Author Archives: baaska baaska

Өнөөдөр цагаагчин туулай өдөр

-Аргын тооллын 5 дугаар сарын 27. Даваа (Сумьяа) гараг (2024)
-Билгийн тооллын 19, цагаагчин туулай, мэнгэ 7 улаан, суудал огторгуй, элдэв тэнгэртэн-20 од, идэр барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:01-20:38.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учрах маш сайн. Харинтахиа, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Хонь, гахай, туулай, нохойжилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бугуй, шилбэ, ууц, нууцын оронд, гэрийн сүлдхананд орших болой.
-Эм хүмүүн, нохой жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: улайны үйл, мал гаргах, хиншүү хярвас, өвчин эмнэх, арилжаа наймаа хийх, нохой авах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, даллага авах, төрөл садан болох, ан гөрөө хийх, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, бэрийн үйл, малын үс, ноос хяргах, эхэлж ном сонсох, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, өмнө зүгт явахад муу.Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 25 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны 05-р сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +14…+19 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27…+32 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +24…+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. +23…+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +21…+23 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ахмад настны үндэсний төвийг Алтан гадас одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, халамжийн салбарын ууган байгууллага-Ахмад настны үндэсний төвийг Алтан гадас одонгоор шагналаа.

Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрлах тус төв энэ өдрүүдэд түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна.

Төрийн дээд одонг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг гардуулж, үе үеийн албан хаагч, ажилчид болон ахмадуудад баяр хүргэн, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Мөн эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллан, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад ажилчдад төрийн одон, медаль гардууллаа.

1924 онд маршал Х.Чойбалсан санаачилга гарган Нийслэл хүрээнд “Өнчин ядуусыг тэтгэх газар” байгуулсан нь өнөөгийн Ахмад настны үндэсний төвийн суурь болсон түүхтэй. 1956 оноос Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум, 1967 оноос хойш одоог хүртэл Батсүмбэр сумын Баянголын аманд үйл ажиллагаа явуулж байна.

Үндэсний төв нь асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл садангүй, бие даан амьдрах чадваргүй, ганц бие, байнгын эмчилгээ, асаргаа шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байрлуулж, хоол, хувцас, эрүүл мэнд, асаргаа сувилгаа, нөхөн сэргээх, сэтгэл зүй, соёл зэрэг үйлчилгээг хуульд заасны дагуу үзүүлдэг.

Өнөөдрийн байдлаар 14 аймаг, нийслэлийн 182 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаагийн 117 нь эрэгтэй, 65 нь эмэгтэй юм.

Энэ жилийн хувьд Батсүмбэр сумын төвөөс Ахмад настны үндэсний төв хүртэлх замыг хатуу хучилттай болгох хөрөнгөөс гадна барилгын дээвэр, уурын зуухыг шинэчлэх, ахмадуудад нэн шаардлагатай автобус зэргийг худалдан авах 500 гаруй сая төгрөгийг улсын төсөвт тусгаад байна.

Цаашид тус төв шилдэг менежмент, шилдэг ажиллагсадтай, амьдрах хамгийн шилдэг орчин бүрдүүлж, гадаад харилцаагаа өргөжүүлэх зэрэг зорилт тавьжээ.

Тус төв 100 гаруй хүний орон тоотой үйл ажиллагаа явуулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

МАН: Нэр дэвшигчдийн материалаа СЕХ-нд хүлээлгэн өглөө

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшүүлсэн тогтоол болон хуульд заасан баримт бичгийг нэр дэвшигч тус бүрээр бүрдүүлэн Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгөх хуулийн хугацаа өчигдөр болов.

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, Хүний эрх дэвшилтэд бодлогын хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргал нар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд МАН-аас оролцох нэр дэвшигчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд өчигдөр хүлээлгэн өглөө.

МАН-аас Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 78, жагсаалтаар нэр дэвшүүлэх 48 нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээлгэн өгөв.

Монгол Ардын намын Бага хурлын IV хуралдаан 2024 оны 05 сарын 20-нд хуралдаж, Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвших 126 нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд тодруулсан.

Нэр дэвшүүлэхдээ Сонгуулийн тухай хуулийн 30.6. /Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлнэ/,  30.2. /Нам, эвслээс нэр дэвшүүлэхэд 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь….аль нэг хүйсийнх байна./ гэсэн заалтыг хангаж, эмэгтэй 38 буюу 30.2 хувь, эрэгтэй 88 нэр дэвшигчийг  дэвшүүлжээ.

Нийт нэр дэвшигчийн дундаж нас 46 байгаа бол хамгийн залуу нэр дэвшигч 26 настай Завхан аймгийн СДМОХ-ны тэргүүн, Стратеги академийн судлаач Пүрэвдагвын Бодьсайхан, хамгийн ахмад нэр дэвшигч нь 72 настай Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Төрийн соёрхолт, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Дүгэрийн Рэгдэл байгаа юм.

Нийт 126 нэр дэвшигчийн 66.7 хувь нь шинээр нэр дэвшиж байна. Үүнээс тойрогт 36 буюу 46.2 хувь нь анх удаа нэр дэвшиж байгаа бол, УИХ-д нэр дэвшиж сонгогдсон нь 42 буюу 53.8 хувь  байна.

Жагсаалтаар нэр дэвшигчид 100 хувь анх удаа нэр дэвшиж байгаа хүмүүс байна.

Боловсролын статистикийн тухайд дотоодын их, дээд сургууль төгссөн 57, гадаадад сургууль төгссөн 69 нэр дэвшигч байна.

Гадаад улс оронд суралцаж төгссөнийг улсаар нь ангилбал АНУ-д 26, Япон улсад 10, ОХУ-д 13, БНХАУ-д 4, бусад улс орнуудад суралцаж төгссөн 16 байна. /Харвард 10, Колумбын их сургууль 7 байна./

Мэргэжлээр нь ангилбал инженер 17, эдийн засагч 28, багш 11, эмч 7, эрх зүйч, хуульч 23, сэтгүүлч 8, улс төр судлаач 10, бусад нарийн мэргэжлийн биологич, геологич, антропологи, архитектур 5, бусад мэргэжлийн 17 байна. Үүнээс магистр 69, доктор 21, профессор, дэд профессор 11 байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Өмгөөлөгч-Танд тусалъя 2024” өдөрлөг 12 дахь удаагаа зохион байгуулагдана

Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1928 оны 5 сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолоор “Шүүн таслах явдлын тухай олон ардад тусламж үзүүлэх бүлгэм”-ийг байгуулсан бөгөөд энэ өдөр Монгол Улсад өмгөөллийн байгууллага байгуулагдсан гэж үздэг.  Энэхүү өдрийг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбоо 2012 оноос хойш Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран Холбооны гишүүн өмгөөлөгчдийн сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих зорилгоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх арга хэмжээг “Өмгөөлөгч -Танд тусалъя” нэртэйгээр 2012 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн юм.

Энэхүү “Өмгөөлөгч -Танд тусалъя 2024” өдөрлөгийг 2024 оны 05 сарын 27-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Тус өдөрлөгт бүхий л салбар эрх зүйн чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгчид оролцож олон нийтэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Өдөрлөгийн талаар зарим өмгөөлөгчийн сэтгэгдлийг хуваалцлаа.

 Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч  Р.Булгамаа:

Нийгмийн эмч болсон өмгөөлөгчид иргэддээ үнэ төлбөргүй үйлчилнэ

 Хүний эрхийн асуудал нийгэмд ус агаар мэт чухал. Тиймээс бид хууль шударга ёсыг хүндэтгэн дээдэлж, хүний эрх, эрх  чөлөөний асуудлыг Үндсэн хуульд заасны дагуу хэрэгжүүлж байж нийгэм хөгжинө, хүн хөгжинө. Иймд хүний эрхийг хамгаалах үйлсийн хамгийн тэргүүн  эгнээнд хуульчид, өмгөөлөгчид байдаг. Энэ үүднээс  өмгөөлөгчдийн нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг асар их. Монгол Улсын иргэн болгонд хуулийн талаархи мэдлэг мэдээлэл, тулгамдсан асуудлынхаа гарц гаргалгааг олох талаар хаана хэнд хандах вэ гэдэг эрэлт хэрэгцээ маш өндөр байдаг. Иргэдийн зүгээс ч зовлон бэрхшээл, эрх нь зөрчигдөж, хохироод байгаа асуудлынхаа чиг зүг, гарц гаргалгааг  олж харах хүлээлт  мөн дүүрэн байгаа.  Яагаад гэвэл, манай улсад шинээр батлагдан гарч байгаа хууль тогтоомжуудыг сурталчлан таниулах, иргэдийн эрх зөрчигдөхөд хэрхэн хамгаалах вэ, эрх нь зөрчигдсөн иргэн хэнд эрхээ хамгаалуулах вэ гэдэг ойлголт учир дутагдалтай байдаг. Тийм учраас хуульч, өмгөөлөгчид  иргэдийн хамгийн хүсэмжит хүмүүс гэж хэлж болно. Иймд та бүхнийгээ нийгмийн хариуцлага, нийгмийн эмч болсон мэргэжлийнхээ  хүрээнд иргэддээ харамгүй зөвлөгөө өгч, “Өмгөөлөгч Танд тусалъя- 2024” соён гэгээрүүлэх өдөрлөгтөө  идэвхтэй оролцохыг уриалж байна. Дээрх  арга хэмжээний үр өгөөж нийгэмд маш  их байдаг шүү.

 Хуульч, өмгөөлөгч Л.Энхсайхан:

Хороодоор дамжуулан зохион байгуулбал иргэдэд илүү ойртоно

Миний хувьд “Өмгөөлөгч -Танд тусалъя” арга хэмжээнд олон удаа оролцож байсан. Энэ хүрээндээ өргөдөл, гомдол, нэхэмжлэл бичих шаардлагатай иргэдэд  туслалцаа үзүүлдэг. Цаашид энэ ажлыг олон хүнд хүргэхийн тулд хороодоор дамжуулан зохион байгуулбал иргэдэд илүү ойртож, үр дүнтэй ажил болно гэж харж байгаа. Ихэвчлэн амьдралын боломжгүй хүмүүс тухайлбал, эрүүгийн хэргээр ял шийтгэл авсан, ажлын хоног аваад хугацаанаасаа өмнө тэнсэн харгалзаж суллагдах боломж байна уу,мөн хүүхдийн тэтгэмж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс  гэр бүлээ цуцлуулахын тулд хаана хандах вэ зэрэг асуудлаар нэлээд  хандаж, үнэ төлбөргүй зөвлөгөө  авч байсан. Нөгөө талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа маш муу явагдаж байна, Үүнээс үүдэн  удаашралтай, төлбөр төлөгч нь олдохгүйн улмаас төлбөрөө авч чадахгүй хохирч  байна гэсэн гомдлоор нэлээд  ханддаг. Өмгөөлөгч бидний нийгмийн  хариуцлагын хүрээн дэх ажлын үзүүлэлт ч эндээс харагддаг юм.

 Хуульч, өмгөөлөгч Н.Нарангуа:

Хуулиа мэдэхгүй иргэн үүргээ биелүүлдэггүй

Иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжиж, дээшүүлэхэд чиглэсэн Өмгөөлөгч -Танд тусалъя -2024” өдөрлөг  маш зөв зүйтэй ажлын нэг. Гэвч иргэдийн дунд  хууль сурталчлах ажил төдийлөн сайн хийгддэггүй. Тийм учраас хуулиа мэдэхгүй иргэн үүргээ биелүүлдэггүй. Иймд энэ өдрөөрөө тухайн иргэдэд тулгамдаж байгаа асуудалд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөхөөс гадна Монголын Өмгөөлөгчдийн Холбоо өмгөөлөгчдөө сурталчилж байгаа нэг хэлбэр юм. Дээрх өдөрлөгийн арга хэмжээг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд явагдаж байгаа гэж хэлж болно.

Өмгөөлөгч Э.Мөнхзолбоо:

Асуудлынхаа гарцыг олох иргэн бүхэнд нээлттэй

 “Өмгөөлөгч танд тусалъя- 2024” арга хэмжээ  алслагдмал, хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас хохирч яваа, тулгамдаад байгаа асуудлаараа  хаана хандах вэ гэдгээ  мэдэхгүй байгаа  иргэдэд нээлттэй.  Тиймээс  энэ өдөр олон жилийн туршлагатай, салбар салбартаа  мэргэшсэн чадварлаг өмгөөлөгчид иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Жуулчдыг татах гол зүйл бол Чингис хааны түүх, нүүдэлчин өв соёл буюу түүхэн аялал жуулчлал

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны 2024 оны гуравдугаар хуралдаан Хэнтий аймгийн Биндэр сум дахь Их хуралдай цогцолборт боллоо. Хуралдааныг тус хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удирдан явууллаа.
Тэрбээр Монголын Эзэнт гүрнийг байгуулсан анхны Их хуралдай болсон энэхүү түүхэн газар бол даян дэлхийг хоёр зууны турш засаглаж, хүн төрөлхтний соёл иргэншлийг тодорхойлж байсан бидний өвөг дээдсийн гайхамшигт түүхийн эхлэл цэг, Их Монгол Улсын гал голомт юм. Их эзэн Чингис хааны “Пакс Монголика” буюу Монголын их амар амгаланг даян дэлхийд тогтоосон түүх эндээс  эхэлсэн” хэмээгээд үндэсний хорооны хуралдаан түүхэн газарт болж байгаад бэлгэшээж буйгаа илэрхийллээ. 1206 оны улаан барс жил Онон мөрний эхэнд Тэмүжинд Чингис хаан цол өргөж, эсгий туургатнуудыг нэгтгэж, Их Монгол Улсыг даяар олноо зарлан тунхагласан түүхтэй.
Манай улс GoMongolia буюу Өөдөө тэмүүлэх Монгол үндэсний брэндийг олон улсад танилцуулж, өнгөрсөн жил 1.3 тэрбум ам.долларын орлого олсон. Цаашид амжилтаа илүү ахиулах учиртай. Түүх соёлоо дээдэлж, бататган бэхжүүлсэн улс үндэстэн илүү удаан оршин тогтнодог. Түүхийн дархлаа улс орны тусгаар тогтнолд нэн чухал гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Хуралдаанаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгийг Түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх төлөвлөгөө, Их хуралдай цогцолборын менежмент, тогтвортой байдлыг хангах төсөлтэй танилцаж, эрдэмтэн судлаачдын саналыг сонсон хэлэлцлээ. Монгол Улсын ардын багш С.Дулам, академич С.Чулуун нар “Монголын Их орд өргөөний түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол,  “Чингис хаан ба монголчуудын үнэт зүйл” сэдвээр илтгэл тавьж, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Золбадрал Түүхэн аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх төлөвлөгөөг танилцуулав. Монгол Улсын баялаг түүх, Их Эзэн Чингис хааны үнэт өв, нүүдэлчин соёлын онцлогт тулгуурлан дэлхийд танигдсан аялал жуулчлалын бүс бий болгоно гэж үзэж байна. Зүүн бүсийн гурван аймаг дархан цаазат газар, байгалийн цогцолбор газрууд олонтой түүх, соёл, байгаль, ан амьтны хосолмол аялал жуулчлал, түүхийн дурсгалт газрын бүтээн байгуулалтууд хийгдсэн зэрэг давуу талтай. Иймд Монгол Улсын түүхэн үеүдийг харуулсан сэдэвчилсэн парк байгуулахад олон улсын компаниудтай хамтран ажиллах, хил орчмын аялал жуулчлалд зориулсан үндэсний соёл, наадам сурталчлах үйл ажиллагааг хөгжүүлэх, түүхэн маршрутаар явган, морин, морин тэрэг, тэмээ, сарлаг, автомашин хосолсон аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх боломжтойг танилцууллаа. Авто зам, эрчим хүчний дэд бүтэц хангалттай биш, аялал жуулчлалын үйлчилгээний салбарын хөгжил сул, жуулчид зорин очиход хүндрэлтэй, шууд нислэггүй зэрэг асуудалд анхаарал хандуулах шаардлагатайг хэллээ.


Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их хуралдай цогцолборыг Чингис хааны музейн  харьяанд  байх нь зүйтэй гэж үзээд Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.


Их хуралдай цогцолбор нь гадаад, дотоодын жуулчдад Их эзэн Чингис хааны түүх, соёлыг сурталчилж, таниулахаас гадна Цонжин болдог, Хар зүрхний хөх нуур, Бурхан халдун, Хэрлэнгийн хөдөө арал, Балданбэрээвэн хийд, Рашаан хад, Өглөгчийн хэрэм, Дуурилаг нарс, Монгол хатдын өргөө, Дэлүүн болдог, Чингис хааны гэрэлт хөшөө хүртэлх түүхэн аялал жуулчлалын дурсгалт газруудын холбоос болсон чухал маршрут дээр оршиж байгаагаараа онцлогтой.  Уг цогцолборт Чингис хааны байгуулсан төрийн сүлд шүтээн болох есөн хөлт Цагаан туг, Их хааны ургийн наран тамга, Гүег хааны тамганы дардас Их Хуралдай хуралдах үеийн хаад, язгууртнуудын ордонд байрлан суух дэг ёсыг харуулсан зохиомж бүхий исэр сандал, туг хиур, хүндэтгэлийн орон зайг бий болгосон төдийгүй хаалга бүрийн дотор Монголын нууц товчоон, Шар тууж, Асрагч нэртийн түүх зэрэг түүхэн тулгар сурвалжийн ишлэлийг монгол бичгээр бичжээ. Мөн байгууламжид нэг ч хадаас ороогүй, углуургадаж босгожээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ хэлэлцэн баталлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 14 гишүүний санаачлан боловсруулсан Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар баталлаа.

Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах  тухай хуульд:

• эрүүл, идэвхтэй насжилтад бэлтгэх, ахмад настанд үзүүлэх урт хугацааны цогц тусламж үйлчилгээг сайжруулах;

• ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;

• ахмад настны эсрэг үйлдэгдэж буй эдийн засгийн хүчирхийллийг багасгах;

•• ахмад настны хөгжил, оролцоог нэмэгдүүлэх үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх, тодорхой болгох;

• ахмад настны асаргааны олон төрлийн үйлчилгээг бий болгон хөгжүүлэх;

• ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлж байгаа сувиллын газруудын тоо, хамрах хүрээг нэмэгдүүлэх;

• ахмад настанд протез, ортопед хийлгэх давтамжийг 5 жил байгааг 3 жил болгох;

• аж ахуйн нэгж байгууллага ахмадын сан ажиллуулахыг дэмжих, сангийн төсөв, санхүүжилтийг тодорхой болгох зохицуулалт тусгагдсан болно.

Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг  дагалдуулан өргөн барьсан холбогдох 10 орчим хуулийн нэмэлт, өөрчлөлтийг мөн Улсын  Их хурлаар батлуулсан бөгөөд хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд 20,451 хүн оролцож байна

“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтэд 34 орны 20,451 хүн оролцож, гараанаас гарлаа. Гүйлттэй холбоотойгоор өнөөдрийг “Автомашингүй өдөр” болгож, 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм.

Марафоныг нээж нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Энэхүү гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Нийслэл Улаанбаатар хотын иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монголд ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг жилд дунджаар 30,000 орчим хүн оролцдог. Үүнээс Улаанбаатар марафон нь нийслэлчүүд бидний соёл болон төлөвшиж буй нь харагдаж байна” хэмээн нийт оролцогчдод амжилт хүслээ.

Уг олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийг идэвхжүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийн өдөр тутам биеийн тамираар хичээллэх идэвх санаачилгыг дэмжих зорилготой. “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээнийг хоёр дахь жилдээ өдөрлөг болон зохион байгуулж, өргөн цар хүрээг хамруулан, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлснээрээ онцлогтой юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шарагчин үхэр өдөр

-Аргын тооллын 5 дугаар сарын 25. Бямба (Санчир) гараг (2024)
-Билгийн тооллын 17, шарагчин үхэр, мэнгэ 9 улаан, суудал шороо, онгоц-18 од, идэр барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:03-20:36.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өнгө зүс доройтох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
–Могой, тахиа, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд шагай, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд унь, таазанд орших болой.
-Нялхас, үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: эд, мал гадагш өгөх, суурь тавих, үхэгсдийн үйл, угаалга, залбирах талбих, өс дарах, өндөр суудалд суух, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, үс засуулах, бэрийн үйл, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, хүнийг ханаж, төнөх, замд гарах, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах муу.Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 17 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орж, нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна.

2024 оны 05-р сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчир, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн зүүн хагаст зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +10…+15 градус, Увс нуурын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгэ голын сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр +19…+24 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +25…+30 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хотын зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. +16…+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. +14…+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. +13…+15 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ихэнх нутгаар бороо орж, салхи, шуургатай байх тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Ойрын өдрүүдэд буюу тавдугаар 25-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.

Энэ хугацаанд 27, 31-нд Алтайн уулархаг нутгаар, 28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, түр зуур секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Иймд тээвэрчид, малчид, ард иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж:

-Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авах

-Аялж, зугаалга амралтаар явахдаа аюулгүй байдлаа хангах,

-Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол, усны ойролцоо тоглуулахгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,

-Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Маргааш томоохон зах, худалдааны төвүүд амарна

“Автомашингүй өдөр”-өөр буюу  маргааш томоохон зах, худалдааны төвүүд амарна.

Зам хаасан бүс буюу Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн томоохон зах, худалдааны төвүүд болох “Бөмбөгөр-1”, “Бөмбөгөр-2”, “Содон”, “Алтжин бөмбөгөр”, “Хүчит шонхор”, “Нарлаг дэнж”, “Нарантуул”, “Нарантуул-2”, “Ханталст”, “Баянзүрх”, “Шөнийн зах”, “Да хүрээ”,“Цайз”, “Дүнжингарав”, “Өгөөмөр”, “Сандэй плаза”, “Барс-1” “Барс-2”, “Хархорин”, “Шинэ сандэй” худалдааны төв”,“100 айл” барилгын материалын дэлгүүр зэрэг 20 гаруй худалдааны төв амрах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.

 Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон хүртэж байгаа бөгөөд өмнөх оноос 526-аар өссөн байна. Мөн одонгоо гардаж байгаа алдарт эхчүүдийн олонх нь 34-38 настай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүн амыг өсгөж, ард түмнийхээ хөгжил дэвшилд хүч нэмсэн ээжүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Үр хүүхдээ эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, зөв сэтгэлтэй иргэн болгон өсгөж хүмүүжүүлсэн монгол ээжийн хөдөлмөр зүтгэлийн үр шимийг гэр бүл, ураг төрөл, удам судар, улс үндэстнээрээ хүртдэг учраас ээжүүдийн ач гавьяаг монгол төр алдаршуулан бахархдаг уламжлалтай гэдгийг хэлэв.

Монгол төрөөс “Хүүхдийн мөнгө” олгож буй нь нийгмийн халамж бус, хүн амаа өсгөх, эх үрсээ дэмжиж байгаа төрийн бодлогын бодит илэрхийлэл гэдгийг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эхийн алдар” одонг дагалддаг мөнгөн урамшууллыг хоёр дахин нэмэгдүүлэхээр Засгийн газар ажиллаж байгааг дуулгав.

Монгол Улсын Ерөнхийлөгч алдарт ээжүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

НОБГ-ыг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагналаа

Нийслэл хотын иргэдийг гамшгийн аюулаас авран хамгаалах, аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр хэрэгжүүлэн ажиллаж байгаа нийслэлийн Онцгой байдлын газрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагналаа.
Нийслэлийн Онцгой байдлын газар нь 20 жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын нийт 48.803 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гамшгийн аюулаас 20 гаруй мянган эрдэнэт хүний амь нас, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын  их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Энэ нь улсын хэмжээний гал түймэр, аюулт үзэгдэл ослын нийт дуудлагын 35.9 хувь, аварсан эрдэнэт хүний 47.3 хувь, авран хамгаалсан эд хөрөнгийн 80 гаруй хувийг тус тус эзэлж байна.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлсэн үгэндээ “Эх орны зүрх, гал голомт болсон нийслэлээрээ овоглож, нийслэлийн иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж байгаа нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид сүүлийн 20 жилийн хугацаанд нийт 48,803 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 20 гаруй мянган эрдэнэт хүний амь нас, нэг их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэдэг алба хаагчдаа ард түмэн хайрлан хүндэлдэг билээ. Эх орон, ард түмнийхээ төлөө алтан амиа өргөсөн аврагчдын баатарлаг үйлс, гэгээн дурсгал ард түмэн, хамт олных нь зүрх, сэтгэлд мөнх оршиж, үүрд дурсагдах болно.
Онцгой байдлын байгууллагын үйл хэрэг өргөжин тэлж, үйлс зорилго нь биелэн төгөлдөржиж сүлд хийморь нь өөдөө байж, сүр хүч нь улам мандан бадрах болтугай” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа