Author Archives: baaska baaska

УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэл, дэвшил” сэдэвт уулзалт зохион байгууллаа

Хүүхдийн баярыг угтан Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн бүлгээс өнөөдөр (2026.05.29) “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэл, дэвшил” сэдвээр иргэний нийгмийн байгууллага, сэтгүүлчидтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд тус бүрдээ ерөнхий сэдвийн хүрээнд парламентаар хэлэлцэж буй хуулийн төслүүд, гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл танилцуулсан.

Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал хүүхэд хамгааллын тогтолцооны асуудлаар танилцуулга хийв. Хүүхэд хамгааллын асуудал нь тогтолцооны хувьд хамтран ажиллагч, үүрэг хүлээгч 12 талтай бөгөөд хүүхдийн баяр, хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд оролцогч талууд хэрхэн үр дүнтэй хамтарч ажиллах, алдаа дутагдлаа илрүүлж, тулгамдаад байгаа асуудлаа тодорхойлж, бодлогын үр дүнгээ хэлэлцэн, сайжруулах талаар зөвлөлдөх ёстой хэмээн ойлгож буйгаа тэрбээр мэдээллийнхээ эхэнд тэмдэглэлээ. Энэ үүднээс Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн бүлгээс талууд нэг ширээний ард асуудлаа илэн далангүй ярилцах энэхүү уулзалтыг санаачилж, цаашид уламжлал болно хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн. Х.Баасанжаргал гишүүн хүүхэд хамгааллын чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа талаар танилцуулаад, анх удаа байгуулагдаж 2026 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж буй Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн талаарх хуулийг хэрэгжилтийг хянан шалгах ажлын хэсгийг ахалж байгаагаа дурдав. Мөн эмэгтэй гишүүдийн зүгээс хүүхэд хамгааллын тогтолцооны талаар тусгай шалгалт хийх  хянан шалгах түр хороо байгуулах саналаа гаргаад байгаа гэв. Үүний үр дүнд олон талт хамтын ажиллагаа өрнүүлж, дотоодын хууль тогтоомж, тогтолцоогоо олон улсын аргачлалаар үнэлж, хамтдаа суралцан, эрх зүйн орчноо олон улсын түвшинд нийцүүлэх боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаагаа хэлсэн.

Улсын Их Хурлаар өдгөө хэлэлцэж буй Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн талаар Б.Мөнхсоёл гишүүн танилцууллаа. Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох эрхийг хангах хүрээнд төслийг боловсруулсан болохыг дурдав. Төслөөр 3-18 хүртэлх насны хүүхэд хичээлийн бус цагаар хөгжих боломжийг дэмжихээр хүүхдийн хөгжлийн төвүүдийг байгуулах асуудлыг зохицуулах юм байна. Улс орон даяар хүүхэд хөгжлийн ялгааг арилгах, тэгш хөгжих боломжийг бүрдүүлэх, энэ төрлийн үйл ажиллагааны санхүүжилтийг ил тод болгох асуудлуудыг төсөлд тусгасан байна. Энэхүү төсөл батлагдсанаар хүүхэд гэмт хэргийн оролцогч, хохирогч болох эрсдэл буурна хэмээн үзэж байгаа аж.

Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг “Хүүхдийн хөгжил, хамгааллын бодлого төрийн бодлогын цөмд байх ёстой” хэмээн онцлоод Тамхины хяналтын тухай хууль хүүхдэд хэрхэн нөлөөлж байгаа, эрх зүйн орчныг сайжруулах талаар мэдээлэл хуваалцав. Улс орны ирээдүй болсон хүүхдүүдийн эрх хангагдаж байгаа эсэхийг олон талаас нь харах ёстойн зэрэгцээ төрийн бодлогын хувьд ямар нөлөөлөлд амьдруулж, бид юу хийх ёстой вэ гэдэгтэй холбогдох жишээ бол Тамхины хяналтын тухай хууль хэмээлээ. Тус хууль 2012 онд хэрэгжиж эхэлснээс хойш дорвитой шинэчлэл ороогүй, шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн зах зээлд хяналтгүй нэвтэрч, энэ нь 10-аас дээш насны хүүхдүүдийн түгээмэл, хяналтгүй хэрэглээ болон өргөжиж байгааг тэмдэглэн хэллээ. Үүний зэрэгцээ дэлгэцийн, сэтгэцэд нөлөөлөх бодисын донтолтод өртөх эрсдэл бийг тэрбээр дурдаад, хүүхдийг ямар орчинд өсгөх талаар төр бодлого гаргаж, анхаарах шаардлага бий гэв. Улсын Их Хурлын 78 гишүүн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд даруй хагас жилийн нүүр үзэж байгааг мэдээллийн үеэр дурдсан.

Зөвхөн эрх зүйн орчны өөрчлөлтийг хүлээхгүй, Улсын Их Хурлаас хамааралгүйгээр хүүхдүүд энэ төрлийн хорт зуршилд автахгүй байх, ангижрах хүрээнд санаачилга гарган, нөлөөллийн аяныг үр дүнтэй явуулсан талаарх жишээ дурдаад, дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Үргэлжлүүлэн О.Номинчимэг гишүүн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар танилцууллаа. Мөн тэрбээр Өргөдлийн байнгын хорооны даргын хувиар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлуулсан талаараа мэдээлэл өгсөн юм. Хүүхэд шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж, чөлөөт цагаараа хөгжих боломжтой байх нь аливаа муу зуршил, сөрөг нөлөөлөл, эрсдэлээс ангид байх суурь нөхцөл хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн.

Үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулахаар Улсын Их Хурал, төрөөс бодлогын ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар С.Одонтуяа гишүүн мэдээлэл танилцууллаа. Нэн тэргүүнд холбогдох ажлын хэсгийг байгуулсныг дурдаад, үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал нь манай улсын хувьд улс орнуудын дундажтай харьцуулахад 2-3 дахин өндөр үзүүлэлттэй байгаа гэх баримтыг хэлсэн. Холбогдох судалгаа, баримт, мэдээллээс үзэхэд яаралтай арга хэмжээ авах шаардлага бий хэмээгээд “Энэ үйлдийг тодорхой томьёолж, ойлголтыг нэгтгэх, улмаар шаардлагатай орчинд хэрэглэх нарийвчилсан журмуудыг гаргаж, мөрдүүлэх, олон улсын жишиг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, асуудлыг мэдээлэх, гомдлыг шийдвэрлэх нэгдсэн тогтолцоо бий болгох, урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай” гэлээ. Энэ хүрээнд Улсын Их Хурал Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа тул олон нийт саналаа нээлттэй ирүүлэхийг урив. Түүнчлэн Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хүүхдийн хөгжлийн тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай, Нийгмийн ажлын тухай хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгсөн.

“Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэл, дэвшил” сэдэвт уулзалтад О.Саранчулуун гишүүн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах талаар мэдээлэл танилцуулсан. Улсын Их Хурлын баталсан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар товч дурдав. Уг хуулиар ээж, хүүхдийг ялгаварлаж буй зохицуулалтуудыг өөрчилсөн байна. Нийгмийн ажилтнуудын ажил, үүргийг оночвлох, мэргэжлийн нийгмийн ажлын үйлчилгээ тодорхойлж буй Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг танилцууллаа. Төсөл батлагдсанаар дам нөлөөллөөр хүүхдэд хүрч байгаа үйлчилгээ сайжрах аж. Нөгөө талдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нэн тэргүүнд хэрэгтэй тусламж, үйлчилгээг хүргэдэг нийгмийн ажилтны оролцоо сайжрах ач холбогдолтой хуулийн төсөл болохыг уулзалтад оролцогчдод мэдээлэв. Үргэлжлүүлэн тэрбээр өргөн мэдүүлэхээр төлөвлөж буй Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төслийн талаар, ICF буюу хөгжлийн бэрхшээлтэй хүний үйлдлийн чадамж тодорхойлох олон улсын аргачллыг монгол хэлээр орчуулах хэмжээнд нөлөөлөл үзүүлсэн “Гэрээсээ гарцгаая” аяны талаар мэдээлэл танилцуулсан.

Жилд дунджаар 200000 орчим хүүхэд зам тээврийн осолд өртөж буй нөхцөлийг өөрчлөх, үүнээс сэргийлэх чиглэлд Улсын Их Хурлаас гаргаж буй шийдвэрийн талаар Л.Энхнасан гишүүн мэдээлэл хийв. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын орчин, хяналт, хариуцлагын тогтолцоо болон эрх зүйн орчныг сайжруулахаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламент хэлэлцэж байгааг дуулгав. Энэ хүрээнд хүүхдийн замын хөдөлгөөнд оролцох мэдлэг, соёл, дадлыг төлөвшүүлэх олон улсын жишиг хөтөлбөрүүдийг нэвтрүүлэх, сургуулийн орчныг сайжруулах, гудамж, зам, талбайг эрсдэлгүй болгох, тэмдэг, тэмдэглэгээний хариуцах эзнийг тодорхой болгож, цогцоор нь хэрэгжүүлэх, жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авах юм байна.

Боловсролын ерөнхий хуулийн төслийн талаарх мэдээлэл танилцуулахаар төлөвлөж байсан ч хүндэтгэх шалтгааны улмаас уулзалтад оролцох боломжгүй байгаа Ц.Мөнхтуяа гишүүний мэдээллийг Х.Баасанжаргал гишүүн уламжилсан. Боловсролын хүртээмж, чанар, багшийн хүрэлцээ, сургалтын орчны ялгаа, анги дүүргэлт, хүүхдийн хөгжлийн дэмжлэг зэрэг асуудал нь хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангахад саад болсоор байгааг тодотгоод, Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар дээрх асуудлыг зохих хэмжээнд шийдвэрлэх бодит алхам болно хэмээснийг танилцуулсан. Чанартай боловсролын үндэс нь тогтвортой, чадварлаг багш учраас нэн тэргүүнд багшийн нийгмийн баталгаа, цалин хөлсийг сайжруулах нь зүйтэй хэмээн үзэж төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Улмаар анги дүүргэлтийг стандартад нийцүүлэх, хэтэрсэн тохиолдолд холбогдох тохируулгыг хийх, мөн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хоол зүйч зэрэг боловсролын салбарын мэргэжлийн ажилтны эрх зүйн статусыг тодорхой болгох асуудлыг тусгажээ. Хүүхэд бүр хаана амьдарч байгаагаас үл хамааран чанартай сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, аюулгүй орчин, хөгжлийн үйлчилгээг тэгш хүртээх боломжийг бүрдүүлэх зорилгоор нэг суралцагчид оногдох хувьсах зардлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээнд тооцож, жил бүр инфляцтай уялдуулан шинэчлэхээр тусгажээ. Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны, дотуур байрны хүүхдийн зардлыг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан шинэчлэх, ДНБ-ий 7 хувиас доошгүй эсвэл улсын төсвийн нийт зардлын 20 хувиас доошгүй төсвийг боловсролын салбарт хуваарилах талаар мөн тусгасан байна. Төгсгөлд нь Ц.Мөнхтуяа гишүүн “Хүүхдийн эрхийг хамгаална гэдэг нь зөвхөн хүчирхийллээс хамгаалах тухай ойлголт биш харин хүүхэд бүр чанартай боловсрол эзэмших, аюулгүй орчинд суралцах, хөгжих, тэгш боломжтой байхыг хэлнэ. Тиймээс хүүхдийн эрхийг хамгаалах хамгийн том хөрөнгө оруулалт бол боловсролын шинэчлэл гэдгийг ойлгож, дэмжихийг хүсье” хэмээснийг Х.Баасанжаргал уулзалтад танилцууллаа.

М.Мандхай гишүүн, хүн амын хүнсний хэрэгцээг чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах Хүнсний тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн талаар танилцуулга хийв. Хүүхдэд зориулсан хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний харилцаа нь салангид, ойлгомжгүй эрх зүйн орчинтой байсныг сайжруулж, дээрх төслийн хүрээнд хүүхдэд зориулсан хоол, хүнсний ханган нийлүүлэлт, шим тэжээллэг байдал, эцэг, эхчүүдэд боловсрол олгох зохицуулалтыг тусгаад байгаа аж. Хүүхдийн хоол, хүнс нь тусгай нөхцөл, хамгаалалт шаардлагатай учраас төрөөс бодлогоор анхаарч, сургууль, цэцэрлэгийн хоолны түүхий эдийг дотоодын үйлдвэрлэгчидтэй тогтвортой хамтрах нийлүүлэлтийн сүлжээг бий болгох, хүүхдийн хүнсний нөөц бүрдүүлэх, үүний сацуу орхигдоод байсан хүнсний хадгалах, тээвэрлэх, худалдаалах буюу сүлжээ, дамжлагын асуудлыг нарийвчлан зохицуулахаар холбогдох заалтуудыг тусгасанаараа онцлогтой гэв. Үүний хамт хяналтын тогтолцоог зэрэгцүүлэн бэхжүүлэх зохицуулалтууд туссан байна. Цэцэрлэг, сургуулийн хоолны асуудал нь өргөн агуулгаараа үндэсний хэмжээний хүнсний аюулгүй байдал, нийтийн эрүүл, ахуй, үндэсний үйлдвэрлэлийн тогтвортой сүлжээг бий болгох ач холбогдолтой гэдгийг М.Мандхай гишүүн мэдээлсэн.

Ийнхүү гишүүд парламентын түвшинд хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр хэлэлцэж буй төслүүд, гаргаж буй шийдвэрүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулсны дараа уулзалтад оролцсон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид асуулт асууж, хариулт, мэдээлэл авсан юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эрхэм нандин сувд” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Энхчимэг, “Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэг” ТББ-ын тэргүүн Б.Мөнхжаргал тэргүүтэй иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл саналаа илэрхийлж, “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэл, дэвшил” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ

Прокурорын байгууллага 2026 оны эхний 5 сарын байдлаар 3,022 хүүхэд хохирсон 2,713 хэрэгт хяналт тавьсан.
Үүнээс он гарснаас хойш 856 гэмт хэрэг шинээр бүртгэгдэж, 935 хүүхэд хохирогчоор тогтоогдсон байна.
Хохирсон 935 хүүхдийн 52.3 хувь нь эрэгтэй, 47.7 хувь нь эмэгтэй бол 63.5 хувь нь 14-17-ны хүүхдүүд байна.
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 5 хүүхэд нас барж, 11 хүүхдийн эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учирчээ.
Тиймээс эцэг эхчүүд та бүхэн тээврийн хэрэгслийн түлхүүрээ ил орхихгүй байх, насанд хүрээгүй хүүхдэдээ тээврийн хэрэгсэл жолоодох боломж олгохгүй байж, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Прокурорын байгууллагаас уриалж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монголын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна

Манай улсын нийт хүн амын 1.3 сая буюу 36.1 хувь нь 0-17 хүртэлх насны хүүхдүүд байна. Тэдний 51.2 хувь нь эрэгтэй, 48.8 хувь нь эмэгтэй.
2025-2026 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд нийт 1 сая 78.7 мянган хүүхэд суралцжээ.
01
02

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зургаадугаар сарын 1-ний өдрийн 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Арга хэмжээтэй холбоотойгоор дараах авто замуудыг түр хугацаанд хаана.

Зургаадугаар сарын 1-ний өдрийн 06:00–20:00 цагийн хооронд:

  • Жуулчны гудамж- Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвараас Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл,
  • Ерөнхий сайд Амарын гудамж- Төрийн ордны зүүн талын уулзвараас Спортын төв ордны уулзвар хүртэл,
  • Д.Сүхбаатарын гудамж- Төв шуудангийн уулзвараас Чингис хааны музейн уулзвар хүртэл,
  • Их сургуулийн гудамж- Гадаад харилцааны яамны уулзвараас Монгол Улсын Их Сургуулийн уулзвар хүртэл

Зургаадугаар сарын 1-ний өдрийн 08:00–22:00 цагийн хооронд:

  • П.Гэндэнгийн гудамж буюу Монголын хүүхдийн ордны хойд уулзвараас Шангри-Ла худалдааны төвийн зүүн хойд уулзвар хүртэлх авто замуудыг хаана.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоорой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

 Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх зургаадугаар сард агаарын дундаж температур баруун болон говийн аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байна. Хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу орж, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Муудалтын үеүдийн хувьд сарын эхээр баруун аймгуудын нутгаар дулаан байх хэдий ч зүүн аймгуудын нутгаар сэрүүвтэр байх ба цаашлаад нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар эрс сэрүүсэж, хүчтэй салхи шуургатай байх магадлал өндөр байна. Иймд мал бэлчээрлэлт, үрсэлгээ хамгаалалт болон хол замд гарахдаа анхаарал болгоомжтой байж, богино хугацааны нарийвчилсан урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан өдрүүд зонхилох тул хуурайшилт нэмэгдэж болзошгүй байна. Иймд ногоон бүсэд аялахдаа галын аюулгүй байдлыг сахиж, ой хээрийн түймрээс сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох магадлал нэмэгдэх тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Баян-Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Увсын баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар дулаан байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр сэрүүсэж, олон жилийн дунджаас 3-5ºС-аар хүйтэн байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС–аар хүйтэн байх төлөвтэй байна. Харин нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС–аар дулаан байна. Хур тунадас хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд (ялангуяа сарын сүүлээр) нутгийн зарим хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас нийт нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.  Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-5°C-аар хүйтэн байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°C–аар сэрүүн байх төлөвтэй байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°C-аар дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд бага зэрэг, гуравдугаар арав хоногийн сүүлчээр (ялангуяа сарын сүүлээр) ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэх төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Дорнод, Сүхбаатарын нутгаар ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд сэрүүн, ялангуяа дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-5°C-аар хүйтэн байна. Харин хоёр болон гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1-3°C–аар дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн үеүдэд зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэж болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар дулаан байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр сэрүүсэж, олон жилийн дунджаас 2-5°C-аар хүйтэн байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°C-аар сэрүүн байна. Харин хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1-3°C–аар дулаан өдрүүд үргэлжлэх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэх магадлалтай байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас ажил, хөдөлмөр эрхлэгч иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор боловсруулсанХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өргөн барилаа.

Сүүлийн таван жилд манай улсад бүртгэгдсэн үйлдвэрлэлийн осолд нийт 2678 хүн өртөж, 308 хүн амь насаа алджээ. 100 мянган ажилтан тутамд ногдох ослын тоо дундаж орлоготой орнуудтай харьцуулахад өндөр хэвээр байна.

Мэргэжлээс шалтгаалсан өвчтэй иргэд Монгол Улсын хүн амын дундаж наслалтаас 8 жилээр богино насалж байна.

Уул уурхай, барилга, зам, тээврийн зэрэг салбарт үйлдвэрлэлийн ослын эрсдэл нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг онцгойлон авч үзэх шаардлагатайг харуулж байна.

Үйлдвэрлэлийн осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, ажил олгогч, ажилтан, холбогдох талуудын үүрэг, хариуцлагыг сайжруулах, үүнтэй холбоотой хууль эрх зүйн орчныг цаг үеийн нөхцөлтэй уялдуулан шинэчлэн сайжруулах шаардлага үүсэж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажил хөдөлмөр эрхлэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бүтэц, тогтолцоо, санхүүжилтийн шинэ зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар урьдчилан сэргийлэлтэд суурилсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний тогтолцоо бүрдэнэ гэж үзэж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд энэхүү хуулийн төслийг холбогдох байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүслээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно

“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ зургаадугаар сарын 1-ний 10:00-17:00 цагт Хүй долоон худагт болно. Хүүхдүүдэд монгол ёс заншлаа таниулах, өвлүүлэн үлдээж, түгээн дэлгэрүүлэхийг зорьдог тус баярын үеэр уламжлал болсон хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сур харваа, гүйлтийн тэмцээн, хүүхдийн сагсан бөмбөгийн тэмцээн болохоос гадна морь унах эдлэх ёс, монгол ахуй соёлыг танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулна.

“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ, Хан-Уул дүүргийн Скаутын холбоо, хамтран зохион байгуулагчаар Монголын үндэсний харваачдын холбоо, Монголын морин спорт уяачдын холбоо, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Монголын хөнгөн атлетикийн холбоо, “Хуйрнан шуугигч” нэвтрүүлэг хамтран ажиллаж байна.

Үндэсний хүүхдийн баяраар цэвэр агаарт өөрийн майхан асартайгаа байрлан урлагийн тоглолт үзэж, нэгэн өдрийг гэр бүл найз нөхдөөрөө тэмцээн уралдаанд оролцож хөгжилдөн өнгөрүүлэх боломжтой. Арга хэмжээнд ирсэн хүүхэд бүр сугалаанд оролцож, хамтран ажилладаг иргэн, аж ахуйн нэгжүүдийн шагналын эзэн болох боломжтой юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй иргэдтэй уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй /2026.05.26/ уулзлаа.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-ын Хууль зүйн сайд Жон Сон Ху-тэй уулзаж, иргэд хооронд зорчиход үүсээд буй хүндрэл, бэрхшээлийг бодитоор тодорхойлж, шийдвэрлэх, гэмт хэргийн тоог бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорчиж буй иргэдийн визний нөхцөлийг хөнгөвчлөх, хөдөлмөр болон оюутан зуучлалын үйл ажиллагаанд хяналт тавьж хариуцлагыг өндөржүүлж, шалгуурыг нарийвчлах талаар ярилцсанаа танилцууллаа.

Монгол Улсын Элчин сайдын яамнаас санаачлан хууль бусаар оршин суугаа иргэд болон монгол иргэдийн холбогдсон гэмт хэргийн тоог бууруулах зорилгоор “ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” аяныг үргэлжлүүлэн Солонгосын талтай хамтран ажиллахаар болсон. Сүүлийн үед цахим сүлжээн дэх хууран мэхлэлт, сугалаа, залилан зэрэг гэмт хэргийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ, нотариатын үйлчилгээг энэ оны есдүгээр сараас цахимжуулснаар хилийн чанадад оршин суугаа иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах боломжтой гэлээ.

Эцэг, эхийн хараа хяналт сул оюутан залуус эрсдэлт орох, хууль зөрчих, хохирох тохиолдол цөөнгүй гарч байгаад анхаарах, урьдчилан сэргийлэх, хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй байгааг иргэд хэлж байлаа.

Мөн төрийн цахим үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, суугаа орны байгууллагуудтай хамтран ажиллах, хилийн чанадад оршин суугаа иргэд ипотекийн зээлд хамрагдах, эх орондоо буцан суурьших нөхцөлийг дэмжих, нутагтаа эрүүл амьдрах нөхцөл бүрдүүлэх, цахим болон орон сууцны залилангийн эсрэг дорвитой арга хэмжээ авах, гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төрийн байгууллагын чадавх, санхүүжилтийг нэмэгдүүлэх, сэтгэл зүй, эрүүл мэнд болон санхүүгийн дарамтад орсон иргэдийг түр байраар хангах санхүүжилтийг шийдэх зэрэг асуудлаар санал солилцлоо.

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.28/ Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, О.Алтангэрэл, Д.Ганмаа, С.Зулпхар, Г.Хосбаяр, Д.Цогтбаатар нар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдана.” гэж заасан. Энэхүү зохицуулалт нь 10 жил тутамд 1024 бөхийг Үндэсний их баяр наадмаар барилдуулж, цолны үнэлэмжийг дээшлүүлэх, түүх, соёлын асуудалд ач холбогдол өгч буй хэрэг гэдгийг төсөл санаачлагч гишүүн П.Сайнзориг энэ үеэр тодотгов. Мөн тэрбээр энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой тохиож буй тул үүнийг ёслол төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж Улсын Их Хурлын 18 гишүүнээс уг хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүлж байгаа нь энэ гэлээ.

Тухайлбал, төсөлд Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ой тохиох жилүүдэд 1024 бөхийн барилдаан зохион байгуулах асуудлыг Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч тухай бүр шийдвэрлэдэг байх,улмаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт аймгийн наадамд зургаа давсан бөхөд “аймгийн харцага” цол олгох асуудал орхигдсон байгааг нэмж оруулах зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг бэлгэдсэн уламжлалт баяр болсон Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн тэгш ойг ёслол төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэж, түүх, соёлоороо бахархах үндэсний ухамсар сайжирна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Мөн уг хуулийн төслийг дагалдуулан Үндэсний их баяр наадмын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

2003 оны 6 дугаар сарын 13-ны өдөр баталсан Үндэсний баяр наадмын тухай, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан Үндэсний баяр наадмын тухай хууль (Шинэчилсэн найруулга) батлагдаж хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнөх үеийн 1987 онд болон Монголын бүх ард түмний спартакиад, 1995 оны Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан “Өндөр Гэгээн Занабазарын 360 жилийн ойн баяр наадам, 1989 он, түүнээс хойших улсын баяр наадамд үзүүрлэж, шөвгөрсөн болон Ардын хувьсгалын тэгш ойн баяр наадамд шөвгөрч тухайн үеийн дүрэм, уламжлал, жишгийн дагуу цол олгогдох амжилт үзүүлсэн боловч цол нь олгогдоогүй бөхчүүдийн өөрийн, эсхүл гэр бүлийн гишүүний хүсэлтийн дагуу цолыг нөхөж олгох асуудлыг Монголын Үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэн Үндэсний их баярын наадмын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлан нэг удаа шийдвэрлүүлэх болон Ардын хувьсгалын 100 жил, Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний бөхийн холбоо байгуулагдсаны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннесийн номд бүртгүүлсний 10 жилийн ойд зориулан 2021 онд зохион байгуулсан хүчит бөхийн барилдаанд 5, 6, 7, 8, 9 давж амжилт үзүүлсэн бөхчүүдэд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.3 дахь хэсэгт цолыг Монголын Үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэн Үндэсний их баярын наадмын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлан шийдвэрлүүлэх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай гэж үзэн уг хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд…

Монгол Улсын иргэд БНХАУ-д зорчихдоо анхаарал болгоомжгүй байдлаас болж гадаад паспорт, мөнгө зэрэг зүйлсээ гээгдүүлэх, олон нийтийн унаанд мартаж буух тохиолдлууд гарч байна.
Гадаад паспортаа гээгдүүлснээр зочид буудалд захиалга хийх боломжгүй болох, нислэгээ цуцлах зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсдэг.
Энэ тохиолдолд холбогдох дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж бичиг баримтаа гээгдүүлсэн тухай бичиг авч, БНХАУ-ын НАХЯ-ны Хилээр орох, гарах газраас тус улсын хилээр гарах зөвшөөрөл хүсэж 5-7 хоног хүлээх зэргээр цаг хугацаа алдаж, санхүүгийн хохирол амсдаг.
Элчин сайдын яамны зүгээс паспорт гээгдүүлсэн иргэдэд буцах үнэмлэх олгох, тухайн иргэнд Хятад улсын хилээр гарах зөвшөөрөл гаргуулах зэргээр иргэний асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.
Иймд БНХАУ-аар зорчих Монгол Улсын иргэн та хувийн хариуцлагаа нэмэгдүүлж, сонор сэрэмжтэй байж, гадаад паспорт болон мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй, анхааралтай аялахыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргалаа

Нийслэлийн ХУД-ийн 15-р хороо, Цэнгэлдэх хотхоны байранд (2026.05.27) 16:02 цагт гарсан галыг 18:20 цагт бүрэн унтраалаа.

Гал түймрийн голомтоос алба хаагчид урьдчилсан байдлаар гал 36 хүүхэд, 73 том хүнийг аюулгүй бүсэд гаргаж, аюулгүй байдлыг ханган ажилласан юм.

Гал унтраах ажиллагаанд нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 63 дугаар анги, Аврах ангийн нийт 70 гаруй алба хаагч, гал унтраах 20 автомашин техник хэрэгсэлтэйгээр оролцлоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо

“Нью прогресс групп”-ын “Эко драйвал” ХХК Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Альфа” эко гипсэн хавтангийн үйлдвэрээ ашиглалтад орууллаа.

Манай улс жил бүр 100 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гипсэн хавтан импортоор оруулж ирдэг. Тэгвэл энэ үйлдвэр дотоодын хэрэгцээг 100 хувь хангах бөгөөд жилд дээрх хэмжээний мөнгийг эх орондоо үлдээх юм.

Үйлдвэрийн нээлтийн ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, групп, компанийн хамт олонд амжилт хүслээ. Мөн барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд болон иргэд эх оронч худалдан авалт хийж байхыг уриаллаа.

Үйлдвэр ашиглалтад орсноор орон нутгийн 100 гаруй иргэн тогтмол ажлын байртай болсон байна.

Манай улс 2023 онд 8.8 сая м2 хавтан импортолсон бол энэ тоо 2025 онд хоёр дахин өсөж 18.5 саяд хүрсэн юм.

Салбарын яам цаашид  дотоодын үйлдвэрлэлийг зөвхөн импортыг орлох бус, экспортын чиг баримжаатай, нэмүү өртөг шингэсэн, олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэл болгон хөгжүүлэх зорилт тавьжээ.

“Нью прогресс групп” 2000 оноос дэд бүтэц, үйлдвэрлэл, эрчим хүч, барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж байна. 10 гаруй охин компани, 1,500 гаруй ажилтантай.

Томоохон бүтээн байгуулалт болох “Ховд эко цемент” үйлдвэр нь жилд 250 мянган тн буюу 504 хүүхдийн цэцэрлэг барих хэмжээний цемент үйлдвэрлэж, баруун бүсийн хэрэгцээг хангаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана

Нийслэлийн хэмжээнд авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тавдугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны гудамж дахь “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг хааж, суурь болон өнгө асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.

Мөн тавдугаар сарын 30-ны өдөр тус замын баруун урсгалыг хааж, үргэлжлүүлэн хучилтын ажил гүйцэтгэх тул иргэд, жолооч та бүхэн замын ачаалал, түгжрэлийг тооцон хөдөлгөөнд оролцоно уу.

Зам хаах байршил: Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэл (Зүүн урсгал)

Зам хаах хугацаа:

2026 оны 05-р сарын 29-ны өдөр 06:00 цагаас

2026 оны 05-р сарын 29-ны өдөр 23:00 цаг хүртэл

Зам хаах байршил: Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэл (Баруун урсгал)

Зам хаах хугацаа:

2026 оны 05-р сарын 30-ны өдөр 06:00 цагаас

2026 оны 05-р сарын 30-ны өдөр 23:00 цаг хүртэл авто замыг хааж, хучилтын ажлыг гүйцэтгэнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зургаадугаар сарын 1-ний 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Энэ үеэр нийт есөн өртөөгөөр дамжуулан байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, эмчийн үзлэгт хамрагдах, эх, хүүхдийн амрах хэсэг, урлагийн тоглолт, мюзикл жүжиг, баярын парад зэргийг үзэж сонирхох боломжтой.

“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан нийслэлийн 20 гаруй оролцооны байгууллага хамтран зохион байгуулж буй.

Та бүхнийг гэр бүл, найзуудаараа хүрэлцэн ирж, соёл, урлагийн олон талт хөтөлбөрүүдийг сонирхож, нийслэл хотын бэлгэ тэмдэг “Хаки”-тай танилцан, цоо шинэ найруулга бүхий мюзикл жүжиг, баярын парад, хүүхэд багачуудын үлгэр дууриал болсон олны танил уран бүтээлчдийн тоглолтыг үзэж, баярын өдрөө дурсамж дүүрэн тэмдэглэн өнгөрүүлэхийг урьж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа