Author Archives: baaska baaska

УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулган эхэллээ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв. /УИХ-ын даргын хэлсэн үг бүрэн эхээрээ /

Тэрбээр хэлсэн үгэндээ, намрын чуулганаар бид эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгож, улмаар гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нэг салбараас хамааралтай эдийн засгийн суурийг өргөжүүлж, солонгоруулах, дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах хууль, эрх зүйн шинэчлэлийг хийх шаардлагатай хэмээн онцлон тэмдэглэв.

Мөн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжууд нь ирэх дөрвөн жилийн хөгжлийн ерөнхий хандлага, эдийн засгийн өсөлтийг тодорхойлох тул Улсын Их Хурлын зүгээс Засгийн газраас авч хэрэгжүүлэх мега төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын бодит хүрэх үр дүнг нарийвчлан судалж, өмнөх алдаа сургамжаа эргэн санаж, ирээдүйд болох эрсдэлийг урьдчилан тооцож ул суурьтай хандах нь зүйтэйг сануулсан.

Түүнчлэн Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1-д заасан Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан 54 ажлын хэсэг ажилдаа эрчимтэй ороод байгааг мэдэгдээд, цаашид хуулийн чанарт онцгой анхаарал хандуулж, батлагдсан хууль тогтоомж хүн бүрд адил, тэгш үйлчилдэг, хэн нэгэнд зүй бус давуу байдал бий болгодоггүй, хүний эрхийг дээдэлсэн, тодорхой, ойлгомжтой байхад бид хичээх ёстойг гишүүдэд анхаарууллаа.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд, намрын чуулганы нээлт Олон Улсын ахмадын өдөр тохиож буй тул  төр улсынхаа түшиг, түмэн олон залуусынхаа нөмөр нөөлөг болсон нийт ахмадууддаа эрүүл энх, урт удаан наслахыг ерөөв.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэлсний дараа Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр намрын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шар нохой өдөр

Аргын тооллын 10 дугаар сарын 1. Мягмар (Ангараг) гараг (2024)
–Билгийн тооллын 29, шар нохой, мэнгэ 6 цагаан, суудал төмөр, од харцага-11, хүчин төгсөх барилдлагат өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:51-18:31.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Бар, морь, нохой, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд толгой, өвдөг, шилбэнд, гэрийн сүлд хаалгандорших болой.
-Эр цэрэг, могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: бузарыг дарж, дайсагнах үйл, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх, бэрийн үйл, нүүдэл хийх, өвчтөнд очих, хэрүүл хийх, цэрэгт мордох, мал гаргах, нохой тэжээх, үс засуулах, хурим хийх, морь уралдаж эхлэх, малын үс, ноос хяргах, үхэгсдийн үйл, хүнийг ханаж, төнөх, буян хишгийн даллага авах, буян номын үйл, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эм найруулах, замд гарах муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 7 градус дулаан

Малчид, иргэд, хадланчид, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын 2 хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.

                               2024 оны 09-р сарын 30-ны 20 цагаас 10-р сарын 01-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Хэрлэн, Улз голын хөндийгөөр -9…-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2…+3 градус дулаан, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +2…+7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +6…+11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9…-11 градус, бусад хэсгээр -6…-8 градус хүйтэн, өдөртөө +6…+8 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө -9…-11 градус хүйтэн, өдөртөө +8…+10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -10…-12 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улс, БНСВУ-ын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай Хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-ын төрийн айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын хүрээнд хоёр улс Хамтарсан тунхаглал гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ХООРОНД ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦАА ТОГТООХ ТУХАЙ ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ
  1. Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам 2024 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам-д тус тус бараалхлаа.
  1. Төрийн тэргүүн нар өнгөрсөн 70 жилийн хугацаанд Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа тууштай өргөжин бэхжиж ирснийг өндрөөр үнэлж, хоёр улсын хамтын ажиллагааны хэтийн төлөв болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо.
  1. Монгол Улс БНСВУ-ыг Зүүн өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үзэж, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотоллоо. БНСВУ нь Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого, “гуравдагч хөрш”-ийн бодлогыг хүндэтгэн хоёр орны харилцааг шинэ шатанд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
  1. Төрийн тэргүүн нар Монгол Улс, БНСВУ-ын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай хоёр улсын ард түмний нийтлэг эрх ашигт нийцэх төдийгүй олон улс, бүс нутгийн энх тайвныг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдэж, хоёр улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тохирч, дараах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тогтов.

Үүнд:

I. Улс төрийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ.

  1. Талууд бүхий л түвшний харилцан айлчлал, төлөөлөгчдийн солилцоог нэмэгдүүлж, ард иргэд хоорондын ойр дотно харилцааг өргөжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаар санал нэгдэв. Түүнчлэн, хоёр улсын яамд, төрийн бусад байгууллага болон нийслэл, орон нутаг хоорондын хамтын ажиллагааны шинэ механизмыг бий болгох боломжийг судалж ажиллахаар тогтов.
  1. Талууд Монгол, Вьетнамын хууль тогтоох дээд байгууллага, түүний дотор Парламент дахь Байнгын хороо, Найрамдлын бүлэг, эмэгтэй болон залуу гишүүд хоорондын хамтын ажиллагааг харилцааны шинэ түвшинд нийцүүлэн хөгжүүлэх, 2018 онд байгуулсан Парламент хоорондын хамтын ажиллагааны баримт бичгийг шинэчлэн байгуулах, бүс нутаг болон олон улсын парламентчдын форум зэрэг олон улсын байгууллагын хүрээнд харилцан бие биеэ үргэлжлүүлэн дэмжиж, хамтран ажиллахаар санал нэгдэв.
  1. Талууд хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтын механизмыг тогтмолжуулж, хоёр талт хамтын ажиллагаа, гадаад бодлого, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар тогтмол санал солилцож, олон талт яриа хэлэлцээний механизмыг бий болгох арга замыг эрэлхийлэхээр болов.

II. Батлан хамгаалах, хууль сахиулах чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

  1. Төрийн тэргүүн нар аюулгүй байдал, батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаанд сүүлийн үед гарч буй шинэ ахиц дэвшлийг өндрөөр үнэлж, бүх түвшний төлөөлөгчдийн солилцоо, уулзалт, яриа хэлэлцээг тогтмолжуулахаар тогтлоо.
  2. Талууд хоёр улсын хууль сахиулах болон хүчний байгууллага хоорондын харилцааг үргэлжлүүлэн өргөжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.
  1. Энэ хүрээнд хоёр талын хооронд байгуулсан хамтын ажиллагааны баримт бичгийн хэрэгжилтийг хангах, аюулгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гэрээ, хэлэлцээр байгуулах, мэдээлэл солилцох, хоёр орны үндэсний эрх ашиг, аюулгүй байдалтай холбоотой стратегийн асуудлаар таамаглал, дүн шинжилгээ хийж, хамтарсан үнэлгээ гаргах чиглэлд хамтран ажиллахаар тохиров. 

III. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбар дахь бодит хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

  1. Төрийн тэргүүн нар эдийн засгийн бодит, үр өгөөжтэй, иж бүрэн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны механизмыг тогтмолжуулах, түүний дотор Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны механизм болох Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг тогтмолжуулахын чухлыг онцлон тэмдэглэв.
  1. Талууд Монгол, Вьетнамын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаар санал нэгдэж, хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан “Бизнесийн зөвлөл”-ийн ач холбогдол, үүргийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчид хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг дэмжих зэргээр хамтран ажиллахаар тохиров.
  1. Төрийн тэргүүн нар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр харилцан туршлага солилцох, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр” байгуулах асуудлыг судлан үзэхээр тохиров. 

IV. Хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологи, зам, тээвэр, соёл, спорт, аялал жуулчлал, боловсрол, хөдөлмөр, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарт бодит хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

  1. Төрийн тэргүүн нар 2022 онд байгуулсан “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийг шинэчлэхээр тохиролцов.
  1. Талууд хөдөө аж ахуйн салбарт баримталж буй хөгжлийн бодлого, цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийн урсгалыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, хөдөө аж ахуйн салбар дахь дэвшилтэт технологийг судалж, хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлд харилцан дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
  1. Төрийн тэргүүн нар Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан, түүний дотор Шинжлэх ухаан, технологийн дэд комиссын протоколын хэрэгжилтийг хангаж, шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, инновац, мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр хамтарсан судалгаа хийхээр санал нэгдэв.
  1. Төрийн тэргүүн нар зам тээвэр, ложистикийн саад бэрхшээлийг шийдвэрлэх, хоёр улсын хооронд авто зам, төмөр зам, агаарын тээвэр, далайн тээврийн салбарт байгуулсан баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангаж ажиллахаар тохиров.
  1. Монгол, Орос, Хятад гурван улсын 2016 онд байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т БНСВУ-ыг нэгдэн ороход Монгол Улс дэмжлэг үзүүлэх, Монгол, Вьетнам, Хятад гурван улсын хооронд бараа бүтээгдэхүүн тээвэрлэх механизм байгуулах тухай асуудлыг үргэлжлүүлэн судлахаар тогтов.
  1. Талууд 2022 онд байгуулсан “Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Вьетнам Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хэрэгжилтийг хангах, соёл, урлаг болон спортын төлөөлөгчид хооронд хамтарсан арга хэмжээ, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр санал нэгдэв.
  1. Хоёр орны ард иргэдийн найрамдал, нөхөрлөл, харилцан ойлголцлыг бататгах, түүх, соёлын дурсгалт өвийг хамгаалах, нөхөн сэргээх, соёлын биет бус өвийг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр улсын аялал жуулчлалын давуу тал, нөөц бололцоог харилцан сурталчлах ажлыг эрчимжүүлж, аялал жуулчлалын салбарт баримталж буй хөгжлийн бодлого, менежментийн талаарх туршлага, мэдээлэл солилцох чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаар тогтов.
  1. Талууд боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНСВУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хоёр улсад суралцаж буй оюутнуудыг өөр өөрийн улсын хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжлээр суралцуулах чиглэлд хамтран ажиллахаар болов.
  1. Талууд 2017 онд байгуулсан “Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Вьетнам Улсын хөдөлмөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн асуудлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хоёр орны хөдөлмөрийн зах зээлд хэрэгцээтэй салбарт ажиллах хүч нийлүүлэх, хүлээн авах боломжийн талаар үргэлжлүүлэн судлахаар тогтов.
  1. Вьетнам Улс нь Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, цөлжилттэй тэмцэх, Монгол орны тал хээр, говь, цөлийн бүсийг ойжуулах, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн хүчин чармайлт, түүний дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өндрөөр үнэлж, монголын хөрсөнд тохирсон мод тарих судалгааг төлөвлөсөн талбайд хийхээр тогтов.
  1. Талууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар судалж үзэхээр санал нэгдэв.
  1. Талууд мэдээлэл, харилцаа холбооны салбарт хамтран ажиллах тухай баримт бичиг байгуулах талаар судалж, эдийн засаг, соёл, нийгмийн хөгжлийн үйл явцын талаарх мэдээ, мэдээлэл, зураг, дүрс бичлэг зэргийг харилцан солилцох нь хоёр орны иргэд бие биеэ төдийгүй улс орны онцлогийг илүү сайн ойлгосноор ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх ач холбогдолтойг онцолж, мэдээлэл, харилцаа холбооны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиров.

V. Олон улс болон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

  1. Төрийн тэргүүн нар олон улс болон бүс нутгийн байгууллагын хүрээнд нягт хамтран ажиллаж ирснийг өндрөөр үнэлэв. Талууд бүс нутгийн аюулгүй байдал, улс төр, олон улсын нөхцөл байдлын талаар харилцан сонирхсон асуудлаар баримталж буй бодлого, байр суурийн талаар тогтмол санал солилцож, НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа нотлов.
  1. Түүнчлэн Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ), Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК), Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН), Ази-Европын уулзалт (АСЕМ), Зүүн Азийн Дээд түвшний уулзалт зэрэг бүс нутаг, олон улсын байгууллага болон Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд нягт хамтран ажиллаж, вьетнамын тал Монгол Улсыг АСЕАН-ы улс орнуудтай харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж, АПЕК гишүүнчлэлээ өргөтгөх үеэр Монгол Улс тус байгууллагад элсэх хүсэлтийг дэмжихээ дахин нотлов.
  1. Талууд терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэг, уур амьсгалын өөрчлөлт зэрэг уламжлалт бус аюул заналтай тэмцэх хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаар тогтов.
  1. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмэр оруулах, олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллах хүрээнд 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд вьетнамын талаас төлөөлөгч оролцуулахаар болов.
  1. Талууд Өмнөд Хятадын тэнгист тогтвортой байдал, энх тайван, аюулгүй байдлыг хангах, маргаантай асуудлыг НҮБ-ын дүрэм, олон улсын хууль тогтоомж, түүний дотор 1982 оны Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенц (UNCLOS 1982)-д нийцүүлэн энхтайвны арга замаар шийдвэрлэхийн чухлыг тэмдэглэв.
  2. Төрийн тэргүүн нар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-ын Монгол Улсад хийсэн энэхүү төрийн айлчлал нь хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход чухал хувь нэмэр оруулсныг санал нэгтэй тэмдэглэв.
  1. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр Вьетнамын дээд, өндөр түвшний төлөөлөгчдийг халуун дотно, найрсгаар хүлээн авч буйд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Айлчлалын үеэр талууд дараах баримт бичигт гарын үсэг зурав. Үүнд:

  • “Хууль зүйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хууль зүйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;
  • “Кибер аюулгүй байдал, кибер гэмт хэрэгтэй тэмцэх тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;
  • “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Тээврийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;
  • “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;
  • “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хот хоорондын найрсаг, хамтын ажиллагааны санамж бичиг”;
  • “Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Шинжлэх ухаан, технологийн академи хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;
  • “Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний их сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” зэрэг болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСВУ-ын Ерөнхийлөгчид бараалхлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-д өнөөдөр бараалхлаа.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнууд, түүний дотор БНСВУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг цохон тэмдэглээд, энэ хүрээнд тус улстай худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Мөн манай хоёр улс өнгөрсөн хугацаанд “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлан найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлж ирснийг дурдаад, энэ онд тохиож буй дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Вьетнам Улсын төрийн тэргүүний Монгол Улсад хийж буй энэхүү төрийн айлчлалаар хоёр орны харилцааны түвшинг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.
Талууд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг “Вьетнам Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх тухай” урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан хоёр орны нэрийн хуудас болохуйц харилцан ашигтай, эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр орны төрийн тэргүүн нарын ярьж тохирсон санал, санаачилгуудыг бодит ажил хэрэг болгох, Ханой хотноо энэ оны арваннэгдүгээр сард зохион байгуулагдах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн Монгол, Вьетнамын Засгийн хоорондын комиссын XIX хуралдааныг үр ашигтай зохион байгуулах чиглэлд хоёр улсын Засгийн газар нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Хоёр орны харилцааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд тээвэр, логистикийн саад тотгорыг арилгах, хоёр улс хоорондын агаарын харилцааг өргөжүүлэх, шууд нислэг үйлдэх замаар аялал жуулчлал, иргэдийн солилцоог нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах болсныг талууд сайшаан тэмдэглэв.
Хүнд бэрх цаг үед монгол, вьетнамын ард түмэн харилцан бие биеэ дэмжиж ирсэн сайхан уламжлалтайг Ерөнхий сайд онцлоод Вьетнам Улсад сүүлийн 30 жилд тохиогоогүй хүчтэй хар шуурга болж, их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Вьетнам Улсын Засгийн газарт 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгохоор шийдвэрлэснийг мэдэгдлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСВУ-ын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-д бараалхав

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-д бараалхав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам-ыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсад төрийн айлчлал хийж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Тэрээр хоёр улсын харилцаа, түүний дотор хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд идэвхтэй хөгжиж ирснийг тэмдэглээд хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдгийг онцлов.

Ерөнхийлөгч То Лам манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд тууштай өргөжин хөгжиж ирсэн бөгөөд хүнд бэрх цаг үед монгол, вьетнамын ард түмэн бие биеэ харилцан дэмжиж, найрсгаар хамтран ажиллаж ирсэн сайхан уламжлалтайг сайшаан тэмдэглэв.

Талууд цаашид хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлж, парламент хоорондын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжиж, парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг нотлов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Маргааш 22:00 цагт хоёр байршилд зам хааж, шинэчилнэ

Маргааш буюу аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас дараах хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэ.

•    Худгийн гудамжны авто замаас “Хангай” хотхон хүртэлх авто замыг аравдугаар сарын 1-ний өдрийн 22:00 цагаас аравдугаар сарын 4-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

•    Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хороо, Тасганы овооны уулзвараас 7 дугаар хорооны уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 1-ний өдрийн 22:00 цагаас аравдугаар сарын 4-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Зам засварын ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ: Нээлттэй ажлын байранд урьж байна

Эрхэм та “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цахим хуудсаар зочилж, #нээлттэй_ажлын_байрны шинэ зарыг хүлээн авна уу.
✅ Цацрагийн хяналт, аюулгүй байдлын инженер – 1 (нэг) түр ажлын байр
✅ Лаборант – жолооч – 1 (нэг) үндсэн ажлын байр
✅ Уурхайн технологийн зориулалттай хүнд даацын автомашины засварчин – 2 (хоёр) үндсэн ажлын байр
✅ Хянах хэмжих хэрэгсэл, автоматикийн засварчин – 1 (нэг) түр ажлын байр
✅ Хянах хэмжих хэрэгсэл, автоматикийн засварчин – 1 (нэг) түр ажлын байр
✅ Дээж авагч – 1 (нэг) түр ажлын байр
✅ Дулааны нарийн хэмжүүр, автоматикийн засварчин – 1 (нэг) түр ажлын байр
✅ Өрлөг, дулаан тусгаарлагч слесарь – 1 (нэг) түр ажлын байр
✅ Цахилгааны ээлжийн монтёр – 2 (хоёр) түр ажлын байр
✅ Цахилгааны монтёр – 1 (нэг) түр ажлын байр
✅ Инженер – 1 (нэг) үндсэн ажлын байр
✅ Инженер – 2 (хоёр) үндсэн ажлын байр
✅ Эмэгтэйчүүдийн сувилагч – 1 (нэг) үндсэн ажлын байр
✅ Бага эмч – 1 (нэг) түр ажлын байр
✅ Асаргааны сувилагч – 1 (нэг) түр ажлын байр
✅ Концертмейстер – 1 (нэг) үндсэн ажлын байр
✅ Гэрэлтүүлгийн техникч – 1 (нэг) үндсэн ажлын байр
✅ Дууны техникч – 1 (нэг) түр ажлын байр
✅ Гал тогооны бэлтгэгч – 1 (нэг) үндсэн ажлын байр
✅ Багш – 1 (нэг) түр ажлын байр
✅ Багш – 1 (нэг) үндсэн ажлын байр
⏰ Анкет хүлээн авах эцсийн хугацаа: 2024.10.14-ний өдрийг дуустал
Анкет бөглөх холбоос:

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам-ыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа.

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Төрийн тэргүүн нар Төрийн ёслолын цэргийн цагаан тугт мэхийн ёсолсны дараа Ерөнхийлөгч То Лам Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, То Лам нар Вьетнамын албаны төлөөлөгчид,   Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар болон Олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчиллээ.

Төрийн тэргүүн нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч То Лам Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, То Лам нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Их тойруугийн авто замаас Хангай хотхоны авто зам хүртэлх авто замыг хааж шинэчилнэ

Сүхбаатар дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр Худгийн гудамжны авто зам, Их тойруугийн авто замаас Хангай хотхон хүртэлх авто замыг 10 дугаар сарын 1-ний өдрийн 22:00 цагаас 10 дугаар 4-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
hamgai

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.09.23-29/ нийслэлийн  8 дүүрэг, 18 аймгийн 29 суманд аюулт үзэгдэл, ослын  78 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, найман иргэний амь насыг авран хамгааллаа.

Нийт дуудлагын 56 нь гал түймэр, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, ес нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав.

Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй энэхүү төрийн айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын эрх зүйн орчныг бэхжүүлэх хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Ерөнхийлөгч То Лам-д бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн  хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс нь 1954 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хасах 40 хэмд ч тэсвэртэй газрын лед гэрлэн дохиог гурван байршилд суурилууллаа

Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Замын хөгжлийн газраас БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын гурван байршилд газрын лед гэрлэн дохиог суурилууллаа. Тодруулбал, 1 дүгээр сургуулийн зүүн урд талын явган хүний гарц, Төв шуудангийн уулзвар, Гадаад хэргийн яамны уулзварт уг гэрлэн дохиог суурилуулаад байна.

Эдгээр лед гэрлэн дохио нь Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон буюу хасах 40 хэмд ч тэсвэртэй, нэг тонны даацтай, хагарч гэмтэхгүй гэдгээрээ онцлог. Солонгос улсад уг гэрлэн дохиог 2019 оноос хойш 20 мянга гаруй уулзварт суурилуулж, таван жилийн дотор явган зорчигч осолд өртөх нь 30 хувиар буурсан судалгаа байгаа юм. Тиймээс ухаалаг гэрлэн дохиог Солонгос улсын “Сонг Пун Суллед” компани Монголд нийлүүлсэн бөгөөд чанарын шаардлагад нийцсэн шилдэг инновацын бүтээгдэхүүнээр тухайн улсдаа шалгарсан байна.

Ухаалаг лед гэрлэн дохио нь газарт суурилуулдаг учир утас оролдох, хүүхдүүд тоглох, хоорондоо юм ярих зэргээс анхаарал сарнисан үед явган зорчигчид шууд өнгөөр ялгарч харагдана. Жолооч нарын зүгээс ч осол аваараас урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад өндөр үр дүнгээ өгөх юм. Иймд, ялангуяа сургуулийн орчинд болон хөл хөдөлгөөн ихтэй уулзвар, гарцуудад эдгээр гэрлэн дохиог суурилууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаагчин тахиа өдөр

-Аргын тооллын 9 дүгээр сарын 30. Даваа (Сумьяа) гараг (2024)
–Билгийн тооллын 28, улаагчин тахиа, мэнгэ 7 улаан, суудал шороо, од бага морь-10, үхэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:50-18:33.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Үхэр, могой, тахиа, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, шагай, нууцын оронд, гэрийн сүлдөрх, цонхонд орших болой.
-Эм хүмүүн, нохой жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: улайны үйл, мал гаргах, хиншүү хярвас, суурь тавих, угаал, залбирах талбих, өс дарах, үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим хийх, гуйлга гуйх, үс засуулах, бэрийн үйл, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, ном сонсох, нүүдэл хийх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, өмнө зүгт явах муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа