Author Archives: baaska baaska

“Морин хуур” найрал хөгжим, Узбекистаны Үндэсний хөгжмийн улсын эрдмийн найрал Ташкент хотноо хамтран тоглолоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Улсын филармонийн “Морин хуур” найрал хөгжим, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Үндэсний хөгжмийн улсын эрдмийн найрал хөгжим Ташкент хотноо хамтын уран бүтээлээ толилууллаа.

Хоёр улсын төрийн тэргүүний  ивээл дор зохион байгуулсан тоглолтыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Узбекистаны Шадар сайд Жамшид Ходжаев нар нээж, үг хэллээ.

Шадар сайд С.Амарсайхан, “Морин хуур” найрал хөгжим анх удаа Ташкент хотноо тоглож байгааг онцолж, энэ хамтарсан тоглолт хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа  илэрхийллээ.

Уламжлал, соёл, амьдралын хэв маяг нь хоорондоо ижил төстэй хоёр орон түүх, урлаг, соёлын өвөө харилцан судалж, хамгаалж байх нь зүйтэйг Шадар сайд Ж.Ходжаев хэлж, Узбекистанд зохион байгуулдаг урлаг, соёлын олон арга хэмжээнд Монголын уран бүтээлчид тогтмол оролцдогт талархав.

Монгол, Узбекийн шилдэг 21 бүтээлийг хоршиж толилуулсан  тоглолтыг Узбекистаны төр, засаг, нийгэм, бизнес эрхлэгчдийн төлөөлөл, тус улсад суугаа гадаадын  улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, монгол, узбек иргэд зэрэг 1,800 гаруй хүн үзэж сонирхлоо.

Морин хуурын чуулга 1992 онд байгуулагдсан цагаасаа хойш эх орондоо 3,000 гаруй, дэлхийн 21 улсад 600 гаруй удаа тоглосон. Үндэснийхээ урлагийг сурталчлан таниулахад оруулсан хувь нэмэр, гавьяаг нь төр үнэлж, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээн, энэ онд өргөтгөж, “Морин хуур” найрал хөгжим болгосон юм.

Найрал хөгжмийн хамт олон Японы NHK телевизийн концертын их танхим, НҮБ-ын төв байр, Сиднейн дуурийн театр, Парис хотын Версалийн ордны Хааны дуурийн театр, Нант хотын Консерваторын Дебюсси танхим, Шанхай хотын Ягуар симфони оркестрын их танхим зэрэгт “Монголын сайхан орон” бүтээлээ толилуулж байсан түүхтэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Наадмын тасалбарыг ирэх сарын 1-нээс эхлэн цахимаар худалдаална

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын талаарх мэдээллийг холбогдох албаныхан өглөө.

Өнөөдрийн байдлаар баяр наадмын бэлтгэл ажил  80 хувьтай явж байгаа бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнд авто зогсоол шинээр байгуулах, зам засах, суурийн тэгшилгээ хийх ажлууд тус тус үргэлжилж байна. Мөн сур харвааны талбай, шагайн харвааны асар болон ойр орчимд тохижилт, засвар үйлчилгээний ажил үргэлжилж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг орчимд худалдаа үйлчилгээ явуулах байршлын зураглалыг урьдчилсан байдлаар гаргасан. Төв цэнгэлдэх хүрээлэнд 250 худалдаа үйлчилгээний зөвшөөрөл олгоно. Үүнээс 125 жижиг дунд үйлдвэр эрхлэгч, 28 зөөврийн түргэн хоолны үйлчилгээ, 17 хүнсний худалдаа байна. Харин 188 хоолны үйлчилгээ байхаар төлөвлөсөн юм. Төв цэнгэлдэх хүрээлэнд Нарантуул захыг нүүлгэж ирэхгүй.  Төв цэнгэлдэх хүрээлэн дотор болж буй баяр наадмын арга хэмжээг шууд үзэх боломжоор хангах үүднээс гадна талбайд дэлгэц байрлуулна” гэлээ.

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг найруулагч Ц.Батнайрамдал, Г.Маргад-Эрдэнэ тэргүүтэй баг зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Энэ жил “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” сэдвийн хүрээнд “Уяхан замба тив”,  “Хүн эрдэнэ”, “Хүрэл эрин цаг“,  “Их монголын аураг орд”,  “Дэлхийн нийслэл Хархорум”, “Түүхийн хүрдэн”, “Замбативийн жаргал” гэсэн 7 бүлэгтэй зохиолын дагуу үзэгчдэд хүргэнэ. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг нь хүн төрөлхтний үүслээс эхлэн тэдний хэрэглэж байсан хэрэглэгдэхүүн, Монгол  орны хадны сүг зургаар дүрслэгдэн  олдсон  олдмол судалгаануудыг инновац болгон мөн Монгол  үндэсний язгуур урлагийг орчин үеийн хэлбэрт найруулсан  энтертайнмент, мюзикл дэг найруулгаар хийж байгаагаараа онцлог гэдгийг найруулагч Ц.Батнайрамдал хэлж байв. Харин хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагчаар бүжиг дэглээч Х.Хашхүү, ерөнхий продюсероор Үндэсний урлагийн их театрын Г.Цоггэрэл нар ажиллаж байна.

Түүнчлэн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд урлаг соёлын нийт 12 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлуудыг хангаж байна. Тухайлбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын санаачлаагаар 7 дугаар сарын 10-ны өдөр төв талбайд талбайд Б.Дамдинсүрэн Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг нийтийн хүртээл болгоно.

Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар  “2024 оны Үндэсний их баяр наадамд барилдсан 32 бөх, үндэсний сурын 16 харваачдаас авах шинжилгээний сорьц, сорьцын хариуг шуурхай гаргуулах, ил тод байдлыг хангах үүднээс Дэлхийн Допингийн эсрэг агентлагаар итгэмжлэгдсэн ХБНГУ-ын Дрезден хотын Допингийн хяналтын лабораторид шинжилгээг хийлгэхээр ярилцаж байна. Ингэснээр шинжилгээний хариу 48 цагийн дотор гарах боломж бүрдэнэ. Энэ асуудлаар Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо болон салбар хороотой хамтран ажиллахаа илэрхийлсэн” гэв. Мөн Хүй долоон худагт 13 ширхэг экобус, 30 ширхэг Контейрэн нойл, 10 ширхэг зөөврийн нойл ажиллуулахаар төлөвлөсөн юм. Мөн Хүй долоо худгийн авто замыг засварлах бөгөөд морины гараа бариа, хэмжилт хийх талбайд төлөвлөгөөт ажлууд 70 хувьтай үргэлжилж байна.

Үндэсний их баяр наадмын үеэр олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх, аливаа хүнд суртал, чирэгдэл үүсгэхгүй байх, алба хаагч, ажилтны ажил, ачааллыг хөнгөвчлөх зорилгоор Төв цэнгэлдэх хүрээлэн, “Монгол наадам” цогцолборын орчимд теле хяналтын камер, зөөврийн авто хаалт суурилуулахаар бэлтгэл ажил хангаж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд нийт 20 цэгт 49 камер, Хүй долоон худагт 15 цэгт 25 камер суурилуулна.

Харин баяр наадмын тасалбар суудлаасаа хамаарч 80.000, 100.000, 150.000 төгрөгийн үнэтэй байна. Тасалбар, автомашины зөвшөөрлийг www.enaadam.mn сайтаар 7 дугаар сарын 01-ний өдрөөс худалдаалахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Тасалбар бүр дээр баяр наадмын хөтөлбөр, зохион байгуулагдах арга хэмжээнүүдийг мэдээлэл бүхий  QR код байрлуулж мэдээллийг хүргэнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Үндэсний үйлдвэрлэгчид Узбекистан болон Төв Азийн орнуудын зах зээлд нэвтрэх боломж эрс нэмэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийх үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн хамт хоёр орны бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Энэ нь төрийн тэргүүнүүд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаагийн илрэл гэж хоёр улсын бизнес эрхлэгчид үзэж байлаа.

Цаашид худалдааны эргэлтийг богино хугацаанд 10-20 дахин нэмэгдүүлэх, уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбарт хамтрах аж ахуйн нэгжүүдийг бүх талаар дэмжинэ гэдгээ  хоёр орны Ерөнхийлөгч илэрхийллээ.

Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх 2024-2026 оны хөтөлбөрийн хүрээнд талууд хамтарч хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийнхөө жагсаалтыг баталлаа. Ингэснээр хоёр улс ойрын хоёр жилд харилцан ашигтай, бодит, идэвхтэй хамтын ажиллагаа явуулах юм.

Одоогоор манай улсын  10 гаруй аж ахуйн нэгж Узбекистанд үйл ажиллагаа явуулж байна.

Төрийн айлчлалын үеэр зохион байгуулсан “Бизнес форум”-д хоёр улсын 300 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Узбекистаны Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтын ажиллагааны Санамж бичгээ шинэчлэн, хамтарсан бизнес зөвлөл байгуулах боллоо.

Энэ зөвлөл бизнес эрхлэгчдийг холбож, худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээ, аж үйлдвэрийн бүх салбарын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны санаачилгыг дэмжих зорилготой юм.

“Таванбогд солюшнс” ХХК, “Монгол базальт” ХК, “Доктор авто сүлжээ”, “Эра жимс”  зэрэг олон аж ахуйн нэгж узбекийн талтай хамтрах гэрээ, хэлцэл хийсэн байна.

Тухайлбал эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, хиймэл оюун ухааны технологи ашиглан хорт хавдар болон амьдралын хэв маягаас шалтгаалах өвчлөлийг эрт илрүүлдэг “NURA” төслийг тус улсад нэвтрүүлэх боллоо.

“Монгол Базальт” ХК, “Базальт Узбекистан” групп хамтран Узбекистанд орчин үеийн базальт технологийн үйлдвэр байгуулна. Эхний шатанд 30 сая ам.долларын хөрөнгө оруулах бөгөөд үйлдвэрлэлийн хүчин чадал нь жилд 45,000 тонн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж байгаа төрийн айлчлалын бүрэлдэхүүнд үндэсний 40 гаруй үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөл багтсан юм.

 Хоёр орны худалдааны эргэлт 2023 оны байдлаар 10 сая ам.доллар, нэр, төрөл нь цөөн хэдий ч цар тахлын үеэс хойш тогтмол өсөж байгаа.

Манай улс 4,6 сая ам.долларын үнэ бүхий хонь, хурганы боловсруулсан арьс, өлөн гэдэс, хонь, ямаа, үхрийн хөлдүү мах зэргийг  экспортолж, Узбекистанаас 5,4 сая ам.долларын үнэ бүхий усан үзэм, жимс, хүнсний бүтээгдэхүүн, хөргөх, хөлдөх цахилгаан төхөөрөмж, ачааны автомашин импортоор авчээ.

Узбекистан Улс сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, бизнесийн орчноо  сайжруулах, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийг  арилгах шийдэмгий алхам авч байна.

Үүний дүнд эдийн засаг нь сүүлийн жилүүдэд бараг хоёр дахин өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 1.5 дахин, аж ахуйн нэгжийн тоо хоёр дахин, аж үйлдвэрлэл 40 хувиар өсжээ.

2023 оны байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 90 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох хэмжээ нь 2,510 ам.доллар, гадаад худалдааны эргэлт 63 орчим тэрбум ам.долларт хүрсэн байна.

Узбекистан далайд гарцгүй, байгалийн баялгийн арвин нөөцтэй, 2,700 гаруй орд газар илрүүлж, 60 гаруй төрлийн эрдэс баялаг олборлодог. Алтны нөөцөөр дэлхийд дөрөвт, олборлолтын хэмжээгээр долоодугаарт ордог юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 25 градус дулаан

                                 Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд:
28, 29-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо үргэлжлэн орох тул үер, ус, мөндөр, хүчтэй салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

                         2024 оны 06-р сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
                                        цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, борооны өмнө түр зуур ширүүснэ, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +21…+26 градус, говийн бүс нутгийн өмнөд, Дорнод-Дарьгангын тал нутгаар +32…+37 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +24…+26 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +23…+25 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +23…+25 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ц.Уранзаяа мөнгөн медаль хүртжээ

Бөхийн төрлүүдийн U17, U23 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-30-ны өдрүүдэд Йордан улсын нийслэл Амман хотод зохион байгуулагдаж байна.
Өчигдөр чөлөөт бөхийн U17 насны эмэгтэйчүүдийн 43, 49, 57, 65, 73 кг-ын барилдаан болж, шилдгүүд тодорлоо.
Манай тамирчдаас 73 кг-д оролцсон Ц.Уранзаяа мөнгөн медаль хүртжээ.
Түүний жинд 9 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай тамирчин ¼ шигшээд Тайванийн тамирчныг 10-0, хагас шигшээд Казахстаныг 4-1 харьцаатай ялж финалд Энэтхэгийн Кажал Кажалд 0-10 харьцаатай ялагдсан байна гэж Монголын Чөлөөт Бөхийн Холбооноос мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энэ сарын 28, 29-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо үргэлжлэн орохыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр зургаадугаар сарын 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 28, 29-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

 Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +16…+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +18…+23 градус, өдөртөө +30…+35 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +22…+27 градус дулаан байна.

Иймд:

-Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,

-Баталгаат зам, гүүрээр зорчих,

-Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,

-Өрхийн болон хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах,

-УИХ-ын ээлжит сонгууль болохтой холбогдуулан тул баталгаат гүүр гармаар зорчиж, аюулгүй байдлаа хангах,

-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Л.Энхсайхан: Хууль санаачлагчид хуульчидтайгаа нягт хамтран ажиллах ёстой

Хугарч нугарч, хувирч өөрчлөгдөлгүй “Өмгөөлөгч” хэмээх хүндлэл хүлээсэн мэргэжилдээ тун хайртай явж ирсэн, одоо ч үйлчлэгчдэдээ итгэлийн гэрэл хайрлаж яваа хуульч, өмгөөлөгч Л.Энхсайханыг энэ удаагийнхаа ярилцлаганд онцоллоо.

Энэхүү нийгмийг эрүүлжүүлж, эерэгжүүлж, гэрэлтүүлэх үүрэгтэй хуульчийн, өмгөөллийн ажилдаа хэдийнэ ээнэгшсэн түүнээс хүний төлөөх сэтгэл, хүч, ур чадвар эрхгүй амтагдаж, байлаа. Ийнхүү аливааг мяндсан ухаан, торгон мэдрэмж, ухаан сэтгэлээрээ учиглаж яваа Энхсайхан өмгөөлөгчтэй уулзахад дахин дахин  зорин очмоор  зүрх дулаацуулам мэдрэмж төрснийг нуух юун. Иймд Энхсайхан өмгөөлөгчийг хувь хүнийхээ болон, эзэмшсэн мэргэжил, хариуцсан ажилдаа өөрийгөө бүрэн олчихсон хүн гэж хэлж болохоор …….

-Манайд олон хууль батлагдан гараад л байна, түүнийг дагаж мөрдөж хэрэгжүүлэх нь ямар байдаг гэж та хувьдаа бодож явдаг вэ?

–Нэн түрүүнд хууль санаачлагч, хууль тогтоогчид хуулийг маш хийдэлтэй гаргаж байгаа нь учир дутагдалтай. Тийм учраас хууль тогтоогчид хуулийн хоорондын нийцэл, давхардалыг сайн судалж байж тогтоох хэрэгтэй гэж үздэг. Тэгэхгүй бол их олон хуулинд адилхан зохицуулалт,  зүйл заалтуудыг оруулж өгч байна. Мөн хуулинд “Журмаар зохицуулна” гэсэн зохицуулалт их байх юм. Манайд  яамдын сайд нар нь их солигддог, нэг шинэ сайд ирээд л өмнөх сайдынхаа баталсан журмыг хүчингүй болгоод л шинээр дахин нэг журам баталдаг. Тиймээс хуулийн зохицуулалт нь маш сайн, хийдэлгүй л байх хэрэгтэй.  Журам хуулиас давах ёсгүй. Хууль гэдэг нэг талаараа аливаа харилцааны дэг журам бөгөөд тэр харилцаанд оролцогч бүх хүнд ижил тэгш үйлчлэх, шударга ёсны зарчим, тэгш байдлын зарчмыг хангах учиртай. УИХ-ын гишүүд болон хууль санаачлагчид маань хуульчидтайгаа сайн хамтарч ажиллаж, хууль боловсруулах ажлын хэсэгтээ хуульчдыг  аль болох олноор  оруулж, хууль хоорондын уялдаа, нийцэл дээр анхаарч ажиллах хэрэгтэй гэж бодож байна.

–Хүний хувь тавиланг шийдвэрлэхэд оролцдог хуульч өмгөөлөгчдийн нийгэм дэх байр суурь, нэр хүнд ямар байдаг бол?

-Ер нь бол хуульч өмгөөлөгчдийн нийгэм дэх байр суурь, нэр хүнд өндөр байдаг гэж боддог. Харин сүүлийн үед  сошиалд манай хуульч, өмгөөлөгчдийн нэр хүндийг унагаах янз бүрийн хэтрүүлэг ихтэй зүйл гарч хуульч, өмгөөлөгчдийг нийгэмд муухай харагдуулж, харлуулах гэсэн  үзэл давамгайлах хандлагатай байгаа нь нууц биш. Жишээ нь: Өмгөөлөгчийн үйлчлүүлэгчийг  гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад л  гутаан доромжлох, мөн хэрэг маргааныг хуульд заасныг дагуу хянан шийдвэрлэсэн  шүүгчдийн талаар янз бүрээр  сошиалд бичих нь тэдний нийгэм дэх байр суурь, нэр хүнд унахад хүргэж байна. Өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчдэдээ  үнэнч байж нууцыг нь хадгалах үүрэгтэй. Тухайн хүнийхээ хууль ёсны эрх ашиг, сонирхлыг тууштай  хамгаалах зарчмаар ажиллаж, гэмт хэрэг хийсэн байлаа ч эрх ашгийг нь  хамгаалах үүрэгтэй. Хуулинд хөнгөрүүлэх нөхцөл юу байна вэ, миний үйлчлүүлэгчид ямар боломж байна вэ гэдгийг эрэлхийлж, энэ талаар хүсэлтээ гаргаж өгөх, өмгөөллийн арга тактик боловсруулах гэх зэргээр ажилладаг. Гэтэл түүнийг нь харлуулаад түгээгээд эхэлдэг. Үүнээс үүдэлтэй яригдаж  байгаа асуудал болов уу. Өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчтэйгээ анхнаасаа хариуцлагатай ёс зүйтэй, мэргэжлийн өндөр түвшинд ажиллана гэсэн гэрээ хийгээд үүнийхээ дагуу ажиллах ёстой. Тийм учраас өмгөөлөгч хохирогчийг өмгөөлж байна уу, холбогдогчийг өмгөөлж байна уу, нэхэмжлэгч, хариуцагчийг өмгөөлж байна уу гэдгээс үл шалтгаалан ерөнхий чиг шугам нь үйлчлүүлэгчийнхээ л эрх ашгийг хамгаалах  учиртай. Гэхдээ өмгөөлөгч хуулийн хүрээнд ажиллаж л хамгаална. Хуулийн боломжуудыг ашиглах тал дээр мэргэжлийн ур чадвараа гаргаж ажиллах нь хамгийн чухал. Тухайн этгээд гэм буруугаа хүлээнэ гэдэг хөнгөрүүлэх нөхцөл байдалд ордог юм. Сошиалаар хэт их хэрэг яриад, хэрэг задлаад байгаа хүмүүсийн буруу. Энэ нь нэг талаараа үйлчлүүлэгчийнхээ нууцыг задалж байна гэсэн үг.

 –Таниас  нийтэч сэтгэлгээ, нэгтгэж зангидах арга барил олонтаа харагддаг. Иймд  залуу өмгөөлөгчдөдөө хандаж юу хэлэх вэ?

-Юуны түрүүнд хэрэг болон холбогдох хуулин дээрээ маш сайн ажиллаж  сурах хэрэгтэй.  Хавтаст хэргээ маш сайн судалснаар миний үйлчлүүлэгчийн ямар эрх ашиг яаж хөндөгдөж байна вэ? өмгөөлөгчийн зүгээс хэрхэн яаж хамгаалах вэ гэдэг талаасаа хуулийн гарц гаргалгааг хийж, хэрэгт ач холбогдолтой  нотлох баримтуудыг  цаг хугацаанд нь хуулийн шаардлага хангасан байдлаар гаргаж өгөх гэх мэтээр маш мэдрэмжтэй хандах ёстой. Сэтгэлээ гаргаж, хэрэг болгоноо том,жижиг гэж ялгахгүй ажиллах учиртай. Ингэж чадваас  амжилт авчирдаг.

-Ингэхэд та өмгөөллийнхөө чиглэлээр олон нийт рүү чиглэсэн сайн дурын ажил олныг  хийдэг, заримаас нь дурьдахгүй юу?

-Баярлалаа. Эргээд харахад гар сэтгэл нийлсэн өмгөөлөгч нартайгаа хамтарч  чамлахааргүй олон ажлуудыг  хийжээ. Тухайлбал, Өмгөөлөгчдийн Холбооны түүхэнд анх удаагаа 2011 онд “Өмгөөлөгчийн хараат бус байдал, үйл ажиллагааны зохицуулалт” гэсэн сэдвийн дор гадаадын 8 орны өмгөөлөгчид оролцсон олон улсын хурлыг өмгөөлөгч Алтангэрэл, Батзоригт, Пүрэвбаатар, Баярт нарынхаа  хамтаар  Төрийн ордонд зохион байгуулж байлаа.

2012 онд Анх ОХУ-ын  Эрхүү хотын өмгөөлөгчдийн танхимаас миний нэр дээр урилга ирүүлсний дагуу  Сибирийн тойргийн өмгөөлөгчдийн спартакиадад Монголынхоо өмгөөлөгчдийг зохион байгуулан зочин багаар спортын таван төрлөөр  тус арга хэмжээнд оролцуулж, үүнээс хойш 2013,2014,2015,2016 онуудад ОХУ-ын Красноярск, Томск, Кемирово, Хакаст болсон Сибирийн тойргийн өмгөөлөгчдийн спартакиадад манай өмгөөлөгчид амжилттай оролцсоон. 2014 онд ОХУ-ын Томск хотод болсон Сибирийн тойргийн өмгөөлөгчдийн спартакиад  Монголын өмгөөлөгчдийн нэрэмжит шилжин явах цомыг санаачилан авч очиж,  тус спартакиадад хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлсэн шилдэг Өмгөөлөгчдийн багт  шилжүүлдэг уламжлалтай болсон.Мөн өмгөөлөгч З.Алтангэрэл, Л.Баярт бид гурав  Иркутск, Красноярск, Томск хотод болсон Сибирийн тойргийн өмгөөлөгчдийн спартикиадад оролцсон Монголынхоо өмгөөлөгчдийн зургаар зургийн цомог гаргаж, МӨХ-ндоо өгсөн. Энэ Сибирийн тойргийн өмгөөлөгчдийн спартакиадыг  2017 онд Монголдоо зохион байгуулахад  би ажлын хэсэгт нь орж ажилласан.

Мөн анх удаа өмгөөлөгчдийнхөө дунд явган аялалыг санаачлан, өмгөөлөгч З.Алтангэрэл, Л.Баярт нарынхаа хамт  зохион байгуулж байсан түүх бий. Мөн хуульчдын холбоонд олон ажил хийж байгаа, Хуульчдийн Холбоо үүсгэн байгуулагдаж байх Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хороог анх үүсгэн байгуулалцсан хүний нэг. Монголын Хуульчдын Холбоонд  2017 онд анх “Хуульчийн пробоно чуулга уулзалт”-ыг зохион байгуулж, үүнээс хойш 2018,2019 онуудад мөн чуулга уулзалтыг зохион байгуулсаны дээр  2018,2019,2022 онуудад Азийн про-боно олон улсын чуулга уулзалтанд Монголынхоо хуульчдыг оролцуулах   ажлыг зохион байгуулсан ба 2025 онд Монгол Улсдаа Азийн Про боно-13 дахь чуулга уулзалтыг зохион байгуулах эрхийг Монголын Хуульчдын Холбоо авсан бөгөөд энэ чуулга уулзалтыг зохион байгуулах ажлын хэсэгт ажиллаж байна.

Мөн 2018 онд  “Жил бүрийн 5 дугаар  сарын 1-ний өдрийг “Хуульчийн пробоно өдөр” болгох санаачилга гаргаад тухайн үеийн Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан дэмжиж 2019 оны 3 сарын 19-ний өдөр 84 дугаартай тушаалаар албажуулснаар Монголын Хуульчдийн Холбооноос жил бүр зохион байгуулдаг том ажил болсон.  Жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдөр  Нийслэл, 21 аймагт  зохион байгуулагддаг  “Хуульчийн Про Боно өдөр” маань  жилээс жилд илүү өргөн хүрээнд зохион байгуулагдаж, Төрийн болон  хуулийн  бүх байгууллагууд нэгдэж нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлдэг олон нийт рүү чиглэсэн   үр дүнтэй сайхан ажил болсон доо. Энэ үеэр  ЕБС, зарим  их, дээд сургуулийн I II дугаар дамжааны оюутнуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хичээл ордог. 2019 онд хорих ангид хуульчид маань очиж ажилласан гэх мэт сайн дурын ажил гэвэл олныг нэрлэж болох байна.

 -Хийж бүтээе гэсэн хүн дандаа л шинэ зүйл рүү тэмүүлж, гүүр гарцыг хайж явдаг. Энэ утгаар та  ажлаа улам эрчимжүүлээд зөвлөх үйлчилгээний компаниа ч байгуулаад амжжээ?

-2023 оны 8 дугаар сард хуулийн зөвлөх үйлчилгээний “Амитис легал” ХХК-аа том хүүгийнхээ хамтаар  байгуулсан. Эндээс  хууль зүйн үйлчилгээг иргэн аж ахуйн нэгжид баг хамт олноороо хүргэх нь илүү үр дүнтэй, хүртээмжтэй, өгөөжтэй  байна гэдгийг бодолцсон. Шинэ тулгар компанид маань Шүүн таслах ажиллагааны туршлагатай хоёр хуульч, хяналтын прокуроор ажиллаж байсан хоёр хуульч, мөн хоёр залуу хуульчтай. Бид  аж ахуй нэгж байгууллагад Гэрээний эрх зүй, Компанийн засаглал, Хөдөлмөр эрхлэлтийн  харилцааны чиглэлээр хуулийн этгээдэд зөвлөх үйлчилгээ үзүүлж, мөн иргэний эрх зүй, захиргааны эрх зүйн чиглэлээр зөвлөгөө өгч ажиллаж байна.

–-Их замын уртад буюу энэхүү баялаг  амьдралд таны хамгийн их талархаж явдаг зүйл тань юу вэ, өөрөөр хэлбэл таны амьдралын үнэт зүйл?

– Маш сайхан асуулт байна. Миний хувьд хуучнаар ЗХУ-ын \ОХУ\  Эрхүүгийн Улсын Их сургуулийг түүхч, угсаатны эрх зүйч  мэргэжлээр төгсч ирээд эрдэм шинжилгээний байгууллага болон дээд сургуульд багшилж байхад мэргэжилээ сольж, эрх зүйчээр суралцахыг зөвлөсөн хүн бол соц. нийгмийн үед миний дарга байгаад дараа  МУИС-ийн хууль зүйн сургуулийн багш болсон гавъяат хуульч Тэшигийн Мөнхжаргал  гуай маань юм шүү дээ. Би энэ дарга, эрхэм багшдаа маш их талархаж явдаг даа. Ингээд 2001 онд  МУИС-ийн Хууль зүйн сургуулийг дүүргэж эрх зүйч  мэргэжил эзэмшиж Монголын Өмгөөлөгчдийн холбоо гэдэг том айлын нэг гишүүн болж олон хуульч, өмгөөлөгч нартайгаа хамтран ажиллаж,  харилцан бие биесээсээ  туршлага солилцон, суралцаж яваа он жилүүд маань миний амьдралын салшгүй нэгэн хэсэг, үнэт зүйл минь юм даа. Миний өдий зэрэгтэй сайн сайхан яваа маань  эцэг эхийн минь надад өгсөн их  хайр, ухаан, хүмүүжил, мөн  цуцашгүй эрдмээ надад хайрласан орос, монгол эрдэмтэн багш нарын минь ач буян гэж тэдэндээ талархаж явдаг даа.

Энэ дашрамд Монголын Өмгөөлөгчдийн холбоо болон  Хуульчдын холбооны үе үеийн удирдлагууддаа маш их  баярлаж талархаж явдгаа илэрхийлье.

Д.Нэргүй

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Олий Мажлис-ийн Сенатын даргыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын Олий Мажлис-ийн Сенатын дарга Танзила Нарбаева-г хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч, хоёр улсын төрийн тэргүүний албан ёсны хэлэлцээ халуун дотно, ажил хэрэгч уур амьсгалд үр дүнтэй болсныг онцоллоо.

Нүүдлийн соёл иргэншил, түүх, ёс заншил зэрэг ижил төстэй үнэт зүйлстэй хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.

Үүнд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж, жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Сенатын дарга Т.Нарбаева Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалд Узбекистан Улсын төр, засаг, парламентын зүгээс өндөр ач холбогдол өгч буйг онцолж, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд боломжит бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Талууд хоёр улсын харилцааны эрх зүйн таатай орчныг улам бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хооронд харилцан айлчлал хэрэгжүүлэх, туршлага солилцох зэргээр нягт хамтран ажиллахын төлөө буйгаа нотлов.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олий Мажлис-ийн Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, дурсгалын үг үлдээлээ.

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Парламент Олий Мажлис нь 65 гишүүн бүхий Сенатын дээд танхим, 150 гишүүнтэй Хууль тогтоох доод танхимаас бүрддэг. Тус улсын 25 нас хүрсэн иргэн эдгээр танхимын гишүүнээр сонгогдох эрхтэй бөгөөд бүрэн эрхийн хугацаа таван жил байдаг юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Усны ослын нийт тохиолдлын 27,5 хувь нь нийслэл хотод тохиолджээ

Улсын хэмжээнд зургаадугаар сарын 24-ний байдлаар усны ослын 46 тохиолдол бүртгэгдэж, 30 хүн амь насаа алдсан  байна. Үүний 26 нь том хүн, 4 нь хүүхэд байгаа юм. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо нь дөрөв дахин, амь насаа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өссөн байна. Усны ослын нийт тохиолдлын 27,5 хувь, амь насаа алдсан иргэдийн 18 хувь нь нийслэл хотод тохиолджээ.

Иймд иргэн та гол, мөрөн, нуурын эрэг орчим амарч зугаалахдаа өөрийн болон ойр дотны хүмүүсийн аюулгүй байдалд байнга хяналт тавьж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх, зориулалтын гарц гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Мөн Онцгой байдлын байгууллагаас голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр томоохон гол, нуурын эрэг дагуу ажиллуулж байгаа тул мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагахыг уриалж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 39 гомдол, мэдээллийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 6 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 502 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 216 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 286 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 39 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 9 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 14 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев, гэргий З.Мирзиёева нар “Куксарой” цогцолборын “Хүндэт зочдын төгөл”-д ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарилаа.Төрийн тэргүүн нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Узбекистаны “Ногоон орон зай” төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэхээр тохирлоо.

Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хамтын хувь нэмрээ оруулах зорилготой юм.

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн ордон “Куксарой” буюу “Хөх ордон”-ы “Хүндэт зочдын төгөл”-д тус улсад айлчилж буй гадаадын улс орны төр, засгийн тэргүүн нар мод тарьдаг уламжлал тогтжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цагаан бич өдөр

-Аргын тооллын 6 дугаар сарын 25. Мягмар (Ангараг) гараг (2024)
–Билгийн тооллын 19, цагаан бич, мэнгэ 5 шар, суудал гал, яруу эгшигт-21 од, түлэх барилдлагатай өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:54-20:55.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учрах маш сайн. Харин бар, тахиа, бич, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
–Луу, хулгана, могой, морьжилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бугуй, шилбэ, ууц, нууцын оронд, гэрийн сүлдхананд орших болой.
-Эр цэрэг, могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: газар хагалах, хурим хийх, нохой авах, эвлүүлэх, бэрийн үйл, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл, сайн үйлийг эхлэх, шинэ хувцас өмсөх, чимэг оёх, худаг малтах, малын үс, ноос хяргах, эд, мал худалдах, хүнийг ханаж, төнөх, буян хишгийн даллага авах, буян номын үйл, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эм найруулах, замд гарах муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 23 градус дулаан

                                   Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд:
27, 28, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

                2024 оны 06-р сарын 24-ний 20 цагаас 06-р сарын 25-ны 20 цаг хүртэлх
                                            цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, борооны өмнө түр зуур ширүүснэ, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +11…+16 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +19…+24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +31…+36 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гол, усны ослоос онцгойлон сэрэмжлүүлж байна

Голын усны түвшин үерийн аюултай түвшинг даван үерлэж байна. Өнөөдөр 17:00 цагийн байдлаар НОБГ-т гол, усны ослын 5 дуудлага мэдээлэл бүртгэгдлээ.
Тодруулбал 10:45 цагт Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс урагш Туул голд хүн живсэн дуудлагаар Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 49 настай эрэгтэй модны мөчрөөс зүүгдэж тогтсон байсныг, мөн дүүргийн 24-р хороо Туул голд хүн унасан дуудлагаар Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 38 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын эрэг дээр зогсож байхад нь эрэг нурж бургаснаас зуурсан байдалтай байсныг алба хаагчид аюулгүй байдлыг хангаж ажилласан.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо тогтоол усанд 13 настай хүүхэд живчихлээ гэсэн дуудлага, Баянзүрх дүүргийн 20-р хороонд голд хүн автомашинтайгаа живсэн дуудлагаар Аврах ангийн бүрэлдэхүүн яг одоо ажиллаж байна.
Гол, усны түвшин нэмэгдсэн үед усанд осолдож эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл өндөр байгаа тул иргэд олон нийт, эцэг эхчүүд бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгаж, гол усны ойролцоо зорчихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа