Author Archives: baaska baaska

Өнөөдөр Монгол-Алтайн уулс болон Алтайн өвөр говиор цас орж, явган шуурга шуурна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр Монгол-Алтайн уулс болон Алтайн өвөр говиор цас орж, явган шуурга шуурна.

2026 оны 02-р сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулс болон Алтайн өвөр говиор цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолой, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Орхон, Ерөө голын хөндийгөөр -19…-24 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -14…-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…-1 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -12…-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -14…-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -14…-16 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гуравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

МҮБХ-ноос 2026 оны гуравдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарийг танилцуулж байна.

✅01 Ням – 13:00
“Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан,
✅07 Бямба, 13:00
“Хангайн Ган-Эрдэнэ” ХХК-аас зохион байгуулж буй Завхан аймгийн Түдэвтэй сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын начин Уснихын Балжиннямын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,
✅13 Баасан, 11:00
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,
✅14 Бямба, 13:00
Монгол цэргийн өдөрт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 128 бөхийн барилдаан,
✅15 Ням, 13:00
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын түүхт 80 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, улсын гарди Пунцагийн Сүхбатын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,
✅21 Бямба, 13:00
Наурызын баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
✅22 Ням, 11:00 Мобиком корпорацийн 30 жилийн ойн нэрэмжит барилдаан,
✅28 Бямба, 14:30
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /зургаадугаар тойргийн сүүлийн хагас/,
✅29 Ням, 14:30
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /долоодугаар тойргийн эхний хагас/,
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нэгдүгээр сард 8 улсын 95 иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаав

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны нэгдүгээр сард 8 улсын 95 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаалаа. Монгол Улсын хил дээрээс буцаагдсан иргэдийг улсаар нь авч үзвэл, БНХАУ-ын 74, БНСУ-ын 6, Узбекистан 4, Непал 4, ОХУ-ын 2, Филиппин 2, Киргиз 2, Азербайжан 1 иргэн байна.
Эдгээр иргэд нь ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр хил дээрээс буцаагджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цагаагчин хонь өдөр

Аргын тооллын 2 сарын 26. Пүрэв (Бархасвад) гараг (2026)
Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 10, өдөр цагаагчин хонь, мэнгэ 6 цагаан, суудал огторгуй, од хэрцгий охин-5, үл зохилдох барилдлагат.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:39-18:31.
Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх сайн. Харин үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ харш гараг.
Хүний сүлд ам, мөр, бэлхүүст, гэрийн сүлд гэр, байшинд орших болой.
Үс засуулах, даллага авах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргах, дуган шүтээн босгох, бурхан сахиус тахих үйлд сайн. Замд гарах, бэрийн үйл, эд, мал худалдан авахад муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна.

                                        2026 оны 02-р сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

                                                          цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи Нийт нутгаар баруунаас 6-11 м/с, нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ.

Температур: Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Орхон голын хөндийгөөр -19…-24 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -14…-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…-2 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -13…-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. -17…-19 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -17…-19 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны хоёрдугаар сарын 25-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Төсөл батлагдсанаар,

  • Улсын хэмжээнд жил бүр эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээг төвлөрсөн байдлаар Засгийн газрын түвшинд тогтоодог зохицуулалтыг өөрчилж, газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын шилжилт хөдөлгөөнийг төлөвлөх тогтолцоонд шилжүүлнэ. Ингэснээр зам, дэд бүтэц байгуулах, тусгай хэрэгцээнд авах зэрэг томоохон өөрчлөлтийг илүү уялдаа холбоотой, бодлоготой шийдвэрлэх боломж бүрдэнэ.
  • Нийслэлээс орон нутагт шилжин ирсэн иргэн, гамшиг ослын улмаас орон гэргүй болсон, нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэний гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмших хүсэлтийг эрэмбэ, дараалал харгалзахгүй шийдвэрлэнэ. Мөн тухайн аймаг, сумын харьяалал бүхий иргэн өөрийн нутаг дэвсгэрт давуу байдлаар газар эзэмших боломжийг тодорхой болгож тусгалаа.
  • Улс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газрыг зориулалтын дагуу төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар олгох зохицуулалтыг нарийвчилж тусгасан.
  • Малчдад тэжээлийн ургамал тариалах зориулалтаар 5 га хүртэлх газрыг давуу эрхээр эзэмшүүлэх, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1 га хүртэлх газрыг үнэгүй эзэмшүүлэх зохицуулалтыг тодорхой болгож, мал аж ахуйн салбарын тогтвортой байдлыг дэмжих зохицуулалтыг тусгасан.
  • Авто зам, төмөр зам, усны сан, ойн сан, тусгай хамгаалалттай газар, ашигт малтмалын талбай зэрэг байгалийн нөөц ашиглалттай холбоотой салбаруудын орон зайн мэдээллийг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэх үүргийг тодорхой болгож, газрын давхцал, зөрчил, маргаанаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын уялдааг хангах, хяналтыг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгалаа.

Хуулийн төсөл батлагдсанаар газар олгох асуудлыг орон нутаг илүү бие даан шийдвэрлэх боломжтой болж, шат дамжлага цөөрч, иргэдэд учирдаг хүндрэл, чирэгдэл багасна. Орон нутаг өөрийн онцлогт нийцүүлэн дэд бүтэц, бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газрыг бодлоготойгоор олгож, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр бий болгох боломж нэмэгдэнэ.

Мөн малчид тэжээлийн ургамал тариалах боломжтой болсноор уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх сайжирч, гамшгийн эрсдэлийг бууруулахад бодитой дэмжлэг болно гэж үзэж байна.

Гэрээний хугацаа дууссан тул “Энержи Ресурс” ХХК-ийг “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-аас хаслаа

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 139 дүгээр тогтоолоор баталсан “Түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагын агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх журам”-д 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 202 дугаар тогтоолоор нэмэлт оруулж, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхэд ашиглаж байгаа нүүрсний 70-аас доошгүй хувийг үнэ төлбөргүй нийлүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагад хамруулахаар шийдвэрлэсэн.

Үүний дагуу Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 393 дугаар тогтоолоор “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-д “Таван толгой түлш” ХХК-д түүхий эдийг үнэ төлбөргүй нийлүүлж байсан “Энержи Ресурс” ХХК-ийг нэмэлтээр оруулж, агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдсөн байна.

“Таван толгой түлш” ХХК болон “Энержи Ресурс” ХХК-ийн хооронд гэрээний хугацаа дуусгавар болсон тул “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-аас хасах шийдвэр гаргалаа.

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн сонгон шалгаруулалтад хоёр улсын дөрвөн компани шалгарч үлдээд байна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, хураангуй жагсаалтад багтсан оролцогчдод хүргүүлэх сонгон шалгаруулалтын баримт бичгийг батлах, тэдгээрээс ирүүлсэн материалыг үнэлэх эрхийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэгт олгож, үр дүнг энэ оны тавдугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтод даалгалаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 60 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд холбогдох арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж, ажлын явцыг Засгийн газрын хуралдаанд тухай бүр танилцуулж буй.

Зэс, металлургийн чиглэлээр дэлхийн тэргүүлэгч 20 гаруй улсын нийт 55 компанид хүргүүлж 7 улсын 13 компани уг төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах саналаа ирүүлснээс ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлага, техник, технологийн шийдэл, санхүү, эдийн засгийн чадавх болон бусад холбогдох шалгуур үзүүлэлтийг харгалзан үнэлж, хоёр улсын хуулийн дөрвөн этгээдэд мэдэгдэл хүргүүлж, сонгон шалгаруулалтад оролцуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

  1. БНХАУ-ын Эн Эф Си (NFC) компани;
  2. БНХАУ-ын Жянши Коппер (Jiangxi Copper) компани;
  3. БНХАУ-ын Ляньтоу Нью Энержи Технологи (Liantou New Energy Technology), Чайна ЭнФи Инженеринг Корпораци (China ENFI Engineering Corporation), Шаньси Нортерн Коппер Индастри (Shanxi Northern Copper Industry) гэсэн 3 компанийн түншлэл;
  4. Швейцарь Улсын Гленкор Интернэшнл ЭйЖи (Glencore International AG) компани.

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болголоо

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх төслийн санхүүжилтийг гадаадын зээл, тусламж болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр шийдвэрлэх боломжийг судалж, саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.

Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км автозамыг зургаан эгнээ болгон өргөтгөн, шинэчлэхээр төлөвлөж буй бөгөөд Дарханы замыг шинэчлэхэд гаргасан алдааг дахин давтахгүй байхад анхаарч ажиллах, бүтээн байгуулалтын ажлыг энэ онд багтаан эхлүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголлоо.

Мөн Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх төслийг хариуцан ажиллах Засгийн газрын төлөөлөгчөөр Зам, тээврийн дэд сайд Г.Ганболдыг томиллоо.

“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай” ЮНЕСКО-ийн конвенцыг соёрхон батлах тухай төслийг УИХ-д хүргүүлнэ

“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай” ЮНЕСКО-ийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд, Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу зөвшилцөх, хэлэлцүүлэхээр УИХ-д хүргүүлэхээр тогтлоо.

Тус конвенцод “Хүн төрөлхтний түүх, соёл, шинжлэх ухаанд чухал ач холбогдолтой, доод тал нь 100 жилийн туршид хэсэгчлэн эсхүл бүхэлдээ, тодорхой хугацааны туршид эсхүл байнга усан доор байсан соёл, түүх эсхүл археологийн шинж чанартай, хүний оролцоотой бүхий л ул мөрийг “усан доорх соёлын өв” хэмээн үзэж, усан доорх соёлын өвийг хамгаалахтай холбоотой бусад олон улсын хэлэлцээр, олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчихгүйгээр Оролцогч Улсууд дотоодын ус, олтригийн ус, харьяалах тэнгис дэх усан доорх соёлын өвд чиглэсэн үйл ажиллагаанд конвенц болон дүрмийг хэрэглэхээр заасан.

Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенц батлагдсанаар олон улсын эрх зүйн хүрээнд усан доорх соёлын өвийг хамгаалах тогтолцоо бүрдэж, үндэсний эрх зүйн үйлчлэлээс гадуур соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах арга зүй, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бий болжээ.

“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенц”-д 80 улс гишүүнээр нэгдэн орж, усан доорх соёлын өвийг бүртгэх, судлах, хадгалах, ашиглах үйл ажиллагаа явуулж байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хуурамч цахим холбоосоор нэвтэрч 22.5 сая төгрөгөө алджээ

Сүүлийн үед иргэдийн гар утсанд “Та азтан болоо”, “Танд илгээмж ирлээ”, “Хямдралтай худалдан авалт хийгээрэй” зэрэг хуурамч линк болон сайтын холбоос явуулж, нэвтэрч орсон даруйд банкны мэдээллээ оруулснаар данснаасаа мөнгө алдаж, хохирох тохиолдол бүртгэгдэж байна.
Тухайлбал, Энэ оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Миний данснаас мөнгө шилжүүлсэн байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух 59 настай эрэгтэй “Т” гар утсанд нь очсон линк дээр дарж, өөрийн Худалдаа хөгжлийн банкны данснаас 22.500.000 төгрөг алдсан болох нь тогтоогдсон.
Иймд иргэд Та бүхэн ямар ч банк, аж ахуйн нэгж, байгууллага таны банкны нууц үгийг асуухгүй гэдгийг анхаарч хуурамч сайт, холбоосоор нэвтрэхгүй байж, дансны мэдээллийн аюулгүй байдлаа хангахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Автомашинтай зорчиж явсан дөрвөн иргэн Буйр нуурт живж, нас баржээ

Дорнод аймгийн “Буйр нуурт автомашин живлээ” гэх дуудлага, мэдээлэл энэ оны 02 дугаар сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн Цагдаагийн болон Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн ажиллаж, 34 настай, эрэгтэй “Ч” Toyota Prius маркийн автомашиныг жолоодон Буйр нуур дээгүүр зорчиж явахад хар хил үүсэж, мөс цөмөрч 2-34 насны дөрвөн хүн автомашинтайгаа живж нас барсан болох нь тогтоогдоод байна.
Уг хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.
Гол, нуурын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байгаа тул иргэд, жолооч та бүхэн цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Таван жилийн үндсэн чиглэлд бодлогын найман чиглэл, 512 шалгуур үзүүлэлтийг тодорхойллоо

Улсын Их Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг баталж, тогтоол гаргалаа.

Таван жилийн үндсэн чиглэлд бодлогын найман чиглэлийн тогтоож, үр дүн, түүнд хүрэх арга замуудыг үндэсний болон салбарын хэмжээнд, мөн төсвийн ерөнхийлөн захирагчийн чиг үүргийн хүрээнд, төсөл хөтөлбөр тус бүрийн тухайд нэг бүрчлэн тодорхойлсон байна.

Таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх, ахиц дэвшлийг хянах, үр дүнг үнэлэх, түүнд чиглүүлэх зорилгоор шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түвшнийг тогтоож өгчээ.

02

Түүнчлэн Үндсэн чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын хавсралтаар “Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг баталлаа. Тус хөтөлбөрт 30.0 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл хийгдсэн, хөгжлийн урт болон дунд хугацааны бодлоготой нийцсэн төслүүдийг эрэмбэлж 70.1 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 88 төслийг тусгасан.

Үндсэн чиглэл нь Засгийн газрын болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, улс, аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө, улс, орон нутгийн төсөв, цаашлаад байгууллагын стратеги болон жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, төрийн албан хаагчийн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө зэрэг баримт бичгийн суурь юм.

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг Улсын Их Хурал 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан юм. Тус тогтоолоор үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгаж, үүний хүрээнд хууль хоорондын зөрчлийг арилгах, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах зарчим, шалгуур, аргачлал тогтоосон хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг чиглэл болгов.

Мөн төрийн албан хаагчдын ажлын бүтээмж, хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсний бодлого, тогтолцоонд дүн шинжилгээ хийж, боловсронгуй болгох талаар санал боловсруулж, танилцуулахыг даалгажээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ыг дуустал үргэлжилнэ

2026 оны “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутан суралцагчийн бүртгэл гуравдугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас гуравдугаар сарын 10-ны өдрийн 23:59 цагийн хооронд үргэлжилнэ. Бүртгэл төрийн мэдээллийн нэгдсэн систем /E-Mongolia/-ээр явагдана. “Оюутан цэрэг” хөтөлбөрт зөвхөн I дамжааны оюутнууд хамрагддаг байсан бол 2025 онд Батлан хамгаалах яамнаас журамд өөрчлөлт оруулснаар II болон III дамжааны оюутнууд хамрагдах боломжтой болсон юм.

Сургалтад бүртгүүлэх оюутан, суралцагч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллагын сургалтын байгууллагын I, II, III дамжаанд, эсхүл мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад суралцдаг байх;
  • Тухайн жилийн зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;
  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэл сүүлийн нэг жил төлсөн байх;
  • Тухайн хичээлийн жилийн нэгдүгээр улирлын сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх зэрэг болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Засгийн газар хуралдаж байна

Өнөөдөр /2026.02.25/ Засгийн газар хуралдаж байна.

Ээлжит хуралдаанаар:

✅“Хэлэлцээр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Олон улсад авто замаар ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр/
✅Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
✅“Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
✅“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
✅“Ерөнхий төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос Монгол Улсад өгсөн зөвлөмжүүдийг 2026-2028 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө”
✅“Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хаалттай бүс байгуулах тухай” Засгийн газрын 2025 оны 157 дугаар тогтоол
✅“Хилийн зарим боомтод тээвэр зохион байгуулалтыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
✅Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цагаан морь өдөр

Аргын тооллын 2 сарын 25. Лхагва (Буд) гараг (2026)
Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 9, өдөр цагаан морь, мэнгэ 7 улаан, суудал төмөр, од гөрөөсөн толгой-4, үл зохилдох барилдлагат. Лусын буулттай өдөр.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:41-18:30.
Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
Үс бүү засуул өвчин өчүүхэн ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Бар, нохой, морь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, могой, морь жилтнээ сөрөг муу.
Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтнээ харш гараг.
Хүний сүлд гар, хавирга, олон уулзахад, гэрийн сүлд хананд орших болой.
Замд гарах, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, арилжаа наймаа хийхэд сайн. Үс засуулах, хурим хийх, эд, мал худалдан авах, бэрийн үйл, малын үс, ноос хяргах, үхэгсдийн үйлд муу.

Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө -16 градус хүйтэн

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 

Өнөөдөр Хэнтий, Дорнодын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай байх тул зам даваа гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа, гулгаатай байхыг анхааруулж байна.

2026 оны 02-р сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, тал нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, голын хөндийгөөр -19…-24 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -14…-19 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +1…-4 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өчигдөр өдрөөс 9 градусаар хүйтэрч -15…-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. -14…-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өчигдөр өдрөөс 7 градусаар хүйтэрч -15…-17 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд болон томоохон голуудын мөсний зузаан өөрчлөлт багатай байгаа бол жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэвээр байна.
Тухайлбал:
Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг голын мөсний зузаан Хатгал тосгон орчимд 5 см нимгэрсэн.
Хөвсгөл нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 6 см нэмэгдэж, 95-107 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-10 см ахиу байна.
Сэлэнгэ мөрний дагууд харз гүйх үзэгдэл ажиглагдсан хэвээр байна.

Цаашид гол мөрөн, нуурын мөсний зузаан харилцан адилгүй нимгэрнэ. Тиймээс иргэд, малчид, тээвэрчид, аялагчид та бүхнийг мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа