Author Archives: baaska baaska

Монгол, Туркийн харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор хоёр улс болон Засгийн газар, байгууллага хоорондын нийт 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.

  • “Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хооронд стратегийн түншлэл тогтоосон тухай Хамтарсан тунхаглал”-д Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар гарын үсэг зурлаа.

Хоёр улс 2004 оноос Иж бүрэн түншлэлийн түвшинд харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн бөгөөд төрийн айлчлалын үеэр харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ. Ингэснээр манай улс есөн улстай Стратегийн түншлэлийн харилцаа тогтоолоо.

Мөн:

  • “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Тогтмолын Мөнхсайхан, Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглу нар гарын үсэг зурлаа.

Сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд эрүүл мэндийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, Монгол Улсаас тус улсад эмчилгээний зорилгоор зорчих иргэдийн тоо нэмэгдсэн. Иймээс эрүүл мэндийн байгууллага хоорондын харилцааг ойртуулан бэхжүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, өвчин эмгэгийн хамтарсан оношилгоо хийж, анагаах ухааны дэвшилтэт технологид суурилан анагаах чиглэлээр туршлага солилцох, хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтарна.

  • “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын  Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Боловсролын сайд Пүрэвсүрэнгийн Наранбаяр, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний боловсролын сайд Юсүф Текин нар гарын үсэг зурав.

Хоёр улс багш, оюутан солилцох, боловсролын салбарын мэдлэг, мэдээлэл, туршлага хуваалцах болон хамтарсан төсөл, судалгаа хийх, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх зэргээр хамтран ажиллана.

  • “Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Номин, Бүгд Найрамдах Турк Улсын Залуучууд, спортын сайд Осман Ашкын Бак нар гарын үсэг зурлаа.

Залуучууд, биеийн тамир, спортын байгууллагын харилцаа холбоог өргөжүүлэх, залуучууд, спортын салбарт хамтрах, залуучуудын хувь хүн, нийгэм, соёл, урлагийн хүмүүжлийн хөгжлийг дэмжих бодлого боловсруулах, шинжлэх ухаан, технологийн салбар болон инновацын санаачилгуудад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн хөтөлбөр боловсруулах зэрэг чиглэлээр ажиллана.

  • “Байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Салдангийн Одонтуяа, Бүгд Найрамдах Турк Улсын Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Мурат Курум нар гарын үсэг зурав.

Байгаль орчны менежмент, уур амьсгалын өөрчлөлт, цэвэр үйлдвэрлэл, биологийн олон янз байдал болон тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль орчны мэдээллийн систем, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллана.

  • “Ойн аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Салдангийн Одонтуяа, Бүгд Найрамдах Турк Улсын Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Мурат Курум нар гарын үсэг зурлаа.

Цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, мод тарих, модны тарьц, суулгац үржүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Мөн хөнөөлт шавж, ой, хээрийн түймэртэй тэмцэж, шаардлагатай материал, техник хэрэгслээр хангаж, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлнэ. Ойн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шинжлэх ухаан, байгаль орчны судалгаанд тулгуурлаж дэвшилтэт арга барил нэвтрүүлсэн БНТУ-ын туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэхээр тохиролцлоо.

  • “Монгол Улсын Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон Бүгд Найрамдах Турк Улсын Сакаръя Мейдан Мухаребеши үндэсний цэцэрлэгт хүрээлэн хооронд эгч дүү цэцэрлэгт хүрээлэнгийн харилцаа тогтоох тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Салдангийн Одонтуяа, Бүгд Найрамдах Турк Улсын Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Мурат Курум нар гарын үсэг зурлаа.

Тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, байгалийн нөөцийг хамгаалах, экологийн нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтийн урт хугацааны хамтарсан судалгаа, мониторинг хийх, эко аялал жуулчлал, экологийн боловсролыг дэмжих, байгалийн цогцолборт газруудын менежмент, үйл ажиллагааны хүрээнд туршлага хуваалцах, чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

  • “Уул уурхайн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялагийн яам, Бүгд Найрамдах Турк Улсын Эрчим хүч, байгалийн нөөцийн яам хоорондын эрмэлзлийн бичиг”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Бүгд Найрамдах Турк Улсын Эрчим хүч, байгалийн нөөцийн сайд Алпарслан Байрактар нар гарын үсэг зурлаа.

Талууд нүүрс олборлолт, цэвэр нүүрсний технологи, уурхайн аюулгүй ажиллагаа зэрэг чиглэлээр мэдлэг, технологи, туршлага солилцон, хамтарсан төсөл, салбарын чадавхыг бэхжүүлнэ.

  • “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Зам, тээврийн яам, Бүгд Найрамдах Турк Улсын Тээвэр, дэд бүтцийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Бүгд Найрамдах Турк Улсын Тээвэр, дэд бүтцийн сайд Абдулхадир Уралоглу нар гарын үсэг зурлаа.

Төмөр замын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, Европын орнуудаас БНТУ-аар дамжин Монгол Улс руу болон эсрэг чиглэлд төмөр замын ачаа тээврийн шинэ урсгал нээх боломжийг судална. Мөн Монгол Улсын төмөр замын тээврийн салбарт хэрэгжиж буй болон хэрэгжих бүтээн байгуулалтын төсөлд хамтрах, төмөр замын олон улсын коридоруудыг хөгжүүлэхэд туршлага, мэдээлэл солилцох боломж бүрдэнэ.

  • “Өрсөлдөөний бодлогын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Монополын эсрэг газар болон Бүгд Найрамдах Турк Улсын өрсөлдөөний байгууллага хоорондын санамж бичиг”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гомбосүрэнгийн Мөнхбаяр, Бүгд Найрамдах Турк Улсын Өрсөлдөөний байгууллагын ерөнхийлөгч Бирол Күле нар гарын үсэг зурлаа.

Өрсөлдөөний чиглэлээрх хууль тогтоомжийн хүрээнд туршлага, мэдээлэл солилцож, албан хаагчдыг чадавхжуулан, харилцан мэргэжилтэн солилцоно.

  • “Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон Туркийн радио, телевизийн корпорац хоорондын радио, телевизийн салбарын хамтын ажиллагааны тухай протокол”-д Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирал Ганхуягийн Гэрэл, Туркийн радио, телевизийн корпорацын захирал Мехмед Захид Собажи нар гарын үсэг зурлаа.

Талууд харилцан нэвтрүүлэг, сайн туршлага солилцох, уран бүтээл хамтран туурвих, хоёр улсын талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Мөн улс орны түүхэн үйл явдлын баримт, архивыг сэргээж, олон нийтийн хүртээл болгоно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Халиа тошинд өртсөн айлуудын судалгааг шинэчилж, газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Сонгинохайрхан дүүргийн 9, 26, 35 дугаар хороонд халиа тошин үүссэн байршлуудад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан ажиллалаа. Тус дүүргийн хэмжээнд есөн хорооны 15 байршилд халиа тошин үүсээд байна.

Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Нарангийн энгэрт 20 орчим айлын гэр, хашаа, байшин халиа тошинд автаж, нөхцөл байдал хүндэрсэн учраас эхний ээлжид тухайн байршилд амьдардаг иргэдийн зорчих хөдөлгөөн, орц гарцыг нээх ажлыг шуурхай зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер үүрэг болголоо. Нарангийн энгэр орчимд 2-3 байнгын урсацтай булаг, шанд байдаг бөгөөд 2019 оноос эхлэн зун нь их хэмжээний үер буух, өвөл нь халиа тошин үүсэх болсон.

Мөн тус дүүргийн 9 дүгээр хороо, Зүүнсалаа орчимд халиа тошин үүссэн байршилд 18 айл хүнд нөхцөлд оршин сууж байна. Тухайн байршилд 2018 оноос хойш халиа тошин идэвхжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн зуны бороо болон энэ өвөл цаг агаар төдийлөн хүйтрэхгүй байгаатай холбоотойгоор халиа тошин өмнөх жилүүдээс их хэмжээгээр үүсээд байгаа юм.

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны халиа тошин үүссэн байршилд мөсөөр далан босгох, шуудуу татах, иргэдийн зорчих гарцыг нээх ажлыг хийж байгааг тус дүүргийн менежер Д.Баярсайхан хэллээ. Эдгээр халиа тошин үүссэн байршилд нийслэл, дүүрэг, хороодоос арга хэмжээ авч ажиллаж байна. Мөн Геодези, усны барилга, байгууламжийн газраас мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, дүүргийн Дэд бүтцийн хөгжлийн албатай хамтран тухайн орчмын байнгын ундаргатай булаг, хөрсний усны урсгалыг сааруулах, голдирлыг өөрчлөх, суваг татах, явганы хүн гарц гаргах, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлыг хийж гүйцэтгэж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг тухайн байршлуудад жил бүр шуудуу татаж, мөсийг арилгаж шат дараалсан арга хэмжээ авдаг боловч энэ жил нөхцөл байдал илүү хүндэрсэн учраас халиа тошинд өртсөн айлуудын судалгааг шинэчилж, газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэхийг дүүргийн удирдлага болон холбогдох албаныханд үүрэг болголоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНТУ-ын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үеэр Монгол, Туркийн иж бүрэн түншлэлийн харилцаа хоёр талын хүч чармайлтын дүнд эдийн засаг, нийгмийн олон салбарт идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун буйгаа төрийн тэргүүн нар илэрхийллээ.

Цаашид харилцааны түвшнийг ахиулан  хамтын ажиллагааны бүхий л салбарт үр дүнтэй хамтран ажиллахын төлөө байгаагаа нотоллоо.

Тухайлбал, хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан нийтлэг зорилтын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг тэлж, эдийн засгийн агуулгаар баяжуулах, харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болон байгаль орчин, эрүүл мэнд, соёл, боловсрол, спорт, аялал жуулчлал, зам тээвэр, онцгой байдал, гамшгаас хамгаалах салбарт идэвхтэй хамтран ажиллана.

Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний хомсдол зэрэг дэлхий дахинд тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулах олон улсын хүч чармайлтад хамтын хувь нэмрээ оруулж, хоёр улсын дэвшүүлсэн санаачилга, зорилтуудыг уялдуулан, үр дүнтэй хамтран ажиллах талаар ярилцав.

Хэлэлцээний үеэр НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааны уламжлалаа хадгалан бэхжүүлэх талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын зарим асуудлаар санал солилцлоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаан нохой өдөр

-Аргын тооллын 1 дүгээр сарын 17. Баасан (Сугар) гараг (2025)
-Билгийн тооллын 19, улаан нохой, мэнгэ 6 цагаан, суудал мод, од бага морь-10, түлэх барилдлагат өдөр. Сарын цээр өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:35-17:29.​
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул сарын цээр өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, нохой, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бугуй, шилбэ, ууц, нууцын оронд, гэрийн сүлд хананд орших болой.
-Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 8 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

17, 18-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2025 оны 01 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн төв хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24…-29 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр -16…-21 градус, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -7…-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…-2 градус, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 7…-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -5…-7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. -8…-10 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэж болзошгүй газрууд

Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2025 оны 01-р сарын 15-ны Лхагва гарагт “хязгаарлалт хийгдэж болзошгүй” байршлуудыг мэдээлж байна. Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангаж  халаагуурынхаа горимыг багасгаж, заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж “тогоо” тохируулахыг уриалж байна.

tog15

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 14-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан татварын хөнгөлөлтийг хэрэгжүүлэхийг даалгав
Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд татварын хөнгөлөлтийг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартад Нийслэл Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн зам барьж байгуулах, нийтийн тээврийг хөгжүүлэх үйл ажиллагааг хамруулахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль батлагдаж эхэлснээс хойш Сангийн яам, Татварын ерөнхий газраас яамдыг нэгдсэн удирдамж, чиглэлээр хангаж, салбарын сайд нар өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд шаардлага, стандартаа батлаад байна.
“Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласантай холбогдуулан татварын хөнгөлөлтийг Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн зам барьж байгуулах, нийтийн тээврийг хөгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулах чиглэлээр төрийн болон орон нутгийн өмчит компаниуд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэс Монгол” ХХК-д даалгаад байгаа юм.

“Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна
Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд Найрамдах Франц улсад бүртгэлтэй “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа болон Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарт олголоо.
Хөрөнгө оруулалтын гэрээнд 2025 оны нэгдүгээр сарын 17-нд гарын үсэг зурна.
Энэхүү гэрээ нь Монгол Улсын Засгийн газраас гуравдагч оронтой байгуулах хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, улс, орон нутгийн төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, ажлын байр бий болгох, шинэ технологи нутагшуулах, олон улсын хамтын ажиллагаа зэрэг нийгэм, эдийн засагт үзүүлэх шууд нөлөөллөөс гадна цаашид уул уурхай, ашигт малтмалын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээнд жишиг тогтооно гэж үзэж байна.

Товч мэдээ
·      Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулах болсон тул уг асуудлаар холбогдох байгууллагуудад “Зөвлөмж” хүргүүлж, хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаярт, зөвлөмжийн дагуу зохих арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарт үүрэг болголоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гэр хорооллын айл өрх, албан байгууллагын галлагааны аюулгүй байдалд нэгдсэн шалгалт хийнэ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуух, галлагааны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаа, халаалтын зууханд хяналт шалгалт хийж, зөвлөгөө, зөвлөмж өгөн, судалгаа гаргах ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулна. Тодруулбал, нэгдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд нийслэл, дүүргийн нутгийн захиргааны 9000 гаруй ажилтан, албан хаагч хяналт шалгалт хийх юм.

Дээрх ажилтай холбогдуулан нийслэл, дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабын хамтарсан хурлыг зохион байгууллаа. Энэ үеэр хяналт шалгалт болон судалгаа гаргах ажлын зохион байгуулалтын талаар хэлэлцэж, нийслэлийн Онцгой комиссоос холбогдох үүрэг чиглэл өгөв.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөх бич өдөр

-Аргын тооллын 1 дүгээр сарын 15. Лхагва (Буд) гараг (2025)
-Билгийн тооллын 17, хөх бич, мэнгэ 8 цагаан, суудал ус, од үнэг-8, рашаан барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:36-17:26.​
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул өнгө зүс доройтох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, бич, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд шагай, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд унь, таазанд орших болой.
-Ялгуусны, гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: хиншүү, бузар, бэлбэсний үйл, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, шинэ гэр, байшин, асар майхан босгох, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, үс засуулах, бэрийн үйл, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, лам болох, буян үйл, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 9 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

15-18-нд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2025 оны 01 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -27…-32 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -18…-23 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр -11…-16 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…-5 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -8…-10 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -7…-9 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -8…-10 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Япон Улсад амьдарч буй Монгол иргэдийн анхааралд

Японы баруун өмнөд хэсгийн Кюшюд орон нутгийн цагаар өчигдөр 21:19 минутад хүчтэй газар хөдлөлт боллоо.

Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт Миязаки мужид болсон бөгөөд хамгийн хамгийн хүчтэй газар хөдөлсөн бүс нутагт 0-7 ба түүнээс доош магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Тус агентлаг Миязаки болон Кочи мужуудад цунамийн аюулаас сэрэмжлүүлсээр байна. Тиймээс тус бүс нутагт оршин сууж байгаа Монгол иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг хүсье.

Эх сурвалж: Токио дахь Монгол Улсын ЭСЯ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зудын эрсдэлийн үнэлгээгээр долоон аймгийн 18 сум цагаан зудын байдалтай байна

Цаг уурын байгууллагаас  Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу  гаргасан зудын эрсдэлийн үнэлгээгээр 7 аймгийн 18 сум цагаан зудын, 13 аймгийн 38 сум цагаанаар зудархуу байна.

Тодруулбал, Баян-Өлгийн Сагсай, Увсын Сагил, Түргэн, Улаангом, Хяргас, Тэс, Зүүнговь, Ховдын Алтай, Дарви, Завханы Тэс, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Баянбулаг, Гурванбулаг, Бөмбөгөр, Галуут, Сэлэнгийн Хүдэр, Төвийн Баянчандмань цагаан зудын.

Баян-Өлгийн Баяннуур, Булган, Увсын Ховд, Малчин, Давст, Завхан, Наранбулаг, Баруунтуруун, Ховдын Булган, Ховд, Үенч, Дөргөн, Мянгад, Чандмань, Зэрэг, Завханы Ургамал, Завханмандал, Сантмаргац, Сонгино, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөг, Шилүүстэй, Говь-Алтайн Хөхморьт, Шарга, Баянхонгорын Хүрээмарал, Бууцагаан, Жаргалант, Хөвсгөлийн Хатгал, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Ерөө, Төвийн Цээл, Дархан-Уулын Хонгор, Шарын гол, Хэнтийн Баян-Адарга, Дорнодын Халхголд цагаанаар зудархуу  байдалтай байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ЭХЭМҮТ-ийн цахилгаан шатыг шинэчилжээ

Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн цахилгаан шатны шинэчлэл, засварын ажил дууслаа. Тодруулбал, Edunburgh Elevator үйлдвэрийн 1.0м/с хурдтай, 1000кг, 630кг, 400кг, 150кг даацтай хүн зөөврийн зориулалтын болон бага ачааны зориулалттай эмчилгээний, хоол судлалын тасгийн, хоол зөөврийн нийт 24 ширхэг цахилгаан шатыг угсарч ашиглалтад орууллаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус бүтээн байгуулалтыг “Төвхөн трейд ХХК” гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр харагчин хонь өдөр

-Аргын тооллын 1 дүгээр сарын 14. Мягмар (Ангараг) гараг (2025)
-Билгийн тооллын 16, харагчин хонь, мэнгэ 9 улаан, суудал огторгуй, од найралт эх-7, арвидах барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:37-17:25.​
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, туулай, хонь, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, эрүү, өвчүү, хөлний эрхийд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
-Эр цэрэг, могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: эд, мал гадагш өгөх, өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, нохой авах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм хүртэх, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, үс засуулах, замд гарах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, равнайлах, ан гөрөө хийх, хэрүүл тэмцэл, зарга хийх, хүнийг ханаж, төнөх, хишгийн даллага авах, буян үйл, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа