Author Archives: baaska baaska

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оманы Хөрөнгө оруулалтын газрын удирдлагатай уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр Оманы Хөрөнгө оруулалтын газарт зочилж, тус газрын удирдлагатай уулзав. 

Уулзалтаар Гадаад харилцааны сайд “Алсын хараа-2050” Монгол Улсын Монгол Улсын урт хугацааны бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 14 мега төслүүдийн талаар танилцуулж, Оманы Хөрөнгө оруулалтын газартай хамтран ажиллах чиглэлүүдийн талаар санал солилцов. Энэ хүрээнд Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран бүтээгдэхүүн Оман руу экспортлох нөхцөлийг бүрдүүлэх саналыг тавив.

Тус сангийн зүгээс өөрийн үйл ажиллагаа, тэргүүлэх зорилтуудын талаар танилцуулаад Монгол Улстай уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахад бэлэн байгааг онцлов. 

Түүнчлэн Оманы Хөрөнгө оруулалтын газрын Узбекистан, Вьетнам зэрэг улстай хөрөнгө оруулалтын хамтарсан сан байгуулсан туршлагын дагуу Монгол, Оманы хамтарсан хөрөнгө оруулалтын санг байгуулж, улмаар Монгол Улсад хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжийг эрэлхийлэхээр талууд тохиролцов. Энэ хүрээнд тус сангийн төлөөлөгчид ойрын үед Монгол Улсад ажиллахаар болов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ онд зохиогдох Монголын эдийн засгийн форумын талаар танилцуулж, Оманы хөрөнгө оруулалтын газраас тус форумд төлөөллөө оролцуулахаа илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг албан ёсны айлчлалынхаа хүрээнд 2 дугаар сарын 19-ний өдөр Оманы Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Шадар сайд Асад Аль-Тарик-тай уулзаж, Гадаад хэргийн сайд Бадр Аль-Бусайдитай албан ёсны хэлэлцээ хийнэ.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг энэ оны хоёр, дөрөвдүгээр сард олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 19-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг энэ оны хоёр, дөрөвдүгээр сард олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах талаар тус компаниас Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны 225 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилах арга хэмжээ авахыг даалгасан. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1,072 хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашиг олгох тооцоо гарч, гурав хувааж олгохоор шийдвэрлэж, арванхоёрдугаар сард 130 мянган төгрөг олгосон. Үлдсэн ногдол ашгийг энэ сарын 28 болон ирэх дөрөвдүгээр сард тэнцүү хувааж олгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны аравдугаар тогтоол, Засгийн газрын 2024 оны 45 дугаар тогтоолд 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны арванхоёр дугаар сарын 31-ний өдрийн хооронд шинээр төрсөн, Монгол Улсын харьяатад орсон иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг төрийн эзэмшлийн хувьцаанаас үнэ төлбөргүй эзэмших шийдвэр гарснаар компанийн 26,4 хувийг Монгол Улсын иргэд, үндэсний аж ахуйн нэгжүүд 0,06 хувийг, “Эрдэнэс Монгол” ХХК 73,5 хувийг эзэмшиж байна.

“Монголросцветмет” ТӨҮГ-ын нэрийг “Монголиан критикал минералс майнинг” болгон өөрчиллөө

“Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газрын нэрийг “Монголиан критикал минералс майнинг” төрийн өмчит үйлдвэрийн газар гэж өөрчилж, тус газрын дүрмийг хавсралтаар баталлаа.

Чухал ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, боловсруулахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, дүрэм шинэчлэн батлагдсантай холбогдуулан “Монголиан критикал минералс майнинг” Төрийн өмчит үйлдвэрийн газрын бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоох, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Мөн “Газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслүүдийг бодлогоор дэмжинэ” гэж заасан бөгөөд “Монголросцветмет” ТӨҮГ-ын дэд бүтэц, туршлага хүний нөөцийн чадвар, боломжийг харгалзан үзэж газрын ховор элементийн судалгаа, хайгуул, олборлолт, ашиглалт, баяжуулалтыг хариуцуулахаар “Монголросцветмет” ТӨҮГ-ын нэрийг өөрчилж, үйл ажиллагааны чиглэлийг өргөтгөн дүрмийг шинэчилжээ.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд тус  үйлдвэрийн газрын дүрэмд өөрчлөлт орсноор “Эрдэнэс Монгол” ХХК нь нэгдлийн үйл ажиллагааг нэгдсэн стратеги төлөвлөгөө, менежмент, удирдлага зохион байгуулалтаар хангаж, хуулийн этгээдийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасны дагуу төвлөрүүлэн Хуримтлалын санд хуваарилж, үлдэх хэсгийг нэгдлийн стратеги төлөвлөгөөнд тусгасан, ирээдүйд орлого, үнэ цэнийг бий болгох бизнес хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх үйл ажиллагаанд зарцуулах замаар газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлж, иргэдэд тэгш шударга хүртээх боломжийг бий болгоно гэж үзэж байна.

Товч мэдээ

  • “Алт олборлолтыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний талаар” Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуудлан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн болон төгрөгийн ханшийн дарамтыг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор “Алт-3” аяныг зохион байгуулж арга хэмжээ авч ажиллахыг даалгалаа.
  • Цахилгаанаар халаалтаа шийдвэрлэсэн айл өрхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-д өөрчлөлт оруулах талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Уг асуудлыг Засгийн газрын дараагийн хурлаар дахин хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Пүрэв гарагт өсвөрийн бөхийн барилдаан болно

Могой жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдааны эхнийх болох Өсвөрийн бөхийн барилдаан хоёрдугаар сарын 20-ны 12.30 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Барилдаан 11-12, 13-14, 15-16 гэсэн гурван насны ангиллаар явагдах бөгөөд барилдах бөхчүүдийг 02.20-ны өглөө 10:00 цагаас МБӨ-нд бүртгэнэ.
Барилдах өсвөр бөхчүүд төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэх, цээж зураг, бүртгэлийн хураамж 10.000 төгрөгтэй ирж бүртгүүлнэ.
Үзэгчид тасалбараа www.shoppy.mn -ээс захиалан авах боломжтой.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Аппликэйшнд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөө залилуулжээ

Энэ оны хоёрдугаар сарын эхээр иргэн Б нь үл таних цахим хаягаас “Wechat” аппликэйшнд байршуулсан  “Юань зарна” гэх зарын дагуу холбогдож нийт 50.000.000 төгрөгийг валют болгон солиулахаар өөрийн харилцах данснаас шилжүүлж, улмаар залилуулсан гэх дуудлага мэдээллийг ирүүлснийг цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Баярын өдрүүд ойртсон эдгээр өдрүүдэд иргэд хилийн чанадаас бараа таваар худалдан авах эрэлт ихсэхтэй холбоотой валютыг хуурамчаар үйлдэх, цахим орчинд “Валют худалдана” гэх хуурамч зар мэдээллийг байршуулж, иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан залилах гэмт хэрэг үйлдэгдэж, болзошгүй тул иргэд та бүхэн гадаад валют худалдан авахдаа энэ төрлийн үйлчилгээ эрхлэх эрх олгогдсон байгууллагаар үйлчлүүлж, гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хаврын тэргүүн сарын шинийн 4-нөөс төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ хэвийн явагдана

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр бүх нийтээр амрахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-оор зохицуулсан.

Энэ жил Монгол одон зурхайн цаг тооллоор билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдөр тасарч, шинийн 2, 3-ны өдөр 2025 оны гуравдугаар сарын 1, 2-нд тохиож байна.

Иймд шинийн 2, 3-ны өдрүүдэд сар шинийн баяраа тэмдэглэн өнгөрүүлнэ.

Харин шинийн 4 буюу 2025 оны гуравдугаар сарын 3-ны Даваа гарагаас төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээ хэвийн явагдана.

Хувийн хэвшлийн байгууллагуудын тухайд ажил, амралтын өдрийг дотоод хэм хэмжээндээ тусган зохицуулах боломжтой юм.

Цаашид нийтээр тэмдэглэх баярын өдрүүд долоо хоногийн амралтын өдөр таарсан тохиолдолд ажлын өдөрт шилжүүлэх, нөхөн амраах зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөж байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Чингэлтэй дүүргийн сурагчид усан спортоор хичээллэж эхэллээ

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг усанд сэлэлтийн суурь мэдлэгтэй болгох зорилгоор усан спортын анхан шатны сургалтад хамруулж, дүүргийн спорт хорооны бассейнд үнэ төлбөргүй хичээллүүлж эхэллээ. Энэ хүрээнд эхний ээлжид нийт 19 сургуулийн дунд ангийн 800 хүүхдийг хамруулаад буй. Мөн ирэх есдүгээр сараас дараагийн ээлжийн 800 хүүхдийг хамруулахаар төлөвлөж байна.

Усан спортын анхан шатны сургалтыг эхлэхээс өмнө сурагчдад танхимаар онолын мэдлэг өгч, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсан. Түүнчлэн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор тухайн ээлжийн сургуулийн биеийн тамирын багш нарыг дадлагажуулах сургалтад хамруулаад байгаа юм.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нийт 1891 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1411, гэмт хэргийн шинжтэй 105 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 74 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 21 хэргийг нөхөн илрүүлжээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
2025-02-19

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шарагчин хонь өдөр

-Аргын тооллын 2 дугаар сарын 19. Лхагва (Буд) гараг (2025)
-Билгийн тооллын 22, шарагчин хонь, мэнгэ 9 улаан, суудал хий, од эрхтний тэргүүн-15, үхэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:51-18:21.​
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм маш сайн. Харин үхэр, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, туулай, хонь, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бөөр, чих, гадар шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Ялгуусны, гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: эд, мал гадагш өгөх, тээрэм босгох, андгай тавих, чуулах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, лам болох, буян номын үйл, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, мал гаргах муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 12 градус хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр Алтай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, нутгийн зүүн хэсгээр хүйтэн жавартай байна.

2025 оны 02 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -13…-18 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +3…-2 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар -3…-8 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -11…-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -10…-12 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -11…-13 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хурд хамтлаг “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн тайзнаа тоглоно

Монголын өв соёл, уламжлалыг дэлгэрүүлэх зорилготой “Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль энэ сарын 16-аас 22-ны өдөр хүртэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж буй. Фестивалийн онцлох үйл явдлын нэг болох Хурд хамтлагийн тоглолт энэ сарын 22-ны өдөр 13:00 цагаас “Мазаалай” төв тайзнаа болно. Монголын рок, поп урлагийн амьд домог болсон, Төрийн соёрхолт Хурд хамтлаг өвлийн фестивалийн сүүлийн өдрийг уран бүтээлээрээ чимж, мөсөн тайзнаа үнэ төлбөргүй тоглолтоороо үзэгчдэд мартагдашгүй дурсамж үлдээх гэж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

МУГТ Э.Цэндбаатарыг Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагналаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг хүлээн авч уулзан баяр хүргэв. Хүндэтгэлийн уулзалтын эхэнд НИТХ-ын дарга А.Баяр “Бахархам ялалт байгуулсанд баяр хүргэе” гээд Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор, тамирчны дасгалжуулагч Жонатан Уоллийг Нийслэлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.
Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Төв Азийн аваргын бүсийн төлөөх “Night of Champions Ulaanbaatar-2025″ тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын нийт хамт олонд талархаж буйгаа илэрхийлье” гэв.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хуурамч 100 доллар солиулахыг завджээ

“Баянгол дүүргийн нэр бүхий банкны салбарт хуурамч 100 долларын мөнгөн тэмдэгт илэрлээ” гэх дуудлага мэдээлэл энэ оны 02-р сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Тодруулбал, Иргэн О нь тус банкны салбарт хуурамч 100 долларын мөнгөн тэмдэгт 1 ширхгийг солиулахаар завдсан ба цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Сар шинийн баяртай холбоотойгоор шинэ мөнгөн дэвсгэртийн эрэлт, хэрэгцээ нэмэгддэг.
Иймд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж мөнгөн тэмдэгтийг авахдаа гарт тэмтрэгдэх товгор тоо, үсэг, тусгай үнэт цаас, нууцлалын тэмдэгтүүдийг сайтар шалгах, хуурамч мөнгөн тэмдэгт байж болзошгүй тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Приус засварын газрын гаднаас автомашин хулгайлжээ

“Приус засварын үүднээс автомашин алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл энэ сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто засварын гадна тээврийн хэрэгслээ байрлуулж, түлхүүрээ дотор нь үлдээж орхисныг Т гэгч нь хулгайлан авч зугтсан үйлдлийг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон тээврийн хэрэгслийг хохирогчид хүлээлгэн өгсөн байна.
Иймд иргэд та бүхэн өөрийн автомашинаа хяналттай газар, аюулгүй бүсэд байрлуулах, авто засварын болон угаалгын газраар үйлчлүүлэхдээ түлхүүрээ дотор нь орхиж үлдээхгүй байх, цонх, хаалгаа онгорхой орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа