Author Archives: baaska baaska

Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Гавьяат эдийн засагч цолоор:

  • Үндэсний статистикийн хорооны ахмад ажилтан Цэнджавын Бадрах,

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Хөдөө аж ахуйн их сургуулийн Агро экологийн сургуулийн зөвлөх багш, Шинжлэх ухааны доктор, профессор Бадамын Нинж,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн төслийн удирдагч асан, Урлаг судлалын ухааны доктор, профессор Жамбалын Энэбиш,

Гавьяат барилгачин цолоор:

  • Зам, гүүрийн зураг төсөл, барилгын “ГЭБТ” ХХК-ийн зөвлөх Гаваагийн Чагнаадорж,

Гавьяат холбоочин цолоор:

  • Үндэсний статистикийн хорооны ахмад ажилтан, “Жи мобайл” компанийн зөвлөх инженер Гомбожавын Оюунбаяр,

Хүний гавьяат эмч цолоор:

  • Эх хүүхэд, эрүүл мэндийн үндэсний төвийн ахмад эмч, клиникийн профессор Төөдийн Оюунбилэг,
  • Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн зөвлөх эмч Норпилын Байгалмаа,

Малын гавьяат эмч цолоор:

  • “Өгөөмөр Адимон” ХХК-ийн захирал, малын их эмч Содномын Наранбат,

Гавьяат багш цолоор:

  • Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын Ажлын албаны дарга, гимнастикийн спортын дасгалжуулагч Чадраабалын Дарьсүрэн,
  • Эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулийн орлогч захирал, доктор, дэд профессор Лувсанцэрэнгийн Дугаржав,
  • Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн багш, доктор, профессор Жагдагийн Даваа,
  • Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн багш, доктор, профессор Бадамын Оюунцэцэг,
  • Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор Сэд-Очирын Жаргалсайхан,

Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:

  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийн Усны судалгааны төвийн захирал, доктор, профессор Даваагийн Басандорж,
  • Баянхонгор аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Буянцогтын Түмэнчимэг,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Чөлөөт уран бүтээлч Түдэвийн Батжаргал,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

  • “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Банзарын Мөнхцэцэг,

Гавьяат дасгалжуулагч цолоор:

  • Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны жүдо бөхийн дасгалжуулагч Пүрэвдоржийн Нямлхагва,

Сүхбаатарын одонгоор:

  • “Монгол хурандаа” нийгэмлэгийн тэргүүн, Монгол Улсын гавьяат багш, хурандаа Чойжавын Баатар,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ахмад багш, техникийн ухааны доктор, дэд профессор Балдандоржийн Найгалмаа,
  • Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Жагдагсүрэнгийн Үржинлхам,
  • “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын тээвэр зохицуулагч Төмөрчөдөрийн Алтанхуяг,
  • “Мөнх ногоон тал” ХХК-ийн захирал Даваажавын Давааням,
  • Монголын бодибилдинг, фитнесийн хөгжлийн холбооны ерөнхий шүүгч, дасгалжуулагч Чулуунбаатарын Цогтбаатар,

Алтан гадас одонгоор:

  • “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хэмжүүрийн монтёр Нэргүйн Ундрахбаяр,
  • Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол хөгжимчин Тодгэрэлийн Мөнхбат,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • “Дува” оёмол хувцасны брэндийг үүсгэн байгуулагч Эрдэнэбаатарын Энхнаран,
  • Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Доохүүгийн Шийтэр,

Цэргийн хүндэт медалиар:

  • Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Шаравдоржийн Үүрийнтуяа нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөлөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энхийг сахиулагчдыг албаны шагналаар шагналаа

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн бие бүрэлдэхүүнд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад Онцгой байдлын албаны шагнал, цол гардууллаа.

Онцгой байдлын байгууллагаас  тус ээлжинд 11 алба хаагч үүрэг гүйцэтгээд ирсэн юм.

Ахлах дэслэгч цолыг НОБГ-ын ахлах мэргэжилтэн, дэслэгч Б.Нарантуяа, ахлах ахлагч цолыг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, ахлагч Э.Батлхагва, ахлагч цолыг ОБЕГ-ын харьяа 115 дугаар ангийн шалган нэвтрүүлэн, дэд ахлагч О.Бат-Эрдэнэд олгосон бол “Онцгой байдлын албаны төлөө-1” тэмдгээр нэг, “Онцгой байдлын албаны төлөө-2” тэмдгээр дөрөв, “Онцгой байдлын албаны төлөө-3” тэмдгээр зургаан алба хаагчийг шагналаа.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Эх орныхоо болон Онцгой байдлын байгууллагынхаа нэр хүндийг өндөрт өргөж, үүргээ амжилттай биелүүлээд ирсэн алба хаагч та бүхнээрээ бахархаж байна. Та бүхэндээ болон та бүхнийхээ гэр бүлд хамгийн сайн сайхаын бүхнийг хүсэн ерөөе” хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нийт 429 хүн тусламж үйлчилгээ авчээ. Тухайлбал:
ТӨВ эмнэлэгт -334
САЛБАР эмнэлэгт -95 хүн яаралтай тусламж авсан байна.
Үүнээс насанд хүрэгсэд 287, хүүхэд 142 байгаа юм.
468302716_8419088344870223_6605219305439354831_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалав

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.11.18-11.24/ нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.

Нийт дуудлагын 96 нь гал түймэр,  18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг

Монгол Улсад ой, модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал “Корпорейт конвейншн” центр-т болж байна.

Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн  нөлөөллийг бууруулж, өнөө ба ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан амьдрал, эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийн төлөө олон тэрбум мод тарьж, ургуулах хөдөлгөөнд манлайлан оролцож байгаа ойчдод талархал илэрхийллээ.

Ойчдын өнөөдрийг хүртэл хийж ирсэн үйлс, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ариун үйл хэргээр ирээдүй хойч үе, ард түмэн ямагт бахархана гэдгийг Ерөнхийлөгч онцоллоо.

Цаашид ойн салбар нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуургыг бууруулж, ногоон хөгжлийг дэмжсэн, дэвшилтэт технологи, инновацад суурилсан, дэлхийн жишигт нийцсэн, төр, хувийн хэвшлийн оновчтой хамтын ажиллагаанд тулгуурласан салбар болох ёстой гэж үздэгээ илэрхийлэв.

Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд одоо байгаа ойн сангаа нөхөн сэргээх, тэлж ургуулах, хот, суурин газарт мод тарьж, ойн аж ахуйг агро ойн аж ахуйтай хослуулан хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэлээ.

Үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 84 сая мод тарьж, ургуулан, мод, сөөгийн үрийн 12 мянга гаруй тн нөөцтэй болж, тарьц, суулгацын нөөц 63 саяд хүрсэн нь өмнөх онтой харьцуулахад тав дахин нэмэгдсэнийг хэллээ.

Үүнээс гадна хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 341 мян.га талбайд хийж, 1.9 тэрбум модыг хөнөөлт шавжид өртөн сэргэн ургах чадвараа алдахаас хамгаалаад байгааг дурдлаа.

1924 онд  Ардын Засгийн хурлаар Аж ахуйн явдлын яаманд “Ой, модны хэлтэс” байгуулан анхны ойн дөрвөн ангийг орон нутагт байгуулсан түүхтэй.

Улмаар 1925 онд “Ой модны тухай” дүрэм, 1931 онд “Ойн хууль”, 1933 онд “БНМАУ-ын Ойн хууль”, 1934 онд дахин шинэчилсэн Ойн хуулийг баталснаар манай орны нутаг дэвсгэр дэх бүх ойг улсын өмч, ойн нэгдсэн сан мөн болохыг тогтоож, ойн сангаас модыг үнэлэн олгодог болсон нь ойн баялагт хандах төрийн бодлогын үндэс болсон юм.

1944 оноос ой, модны салбарын анхны мэргэжилтэй ажилчныг, 1964 оноос анхны ойн инженерүүдийг дотооддоо бэлтгэж эхэлсний зэрэгцээн байгууллага нь аж ахуй, зохион байгуулалтын хувьд өргөжин, ойг арчлан хамгаалах ажлыг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулж, ойн нөөцийг зохистой ашиглах чиглэлд ихээхэн ахиц, дэвшил гарчээ.

Ой модны аж үйлдвэрийн салбар нь 1980-аад оны дунд үе гэхэд бие даасан Ой, модны аж үйлдвэрийн яамтай, 60 орчим үйлдвэр, зургаан томоохон цогцолбор комбинат, нийт 10,000 гаруй ажилчин, албан хаагчтай болсон.

Тухайн үед аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 15 орчим хувийг үйлдвэрлэж, бүтээгдэхүүнийхээ 20 орчим хувийг экспортолдог, мод тарьж ургуулах, хөнөөлт шавж, түймрээс хамгаалах зэрэг иж бүрэн, цогц арга хэмжээг хэрэгжүүлдэг томоохон салбар болон хөгжсөн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр харагчин могой өдөр

-Аргын тооллын 11 дүгээр сарын 25. Даваа (Сумьяа) гараг (2024)
-Билгийн тооллын 25, харагчин могой, мэнгэ 5 шар, суудал шороо, од харцага-11, үл зохилдох барилдлагат өдөр. Тэрсүүд өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:12-17:05.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад нүд бүрэлзэн улцайх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
–Тахиа, үхэр, могой, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, тавхай, тахимд, гэрийн сүлд эд бараанд орших болой.
–Аливаа үйлд муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 13 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр Дарьгангын тал нутгаар цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2024 оны 11-р сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар -14…-19 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11метр. -12…-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. -12…-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -14…-16 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр арваннэгдүгээр сарын 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа, гүвээнд хальтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.

Иймд:

Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авах

Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах

Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байх

Тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;

Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно

Улсын Их Хурлын Тамгын газраас өнөөдөр (2024.11.22) “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлгийг зохион байгуулна. Энэхүү хэлэлцүүлэг нь Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны нэг бөгөөд Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, Ажлын дэд хэсгийн гишүүн Н.Отгончимэг чиглүүлэгчээр ажиллана.

Хэлэлцүүлгийн эхэнд Хууль тогтоомжийн хууль ба бусад улс орнуудын нийтлэг чиг хандлага, сайн туршлагын талаарх харьцуулсан судалгааны талаар шүүгч, судлаач Т.Мөнх-Эрдэнэ танилцууна. Хууль тогтоомжийн тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтын хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний талаар судлаач Т.Золбоо танилцуулах бол Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн газрын Хууль зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх Г.Агар-Эрдэнэ танилцуулна.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын даргын 2024 оны 74 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд, Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын хэсгийн гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын ахлах зөвлөх, зөвлөхүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуульчид, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яамны болон бусад яамдын хуулийн мэргэжилтнүүд, Монголын хуульчдын холбооны хуульчид, Хүний эрхийн Үндэсний Комиссын хуульчид, Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн хуульчид, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хуульчид, Хууль зүйн их дээд сургуулиудын багш, судлаачид оролцоно гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цагаан бар өдөр

-Аргын тооллын 11 дүгээр сарын 22. Баасан (Сугар) гараг (2024)
-Билгийн тооллын 22, цагаан бар, мэнгэ 8 цагаан, суудал мод, од үнэг-8, идэр барилдлагат өдөр. Сарын цээр өдөр. Бага цасны улирал-05:19.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:08-17:07.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул сарын цээр өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Нохой, морь, хонь, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, туулай, бар жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бөөр, чих, гадар шагайнд, гэрийн сүлдзуух, пийшинд орших болой.
–Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 2 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2024 оны 11-р сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Монгол-Алтайн уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -9…-14 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +4…+9 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +1…+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 0…+2 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 0 градус орчим байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна.

Тухайлбал, СХД-ийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, гадна талбай болон тоглоомын талбайн тохижилтын ажил дууслаа. Тус цэцэрлэгийн барилга нь тэнхлэгээрээ 52.0м x 22.5м хэмжээтэй, цутгамал төмөр бетон баганан суурьтай, зоорьтой 2 давхар юм.

Хувцас солих өрөө, гал тогоо, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, душ, бассейн, агуулахын өрөө, унтлагын өрөө, бүлгийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Хүрэл ордон” ХХК болон “И Пи Эс групп” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн болно

Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсан ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-ны өдөр улс орон даяар эхэлнэ.

Гурван үе шаттай тус тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар чансаа нь 2000-аас хэтрээгүй (эмэгтэй шатарчдын чансаа 1800 хүртэл), шатрын спортын улсын цолгүй, зөвхөн хөдөлмөрийн насны буюу 25 нас хүрсэн шатар сонирхогч оролцдог.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг нэгдүгээр сарын 13-ны өдрийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхээр заасан байдаг. Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль баталсны 33 жилийн ой 2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиох бөгөөд Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн 13 дахь удаагаа зохион байгуулагдана.

Жил бүр давхардсан тоогоор 6000 гаруй шатар сонирхогч оролцдог энэхүү тэмцээний анхан шатны тэмцээн 2024 оны 11 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг болж, сум, дүүргийн аваргуудыг шалгаруулна. Анхан шатны тэмцээнээс сумаас эрэгтэй 2, эмэгтэй 1, дүүргээс эрэгтэй 6, эмэгтэй 3 шатарчин тус тус шалгаран хагас шигшээ шатанд оролцоно. Аймаг, нийслэлийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн 2024 оны 12 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд болж, аймгийн тэмцээнээс эрэгтэй 2, эмэгтэй 1, нийслэлээс эрэгтэй 12, эмэгтэй 6 шатарчин тус тус шалгаран шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцоно.

Шигшээ тэмцээн 2025 оны 1 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Төрийн ордонд болж, Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний 13 дахь удаагийн аваргыг тодруулах юм. Энэ шатанд хагас шигшээ тэмцээнээс шалгарсан шатарчид болон Улсын Их Хурал, Үндсэн хууль тогтоогчдын холбоо, Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг буюу Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллага, Төрийн ордонд байрлах бусад төрийн байгууллагаас 30 хүртэл шатарчин урилгаар оролцох юм. Тэмцээнээс медаль хүртсэн шатарчин нь шатрын спортын Дэд мастер цол хүртэх бөгөөд улсын аварга шатарчин нь тухайн жилийн шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шатрын холбоог төлөөлөн урилгаар оролцох эрх авдаг юм.

Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсан ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Олон улсын шатрын холбоо (ФИДЕ) болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулах бөгөөд бүх шатны тэмцээнд үндэсний рейтинг бодогддог байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын хуралдаанаар ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар тогтлоо.

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны долдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн.

Хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний хомсдолыг нөхөх зорилгоор гадаадын иргэдийг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэхэд уян хатан бодлого баримталж байна.

Гэхдээ эдийн засгийн үйл ажиллагааны бүтээмж өндөртэй уул уурхай, олборлолт, мэдээлэл холбоо, санхүү даатгал, үл хөдлөх хөрөнгийн салбарт гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаартай тогтоож эдгээр салбарт МОНГОЛЧУУДАА түлхүү ажиллуулахыг дэмжинэ.

Харин барилга, эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэл зэрэг бүтээн байгуулалтын салбарт гадаад ажилтны тоо, хувь хэмжээ, ажлын байрны төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг Засгийн газар тогтоож өгөх шаардлагатай гэж үзэж байна.

Тус хуульд “Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн санд ажлын байрны зарыг байршуулж, ажилтныг идэвхтэй хайж эхэлснээс хойш ажлын 14 өдрийн дотор дотоодоос ажилтан авч чадаагүй бол гадаад ажилтныг хөдөлмөр эрхлүүлэх урилга хүсэх эрхтэй” гэж заасан.

Хуульд заасан дээрх хугацаа нь улирлын чанартай бүтээн байгуулалтын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад гадаад ажилтан урих үйл ажиллагаанд ХҮНД СУРТАЛ, ХҮНДРЭЛ учруулдаг асуудлыг шийдвэрлэхээр тусгалаа.

Хуулийн төсөл батлагдсанаар гадаад ажилтан авч ажиллуулах ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж  байгууллага, хөрөнгө оруулагчид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлөх ажлын байрны төлбөрөөс хөнгөлүүлж, чөлөөлөгдөнө.

Ингэж  зардлаа хэмнэснээр, ажиллах хүчний хомсдолоос богино хугацаанд гарах, бизнес эрхлэлт, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөгжлийн төслийг хэрэгжүүлэхэд чухал АЧ ХОЛБОГДОЛТОЙ юм

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа