Author Archives: baaska baaska

Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой хоёр шийдвэр гаргалаа. “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Мөн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тусгай тоноглол бүхий спорт цогцолбор барьж байгуулах ажлыг хариуцан зохион байгуулахыг Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэд даалгав.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар,
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх зардлын ангилалтай болж, салбар бүрд төсөв хуваарилдаг болно;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нийгмийн бүх салбарт бодитой хангах нөхцөл бүрдэх бөгөөд ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн байдал сайжирна;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх бүх төрлийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үүсгэн байгуулсан, эсхүл тэдний эрхийг хамгаалахаар нэгдсэн төрийн бус байгууллагуудын шалгуурыг тодорхойлсноор төр иргэний нийгмийн түншлэл бэхжиж, төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чанар, хүртээмж сайжирна;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг, бүрэн эрхийг нарийвчлан тодорхойлсноор байгууллагын чадавх бэхжиж, салбар дундын уялдаа холбоо сайжирна;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг дэмжих, үйл ажиллагааг санхүүжүүлэх тогтолцоо тодорхой болж, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй эх/эцэг/-ийн нийгмийн хамгаалал сайжирна;
-Хөгжлийн бэрхшээлтэй тамирчинд олгох урамшууллын төсвийн эх үүсвэр тодорхой болж, төсвийн эх үүсвэр давхардахгүй болно;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний орон байрны дэмжлэгийн зохицуулалт тодорхой болсноор үзүүлэх нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар хүртээмж сайжирна;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийг Үндэсний хороо болгон өөрчилж, хорооны ажиллах хэлбэр, ажлын албаны чиг үүрэг тодорхой болно;
-Хуулийн давхардал, хийдэл арилж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан нийгмийн халамж, боловсрол, эрүүл мэнд, хүртээмжийн зохицуулалт нь салбарын бусад хуулиар нарийвчлан зохицуулагдана.

“Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
“Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
“Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай” хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн дараах эерэг үр дагавар үүснэ гэж үзэж байна.
Тухайлбал,
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, менежменттэй холбоотой эрх зүйн орчин боловсронгуй болж, сууц өмчлөгчид эрүүл, аюулгүй орчинд тохь тухтай амьдрах, ажиллах нөхцөл бүрдэнэ.
Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох цахилгаан шатны ашиглалт, үйлчилгээ, орон сууцны байшинд гэрийн тэжээвэр амьтан тэжээх, ногоон байгууламж, тоглоомын талбай, авто зогсоол, явган хүний зам, хогийн цэг төлөвлөх, байгуулах, гэрэлтүүлэг суурилуулах болон бусад дундын өмчлөлийн хөрөнгийн ашиглалт, үйлчилгээтэй холбоотой эрх зүйн орчин боловсронгуй болно.
СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой төлбөр, хураамжийн асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулснаар сууц өмчлөгчөөр ашиглалтын зардлыг заавал төлүүлэх, хуульд заасан хугацаанд төлөөгүй сууц өмчлөгчид хариуцлага тооцох боломж бүрдэнэ.
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд дундын өмчлөлийн эд хөрөнгөд их засвар хийх, ашиглалт, үйлчилгээг үр ашигтай зохион байгуулах  хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой засвар, арчлалтын сан байгуулагдсанаар орон сууцны байшин буюу оршин суугчдын өмчийн үнэ цэнийг урт хугацаанд тогтвортой хадгалах санхүүгийн найдвартай эх үүсвэртэй болно гэж үзэж байна.

Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөх хөрөнгө оруулалт хийнэ
Монгол Улсын 2024 оны төсөвт батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа гурван ээлжтэй сургууль, ачаалал өндөртэй байршилд байгаа сургууль болон цэцэрлэг, дотуур байрны зарим төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд анхаарч төсвийн ерөнхийлөн захирагчийн хуулиар батлагдсан дүнд багтаан зохицуулалт хийхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.
Хот байгуулалтын норм, стандартын дагуу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн зориулалтаар газар чөлөөлөх, норм дүрмийн дагуу олгоогүй тохиолдолд буцаан хурааж авах, шинээр ашиглалтад орж буй хотхон, хорооллуудыг ашиглалтад ороход цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд ашиглалтад орох хугацааг хойшлуулах, үүнд хяналт тавих зорилгоор улсын комиссын бүрэлдэхүүнд орон нутгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас төлөөлөл багтаах, шинээр баригдаж буй хотхон, хорооллуудад газар чөлөөлж, сургууль, цэцэрлэгийн зориулалтаар нийслэл, тухайн орон нутгийн боловсрол, шинжлэх ухааны газарт эзэмших эрхийг шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Сургуулийн хүртээмж, ачааллаас шалтгаалан бий болсон гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийн тоог бууруулахаар 11 байршилд 5980 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн төсөл, арга хэмжээг шинээр, 40,350 хүүхдийн хүчин чадалтай 86 төсөл, арга хэмжээ 2024 онд он дамжин шилжин хэрэгжиж байна.
“Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөх, хөрөнгө оруулалт хийх, барилга угсралтын ажлыг дуусгахад шаардлагатай санхүүжилтийг гаргаж арга хэмжээ авахыг даалгалаа” гэж Л.Энх-Амгалан сайд ярилаа.

Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна
Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.
Тус тогтоолоор шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын хүний нөөцийг бэлтгэх, тасралтгүй хөгжих боломж, нийгмийн баталгааг хангах хүрээнд салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, олон улсын дэвшилтэт технологийг нутагшуулах хүрээнд салбарын технологи дамжуулах бодлогын чиглэл, төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.
Шинжлэх ухаан, технологийн салбарын тэргүүлэх чиглэлээр нарийн мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, үндэсний чадавхыг бэхжүүлэх, салбар дундын судалгаа хөгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Шинжлэх ухааны академийн материаллаг бааз, хүний нөөцөд түшиглэн ахисан түвшний их сургууль байгуулна. Шинжлэх ухааны академийн их сургуулиар бэлтгэх мэргэжлийн чиглэл, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг холбогдох их сургуулиудтай хамтран боловсруулж, батлах, хэрэгжилтийг удирдлага, зохицуулалт, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэлд үүрэг болгов.

Товч мэдээ
·      Ямааны угаасан ноолуурыг 2024 оны долдугаар сарын 01-нээс, бүх төрлийн боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана.
·      Нийгмийн халамж, улсын бүртгэл, татварын үйлчилгээг технологид тулгуурлан цахимаар үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, үйл ажиллагаандаа дагаж мөрддөг захиргааны хэм хэмжээний актад хүн, хуулийн этгээд, төрийн байгууллага хоорондоо цахим хэлбэрээр харилцах боломжийг олгосон зохицуулалтыг тусгахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
·      Монгол Улсаас Эсватинийн Хаант Улстай дипломат харилцлаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
·      Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулсан Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлсэн “МАЗ-ын автозамын засвар, арчлалтын 42 ширхэг машин нийлүүлэх төсөл”, “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн тусгайлсан зээлийн хэлэлцээрүүдийн нэмэлт хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Б.Жавхланд олголоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Нарантуул” захын уулзвараас “Өгөөмөр” зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

Баянзүрх дүүрэг, 42-р хороо “Нарантуул” захын уулзвараас “Өгөөмөр” зах хүртэлх авто замыг тавдугаар сарын 20-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ.

Тус замыг асфальт бетоноор хучна. Мөн хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар хот, нийтийн аж ахуйн чиглэлээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суралцах сурагчдыг сонгон шалгаруулах “Нарийн мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэх тухай” ажлын хэсгийг байгуулсан. НЗДТГ-ын дарга Л.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсэг Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн хот нийтийн аж ахуйн салбарт тогтвор, суурьшилтай ажиллаж буй албан хаагчдын 18-22 насны хүүхдүүдийн судалгааг авч, сонгон шалгаруулалтын хүрээнд ганцаарчилсан ярилцлагыг тавдугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлсэн юм.

Сонгогдсон хүүхдүүд эх орондоо 11 сар герман хэлний бэлтгэлд хамрагдах юм. Хэлний шалгалтдаа тэнцсэн тохиолдолд Герман Улсад дараах нарийн мэргэжлээр гурван жил суралцана.

  1. Метроны засварчин
  2. Нийтийн тээврийн инженер, засварчин
  3. Дулааны слесарь
  4. Цахилгаанчин
  5. Агуулах, ложистикийн мэргэжилтэн
  6. Үйлдвэрийн механикжуулалт, Мехатроник,
  7. Гүний барилга байгууламжийн инженер, мэргэжилтэн
  8. Металл
  9. Хүнсний технологич
  10. Систем, интеграцчлал мэдээллийн технолгийн мэргэжилтэн
  11. Бетон ба төмөр бетоны мэргэжилтэн
  12. Токерчин
  13. Цэцэрлэгжүүлэлт, ландшафт

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсад 2023 оны байдлаар 17 408 хос гэрлэлтээ бүртгүүлжээ

Монгол Улсад 2023 оны байдлаар 17 408 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 4 776 хос гэрлэлтээ цуцлуулсан байна.
Манай улсын нийт 983.5 мянган өрхийн:
? 163 289 (16.6%) нь 3 ам бүлтэй,
? 180 117 (18.3%) нь 4 ам бүлтэй,
? 143 278 (14.6%) нь 5 ам бүлтэй,
? 87 220 (8.9%) нь 6 ам бүлтэй,
? 33 109 (3.4%) нь 7 ам бүлтэй,
? 14 841 (1.5%) нь 8 ам бүлтэй,
? 6 688 (0.7%) нь 9 ам бүлтэй,
? 6 176 (0.6%) нь 10-аас дээш ам бүлтэй өрх байна.
01
02

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Олон улсын гэр бүлийн өдөр” тохиож байна

Жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий ассамблей гаргаснаас хойш 31 жил болж байгаа бол Монгол Улсад 2003 оны “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу 21 дэх жилдээ тэмдэглэж байна.
2024 оны Олон улсын гэр бүлийн өдрийг “Гэр бүлийн олон янз байдлыг хүлээн зөвшөөрч, бэхжүүлэх” сэдвийн дор тэмдэглэж байгаа нь гэр бүлийн олон хэв шинж, янз байдлыг хүлээн зөвшөөрч, гэр бүлд тохирсон, хэрэгцээтэй үйлчилгээг үзүүлэх, хөгжүүлэхийг улс орнуудад уриалж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдрөөс 20 хоног халуун ус хязгаарлах байршлууд

2023-2024 оны халаалтын улирал 05 сарын 15-ны өдрөөр дуусч байгаатай холбогдуулан айл өрх, ААН, байгууллагын халаалтыг зогсоож ирэх оны халаалтын улирлыг саадгүй давах, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх ажлуудыг төлөвлөсөн хуваарийн дагуу эхлүүллээ. Нийт 8 багц засварын ажил төлөвлөсөнөөс /төсөл хөтөлбөрөөс бусад/ эхний хэсгүүдийн засварын ажлууд эхэлж, зарим хороолол, хотхоныг хэрэглээний халуун усыг түр хугацаагаар хязгаарлана.

2024.05.15 – 2024.06.05 хүртэл 20 хоног халуун ус хязгаарлах байршлууд

-ДЦС-4 ТӨХК-ийн урд талын хэсэг, Эх газар ХХК, I,X хорооллын төв замын урд хэсэг Хархорин худалдааны төв, Эрин хороолол, Өнөр хороолол, Комплекс импорт ХХК, Голден парк -1,2 хотхон, Гермес төв, СБД-ийн 4-р хороо, Орбита эмнэлэг ХХК, СХД-ийн 27,29,37-р хороо, Москва хороолол, 1-р хорооллын ДДТ-124, СХД-ийн усан спорт сургалтын төв, СХД-ийн тохижилт үйлчилгээ ХХК, Троллейбусны депо, Натул клиник эмнэлэг, Содон хороолол, Ханын материал, Хилчин хотхон, Баянхошуу орчмын бүх хэрэглэгчид

-СХД-ийн 18,29-р хороо, 10-р хорооллын төв замын хойно Хөрс авто сервис ХХК-иас зам дагуу баруун тийш Ач анагаах ухааны дээд сургууль хүртэлх хэсэг, Модернити автомотив ХХК, Талх чихэр ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХК, Драгон төв, Сүү ХК, АПУ ХК, 12-р сургууль, Дашваанжил ХХК, БСБ дэлгүүр, Хишиг арвин индустриал ХХК Таван шар орчим

-СБД-ийн 5-р хороо, Голомт хотхон, Наран туул зочид буудал, Энхтайван найрамдлын ордон, УБ их дэлгүүр, хотын төв 40,50 мянгатын хороолол, Барилгын политехник коллеж, БГД-ийн 2,16-р хороо, Hill side хотхон, Солонго лайн ХХК, Монгол эм импекс концерн ХХК, 6-р сургууль, 68-р цэцэрлэг, Шихихутаг их сургууль, Тунамал өргөө 39,40-р байр, 5-р хороолол орчмын хэрэглэгчид.

Хэрэглэгч та дэлгэрэнгүй мэдээллийг шуурхай удирдлагын албаны Дуудлагын төвийн 7004-7005 тоот утсаар болон өөрийн харьяа орон сууцны контороос лавлана уу!

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шарагчин туулай өдөр

-Аргын тооллын 5 дугаар сарын 15. Лхагва (Буд) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 7, шарагчин туулай, мэнгэ 1 цагаан, суудал хий, үнэг-8 од, рашаан барилдлагатай өдөр. Тэрсүүд, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:13-20:24.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Гахай, хонь, туулай, хулганажилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, могой, морь, хонь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, сүүж, шагайнд, гэрийн сүлдголомтонд орших болой.
–Аливаа үйлд мууболой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

15,16-нд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны 05-р сарын 14-ний 20 цагаас 05-р сарын 15-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар -3…+2 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13…+18 градус, Увс нуурын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр +8…+13 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +16…+21 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор +28…+33 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -1…-3 градус хүйтэн, бусад хэсгээр +2…+4 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Орон сууцны зориулалтаар олгосон газрыг зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэг барихаар төлөвлөж байна

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ 2021 онд ажилчдын орон сууц барих зориулалтаар 836 м2 газар эзэмшиж, барилгын компанитай гэрээлжээ. Харин тус хорооны оршин суугчдын зүгээс орон сууцны зориулалтаар олгосон газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэг барих саналыг нийслэлийн удирдлагуудад хүргүүлсэн. Энэ асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг тус хорооны оршин суугчидтай уулзлаа.

Энэ үеэр тэрбээр “Орон нутгийн өмчит аж ахуйт тооцоот үйлдвэрийн газар өөрийн эзэмшил газраа бусдад ашиглуулж барилга барих нь хуулиар хориотой.  Иймээс газар эзэмшигч ААН болон барилгын компанийн төлөөлөлтэй уулзаж газар эзэмших эрхийг цуцлах талаар ярилцсан. Тус газарт оршин суугчдын саналыг үндэслэж цэцэрлэг, ногоон байгууламжийн ажлыг гүйцэтгэхээр холбогдох ажлыг зохион байгуулж байна” гэдгийг хэллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай болон Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн  Тамгын газрын дарга Я.Содбаатар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл  

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн нийгмийн халамжийг сайжруулах, “Алдарт эх”-ийн одон авахад дэмжлэг үзүүлэх, дөрөв буюу зургаагаас дээш хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан нэг ба түүнээс дээш настай хүүхдийг өсгөж хүмүүжүүлсэнд тооцож “Алдарт эх”-ийн одон олгодог байх зэрэг санал иргэдээс Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирсээр байна.

Үүнтэй холбогдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.

Хуулийн төсөлд “дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан, эсхүл байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан нэг ба түүнээс дээш настай хүүхдийг хамруулж байхаар тусгалаа.

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

Хуулийн төсөлд Төрийн далбааг байнга мандуулах газар, байршлыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтоож болохоор, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор Төрийн далбааг иргэн, хуулийн этгээдэд хүндэтгэлтэйгээр гардуулан өгөх  зохицуулалтыг тусгажээ.

Төсөл батлагдсанаар ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон төрийн бэлгэ тэмдэг, Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АТГ: Албан тушаалтны ашиг сонирхлын зөрчилд хамаарах 76 гомдол, мэдээллийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 5 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 470 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 238 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 232 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 76 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 20 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 41 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоож нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлж ажиллалаа. Тухайлбал, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын албан тушаалтан “М”, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “Э”, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн албан тушаалтан “А” нарын гаргасан зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2, 13.8.3-т заасан хариуцлага тооцуулахаар тус тус эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булан багийн “Лагийн нуур” гэдэг газар тавдугаар сарын 12-нд гарсан хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, тус аймгийн Матад сумын Мэргэжлийн ангийнхан, “Бичигт” боомтын ажилтнууд ажиллаж,  13-ны 22:47 цагт бүрэн унтраасан.

Түймэрт урьдчилсан байдлаар хээрийн өргөн 24 км, урт 60 км талбай өртөж шатсан.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байгаа тул болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа