Author Archives: baaska baaska

Нүүдлийн амбулаториор эрт илрүүлэг хийж эхэллээ

Улс орон даяар явагдаж байгаа Эрт илрүүлэх үзлэг оношлогоо шинжилгээнд энэ сарын 7-ны байдлаар нийт хүн амын 40 хувь хамрагдаад байна.

Эрүүл мэндийн яамнаас эрт илрүүлгийг эрчимжүүлэх, хөдөөгийн болон алслагдсан бүс нутгийн иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор үе шаттай арга хэмжээг авч байгаа юм.

Энэ удаа Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч нарын баг Төв аймгийн Батсүмбэр суманд ажиллаж хөдөөгийн иргэдийг үзлэг, оношлогоо шинжилгээнд хамруулж байна.

Батсүмбэр суманд очсон эмч нарын баг Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх” МОН-9218 төслийн хүрээнд Монгол Улсад явуулын үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх иж бүрэн тоноглогдсон нүүдлийн амбулаториар үзлэг оношлогоо хийж буй юм.

Нүүдлийн эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглосон хоёр автомашины нэгд нь лабораторийн шинжилгээ, дурангийн оношилгоо, эмэгтэйчүүдийн үзлэг хийж буй бөгөөд хоёр дахь машинд рентген оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, шүд, чих хамар хоолой, нүд, дотрын эмчийн үзлэг хийж байна.

Орон нутагт хийж буй эрт илрүүлгийн явцын талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг “Орон нутагт эрт илрүүлгийг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн алслагдсан дүүргүүд болон аймгуудаас төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдээс нарийн мэргэжлийн эмч нарын баг ажиллуулж иргэдэд үзлэг шинжилгээ хийлгэх хүсэлтийг ирүүлсэн. Энэ дагуу яамнаас хуваарь гарган эмч нарын багийг тусгай тоноглогдсон нүүдлийн амбулаторитой илгээн ажиллуулахаар болсон. Нүүдлийн амбулатори бүхий эдгээр машин хөдөө бартаа ихтэй замд туулах чадвар сайтайн дээр үзлэг, шинжилгээ явуулахад ашигладаг бүх төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон юм. Нүүдлийн эмнэлэгтэй эмч нарын багийн хамгийн анхны үзлэг Төв аймгийн Батсүмбэр сумаас эхэллээ. Цаашид бид өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад ажиллуулж хөдөөгийн малчид, тариаланчдыг эрт илрүүлэгт хамруулах ажлыг зохион байгуулна. Хөдөөгийн иргэдэд үзлэг, оношилгооноос гадна сэтгэл заслын эмчилгээг давхар хийж, зөвлөгөө өгч байна. Эмч нарын багийг дараагийн ээлжинд Завхан, Увс, Ховд, Говь-Алтай аймагт ажиллуулахаар төлөвлөсөн” гэлээ.

Батсүмбэр сум нь 7300 хүн амтай бөгөөд сумын хэмжээнд насанд хүрэгчдийн 20 гаруй хувь нь эрт илрүүлэгт хамрагдсан. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч нарын баг үзлэг, шинжилгээг гурван өдрийн турш сумын Эрүүл мэндийн төвд хийж байна. Үзлэгийн эхний өдөр 80 гаруй хүн үзлэг хийсэн бөгөөд нүүдлийн амбулатори дахь лабораторийн тусламжтайгаар биохими, цус болон шээсний ерөнхий шинжилгээ хийж, ПАП сорил, гепатит B, C илрүүлж, зүрхний цахилгаан бичлэг, улаан хоолой, ходоодны дуран, цээжний рентген, хөх, хэвлийн, бамбайн үзлэг шинжилгээг газар дээр нь хийж, зөвлөгөө өгч байгаа юм.Батсүмбэр Эрүүл мэндийн төвөөс цас ихтэй, өвөлжилт хүндэрсэн цаг үед алслагдсан багуудын өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд зэрэг зорилтот бүлгийн хүмүүстээ эрүүл мэндийн тусламж үйчилгээ үзүүлсэн ба өвчлөлийн хувьд харьцангуй бага хэдий ч тусламж үйлчилгээ авч байгаа иргэдийн дунд зүрх судас, артерийн даралт ихсэх өвчин зонхилсон байна.

Эрт илрүүлгийн багийг УХТЭ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Ж.Уламсайхан ахалж яваа юм. Тэрбээр “Манай баг дотор, зүрх судас, чих хамар хоолой, сэтгэл засал зэрэг зургаан эмчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 150 гаруй хүнийг үзлэг, оношилгоонд хамруулаад байна. Иргэдийн дунд зүрх судас, артерийн даралт ихсэх өвчлөл их, эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хавдар, шархлаа зэрэг өвчлөл илэрч байна.

Мөн газар орны байршлаас хамаарч өвчлөл янз бүр байдаг. Баруун аймгуудад элэгний хавдар дийлэнх хувийг эзэлдэг бол зүүн аймгууд нам дор газар байрладаг учраас хоол боловсруулах замын өвчлөл зонхилдог” гэж ярьсан юм.

Төв аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа хүн амын дунд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг оношилгоог хийснээр иргэдэд илрэхгүй байсан, шинж тэмдэггүй өвчнүүдийг илрүүлэхэд чухал ач холбогдолтой байгааг дурдаад Эрдэнэ сумын долоон хүнд дурангийн үзлэг хийхэд бүгд ходоодны ямар нэг эмгэгтэй гарсныг ярьсан. Аливаа өвчнийг эрт илрүүлэх нь тухайн хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэх төдийгүй амьдралын чанарт ч нөлөөлдөг хэмээсэн.

Эрт илрүүлэгт хамрагдахаар ирсэн зарим хүнтэй уулзлаа. Батсүмбэр сумын нэгдүгээр багийн иргэн Х.Оюунгэрэл “Манай суманд эрт илрүүлэх үзлэг хийхээр эмч нарын баг ирсэнд баяртай байна. Тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхээс гадна маш хэрэгтэй зөвлөгөө өгсөн. Эхний байдлаар бамбай булчирхайн үрэвсэл илэрсэн. Бүх шинжилгээний хариу гарсны дараа зохих эмчилгээг хийлгэж эхэлнэ гэж бодож байгаа” гэсэн бол Б.Батчулуун “Миний хувьд социализмын үеэс хойш эмнэлэгт үзүүлээгүй гэж хэлэхэд болно. Нүүдлийн эмнэлэгтэй нарийн мэргэшлийн эмч нарын баг ирсэнд олзуурхаад үзүүлэхээр зорьж ирлээ. Өмнө нь эрт илрүүлэх үзлэг, оношилгоо явагдаж байгааг мэдсэн ч үзүүлж амжихгүй явсан юм. Энэ нийгэмд эрүүл байх нь л хамгийн чухал учраас эрүүл мэнддээ анхаарч, эрт илрүүлэгтээ идэвхтэй хамрагдаасай гэж хүмүүст уриалмаар байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Г.Занданшатар: Хаврын чуулганаар эрх зүй, эдийн засаг, нийгэм, хүний хөгжлийн реформуудаа эцэслэн дуусгах нь Та бидний эрхэм чухал зорилт байх болно

Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

 Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид оо,

Та бүхэндээ энэ өдрийн мэндчилгээг дэвшүүлье. Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган эхэлж байна. Энэ чуулган 2020 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын бүрэн эрхийн хугацааны “отгон” чуулган болно. Тэр ч утгаараа ард түмнийхээ итгэлийг хүлээж сонгогдсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, энэ парламентын хувьд онцгой чухал ач холбогдолтой чуулган болох ёстой. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн, эхлүүлсэн цогц өөрчлөлт шинэчлэлээ гүнзгийрүүлж дуусгах нь энэ чуулганы зорилт байх болно. Парламентад ард түмний төлөөллийг нэмэгдүүлэх, сонгодог парламентыг төлөвшүүлэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх чиглэлээр Үндсэн хуульд оруулсан нэмэлтийг хэрэгжүүлэх бэлтгэлийн хүрээнд “Их хуралдай” танхимд өргөтгөл шинэчлэл хийгдэж байгаатай холбогдуулан Ардчилсан парламент бүрэн бүрэлдэхүүнээрээ “Их эзэн Чингис хаан” танхимд хуралдаж байна.

Алдаанаасаа суралцсан, гажуудлаа зассан, тогтолцоогоо чамбайруулсан, хөгжлөө түргэтгэн, үндэстнээ хүчирхэгжин урагшлуулах “шинэ” 30 жилийг эхлүүлэх түүхэн цаг үеийн гэрч, оролцогч нар болон та бид энд сууж байна. Энэ удаагийн парламент ачааны хүндийг үүрч, эрс шинэчлэлийн баганыг тулж, элдэв гажуудлыг засахыг эрмэлзэж, Парламентын засаглалын суурийг ганхуулалгүй, нийгмийн суурь шинэчлэлийн бат бэх суурийг тавьж чадсан гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй. Олон жил гацсан нийгмийн суурь гажуудлыг үүсгэгч тогтолцоо, засаглалын хямралт байдлыг бид зөвлөлдөн зөвшилцөх замаар засаж залруулж чадлаа. “Чадлаа” гэх энэ үгэн дотор Монгол Улсын олон суурь асуудлууд гацаанаас гарсныг хожим түүх үнэлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол Улсынхаа язгуур эрх ашгийн төлөө улс төрийн эр зориг гаргасанд, намчирхал талцлаас илүү язгуур эрх ашигтаа үнэнч байж, улсынхаа үсрэнгүй хөгжил, хүчирхэгжлийн гүн бат суурийг тавих үйлсэд гар бие, сэтгэл зүрхээ зориулсан та бүхэнд гүн талархал илэрхийлье. Монгол Улс цэгцрэн тэгшрэх, сэргэн мандах эргэлтийн цаг үеийн босгон дээр 8 дахь удаагийн парламент үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид “Шинэчлэлийн” парламент байхыг зорилгоо болгож, сэрж сэхээрсэн ард олны Цэгцрэх хөдөлгөөн, Шинэ сэргэлтийн бодлого дэвшүүлсэн Засгийн газартайгаа нэг зүгт харж, нэгдмэл эрмэлзэлтэй байж чадаж байгаа нь энэ парламентыг илэрхийлэх нэг онцлог юм. Монгол Улс бол хуулийн засаглал, хувь хүний эрх, чөлөөт эдийн засгийн тогтолцоог эрхэмлэж, сонгуулиар төр засгаа эмхлэн бүрдүүлдэг, ардчилсан улс. Энэ шинэ замыг сонгосон 30 гаруй жилд бид ардчилсан тогтолцоогоо улам баталгаажуулах, улсаа хөгжүүлэх, эрх чөлөөт, шударга нийгмийг төлөвшүүлэх, ард нийтээрээ сайхан амьдрахын төлөө л зорьсон. Гэхдээ бодож төсөөлснөөс асуудал өөрөөр эргэж, үр дүн хүссэн хэмжээнд хүрсэнгүй өнөөдөрт хүргэлээ. Тиймээс туршлага, сургамжаа шүүн тунгаах, алдаа бурууг засаж залруулах, үүний тулд тогтолцооны шинэчлэл хийхэд чиглэсэн эрмэлзэл сүүлийн 4-5 жилд эрчилсэн давалгаа болж өрнөж байна. Эмх замбараагүй мэт санагдаж болох ч энэ бол цэгцрэх хөдөлгөөн гарцаагүй мөн. “Чиглэлийг нь тодорхойлж үл болох, үй түмэн молекулуудын эмх замбараагүй хөдөлгөөнийг нэг зүгт эмхлэн чиглүүлбэл энерги болж хувирдаг” физикийн ердийн онол нийгмийн хөгжил, хөдөлгөөнд ч хамаатай. Цэгцрэхийн төлөөх ард олны энэ эрчилсэн хөдөлгөөнийг Улсын Их Хурал мэдэрч, шинэчлэлийг түүчээлэгч, шүгэл үлээгч байж чадсан гэж үзэж байна. Улс төр судлаач, эрдэмтэн Жеймс Вильсон, Жорж Келлинг нарын дэвшүүлсэн “хагархай цонхны онол”-ыг хамгийн энгийнээр тайлбарлах юм бол “Цонх хагарвал тэр дор нь шиллэж байх ёстой. Хэрвээ ингэхгүй бол дараа дараагийн цонх хагарсаар бүтэн цонх нэг ч үгүй болно” гэсэн утгатай. Энэ бол нийгэмд бий болсон тулгамдсан асуудал, буруу хазгайг тэр дор нь засаж шинэчилж байхгүй бол тогтолцооны гажуудал болж урхагшина гэсэн үг.  Өнгөрсөн 30 жилд манайд цонх хагарсаар байсан ч бүтэн болгоход төдийлэн анхаарсангүй. Оролдлогууд мэдээж байсан ч тэр бүр бүтэлтэй болсонгүй. “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддаг”-тай адил “Хагархай цонх”-оор жавар салхи, тоос буртаг орж ирсээр, улам зузааран хуримтлагдсаар өнөөг хүргэжээ. Тиймээс Улсын Их Хурал, Засгийн газар энэ хуримтлагдсан гажуудлыг засах эрх зүйн шинэчлэл хийхийг эрхэм зорилгоо болгож ажиллаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах хүрээнд хийсэн улс төр, засаглал, эдийн засаг, нийгмийн тогтолцооны эрх зүйн реформууд хагархай цонхуудаа бүтэн болгоод зогсохгүй, цаашид цонх хагарахгүй байх дархлааг бий болгоход чиглэсэн юм. Монгол хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах нь ардчилсан Монгол Улс оршин тогтнохын нэг үндсэн баталгаа юм. Тиймээс 2021 оны хаврын чуулганаа “Хүний эрхийг дээдлэх” чуулган болгон зарлаж, Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Ази тивдээ анх удаа баталж, монгол хүний аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх шинэ тогтолцоог бүрдүүлсэн.

Иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хилс хэргээр яллахгүй байх, эрүүдэн шүүлтийг таслан зогсоох чиглэлд бодитой ахиц өөрчлөлт гарч эхэлсэн. 2023 оны хаврын чуулганаа “Авлигын эсрэг” чуулган болгон зарлаж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгасан өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулсан. Авлигаас ангид нийгэм, авлигаас татгалздаг, ёс зүйтэй төрийн албатай болох, ард түмний нэр барьсан популизм, ёс зүйгүй байдлыг таслан зогсоох нь Монгол төрийг, Монголын нийгмийг авлигаас ангижруулах үндсэн хүчин зүйл мөн. Улс төр, засаглалын реформын хүрээнд Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоотой болох өөрчлөлтийг 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан. Үүнтэй уялдуулан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Эдгээр нь гишүүдийнхээ тоог олшруулсан төдий өөрчлөлт биш, парламентат ёсоо улам бэхжүүлэх, ард түмний хүсэл эрмэлзэл, засаглах эрх, нийгмийн бүлэг, кластерийн төлөөлөл парламентад илүү сайн хангагдаж байх төлөөллийн ардчиллыг төгөлдөржүүлэх, “мөнгөний сонгууль”-иас татгалзахад чиглэсэн юм. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, намууд бодлогын институц болж төлөвших, санхүүжилт нь ил тод байх зарчмыг шинээр тусгасан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, алба тушаал, эрх мэдлээр далимдуулан бусдаас давуу байдал эдлэх боломжийг хязгаарласан. Хараат бус, бие даасан, шударга шүүхтэй болох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаанд нийцүүлж, Монгол Улсын Шүүхийн тухай багц хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. “Бага Үндсэн хууль” гэж нэрлэгддэг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, түүнтэй уялдуулан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиудыг баталж, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, засаг захиргааны шинэчлэлийн эхлэлийг тавилаа. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг баталж, хуулийн хэрэгжилтийг хангах хяналт шалгалтын бүрэн эрхээ парламент өөрийн гарт авсан.

Үүний үр дүнд хяналт босоогоос хэвтээ тэнхлэгт шилжиж, ард олон, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэмтэй хамтарсан хүчтэй, шударга хяналтын тогтолцоо бүрдэж байна. “Хөгжлийн банкны”, “Нүүрсний” гэх мэт олны анхаарлыг татсан үйл явдлуудаар парламентад Хянан шалгах түр хороо байгуулж, Нээлттэй сонсгол зохион байгуулснаар улс орон, ард түмний хөгжин дэгжих боломжийг хулгайлсан томоохон луйврын үйлдлүүдийг ил тод болгож, ард түмний мэдэх эрхийг хангасан. “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааны дагуу “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл”, “2023, 2024 оны улсын хөгжлийн төлөвлөгөө” зэрэг урт, дунд, богино хугацааны хөгжлийн төлөвлөгөөнүүдийг баталж, эдийн засаг, төсвийн реформыг эхлүүлэв. Нийгмийн бодлогын хүрээнд Нийгмийн даатгал, Боловсролын салбарын багц хуулиудыг баталж, эрүүл мэндийн салбарын хуулиудад өөрчлөлт оруулсан нь олон жил ярьсан реформыг хэрэгжүүлэхэд чухал алхам боллоо. Бүхэлдээ энэ нь монгол хүний хөгжлийг хангахад чиглэсэн юм. Цахим шилжилт хийж, “3D” буюу цахим парламент болох чиглэлээр бидний хэрэгжүүлсэн ажил олон шинэ өөрчлөлтийг авчирч байна. “D-parliament” систем ард түмэн засаглах эрхийг хэрэгжүүлэх шинэ боломжийг нээж өгч байна.

Эрхэм гишүүд ээ,

Энэ хаврын чуулганаар эдгээр эрх зүй, эдийн засаг, нийгэм, хүний хөгжлийн реформуудаа эцэслэн дуусгах нь Та бидний эрхэм чухал зорилт байх болно. Орлогын тэгш бус байдлыг арилгах, тогтвортой өсөлттэй, өсөлтийн үр шим нь иргэндээ, айл өрхдөө хүртдэг эдийн засгийн тогтолцоо бүрдүүлэхийг ард иргэд шаардаж, парламент ч энэ чиглэлд онцгой анхаарч байгаа. Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт улс. Үүгээрээ бид бахархдаг. Харвардын их сургуулийн профессор Ричард Вийтор “Улс орнууд хэрхэн өрсөлддөг вэ” номдоо “Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, түүний хүчин чадал нь хүний нөөц, технологийн нөөц, капиталын нөөц, газар нутаг- байгалийн нөөцөөс хамаарна” гэжээ. Тэгвэл бидэнд 1.5 сая ам. дөрвөлжин км өргөн уудам, үржил шимт, үзэсгэлэнт сайхан газар нутаг бий. Байгалийн асар их баялгаараа дэлхийд гайхагддаг. Өөрөөр хэлбэл Монгол Улс хэнээс ч үл хамааран, үнэ цэнэтэй оршин тогтнох, Монголын ондоошил, ижилслийг дэлхийд дархлах хангалттай боломж байна. Энэ боломж нь Монгол Улс хөгжлийн эрэмбээр дэлхийтэй хөл нийлэх чухал хүчин зүйл мөн. Түүнийг эрх зүйн шинэчлэлээр дэмжих ёстой. Үүний тулд Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа нэн тэргүүнд батлан гаргах шаардлагатай байна. Монгол хүн монгол газартаа, Монголынхоо баялагт эзэн нь байх ёстой гэсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зарчмыг энэ парламент тууштай мөрдсөн. “D-petition” системээр иргэдээс ирүүлсэн татвар, нийгмийн даатгал, тэтгэмж, газар эзэмших, ашиглахтай холбоотой нийтийн өргөдлүүдэд бид хуулийн дагуу хариу өгөх ёстой. Татварын цогц реформ хийх, Газрын тухай хуулийг шинэчлэн батлахдаа иргэдийнхээ ирүүлсэн эдгээр саналыг зайлшгүй харгалзан авч үзэх ёстой. “Ногоон автобус”-ны хэрэг, Ашигт малтмалын лиценз, газар олголтын байдалд хяналт шалгалт хийх Түр хороо ойрын хугацаанд Нээлттэй сонсгол зохион байгуулж, Монголын баялаг, ард түмний өмчийн хулгай луйврыг илчлэх ёстой. Хууль бусаар бусдын гарт ороод байсан Салхитын мөнгөний жижигхэн ордыг төр, ард түмний өмчлөлд буцаан авснаар 400 гаруй мянган ахмадын 900 гаруй тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэж, зээлгүйд нь нөхөх олговор олгож байсныг та бүхэн санаж байгаа байх. Ашигт малтмалын том, жижиг ордууд, тэдгээрийн ашиглалт, лиценз, татвар төлөлтийг тойрсон элдэв хэлбэрийн булхай луйврыг илчлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Шударга бус, ёс зүйгүй байдал, хууль завших үзэгдэл, гэмт үйлдлүүдэд олон нийтийн хяналтыг тогтооход чухал ач холбогдолтой Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энэ чуулганаар батлахад ажлын хэсэг шуурхайлах шаардлагатай байна.  Хэдхэн сарын дараа Улсын Их Хурлын ээлжит сонгууль болно. Бүсчилсэн том тойргуудад өрсөлдөөн өрнөнө. Энэ бол 126 гишүүн сонгох тоон хэмжүүрийн асуудал биш, ирээдүйгээ томоор харж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг амилуулах томоохон реформын эхлэл юм. Хот хөдөөгийн ялгааг багасгах, эдийн засгийн нөөцийг зохистой хуваарилах, хөгжлийг урт хугацааны төлөвлөлт, бодлогоор удирдах, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баталгаажуулахад энэ шинэчлэл чухал ач холбогдолтой. Тиймээс сонгуулийн бэлтгэлийг сайтар хангах, холбогдох дүрэм журмуудыг батлан гаргах нь энэ чуулганы бас нэг чухал зорилт байх болно. Нөгөө талаар парламентын төлөөллийн чадавхыг сайжруулах, сонгодог парламентыг төлөвшүүлэх, шинжлэх ухаанч мэтгэлцээн, судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох засаглалыг төлөвшүүлэх үзэл баримтлалд суурилсан Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудыг батлах чухал үүрэг, хариуцлага биднийг хүлээж байна.

Эрхэм гишүүд ээ,

Монголын хөдөө цас, зудын нэн хүндрэлтэй цаг үед байна. Хүндрэл арилж, мал шинэ ногоотой золгох хүртэл бас нэлээд хугацаа бий. Тиймээс малчдадаа туслах арга хэмжээг цаашид ч үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хаа хаанаа бид анхаарах ёстой. Энэ удаагийн цас, зуд Монголын хөдөө аж ахуй, түүний дотор амиа аргацаах төдий саланги бутархай мал аж ахуйн салбарт тогтолцооны шинэчлэл зайлшгүй чухал байгааг батлан харууллаа. Ган, зудад нэрвэгдсэн үед нь өвс, тэжээл зөөж хүргэх, малчдыг урамшуулал, дэмжлэгт хамруулах төдийгөөр асуудлыг шийдэж чадахгүй нь хэнд ч тодорхой байна. Тиймээс ойрын болон урт хугацааны гарц, шийдлийг эрэлхийлэх замаар шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэх нь чухал болжээ. Энэ зорилгоор “Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлах хэрэгтэй байна. Монгол малчин, монгол мал, Монгол газар нутаг гурав бол Монголын тусгаар тогтнол, бүтэн бүрэн оршихуйн тулгуур багана, хүнсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл саруул аж төрөхийн нэг чухал баталгаа төдийгүй нүүдлийн соёл иргэншлийн дархлааг хамгаалах, өвийг хадгалах үнэт зүйл мөн гэдгийг санацгаая.

Эрхэм гишүүд ээ,

Монголоо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр НЭГ МОНГОЛ болж нэгдэх, НЭГ ЗҮГ-т хамтдаа харах, ЦЭГЦРЭХ ХӨДӨЛГӨӨН-ийг дэмжин түрж, ШИНЭ СЭРГЭЛТ-ийг хамтдаа бүтээхийг Улсын Их Хурлын Эрхэм гишүүд, нийт ард түмэндээ уриалъя.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.

2024.03.15

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулган эхэллээ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2024.03.15) 10 цаг 06 минутад гишүүдийн 55.0 хувийн ирцтэйгээр эхлэв.

Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зэрэг төрийн өндөр дээд албан тушаалтнууд, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын болон нийслэлийн удирдлагууд биечлэн, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон улсын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд цахимаар уригдан оролцлоо.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв. /УИХ-ын даргын хэлсэн үг бүрэн эхээрээ / Тэрбээр хэлсэн үгэндээ, Энэ чуулган 2020 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын бүрэн эрхийн хугацааны “отгон” чуулган болно. Тэр ч утгаараа ард түмнийхээ итгэлийг хүлээж сонгогдсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, энэ парламентын хувьд онцгой чухал ач холбогдолтой чуулган байх ёстойг тэмдэглэсэн.

Мөн энэ удаагийн парламент ачааны хүндийг үүрч, эрс шинэчлэлийн баганыг тулж, элдэв гажуудлыг засахыг эрмэлзэж, парламентын засаглалын суурийг ганхуулалгүй, нийгмийн суурь шинэчлэлийн бат бэх суурийг тавьж чадсан гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй. Олон жил гацсан, нийгмийн суурь гажуудлыг үүсгэгч, тогтолцоо засаглалын хямралт байдлыг бид зөвлөлдөн зөвшилцөх замаар засч залруулж чадлаа. “Чадлаа” гэх энэ үгэн дотор Монгол Улсын олон суурь асуудлууд гацаанаас гарсныг хожим түүх үнэлнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв.

Монгол Улс цэгцрэн тэгшрэх, сэргэн мандах эргэлтийн цаг үеийн босгон дээр  найм дахь удаагийн парламент үйл ажиллагаагаа явуулж байна. Бид “Шинэчлэлийн” парламент байхыг зорилгоо болгож, сэрж сэхээрсэн ард олны Цэгцрэх хөдөлгөөн, Шинэ сэргэлтийн бодлого дэвшүүлсэн Засгийн газартайгаа нэг зүгт харж, нэгдмэл эрмэлзэлтэй байж чадаж байгаа нь энэ парламентыг илэрхийлэх нэг онцлог гэдгийг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэсэн.

Монгол Улс хөгжлийн эрэмбээр дэлхийтэй хөл нийлэх чухал хүчин зүйл мөн. Түүнийг эрх зүйн шинэчлэлээр дэмжих ёстой. Үүний тулд Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа нэн тэргүүнд батлан гаргах шаардлагатай гэдгийг хэлсэн үгэндээ дурдахын сацуу “D-petition” системээр иргэдээс ирүүлсэн татвар, нийгмийн даатгал, тэтгэмж, газар эзэмших, ашиглахтай холбоотой нийтийн өргөдлүүдэд бид хуулийн дагуу хариу өгөх ёстой. Татварын цогц реформ хийх, Газрын тухай хуулийг шинэчлэн батлахдаа иргэдийнхээ ирүүлсэн эдгээр саналыг зайлшгүй харгалзан авч үзэх ёстой гэв.

Шударга бус, ёс зүйгүй байдал, хууль завших үзэгдэл, гэмт үйлдлүүдэд олон нийтийн хяналтыг тогтооход чухал ач холбогдолтой Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энэ чуулганаар батлахад ажлын хэсэг шуурхайлах шаардлагатайг тэмдэглэлээ.

Хэдхэн сарын дараа Улсын Их Хурлын ээлжит сонгууль болно. Бүсчилсэн том тойргуудад өрсөлдөөн өрнөнө. Энэ бол 13 тойргоос 126 гишүүн сонгох тоон хэмжүүрийн асуудал биш, ирээдүйгээ томоор харж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг амилуулах томоохон реформын эхлэл юм. Хот хөдөөгийн ялгааг багасгах, эдийн засгийн нөөцийг зохистой хуваарилах, хөгжлийг урт хугацааны төлөвлөлт, бодлогоор удирдах, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баталгаажуулахад энэ шинэчлэл чухал ач холбогдолтой. Тиймээс сонгуулийн бэлтгэлийг сайтар хангах, холбогдох дүрэм журмуудыг батлан гаргах нь энэ чуулганы нэг чухал зорилт байх болно гэдгийг онцолсон.

Мөн тэрбээр цас, зуд Монголын хөдөө аж ахуй, түүний дотор амиа аргацаах төдий саланги бутархай мал аж ахуйн салбарт тогтолцооны шинэчлэл зайлшгүй чухал байгааг батлан харууллаа. Ган, зудад нэрвэгдсэн үед нь өвс, тэжээл зөөж хүргэх, малчдыг урамшуулал, дэмжлэгт хамруулах төдийгөөр асуудлыг шийдэж чадахгүй нь хэнд ч тодорхой байна. Тиймээс “Малчин өрхүүдийн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлах хэрэгтэй байна гэв.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд, Монголоо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр нэг Монгол болж нэгдэх, нэг зүгт хамтдаа харах, “Цэгцрэх хөдөлгөөн”-ийг дэмжин түрж, “Шинэ сэргэлт”-ийг хамтдаа бүтээхийг Улсын Их Хурлын гишүүд, ард түмэндээ уриалсан юм.

Дараа нь Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр хаврын чуулганы нээлтийн ажиллагаа өндөрлөж, нэгдсэн хуралдаан үргэлжлэн хаалттай горимд шилжиж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг сонсож байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нийт 1847 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1444, гэмт хэргийн шинжтэй 100 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 63 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 13 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
56

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шар бар өдөр

-Аргын тооллын 3 дугаар сарын 15. Баасан (Сугар) гараг (2024)
–Билгийн тооллын шинийн 6, шар бар, мэнгэ 8 цагаан, суудал төмөр, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, түлэх барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:05-18:57.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад өнгө зүс сайжрах маш сайн. Харин бич, бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Нохой, морь, хонь, тахиажилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд зүрх, гар, хацарт, гэрийн сүлд гэр доторт орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: хиншүү, бузар, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх, сайн үйлийг эхлэх, цацал өргөх, эм найруулах, бэрийн үйл, төрөл садан бололцох, бурхан сахиус тахих, ном эхлэн заалгах, худаг малтах, арилжаа наймаа хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, эд, мал гадагш өгөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал гаргах муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө 1 градус дулаан

                         Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Маргааш өдөр Булган, Орхон, Дархан-Уул аймгийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орно.
                            Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
15-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, 16-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.
                     2024 оны 03-р сарын 14-ний 20 цагаас 03-р сарын 15-ны 20 цаг хүртэл
                                                цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орно.
Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10…-15 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…+5 градус дулаан, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 0…-5 градус, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -10…-15 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +6…+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, маргааш оройдоо нойтон цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -10…-12 градус, бусад хэсгээр -5…-7 градус хүйтэн, өдөртөө 0…+2 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -8…-10 градус хүйтэн, өдөртөө +1…+3 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, маргааш оройдоо нойтон цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -11…-13 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

БНЭУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжих төслийн үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд чухал хэрэгцээт протезоор хангагдана

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамны төлөөлөл болох Хэргийг түр хамаарагч Сажеев Кумарыг хүлээн авч уулзлаа.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан М.П.Сингхийн санаачилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас тус улсын “Жайпур фүүт” хүмүүнлэгийн байгууллагаар дамжуулан Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд буцалтгүй тусламжаар гар, хөлийн протез хийх төслийн ажлыг холбогдох яамдтай хамтран хэрэгжүүлж, эмч мэргэжилтнүүд манай улсад ажиллах юм.
Уулзалтаар, Элчин сайдын яамны зүгээс төслийг хэрэгжүүлэх, гар, хөлийн протез үйлдвэрлэл явуулах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй 2,500-3,000 мкв талбай бүхий ажлын байраар хангах, цехийн аюулгүй байдал, ус цахилгаан, харилцаа холбооны хэрэгслээр хангах, багийн ажил болон зохион байгуулалтад туслах ажилтнууд гаргаж өгөхийг хүссэн.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, төслийг хэрэгжүүлэх, гар, хөлийн протез үйлдвэрлэл явуулах 2,500-3,000 мкв талбай бүхий ажлын байраар хангах боломжтойг дуулгаад. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв”-ийн байранд төслийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна гэлээ.
Мөн протез , ортопедын 2 үйлдвэр манай улсад үйл ажиллагаа явуулдаг, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн 6 төвийг ашиглалтад оруулсан. Эдгээр төвийн дэргэд протез, ортопедын нэгжүүд ажиллана. Тиймээс протез, ортопедын үйлдвэр болон төвд ажиллаж байгаа, ажиллахаар бэлтгэгдэж байгаа боловсон хүчнээ сургаж чадавхжуулах давхар ач холбогдолтой учраас Энэтхэг улсаас ирэх мэргэжилтнүүдээр туслуулах саналтай байна гэлээ.
Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллана гэдгээ талууд илэрхийлсэн.
Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэд чухал хэрэгцээт протезоор хангагдахаас гадна, төслийн хамгийн том ач холбогдол нь протезын үйлдвэрийн ажилчид, хоёр орны эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчид харилцан туршлага солилцох, бие биенээсээ суралцахын зэрэгцээ протез үйлдвэрдлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр, төвүүдийн чадавхийг бэхжүүлэх томоохон боломж бүрдэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулганыг 2024 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.

Үндэсний II чуулганаар эрэгтэйчүүдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд зэрэг асуудлыг хөндөж, “Эрэгтэйчүүдийн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа”, “Эрүүл монгол хүн-Эрчүүдийн эрүүл мэнд”, “Эр хүний үнэт зүйл” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.

“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний анхдугаар чуулганыг 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулж “Эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, үүрэг хариуцлага, оролцоо”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг”, “Эрэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт-боловсрол, амьдралын ухаан”, “Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргасан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Малын хорогдол 6.1 орчим хувьтай байна

Улсын онцгой комиссоос зудын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгийн мэдээлснээр, гуравдугаар сарын 10-ны байдлаар зудын нөхцөл байдалд үнэлгээ хийхэд улсын хэмжээнд 10 аймгийн 37 суманд төмөр буюу мөсөн, 16 аймгийн 130 суманд цагаан зудтай, 14 аймгийн 49 сум, нийслэлийн хоёр дүүрэг цагаанаар зудархуу. Нийт 20 аймгийн 216 сум, нийслэлийн хоёр дүүрэгт хаваржилт хүнд байна. Энэ сарын эхний арав хоногт нийт нутгийн 60 хувь нь цастай байгаа нь өмнөх сараас буурсан дүн юм. Харин малын хорогдол улсын хэмжээнд 3 925 734 толгой байгаа бөгөөд нийт малын 6.1 орчим хувь хорогджээ. Мөн гурваас доош ам бүлтэй, найман аймгийн 46 сумын 1408 өрхөд хүн, хүчний дэмжлэг үзүүлэн ажиллаж байна гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумд оролцож, “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцууллаа. Тэрбээр нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд төвийн зургаан дүүргийн гэр хорооллын бүсэд ажиллаж буй төрийн албан хаагчидтай өнгөрсөн нэг сарын хугацаанд уулзсан. Харин өнөөдөр  сүүлийн 30 жилд нийслэлд хуримтлагдсан алдаа дутагдал, ирэх 30 жилд хийгдэх хөгжлийн концепцоо хэлэлцэж, хамтран шийдэхээр нийслэлийн есөн дүүргийн салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж байна. Сүүлийн 30 жилд хүн амын талаас илүү нь нийслэлд төвлөрснөөс даац хэтэрсэн. Үүнийг дагаад түгжрэл, утаа, хог, бохирдол зэрэг олон бэрхшээл бий болсон нь төлөвлөлтийн алдаатай бодлоготой холбоотойг Ерөнхий сайд дурдлаа.

Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг Улаанбаатар хот эзэлдэг. Гэтэл хотын төвийн Бага тойруу хэсэгт төрийн 70 гаруй байгууллага ажиллаж, түгжрэл, төвлөрлийн гол шалтгааны нэг болж байна. Бага тойрууд байгаа эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй. Бүсчлэл гэдэг бол эрх мэдлийг задална гэсэн үг. Бид суурь реформ дээрээ хандлага, харах өнцгөө өөрчлөх цаг болжээ. Төр, захиргааны байгууллагууд манлайлал үзүүлэх ёстой гэдгийг мөн хэллээ.
Улсын Их Хурлын сонгуулийг  энэ жил анх удаа бүсчилсэн тойргоор явуулахаар болж, Засгийн газар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ форум Улсын Их Хурлын сонгуулийн өмнө болж байгаа нь улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр илүү прагматик байхад, мөн мэдээллийн хувьд тэгш гараанаас эхлэх, бодлогын мэтгэлцээнд тулгуурлах тал дээр чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Хорооны Засаг даргад төсвийн эрх мэдэл байхгүй. Хуулиар эрх мэдлийг нь нэмэгдүүлж, төсөв захиран зарцуулах эрх олгох, хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах хүрээнд төвлөрлийг сааруулах бодлогыг төр, засгаас хэрэгжүүлэхээс өөр гарцгүй болсныг Ерөнхий сайд тэмдэглэв.

Форумын үр дүнд үндэслэж, Засгийн газар бүс бүрийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулна. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулж, бодитоор хэрэгжүүлж шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь бий болж, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг тулгамдсан асуудал шийдвэрлэгдэнэ гэж үзэж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Европын Холбооноос зудын хүндрэлийг даван туулахад зориулж 500 мянган еврогийн хүмүүнлэгийн тусламж олголоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз-ийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Элчин сайд Аксель Никэйз Монгол Улсад тулгарч буй зудын бэрхшээлийг даван туулахад зориулан Европын Холбооноос олгож буй 500 мянган еврогийн хүмүүнлэгийн тусламжийн батламжийг гардууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүмүүнлэгийн тусламж үзүүлж буйд Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Европын Холбооноос үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг зудын хүндрэлтэй тулгарч буй 1850 өрхөд хүргэх юм.
Уулзалтаар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцаж, энэ онд тохиож буй Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг бодит үр дүнтэй тэмдэглэхийг чухалчилж байгааг талууд онцоллоо.

Тухайлбал, “Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэлэлцээрийн хүрээнд бүсчилсэн хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Европын хөрөнгө оруулалтын банкнаас 45 сая еврогийн хөнгөлөлттэй зээл, Европын Холбооноос 9,4 сая еврогийн буцалтгүй тусламжийг эхний ээлжид тус тус олгохоор болсныг сайшааж, талархал илэрхийллээ.
Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Европын Холбооны “Дэлхийд гарах гарц”, “Ногоон гэрээ” зэрэг хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжиж буй болон цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар ярилцав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 37 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нийт 1817 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1436, гэмт хэргийн шинжтэй 97 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 48 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 15 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
37

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаагчин үхэр өдөр

-Аргын тооллын 3 дугаар сарын 14. Пүрэв (Бархасвадь) гараг (2024)
–Билгийн тооллын шинийн 5, улаагчин үхэр, мэнгэ 9 улаан, суудал шороо, гоё хүүхэн-1 од, хүчин төгсөх барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:07-18:56.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эд, мал арвижих маш сайн. Харин хонь, луу, нохой, үхэр, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
–Тахиа, могой, бар, туулайжилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, луу, нохой, үхэр жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, хүйс, танхимд, гэрийн сүлд хатавч, хаалганы хажуу хананд орших болой.
-Лам, бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: эд, мал гадагш өгөх, суурь тавих, үхэгсдийн үйл, угаалга, залбирах талбих, өс дарах, өндөр суудалд суух, арилжаа наймаа хийх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, модны үйл, нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, мал гаргах муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа