Author Archives: baaska baaska

ХХНББХ: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй нөхцөл, шаардлагуудыг хуулиас бүрэн хасахыг дэмжлээ

Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2026.05.12) 53.3 хувийн ирцтэйгээр 14.22 цагт эхэллээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан даргалан явуулж, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Бейсен. М.Ганхүлэг, М.Нарантуяа-Нара, Г.Хосбаяр О.Батнайрамдал Д.Бум-Очир, Д.Рэгдэл, Б.Хэрлэн, Д.Энхтуяа, Д.Ганмаа, Т.Мөнхсайхан, М.Сарнай, Ж.Чинбүрэн, М.Энхцэцэг нар оролцон, нийт таван асуудал хэлэлцэв.

Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа

Байнгын хорооны хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн санаачлан боловсруулж өнгөрөгч 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн ажлын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг байгуулж, тогтоол гаргалаа. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг даргалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, О.Батнайрамдал, Ж.Баясгалан, Л.Энхнасан, М.Нарантуяа-Нара, М.Сарнай нар ажиллахаар болов.

Үүний дараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийн даатгуулагч, ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшүүлсэнтэй холбогдуулан хийх нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд, нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 25-ны өдөр хийхээр тусгасан байна. Харин сонсгол даргалагчаар ажиллахаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа өөрийн нэрийг дэвшүүлэв.

Санал хураалт явуулахад тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 73.9 хувь дэмжиж, батлав.

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, Б.Бейсен, Ж.Баясгалан, О.Батнайрамдал, Ц.Мөнхтуяа, П.Наранбаяр нар асуулт асууж, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг Нийгмийн даатгалын сангийн орлого, түүний зарцуулалт, хүртээмж болон маргаантай асуудлуудын хэрхэн шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгасныг асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен Эрүүл мэндийн даатгалын сангийн гүйцэтгэлд суурилсан тогтолцоо, түүний хэрэгжилт, эмнэлгүүдийн болон эмийн санхүүжилтэд шаардлагатай төсвийг хэрхэн төлөвлөж байгааг асууж, тус салбарын төсөв, санхүүжилт ихээхэн хүндрээд байгаа талаар ярив.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан Монгол Улсын төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийг инфляцын түвшинтэй хэрхэн уялдуулсан талаар тодруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг амьжиргааны баталгаажих түвшинд хүргэж нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ. Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийг дагалдуулан боловсруулсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тодорхой нөхцөл буюу төсвийн тодотгол хийсний дараа уг өөрчлөлтийг хүчингүй болгох зохицуулалт тусгах нь зүйтэй гэсэн санал хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара Засгийн газрын гадаад өрийн хэмжээ ямар байгааг асууж, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, “цалинтай ээж” тэтгэмжийн хэмжээг 100 000 төгрөг болгох, татварын дарамтын бууруулах Засгийн газрын бодлоготой хувь хүний орлогын албан татварын орлогыг уялдуулж төлөвлөх зэрэг асуудлыг хөндөн, ажлын хэсгийн гишүүдээс тодорхой хариулт авав. Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр энэ онд Засгийн газрын гадаад өр дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)–ий 60 хувиас хэтрэхгүй байх тусгай шаардлага бийг танилцуулж, ирэх жилүүдэд энэ харьцааг 50 хувиас 45 хувь болгож бууруулах зорилт тавьж буйг дурдсан юм. Энэ онд гадаад өрийн ДНБ-тэй харьцах харьцаа 39.3 хувь байгааг тэрбээр мэдээлэв.

Монгол Улсын хүн амын өсөлт 2025 онд хамгийн доод түвшинд хүрснийг Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн анхааруулж, үүнд голлон нөлөөлж байгаа гэр бүл салалтын тэргүүлэх шалтгаан нь өрхийн орлого буурч байгаа явдал гэдгийг онцолсон юм. Тэрбээр, өрхийн орлого, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар ямар бодлого, үйл ажиллагаа төлөвлөж байгааг асууж тодорхой хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа ахмад настны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, зөрүүг арилгах асуудлыг төсвийн хүрээ, төсөөлөлд яаж төлөвлөж байгааг асуусан юм. Цалин, тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж буйг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хэлж, төсөөлж байгаагаар 10 хувиар нэмэгдэнэ гэдгийг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр мөн энэ асуудлыг хөндөж, хүнсний бүтээгдэхүүний дамжуулан буюу жижиглэн борлуулалтыг нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-аас чөлөөлөх, цалингийн болон урсгал зардлын бүтцийг шинэчилж, дутагдаж буй зардлыг шийдвэрлэх шаардлагатай гэсэн санал дэвшүүлэв. Засгийн газар төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг тасралтгүй бууруулах бодлого баримталж байгааг сайд Ж.Энхбаяр танилцууллаа.

Боловсролын салбар тэргүүлэх чиглэл хэвээрээ эсэхийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах тодруулаад, улсын төсвөөс боловсролын салбарт ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийхийг асуусан юм. Улсын төсөвт боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалт тусгагдахгүй гэдгийг сайд Ж.Энхбаяр хэлж, тус салбарын урсгал зардал нийт төсвийн 90 хувьд хүрээд байгааг танилцуулсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах ДНБ-ийг 5.8-6.3 хувиар өсгөх зорилтыг хангахын тулд эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, өсөлтийг иргэдэд тэгш хүртээх болон импортыг орлох гол нэрийн бүтээгдэхүүнийг дотооддоо дэмжиж хөгжүүлэх чиглэлээр ямар тодорхой арга хэмжээ төлөвлөсөн талаар асууж, хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун татварын орлого өсөх болон хэрэглээний үнэ буурах тооцооллууд, тэдгээрийн үндэслэлийг тодруулж, төсөв, төлөвлөгөөнд тусгасан зорилтуудын үр шим, амьдралд хэрхэн тусах талаар тодорхой танилцуулж ажиллахыг зөвлөв.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн талаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан тухай санал дүгнэлтийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Гүйцээн боловсруулсан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл нарын өргөн мэдүүлсэн Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан танилцуулав. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цусны донорын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас зарчмын зөрүүтэй дөрвөн саналыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн юм. Ажлын хэсэг уг саналуудыг гүйцээн боловсруулсан байна.

Гүйцээн боловсруулсан зарчмын зөрүүтэй санал нэг бүрээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Энэ үеэр цусны донорын үйлсийг сурталчлах, урамшуулах, дэмжлэг үзүүлэх тухай төслийн 19 дүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг асуулт асууж, хариулт авав.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй нөхцөл, шаардлагуудыг хуулиас бүрэн хасахыг дэмжив

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тав дахь асуудал Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байлаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, Б.Уянга, С.Эрдэнэбат, С.Эрдэнэболд нарын 2025 оны зургадугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн уг төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2025 оны хаврын чуулганы долдугаар сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн юм.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн танилцуулгыг тус ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун хийв. Ажлын хэсэг хоёр удаа хуралдсаны дээр энэ оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр “Монгол Улсын хүн ам зүйн бодлого, асуудал шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, Улсын Их Хурлын гишүүд, салбарын эрдэмтэн судлаачид, иргэдийн оролцоотойгоор зохион байгуулсан байна.

Хэлэлцүүлгээс хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих бодлогод хүүхэд төрүүлэхийг уриалан дэмжихийн зэрэгцээ эх, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллыг сайжруулах, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн тэгш боломж олгох зэрэг хүүхэд төрсний дараах амьдралын чанарын асуудлыг цогцоор нь авч үзэх, залуу гэр бүлийг эдийн засаг, орон сууц, ажил-амьдралын тэнцвэрийн бодлогоор дэмжих шаардлагатай хэмээн зөвлөснийг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун танилцуулгадаа онцолсон юм.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй “бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх” гэсэн шалгуурыг хасахаар төсөлд тусгасан нь зөвхөн хүн амын өсөлтийг дэмжээд зогсохгүй эх, хүүхдийг ялгаварлан гадуурхах эрсдэлийг бууруулах, хүүхэд бүрийн үнэ цэнийг ижил түвшинд хүлээн зөвшөөрөх эрх зүйн зарчимтай нийцэж байна гэж Ажлын хэсэг үзжээ. Иймд хууль санаачлагчдын санал дээр нэмж, үрчлэн авсан хүүхдэд тавигдах “тэр үед гурав хүртэлх насанд нь” гэсэн шалгуурыг төсөлд нэмж тусгах замаар хуулиас хасах санал боловсруулсан байна. Мөн хуулийг энэ оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасныг ирэх 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс болгон өөрчлөх санал гаргажээ.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа үг хэлж, хуулийг нөхөн үйлчлэхгүй гэдгийг иргэд, олон нийтэд сайтар ойлгуулах, мөн “Эхийн алдар” одонгоо авчихаад хүүхдүүдээ хаядаг, өргүүлж үрчлүүлдэг, өвөө, эмээд нь өгдөг эцэг, эхчүүдийн асуудлыг цэгцлэх талаар тодорхой бодлого, үйл ажиллагаа явууулах шаардлага байгааг анхааруулж, нярайн сувилал бий болгох нь нялхасын эндэгдлийг бууруулахад үр дүнтэй нөлөө үзүүлнэ гэдгийг онцолсон юм.

Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

Хотын дарга Х.Нямбаатар Боловсролын сайд Л.Энх-Амгалантай уулзлаа. Уулзалтаар нийслэлээс гэр хороололд төрөлжсөн сургууль байгуулах асуудалд дэмжлэг хүслээ.

Хотын дарга Х.Нямбаатар “Би СХД-ийн ИТХ-д сонгогдож байсан. Мөн энэ дүүргээс хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. 2024 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан. Энэ хугацаанд тус дүүрэгт ажиллахдаа сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр цөөнгүй ажлыг санаачилж хийсэн. Тухайлбал, “Нарны хүүхдүүд” төсөл хэрэгжүүлж, хэд хэдэн цэцэрлэгийг шинээр барьж байлаа. СХД-ийн хүүхдүүдийн хоцрогдлыг бууруулах зорилгоор төрөлжсөн сургуулиудыг байгуулсан. Тухайлбал, Зүүнсалаанд Кембрижийн төрөлжсөн сургалттай сургуулийг байгуулсан. Мөн СХД-ийн 4 дүгээр хороонд орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 162 дугаар сургуулийг байгуулсан. Бид мөн орос хэлний сургалттай цэцэрлэг, усан бассейн зэрэг бүтээн байгуулалтыг төлөвлөөд байна. Нэгдүгээр хорооллын арын дэнж дээр хоёр сургууль энэ жил ашиглалтад орно. Нэгдүгээр хорооллын “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг 6-12 дугаар ангийн хүүхдүүд суралцдаг, 11 дүгээр сургуулийн сургалтын хөтөлбөр, агуулга бүхий математик, физикийн  гүнзгийрүүлсэн сургалттай сургууль болгож төлөвлөе гэдэг санаачилга гаргаж байна. Үүнд дэмжлэг үзүүлэхийг Боловсролын яамнаас хүсэж байна. 2026 есдүгээр сарын 1 гэхэд математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай төрөлжсөн шинэ сургуулийг байгуулах төлөвлөгөөтэй байна. Мөн СХД-ийн 22, 34, 35 дугаар хороо Баянголын ам руу нэлээд том суурьшлууд бий болж байгаа. Тухайлбал, Буман-Өлзий хороолол ашиглалтад орсон. Цаашлаад Солонгосын Эксим банкны санхүүжилттэй 2008 айлын орон сууцны хороолол 2027 онд ашиглалтад орно. Мөн ТХХТ-ээр 2000 айлын орон сууцны хороолол ашиглалтад орохоор байна. Тэгэхээр тухайн бүсэд гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль байгуулмаар байна. Хотоос сургуулиа барьж байгуулах тендерээ зарласан. Үүнийг шийдэх хэрэгтэй байна. Ингэснээр СХД-т хүүхдүүд эрдэм мэдлэгээ төрөлжүүлэн хөгжүүлэх боломж нээгдэх юм” гэлээ.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Хотын даргад их талархаж байна. Эцэг эх нь хэн байхаас, өрхийн орлого ямар байхаас үл хамаараад хүүхэд бүрд тэгш боломж олгох ёстой. Чадалтай айлын хүүхэд нь Кембрижийн сургалттай сургуульд сурдаг бус сурч боловсрох эрмэлзэлтэй хүүхэд бүрд тэгш боломж олгох ёстой. Үүний тулд бид сум дундын ахлах сургууль, аймаг, бүсэд Кембрижийн хөтөлбөртэй сургууль барьж байгаатай адилаар Улаанбаатар хотын дүүргүүд, гэр хорооллын бүсэд төрөлжсөн ахлах сургуулийг барьснаар хүүхэд бүрд тэгш боломж олгох юм. Үүн дээр хамгийн түрүүнд манлайлж байгаа дүүрэг бол Сонгинохайрхан дүүрэг. Цаашид хотын гэр хороолол, сургууль цэцэрлэггүй байгаа хорооллуудад хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулж хүүхэд бүрд тэгш боломж олгох чиглэлд хоттой хамтарч ажиллана. Таны тавьж байгаа хүсэлтийг хүлээн авч есдүгээр сарын нэгэнд төрөлжсөн сургуулиа хамтдаа нээнэ” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн, клиникийн профессор Доржжанцангийн Нямсүрэнд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Сувилагч тандаа баярлалаа-2026” улсын зөвлөгөөн Төрийн ордонд боллоо.   

Жил бүрийн 5 дугаар сарын 12-ны тохиодог Олон улсын сувилагчдын өдрийг энэ жил “Цогц чадамж-Сувилагчийн үнэ цэн” уриан дор тэмдэглэж байна.

Энэ нь сувилагчийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, харилцаа хандлага, манлайлал, тасралтгүй хөгжлийг цогцоор нь үнэлж, тэдний оруулж буй хувь нэмэр, үнэ цэнийг тодотгож байгаагийн илрэл юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөгөөнд оролцож, сувилагч нарт баяр хүргэж,  амжилт хүсэн ерөөлөө.

Цар тахлын он жилүүдийг хохирол багатай даван туулж, олон мянган хүнийг эмчлэн, амь насыг нь аврахад эрүүл мэндийн салбарынхан, тэр дундаа сувилагч нарын хүчин зүтгэл асар их байсныг хэлж, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх  зэрэгт оруулж байгаа хувь нэмрийг төр, засаг байнга өндөр үнэлж, цалин хөлс, нийгмийн баталгааг нь сайжруулахад анхаарч байгааг хэллээ.

Төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөр, түүний дотор “Эрүүл монгол хүн” хөдөлгөөнийг үр дүнд хүргэхэд эрүүл мэндийн салбар, ялангуяа сувилагч нарын мэдлэг, ур чадвар, хамтын ажиллагаа, манлайлал чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо.

2021 оноос “Сувилагч тандаа баярлалаа” зөвлөгөөнийг жил бүр Ерөнхийлөгчийн ивээл дор хийж, ололт амжилт, тулгамдаж байгаа асуудлаа ярилцаж, гарц, шийдлээ төр, засагт хүргэж, үр дүнд хүрч байна.

Тухайлбал өнгөрсөн онд зохион байгуулсан зөвлөгөөний үеэр бүтээн байгуулалт нь эхэлсэн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” удахгүй ашиглалтад орно.   

Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгээр барьж буй энэ төв сувилагчдыг мэргэшүүлэх, тасралтгүй хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх боломж, нөхцөлийг бүрдүүлэх юм.

Мөн хангайн бүсэд АШУҮИС-ийн харьяа Cувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогцолбор байгуулсан.

Сувилагчийг төрийн болон байгууллагын зардлаар сургаж бэлтгэх, гадаадад богино хугацааны сургалтад хамруулахад анхаарч, чанар, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтээр цалин, урамшууллыг нь нэмж байна.

Энэ онд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 75 хувь нэмэх бөгөөд өнөөдрийн байдлаар 30 хувь нэмэгдсэн, энэ сараас нэмэгдлийг нь нэмэгдсэн цалингаас нь тооцож олгож эхэлжээ.

Цаашид сувилагчдын тоог нэмэгдүүлэх, нарийн мэргэшил эзэмшүүлэх, сувилагч мэргэжлийн үнэ цэнийг сурталчлан таниулахад анхаарах шаардлагатайг  Ерөнхийлөгч хэллээ.  

Манай улс 15 мянга гаруй сувилагчтай бөгөөд энэ нь эрүүл мэндийн салбарын нийт хүний нөөцийн 22 хувь юм байна. 1,000 хүнд ногдох сувилагчийн тоо 4.2 байгаа нь олон улсын дунджаас 2-3 дахин цөөн гэсэн үг юм.

Сувилагчдын хөдөлмөрийг бодитой үнэлсэн, нийгмийн баталгаа, ажиллах орчин, мэргэжлийн хөгжлийг нь дэмжсэн тогтвортой бодлогыг тууштай хэрэгжүүлнэ гэдгээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэллээ.

Ерөнхийлөгч мөн сувилахуйн тусламж, үйлчилгээнд орчин үеийн шинэ арга технологи нэвтрүүлэхэд сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг удирдан зохион байгуулж, тэдний мэдлэг, ур чадвар, бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэх, хүний нөөц бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн, клиникийн профессор Доржжанцангийн Нямсүрэнд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ.

Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн яам хамтран зохион байгуулсан “Сувилагч тандаа баярлалаа-2026” зөвлөгөөнд 800 орчим сувилагч оролцлоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хонь, туулай, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Аргын тооллын 5 сарын 13. Лхагва (Буд) гараг (2026)
Хаврын адаг хар луу сарын билгийн 26, өдөр улаагчин гахай, мэнгэ 2 хар, суудал хий, од могойг хүлэгч-25, рашаан барилдлагат. Хутганы ир өдөр.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:17-20:20.
Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
Үс засуулахад амгалан жаргалантай маш сайн. Харин могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Хонь, туулай, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнээ сөрөг муу.
Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтнээ сөрөг гараг.
Хүний сүлд өвдөг, хацар, өвчүүнд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
Үс засуулах, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргах, хөрөнгө оруулахад сайн. Замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, эд, мал худалдан авах, мал худалдах, арилжаа хийхэд муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

13-нд Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар аймгуудын нутгаар нөөлөг салхи, хүчтэй шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2026 оны 05-р сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутгаар +5…+10 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр +10…+15 градус, нутгийн зүүн өмнөд хэсгээр, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар +33…+38 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсгээр +24…+29 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж +16…+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж +19…+21 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 5 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 479 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 428 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 51 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгаа 9 нэр дэвшигчийн талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэв. Эдгээрийн дийлэнх нь аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын болон яамны харьяа байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний албан тушаалд томилогдохоор нэр дэвшигч нар байна.

Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 137 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 22 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Хяналт шалгалтаар Авлигын эсрэг хуулийн 7, 8, 18, 19 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг зөрчсөн нийтийн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах албан бичиг хүргүүллээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтаар 27 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.12/ Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна…” гэж, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж тус тус заасны дагуу засгийн бүх эрх ард түмний мэдэлд тул сонгогчид өөрсдийн төлөөлөл болсон Улсын Их Хурлын гишүүнийг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө эгүүлэн татах бүрэн эрхтэй. 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.” гэсэн нэмэлтийг оруулсан нь ардчилсан парламентын улсад томоохон дэвшил болсон. Гэвч Улсын Их Хурлын гишүүн тангаргаасаа няцах гэдэг нь ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрхийг органик хуулиар зохицуулаагүй байгаа нь уг заалтын бодит хэрэгжилтэд саад учруулж байна. Иймд гишүүдийн өргөх тангаргийг бэлгэдлийн шинжтэй бус Үндсэн хууль болон бусад хуулийг сахин мөрдүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүний тангаргад хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байх талаар тусгах нь оновчтой гэж төсөл санаачлагч гишүүн үзжээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд уг агуулга бүхий зохицуулалтыг Улсын Их Хурал 2006 оноос хойш мөрдөж ирсэн нь Үндсэн хуульд заасан зарчмыг зөрчиж, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээнд халдсан гэж үзэхээр байна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9.4-т гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэхээр заасан байгаа нь Үндсэн хуульд нийцээгүй байна гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцолжээ.

Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан Үндсэн хуулийг хэлбэрэлтгүй мөрдүүлэх зорилгоор уг хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна.

Хуулийн төсөл нь нийт 6 зүйлтэй бөгөөд төсөл батлагдсанаар төсөвт нэмэлт зардал үүсэхгүй аж. Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим зүйл, заалтыг Үндсэн хуульд нийцүүлэх замаар парламентын засаглах эрхийг бэхжүүлж, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт заасны дагуу Улсын Их Хурлын гишүүдийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, шаардлагатай тохиолдолд хуульд заасны дагуу эгүүлэн татах улс төрийн эерэг соёл, хандлагыг төлөвшүүлэх зохицуулалтын орчныг сайжруулна гэж төсөл санаачлагч гишүүн үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнгөрсөн 7 хоногт 8 удаагийн ой, хээрийн түймрийг унтраажээ

Улсын хэмжээнд тавдугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийслэлийн 2 дүүрэг, 11 аймгийн 46 суманд, 86 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Үүнээс өнгөрөгч 7 хоногт Дорнод аймагт 2, Хөвсгөл аймагт 1, Хэнтий аймагт 1, Сэлэнгэ аймагт 1, Булган аймагт 2, Өвөрхангай аймагт 1 буюу нийт 8 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраалаа.

Ой, хээрийн гал түймрийн аюулаас 49 гэр, 25 өвөлжөө, хашаа саравч, 8 автомашиныг авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 3760 орчим малыг нүүлгэн шилжүүллээ.

Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар  ойн 1013 га, хээрийн 579.058 га буюу нийт 582.748 га талбай өртсөн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ

Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/387 дугаар захирамжаар мопед, скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттай оролцуулахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд 86 цэгт 185 олон нийтийн цагдаа хяналт тавьж, үүрэг гүйцэтгэх хугацаанд 5431 зөрчил илрүүллээ.

Дээрх тээврийн хэрэгслүүдээр явган зорчигчийн замаар зорчсон 1702, насанд хүрээгүй хүүхэд жолоодсон 697, зорчигч тээвэрлэсэн 1197, явган хүний замаар гарахдаа хөтөлж яваагүй 833, зориулалтын бус газарт байрлуулсан 1002 зөрчлийг тус тус илрүүлж, 560 мопедыг түр саатуулах хашаанд байршуулав.

Мөн Замын цагдаагийн албаны гудамж замын хяналт шалгалтаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /А ангилалгүй/, эрхээ хасуулсан мотоцикл 63, мопед 82, суррон 111, нийт 256 зөрчлийг илрүүлж, түр саатууллаа. Дүрмийн бус хөдөлгөөнд оролцсон 92 хүнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 920 мянган төгрөгөөр торгох хариуцлага ногдууллаа.

Урьдчилан сэргийлэх чиглэлээр видео 17, постер 18, сэрэмжлүүлэг мэдээлэл 2, бусад мэдээлэл 11, нийт 57 удаагийн мэдээ мэдээлэл байршуулсан нь 3.3 сая орчим хүнд хүрсэн байна.

Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйгаар зорчихдоо дараах зөвлөмжийг дагаарай.

  • Хамгаалалтын малгайг заавал зөв өмсөх,
  • Хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй, анхаарал болгоомжтой байх,
  • Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, урсгал сөрөхгүй, гэрлэн дохионы дүрмийг дагах,
  • Скүтер, мопед дээр давхар хүн суулгахгүй байх,
  • Явган хүний зам дээр скүтер, мопед болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслээр зорчихгүй байх,
  • Скүтер, мопед зэргийг зориулалтын газарт байрлуулах,
  • Скүтер, мопедыг 16 болон түүнээс дээш насанд хүрсэн иргэд жолоодохыг зөвлөж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит зөвлөгөөн өнөөдөр боллоо. Уг зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар зарим томилгооны талаар танилцууллаа. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо. Нэгдүгээр орлогч нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцан ажиллана. Г.Жаргалсайхан нь 2020-2026 онд БЗД-ийн Засаг даргын орлогч, Засаг даргаар ажилласан туршлагатай.

Харин нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин цаашид Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудлыг хариуцаж ажиллахаар боллоо.Мөн нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагчаар Л.Ану-Үжинг томиллоо. Түүний хувьд өмнө нь “Улаанбаатар трамвай” төслийн удирдагчаар ажиллаж байсан юм. Түүнчлэн “Улаанбаатар метро”, “Улаанбаатар трамвай” төслүүдийг Т.Мөнхдалай хариуцан ажиллана.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нийт 2219 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 834, гэмт хэргийн шинжтэй 150 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 5 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 5 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
цагд0512

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаан нохой өдөр

Аргын тооллын 5 сарын 12. Мягмар (Ангараг) гараг (2026)
Хаврын адаг хар луу сарын билгийн 25, өдөр улаан нохой, мэнгэ 3 хөх, суудал мод, од шувуун хошуут-24, арвидах барилдлагат. Овоо тахих, бага хар өдөр.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:18-20:19.
Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайх тул муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Морь, бар, нохой, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтнээ сөрөг гараг.
Хүний сүлд ам, тавхай, тахимд, гэрийн сүлд эд бараанд орших болой.
Гал тахих, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, замд гарах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргах, мал гаргах, эд, мал худалдан авах, үхэгсдийн үйл, арилжаа наймаа хийхэд сайн. Үс засуулах, ажилчин шүтүүлэхэд муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +29 градус дулаан

                                 Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2026 оны 05-р сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун болон хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон төвийн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн баруун хойд хэсгээр сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар +5…+10 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр +12…+17 градус, говийн бүс нутгаар халж +33…+38 градус, Хангайн нурууны өвөр бэл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +26…+31 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +28…+30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +26…+28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +26…+28 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа