Author Archives: baaska baaska

Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулж, барилга байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл хуралдлаа.

Манай улсад 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Эдгээр иргэдийн 80 гаруй хувь нь хөдөлмөрийн насныхан байгаа юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлөөс 2024 онд 28 ажил төлөвлөснөөс 10  нь бүрэн хэрэгжиж, 18 ажил нь хэрэгжих шатанд явна.

Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих ажлыг эрчимжүүлж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль 2016 батлагдаж байсан.

Мөн Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна.

2025 онд үйлдлийн олон улсын ангиллыг зарим үйлчилгээнд нэвтрүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх холбогдох статистик маягт, аргачлалыг шинэчлэн батлуулна.

Байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих төвүүдийг төв, орон нутгийн түвшинд байгуулж, дэмжлэг үзүүлнэ.

Мөн салбарын барилга байгууламжид хийсэн саадгүй байдал, хүртээмжийн үнэлгээний хэрэгжилтийг шалгаж, салбарт ажиллагчдын хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулах нэгдсэн төлөвлөгөөг батлан, дорвитой ахиц өөрчлөлт гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтийн асуудлаар улсын үзлэг зохион байгуулна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Швейцарын Давос хотноо энэ сарын 20-24-нд “Ухаалаг эрин үеийг төлөвшүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна.


Шадар сайд Т.Доржханд эдийн засгийн чуулганы үеэр “Эрчим хүч, түүхий эдийн геоэкономик”, “Бохирдлыг шийдвэрлэх технологийн шийдэл” зэрэг хуралдаанд оролцож, Дэлхийн эдийн засгийн форумтай байгуулах “Стратегийн оюун ухааны платформ” төслийн хамтын ажиллагааны гэрээ, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай байгуулах “Монгол Улсад сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэх, уур амьсгалын зорилтыг дээшлүүлэхэд хамтран ажиллах” санамж бичиг зэрэгт гарын үсэг зурж, ажил хэргийн уулзалтууд хийнэ.


Монгол Улс энэ удаагийн чуулганы үеэр улс орноо сурталчлан таниулах зорилготой “Mongolia house”-г анх удаа ажиллуулж, хоёр болон олон талт уулзалт, хэлэлцүүлгүүд зохион байгуулж байна. Чуулганд оролцож буй 200 гаруй орноос арав гаруй улс ийм хаус ажиллуулж байна.

Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд Аргентин, Малайз, Сингапур, Тайланд, Вьетнам, Өмнөд Африк, Нидерланд, Кувейт, Перу, Бутан, Лихтенштайн, Чад, Эквадор, Латви, Финланд зэрэг улсын Ерөнхий сайд, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Дэлхийн худалдааны байгууллага, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын цөмийн энергийн байгууллага зэрэг байгууллагын тэргүүн оролцож байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нийт 1574 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1449, гэмт хэргийн шинжтэй 104 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 58 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 18 хэргийг нөхөн илрүүлжээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
2025-01-21 182620

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гашуудал зарлана

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх орон даяар гашуудал зарлах зарлиг гаргалаа.

Зарлигийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу Төрийн далбааны ишний гуравны хоёрт хүртэл буулгана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2025 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр нийт 1711 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1399, гэмт хэргийн шинжтэй 88 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 62 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 21 хэргийг нөхөн илрүүлжээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
2025-01-20 125537

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн археологийн хайгуул судалгааны ажилтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд тус улсын Ван аймгийн нутагт орших Их эзэн Чингис хааны ач Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн Монгол, Туркийн хамтарсан багийн археологийн хайгуул судалгааны ажлын явцтай танилцлаа.

Ил хан Хүлэгү 1259 оны намар тус нутгаар дайрч өнгөрөхдөө бэлчээр, газрын таатай онцлогийг харгалзан ордон байгуулахаар тогтсон бөгөөд барилгын ажил 1261 онд эхэлж, 1265 онд дууссан  гэж түүхэн сурвалжид тэмдэглэн үлдээсэн байдаг.

Монгол Улсын их сургууль, БНТУ-ын Измирийн Катип Чэлэби их сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн судалгааны баг 2022, 2023 онд Турк Улсын Ван аймгийн Чалдыран сумын нутагт археологийн хайгуул судалгаа, сорилтын малтлага хийн уг зуны ордны туурийг нээн илрүүлсэн.

Түүхэн сурвалжид Аладаг буюу Алаг уулын хот хэмээн тэмдэглэгдсэн Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн нийт хэмжээг 900×1200 метр.квадрат хэмээн археологийн судлаачид тогтоогоод байна. Малтлагын явцад хас хээтэй ваар болон зээбадын дүрстэй ваарын үлдэгдэл олдсон нь Ойрх Дорнодын бүс нутгаас анх удаа монгол загварын эдлэл олдсон тохиолдол болсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч 760 жилийн өмнө баригдаж дууссан Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн археологийн малтлагын талбайд ажиллаж, Ван нуурын Акдамар сүмийн хана дээрх Хүлэгү хааны чулуун хөргийг үзэж сонирхлоо.

Ерөнхийлөгч тус судалгааны ажлын ач холбогдлыг онцлохын хажуугаар судалгааны дараагийн шат, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар эрдэмтэн судлаачидтай ярилцаж, үргэлжлүүлэн өргөн хүрээний  малтлага, судалгаа явуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Аладагийн орд хот буй газрыг БНТУ-ын нэгдүгээр зэрэглэлийн археологийн дурсгалаар бүртгэн авч улсын хамгаалалтад оруулсан бөгөөд эхний ээлжинд хотын бүрэн хэмжээг нарийвчлан лавтай тогтоож, байгалийн болон хүний хөнөөлт нөлөөнөөс хамгаалах шаардлага тулгарч байгааг эрдэмтэд онцлов.

МУИС, БНТУ-ын Измирийн Катип Чэлэби их сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэн нь 2018 онд байгуулагдсан бөгөөд Турк дахь Монголын эзэнт гүрний үед холбогдох түүх, соёлын дурсгалуудыг судлан шинжлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.

Тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид 2022 оноос эхлэн “Ил хаант улсыг үндэслэгч Хүлэгү ханы зуны ордон: БНТУ-ын нутагт буй Аладагийн ордны хайгуул судалгаа” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр, БНТУ-ын Үндэсний их хурлын гишүүн Бурхан Каяатүрк, Үндэсний их хурлын гишүүн Каяхан Түркменолу, Соёл, аялал жуулчлалын дэд сайд Гөкхан Язгы, Ван аймгийн Захирагч Озан Балжи,  Монгол, Туркийн хамтарсан археологийн багийн эрдэмтэн судлаачид Ван аймагт ажиллалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

2025 оны цэргийн бүртгэл үргэлжилж байна

Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй билээ. Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай. Харин цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол аймаг, дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр хандана. Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ хийлгэж, баталгаажуулах юм.

Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой. Хэрэв “E-Mongolia” системээр бүртгүүлсэн бол “мэдэгдэл” цэсээс хариугаа харж болох юм. Иргэд өөрийн биеэр болон гэр бүлийн гишүүн нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх бол иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хамт харьяа баг, хороон дээрээ очихыг анхаарууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Эмгэнэл

ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТ
(1942-2025)

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын тэргүүн, Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэн, олон улс дахь байр суурийг бэхжүүлсэн, Монголын ард түмний эрхэм хүү Пунсалмаагийн Очирбат 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр 83 насандаа өвчний учир таалал төгсөж, Монгол төр, Монголын ард түмэнд хүнд гарз тохиолоо.
Анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1942 оны нэгдүгээр сарын 23-нд буюу Морин жилийн өвлийн адаг сарын шинийн наймны өдөр Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын өвөлжөөнд малчин ард Пунсалмаагийн хүү болон мэндэлж, 1951-1960 онд Улаанбаатар хотын 8 болон 14 дүгээр дунд сургуульд суралцан, 1960-1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр  төгсөж, 1975 онд техникийн ухааны дэд эрдэмтэн, 1999 онд эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.
П.Очирбат 1966 онд Аж үйлдвэрийн яамны мэргэжилтнээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1967-1972 онд Шарын голын уурхайд ерөнхий инженер, 1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, 1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайд, 1985-1987 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайдын албыг хашиж байв.
Тэрбээр 1990 оны гуравдугаар сарын 21-нээс есдүгээр сар хүртэл БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, 1990 оны есдүгээр сарын 3-наас 1992 оны хоёрдугаар сар хүртэл БНМАУ-ын Ерөнхийлөгч, 1992 оны хоёрдугаар сарын 12-ноос  Монгол Улсын Ерөнхийлөгч, 1993 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмнийхээ итгэлийг хүлээснээр 1997 оны зургадугаар сар хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан юм.
П.Очирбат 1999-2001 онд Техникийн их сургуулийн удирдах зөвлөлийн дарга, 2000 оноос Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Экологи-тогтвортой хөгжлийн профессорын багийн тэргүүлэх профессор, 2004-2016 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, 2010 оноос Геологи, уул уурхайн сургуулийн зөвлөх профессороор тус тус ажиллаж байв.
Тэрбээр Монгол Улсын ШУА-ын гишүүн, академич бөгөөд Монгол Улсын Техникийн их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын Данкукийн их сургууль, Оросын Холбооны Улсын Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуулийн хүндэт доктор, АНУ-ын Везляены их сургуулийн Хүндэт хуульч, Казахстан Улсын Л.Н.Гумилевын нэрэмжит Евразийн үндэсний их сургуулийн Хүндэт профессор, Экологийн аюулгүй байдлын олон улсын академийн жинхэнэ гишүүн юм.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич, Экологийн аюулгүй байдлын олон улсын академийн жинхэнэ гишүүн, Дэлхийн Уул уурхайн шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн, профессор П.Очирбат нь Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдалд үнэлэлт өгч, хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлсон “Монгол Улсын эрдэс баялгийн хөгжлийн стратеги ба экологи”, “Үнэт эрдсийн цогцолборын хөгжлийн стратеги”, “Нүүрсний аж үйлдвэрийн хөгжлийн стратеги ба экологи”, “Ашигт малтмалын баяжуулалтын технологийн үндэс, уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” долоон боть, “Уул уурхайн эдийн засаг, бизнес, менежмент”  дөрвөн боть тэргүүтэй геологи, уул уурхайн мэргэжлийн асуудал дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон бие даасан болон хамтын томоохон бүтээлүүд, “Монгол Улсын Үндсэн хууль, хэрэгжилт, хяналт, судалгаа”, “Монголын Ардчиллын хөгжил”, “Тэнгэрийн цаг” зэрэг нийгэм-улс төрийн судалгаа, эрдэм шинжилгээний олон арван ном, товхимол, өгүүлэл, нийтлэл бичиж, уншигч түмний хүртээл болгожээ.
П.Очирбат Монгол Улсын Ерөнхийлөгчөөр долоон жил ажиллахдаа төрийн тэргүүний хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж, ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн зорилтын хүрээнд эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэх, засаглалыг шинэчлэн төлөвшүүлэх, нийгмийн ойлголцол зөвшилцлийг хангах үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.
П.Очирбатын эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө байгуулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж 1972 онд Алтан гадас одон, 2005 онд Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон, 2022 онд “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” долоон боть хамтын бүтээлд  нь Монгол Улсын Төрийн шагнал тус тус хүртээсэн юм.
Тэрбээр ЗСБНХУ-ын хүндэт уурхайчин, Зөвлөлтийн “Уурхайчны алдар”  I, II, III зэргийн  одон, Эрчим хүчний хүндэт тэмдэг, Унгар Улсын хөдөлмөрийн гавьяаны одон, БНСУ-ын “Мү Гүн Хва” одон, АНУ-ын сайн дурынхны нийгэмлэгийн “Эрх чөлөөний бамбар”  одон болон бусад шагналыг хүртжээ.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбатын эгэл даруу, хүнлэг, нөхөрсөг, эвийг эрхэмлэгч, өв соёлыг дээдлэгч, ажилч хичээнгүй, тууштай  дүр төрх, зан чанар, шинжлэх ухаанч, зарчимч, бүтээлч  үйл хэрэг нь Монголын ард түмний зүрх сэтгэлд үүрд мөнхөд орших болно.
Монгол Улсыг хөгжүүлэхэд оруулсан Таны хувь нэмэр, үйл хэргийг монголчууд бид үеийн үед хүндэтгэн дурсах болно.

У.ХҮРЭЛСҮХ, Д.АМАРБАЯСГАЛАН, Л.ОЮУН-ЭРДЭНЭ,
Г.БАЯСГАЛАН, Н.УЧРАЛ, Б.САНЖСҮРЭН,
Г.ӨНӨРБАЯР, Ж.ГОМБОЖАВ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шарагчин үхэр өдөр

-Аргын тооллын 1 дүгээр сарын 20. Даваа (Сумьяа) гараг (2025)
-Билгийн тооллын 21, шарагчин үхэр, мэнгэ 3 хөх, суудал шороо, од тугчин-12, үл зохилдох барилдлагат өдөр. Тэрсүүд өдөр. Их хүйтэн улирал-04:21.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:32-17:34.​
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, могой, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд цээж, хавирга, зүрхэнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Аливаа үйлд муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 8 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай байна.

2025 оны 01 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Халх голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 3-8 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Ерөө голын хөндийгөөр -15…-20 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…+3 градус дулаан, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. -7…-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. -7…-9 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. -9…-11 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цахим орчинд хүүхдийг хориотой болон хортой агуулгаас хамгаална

Хүүхэд хамгааллын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 25 дугаар зүйлд Хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчны хүүхэд хамгааллыг өргөжүүлж, үүнтэй уялдуулан Зөрчлийн тухай хуульд холбогдох шийтгэлийг оногдуулсан.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 25 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангах хүрээнд ЦХИХХ-ны, ГБХНХ-ын, ХЗДХ-ийн сайд нар хамтран батлах “Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам”-ын төслийг боловсруулж, ажлын хэсгээр хэлэлцүүллээ.

Мөн хэвлэл мэдээлэл, олон суваг дамжуулах болон цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн цахим орчин, өргөн нэвтрүүлгээр түгээсэн контент, мэдээ, мэдээлэл, бүтээл нь хүүхдэд хортой агуулгатай эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий “Орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам”-ын төслийг хэлэлцэж, Ажлын хэсгийн гишүүд санал өглөө. Уг журмыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол, Туркийн төрийн тэргүүн нар хамтран мэдээлэл хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар төрийн айлчлал, албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Эрхэм хүндэт хэвлэлийн төлөөлөгчид өө,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Өнө эртний түүх, өв соёлын уламжлалт дотно харилцаатай манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 55 жилийн ойн хүрээнд эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны урилгаар үзэсгэлэнт сайхан Турк Улсад төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна.

Бид бүхнийг элэгсэг дотноор хүлээн авч, өндөр хүндэтгэл үзүүлж байгаа Ерөнхийлөгч танд болон Туркийн төр, засаг, найрсаг ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монгол Улсын төрийн тэргүүний Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй энэ айлчлал нь Монгол, Туркийн ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхийн нэгэн шинэ хуудсыг нээж, хоёр орны харилцааг Стратегийн түншлэлд хүргэсэн онцгой айлчлал болж байна.

Ази-Европыг холбосон газар зүйн өвөрмөц байршилтай Турк Улсыг бид “гуравдагч хөрш”, итгэлт түншээ хэмээн үздэг бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт тууштай өргөжүүлэн хөгжүүлэхийг ямагт эрмэлздэг билээ.

Энэхүү төрийн айлчлалын үеэр бид харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 55 жилийн ололт, амжилтаа бататгах, улам өргөжүүлэн хөгжүүлэх, улс орны хөгжил дэвшил, эдийн засгийн үр өгөөж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо.

Бидний яриа хэлэлцээний дүнд “Стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Хамтарсан тунхаглал”-д хоёр улсын төрийн тэргүүн гарын үсэг зурлаа.

Мөн “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай”, “Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай”, “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгаль орчин, уул уурхай, зам, тээвэр, дэд бүтэц, ойн аж ахуй зэрэг салбарт хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа.

Турк Улс нь манай улсын гадаад худалдааны томоохон түншүүдийн нэг бөгөөд харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц харилцан ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг судлан хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Тухайлбал, “Шинэ Хархорум” хот, Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолбор зэрэг төслийн хүрээнд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлд туркийн талтай хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.

Монгол Улсын “Алсын хараа 2050”, Турк Улсын “Туркийн зуун” хөгжлийн бодлогыг харилцан уялдуулж, хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх, дэд бүтэц, агаарын болон төмөр замын тээвэр, ложистик, хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, арьс, шир, ноос, ноолуур боловсруулах чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхээр тохирлоо.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхий нийтэд тулгарч буй сорилтыг даван туулж, шийдвэрлэх нь бидний нийтлэг зорилт гэдгийг онцолж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллахаар боллоо. Ойн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Түүнчлэн бүх төрлийн тээвэр, ложистикийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол-Туркийн хооронд төмөр замын ачаа тээвэрлэлтийн замнал бий болгох чиглэлээр хамтрах баримт бичиг байгуулж, Турк Улсаас санаачлан хэрэгжүүлж буй Ази-Европыг холбох “Төмөр торгоны зам” буюу дунд коридорын төсөлд Монгол Улс хамрагдах боломжийн талаар ярилцлаа.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал боддоо солилцлоо.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өө, зочид төлөөлөгчид өө,

Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулах, нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд зориулан Туркийн ард түмэн, төр, засгаас өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд 200 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий үр дүнтэй олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэнд манай ард түмэн ямагт талархаж байдаг.

Цар тахал, байгалийн гамшиг, газар хөдлөлтийн бэрхшээлтэй тулгарсан хүнд цаг үед монгол, туркийн ард түмэн хамтдаа байж, хүний эрүүл мэндийг хамгаалах болон хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллаж ирсэн.

Тиймээс гамшгийн хохирлыг бууруулах, гамшигтай тэмцэх, газар хөдлөлт, ой, хээрийн түймэртэй тэмцэх, аврах, хор уршгийг арилгах, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Монгол Улсад хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах, хавдар судлалын эмчилгээ, оношилгооны үндэсний төвийг байгуулахад хамтран ажиллахаар ярилцаж тохирлоо.

Түүх, соёл, боловсролын харилцаа нь манай хоёр орны ард түмнийг холбох чухал гүүр бөгөөд Орхоны хөндий дэх түрэгийн үеийн түүхэн олдворууд, Туркийн Ван аймагт олдсон Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурь зэрэг бидний түүх, соёлын хосгүй өв, хөшөө дурсгалыг хадгалах, хамгаалах, сурталчлах, мөн эрдэмтэн судлаач, археологийн багийн ажлыг дэмжиж, оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.

Энэхүү төрийн айлчлалын хүрээнд Монголын ард түмний түүх, соёл, өв уламжлалын илэрхийлэл болсон, Монгол Улсын соёлын элч “Морин хуур найрал хөгжим”-ийн тоглолтоор турк анд нөхдийнхөө сонорыг мялаан, сэтгэл хөдлөм сайхан дурсамжийг хамтдаа бүтээж буйд баяртай байна.

Мөн айлчлалын хүрээнд Истанбул хотноо зохион байгуулах “Монгол-Туркийн бизнес форум”-д хоёр орны олон аж ахуйн нэгж оролцох болсон нь бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг илтгэж байна.

Цаашид хоёр орны эдийн засгийн харилцан ашигтай, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг дэмжихэд энэхүү бизнес форум чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Бидний хэлэлцэж, тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард иргэдийн сайн сайхны төлөө биеллээ олж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Монгол Улсын “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлого болон Туркийн энэрэнгүй, хүмүүнлэгийн дипломат ажиллагаа даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд хамтын хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна.

Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэл онцгой чухал үүрэг гүйцэтгэж байгааг талархан тэмдэглэхийг хүсэж байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таныг өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад ойрын хугацаанд төрийн айлчлал хийх болсонд талархал илэрхийлье.

Манай хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, Монгол, Туркийн уламжлалт түүхэн харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ РЕЖЕП ТАЙИП ЭРДОАН:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчдийг Турк Улсад хүлээн авч байгаадаа баяртай байна.

Монгол Улсаас манай улсад 21 жилийн дараа төрийн тэргүүний түвшинд айлчлал хийж байгаа Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Та болон дагалдан яваа нийт төлөөлөгч та бүхнийг манай улсад тавтай морилохыг дахин хүсэж байна.

Энэ удаа хүндэт Ерөнхийлөгчийг УИХ, Засгийн газрын гишүүд, бизнес эрхлэгчид, урлаг соёл, хэвлэл мэдээлэл зэрэг өргөн бүрэлдэхүүн дагалдаж ирлээ.

Би ойрын ирээдүйд Монгол Улсад хариу айлчлал хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлье.

Манай хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой өнгөрсөн жил тохиосон. Бид харилцаагаа 2004 онд Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж байсан. Өнөөдөр эрхэм андын хамт харилцааг улам ахиулах шийдвэр гаргалаа.

Стратегийн түвшин тогтоосон тухай Хамтарсан тунхаглалд бид сая гарын үсэг зурлаа. Энэхүү түншлэл нь манай хоёр улсад, бидний өвөг дээдсийн өлгий нутагт, Төв Азид, дэлхий дахинд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна.

Түүнчлэн боловсрол, байгаль орчин, залуучууд, спорт, эрчим хүч, зам тээвэр зэрэг олон чухал салбарт хамтран ажиллахаар хоёр улсын яам, байгууллага хоорондын 11 баримт бичигт гарын үсэг зурлаа. Эдгээр баримт бичиг нь бидний харилцааны үндэс суурийг бэхжүүлж, өнөөгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах болно.

Эрхэм хүндэт хэвлэлийн төлөөлөгчид өө,

Бид Монгол Улсын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөгжлийн томоохон мега төслүүдэд тулгуурлан барилга, дэд бүтэц, зам тээвэр, батлан хамгаалах, аж үйлдвэр, уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуй зэрэг салбарт түлхүү анхаарч, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна.

Энэ хүрээнд харилцан хөрөнгө оруулалт хийж, хамтарсан төсөл хэрэгжүүлэхийг хоёр улсын хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэд уриалж байна.

Бид  худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх эхний зорилтоо давуулан биелүүллээ. Гэхдээ энэ нь бидний бодит боломжоос доогуур үзүүлэлт гэж үзэж байна.

Өнөөдрийн уулзалтаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцлаа. Бидний харилцааны үндсэн тулгуурын нэг болох түүх, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээ нотоллоо.

1992 оноос хойш Турк Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт олон монгол оюутныг хамруулж ирсэн бөгөөд цаашид улам нэмэгдүүлэхээр санал нэгдлээ.

Түүхэн үнэт өвийн олдвор, Орхоны хөндийн чулуун бичээсийг хамтран хамгаалж, Хөшөө цайдамын музейг 2008 онд ашиглалтад оруулсан. Энэ удаа мэргэн Тоньюкукийн бичээсийг хамгаалах чиглэлээр Туркийн Хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /ТИКА/-тай хамтран хэрэгжүүлж буй музейн барилгын ажлыг энэ онд багтаан дуусгах зорилт тавьж байна.

Өнөөдрийн уулзалтаар бид хоёр талын харилцаанаас гадна Сири, Палестин, Украин зэрэг бүс нутаг болон олон улсын харилцааны асуудлаар ярилцлаа. Бид олон улсын тавцанд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, үүнийгээ НҮБ болон олон улс, бүс нутгийн байгууллагын хүрээнд бэхжүүлэхээр тохиролцлоо.

Эрхэм хүндэт хэвлэлийн төлөөлөгчид өө,

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, дагалдан яваа төлөөлөгчид Анкара хотноо манай улсын батлан хамгаалахын аж үйлдвэрлэлтэй танилцлаа. Истанбул хотод ч мөн танилцана.

Айлчлалын хүрээнд Монгол Улсаа дэлхий дахинд амжилттай таниулж буй Улсын филармонийн Морин хуурын чуулга Истанбул хотноо тоглолтоо хийх болжээ. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч бас гитар сайн тоглодог.

Ерөнхийлөгч та болон дагалдан яваа төлөөлөгчид Ван аймагт зочилж, 2022 онд Турк, Монголын археологчид илрүүлсэн Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурьтай танилцана.

Бидний авсан, гаргасан шийдвэрүүд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нийт 1865 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1498, гэмт хэргийн шинжтэй 117 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 64 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 21 хэргийг нөхөн илрүүлжээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
 nuh

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа