Author Archives: baaska baaska

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.

Энэ жил улсын хэмжээнд 12,306 хүн Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэнэ. Өнөөдөр одонгоо гардаж байгаа эхчүүдийн олонх нь 33-39 настай, хамгийн залуу нь 22 настай юм.

Ээжүүдийн ач гавьяа, хөдөлмөр зүтгэлийн үр шимийг удам судар, гэр бүл, ураг төрөл, үндэстнээрээ хүртдэг учир Монгол төр алдаршуулдаг сайхан уламжлалтайг Ерөнхийлөгч онцоллоо.

“Энэ одон бол эх хүний дундаршгүй хайр, алдар хүндийн илэрхийлэл. Ээжийн минь энгэрт гялалзаж байсан, одоо ээжүүдийн энгэрт гялалзаж байгаа энэ одонг хамгийн хүндтэй шагнал гэж боддог” гэлээ.

Тэрбээр алдарт эхчүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Ерөнхийлөгч санаачилга гаргасны дагуу Алдарт эхийн одонг дагалддаг мөнгөн урамшууллыг 2025 оноос хоёр дахин нэмээд байна.

Өнгөрсөн жил улсын хэмжээнд 14,480 эх Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон авчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун ус хязгаарлана

Нийслэлийн дулаан хангамжийн сүлжээний найдвартай ажиллагааг хангах зорилгоор жил бүрийн тавдугаар сараас засвар, шинэчлэлийн ажлыг хийдэг. Энэ хүрээнд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК  тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд хэсэгчилсэн байдлаар зарим байршлын халуун усыг түр хязгаарлана.

Тодруулбал, тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд буюу 10 хоногийн хугацаанд эхний ээлжид дараах байршлуудад халуун усыг хязгаарлана.

  • БӨҮР
  • Говь-2 орчим
  • Вива сити
  • Шинэ Яармаг хороолол
  • Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг
  • Нийслэлийн захиргааны “Хангарьд” ордон орчим
  • Ирээдүй хороолол
  • БҮК орчим
  • Төв цэнгэлдэх хүрээлэн
  • Хүннү 2222 хороолол
  • Рапид хороолол
  • 120 мянгат
  • Зайсан орчим
  • 19 дүгээр хороолол орчим
  • Туулын хөвөө орчим
  • Арьс ширний үйлдвэрийн район орчим

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв

лсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Пүрэв гарагт (2026.05.21) үдээс хойш найман цаг гаруй хуралдаж, товлосон найман асуудлыг хэлэлцлээ. Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг, үдээс хойш Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх талаар тус тус хэлэлцсэн юм.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам танилцуулсан юм. Ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент бүрэн эрхийнхээ эхний хоёр жилийн үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, цаашид парламентын үйл ажиллагааг оновчтой, үр нөлөө, бүтээмжтэй, ил тод, эргэх холбоотой байлгах, гишүүдийг сахилга, хариуцлагатай, итгэл даахуйц тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Ажлын хэсэг байгуулан Ц.Сандаг-Очир, Ж.Бат-Эрдэнэ, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл, Ж.Батжаргал, Б.Бейсен С.Бямбацогт, Ч.Лодойсамбуу, У.Отгонбаяр, Д.Пүрэвдаваа, Р.Сэддорж, Г.Тэмүүлэн нарын 12 гишүүнээс уг хуулийн төслүүдийг боловсруулан өргөн мэдүүлсэн. Хуралдааны ирц, оролцоо, гишүүдийн хариуцлагыг сайжруулах үүднээс гишүүд хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөө авах бол өмнөх өдөр нь бичгээр мэдэгдэх, хүндэтгэх шалтгаангүйгээр санал хураалтад оролцоогүй, хуралдааныг орхисон бол эсрэг санал өгсөнд тооцох зохицуулалтыг хасахаар төсөлд тусгажээ. Тухайн гишүүн нэг сарын хугацаанд нийт санал хураалтын 50-иас дээш хувьд оролцоогүй бол төсвийн санхүүжилтийг нь олгохгүй, цалинг хасах, ээлжит чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан болон бусад хуралдаанд 5 ба түүнээс дээш удаа хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй бол мөн хариуцлага тооцохоор зохицуулалт оруулсан тухай танилцуулгад дурдав. Мөн Ажлын хэсгийн хуралдаанд 2 ба түүнээс дээш удаа, хянан шалгах түр хорооны хуралдаанд 3 ба түүнээс дээш удаа хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй бол ажлын хэсэг, түр хорооны бүрэлдэхүүнээс хасах шийдлийг боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар чуулганы хуралдааны хэлэлцүүлгийн чанар, үр нөлөө сайжирч, гишүүний сахилга хариуцлага дээшилнэ гэж үзсэн. Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийг дэмжсэн гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өөрийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцэх боломжтой эсэх, гишүүдийн саналыг ил тод болгох, Д.Рэгдэл санал хураалтыг гишүүд биечлэн өгөх нь зохистой, ирц бүртгэл, бүсийн хөрөнгө оруулалтын талаар тодруулав. Харин УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн гишүүд үг хэлэхийн тулд намын бүлэгтээ мэдэгддэг болсон нь төвөгтэй байна, гэтэл иргэд тухайн гишүүнийг үг хэлдэггүй гэсэн байдлаар ханддаг хэмээв. Тэрбээр хуралдааныг мэтгэлцээний горимд шилжүүлэх эрх хэнд байхаар төсөлд тусгасан талаар, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, яаралтай горимоор хэлэлцэх шалгуурын тухай тодрууллаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, гишүүдээс санаачилж, өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг цаг алдалгүй хэлэлцэх, УИХ-ын гишүүн Э.Болормаа, гишүүдийн үг хэлэх эрхэд халдахыг зөвшөөрөхгүй, цалингаас хасах нь хэр бодит шийтгэл болж чадах эсэх, УИХ-ын гишүүн С.Зулпхар нэгэнт парламентын эрх зүйн зохицуулалтыг хэлэлцэж байгаа юм чинь тал талаас идэвхтэй оролцохыг уриалж, нэгэнт биечлэн санал өгөх техникийн нөхцөл боломж бүрдсэн учраас шинэ заалт тусгах илүүц, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, хуралдаануудыг үр дүнтэй явуулах нь тулгамдсан асуудал болохыг, зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанаас хоёр өдрийн өмнө өгнө гэсний хугацааг сунгах, Байнгын хороодыг тогтсон өдөр, цагт хуралддаг хуваарьт оруулах талаар тодруулж, байр суурь илэрхийлэв.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Батбаатар хууль санаачлагч ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтах эсэх, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа төсвийн хэмнэлт, иргэдийн оролцоо, хяналтыг хэрхэн тусгах, О.Номинчимэг парламентын амин сүнс болох дэгийн хуулийн төсөлд парламентыг бодлогын мэтгэлцээний талбар болгохыг чухалчилж, дэвшилтэт асуудлыг тусгасан талаар хөндөв.

Хууль санаачлагчдаа төлөөлж УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ч.Лодойсамбуу нар гишүүдийн асуултад хариуллаа. Ялангуяа гишүүдийн оролцоо, сахилга, хариуцлагыг сайжруулсны үр дүнд парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээхийг зорьсон болохыг С.Бямбацогт дарга хариултдаа онцолж байсан. Мөн аливаа хуулийн төслийг хэлэлцэх явцад үзэл баримтлалаа хамгаалах боломж бүрдүүлэх, мэтгэлцээний горимд шилжихэд гишүүдийн саналаар шийдвэрлэх, бүсийн хөрөнгө хуваарилалт, төсөвлөлтийг хийхдээ тухайн бүс дотроо шийдвэрлэх, улсын хөгжлийн баримт бичгүүдэд тусгаагүй төсөл, хөтөлбөрийг дур мэдэн санал гаргахгүй, зардлын тооцоолол бодит байх зэргийг тодотгов. Түүнчлэн хууль өргөн мэдүүлэх тов дарааллыг нэг сарын дотор шийдвэрлэж, хүлээн авдаг байхаар төсөлд тусгасан. Энэ талаар олон гишүүн хүсэлт ирүүлсэн гэв. УИХ-ын гишүүдийн ирц бүртгэлийг чангатгах, цалингаар торгох, үг хэлэх эрх хязгаарлах зэрэг парламентын олон улсын жишгийг хуулийн төсөлд оруулжээ.

Гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлж шийдвэрлэнэ гэсэн хариултыг өгч байлаа. Хуралдаануудыг илүү үр өгөөжтэй болгохын тулд аль нэг байгууллагын төлөөлөн хэлэлцүүлэгт оролцогчид үнэн, зөв, бүрэн гүйцэд хариулах, өгсөн амлалтаа заавал биелүүлэх, хэлэлцүүлгийн асуулт, хариултыг тус бүр нэг минутаар сөөлжүүлэх нь үр дүнтэй талаар хуулийн төсөл санаачлагчид тайлбарлалаа.

Парламент бол амьд харилцаа байх газар, гишүүд үг хэлэх эрхтэй, УИХТГ-ын эрх мэдлийг өндөрсгөж, дүгнэлт гаргах эрх мэдлийг өгсөн байна хэмээн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, П.Наранбаяр асууж, байр суурь илэрхийлэхэд, Үндсэн хуулийн хүрээнд зохицуулалт хийхээр тусгасан гэсэн хариуг С.Бямбацогт дарга өгөв.

Хуулийн төслийн талаарх асуулт, хариултын дараа дэмжсэн, дэмжээгүй байр суурь илэрхийлж, УИХ-ын гишүүн С.Зулпхар, Б.Хэрлэн нар индрээс үг хэлсэн юм. Тэд гишүүдийн сахилга, хариуцлага, оролцоо, бүтээмжийг дээшлүүлэх нь чухлаар тавигдаж байгаа учраас төслийг дэмжихийг уриаллаа.

Нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлж, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн талаар хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Энхтуяа танилцуулсан юм. Зургаан жилийн өмнө анх удаа баталсан хуулийн хэрэгжилтээс улбаалан парламентын хяналт шалгалтын эрх зүйн зохицуулалтад “Амлалтын бүртгэл, түүний хэрэгжилтэд хяналт тавих”, албан тушаалтнууд дутуу мэдээллээ бичгээр хүргүүлэх тухай шинээр нэмж тусгажээ. Ингэснээр УИХ-аар хэлэлцүүлж буй аливаа асуудалд хариуцах эзэн бие, эргэн тайлагнах, хэрэгжүүлэх зүй тогтол илүү чамбайрна гэж тооцоолсон ажээ. Байнгын хороо энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, давхар дээлтэй гишүүдэд хэрхэн хариуцлага тооцох талаар, УИХ-ын гишүүн Б.Уянга, өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд судалгаанд үндэслэсэн эсэх, төрийн албан хаагчдыг ажлаар дардаг, дайчилдаг талаар, УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, Ж.Галбадрах, Б.Батбаатар нар парламентын хяналтын тогтолцоог хэрхэн бүрдүүлэх асуудлаар хариулт авч, үг хэлсэн юм.

Засгийн газрын гишүүн, сайд нар чуулганы хуралдаанд оролцохдоо гишүүдийн асуултад бүрэн хариулж, хүндэтгэлтэй, ажил хэрэгчээр үнэн зөв мэдээлэл өгч, зарчмаа баримтална. Хэрвээ эдгээрийг зөрчвөл огцрох үндэслэл болно гэж хууль санаачлагч С.Бямбацогт хариулав. Гишүүдийн сахилга, хариуцлага сул байгааг чангатгах зорилготой, хэрвээ өнөөдөр эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжвэл, Ажлын хэсэг байгуулах бол УИХ-д суудалтай бүх нам, эвслийн төлөөллийг бүрэлдэхүүнд нь оруулна гэдгийг тэрбээр онцоллоо. Салбарын хөгжлийг индексээр хэмжиж, бодлогын түвшиндээ парламентын хяналт тавьдаг байх, аливаа шийдвэрийн үр дүнг иргэдийн амьдралд нөлөөлсөн байдлаар нь дүгнэдэг болохыг зорьж буй гэв.

Ийн хэлэлцээд хуулийн төслийг дэмжсэн, дэмжээгүй байр суурь илэрхийлж, үг хэлэх гишүүн гарсангүй. Санал хураалтыг маргааш хүртэл түр хойшлуулаад, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тав дахь асуудал буюу Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Төслийн талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан танилцуулж, Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн тул хэлэлцэж өгөхийг хүсэв. Хэрвээ энэхүү анхдагч хуулийн төслийг дэмжсэнээр дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг бүрэн хангах Газрын тос боловсруулах үйлдвэр барих, баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаж, жилд дундажаар 30.0 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг гадаад зээлийн эх үүсвэрээр барих төслүүдийг хэрэгжүүлэх юм. Эдгээр нь Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслүүдийн нэгээхэн хэсэг болох тухай танилцуулгад дурдсан. 2026 оны байдлаар соёрхон батлагдсан, хэрэгжүүлж буй нийт 20.9 их наяд төгрөгийн амлалтын дүн бүхий гадаад зээлийн 74 төсөл хэрэгжиж байгаагаас 34 хувийг ашигласан. Эдгээрийн 82 хувь нь 2026-2029 онд хэрэгжиж дуусах гэрээ, хэлэлцээртэй байгаа нь төслүүдийг ашиглалтад оруулах хэрэгцээ, шаардлагыг үүсгэжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, А.Ариунзаяа, Р.Эрдэнэбүрэн, Г.Очирбат, Б.Түвшин, С.Зулпхар, Б.Батбаатар, Г.Тэмүүлэн, Ц.Баатархүү нар асууж, хариулт авлаа. Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд З.Мэндсайхан гишүүдийн асуултад хариулав.

Хэлэлцэх асуудал олон байгаа тул чуулганы хуралдааны хугацааг сунгаж хуралдахаар шийдвэрлэж, хуралдаан даргалагч С.Бямбацогт хуулийн төслүүдийн талаарх санал хураалтыг Баасан гарагийн /2026.05.22/ нэгдсэн хуралдаанаар явуулахаар болсныг танилцуулж алх цохив.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа

Нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Бум-Очир нарын 4 гишүүн 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулж эхэлсэн ч УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 5 хоногийн завсарлага авлаа. Хууль санаачлагч илтгэхдээ, 1993 оны ээлжит сонгуулиас хойш нийт найман удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц буурсаар ирсэн, Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны “Сонгогчийн зан төлөвийн судалгаа”-нд оролцогчид сонгуульд оролцоогүй шалтгаанаа газар зүйн байршлаас хамааралтай холбож хариулсан зэрэг нь энэхүү хуулийн төслийг санаачлах үндэслэл болсон хэмээв. Тиймээс 250 орчим мянган сонгуулийн насны иргэнд эрхээ эдлэх боломжоор хангах эрх зүйн орчин бүрдүүлэх, урьдчилан санал өгөх, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд хоёр өдрийн дотор санал өгдөг байсныг 5 өдөр болгох зохицуулалтыг тусгажээ. Уг асуудлаар Ардчилсан намын бүлэг завсарлага авах хүсэлт гаргаснаар хуралдаан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн асуудлыг шийдвэрлэсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм.

Эрүүгийн хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Төслийн талаарх санал, дүгнэлтийн талаар УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин илтгэсэн. Энэхүү төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо энэ долоо хоногт хэлэлцээд, тус Ажлын хэсгээс боловсруулсан хоёр хувилбар бүхий хуулийн төслөөр санал хураалт явуулж, олонхын дэмжлэг авсан нэгдүгээр хувилбарыг Байнгын хорооны санал, дүгнэлтийн хамт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. Төсөлд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцох зохицуулалтыг тусгасан. Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгох шаардлагатай гэж үзсэн байна.

Хэлэлцэж байгаа асуудлаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Дам.Цогтбаатар, Дав.Цогтбаатар, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаясгалан, Г.Ганбаатар, П.Наранбаяр, Ч.Лодойсамбуу, Б.Пүрэвдорж нар тодруулж, байр суурь илэрхийлэв. Хүн гүтгэхэд ял өгдөггүй орон гарын таван хуруунд багтаж байгаа, бусад бүх орон ялын зүйлчлэлтэй талаар, сэтгүүлчдийг ажил мэргэжлийн хувьд яллахгүй байх, хүний язгуур эрхэд халдах заалт тусгасан зэрэг шүүмж, дэмжлэгийг дор бүрнээ өгүүлсэн. Ажлын хэсгээс гишүүдийн асуултад хариулахдаа, уг хуулийн төслийг зөвхөн Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан учраас Эрүүгийн хууль дахь зарим заалтыг хүчингүй болсонд тооцох асуудлыг шийдвэрлэх болно. Харин эрх мэдэлтнүүдээс гадна гэмгүй иргэд цахим болон бодит амьдралд гүтгүүлж, гутаан доромжлуулдаг байдлыг таслан зогсоох, энэ төрлийн гэмт хэрэгт хариуцлага тооцох асуудал үлдэж байгааг сэтгүүлчдийн ажил мэргэжлээ явуулах, хэвлэн нийтлэх үйл ажиллагаанд халдахгүйгээр уян хатан зохицуулах шаардлага бий гэв. Энэ талаар хуулийн төсөл боловсруулж, оруулж ирэхийг УИХ-ын дарга С.Бямбацогт Засгийн газарт чиглэл болгов.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв 

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа нарын 6 гишүүн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч  О.Саранчулуун нэгдсэн хуралдаанд танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Р.Эрдэнэбүрэн, М.Нарантуяа-Нара нарын гишүүд асууж, үг хэлэв. Эхийг урамшуулахдаа тээж, төрүүлсэн үр хүүхэд нэг нас хүрсэн байх шалгуурыг хасаж байгаад гишүүд талархан хүлээж авлаа. Харин охид, эмэгтэйчүүд төв суурин бараадаж, орон нутагт малчин залуус гэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд буй нийгмийн асуудлыг хөндөж, “Эхийн алдар” одонг 3 болон 5 хүүхэдтэй ээжүүдэд олгодог болох шаардлага үүссэн, хүүхэд нь эндсэн эхчүүдийг нөхөн шагнах эсэх зэрэг асуудлыг лавлаж байв.

Төрийн жинхэнэ албан хаагчдын орон тоог 20 мянгаар цөөрүүлсэн, тухайн орон тоонд шинээр хүн авахгүй 

Мөн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг,  хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Төслүүдийг Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Р.Батболд нар илтгэв. Эдгээр хуулиудын төслүүдийг хэлэлцэх үеэр зарчмын зөрүүтэй таван санал гаргасан хэмээн уншиж танилцууллаа.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр УИХ-ын гишүүн П.Батчимэг, Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, П.Мөнхтулга, Д.Ганмаа, О.Саранчулуун, Дав.Цогтбаатар, Ө.Шижир, Б.Пүрэвдорж нарын асуултад хариулав. Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах бодлогын чиглэл нь эдийн засгийн өсөлтийг дэмжих оновчтой түвшинд хүрэхгүй хэвээр байна гэсэн дүгнэлтийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгчээ. (Хуулийн төслүүдэд өгсөн хараат бус дүгнэлтийн дэлгэрэнгүйг эндээс уншина уу.)

Ж.Энхбаяр сайд, улсын төсвийн дийлэнх хэсгийг хүүхдийн мөнгө, цалин, нийгмийн даатгал, халамж зэрэг урсгал зардлын санхүүжилтэд зарцуулдаг. Энэ зардлыг 200 гаруй хуулиар хуульчилсан байдаг нь эдийн засагт дарамт учруулдаг. Төрийн жинхэнэ албан хаагчдын орон тоог 20 мянгаар цөөрүүлсэн, тухайн орон тоонд шинээр хүн авахгүй. Н.Учралын Засгийн газар чөлөөлөлтийг хийнэ. Эдийн засгийг чөлөөлөх багц хуулиудыг оруулж ирж, хэлэлцүүлнэ. Бараг бүх салбарт хөрөнгө оруулалтын асуудал дээд түвшиндээ хүрсэн. Засгийн газрын хуралдаанаар 115 хуулийг өөрчлөх төслийг хэлэлцээд дэмжсэн, удахгүй парламентад өргөн мэдүүлнэ гэсэн хариултуудыг өгсөн юм. Хуралдаан ийн хэлэлцсээр шөнийн 22 цаг 18 минут хүртэл үргэлжиллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж буй Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэд оролцлоо.

Тэрбээр, энэ тэмцээн нь зөвхөн медалийн төлөөх өрсөлдөөн бус, улс орнууд, ард түмний найрамдал нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлж, хүндлэл, сахилга бат, тэсвэр хатуужил, эв нэгдлийг харуулдаг гэдгийг хэлж, баг тамирчдад амжилт хүслээ.

Мөн Дэлхийн таеквондогийн холбоо болон Азийн таеквондогийн холбоо, Дэлхийн таеквондогийн төв байгууллага, Монголын таеквондогийн холбооны хамт олон, зохион байгуулагч нарт талархал илэрхийллээ.

Олимп, паралимпын наадмын эрхийн чансааны оноо олгодог өндөр зэрэглэлийн энэ тэмцээнд 43 улсын 1,300 тамирчин Пүмсэгийн 9, тулааны 27, пара таеквондо гэсэн төрлөөр өрсөлдөж байна.

Тэмцээний шилдгүүд ирэх 9 дүгээр сард Японы Аичи муж, Нагоя хотноо болох Азийн зуны XX спортын наадамд оролцох эрхээ авах юм.

Одоогоор манай тамирчин С.Янжинлхам, Ү.Ган-Эрдэнэ, У.Ханд нар хүрэл медалийг хүртээд байна.

2016 оны Риогийн зуны олимпын наадамд манай тамирчин П.Тэмүүжин анх удаа Олимпын таеквондогийн төрөлд оролцсон түүхтэй.

“Парис-2024” Паралимпын наадмаас Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав алтан медаль, гавьяат тамирчин Г. Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн юм.

Ерөнхийлөгчийн ивээл дор “М Банк Арена”-д зохион байгуулж буй тэмцээн 5 дугаар сарын 26 хүртэл үргэлжилнэ.

Таеквондогийн спортоор дэлхийд 300 сая гаруй хүн хичээллэдэг юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх, зам хаах байршил, нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлтийн талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Гүйлтийн маршрут дагуу усны 9, тэжээлийн 5 цэгийг байршууллаа

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Цогзолмаа “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтэд 46 мянга гаруй хүн оролцохоор бүртгүүлээд байна. Энэ жилийн хувьд 5 км-т гүйгчдийн тоо өмнөх жилүүдээс эрс өсөж, 23 мянгад хүрсэн. Иймд нийслэлийн Засаг даргын 2026 оны А/693 дугаар захирамжаар тус зайн маршрут болон гарааг өөрчилсөн. 5 км-ийн гараа МУИС-ийн 1 дүгээр байрны урдаас эхэлнэ. Мөн 5 км-ийн зайн ангилалд нэмэлтээр усны цэгийг байгуулсан. “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн маршрутын дагуу бие засах газар 6, усны 9, тэжээлийн 5 цэгийг байршуулсан. “Алхам бүр ёс зүйтэй, амжилт бүр үнэ цэнтэй” уриан дор энэ жилийн марафоныг зохион байгуулна” гэлээ.

152 хүний бүрэлдэхүүнтэй суурин тав, явуулын таван цэгээр эмнэлгийн тусламж үзүүлнэ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар “Энэ жил марофонд оролцогчид 30 орчим хувиар нэмэгдсэн тул тусламж үйлчилгээний багийг өргөжүүлсэн. Өнгөрсөн жил 15 эмч мэргэжилтэн ажилласан бол энэ жил 31 эмч мэргэжилтэн ажиллана. Нийт 152 хүний бүрэлдэхүүнтэй суурин тав, явуулын таван цэгээр тусламж үйлчилгээ үзүүлнэ. Эмч, мэргэжилтнүүд зохион байгуулагч гэсэн таних тэмдэгтэй байна. Иймд гүйж байхад толгой эргэх, цээж өвдөх, амьсгал давчдах, орон зайн баримжаа алдах шинж тэмдэг илэрвэл заавал тусламж үйлчилгээ авахыг зөвлөж байна.

2025 онд марафонд оролцож буй 534 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Үүнээс шөрмөс татсан 382 буюу 65 хувь, зүрх судасны асуудал үүссэн 54 буюу 10 хувь, амьсгалын замын эрхтэнд бэрхшээл учирсан дөрвөн хүнд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлсэн бөгөөд 12 оролцогчийг эмнэлэгт хүргэсэн.

Марафонд оролцогчид гараанаас хэт хурдтай гүйх, шинэ пүүз өмсөх, өлөн байх, гүйх үедээ хангалттай ус уухгүй байх, эрт кофе уух, барианд оронгуут гэнэт зогсохгүй байхыг хүсье” гэв.

Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагт зам хаана

Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд зарим байршилд авто замыг хаана. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир өглөө. Тэрбээр “Цэцэг төвийн уулзвар, Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар, Чингэлтэй дүүргийн уулзвар, ХБНГУ-ын Элчин сайдын яамны баруун, зүүн уулзвар, 11-р хороолол, Сансарын шатахуун түгээх станц, Сансарын туннел, Зүүн 4 замын уулзвар, Халдварт, Нарантуул захын уулзвар, Нүхэн гарц, Жанжин клуб, Улиастайн уулзвар, “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар, Хан-Уул дүүргийн “И-март” худалдааны төвийн уулзвар, Жаргалан хотхон, Шангри-Ла төвийн уулзварт хэсэгчлэн хөдөлгөөнийг хязгаарлана. Зөвхөн эрүүл мэнд, цагдаа, шуурхай албаны тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуй тавдугаар сарын 23-ны өдрийн 06:00-19:00 цагт хөдөлгөөнд оролцохгүй. Энэ талаар түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг долоон аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлсэн. Мөн иргэд зам хязгаарлах шар бүсчлэлээс тээврийн хэрэгслээ гаргаж байрлуулахыг хүсэж байна” гэлээ.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн “Марафоны үеэр олон хүн цуглах учраас хэв журмыг сахиулах, хулгайн гэмт хэргээс сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхад анхаараарай. Тухайн өдөр мэргэжлийн байгууллага, цагдаа, зохион байгуулагчийн зүгээс тавьж байгаа шаардлагыг биелүүлэх нь зүйтэй” гэв.

Нийтийн тээврийн 55 чиглэлд өөрчлөлт орно

Нийтийн тээврийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ш.Оюумаа ““Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн үеэр авто зам хаахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний 55 чиглэлийн 506 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орж байна. Нийтийн тээврийн гол чиглэлүүд ихэвчлэн Их тойруугаар явна. Авто замыг 06:00-18:00 цаг хүртэл хаана. Зам нээсний дараа нийтийн тээврийн чиглэлүүд үндсэн маршрутаараа явна” гэлээ.

Улаанбаатар марафонд 100 шүүгч, сайн дурын 2500 гаруй ажилтан ажиллана

Монголын Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Э.Нарангэрэл “Энэ жилийн марафонд Англи, Орос, Хятад, Япон, Кени зэрэг 42 орны 443 гүйгч, тамирчид оролцоно. Энэ жил Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн 21, 42 км-ийн замыг албан ёсоор хэмжин баталгаажуулж “Олон улсын хэмжилтийн “В” ангиллын сертификат” олгосон. Ийнхүү олон улсын хэмжилтийн сертификат олгосон замаар гүйлтийг зохион байгуулж байгаа эсэх талаар Азийн хөнгөн атлетикийн холбооны зам хэмжигч Малайзын иргэн Мурегесу Соосэймани хяналт тавьж ажиллана.

Түүнчлэн ХБНГУ-ын “Берлин марафон”, “Лондон марафон”, “Саппоро марафон” зэрэгт ашигладаг “Race Result Ubidium” брэндийн цаг хэмжих төхөөрөмжийг стандартын дагуу ашиглаж буйг хянахаар ХБНГУ-ын “Race result” компанийн техникийн дэмжлэг, борлуулалтын менежер Рубенс Колечко ажиллах юм. Мөн 100 шүүгч, сайн дурын 2500 гаруй ажилтан ажиллана. МУГТ Б.Сэр-Од урилгаар оролцоно” гэв.

Сүхбаатарын талбайд 120 гаруй асарт үйл ажиллагаа зохион байгуулна

“Hipay” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэ “Гараа, барианы зурвас, 21 км замын туннел өнгөрөөд, Амгалангийн тойргийн буцаж эргэх цэг, Гадаад харилцааны яам зэрэг нийт зургаан байршилд гүйгчийн хурд хэмжих чип байрлуулсан. Харин гүйгчийн чипийг энгэрийн дугаарын ард наасан. Наасан байрлалаас чипийг өөрчлөхгүй. Hipay аппликейшнээс гүйгч туулсан зам, цагийн мэдээлэл зэргийг авч болно. Сүхбаатарын талбайд 120 гаруй асарт үйл ажиллагаа зохион байгуулна. 60 гаруй худалдаа, үйлчилгээний байгууллага бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, 20 гаруй хоолны газар иргэдэд үйлчилнэ. Урлаг, спортын тоглолт 12:00-17:00 цагт зохион байгуулагдана. Таеквондогийн дэлхийн шилдэг 5-д багтах хамтлаг үзүүлбэр үзүүлнэ. Гар дээр сунайх, дээс, олс руу авирах зэрэг тэмцээнд иргэд оролцох боломжтой. Хөгжмийн арга хэмжээ гурван газарт болно” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 7 дугаар хороолол-2 бүсчлэлд байрлах 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус барилга нь зоорьтой, хоёр давхар бүхий тэнхлэгээрээ 24.0 х 28.0 ам метр хэмжээтэй, нийт 1491.5 ам метр талбайтай барилга юм. Тус барилга нь цэцэрлэгийн анги, бүлгийн өрөөнүүд, багш, ажилчдын өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаатай баригдана. Өнөөдрийн байдлаар барилгын хоёрдугаар давхрын каркас угсралтыг хийж байна. Мөн гадна тохижилтын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, гадна саравч, ногоон байгууламжийн ажлыг цогцоор нь шийдэх юм.
НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нийт 2113 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 744, гэмт хэргийн шинжтэй 105 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 40 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
05-22

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Баянгол дүүрэгт нөөцийн мах худалдаалж буй дэлгүүрүүдийн байршил

Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Номин”, “Миний дэлгүүр”, “М-Март” сүлжээ дэлгүүрүүдэд нөөцийн махыг анх гэрээнд тусгасан үнээр буюу нэг килограмм үхрийн махыг 15,000, хонины махыг 13,000 төгрөгөөр тус тус худалдаалж байна.
Нөөцийн мах худалдаалж буй дэлгүүрийн байршлууд:
✅“М МАРТ”
📌1-р хороо, Богд Ар хороолол 21 А байр 1 давхарын 1 тоот,
📌2-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-53, “ТБД андууд төв”,
📌9-р хороо, 3-р хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж 75 тоот,
📌17-р хороо, Дамдинбазарын гудамж 44-7,
📌 26-р хороо, “Нарны хороолол”, Дунд гол гудамж, “Уран ган” төвийн баруун талд,
✅“МИНИЙ ДЭЛГҮҮР”
📌12-р хороо, Бичил хороолол, 16065 гудамж ХД-25/1 тоот хаягт байршилтай,
📌17-р хороо, 3, 4-р хороолол, “Koso center” -ын арын хаалга,
📌19-р хороо, “Алтан төгрөг” их дэлгүүрийн баруун талд, хуучнаар “Хороолол зах”,
✅“НОМИН ХАЙПЕРМАРКЕТ”
📌 5-р хороо, 10 дугаар хороололд байрлах “Хас” үйлчилгээний төв,
📌14-р хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө 15/4 байр.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаан бич өдөр

Аргын тооллын 5 сарын 22. Баасан (Сугар) гараг (2026)
-Зуны тэргүүн харагчин могой сарын шинийн 6, өдөр улаан бич, мэнгэ 2 хар, суудал гал, од үнэг-8, идэр барилдлагат. Сарын цээр өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:06-20:32.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул сарын цээр өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, хулгана, бич, хонь, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ харш гараг.
-Хүний сүлд зүрх, гар, хацарт, гэрийн сүлд гэр доторт орших болой.
-Сарын цээр өдөр. Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна

                                  Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр буюу 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2026 оны 05-р сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +11…+16 градус, говийн бүс нутгаар +20…+25 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +25…+30 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 2 градусаар сэрүүсэж +13…+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 2 градусаар сэрүүсэж +14…+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 1 градусаар сэрүүсэж +11…+13 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчидтэй уулзлаа.

Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, эрүүл, чанартай хоол үйлдвэрлэх, иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарыг тэтгэх, үндэсний идээ, ундааны соёлыг хадгалах, түгээх үүргээ нэр төртэй гүйцэтгэж, олон арван ажлын байр бий болгож байгаа үе үеийн хамт олонд талархал илэрхийллээ.

Тэрбээр өнгөрсөн он жилүүдэд хийсэн ажил, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөр, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Хоол үйлдвэрлэлийн салбарт 3,200 гаруй аж ахуйн нэгж ресторан, кафе, кофе шоп, цайны газар, баар, лоунж, шөнийн клуб, паб, катеринг үйлчилгээ, сүлжээ түргэн хоол, гудамжны хоол үйлчилгээ, ханган нийлүүлэлтийн сүлжээ, салбарын онцлог бүхий IT, технологийн шийдэл, мэргэжлийн сургалт, зөвлөх үйлчилгээ зэрэг 20 гаруй чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Цаашид бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, салбарын оролцоог нэгтгэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг  өргөжүүлэхийг зорьж байгааг Монголын ресторан, зоогийн газрын холбооны Ерөнхийлөгч М.Есөнмөнх хэллээ.

Энэ салбар Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.3 хувийг бүрдүүлдэг бөгөөд  борлуулалтын орлого нь 1.8 их наяд төгрөгт хүрч, 48,500 шууд ажлын байр, шууд бусаар 85,000 орчим ажлын байр бий болгодог.

2030 он гэхэд зочлох үйлчилгээний салбарын өсөлтийг 50 гаруй хувиар нэмэгдүүлж, шинээр 25,000 гаруй ажлын байр бий болгож, борлуулалтын орлогыг 1.5 дахин өсгөх зорилт тавьжээ.

Манай айраг исгэх уламжлалт арга, зан үйл ЮНЕСКО-д бүртгэгдсэн. Удахгүй хорхогийг Гиннесийн дэлхийн дээд амжилтад бүртгүүлэхээр төлөвлөсөн байна.

Мэргэжлийн холбоо хоолны өв соёлыг хадгалах, судлах, баримтжуулах, түгээн дэлгэрүүлэх, олон улсад таниулах зорилгоор Үндэсний хоолны судалгаа, хөгжүүлэлт, сургалтын төв байгуулах болжээ.

Энэ нь үндэсний хоолны соёл, зочлох үйлчилгээний салбар, аялал жуулчлал, үндэсний брэнд хөгжихөд чухал ач холбогдолтой гэж Монголын ресторан, зоогийн газрын холбоо үзэж байна.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт үндэсний хэмжээний одны зэрэглэлийн системийг ирэх оноос нэвтрүүлж, эхний ээлжинд ресторан, кофе шоп, баар, үйлчилгээний дөрвөн төрлийг хамруулна.

Салбарын аж ахуйн нэгжүүд олон улсын стандарт, шинэ технологи, үйлчилгээ, мэргэжлийн сургалт нэвтрүүлэхэд гадаад зөвлөх, мастер тогооч, сургалтын багш шаардлагатай байдаг. Иймээс гадаадаас ажиллах хүчин авч ажиллуулах асуудлыг либералчлах нь зүйтэй гэж үзжээ.

Мөн цагийн ажилтан, оюутан болон тэтгэврийн насны хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих, татварын орчны шинэчлэл хийх, импорт, хил, гаалийн зөвшөөрөл болон хяналт шалгалтын давхардлыг бууруулах нь зүйтэй гэж салбарынхан хэлж байлаа.

Хоол үйлдвэрлэл болон зочлох үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжүүд  ирэх намар болох COP17 бага хурлын үеэр нэгдсэн зохион байгуулалтад орж үйлчилгээ үзүүлэх юм байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн “Блью мон” ХХК-ийн Нийтийн хоолны нэгтгэлийн захирал Болдын Цогзулд Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ

Тээврийн прокурорын газраас 2026 оны 4 дүгээр сарын байдлаар хүний эрүүл мэндэд хохирол учруулсан 302 хэргийг шүүхэд шилжүүлснээс 103 хэрэг нь явган хүний гарц дээр гарсан зам тээврийн осол байна. Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 4 хүний эрүүл мэндэд хөнгөн, 59 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 28 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, 12 хүний амь нас хохирсон байна.

Үүнээс  хүүхэд хохирсон 16 тохиолдол байгаагаас 1 хүүхдийн амь нас хохирч, 6 хүүхэд хүнд, 8 хүүхэд хүндэвтэр, 1 хүүхэд хөнгөн гэмтсэн нь хүүхдүүд зам тээврийн осолд өртөх хамгийн эрсдэлтэй болохыг харуулж байна.

Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас өндөр настай 2 хүний амь нас хохирч, 5 хүний эрүүл мэндэд хохирол учирчээ.  Мөн гадаад улсын 1 иргэн гэмтсэн байна.

Дээрх зам тээврийн ослын дийлэнх буюу 77.7 хувь нь өдрийн цагаар, үзэгдэх орчин чөлөөтэй үед гарсан байх бөгөөд жолооч явган хүний гарцын өмнө хурдаа сааруулаагүй, зам тавьж өгөөгүй, гэрлэн дохио үл тоомсорлосон, уулзвар, гарц дээр анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалан үйлдэгджээ.

Тодруулбал: Жолооч явган зорчигчид зам тавьж өгөөгүйн улмаас 68, уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгөөгүйн улмаас 23, гэрлэн дохио асах үед уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаагүй явган зорчигчид зам тавьж өгөөгүйн улмаас 5, хориглосон гэрэл дохиогоор хөдөлгөөнд оролцсоны улмаас 7 хүнийг явган хүний гарц дээр мөргөсөн тохиолдол гарсан байна.

Осол гаргасан жолооч нарын 5 нь согтуугаар үйлдсэн бөгөөд нийтийн тээврийн хэрэгслийн жолооч осол гаргаж явган зорчигчийн эрүүл мэндэд хохирол учруулсан 1 тохиолдол байна.

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар Жолооч нь зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн тохиолдолд заавал хурдаа хасах, зогсож явган зорчигчид зам тавьж өгөх, мөн зөвшөөрөгдсөн гэрэл дохиогоор зам хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчийг өнгөрөөх, хүлээх үүрэгтэй.

Тиймээс жолооч та бүхэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган хүний гарцын өмнө хурдаа хасаж, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгч, Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой, соёлтой  оролцохыг Тээврийн прокурорын газраас уриалж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.21/ Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, М.Ганхүлэг, Р.Сэддорж, Р.Эрдэнэбүрэн нараас Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Газрын тосны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Гэрээлэгч газрын тосны хайгуулын болон ашиглалтын үед тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлнө.” 30.6 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрлийн төлбөрийн 10 хувийг тухайн тусгай зөвшөөрлийн талбайг харьяалах сум, дүүргийн төсөвт, 20 хувийг аймаг, нийслэлийн төсөвт, 70 хувийг улсын төсөвт тус тус хуваарилна”, 31 дүгээр зүйлийн 31.3 дэх хэсэгт “Нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70 хувийг улсын төсөвт тус тус төвлөрүүлнэ” хэмээн тусгасан байдаг.

2024 онд баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар төрөлжсөн сангуудад хатуу ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын хуулийн этгээдийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийг хуваарилахтай холбоотой харилцааг зохицуулсан. Ингэхдээ газрын тос, байгалийн хийн нөөц ашигласны төлбөрийг улсын төсөв, Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сан, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг харьяалах бүс, аймаг, сумын төсөвт хэрхэн хуваарилах, мөн эл салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмшлийн ногдол ашгийг баялгийн санд төвлөрүүлэхтэй холбоотой харилцааг тусгаагүйг төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд энэ үеэр онцлоод уг хуулийн төслийг зүүн болон говийн бүсээс сонгогдсон нэр бүхий 13 гишүүн өргөн мэдүүлж буйг тодотгов.

Мөн тэрбээр, хуулийн төсөлд тусгасан өөрчлөлтөөр газрын хэвлийн баялаг болох газрын тос, байгалийн хийн нөөц ашигласны төлбөрийн 25 хувийг улсын төсөв, 35 хувийг Үндэсний баялгийн төрөлжсөн сангууд, 10 хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан, Бүсийн хөгжлийн сан, газрын тосны ашиглалтын нөлөөлөлд өртөж буй тухайн бүс, аймаг, сумдын төсөвт тус тус хуваарилах зохицуулалтыг тусгасан гэж байлаа.

Мөн газрын тос, байгалийн хий олборлох, боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмшлийн хувьд ногдох ногдол ашгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх энэ төрлийн харилцааг зохицуулахаар Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан гарах бусад хууль тогтоомжийн төслийг боловсруулсан байна.

Монгол Улс жилд 2.0 тэрбум ам.долларыг бензин, шатахуун зарцуулдаг бөгөөд Газрын тосны үйлдвэр ашиглалтад орох хугацаа дөхөж байгаа энэ цаг үед хайгуулын үйл ажиллагаа явуулах хэрэгцээ шаардлагатай байна. Энэ асуудалд орон нутгийн иргэд болгоомжтой ханддаг. Иймд газрын тосны ашиглалтын нөлөөлөлд өртөж буй иргэд, сум, орон нутгийн хөгжилд тодорхой хэмжээний үр өгөөжийг нь бодитой хүртээх нөхцөлийг бүрдүүлснээр уул уурхай, хайгуулын салбарт эерэг нөлөө үзүүлнэ хэмээн төсөл санаачлагч гишүүд үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажиллагсадтай уулзлаа.

Цар тахлын үед ачааны хүндийг үүрэн, олон мянган хүнийг эмчилж, амь насыг аварсан эрүүл мэндийн салбарын нийт хамт олон, гэр бүлд нь Ерөнхийлөгч  ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зэрэгт хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, Өрхийн эрүүл мэндийн төвүүд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

Тэрбээр өнгөрсөн он жилүүдэд хийсэн ажил, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөр, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Хоорондоо харилцан уялдаатай хөдөлгөөн, хөтөлбөр, түүний дотор “Эрүүл монгол хүн” хөдөлгөөнийг үр дүнд хүргэхэд эрүүл мэндийн салбар, түүний дотор хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эмнэлгүүд манлайлах үүрэгтэй оролцож байгааг онцоллоо.

Зарим томоохон хувийн эмнэлэг хамгийн сүүлийн үеийн дүрс оношилгооны дэвшилтэт төхөөрөмж нэвтрүүлэн, хавдар, зүрх, судас, мэдрэлийн өвчнийг эрт үед нь оношилж байна.

Мөн дурангийн болон роботын тусламжтай мэс заслын технологи, хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны систем, цахим эрүүл мэндийн нэгдсэн платформ ашиглаж эхэлжээ.

Эмч, ажилтны мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах, цалин хөлсийг нэмэх чиглэлээр Ерөнхийлөгч бодлогын дэмжлэг үзүүлж байгааг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэллээ.

Цаашид монгол хүн эх орондоо дэлхийн түвшний тусламж, үйлчилгээ авдаг болохын төлөө эрт илрүүлэг, оношилгооны хамрах хүрээг тэлж, дундаж наслалтыг уртасгахын төлөө хичээн ажиллахаа илэрхийллээ.

Улсын хэмжээнд 220 гаруй Өрхийн эрүүл мэндийн төв нийт хүн амын 70 орчим хувь буюу 2.2 сая гаруй иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ хүргэдэг.

Төвүүд 7 сая гаруй үзлэг хийж, нэг иргэн жилд дунджаар 3 удаа Өрхийн эмнэлгээс тусламж, үйлчилгээ авдаг гэсэн статистик гарсан байна.   

Энэ нь Өрхийн эмнэлгүүд иргэдтэй хамгийн ойр байж, эрүүл мэндийг нь хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, хяналт, гэрийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зэргээр өдөр тутмын ачааллыг үүрдэг гэсэн үг юм.

Ерөнхийлөгчийн ивээл дор эмч, сувилагч нар улсын зөвлөгөөнөө тогтмол хийдэг болсон.

Төрийн тэргүүн санаачилга гарган, дэмжлэг үзүүлснээр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв ашиглалтад орсон бол удахгүй “Сувилахуйн сургалт, судалгааны төв”, “Уламжлалт анагаах ухааны үндэсний төв”-ийн бүтээн байгуулалт дуусна.

Ерөнхийлөгч мөн “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв”-ийг байгуулахад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг ажиллуулж, уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх зарлиг гарган хэрэгжүүлж байна.

Улсын хэмжээнд эрүүл мэндийн 4,900 гаруй байгууллагад  67 мянга гаруй хүн ажиллаж, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Нийт ажиллагсдын 43 хувь нь хувийн хэвшлийнх юм.

Ерөнхийлөгч “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Урьдчилан сэргийлэх багц шинжилгээний тасгийн эрхлэгч, зөвлөх зэргийн эмч Намнангийн Нарьяа, Хөвсгөл аймгийн “Хөвсгөл гурван гал” Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, клиникийн профессор Жүгдэрийн Сүнжидмаа нарт Хүний гавьяат эмч, “Өнөлаб” лабораторийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Ванчигийн Хадхүүд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ.

Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа