барс сарыг жилийн эхэн хэмээн тогтоож, монгол түмний эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн алтан хэлхээ болсон цаг тооллын бэлгэдэл Цагаан сарыг төрт ёсны их баяр ёслол болгон тэмдэглэж, цадиг түүхийг эхлүүлсэн түүхтэй билээ.

Энэхүү төрт ёсны их баяр Монголын цагаан сар бол монголчууд бидний цог хийморийн бэлгэдэл, тусгаар тогтнол, эв нэгдлийн илэрхийлэл, өв соёл, үнэт зүйл, оюун санааны дархлаа юм.

Тиймээс өвөг дээдсийнхээ аугаа их түүх соёл, өв уламжлал, зан заншлыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, Монгол түмний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдлэх болон монгол үндэстний их түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх тухай зарлиг гаргасныг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Түүнчлэн эх түүхээ судлан шинжилж, ард түмнийхээ хүртээл болгох үүднээс  “Монголын нууц товчоон”-ы дэлгэрэнгүй тайлбар толь бичгийг анх удаа бүтээж, “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэн болон Монгол Улсын соёлын элч “Морин хуур найрал хөгжим”-ийн тоглолтыг дэлхийн улс орнуудад толилуулан, эх түүх, өв соёлоо дэлхий дахинд сурталчлан таниулж байгаа билээ.

Тэгвэл энэхүү сар шинийн баяраар “Чингис хаан” үндэсний музейд Их эзэн Чингис хааны алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг хүндэтгэн залж, Их хааны өргөөг ард түмэндээ ёслол төгөлдөр нээж байна.

Мөн мянган жилийн түүхтэй, эзэн Богд Чингис хааны эрхт төрийн алтан аргамж болсон босоо монгол бичиг маань төр улсдаа эргэн залагдаж, энэ оны эхнээс төрийн албан ёсны хэрэглээ болж байгаад Төрийн тэргүүн баяртай байна.

Монголчууд бидний төрт ёсны олон зууны түүхийг бичиж тэмдэглэж, өвлүүлэн уламжлуулж ирсэн, монгол соёл, оюун санааны дархлаа, тусгаар улсын бэлгэ тэмдэг болсон монгол бичгээ шамдан сурч, өв соёлдоо эзэн байх нь монгол хүн бүрийн бахархал байх ёстой.

Монгол хүн бүр эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлаж, Их хааныхаа билиг сургаалыг даган мөрдөж, халуун зуураа эе эвээ хичээж, нэг монгол, нэг ард түмэн, нэг гэр бүл гэдгээ ямагт санаж, уудам харж, уужим сэтгэн, бие биеэ хайрлаж, бие биеэ хамгаалж, бие биеэ дэмжиж, улс эх орноо хөгжүүлж, ард түмнээрээ амар амгалан амьдрах учиртай.

Ирж буй “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилдээ өтгөс буурлууд энх амар, идэр залуус эрдэм чадалтай, хүүхэд багачууд цовоо сэргэлэн, түмэн олон энх тунх, төр төвшин, шашин тунгалаг, дэлхий амгалан байх болтугай.

Тэнгэр шигээ тэнүүн сэтгэлтэй, тал шигээ уужим ухаантай зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байж сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын засварчин Э.Доржболдод Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

  • Үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн төлөвлөгөө, зорилго, зорилтыг давуулан биелүүлэхэд хувь нэмэр оруулж, тоног төхөөрөмжийн үр ашгийг нэмэгдүүлэн, жилд боловсруулах хүдрийн хэмжээг өсгөн, нэмэлт орлого олох боломж бий болгож, өртөг, зардлыг бууруулах бодлого боловсруулан хэрэгжүүлэх, зохион байгуулахад мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэлээ дайчлан ажиллаж, эдийн засгийн болон уул уурхайн салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн баяжуулах үйлдвэрийн засварчин Эрдэнэ-Очирын Доржболдод Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
  • Тайз, дэлгэц, телевизийн олон арван бүтээлийн гол болон туслах дүр бүтээж, дүр бүртээ бүтээлч сэтгэлгээ, мэргэжлийн ур чадвараа шингээн ард түмнийхээ сэтгэлд хоногшуулж, мэргэжлийн болон дэлгэцийн урлагийн хөгжил, төлөвшлийг бэхжүүлэх, ард иргэдийг соён гэгээрүүлэх, залуу уран бүтээлчдийг сурган, дадлагажуулахад оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Гавьяат жүжигчин, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Жамсранжавын Оюундарьд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ.
 Гавьяат эдийн засагч цолоор:
  • Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Янсангийн Жаргалсайхан,
  • Голомт банкны Санхүүгийн удирдлагын захирал Мөнхөөгийн Чимэгмөнх,
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:
  • Увс аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга асан Нямаагийн Гэжээ,
Гавьяат малчин цолоор:
  • Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын малчин, Улсын сайн малчин Нанзадын Ягаанбанди,
Гавьяат тээвэрчин цолоор:
  • Дархан-Уул аймгийн ахмад тээвэрчин Мишигийн Цэвээнжав,
Нисэхийн гавьяат техникч цолоор:
  • “МИАТ” ХК-ийн ахмад ажилтан, инженер Сандагийн Хүрэлбаатар,
Гавьяат багш цолоор:
  • Боловсролын яамны Их, дээд сургуулиудын хөрөнгийн менежментийн төвийн захирал Балдангийн Баатарзориг,
  • Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг хариуцсан проректор, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Далхын Цэрэндагва,
  • Дархан-Уул аймгийн 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Лувсандагвын Сувданчимэг,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
  • Монголын циркчдийн холбооны гүйцэтгэх захирал, ахмад уран бүтээлч Жамсрангийн Сувдаа,
  • Мэргэжлийн морин хуур урлаачдын холбооны тэргүүн, мастер морин хуур урлаач, морин хуурч Бадамсүрэнгийн Баярсайхан,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
  • “ETV HD” телевизийн үүсгэн байгуулагч Чимиддоржийн Даваабаяр,
 Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
  • Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Түгжжавын Баярсайхан,
Хүний гавьяат эмч цолоор:
  • “Доктордентин” шүдний эмнэлгийн зөвлөх, их эмч Тойвгоогийн Цэрэндолгор,
Гавьяат дасгалжуулагч цолоор:
  • Монгол Улсын начин, Самбо, жүдо бөх, пауэрлифтингийн олон улсын хэмжээний мастер, Жүдо бөхийн олон улсын шүүгч Доёдын Бадрах,
Гавьяат механикжуулагч цолоор:
  • Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын өрхийн тариаланч Орсоогийн Цэрэндамба,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
  • Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Очирсүрэнгийн Намхай,
  • Монгол Улсын мастер тогооч, Олон улсын шүүгч Батчулууны Дэлгэр,
Сүхбаатарын одонгоор:
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ургамалын Бямбасүрэн,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Далайн Заяабаатар,
  • “Талын Монгол” телевизийн продюсер, дуучин Батцэндийн Энхмэнд,
  • Нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн ахмад ажилтан Чойдогийн Галмаа,
Алтан гадас одонгоор:
  • “Кореан эйр” компанийн “Кореан эйр” төглийн менежер Даваасүрэнгийн Өлзийжаргал,
  • Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Баасанбуугийн Шинэбаяр,
  • Хувцас үйлдвэрлэл, оёдлын мэргэжлийн нэгдсэн холбооны тэргүүн Бэхбатын Дашмөнгөн,
  • “Дэлхийн монголчуудын радио 88.3”-ын хөтлөгч Баатарын Бадралгарав,
  • Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын газрын дарга Тойруулын Батболд,
  • “И монгол” академийн захирал Бавуужавын Мягмарнаран,
 Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • МҮХАҮТ-ын Сэлэнгэ аймаг дахь салбар танхимын дарга Баярсайханы Ундрах нарыг шагналаа.

      Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд баяр хүргэж, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөлөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа