Author Archives: baaska baaska

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Галын аюулаас урьдчилан сэргийлье

Улсын хэмжээнд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 1990 дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид 21 иргэний /том хүн 5, хүүхэд 16/ амь насыг аварч, утаажилтын бүсээс 2746 иргэнийг гаргаж аюулгүй байдлыг ханган ажиллав.
Иймд, иргэн бүр гал түймрийн улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирол амсахгүйн тулд хариуцлагатай байж галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсад аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 70 жилийн ой тохиож байна

Монгол Улсад аялал жуулчлалын салбар үүсэж, хөгжсөний түүхт 70 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд болон салбарын үе үеийн зүтгэлтнүүд хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, өнгөрсөн 70 жилийн ололт амжилтыг дүгнэж, ирээдүйн төлөвлөгөөгөө хэлэлцлээ.

1954 онд Гадаад Худалдааны Яамны дэргэд “Гадаадын жуулчдад үйлчлэх товчоо” нэртэйгээр байгуулагдаж анчин, жуулчид болон социалист хамтын нөхөрлөлийн орнуудын групп жуулчдад үйлчлэх болсноор Монгол оронд аялал жуулчлал хөгжих эх үүсвэр тавигдсан түүхтэй. улмаар 1956 онд тухай үеийн ЗХУ-аас 15 жуулчин хүлээн авч байсан бол 2023 оны байдлаар 651 мянган жуулчин хүлээн авсан.

Хүндэтгэлийн арга хэмжээг нээж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин мэндчилгээ дэвшүүлэв.

“Өнгөрсөн 70 жилийн хугацаанд Монголын аялал жуулчлалын салбар нь улс орноо дэлхий дахинд сурталчлах, эрх зүйн орчин, хүний нөөцийн чадавхийг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр тасралтгүй шинэчлэгдэн хөгжив. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар хэмээн тодорхойлсон.

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, дэлхий дахинд “Go Mongolia” буюу Өөдөө тэмүүлэх Монгол үндэсний брэндингээ зарлаад байна.Үүний үр дүнд 2023 онд анх удаа 651 мянган жуулчин хүлээн авч, 4.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэн, аялал жуулчлалын салбар нь улс орны эдийн засагт уул уурхайн дараа орох томоохон салбар болоод байна.Өнгөрсөн хугацаанд бид “Аялал жуулчлалын тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, мэргэжлийн холбоог үүсгэн байгуулж, гадаадын жуулчдад НӨАТ-ын буцаан олголт, гарааны компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх, төрөөс экспортын үйлдвэрлэлд хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх зэрэг эрх зүйн зохицуулалтыг хийгээд байна.

Мөн хил орчмын аялал жуулчлалыг дэмжих зориулалтаар Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулж, хил орчмын үйл ажиллагааг зохицуулах журам болон аяллын маршрутыг боловсруулсан байна.“Монголд зочлох жил”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний үр дүнд цахим орчинд Монгол Улсыг сонирхон, судалсан хүний тоо 500 саяд хүрээд байна. Мөн Европын 34 улсын визийг 2025 оныг дуустал 30 хүртэлх хоногоор чөлөөлөх, цахим виз олгох, агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээ нь аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлж байна.

Цаашид дэд бүтэц, агаарын тээврийн хөгжилд анхаарч, үндэсний аялал жуулчлалын стратегиа өөрийн орны соёл, онцлогт тулгуурлан цогцоор нь шинэчлэн баталж, олон улсын чиг хандлагад нийцсэн, технологи суурьтай тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж байна” хэмээлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдрийн байдлаар гурван байршилд зам засварын ажил үргэлжилж байна

Өнөөдрийн байдлаар дараах гурван байршилд зам засварын ажил үргэлжилж байна. Тодруулбал,

  • Худгийн гудамжны авто замаас “Хангай” хотхон хүртэлх авто замыг өчигдөр буюу аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас хаасан. Авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 4-ний 06:00 цагт нээнэ.
  • Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хороо, Тасганы овооны уулзвараас 7 дугаар хорооны уулзвар хүртэлх авто замыг өчигдөр буюу аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас хаасан бөгөөд аравдугаар сарын 4-ний өдрийн 06:00 цагт нээх юм.
  • Таван шарын нүхэн гарцын ажилтай холбоотойгоор Товчооны зам буюу “Энхжин” худалдааны төв орчмын авто замыг өчигдөр буюу аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас хаасан. Авто замыг 4-ний 06:00 цаг хүртэл хэсэгчлэн хааж, шинэчилж байна. Энэ хүрээнд буцах эргэлт хийх юм.

Зам засварын ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэж буй. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шарагчин гахай өдөр

-Аргын тооллын 10 дугаар сарын 2. Лхагва (Буд) гараг (2024)
–Билгийн тооллын 30, шарагчин гахай, мэнгэ 5 шар, суудал огторгуй, од тугчин-12, үл зохилдох барилдлагат өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:52-18:29.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Туулай, хонь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биенд, гэрийн сүлд тооно, тааз, цонхонд орших болой.
-Ялгуусны, гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: газар хагалах, хурим хийх, нохой авах, арилжаа наймаа хийх, өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, гэр бүрэх, нүүх, бэрийн үйл, газар малтах, үхэгсдийн үйл, мод таслах, худаг шуудуу малтах, үс засуулах, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, лам болох, буян номын үйл, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, мал гаргах муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 13 градус дулаан

                                  Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын 2 хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

                               2024 оны 10-р сарын 01-ний 20 цагаас 10-р сарын 02-ны 20 цаг хүртэлх                                                      цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2…+3 градус дулаан, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +14…+19 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7…-9 градус, бусад хэсгээр -4…-6 градус хүйтэн, өдөртөө +12…+14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -6…-8 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -7…-9 градус хүйтэн, өдөртөө +8…+10 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

БНСВУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-ын төрийн айлчлал өндөрлөлөө.

Эрхэм зочныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй албаны төлөөлөгчид “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас үдэж мордууллаа.

Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, улс хооронд болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Монгол Улс Зүүн өмнөд Азийн улс орнуудаас хамгийн түрүүнд Вьетнам Улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоож буйгаа тунхаглан зарлаж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Хоёр улс харилцан ашигтай, бие биеэ нөхсөн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотоллоо.

Ерөнхийлөгч То Лам-д Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.

Талууд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан “Соёлын өдөрлөг”-ийг хамтран зохион байгуулж, Ерөнхийлөгч То Лам монголын аж ахуйн нэгж, бизнесийн төлөөлөлтэй уулзлаа.

Энэ удаагийн айлчлал Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 онд Вьетнам Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болсноороо онцлогтой байлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр гурван байршилд зам хааж, шинэчилнэ

Өнөөдөр буюу аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас дараах гурван байршилд авто зам хааж, шинэчилнэ. Тодруулбал,

• Худгийн гудамжны авто замаас “Хангай” хотхон хүртэлх авто замыг аравдугаар сарын 1-ний өдрийн 22:00 цагаас аравдугаар сарын 4-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

• Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хороо, Тасганы овооны уулзвараас 7 дугаар хорооны уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 1-ний өдрийн 22:00 цагаас аравдугаар сарын 4-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Мөн Таван шарын нүхэн гарцын ажилтай холбоотойгоор аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас 4-ний өдрийн 06:00 цаг хүртэл Товчооны зам буюу “Энхжин” худалдааны төв орчмын авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Мөн буцах эргэлт хийх юм. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам Хо Чи Минийн нэрэмжит 14 дүгээр сургуульд зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам өнөөдөр Хо Чи Минийн нэрэмжит улсын тэргүүний 14 дүгээр сургуульд зочиллоо.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам энэ үеэр Хо Чи Минийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, сургуулийн хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Энэ онд 75 жилийн ойгоо тэмдэглэж буй тус сургуульд Вьетнам, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор зочилж буйдаа баяртай байгаагаа Ерөнхийлөгч То Лам илэрхийлэв.

Тэрбээр Хо Чи Минийн нэрэмжит 14 дүгээр сургуулийн сурагчид сурлага, хөдөлмөрөөр манлайлж, улсын тэргүүний сургууль болон хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа онцлов.

Ерөнхийлөгч То Лам БНСВУ-ын анхны Ерөнхийлөгч Хо Чи Минь нь БНСВУ-аас Монгол Улсад айлчилсан анхны удирдагч байсан бөгөөд 1955 онд хэрэгжсэн тус айлчлалаар хоёр улсын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны үндэс суурийг тавьсан гэдгийг тэмдэглэлээ.

Сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилд багшийн хөгжил, тоног төхөөрөмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор БНСВУ-ын талаас 14 дүгээр сургуульд 50 мянган ам.доллар хандивлах тухай батламжийг Ерөнхийлөгч То Лам сургуулийн удирдлагад гардуулав.

Ерөнхийлөгч То Лам сурагчдын урлагийн тоглолтыг үзэж, тус сургууль болон сурагчдад сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.

Хо Чи Минийн нэрэмжит улсын тэргүүний 14 дүгээр сургууль нь 6 мянга гаруй сурагч, 200 гаруй багш, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

БНСВУ-ын анхны Ерөнхийлөгч Хо Чи Минийн мэндэлсний 80 жилийн ойг тохиолдуулан 14 дүгээр сургуулийг түүний нэрэмжит болгосон.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Их багтаамжийн урт автобуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж эхэллээ

Нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын “Yutong Bus” компанийн үйлдвэрлэсэн 600 их багтаамжийн автобусыг өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс үйлчилгээнд нэвтрүүлсэн. Тэгвэл есдүгээр сарын 27-ноос 31 ширхэг угсраа автобусыг ээлжээр оруулж ирж байна. Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн автобуснууд “Таван шар-Офицеруудын ордон” чиглэлд үйлчилгээнд явж байгаа юм. Шинэ урт автобусны үйлчилгээ, чанарын талаар Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргалаас тодрууллаа.

Тэрбээр “Шинэ урт автобусны нийт багтаамж 125 ба түүнээс дээш хүн тээвэрлэх хүчин чадалтай, 41 суудалтай. Хөдөлгүүрийн хүчин чадал өндөр, 18 метр урттай. 15 ба түүнээс дээш халаалтын системтэй, хяналтын камераар тоноглогдсон. Манай орны цаг агаарт тохирсон хасах 45 хэмд хөлдөхгүй. Зундаа агааржуулагчтай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тусгай шат, иргэд орох, буухад зориулагдсан дохиоллын системүүдтэй. Гадна болон урд зорчих хэсэг рүү харсан камертай. Төлбөрийн олон төрөлт карт ашиглах боломжтой. Жишээлбэл, цахимаар цэнэглэгдсэн апплейкшн, арилжааны банкны бүх төрлийн картаар үйлчилнэ. Гадаад улсын иргэн виза картаа ч уншуулах боломжтой. Замын-Үүдийн  авто замын нөхцөлтэй холбоотойгоор хөдөлгөөний аюулгүй байдалд тааруулж, автобусыг ээлжээр авчирч байна. Сүүлийн ээлжийн автобуснуудыг 1-2 хоногт Замын-Үүдээс татаж авчирна” гэдгийг хэллээ.

Үйлчилгээнд явж байгаа өмнөх цэнхэр урт автобуснуудын насжилт 2025 оны хоёрдугаар сард дуусах учир насжилт хэтрэхээс өмнө шинэ урт автобуснуудаар парк шинэчлэлт хийж байна. Мөн Улаанбаатар хотод явж байгаа 1100 их багтаамжийн автобус, шинэ 31 урт автобус аль аль нь нэгдүгээр эгнээнд дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийн мэдээллийг дамжуулах системтэй.

Шинэ урт автобуснууд “М:1 Таван шар-Офицеруудын ордон”, “М:2 Зунжин худалдааны төв-МУБИС-Сүхбаатарын талбай”, “М:3 Архивын ерөнхий газар-120 Мянгат-Сүхбаатарын талбай” гэсэн иргэд ихээр зорчдог чиглэлд үйлчилгээнд явна. Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн автобуснууд төв замаар үйлчилгээнд явж байгаа билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

БНСУ-ын “Дэжин” их сургуулийн төлөөллүүдийг хүлээн авч уулзав

Боловсролын сайд П.Наранбаяр БНСУ-ын “Дэжин” их сургуулийн төлөөллүүдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

БНСУ-ын томоохон их сургуулиудын нэг “Дэжин” нь 1992 онд үүсэн байгуулагдсан бөгөөд тус улсын нийслэл Сөүл хотоос 25 км зайд Пучонь хотноо үйл ажиллагаа явуулдаг. Хүмүүнлэгийн ухаан, нийгмийн ухаан, байгалийн ухаан, инжернерчлэл, соёл урлаг, боловсрол, бизнесийн удирдлага, эрх зүй гэх мэт 50 орчим чиглэлээр бакалавр, магистр, докторын зэрэг олгодог байна.

Тус сургуулийн дэд захирал Күөн Ху тэтгэлэгт хөтөлбөр, оюутан солилцоо зэрэг олон чиглэлээр, өргөн хүрээнд Боловсролын яамтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Боловсролын сайд П.Наранбаяр цаашид санал солилцон, хамтын ажиллагааг эхлүүлэх боломжтой гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

2024 оны “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 338 хүүхдийн нэрсийг зарлалаа

Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрийн нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2024 оны бэлтгэл хөтөлбөрийн эзэд тодорлоо.

Боловсролын үнэлгээний төв болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санг ашиглан журмын шалгуурыг хүний оролцоогүйгээр шалган,  болзол хангасан сум, хороо бүрийн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Боловсролын үнэлгээний төв гаргадаг.

Автоматаар шүүж гаргасан шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Нийслэлийн боловсролын газар болон аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газраар баталгаажуулан ирүүлсэн Боловсролын яамны 1/1289 тоот албан бичгийг үндэслэн нийт 338 хүүхдийн нэрийг зарлаж байна.

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-д 2024 онд өөрчлөлт орсон.

Болзол хангасан суралцагч төрийн өмчийн их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ.

Мөн харилцааны чадвар, албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт сургаж бэлтгэх юм.

Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн суралцагчид бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилт, болзол хангасан байдлаас хамааран аль улсын ямар их сургуульд сурах нь шийдэгдэнэ.

Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн хүүхэдтэй бэлтгэл хөтөлбөрийг зохион байгуулах их, дээд сургуулиуд холбогдож зааварчилгаа мэдээлэл өгнө.

Жагсаалтад багтсан хүүхдүүд дараах хаяг, утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой.

МУИС-ийн Хичээлийн II байр, өргөтгөл 307 тоот. 99949945, 99889379

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Засгийн газрын баталсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журам”-тай энд дарж танилцана уу.

    

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам нар 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

Төрийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээ ажил хэрэгч, халуун дотно уур амьсгалд болж, талууд Монгол, Вьетнамын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, түүний дотор улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй энэхүү төрийн айлчлал нь “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурласан Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гарган, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгахад чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад найрсгаар айлчлахыг урьж, вьетнамын төлөөлөгчдийг элэгсэг, халуун дотноор хүлээн авч буй Монгол Улсын төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Тэрээр манай хоёр улс газарзүйн байршлын хувьд алслагдмал хэдий ч цаг хугацааны бүхий л сорилт, шалгуурыг даван туулж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг  тууштай хөгжүүлэн эдүгээ 70 жилийн ойтойгоо золгож буйг тэмдэглэв.

Талууд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хэрэгжүүлж буй энэхүү төрийн айлчлалаар өнгөрсөн хугацаанд хүрсэн ололт амжилтаа улам бүр бататган ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүрснийг тунхаглан зарлаж буй нь хоёр улсын харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэх онцгой чухал үйл явдал болж буйг цохон тэмдэглэв.

Ерөнхийлөгч То Лам хоёр орон бие биеэ нөхсөн, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж бий гээд хоёр орны давуу тал бүхий бараа, бүтээгдэхүүнийг хоёр улсын зах зээлд харилцан нийлүүлэх, түүний дотор Вьетнам Улсаас далайн гаралтай бүтээгдэхүүн экспортлох, Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн импортлох боломжтойг илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнгөрсөн онд байгуулсан визийн шаардлагаас харилцан чөлөөлөх хэлэлцээр нь иргэд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлснийг онцлоод, цаашид Монгол, Вьетнамын хооронд агаарын харилцааг өргөжүүлэх, хоёр улсын хооронд зорчигч болон ачаа тээврийн шууд нислэгийг  эхлүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дэвшилтэт технологид суурилсан хамтарсан үйлдвэр байгуулах, нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судалж, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хамтын ажиллагааны тулгуур багана болгох чиглэлд нягт хамтран ажиллахаар Төрийн тэргүүн нар санал нэгдэв.

Ерөнхийлөгч То Лам хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчин нийлүүлэх тухай монголын талын саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд,  ирээдүй рүү чиглэсэн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, мөн мэдээлэл, технологийн салбар дахь боловсон хүчинг бэлтгэх боломжтойг илэрхийлэв.

Төрийн тэргүүн нар боловсрол, соёл,  спортын салбар дахь хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, Монгол Улсын тамирчдын өндөр амжилт үзүүлж буй байт харваа, чөлөөт бөх, жүдо бөхийн төрлөөр харилцан туршлага солилцох, хамтарсан бэлтгэл хийх болон монгол, вьетнам судлалыг хөгжүүлэх, оюутан солилцоог өргөжүүлэхээр тохиров.

Түүнчлэн манай хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болон хөгжиж буй Вьетнамын Хөдөлгөөнт цагдаагийн дэргэдэх “Морьт цагдаагийн хороо”-нд нэр төртэй алба хашсан монгол морьдыг нутаг буцаах ажлыг хамтран хэрэгжүүлэхээр тогтов.

Төрийн тэргүүн нар манай хоёр улс олон улс болон бүс нутгийн байгууллагын хүрээнд нягт хамтран ажиллаж ирснийг өндрөөр үнэлж, вьетнамын тал Монгол Улсын Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн (АСЕАН) Яриа хэлэлцээний түнш болох, Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК) зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн орох санаачилгыг үргэлжлүүлэн дэмжихээ нотлов. Мөн 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд вьетнамын тал оролцохоо илэрхийлэв.

Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах чиглэлд нягт хамтран ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд монголын хөрсөнд тохирсон мод тарих судалгааг хийхэд хамтран ажиллахаар тогтов.

Ерөнхийлөгч То Лам Монгол орон даяар хаваржилт хүндэрч, зудтай хүнд жил болсонтой холбогдуулан зудад нэрвэгдсэн малчдад Вьетнам Улсын Засгийн газраас 500 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсныг мэдэгдэв.

Уулзалтын дүнгээр талууд “Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан тунхаглал”, мөн хоёр улсын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чиглэсэн хоёр талын баримт бичгүүдийг байгуулав.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Батлагдсан хууль тогтоомж хүн бүрд тэгш үйлчилдэг, хэн нэгэнд давуу байдал бий болгодоггүй, хүний эрхийг дээдэлсэн, тодорхой, ойлгомжтой байхад бид хичээх ёстой

 -Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг-

Монгол Улсын Ерөнхий сайд,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд,

Хүндэт зочид, нийт ард иргэд ээ

Улс төрийн тогтолцооны цогц өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан шинэ парламентын бүрэлдэхүүн анхдугаар чуулганаар ард түмний сонголтын үр дүнг баталгаажуулан, Монгол Улсын Засгийн газрыг эмхлэн байгуулсан бол ээлжит бус чуулганаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийн тодотгол зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн билээ.

Ээлжит чуулганы чөлөө цагт Улсын Их Хурлын үйл ажиллагаа тасралтгүй өрнөж, Та бид ард иргэд, сонгогчидтойгоо уулзаж, санал бодлыг нь сонсож, Улсын Их Хурлын харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, гадаад улсаас Монгол Улсад  суугаа Элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөллүүдтэй уулзаж, парламентын бүлгэмүүдээ байгууллаа.

Энэ намрын чуулганаар бид эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгож, улмаар гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нэг салбараас хамааралтай эдийн засгийн суурийг өргөжүүлж, солонгоруулах, дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах хууль, эрх зүйн шинэчлэлийг хийх шаардлагатай байна.

Учир нь манай улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд эерэг өөрчлөлтүүд гарч олон улсын үнэлгээний “Fitch Ratings” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” түвшинд хүргэж ахиуллаа. Бүс нутгийн улс орнуудтай харьцуулахад Монгол Улсын эдийн засгийн өсөлт илүү байж, бидний хийсэн ажил, хүрсэн үр дүн энэхүү зээлжих зэрэглэлд нөлөөлж, орлогоо төрөлжүүлэх боломжийг нээж өглөө.

Хамтарсан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хууль нь улс орны хөгжлийг шинэ шатанд гаргах, их бүтээн байгуулалтын эхлэлийг тавьж, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 10,000 ам.долларт хүргэх дунд хугацааны зорилтыг биелүүлэхэд мөн чиглэгдэж байна.

Иймд, намрын чуулганаар хэлэлцэх Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжууд нь ирэх 4 жилийн хөгжлийн ерөнхий хандлага, эдийн засгийн өсөлтийг тодорхойлох тул Улсын Их Хурлын зүгээс Засгийн газраас авч хэрэгжүүлэх мега төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын бодит хүрэх үр дүнг нарийвчлан судалж, өмнөх алдаа сургамжаа эргэн санаж, ирээдүйд болох эрсдэлийг урьдчилан тооцож ул суурьтай хандах шаардлагатай байна.

Эрхэм гишүүд ээ,

Бидний гадаад орчинд, дэлхий дахинаа томоохон хүчнүүдийн геостратегийн өрсөлдөөн өрнөж, олон улсын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд нөлөөлж байна. Иймд, төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэхдээ гадаад хүчин зүйлсээр нөхцөлдүүлсэн эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулж, сэргэж байгаа эдийн засгийг цаашид тогтвортой хадгалж, иргэдийн бодит орлогыг хамгаалах асуудлыг онцгойлон анхаарах учиртай.

Та бид Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал зэрэг хууль эрх зүйн болон  бодлогын гол бичиг баримтыг үндэс болгон, эх орныхоо язгуур эрх ашгийг дээдлэн, төр улсын хөгжилд хөтлөх асуудалд илүү няхуур хандах шаардлагатай байна.

Энэ цаг үед байгуулагдсан 5 намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламентыг иргэдийн зүгээс илүү нээлттэй, ил тод байх, Улсын Их Хурлын гишүүний чиг үүрэгтээ ажил хэрэгч, хариуцлагатай хандана гэсэн өндөр хүлээлт нийгэмд үүссэн байна.

Иймд, энэхүү хүлээлтэд хүрч ажиллахыг зорихоос гадна, хуучин сэтгэлгээнээсээ ангижирч, улс орны дотоод, гадаад бодлогыг тодорхойлох төрийн эрх барих дээд байгууллагын хувьд илүү шинэлэг, үр нөлөөтэй ажиллах хэрэгцээ шаардлага нийгмийн хөгжил, техник технологийн дэвшилтэй холбогдон гарч байна.

Өргөн мэдүүлсэн, баталсан хуулийн тоогоор ажлаа дүгнүүлж, сонгогчдодоо тайлагнахыг хичээдэг өрөөсгөл ойлголтоос салж, санаачилж батлуулсан хуулиудын нийгмийн амьдралыг зохицуулахад гүйцэтгэсэн үүрэг, чанар, бодлогын залгамж байдлыг хэрхэн хангасан болон дэвшилтэд хөгжилд оруулсан бодит хувь нэмэр, үр дүнтэй нь холбон дүгнэдэг арга барилд шилжих цаг болсон.

Хууль бол иргэдийн амьдралд шахалт, дарамт биш харин амьдрал нь өөдөө дээшлэхэд дэмжин туслахад чиглэж байх учиртай. Тиймээс Улсын Их Хурлын даргын хувьд эргэх холбоотой парламентыг төлөвшүүлэх, хүн төвтэй хууль тогтоох ажиллагааг хөгжүүлж хуулийг чанаржуулахад тууштай анхаарч ажиллана.

Монгол Улсын Их Хурал эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, Монголын ард түмний засаглах эрхийг хангах учиртай.

Улсын Их Хурлын даргын хувиар парламент бүрэн эрхийнхээ хугацаанд “ХҮН ТӨВТЭЙ ХУУЛЬ” буюу хууль хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санаа бүхий байх; “ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГАД НИЙЦСЭН ХУУЛЬ” буюу нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг байх; “ИЖ БҮРЭН ЗОХИЦУУЛАЛТТАЙ, ОЙЛГОМЖТОЙ ХУУЛЬ” буюу хуулийг тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг тодорхойлох гэсэн эрх зүйн орчны “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийг санаачлан эхлүүлээд байна.

Бидний “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн зорилго хэрэгжих аваас, нийгэмд үүссэн авлига хүнд суртал, хүний эрхийн зөрчил, тэгш бус байдлыг үндсээр нь халах болно.

Энэхүү зорилгыг бодит болгохын тулд хэрхэн ажиллах, ямар зорилт дэвшүүлэх тухай Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөнд баяжуулан тусгаж хэлэлцэхээр төлөвлөж байна.

Улмаар, Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1-д заасан Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан 54 ажлын хэсэг ажилдаа эрчимтэй ороод байгааг дуулгахад таатай байна.

Улсын Их Хурлын гишүүд ээ, хууль, тогтоол батлах нэг хэрэг. Хууль хэрэгждэггүй бол тэр ердөө л тунхаг болдог. Иймд цаашид хуулийн чанарт онцгой анхаарал хандуулж, батлагдсан хууль тогтоомж хүн бүрд адил, тэгш үйлчилдэг, хэн нэгэнд зүй бус давуу байдал бий болгодоггүй, хүний эрхийг дээдэлсэн, тодорхой, ойлгомжтой байхад бид хичээх ёстой.

Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн олон нийт, ард иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамдаад байгаа асуудлыг жижиг гэлтгүй мэдэрч, хууль эрх зүйн хүрээнд хэрхэн шийдвэрлэх талаар санал, санаачилгатай ажиллах шаардлагатай байна. Гэхдээ зөвхөн өнөөдрөөр сэтгэж, олон нийтийн дунд нэр олж авахын төлөө бус ирээдүй хойч үеэ бодож, нийтийн хөрөнгө нөөцийг зөв тооцоолж, хуулиар олгогдсон чиг үүргийнхээ хүрээнд ажилдаа бүрэн төвлөрч, ажиллах ёстой гэдгийг анхааруулъя.

Намрын ээлжит чуулганаар Та бүхэндээ Улсын Их Хурлын даргын хувьд, илүү мэргэжлийн бүтээлч байж, ил тод, нээлттэй, шинжлэх ухаанч хэлэлцүүлгийн үр дүнд цагаа олсон, бодитой, үр ашигтай бодлогыг дэвшүүлж, хяналт тавьж, дүгнэж чаддаг шинэ цагийн улс төрийн соёлын төлөө хамтран ажиллах цаг үе ирснийг дурдаж байсан.

Иймд, эвийг эрхэмлэж, эрх ашгийн эрэмбээ санаж, иргэдийнхээ хүлээлгэсэн итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө ёс зүй, хариуцлагыг эрхэмлэн, ажил хэрэгч, үр бүтээлтэй хамтран ажиллахыг Улсын Их Хурлын эрхэм гишүүд, Засгийн газар, бүх шатны төрийн байгууллагууддаа уриалж байна.

Намрын чуулганы хугацаанд хэлэлцэх асуудалд нухацтай хандаж, Байнгын хорооны болон чуулганы үйл ажиллагаанд хариуцлагатай, идэвх санаачилгатай оролцохыг Та бүхнээс хүсье.

Намрын чуулганыг эхлэх энэ өдөр Олон Улсын ахмадын өдөр тохиож байна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүтээн байгуулалтын он жилүүдэд улс орон, үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулж, гавьяаны амралтандаа суугаа азай буурлууддаа Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна. Төр улсынхаа түшиг, түмэн олон залуусынхаа нөмөр нөөлөг болсон нийт ахмадууддаа эрүүл энх, урт удаан наслахын ерөөл өргөн дэвшүүлье.

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.

2024.10.01

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа