Author Archives: baaska baaska

Визийн хугацаа хэтрүүлсэн Гана улсын иргэнийг албадан гаргажээ

Монгол Улсад жуулчин ангиллын визээр ирээд визийн хугацаа хэтрүүлэн, хууль бусаар оршин сууж байсан Бүгд Найрамдах Гана Улсын иргэнийг албадан гаргалаа. Тодруулбал, уг иргэн нь жуулчлах буюу K2 ангиллын цахим визээр 2024 онд Монгол Улсын хилээр нэвтэрсэн бөгөөд түр ирэгчийн визийн хугацаа хэтрүүлэн, хууль бусаар оршин сууж байсныг хяналт шалгалтаар илрүүлсэн байна.

Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу торгох шийтгэл ногдуулж, хоёр жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав.

Гана улсын иргэдэд аялал жуулчлалын зорилгоор 30 хүртэл хоногийн хугацаатай аяллын цахим виз олгож байгаа хэдий ч визийн хугацаа хэтрүүлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зөрчлүүд сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Тухайлбал, 2025 онд Гана улсын нийт 10 иргэнийг албадан гаргасан бөгөөд тэдгээрийн дийлэнх нь түр ирэгчийн визийн хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр Монгол Улсаас албадан гаргагдсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ЦЕГ: Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна

Өчигдөр буюу энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр мөргөсөн байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид ослын газар очиход Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чулуун овооны ойролцоо төв зам дээр 8 дугаар ангийн 2 сурагчийг гарцаар гарч байх үед нь жолооч Г нь тээврийн хэрэгслээрээ мөргөсөн нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Улсын хэмжээнд энэ оны эхний 1 дүгээр сард “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэг нийт 446 үйлдэгдсэн.
Мөн өнгөрөгч 2025 онд хүүхэд өртсөн 1230 зам тээврийн осол бүртгэгдэж 67 хүүхдийн амь хохирч, 991 хүүхэд гэмтсэн байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйл “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан тул жолооч та бүхэн дүрмээ мөрдөж, хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ

Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай тус улсын Засгийн газраас мэдэгдэв. Засгийн газар хамгийн их хохирол амссан Аомори мужийн оршин суугчдад тусламж үзүүлэхээр цэргүүдийг дайчилж байна.

Тодруулбал Аомори хотод 72 инч цас орсон нь бараг 40 жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм.Дэлхийн хамгийн их цастай хот гэгддэг хойд хэсгийн Аомори хотод ням гарагт хуримтлагдсан цас 183 сантиметр буюу 72 инч орчимд хүрсэн нь 1986 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Эх сурвалж: https://www.nytimes.com/

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр нийт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 753, гэмт хэргийн шинжтэй 122 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 2 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 102 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.
58

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шарагчин тахиа өдөр

Аргын тооллын 2 сарын 4. Лхагва (Буд) гараг (2026)
Өвлийн адаг шарагчин үхэр сарын билгийн 18, шарагчин тахиа, мэнгэ 1 цагаан, суудал уул, од бага морь-10, үхэх барилдлагат. Хутганы ир, бага хар өдөр.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:16-17:56.
Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
Үс бүү засуул эд, малын гарлагатай тул муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Үхэр, тахиа, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, могой, морь жилтнээ сөрөг муу.
Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтнээ харш гараг.
Хүний сүлд алга, бөгс, хасанд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
Гал тахих, буяны үйл, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргах, мал хөнгөлөх, хөрөнгө оруулахад сайн. Үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, замд явах, эд, мал худалдан авах, үхэгсдийн үйлд муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө -17 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:  

04-нд нутгийн хойд хэсгээр хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2026 оны 02-р сарын 04-ны 08 цагаас 20 цаг хүртэлх 

цаг агаарын урьдчилсан мэдээ: 

  Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр -23…-28 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -17…-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1…-4 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -5…-10 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур өмнөх өдрөөс 9 градусаар хүйтэрч -16…-18 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур өмнөх өдрөөс 5 градусаар хүйтэрч -16…-18 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур өмнөх өдрөөс 10 градусаар хүйтэрч -18…-20 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлье

Сар шинийн баяр дөхөж байгаа энэ үед орон байраа удаан хугацаагаар хараа хяналтгүй орхисноос эд хөрөнгөө хулгайд алдаж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол цөөнгүй бүртгэгддэг.
Энэ оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүрэгт “Хулгайч орсон байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дээрх дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Б” нь байшингийн вакум цонхыг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, Samsung маркийн гар утас, мөнгөн аяга, улаан толгойтой чулуун хөөрөг, улаан чулуун хөөргөний толгой, цагаан өнгийн металл бөгж хулгайлсныг илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Энэ төрлийн гэмт хэрэг он гарснаас хойш нийслэл, орон нутгийн хэмжээнд 214 бүртгэгдсэн байна.
Иймд иргэд Та бүхэн орон байраа удаан хугацаанд орхиж явахдаа хаалга, цоожиндоо найдвартай цоож, бэхэлгээ /төмөр хаалт/ хийж, хулгайн гэмт хэргээс өөрсдийн эд хөрөнгөө хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хоёрдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

МҮБХ-ноос 2026 оны хоёрдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарийг танилцуулж байна.
07 Бямба, 13:00
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын түүхт 70 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,
✅08 Ням, 11:00
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, сар шинийн хүчит бөхийн барилдааны сорилго Улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан,
✅09 Даваа, 13:00
✅09 Даваа, 13:00
Сар шинийн баярт зориулсан Ахмад бөхчүүдийн барилдаан,
✅10 Мягмар, 11:00
Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,
✅11 Лхагва, 11:00
Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэргийн начин, харцага цолтнуудын барилдаан,
✅11 Лхагва, 12:00
Сар шинийн баярт зориулсан бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд оролцсон Шатрын тэмцээн,
✅12 Пүрэв, 11:00
Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
✅13 Баасан, 09:00
Сар шинийн баярт зориулсан Шагайн харвааны тэмцээн,
✅14 Бямба, 09:00
Сар шинийн баярт зориулсан бөхчүүдийн Шагайн харвааны тэмцээн,
✅15 Ням, 13:00
Сар шинийн хүчит бөхийн барилдаанд оролцох аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн эрхийн барилдаан
✅16 Даваа 13:00
Сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа,
✅17 Мягмар 13:00
Сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдааны 3-8 даваа,
✅27 Баасан, 13:00
Баянхонгор аймгийн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,
✅28 Бямба, 13:00
Булган аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна.

Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Улаанбаатар хотын хэмжээнд жилд найман удаа их цэвэрлэгээг зохион байгуулж, хотын өнгө үзэмж, цэвэр цэмцгэр орчныг сайжруулахад анхаарч ажилладаг.   Энэ удаа сар шинийн баярын өмнө буюу энэ сарын 10-15-ны хооронд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна. Ингэснээр сар шинийн баярын өдрүүдэд хот цэвэр цэмцгэр байх боломж бүрдэнэ. Мөн их цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг хариуцсан байгууллагууд шуурхай тээвэрлэж, дүүргүүдийн 300-500 орчим машин, техник бэлэн байдалд ажиллана. Түүнчлэн хог хаягдлыг цаг алдалгүй тээвэрлэх зорилгоор шөнийн уртасгасан тээвэрлэлт хийх чиглэлийг дүүргүүдэд өгч байна. Иймд дүүрэг, хороод, ААН байгууллага, иргэдийг бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

О.Билгүүн: Хуульчид бид хүний амьдрал, хувь тавиланг шийддэг чухал мэргэжлийн эзэд

Залуу нас ямагт хийж бүтээх эрэл хүсэл, тэмүүлэл дүүрэн, их үйлсийн гараа байдаг. Энэчлэн  өмгөөллийн “Цогц өмгөөлөл” хууль зүйн фирмийн гүйцэтгэх захирал, Хуульч, өмгөөлөгч Отгонбаатарын Билгүүн   ИЗОУИС-ийн Хууль зүйн сургуульд элсэн суралцаж байх хугацаандаа буюу 2019 онд тус “эрдэм шинжилгээ, судалгааны ажлаар сургуулийнхаа ОНЫ ШИЛДЭГ ОЮУТАН” болж,  2021 онд  “ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТӨГСӨГЧ” болж төгссөн туйлын хичээнгүй,  байнга мэдлэг мэргэжлээ зузаатган өөрийгөө хөгжүүлж байдаг туйлын  идэвх зүтгэлтэй нэгэн билээ. Ингээд залуу өмгөөлөгч  О.Билгүүний яриаг уншигч танаа хүргэж байна.

-Алсын зорилго төлөвлөгөөтэй хүнийг амжилт тосч байдаг. Энэ зураг жимийн мөрийг оюутан байхаасаа эхлүүлж байсан танд сэтгэлийн гүнээс талархнам.

-Миний хувьд сургуулиа дүүргэсэн цагаасаа хойш өмгөөллийн салбарт ажиллаж, 2023 онд хуульчийн эрхээ авч, 2024 оноос нөхдийн хамтаар өмгөөллийн “Цогц өмгөөлөл” хууль зүйн фирмийг үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл гүйцэтгэх захирлаар, мөн 2025 оноос эхлэн Монголын Өмгөөлөгчдийн холбооны Өмгөөлөгчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны тэргүүнээр тус тус ажиллаж байна.

-Хуульч, өмгөөлөгчдийг  ажлын ур чадвар, туршлага, нэр хүндээрээ өөрөө өөрийнхөө амьдралыг бүтээж чаддаг мэргэжил гэж хардаг.

-Хуульчийн мэргэжлийн нэг гол онцлог нь цаг, минут тутам өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага байдаг. Хэрэв зээ нэг минут, секунд хоцрох, овсгоо самбаа алдах л юм бол заргаа алдахаас эхлээд үйлчлүүлэгчдийнхээ эрх, ашгийг хохироож, хориулж, ялагдалд хүрдэг маш хариуцлагатай ажил.Тийм ч учраас миний хувьд үйлчлүүлэгчдийнхээ бизнесийн болон эрх зүйн ач холбогдол бүхий уулзалт, байцаалт, шүүх хуралдаан бүрт онцгойлон ач холбогдол өгч, тухайн хэрэг, маргааны хууль хэрэглээ, шүүхийн практик, онол, номыг тултал судалсны эцэст дүгнэлт гаргаж ажилладаг. Нөгөөтэйгүүр хуульчийнхаа үүднээс тал бүрийн мэдлэг, ойлголт, мэдээллийг цаг алдалгүй олж авахын тулд мэргэжлийн холбоодын болон хуулийн байгууллагуудын сургалт, семинар, хэлэлцүүлэгт тогтмол оролцож байхыг эрмэлзэж байна. Эдгээр нь мэдээ, мэдээллээс хоцрохгүй, шүүх хуралдаанд ялагдахгүй, цаашлаад үйлчлүүлэгчээ хохироохгүй байх гэсэн туйлын зорилго, сэтгэлтэй  минь шууд холбоотой.

-Энэ хугацаанд та хуулийн салбараас юуг олж харж байна вэ, залуу хүний нүдээр?

-Өнгөрсөн 5 жилийн хугацаанд хууль зүйн салбарт, тэр дундаа өмгөөллийн салбарт тасралтгүй ажиллалаа. Энэ хугацаанд Монгол Улсын хууль, эрх зүйн орчин, түүнд хандаж буй иргэдийн хандлага, сэтгэлгээг багагүй ойлгож, нийгэмд гарч буй төрөл бүрийн хэрэг, маргаан, тэдгээрийн гарах болсон шалтгаан, нөхцөлийг гүнзгий мэдэрч  үзлээ.

Үүнээс дүгнэхэд Монгол Улсын хууль, эрх зүйн орчин, энэ салбарт хэрэглэгдэж буй онол, ном нь Монгол хүний сэтгэлгээний уугуул төрх /менталитет/-тэй ер авцалдахгүй, яв цав нийцэж өгөхгүй байна. Энэ нь бид гадны буюу өрнийн соёлт улсуудаас хуулийг хуулбарлан тавьсантай шууд холбоотой  болов уу. Өөрөөр хэлбэл, бид өөрийн гэсэн ёс, зан заншил, соёл, философитой, түүнийгээ олон мянган жилийн түүхэнд уламжилж, хэрэгжүүлж ирсэн ард түмэн, тусгаар улс болохынхоо хувьд Монгол хүн, ардад тохирсон өөрийн гэсэн онол, номыг хэрэгжүүлж, хууль тогтоомждоо тусгаж хэрэглэх хэрэгцээ бий гэж харж байна.

– Таны хамгийн бардамнал, омогшил төрүүлсэн зүйл юу вэ?

Дээр дурдсанчлан иргэдээ орон байртай болгож, үйлчлүүлэгчээ цагаатгуулж, суллуулна гэдэг нь миний ажлын баяр баясал, омогшил болж байгаа юм. Хилсээр гүтгэгдэн олон жил, сар шалгагдаж, хоригдож туйлдаа хүрсэн, итгэл найдвараа алдсан үйлчлүүлэгчийнхээ гав гинжийг нь мулталж, Шүүх танхимаас суллаад аваад гарахад тэнгэрт нисэх шиг л тийм сайхан мэдрэмжийг төрүүлдэг.

Яг л тэр үед “энэ л миний хийх ёстой ажил байна, би л хийх ёстой юм байна” гэх итгэл найдвар, урам зориг улам их бадардаг.

“Миний бие  хэргээ шийдүүлж, заргаа авч, хүнээ суллуулчихаад яллаа гэж хэлэх дуртай. Зарим хуульчид маань “ялалт” гэхийг үгүйсгэдэг ч  би ялсан гэж бардам хэлмээр санагддаг. Хуульчид бид хүний амьдрал, хувь тавиланг шийддэг чухал мэргэжлийн эзэд шүү дээ.”

-Аливаа хүн хүссэн амжилтандаа хүрэхийн тулд яах ёстой гэж боддог вэ?

Ерөөсөө л тууштай байх хэрэгтэй. Нэгэн эрдэмтэй хүн хэлсэн байдагдаа “Амьдрал бол орой нь харагдахгүй уул өөд зогсолтгүй мацах юм” гэж, яг түүн шиг хүссэн амжилт, зорьсон зорилгынхоо төлөө зогсолтгүй тэмц, хэзээ ч битгий бууж өг. Энэ нь гарцаагүй таныг амжилтад хүргэх болно.

Өмгөөлөгч дан ганц хүний эрхийг бус хүнийг өмгөөлдөг. Хүнийг гэх өчүүхэн сэтгэл нь өмгөөлөл. Тэгэхээр эндээс бусдыг гэх сэтгэл, итгэл даах чадвар хамгийн чухал байгаа юм.

-Аливаа хэрэг маргааны асуудалдаа ямар зарчим баримталж, үйлчлүүлэгчидтэйгээ хэрхэн ямар журмаар ажилладаг вэ?

Аливаа хэрэг, маргаанд тууштай байх зарчмыг нэн түрүүнд баримталдаг. Үүнийхээ дараа буюу судалгаа, шинжилгээний эцэст зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг олж тогтоон, түүнийгээ мөн л хуулийн хүрээнд тууштай хамгаалахыг хичээдэг.

Энэ явцад төрийн буюу хүчний байгууллага, албан хаагчдаас маш их дарамт, шахалтууд ирдэг бөгөөд эдгээр хүндрэл, бэрхшээлийн эсрэг гагцхүү хүний эрхийг тууштай хамгаалах гэсэн чинхүү хүсэл эрмэлзэл, зарчим минь бамбай бас зэвсэг болж өгдөг.

Миний мэргэжил миний зэвсэг, мөн бүх ажлын минь “Б” төлөвлөгөө байдаг. Иймд үйлчлүүлэгчдэдээ мэдээ, мэдээллийг тогтмол өгч, хэрэг, маргаантай нь холбоотой мэдээллээр таслахгүй байх, мөн тэднээсээ байнга мэдээлэл сонсож, харилцан ярилцах журмаар ажилладаг.

 -2025 он танд ямар хөгжил дэвшлийг авчирсан буюу ямар он жил болж өнгөрөв. Үүнээс улбаатай цаашдын зорилго зорилтуудаасаа хуваалцахгүй юу?

2025 оны хувьд манай хуулийн фирм ам бүл нэмэгдэж 6 өмгөөлөгч, 1 хуульч, 2 туслах, нийт 9 мэргэжилтний бүрэлдэхүүнтэй болж бүрэлдэхүүнээ тэллээ. Энэ нь өмгөөллийн үйлчилгээг багаар, алдаа багатай гүйцэтгэх том давуу тал бөгөөд орчин цагт хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг хүсэх иргэд, байгууллагуудын хэрэгцээ, шаардлагад нийцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хууль зүйн туслалцаа авахаар хандах ямар ч хүнд бид багаар үйлчилж, тал бүрийн эрсдэл, нөгөөтэйгүүр боломж, гарцыг санал болгох сайн талтай гэсэн үг юм.

Түүнчлэн миний бие эрүүгийн болон иргэний эрх зүйн чиглэлээр өмгөөллийн үйлчилгээ үзүүлдгийн хувьд 2025 онд орон сууц захиалаад луйвардуулсан 30 гаруй иргэд, захиалагчдыг орон байртай нь үлдээж, эрүүгийн хэрэгт хилсээр гүтгэгдэн шалгагдаж байсан 3 үйлчлүүлэгчээ цагаатгуулж, үндэслэлгүйгээр ял шийтгүүлж 2 сар гаруй хоригдсон байсан 1 үйлчлүүлэгчээ давж заалдах шатны шүүхийн танхимаас суллуулж, 2 үйлчлүүлэгчийнхээ хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлж шийдвэрлүүллээ.

Эдгээрээс дүгнэхэд 2025 он салбартаа болон үйлчлүүлэгчдэдээ өөрийгөө бага ч атугай таниулж, мэдрүүлсэн үр дүнтэй сайхан жил болж өнгөрлөө. Өмгөөлөгч хүнд өдөр тутамд үүсдэг нэг шаналал нь “үйлчлүүлэгчээ хохироочих вий, заргаа алдах вий” гэх айдас байдаг. Харин энэхүү айдсыг шүүхэд заргаа авах, ялалт байгуулах үедээ л хэсэгхэн зуур мартаж чаддаг. Ирээдүйн зорилгын хувьд 10-30 жилийн хэтийн ерөнхий төлөвлөгөөгөө гаргасан. Энэ  хүрээнд жил бүрийн зорилтуудыг тавьсан байгаа. Тиймээс одоо хийж байгаа ажил, алхам бүр маань зорилт хангах, зорилгод хүрэхэд чиглэгдсэн. Зарим зорилгынхоо нууц бишээс нь дурдвал иргэн бүрийн хууль, эрх зүйн асуудалд хүрч ажиллаж чадах томоохон хууль зүйн фирмийг бүтээхийг зорьж байна. Нэг ёсондоо иргэнд тулгамдаж болох бүхий л асуудалд хууль зүйн цогц үйлчилгээг санал болгож, өөрийн салбар, нэгжүүдээрээ дамжуулан хүн бүрт хүрч чадах тийм байгууллага болохыг зорьж байгаа.

Д.Гэгээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Аялал жуулчлалын салбарын 7 хоног”-ийн нээлт боллоо

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Аялал жуулчлалын салбарын 7 хоног” арга хэмжээ нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээг аялал жуулчлалын салбарын гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцүүлэх бөгөөд Засгийн газрын бодлогын хүрээнд аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж байна.

Арга хэмжээний нээлтэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ оролцож Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, Засгийн газраас хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд Аялал жуулчлалыг онцгойлон хөгжүүлэх бүсүүдийг бий болгож, тэдгээрийн менежментийн төлөвлөгөөг нэгдсэн зохион байгуулалт, төлөвлөлтэйгөөр хэрэгжүүлэх, улмаар хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гадаад улс руу аялах нэрийдлээр иргэдийг залилж буй хэрэг нэмэгдэж байна

Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд өвлийн улиралд, ялангуяа шинэ оны үеэр БНХАУ, Тайланд, Вьетнам зэрэг Зүүн өмнөд Азийн орнуудад аялал жуулчлалын зорилгоор зорчих нь нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор цахим орчинд гадаад улсад аялах сонирхолтой иргэдийн хэрэгцээнд тулгуурласан залилах гэмт хэрэг үйлдэгдэх эрсдэл нэмэгдэж байгаа юм.
Тухайлбал, өчигдөр “Бали арал руу аяллаар явахаар 13 хүн нийт 36 сая төгрөг шилжүүлсэн боловч нэг ч хүний нислэгийн тийзийн захиалга баталгаажаагүй” гэх гомдол мэдээлэл бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.
Залилагч этгээдүүд гадаад улс руу хямд зардлаар аялах хүсэлтэй иргэдийг онилон, цахим орчинд таатай нөхцөл бүхий, хэт хямд аяллын багц санал болгож, улмаар сонирхсон иргэдтэй гэрээ байгуулсан мэт харагдуулан, уг гэрээг халхавч болгон залилангийн гэмт хэрэг үйлдэж байгаа тохиолдол цөөнгүй байна.
Иймд иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, аяллын үйлчилгээ үзүүлэгч байгууллагын албан ёсны зөвшөөрөл, тийзийн баталгаажуулалт, төлбөрийн нөхцөлийг сайтар нягталж, энэ төрлийн залилах гэмт хэрэгт өртөж, эд хөрөнгөөрөө хохирохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улсын хэмжээнд 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн зудын байдлыг үнэлэхэд Өвөрхангайн Сант, Баянгол сумдын (1 аймаг 2 сум) нутгаар төмөр буюу шилэн зудын, Увсын Ховд, Түргэн, Малчин, Зүүнговь, Хяргас, Баруунтуруун,  Цагаанхайрхан, Өндөрхангай, Ховдын Булган, Үенч, Алтай, Завханы Тэс, Баянтэс, Цэцэн-Уул, Нөмрөг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Булганы Хангал, Дашинчилэн, Гурванбулаг, Баяннуур, Өвөрхангайн Тарагт, Гучин-Ус, Есөнзүйл, Өлзийт, Төгрөг, Зүүнбаян-Улаан, Сэлэнгийн Түшиг, Цагааннуур, Хушаат, Зүүнбүрэн, Алтанбулаг, Шаамар, Жавхлант, Баруунбүрэн, Сант, Сайхан, Хүдэр, Ерөө, Орхонтуул, Орхон, Баянгол, Мандал, Дархан-Уулын Орхон, Дархан, Хонгор, Шарынгол, Төвийн Баян, Зуунмод, Эрдэнэсант, Дундговийн Луус, Хулд, Сайнцагаан, Дэрэн, Өндөршил, Дорнодын Чойбалсан сумдын  буюу нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна.

Баян-Өлгийн Сагсай, Увсын Бөхмөрөн, Сагил, Давст, Тэс, Наранбулаг, Зүүнхангай, Завханы Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Ургамал, Завханмандал, Эрдэнэхайрхан, Тэлмэн, Тосонцэнгэл, Сантмаргац, Их-Уул, Алдархаан, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Отгон, Говь-Алтайн Тонхил, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ, Улаан-Уул, Цагаан-Үүр, Баянхонгорын Гурванбулаг, Жаргалант, Булганы Баян-Агт, Хутаг-Өндөр, Бугат, Хишиг-Өндөр, Сайхан, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Өвөрхангайн Уянга, Хайрхандулаан, Баруунбаян-Улаан, Богд, Бүрд, Баян-Өндөр, Сэлэнгийн Сүхбаатар, Төвийн Заамар, Цээл, Угтаалцайдам, Лүн, Жаргалант, Борнуур, Баянчандмань, Өндөрширээт, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Дундговийн Эрдэнэдалай, Адаацаг, Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Гурвансайхан, Баянжаргалан, Өлзийт, Хэнтийн Өмнөдэлгэр, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Баянмөнх, Өлзийт, Баян-Адрага, Баян-Овоо, Дорноговийн Дэлгэрэх, Сүхбаатарын Баяндэлгэр, Наран, Дарьганга, Онгон, Дорнодын Чулуунхороот, Дашбалбар, Гурванзагал, Сэргэлэн, Цагаан-Овоо, Халхгол сумд буюу нийт 16 аймаг 77 сумын нутгаар цагаанаар зудархуу нөхцөлтэй байна.

Эх сурвалж:ЦУОШГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын дарга Н.Учрал: Хүүхдийн эрх бол төр ямар бодлого хэрэгжүүлж байгааг хэмжих бодит шалгуур юм

Монгол Улсад хүний эрхийг хамгаалах үндэсний, хараат бус, бие даасан байгууллага үүсэн бий болсны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Улсын Их Хурал 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталж, Улсын Их Хурлын 2001 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Комиссын гурван гишүүн томилогдож, тангараг өргөснөөр энэ байгууллага үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.

Нийт монголчуудын эрх, эрх чөлөөг хамгаалах, хангах Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааг улам идэвхжүүлэн бэхжүүлэх хэрэгцээ, шаардлагыг энэ түүхэн өдөр /2026.02.02/ хөндөн хэлэлцлээ.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс-25 жил” хүндэтгэлийн хурлыг нээж хэлсэн үгэндээ Шинэ Үндсэн хуулиа баталсан цагаас өнөөг хүртэлх хугацаанд үе үеийн парламент Монгол хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах талаар бодлого шийдвэрээ тодорхойлон гаргаж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр тууштай ажиллаж ирснийг тодотгосон. Тэрбээр, Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо бий болж, эрх зүйн зохих орчин бүрдсэн боловч өнөөдөр манай оронд хүний эрхийн хамгаалалт, баталгаажилт, хуулийн хэрэгжилттэй холбогдсон сорилтууд, шийдэл хүлээсэн олон асуудал байгааг нийгмээрээ мэдэрч байна. Улсын Их Хурал ХЭҮК-ын илтгэлийг жил бүр хэлэлцэж, тодорхой тогтоол, шийдвэрүүдийг баталж ирсэн. Энэ нь парламент хүний эрхийн асуудлыг нэг удаагийн хэлэлцүүлэг бус, байнгын анхаарлын төвд авч үзэх оролдлого хийж байгааг харуулж байна хэмээсэн. Гэхдээ бид энд бодит байдлыг ил тод, шулуухан үнэлэх ёстойг УИХ-ын дарга дурдаад Комиссын хараат бус байдал бол зөвхөн тус байгууллагын асуудал биш, харин парламентын өөрийнх нь ардчилсан чанарын баталгаа гэдгийг онцоллоо.

УИХ-ын дарга Н.Учрал, өнөөдөр бид хүний эрхийн асуудлыг өнгөрсөн цаг дээр ярьж болохгүй. Хүүхдийн эрх, эмзэг бүлгийн хамгаалал, тэгш хүртээмж, дижитал орчин дахь эрхийн баталгаа зэрэг асуудал бодит сорилт хэвээр байна. Хүүхдийн эрхийн асуудал Комиссын илтгэлүүдэд олонтоо хөндөгдөж ирсэн нь санамсаргүй тоо биш. Хүүхдийн эрх бол ирээдүйн тухай сайхан үг бус, төр өнөөдөр ямар чанартай бодлого хэрэгжүүлж байгааг хэмжих бодит шалгуур юм. Үүнд парламент, төрийн байгууллагууд илүү харилцан уялдаатай, илүү хариуцлагатай, илүү системтэй ажиллах шаардлагатай хэвээр байна гэсэн юм. Улсын Их Хурлын даргын хувьд энэ жилийг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарлаж, гэр бүл, эх нялхас, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг төрийн бодлогын төвд тавьж, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ бодит ажил болгоход онцгойлон анхаарч байгааг энд онцлон тэмдэглэв. Мөн хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, зөрчсөн, боомилсон хууль, журмын хүлээс чөдөр тушааг тайлах “Чөлөөлье” санаачилгыг төрийн бодлогын түвшинд хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь хүний эрхийг хөгжлийн хөгжлийн суурь гэж үзэх парламентын шинэ хандлагын илэрхийлэл хэмээн тодотгоод, Хүний эрхийн Үндэсний Комиссын үе үеийн гишүүд, ажилтан, хүний эрхийн хамгаалагчид, иргэний нийгмийн бүх төлөөлөлд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн Л.Энхнасан, Б.Мөнхсоёл, Х.Баасанжаргал, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн болон хүний эрхийн төр, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцов.

Энэхүү хурлаар цаашид улсын хөгжлийн бодлогод хүний эрхэд суурилсан хандлагыг нэвтрүүлэх, “Хэнийг ч үл орхих” засаглалыг хөгжүүлэх, хууль тогтоомжуудад хүний эрхийн үнэлгээг тогтмол хийж, бодит хэрэгжилтийг хангуулахад үндэсний тогтолцоог ажиллуулах шаардлагатай гэсэн байр суурийг төр, иргэний нийгмийн төлөөллүүд илэрхийлсэн юм. Түүнчлэн ХЭҮК-ын 25 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил үйлс, цаашид анхаарах тулгамдсан асуудлыг үе үеийн удирдлагууд танилцуулж, тайлагнаснаараа онцлог байлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа