Author Archives: baaska baaska

Улаанбаатарт өдөртөө 5 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

2024 оны 11-р сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -13…-18 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +1…+6 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр +1…-4 градус, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч -4…-6 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч -6…-8 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч -7…-9 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улсын Драмын Эрдмийн театрын 93 жилийн ой тохиож байна

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох Улсын Драмын Эрдмийн Театр үүсэж хөгжсөний 93 жилийн ой тохиож байна.

Ойн өдрийг тохиолдуулан их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд салбарын яам, агентлаг болон театрын урлагийн түүхийг бүтээлцэж, үнэтэй хувь нэмэр оруулсан, алдар, цолтой ахмад уран бүтээлчид, дунд залуу үеийн төлөөлөл, хүндэт зочид, төлөөлөгчид оролцлоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах үүрэг өглөө

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 13-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах үүрэг өглөө
Төрийн өмчит хуулийн этгээдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулж, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг түүнд үүрэг болголоо.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 44-р захирамжаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралаар ахлуулан байгуулсан.
Ажлын хэсэг төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбоотой тухайлбал, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх, нээлттэй, ил тод байдлыг хангах, компанийн засаглалыг төлөвшүүлэх, Төрийн өмчит компани байгуулах үндэслэл, шалгуурыг тодорхой болгож, хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагаа эрхлэх орон зайг тэлэх бодлогын хүрээнд асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг тусгахаар ажиллаж байна.

Засгийн газрын 11-11 төвд цахим операторын үйлчилгээ нэвтрүүлнэ
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд бүртгэгдсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон эмийн жортой холбоотой асуудлаар иргэдийн  өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, цаашид тус төвийн дуудлага алдалтыг арилгах, иргэдэд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар мэдээлэх, төвийн үйл ажиллагааг сайжруулах талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан,
-11-11 төвд хандсан иргэдийн санал гомдолд дурдсан асуудалд долоо хоног бүр дүн шинжилгээ хийж, эцэслэн шийдвэрлэх арга хэмжээ авч, үр дүнг Засгийн газрын хуралдаанд тухай бүр танилцуулах,
-Төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн үйлчилгээний талаар иргэдийн санал хүсэлтийг нийгмийн сүлжээ болон бусад сувгаар авч шийдвэрлүүлэх, цахим операторын үйлчилгээ нэвтрүүлэх,
-Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар “И-Монгол” системээр иргэнд тухай бүр мэдэгдэж ажиллахыг даалгалаа.
Мөн эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эм олгох эрхтэйгээс бусад эмийн санг цахим жороор үйлчлэх боломжийг бүрдүүлэх, эрүүл мэндийн
тусламж үйлчилгээний цахим бүртгэлийг сайжруулах чиглэлээр сургалт
зохион байгуулж, иргэдэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад тус тус даалгалаа.

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар танилцуулга хийлээ
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа хэлэлцээрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сард БНХАУ-д “Чайна Энержи групп” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан.
Тус уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүсэлт тавьсны дагуу БНХАУ-ын “Чайна Энержи групп” компаниас албан ёсны байр сууриа 2024 оны аравдугаар сарын 28-нд Монголын талын Ажлын хэсгийн дарга Ц.Туваанд ирүүлжээ.
Тус хүсэлтэд Хоёр талын хамтын ажиллагааны түүх, тогтвортой хууль эрх зүйн орчин, үр ашигт хүргэх нөхцөлийг баталгаатай байлгах талаар, мөн урт хугацааны худалдаааны гэрээ, нүүрсний ордын хүчин чадлыг нэмэгдүүлэх болон төмөр замын холболтын талаар гэсэн агуулгаар хэд хэдэн тодорхой саналыг тавьсан байна.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төсөл нь “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн, төслийн хэрэгжилтийг хангахад зарим хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм.
Энэ асуудлаар Ажлын хэсэг холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжсэнээр Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын төсөл болон бусад төслүүд хэрэгжих боломж бүрдэхийн зэрэгцээ манай улсын нүүрсний экспортыг 120 сая тонн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 10.000 ам.долларт хүргэх боломж бүрдэнэ.

Эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тусгагдсан салбаруудад гадаадын хөрөнгө оруулалт татна
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн барих ажлыг Шадар сайд Т.Доржхандын ахалсан Ажлын хэсэг хариуцан ажиллаж байна.
Хуулийн төслийг хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах, хөрөнгө
оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын баталгааг сайжруулах, хөрөнгө оруулагчдад үзүүлэх дэмжлэг, төрийн үйлчилгээг сайжруулж, хялбаршуулах асуудлуудыг тусгахаар ажиллаж байна.
Үүнд:
-Хөрөнгө оруулагчдад үзүүлэх баталгааг олон улсын сайн туршлагад нийцүүлэн сайжруулах;
-Хөрөнгө оруулагчийн эрх, ашгийг хамгаалах зөвлөл буюу гомдол шийдвэрлэх
тогтолцоог бүрдүүлэх;
-Хөрөнгө оруулагч, төр хооронд үүссэн маргааныг олон улсын арбитрын журмаар шийдвэрлүүлэх эрхийг баталгаажуулах;
– Хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжих үүргийг төрийн бүх байгууллагын
чиг үүрэг болгох;
-Татварын урамшууллын асуудлыг татварын хуулиар зохицуулах;
-Төрөөс хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын давхардлыг арилгах;
-Тогтворжуулах гэрчилгээ олгох шалгуурыг хялбаршуулж, цахимаар олгох нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна.
Хууль хэрэгжсэнээр хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, дахин хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нөхцөл бүрдэнэ. Эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тусгагдсан салбаруудад гадаадын хөрөнгө оруулалт татсанаар үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалт нэмэгдэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг өргөжүүлэх, дэвшилтэт техник технологи, ноу-хау нэвтрүүлэх, инновацыг дэмжих замаар Монгол Улсын өрсөлдөх чадвар дээшилнэ. Цаашлаад тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлснээр өрхийн орлого нэмэгдэж, амьдралын чанар дээшилнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Авто болон явган замыг зөвшөөрөлгүй сэтэлсэн зөрчлүүдийг шалгаж байна

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сансрын тойргийн хойд талд “Грийн ресурс констракшн” ХХК цэвэр усны шугам угсралтын ажил хийхдээ хороолол доторх чулуун замыг зөвшөөрөлгүйгээр сэтэлж, хуулж авсан зөрчилд хяналт шалгалт хийлээ.

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын дагуу иргэдийг аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотод зам, барилга, шугам угсралтын ажлыг хийхдээ авто болон явган замыг зөвшөөрөлгүйгээр сэтэлж, гэмтээж, хуулж авсан зэрэг зөрчилд газар дээрх хяналт шалгалтыг хийж байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн төвийн 6 дүүрэгт 11 орчим газар авто замуудыг зөвшөөрөлгүй сэтэлсэн байна. Хуулийн дагуу холбогдох эрх бүхий байгууллагын зөвлөлийн хурлаас зам сэтлэхтэй холбоотой зөвшөөрлийг олгодог. Ингэхдээ жил бүрийн 4-10 дугаар сард хүсэлтийг авч шийдвэрлэдэг. Гэтэл тус компани нь эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл авахгүйгээр автомашины чулуун замын хавтангуудыг хуулж авсан байна” гэлээ.

“Грийн ресурс констракшн” ХХК-ийн захирал Ц.Ганзориг “Бид ажлыг гүйцэтгэх явцад шигтгэдэг чулуун хавтангуудыг хуулж авахаас аргагүй болсон. Үүнийг ирэх 7 хоногт багтааж авто замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр буцааж суурилуулна. Асуудлыг хариуцаж, засварлана” гэдгээ хэлэв.

Эрх бүхий байгууллагын авто зам, замын байгууламжийг зөвшөөрөлгүй сэтэлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгууль тогтоож, тухайн замыг хуучин буюу хэвийн байдалд нь оруулах хүртэл эрх бүхий албан тушаалтны хугацаатай албан даалгаврыг өгдөг байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:

“Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Илхам Алиев,

Эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд оо,

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаа Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлж, дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт болон бага хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Байгалийн хүчин зүйл, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөгөөр дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явагдаж, дэлхий дахины тогтвортой хөгжил, хүн төрөлхтний амьдралд сөргөөр нөлөөлж буй энэ цаг үед Та бид улс төрийн манлайлал, хамтын хүчин чармайлт, үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Улс орнууд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх боломж улам бүр буурсаар байгааг НҮБ-аас анхааруулсаар байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Амжилтгүй манлайлал, биелүүлээгүй үүрэг амлалт, асар их алдагдсан боломжоос шалтгаалж ам, ажлын зөрүүний ангал хавцал үүслээ” хэмээн хэлснийг бид онцгой анхаарах ёстой.

Тиймээс өнөөдөр хүн төрөлхтөн эх байгалийг эрхшээх бус энэрэн хүндэтгэх нэгэн зорилго дор хамтын ирээдүйн төлөө нэгдэж, улс орон бүр илүү бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгүүдийг хамарсан үндэсний хэмжээний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатай байна.

Хэрвээ хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох болно.

Эх байгальтайгаа зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг Бид хэзээ ч мартаж болохгүй.

Ялангуяа, хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий, эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаагаас тэдгээр улс орнууд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай бүрэн биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулж байна.

Тиймээс энэ удаагийн 29 дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид, улс орнууд, ялангуяа хөгжиж буй орнуудын тэргүүлэх чиглэл, хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж “Уур амьсгалын санхүүжилтийн нэгдмэл хамтын шинэ зорилго”-ыг дэмжин баталж, уур амьсгалын санхүүжилтийг эрс нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж байна.

Монгол Улсын хувьд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа бүрэн амжилттай хэрэгжүүлэхэд ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай байна.

Энэ хүрээнд манай улс сэргээгдэх эрчим хүч, ногоон хөдөө аж ахуй, ойн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлийг хийж байна.

Тухайлбал, манай улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлээд байна.

Эрхэм хурлын дарга аа,

НҮБ-ийн эмэгтэйчүүдийн байгууллагын судалгаагаар хэрэв дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтдоо хүрч чадахгүй тохиолдолд 2050 он хүртэл 160 сая орчим охид, эмэгтэйчүүд шинээр ядууралд өртөж, 240 сая орчим охид, эмэгтэйчүүдийн хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй байгааг анхааруулсан байна.

Тиймээс Монгол Улс өнгөрсөн 8 дугаар сард НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг “Ногоон ирээдүйн төлөө” уриан дор эх орондоо амжилттай зохион байгуулж, “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал”-ыг гарган уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх уриалгыг дэлхийн улс орнуудад дэвшүүлээд байна.

Мөн уур амьсгалын өөрчлөлт нь уламжлалт бэлчээрийн аж ахуйд түшиглэсэн улс орнуудад хүчтэй сөргөөр нөлөөлж байгаа энэ цаг үед Монгол Улс “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэвшүүлж байна.

Энэхүү санаачилгыг дэлхийн улс орнууд дэмжсэнээр уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно гэж үзэж байна.

Түүнчлэн энэхүү санаачилга нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн баталсан “2025 оныг Хоршооллын олон улсын жил болгон тэмдэглэх тухай”, “2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жилээр зарлах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэлийг хангахад чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Мөн Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг бүрэн дэмжиж, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулан, бүхий л боломжоо дайчлан ажиллана гэдгээ үүгээр дахин нотолж байна.

Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.

Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цагаагчин могой өдөр

-Аргын тооллын 11 дүгээр сарын 13. Лхагва (Буд) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 12, цагаагчин могой, мэнгэ 8 цагаан, суудал уул, од дэлгэрүүлэгч-26, рашаан барилдлагат өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:55-17:17.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Үхэр, тахиа, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, алга, үсний завсарт, гэрийн сүлдзуух, пийшинд орших болой.
-Ялгуусны, гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: хиншүү, бузар, бэлбэсний үйл, их хэрэг үүсгэх, ном унших, мод таслах, газар малтах, нүүдэл хийх, эм найруулах, үхэгсдийн үйл, ус хааж бөглөх, бэрийн үйл, арилжаа наймаа хийх, заргалдах, ан гөрөө хийх, морь худалдах, үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, замд гарах, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, лам болох, буян номын үйл, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, мал гаргах муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 4 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч,нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

 2024 оны 11-р сарын 12-ны 20 цагаас 11-р сарын 13-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -18…-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -12…-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…-3 градус, Улз, Халх голын хөндийгөөр -8…-13 градус, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -8…-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -13…-15 градус, бусад хэсгээр -6…-8 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -15…-17 градус хүйтэн, өдөртөө +1…+3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -15…-17 градус хүйтэн, өдөртөө +1…+3 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг дээд түвшний уулзалтад оролцохоор “Баку” цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиев нар угтав.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурал (COP29)-ын үеэр болж буй дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл явцыг урагшлуулах, талуудын эв нэгдлийг бэхжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг 2050 он гэхэд тэглэх, дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих зорилгоор хүлээсэн үүрэг амлалтын биелэлтийг түргэтгэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дасан зохицоход чиглэсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, санхүүжилт босгох, түүний дотор хөгжиж буй орнуудын өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангах санхүүжилтын хамтын шинэ зорилтыг тодорхойлохыг зорьж байна.

СОР29 бага хурлыг даргалагч Бүгд Найрамдах Азербайжан Улс 2025 он гэхэд дасан зохицох санхүүжилтыг дор хаяж хоёр дахин нэмэгдүүлэх талаар мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргахыг хөгжингүй орнуудад уриалж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах, тэсвэртэй байдлыг бий болгох, тогтвортой туршлагыг дэмжих, нүүрстөрөгч багатай эдийн засагт шилжих бодлого, санаачилгыг хэрэгжүүлэх зэрэг асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дээд түвшний уулзалтын 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанд үг хэлж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Яармагт 4.8 км цэвэр усны шугам угсрах ажил үргэлжилж байна

Яармагт зарим орон сууцны хорооллын цэвэр усны шугамаас зэвтэй ус гарч байгаа талаар иргэд мэдээлсэн. Тиймээс Улаанбаатар хотын удирдлага уг асуудлыг шийдэхийг үүрэг болгож, Яармаг орчимд буюу Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамнасан 4.8 км цэвэр усны үндсэн шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор шинэчилж байгаа билээ. Үүнээс өнөөдрийн байдлаар 4.6 км шугамыг угсарч, шинэчлээд байна. Энэ талаар Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагааны хяналтын хэлтсийн дарга Д.Мөнхзулаас тодрууллаа.

Тэрбээр “Яармагийн оршин суугчдаас зэвтэй ус гарч байна гэх гомдол ирүүлсний дагуу нийслэлийн төсвөөс санхүүжүүлж шугам солих ажлыг гүйцэтгэж байна. Хотын дарга шугам угсралтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд хийж дуусгах үүрэг өгсөн. Өнөөдрийн байдлаар 4.6 км шугам угсарсан. Энэ долоо хоногт худаг доторх арматурчлал холболтыг хийж дуусгана. Шугам хоолойг угаах, халдваргүйжүүлэх, дүүргэлт хийж, хэрэглэгчдийг цэвэр устай холбох ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Гэрээний дагуу бол арванхоёрдугаар сарын 25-нд ажлыг бүрэн хүлээлцэж өгнө” гэв.

Яармагт шинээр сольж байгаа уг 4.8 км үндсэн шугамын эх үүсвэрээс тухайн орчмын 500 гаруй барилга, байгууламж цэвэр усаа авдаг. Зөвхөн цэвэр усны төв шугамыг шинэчлээд зогсохгүй Яармаг орчмын орон сууцны хорооллууд, барилгуудын ашиглалтыг хариуцагчид, орон сууцны конторууд дотор шугам сүлжээндээ засвар үйлчилгээ, угаалга зэргийг тогтмол хийх шаардлагатайг Ус сувгийн удирдах газраас онцолж байна. Ингэснээр зэвтэй усны асуудал бүрэн шийдэгдэх юм.

Түүнчлэн шугам хоолойг шинэчлэх явцад шугам сүлжээний трасс зарим аж ахуйн нэгж байгууллагын хашаагаар дамжих шаардлага гарсан. Тухайлбал, “Нутгийн буян групп”-ийн барилгын төсөл хэрэгжиж буй талбайгаар цэвэр усны шугамыг дамжуулан татсан. Тус компани трасс чөлөөлж хамтарч ажилласан. Мөн Хан-Уул дүүргээс зарим тохижилт, трасс чөлөөлөлтийн ажлыг дэмжсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улсын хөгжлийг урт хугацаанд тогтвортой төлөвлөж, оновчтой бодлого боловсруулахад статистик ус, агаар мэт чухал

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад статистикийн алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын “Үндэсний өгөгдлийн чуулган”-д өнөөдөр (2024.11.11) оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.

БНМАУ-ын Анхдугаар Их Хурлын 1924 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3 дугаар тогтоолоор Дотоод явдлын яамны бүтцэд 6 хүний бүрэлдэхүүнтэй Тоо бүртгэх хэлтсийг анх байгуулсан нь орчин цагийн статистикийн албаны эхлэл болсон билээ.

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа 100 жилийн түүхтэй статистикийн алба улс орон, олон нийтийг чанартай тоон мэдээллээр хангаж, нотолгоонд суурилсан бодлого, шийдвэрийн залгамжийг тасралтгүй хадгалан, статистикийн чадавх, хөгжлөөрөө дэлхийн бусад улс орнуудтай эн зэрэгцэж буйг тодотголоо.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Улсын Их Хурал, Засгийн газар хэр зэрэг шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоо баримт дээр суурилсан, цаг үеэ олсон, олон хэмжээст судалгаатай хууль батлан гаргана, төдий чинээ иргэдийн амьдралын хэв маяг, эрэлт хэрэгцээнд нийцсэн, урт настай, чанартай хууль батлагддаг. Тиймээс Монгол Улсын хөгжлийг урт хугацаанд тогтвортой төлөвлөж, оновчтой бодлого боловсруулахад чанартай статистик ус, агаар мэт чухал ач холбогдолтой гэдгийг онцлов. Тэрбээр, дэлхийн улс орнууд их өгөгдөл, хиймэл оюун ухааныг засаглал, шийдвэр гаргалтдаа ашиглаж эхэлсэн учраас энэ хөгжлийн хурдаас манай улс хоцрох ёсгүй гэлээ. Тиймээс статистикийн албаны тогтолцоог хараат бус, технологид суурилсан, мэргэжлийн, чадварлаг болгон хөгжүүлэхэд УИХ-аас анхааран, дэмжин ажиллахаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“World Travel Market-2024” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцлоо

Засгийн газраас 2024 онд Нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьж, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, “Go Mongolia” нэгдсэн брэндинг дор эх орноо олон улсад сурталчилж байна.


Энэ хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотноо зохион байгуулагдсан “World Travel Market- 2024” 44 дэх удаагийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яамны төлөөлөл, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 9 байгууллага, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо “GoMongolia” брэндийг сурталчлан, нэгдсэн өнгө төрхийг бүрдүүлэн оролцлоо.


Энэхүү олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр компаниуд Монгол Улс руу жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, түнш байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Европын зах зээлд үйл ажиллагаагаа тэлэх боломжийг эрэлхийлэх зорилгоор хоёр талт уулзалтуудыг хийж, Монгол үндэсний хувцас загварын үзүүлбэр болон язгуур урлагийн “Nomadic tunes” хамтлаг урлагийн тоглолт толилуулан, соёл урлаг, уламжлалыг сурталчиллаа. Мөн үзэсгэлэнгийн удирдлага, ерөнхий зохион байгуулагчидтай уулзаж тус үзэсгэлэн дэх Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх, “Go Mongolia” брэндийг сурталчлах асуудлаар санал солилцлоо.

“World Travel Market- 2024” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн нь тогтвортой хөгжил, технологи, инновац сэдвийг онцолсон бөгөөд дэлхийн 182 орны тээвэр, технологи, зочид буудал, тур оператор зэрэг 4,000 гаруй байгууллага оролцож, 50,000 гаруй төлөөлөгч, бизнес эрхлэгчид үзэж сонирхсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Азербайжан Улсын нийслэл Баку хотноо өнөөдөр эхэлж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 29 дүгээр бага хурлын үеэр Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалтын эхэнд Нэгдсэн үндэстний байгууллагын томоохон арга хэмжээг эх орондоо амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, амжилт хүсэв.

Уулзалтын үеэр Төрийн тэргүүн нар Монгол, Азербайжаны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улс төрийн салбарт идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэж, цаашид харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Энэ хүрээнд хоёр улсын хооронд өндөр, дээд түвшний айлчлалыг ойрын хугацаанд хэрэгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх үндэс суурийг бэхжүүлэхээр санал нэгдэв.

Түүнчлэн Монгол, Азербайжаны харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тухайлбал, хөдөө аж ахуй, тээвэр логистик, боловсролын салбарт бодит үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлэх боломжийн талаар ярилцав.

Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхийн нийтэд тулгамдаж буй бэрхшээлийг даван туулахад хоёр улсын хамтын хувь нэмрийг оруулах талаар ярилцаж, олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцов.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Монголын үндэсний бөхийн холбооноос арваннэгдүгээр сард болох барилдаануудын хуваарийг гаргасан байна.

09-нд 13:00 цагаас

Баянхонгор аймгийн Богд сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын улам нэмэх начин Чулууны Баасанхүүгийн нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
16-нд 13:00 цагаас
Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, Монгол Улсын арслан Ономжавын Аюурын нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
23-нд 11:00 цагаас
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
24-нд 13:00 цагаас
Монгол Улсад ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Монгол Улсын арслан М.Мөнгөний нэрэмжит Улс,аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
26-нд 13:00 цагаас
Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны түүхт 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан,
30-нд 12:00 цагаас
“Хуурнин шуугигч” барилдааны 10 жилийн ойд зориулсан хүүхдийн барилдаан тус тус болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа