Author Archives: baaska baaska

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт нийт 125 мянга гаруй иргэн үйлчлүүлсэн байна. Үүнээс 7869 нь буюу 6.3 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаанаар амбулаториор үйлчлүүлжээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 1.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна. Энэ талаар НЭМГ-ын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.

Тэрбээр “Хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй буюу томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн хүүхдүүд ойр байгаа өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч гэрийн эмчилгээ бичүүлэх боломжтой. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна. Тодруулбал, ажлын өдрүүдэд 08:30-20:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд ажиллаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор амралтын өдрүүдэд Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн хэсгээр нийт 2107 хүүхэд үзүүлсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 230 тохиолдлоор буурсан” гэв.

Түүнчлэн ХӨСҮТ-ийн 45 дугаар долоо хоногийн мэдээллээр томуу, томуу төст өвчний тархалтын түвшин нийслэлийн хэмжээнд идэвхжилийн түвшинд байгааг тогтоосон. Өөрөөр хэлбэл алаг цоог дэгдэлтийн түвшинд хүрээгүй. Хэвийн үед нийслэлийн хэмжээнд хүүхэд хэвтэн эмчлүүлэх боломжтой 759 ор байдаг бөгөөд томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед 1100 орыг дэлгэх зохицуулалтыг Эрүүл мэндийн яам болон НЭМГ-аас хийгээд буй. Өнөөдрийн байдлаар орны ачаалал 145 хувьтай буюу ачаалал хэтэрсэн. Цаашид ХӨСҮТ-ээс томуу, томуу төст өвчний тархалтын түвшин алаг цоог дэгдэлтийн үе рүү шилжсэн тохиолдолд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 149 өрхийн эрүүл мэндийн төвийг уртасгасан цагаар ажиллуулахаас гадна хэвтэн эмчлүүлэх орны тоог үе шаттай нэмэхээр төлөвлөж байгаа юм.

Мөн энэ жил томуугийн дархлаажуулалтыг өнгөрсөн жилтэй харьцуулахад нэг сар гаруйн өмнө эхлүүлсэн. Энэ хэрээр эмнэлэгт хандаж, хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо буурна гэсэн хүлээлт байна. Өнөөдрийн байдлаар томуугийн зорилтот бүлгийн дархлаажуулалт 90 хувьтай байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шарагчин үхэр өдөр

-Аргын тооллын 11 дүгээр сарын 21. Пүрэв (Бархасвадь) гараг (2024)
-Билгийн тооллын 21, шарагчин үхэр, мэнгэ 9 улаан, суудал уул, од найралт эх-7, хүчин төгсөх барилдлагат өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:07-17:08.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Тахиа, могой, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, луу, нохой, үхэр жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд цээж, хавирга, зүрхэнд, гэрийн сүлдтуурга, хананд орших болой.
-Лам, бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: эд, мал гадагш өгөх, их хэрэг үүсгэх, ном унших, арилжаа наймаа хийх, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, бэрийн үйл, малын үс, ноос хяргах, мал гаргах муу.Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 2 градус дулаан

                              Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

21, 22-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

2024 оны 11-р сарын 20-ны 20 цагаас 11-р сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -26…-31 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -21…-26 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -16…-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн, өдөртөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -11…-16 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгаар +4…+9 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17…-19 градус, бусад хэсгээр -10…-12 градус хүйтэн, өдөртөө +1…+3 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -16…-18 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -16…-18 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

НӨАТ-ын сугалаанаас 47.667 иргэн азтан боллоо

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2024 оны аравдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийж, цахимд бүртгүүлсэн 47.681.116 баримтыг оролцуулж, азтануудыг шалгарууллаа. Нийт 47.667 баримт орон таарчээ.

Хонжворын тохиролд 52454521 дугаар гарч ирсэн юм.

-Сүүлийн 3 орон таарсан 42890 азтан
-Дөрвөн орон таарсан 4294 азтан
-Таван орон таарсан 441 азтан
-Зургаан орон таарсан 38 азтан
-Долоон орон таарсан 3 азтан
-Бүх орон нь таарсан буюу нэг супер азтан шалгарлаа гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ
“Эрдэнэс Монгол” нэгдлээс хэрэгжүүлсэн манлайлал, засаглал, нэгдлийн үйл ажиллагаа, үр дүнг сайжруулах тогтолцооны шинэчлэл, Үндэсний баялгийн санг бүрдүүлэх реформын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
“Эрдэнэс Монгол” нэгдэл засаглал, үйл ажиллагааны менежментээ сайжруулж тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлж ажилласны үр дүнд 2023 онд 599.6 мянган тонн зэсийн баяжмал, 35.1 сая тонн нүүрс олборлож, борлуулалтын орлого 14.9 их наяд, цэвэр ашиг 4.5 их наяд төгрөгт хүрч, улс болон орон нутгийн төсөвт 4.5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Энэхүү амжилтын үр дүнд гадаад валютын албан нөөцийн 77 хувь буюу 3.6 тэрбум ам.долларыг Монгол банканд төвлөрүүлж, нэгдлийн толгой компани 200.0 тэрбум, нэгдлийн хэмжээнд 394.0 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг төлж барагдуулжээ.
Нэгдлийн үйл ажиллагаа сайжирч, санхүүгийн үзүүлэлт дээшилсэн нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах боломжийг бүрдүүлж тус компанийн 2022, 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилсан.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмыг хангах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх замаар иргэдэд тэгш, шударга хүртээх, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх үзэл санааг хэрэгжүүлэх Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулсан нь Монгол хүн баялагтаа эзэн байх хууль эрх зүйн үндсийг бүрдүүлсэн төдийгүй “Эрдэнэс Монгол” нэгдлийн эрхзүйн байдал, тогтвортой үйл ажиллагааг явуулах эрхзүйн үндсийг бий болгосон юм. Хуулийн хэрэгжилтийн хангуулж 2024 онд “Эрдэнэс Монгол” нэгдэл 500 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлснээр 10,000 айл өрх орон сууцны хөтөлбөрт хамрагдах боломжийг бүрдүүлсэн. “Эрдэнэс Монгол” нэгдэл Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх дараагийн цогц шинэчлэлийн реформыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Танилцуулгатай холбогдуулан,
Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор төрийн өмчит уул уурхайн компанийн засаглал, үйл ажиллагаа, үр ашгийг сайжруулах замаар хуримтлалын санд ногдох орлогыг нэмэгдүүлэх, эрдэс баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударга хүртээхэд чиглэсэн цогц шинэчлэлийн реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж ажиллах,
“Ган үйлдвэрлэлийн цогцолбор”, “Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор”, “Нүүрс-химийн цогцолбор”, “Жонш боловсруулах цогцолбор”, “Кокс-химийн цогцолбор” үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг эрчимжүүлэх,
Үйлдвэрлэл технологийн паркт эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрөл, паркийн байршлын жагсаалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэрэгжүүлэх үйлдвэрлэл технологийн зургаан паркийг оруулах зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо.
Мөн экспортыг эрчимжүүлэх, гадаад валютын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” нэгдэлд Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн эзэмшлийн ачааны вагоны хуваарилалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны долдугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн байна. Хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний хомсдолыг нөхөх зорилгоор гадаадын иргэдийг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэхэд уян хатан бодлого баримталж байна.
Тухайлбал, гадаадын ажилтан авах бодлогод эдийн засгийн үйл ажиллагааны бүтээмж өндөртэй уул уурхай, олборлолт, мэдээлэл холбоо, санхүү даатгал, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбаруудад гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаартай тогтоох, дотоодын ажиллах хүчнийг эдгээр салбарт түлхүү ажиллуулахыг дэмжих нь зүйтэй. Харин барилга, эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэл зэрэг бүтээн байгуулалтын салбарт гадаад ажилтны тоо, хувь хэмжээ, ажлын байрны төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг Засгийн газар тогтоож өгөх шаардлагатай гэж үзэж байна.
Мөн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд “Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн санд ажлын байрны зарыг байршуулж, ажилтныг идэвхтэй хайж эхэлснээс хойш ажлын 14 өдрийн дотор дотоодоос ажилтан авч чадаагүй бол гадаад ажилтныг хөдөлмөр эрхлүүлэх урилга хүсэх эрхтэй.” гэж заасан. Хуульд заасан дээрх хугацаа нь улирлын чанартай бүтээн байгуулалтын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад гадаад ажилтан урих үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд хүндрэл учруулдаг асуудлыг шийдвэрлэхээр тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар гадаад ажилтан авч ажиллуулах ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж  байгууллага, хөрөнгө оруулагчид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлөх ажлын байрны төлбөрөөс хөнгөлүүлж, чөлөөлөгдөж, зардал хэмнэгдэх, ажиллах хүчний хомсдолоос богино хугацаанд гарах, бизнес эрхлэлт, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөгжлийн төслийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр дэлхийн хүүхдийн өдөр

“Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг улс орон даяар “Listen to the Future” буюу “Ирээдүйгээ сонсоцгооё” уриан дор 11-р сарын 20-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Соёлын бүтээлч сар 2024 аяны хүрээнд “Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг бүх шатны соёл, урлаг, спорт, хүүхэд, залуучуудын байгууллагууд хамтран контент түгээх, хамт олноороо ижилсэж, цахим сувгуудаа цэнхэртүүлэх, соёл, урлагийн үзвэр үйлчилгээ бүрийн эхэнд Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдэд үүргийг сануулж уриалгыг хүргэх, байгууллага бүр нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн төлөө хийж буй үйлсээ олон нийтэд сурталчлах, байгууллагын барилгын гэрэлтүүлгийг цэнхэр өнгөөр гэрэлтүүлэх зэрэг олон ажлыг зохион байгуулна.

Цэнхэр өнгийн гэрэлтүүлгийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны 18:00-22:00 цагийн хооронд асааж хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эрхийн асуудалд олны анхаарлыг хандуулах юм гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавилаа.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр нар мэдээлэл өгөв.

2025 оны улсын төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай, төсөвт тодотгол хийх тухай тогтоол баталсан нь хууль дээдлэх үндсэн зарчим зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн гэсэн хоёр үндэслэлээр бүхэлд нь хориг тавилаа.

Ерөнхийлөгч, улсын төсөв нь эдийн засгийн болзошгүй хүндрэл, бэрхшээлийг хохирол багатай даван туулах нөөц боломж, хуримтлал нэмэгдүүлэх, үнэ, ханшийн өсөлтийг хязгаарлах, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэд, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах баталгаа болохыг тэмдэглэлээ.

Мөн гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмыг анхаарч, мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж, алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй гэж үзлээ.

УИХ төсвийг хэлэлцэн батлахдаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, хуулийн 6.5.1-д заасан “төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх”, мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасан “төсвийн бодлого, стратегийн зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэсэн байх”, 5.1.6-д заасан “төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх” гэсэн заалтуудыг бүрэн хангаагүй бөгөөд энэ нь хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй байгааг онцоллоо.

Мөн “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан “Төсвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангана” гэсэн зорилтоо бодитой хэрэгжүүлж ажиллахыг санууллаа.

Төсвийн сахилга батыг чангатгах, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцүүлэн төсвийн зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, улс төрийн нам, эвслүүд сонгуулийн амлалтаа биелүүлэх зэрэг санал, шүүмжлэл гарч байгаа нь зүй ёсны шаардлага гэж Ерөнхийлөгч үзлээ.

УИХ 2025 оны Төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоол гаргасан.

Энэ нь ирэх оны төсөв Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан зарчмуудыг бүрэн хангаагүй, төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй гэдгээ УИХ хүлээн зөвшөөрсөн хэрэг гэж Ерөнхийлөгч үзлээ.

2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад тодотгол хийхээр тогтоол баталсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчих нөхцөл бий болгосон.

Иймд Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан хоригийг холбогдох хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулсан бөгөөд төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2024 оны 4 дүгээр улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ.

Энэ удаагийн шалгалтад оролцохоор Улаанбаатар хотод 2165, улсын хэмжээнд 5011 иргэн бүртгүүлсэн байна. Улаанбаатар хотод төрийн албаны ерөнхий шалгалт 11 дүгээр сарын 20-25-ны өдрүүдэд үргэлжилнэ. Өдөртөө дөрвөн ээлжээр өгөх бөгөөд нэг ээлждээ 130 иргэн шалгалт өгнө. 2024 оны 1, 2, 3 дугаар улиралд зохион байгуулагдсан төрийн албаны ерөнхий шалгалтад Улаанбаатар хотод 5605 иргэн бүртгүүлж, 3963 иргэн шалгалт өгсөн юм. Үүнээс 1399 иргэн тэнцэж, төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн байна.

Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн гишүүн Ү.Ганболд “Төрийн албаны ерөнхий шалгалт нийслэл, орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Иргэдийг төрийн албанд сонгон шалгаруулж авах шалгалтын агуулга болон шалгалтын зохион байгуулалт улам  боловсронгуй болсоор байна. Одоо цаг хугацаа, орон зайнаас үл хамааран Төрийн албаны шалгалтын сорил даалгаврыг бөглөх, холбогдох хууль, журмыг уншиж судлах, мэдлэгээ сорих, бататгах боломжтой болсон. Төрийн албаны ерөнхий шалгалт 100 хувь цахимд шилжиж, хөндлөнгийн нөлөөлөл, хүний оролцоогүй, ил тод нээлттэй явагдаж, шалгалтын дүн хэн нэгнээс биш зөвхөн өөрсдөөс тань хамаарч зөвхөн хэн сайн хичээж бэлдсэн нь тэнцэх, шалгалтад өндөр оноо авах нөхцөл бүрдсэн” гэдгийг хэллээ.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН НИЙСЛЭЛ ДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шар хулгана өдөр

-Аргын тооллын 11 дүгээр сарын 20. Лхагва (Буд) гараг (2024)
-Билгийн тооллын 20, шар хулгана, мэнгэ 1 цагаан, суудал ус, од өглөгт охин-6, үл зохилдох барилдлагат өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:05-17:09.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өлсөж ундаасах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
–Бич, луу, хулгана, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, могой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд дал, мөр, хүйс, дотор шагайнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Ялгуусны, гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, үс засуулах, бэрийн үйл, замд явах, лам болох, буян номын үйл, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 1 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

 2024 оны 11-р сарын 19-ний 20 цагаас 11-р сарын 20-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нийт нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -27…-32 градус, Дархадын хотгор, Хангайн уулархаг нутгаар -21…-26 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -16…-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн, өдөртөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -11…-16 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгаар +3…+8 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17…-19 градус, бусад хэсгээр -11…-13 градус хүйтэн, өдөртөө 0…+2 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -18…-20 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -18…-20 градус, өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь-2” Монгол-Солонгосын хамтарсан хурал эхэллээ

“Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” Монгол-Солонгосын хамтарсан хурлыг Гүүд Нейборс ОУ-ын байгууллагатай хамтран 2 дахь жилдээ зохион байгуулж байна.

Монгол болон Солонгос Улс харилцан туршлага судлах замаар хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой энэхүү хурал хоёр өдөр үргэлжилж, хүүхэд хамгааллын тогтолцоо, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга зам, туршлагыг бодлогын хүрээнд болон хэрэгжүүлэх түвшинд хэлэлцэх юм.

Монгол Улс хүүхдийн эрхийг хангах, хамгааллын тогтолцоог бэхжүүлэх хууль тогтоомжийн хүрээнд Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зэрэг хэд хэдэн хуулийг шинэчлэн болон шинээр баталж, энэхүү шинэчлэлийн үр дүнд салбаруудын хамтын ажиллагаа, оролцоо нэмэгдэж байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Хүүхэд хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, салбарын хүний нөөцийг чадваржуулах, хамтын ажиллагаа болон салбар дундын зохицуулалтыг сайжруулах, хүүхдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байсаар байна.

Манай улс гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоог бий болгох, хөгжүүлэхэд анхааран ажиллаж, 2017 оноос өнөөг хүртэл бодитой үр дүн гарсан.

Хүчирхийллийн хохирогчийг хамгаалах түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төвийг аймаг, дүүрэг бүрд улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөр байгуулж, 20 түр хамгаалах байр, 19 нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж, жилд дунджаар 3300 гаруй хүүхдийн аюулгүй байдлын хамгаалан ажиллаж байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчлэлээр сум, хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах  бүтэц, тогтолцоог шийдвэрлэсэн.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн хамт Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж, Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх зүйн байдлыг сайжруулж,  Засгийн газрын 2024 оны 143 дугаар тогтоолоор “16,000 хүүхэд тутамд 1 улсын байцаагч” ажиллах орон тоог тогтоогоод байна.

Мөн сум, хороонд “Олон нийтийн байцаагч” ажиллаж, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, холбон зуучлах, сум хорооны хүүхэд, гэр  бүлийн нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн улсын байцаагчтай хамтран ажиллах чиг үүрэгтэй ажиллана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг маргааш болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг арваннэгдүгээр сарын 20-ны өдөр 09:00-16:00 цагийн хооронд болно. Иргэд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Сэлбэ, Баянгол, Баянхошуу салбараас иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож зөвлөгөө, мэдээлэл аваарай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд “Мөнх ариун булаг” ХХК нь тухайн орчимд байрлах орон сууцуудын орц гарцыг хааж, 24 дүгээр цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг алдагдуулсан. Мөн дулааны шугамыг эвдэж барилгын ажил явуулж буй зөрчлийг арилгуулахаар нийслэлийн Хяналт шалгалтын газраас тухайн байршилд дахин шалгалт хийж байна.

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Улаанбаатар хотын дүүргүүдэд зөвшөөрөлгүй авто зам, явган хүний замыг сэтэлсэн газруудад хуулийн дагуу арга хэмжээ авч, зөрчлүүдийг арилгуулж байна. Жишээлбэл, бидний ажиллаж буй энэ байршилд хүүхдүүдийг цэцэрлэг рүү орох зарим орц, гарцыг хаасан. Чөлөөтэй зорчиход хүндрэлтэй байна. Тиймээс нийслэлийн Хяналт шалгалтын газраас ажлыг хариуцсан холбогдох хүмүүсийг дуудсан. Хашаагаа шинэчилж, орц гарцуудыг чөлөөлөх үүрэг даалгавар өгөөд байна. Тус компани нь барилгын үйл ажиллагааг явуулахдаа ч ажилтнуудын аюулгүй байдлыг бүрдүүлэх үүрэгтэй. Гэтэл орчны аюулгүй байдлыг хангаагүйгээс гадна орчмын дулааны шугам сүлжээг гэмтээсэн байна” гэлээ.

“Мөнх ариун булаг” ХХК-ийн зүгээс хяналт шалгалтын газрын албан даалгавар болон батлагдсан зураг төслийнхөө дагуу хашаа, хайс, орц, гарцын асуудлыг шийднэ гэдгийг хэлэв. Тус компанид улсын байцаагчийн хугацаатай албан даалгаврыг өгч, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, орчны тохижилт аюулгүй байдлыг бүрдүүлэх хүртэл барилгын үйл ажиллагааг түр зогсоогоод байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны анхдугаар хурал өнөөдөр боллоо. Тус хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа юм.

Хурлаар Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын талаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, өнөөгийн нөхцөл байдал, үндэсний орон сууцжуулалтын бодлого, хот төлөвлөлт, бүтээн байгуулалт, ипотекийн зээл бусад арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Манай улсын нийт өрхийн 30 хувь нь орон сууцанд, 70 хувь нь инженерийн дэд бүтэцгүй байшин хороолол, гэрт амьдарч байна. Үүнээс Улаанбаатар хотод 273,736, аймгийн төвд 144,308, сумын төвд 295,775 өрх орон сууцгүй байна.
Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангаар дамжуулан иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд 2025 оны нэгдүгээр сарын 15-ны өдөрт багтааж дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг  Засгийн газрын холбогдох гишүүд болон Үндэсний хорооны гишүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа.
Үүнд:
–       Үндэсний орон сууцжуулалтын тухай хууль болон орон сууцжуулалтын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн баримт бичгүүдийг нэгтгэн боловсруулж, УИХ-д өргөн барих,
–       Иргэдийг орон сууцжуулах, залуу гэр бүлийг дэмжих бодлого, стратегийн зураглал, төлөвлөгөө боловсруулах, Ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилж, эх үүсвэрийг нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргах,
–       Амины орон сууц болон ногоон орон сууцны стандарт, жишиг загвар, баталж, хэрэгжүүлэх, амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлж, шаардлагатай зохицуулалт хийх,
–       Үндэсний орон сууцжуулах төлөвлөгөө хэрэгжүүлэхэд шаардлагатай цахилгаан, дулаан хангамжийн эх үүсвэр нэмэгдүүлэн, шугамын өргөтгөл хийх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх,
–       Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, газар чөлөөлөх, аймаг орон нутагт дэд бүтэц байгуулах төлөвлөгөө боловсруулж, танилцуулах зэрэг үүрэг даалгавар өглөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа