Author Archives: baaska baaska

Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

Нийслэл 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд 02 дугаар сарын 07-ны өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана. Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран зохион байгуулж байгаа тус уулзалтаар нийслэлийн газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлуудын талаар ярилцаж, санал солилцоно.

Яармаг дахь Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газрын байранд 10:00–13:00 цагт зохион байгуулагдах уулзалтад доорх линкээр бүртгүүлнэ үү.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScr1_ORgtMtl1X6uMEywFmdI8em33TXKICT98ZVz2Xqp8EgJg/viewform?usp=publish-editor

Холбоо барих утас: 7700-3883; 9999-5605

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр улаагчин хонь өдөр

Аргын тооллын 2 сарын 2. Даваа (Сумьяа) гараг (2026)-Өвлийн адаг шарагчин үхэр сарын билгийн 16, улаагчин хонь, мэнгэ 3 хөх, суудал огторгуй, од үнэг-8, рашаан барилдлагат.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:18-17:53.
Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Туулай, гахай, хонь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтнээ сөрөг муу.
Нохой жилтний сүлд гараг.
Хүний сүлд чих, эрүү, өвчүү, хөлний эрхийд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
Анд нөхөр бололцох, багш, шавь болох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, арилжаа наймаа хийх, газар хагалах, тариа ногоо тарих, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргахад сайн. Үс засуулах, замд гарах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, равнайлах, ан гөрөө хийх, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу.
Насны хүчийг арвижуулах, багш шавь болох, хишгийн даллага авах, эм найруулах, усан засал, садан бололцох, худалдаа наймаа үүсгэх зэрэг дэлгэрүүлэх үйлсэд сайн.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:  

 2-р сарын 3-ныг хүртэл нийт нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

2026 оны 02-р сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх 

цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр -12…-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор +3…-2 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд болон хойд хэсгээр -1…-6 градус, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. -5…-7 градус хүйтэн байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. -7…-9 градус хүйтэн байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. -7…-9 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 32-ын тойргийн баруун урд талд байрлах ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна. Уг ахуйн үйлчилгээний шинэ төвийн барилга нь хоёр давхар үйлчилгээний төв, 200 орчим зогсоолтой баригдана. Хуучин “Урт цагаан”-ы худалдаа, үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулж байсан иргэд, аж ахуйн нэгж тухайн барилгад нүүж орох төлөвлөлттэй. 2024 оны есдүгээр сард барилга угсралтын ажлыг эхлүүлсэн юм.

Барилга угсралтын ажлын талаар гүйцэтгэгч “Шилдээд” ХХК-ийн Ерөнхий инженер Н.Алтанцэцэгээс тодрууллаа. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 32-ын тойргийн ахуйн үйлчилгээний шинэ төвийн барилгын ажлын явц 40 хувьтай байна. 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд гэрээний хугацаа дуусаж, барилгыг хүлээлгэн өгөх хуваарьтай. Одоогоор каркас угсралт дууссан. Дотор өрлөг, шилэн фасад, металл фасад, шугам сүлжээний ажлыг гэрээний хугацаанд хуваарийн дагуу төлөвлөн ажиллаж байна” гэв.

32-ын тойргийн ахуйн үйлчилгээний шинэ төвийн барилгын нэгдүгээр давхарт нийт 1363 ам.метр талбайд 30 ширхэг аж ахуйн нэгжийн үйлчилгээний талбай, гурван орц гарцыг барина. Хоёрдугаар давхарт 1280 ам.метр үйлчилгээний талбай, террас, кофе шоп зэргийг төлөвлөж өгсөн. Тусгай хэрэгцээт иргэний болон эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөөг давхар бүрд төлөвлөсөн. Нийт талбайн 30 хувийг ногоон байгууламж эзэлнэ. Үүнээс нийтийн хэрэгцээний ногоон байгууламж 18 хувь, хязгаарлагдмал хэрэгцээний болон тусгай зориулалтын ногоон байгууламж 12 хувийг эзлэхээр зураг төсөвт тусгажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа

Энэ өдрүүдэд Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ойн баярын хуралд оролцон, ард иргэдэд Тулгар төр байгуулагдсаны 2,234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Увс аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.

Тэр бээр, орон нутаг болон улс эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмэр, иргэдийн хөдөлмөр зүтгэл, бүтээлч үйлс, гавьяаг үнэлэн Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа.

Ерөнхийлөгч, Увс аймгаар овоглосон хүн бүр орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө сэтгэл зүрхээ нэгтгэн зүтгэж, амжилт бүтээлээ бататган, алдар цолоо бадрааж явахын ерөөлийг өргөн дэвшүүллээ.

1925 онд Дөрвөдийн зүүн, баруун хоёр аймгийг нэгтгэн  “Дөрвөд далай хан аймаг” нэрийг халж ”Чандмань уулын аймаг” нэртэйгээр одоогийн Увс аймгийг 41 сум, 115 багтай байгуулсан түүхтэй.

Өдгөө Увс аймаг 86 мянган хүн амтай, 19 сум, 3 сая толгой малтай,  сургууль, цэцэрлэг, үзвэр үйлчилгээ, зам, тээвэр, аялал жуулчлал, худалдаа үйлдвэрлэл бүхий аймаг болон хөгжиж байна.

Увсын хөдөлмөр иргэд Баяд үүлдрийн хонь, Өлгийн улаан ямаа, Тэс хэвшлийн адуу зэрэг өндөр үржил шимтэй малын үүлдэр угсаа бий болгож, жамц давс, чацаргана жимс зэрэг брэнд бүтээгдэхүүнээ дотоод, гадаадын зах зээлд тогтвортой нийлүүлэн, орон нутаг, улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж иржээ.

Нэгэн зууны хугацаанд Увс аймгаас нам, төрийг 44 жил тасралтгүй удирдаж, тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн XX зууны түүхийг манлайлан бүтээлцсэн, БНМАУ-ын төрийн тэргүүн, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Маршал, Улсын болон Хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбал, ардчилсан хувьсгал тайван замаар үргэлжлэх түүхэн боломжийг нээж, хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг цогцлоох үндсийг тавьсан БНМАУ-ын төрийн тэргүүн буюу АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, профессор Жамбын Батмөнх тэргүүтэй төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, Бэгзийн Гиваан, Түйвээний Дүүдэй нарын Улсын баатрууд, хурандаа генерал Бугын Дэжид зэрэг 16 генерал, 30 гаруй Хөдөлмөрийн баатар, 20 гаруй Төрийн шагналтан, 11 академич, 10 гаруй Ардын жүжигчин, 600 гаруй эрдэмтэн,  300 гаруй гавьяат цолтон төрөн гарчээ.

Мөн Дархан аварга, Хөдөлмөрийн баатар, Монгол Улс, ЗХУ-ын гавьяат тамирчин, XX зууны манлай монгол бөх, Чөлөөт бөхийн дэлхийн аварга, Олимп болон дэлхийн аваргын гурван удаагийн мөнгөн медальт, доктор, профессор Хорлоогийн Баянмөнх, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, самбо бөхийн дэлхийн аварга, жүдо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт Одвогийн Балжинням тэргүүтэй үндэсний бөхийн аварга, олимпийн медальтан, спортын алдартан олноор төрөн гарсан хүчтэнүүдийн өлгий нутаг билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2,234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол хүртээлээ.

  • Ажил мэргэжил, авьяас билиг, ур чадвар, амжилт бүтээлээрээ ард олондоо хүндлэгдэн, олон арван дууны уран бүтээл туурвиж олны хүртээл болгон, соёл, урлагийн салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан Гавьяат жүжигчин, дуучин Самандын Жавхланд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ.

Гавьяат тамирчин цолоор:

  • Монгол Улсын Дархан аварга, “Увс нуур дэвжээ”-ний тэргүүн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” биеийн тамир, спортын газрын дарга, хурандаа, Олон улсын хэмжээний мастер Намсрайжавын Батсуурь,

Гавьяат эдийн засагч цолоор:

  • “Улаан толгой” чацарганы аж ахуйн захирал асан, эдийн засагч Махминийн Сүхбат,
  • Монгол банкны Увс аймаг дахь хөрөнгө оруулалт, санхүүжилт хариуцсан эдийн засагч асан Цэгмэдийн Зодов,

Гавьяат багш цолоор:

  • Увс аймгийн Завхан сумын дунд сургуулийн ахмад багш Жалцавын Зоригоо,
  • Увс аймгийн Зүүнговь сумын ахмад багш Батаагийн Ядамсүрэн,
  • Хоёрдугаар цогцолбор сургуулийн химийн багш Мягмарын Жаргалсайхан,
  • Хоёрдугаар цогцолбор сургуулийн математикийн багш Рагчаадоржийн Одгэрэл,

Худалдааны гавьяат ажилтан цолоор:

  • Нийтийн үйлчилгээний газрын ахмад ажилтан, тогооч Хийрэвийн Янжмаа,

Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:

  • Увс аймгийн Өмнөговь сумын сум, нэгдлийн дарга асан Чойнболын Гомбосүрэн,

Гавьяат тээвэрчин цолоор:

  • Ахмад жолооч Найдангийн Цэвээн,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

  • Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга асан Тавхийн Шаравхүү
  • Увс аймгийн Ус сувгийн газрын ахмад жолооч Түүвэнгийн Нямаа,

Хүний гавьяат эмч цолоор:

  • “Энхжин” хүүхдийн эмнэлгийн их эмч Дамдины Наранцэцэг,
  • Сум дундын эмнэлгийн дарга, эх барих эмэгтэйчүүдийн эмч Гэжээгийн Анхбаяр,

Гавьяат жүжигчин цолоор:

  • Чөлөөт уран бүтээлч, хөөмийч, морин хуурч Жаргалын Эрдэнэдалай,
  • “Ойрад” театрын гоцлол дуучин Уртнасангийн Баатар,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

  • “Ойрад” театрын дууны техникч Жаргалын Алтангэрэл,

Гавьяат дасгалжуулагч цолоор:

  • Увс аймгийн Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Юнэрэнгийн Баттогтох нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд түүхт ойн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны долоодугаар сарын 29-31-ний өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно.
Монгол Улсын Их Хурал 1962 онд Олон Улсын Парламентын Холбооны гишүүнээр элссэн бөгөөд тус бага хуралд тогтмол оролцож, дэлхийн парламентын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Энэ удаагийн Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд олон улсын 180 гаруй орны парламентын дарга, олон улсын байгууллагууд, судлаачид болон иргэний нийгмийн төлөөллүүд оролцоно.

Парламентын дарга нарын бага хурал нь парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, дэлхий нийтэд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд парламентын оролцоог нэмэгдүүлэх зорилготой бөгөөд дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулдаг дээд түвшний уулзалт юм. Тус уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан оролцож, “Хямралт дэлхий: Хүн бүрд энх тайван, шударга ёсыг түгээх парламентын хамтын ажиллагаа ба олон талт байдал” сэдэвт хэлэлцүүлэгт үг хэлнэ. Мөн ардчилал, энх тайван, тогтвортой хөгжил болон жендэрийн тэгш байдал зэрэг сэдвүүдээр улс орнуудын парламентын дарга нартай санал солилцох юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.07.21-07.27/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 35 суманд аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.  Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 31 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 53 нь объектын гал түймэр, 6 нь ой хээрийн гал түймэр, 1 газар хөдлөлт, 8 хүчтэй салхи шуурга, 1 нь үер, 16 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ

Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр  дамжуулан зохион байгуулна.

Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

– Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;

– Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)

2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.

БОЛОВСРОЛЫН ЯАМ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өвөлжилт, сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын бэлтгэл, явган хүний зам тохижилтын ажил, авто замын ажил зэрэг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явц, худалдан авах ажиллагааны явцын талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийт 28 үүрэг даалгавар өгсөн, дундаж хэрэгжилт 77.6 хувьтай байгааг шуурхай зөвлөгөөний эхэнд танилцууллаа. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнийг нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай удирдан явууллаа. Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил долоодугаар сарын 21-ний байдлаар 53.7 хувийн хэрэгжилттэй байна. Энэ хүрээнд дулааны гол 13.5 км шугам сүлжээг улс, нийслэл, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 52 хувьтай, авто зам засвар, шинэчлэлийн ажлын явц 60 хувьтай хэрэгжиж байна. Тодруулбал, нийслэлд 2025 онд он дамжин 31 байршилд 80.5 км, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 8 байршилд 12 км, Дэлхийн банкны санхүүжилтээр хоёр байршилд 8.4 км авто зам буюу нийт 100.9 км авто зам барихаар төлөвлөсөн, ажлууд үе шаттай хийгдэж байгааг шуурхай хуралдаанаар танилцууллаа. Түүнчлэн 2024-2025 онд угсармал орон сууцны 205 блок дулаалахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд нийслэл, орон нутгийн сангийн хөрөнгөөр “Угсармал орон сууцны дулаалгын төсөл”-өөр 21 блокийг дулаалахаар тендер зарлажээ. Мөн энэ онд нийслэлийн Чингэлтэй, Баянгол дүүргийн 5 хорооны 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлнэ.

Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө дээвэр, цонх, хаалга, сантехникийн бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт хийж, нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд ачаа, хүн зөөврийн 42 ширхэг лифт шинэчлэх ажил 50 хувьтай хэрэгжиж байна. Нийтийн эзэмшлийн явган хүний зам талбайн тохижилтын ажлын хүрээнд 54.2 км урт, 199,842 метр квадрат талбай бүхий 13 төсөл хэрэгжүүлж, хоёр төсөл гэрээ баталгаажих шатандаа явж байна.

Нийслэлийн боловсролын салбарт барилга байгууламжийн 139 төсөл, арга  хэмжээ хэрэгжиж байгаагаас долоодугаар сарын байдлаар 4 сургууль, 6 цэцэрлэг, 4 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заалны барилга, нийт 15 барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авлаа. Нийслэлийн боловсролын салбарт 2020-2024 онд 114 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, хүүхдийн хүчин чадал 18,850-аар нэмэгджээ.

Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр дараах үүрэг даалгаврыг өглөө.

Өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх, сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцыг хурдасгах,

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах, авто замын шар тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч, анхааруулга, санамж бүхий тэмдгүүдийг емдүгээр сарын 1-ний дотор байршуулж, засварлаж дуусгах,

Өвөлжилтийн үед хүндрэл гарч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлэг, халаалтын зуух, бусад барилга байгууламжийн цахилгаан, дулаан, шугам сүлжээний засварын ажилд шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоо, судалгааг яаралтай гаргаж, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах,

Нийтийн эзэмшлийн зам, талбайн халтиргаа, гулгааг арилгах тусгай зориулалтын бодис, элс, давсыг хангалттай нөөцөлж, стандартын дагуу агуулах, сав  бэлтгэх,

Орон сууцны барилгын хуучирч муудсан халаалтын дотор систем, гадна инженерийн шугам сүлжээний засвар, угаалга, шахалтыг гүйцэтгэж, худаг, камерын бүрэн бүтэн байдлыг шалган, сэргээн засварлаж, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах,

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд явган замын тохижилт, авто замын ажлуудыг эрчимжүүлж, байгууллагууд ажлын уялдаагаа, хангаж, тулгамдсан асуудлыг тухай бүр шийдвэрлэн, гүйцэтгэлийн хяналтыг сайжруулахыг үүрэг болголоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа

УИХ-ын 2025 оны хаврын чуулганаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг баталсан.

Уг тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд:

Нэгт. Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлэх бодлого баримтлах ёстой. Хоёрт. Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх нь зүйтэй гэсэн хоёр үндэслэлээр хэсэгчилсэн хориг тавилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хүргүүлсэн албан тоотыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Тогтоолд хэсэгчилсэн хориг тавих тухай

“Монгол Улсын Их Хурлаас “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр эцэслэн баталж, Монгол Улсын Их Хурлын дарга ёсчлон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ТГ-01/875 дугаар албан бичгээр ирүүлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд дараах үндэслэлээр хэсэгчилсэн хориг тавьж байна.

Нэг. Монгол Улс тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлж, байгаль орчноо хамгаалах бодлого баримтлах ёстой.

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолын 5 дугаар заалтад алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46, 47 дугаар тогтоолуудад өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлэхээр тусгасан байна. Энэхүү яаралтай өргөн мэдүүлж, өөрчлөлт оруулахаар дурдсан Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46, 47 дугаар тогтоолууд нь зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авсан болон хилийн заагт өөрчлөлт оруулж тусгай хамгаалалттай газар нутгийг нэмэгдүүлсэн байна.

Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх бодлого тууштай хэрэгжих нь зүйтэй боловч энэ хүрээнд алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг, түүний хилийн заагийг өөрчилж, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг багасгах хууль зүйн нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна.

Монгол төрийн бодлогоор байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулдаг.

Түүнчлэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасны дагуу экологийн аюулгүй байдлыг хангах, түүний тэнцвэрийг хадгалах, байгаль орчин, ой, усны сан бүхий газрыг хамгаалах, ялангуяа цөлжилттэй тэмцэх нь үндэсний аюулгүй байдлын нэгэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нэн ховор, ховор болон экосистемд онцгой үүрэгтэй амьтан, ургамал бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, тэдгээрийн амьдрах орчныг тэтгэхэд биотехникийн аргыг түлхүү хэрэглэхээр тусгасан байдаг.

Иймд байгаль орчны талаарх төрийн бодлого цаашид өнөөгийн улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх зарчмыг тууштай баримтлах нь зүйтэй.

Хоёр. Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимд тогтоол нийцүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучингурав дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих.”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дах хэсэгт “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина.” хэмээн тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхэд заасан байдаг.

Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 46.4-т заасны дагуу илгээсэн хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн хууль, тогтоолыг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ.” гэж заасан.

Тэгвэл Монгол Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолын 3 дугаар зүйлд “Энэ тогтоолыг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.” хэмээн заасан нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсэгт заасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг зөрчих шинжийг агуулсан байна.

Иймд энэхүү хоригийг зохих хууль тогтоомжид заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр шар нохой өдөр

-Аргын тооллын 7 дугаар сарын 28. Даваа (Сумьяа) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 4, шар нохой, мэнгэ 3 хөх, суудал мод, бага морь-10 од, үхэх барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:23-20:33.​
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад баян ноён болох, бие, эрхтний хүч сайжрах сайн. Харин луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бэлхүүс, нууцын оронд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Нохой жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бэрийн үйл, ном сонсох, ашиг тустай үйл, эд юм өгөх, тангараг тавих, өвчтөнд очих, нүүдэл хийх, нохой тэжээх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, газар хөндөх, мод таслах, суваг шуудуу ухах, замд гарах, цэрэгт мордох, хэрүүл тэмцэл хийх, хариулга хийх, мал хөнгөлөх, мал гаргах, шарил шатаах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

28-нд Дорнод, Сүхбаатарын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны 07-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +20…+25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34…+39 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +29…+34 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +23…+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +22…+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +21…+23 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар тус улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Душанбе хотын олон улсын нисэх онгоцны буудлаас Бүгд Найрамдах Тажикистан Улсын Тэргүүн Шадар сайд Холикзода Хоким, Монгол Улсаас Бүгд Найрамдах Тажикистан Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордууллаа.

Хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо.

Төрийн тэргүүн нар “Найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын хамтарсан мэдэгдэл” гаргалаа.

Талууд уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзлээ нотолж, харилцааг улс төр, худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, тээвэр, логистик, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг бүх салбарт өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцлоо.

Айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын Парламентын доод танхимын дарга Идизода Файзалиг хүлээн авч уулзан, Рогун усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа.

Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор анх удаа бизнес форум зохион, морин хуур болон гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, Үндэсний урлагийн их театрын хамт олон уран бүтээлээ толилууллаа.

Хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч анх удаа тус улсад төрийн айлчлал хийлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа