Author Archives: baaska baaska

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд тус улсын Шадар сайд Усмонали Усмонзодагийн хамт Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа.

Рогуны усан цахилгаан станц нь Тажикистаны нийслэл Душанбе хотын зүүн урд байрлах Вахш мөрний дээд урсгалд баригдаж буй бөгөөд дэлхийн хамгийн өндөр буюу 335 метрийн өндөр далантай.

Тус станц бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орсноор жилд 17 тэрбум киловатт.цаг (кВт.ц) цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой бөгөөд зөвхөн дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй бүс нутгийн бусад улсад эрчим хүч экспортлох чадавхтай болно гэдгээрээ онцлогтой юм.

Уг станцын анхны турбин 2018 онд, хоёр дахь нь 2021 онд ашиглалтад орсон бөгөөд 2029 он гэхэд бүх зургаан турбин бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлснээр нийт 3600 МВт-ын хүчин чадалтай болох бөгөөд Төв Азийн хамгийн том усан цахилгаан станц болно гэж тооцож байна.

Рогуны усан цахилгаан станц нь Тажикистан Улсын томоохон бүтээн байгуулалт төдийгүй бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангахад онцгой ач холбогдол бүхий стратегийн мега төсөл хэмээн үнэлэгдэж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийж буй Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөв болон олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцлоо.

Ерөнхийлөгч Эмомали Рахмон, хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа төрийн айлчлал хийж байгаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баяр хүргэлээ.

Уламжлалт найрсаг харилцааг шинэ түвшинд гаргах, бодит хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэ удаагийн айлчлал чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны 2009 онд Монгол Улсад хийсэн анхны төрийн айлчлал нь хоёр орны харилцааны түүхэн эхлэлийг тавьсныг онцоллоо.

Энэ айлчлал хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэж, Монгол Улс нь Төв Азийн орнууд, түүний дотор Бүгд Найрамдах Тажикистан Улстай хөгжүүлж найрсаг харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгдгийг хэллээ.

Төрийн тэргүүн нар өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтаа дүгнэн хэлэлцэж, ирэх он жилүүдэд харилцааг шинэ агуулгаар баяжуулан, бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй гэдгээ нотоллоо.

Хэлэлцээний хүрээнд талууд хоёр улсын хөгжлийн бодлого болох “Алсын хараа–2050”, “Үндэсний хөгжлийн стратеги 2030”-тай уялдуулан эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, ногоон хөгжил, дижитал шилжилт, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхийн төлөө байгааг илэрхийллээ.

Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд тээвэр, логистикийн саад тотгорыг арилгах, дөт тээврийн коридор бий болгох, бүс нутгийн дэд бүтцийн сүлжээнд хамтран нэгдэх боломжийг шат дараатай судлан хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Мал аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ноос, ноолуур, хөвөн, хөвөн даавуунд суурилсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Цагаан алт” хөтөлбөрийг Тажикистаны хөвөн, нэхмэлийн салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан хөгжүүлэх нь харилцан ашигтай түншлэлийг гүнзгийрүүлэх чухал алхам гэдэгт санал нэгдэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх малын гаралтай түүхий эд, тэр дундаа халдваргүй, чанар, стандартад нийцсэн халал мах, махан бүтээгдэхүүнийг Тажикистанд экспортлох, мал эмнэлэг, хорио цээрийн хяналт, стандартын шаардлагад нийцүүлэн экспортын нөхцөлийг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ тэмдэглэлээ.

Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсаас ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн авч, Монголд жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, лаазалсан бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах санал дэвшүүлэв.

Төрийн тэргүүн нар харилцааг үр дүнтэй хөгжүүлэх механизм бүрдүүлэх нь чухал гэдэгт санал нэгдэж, Засгийн газар хоорондын комиссыг ойрын хугацаанд байгуулж, анхны хуралдааныг хийх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ нь хоёр улсын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг уялдуулж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог дэмжих, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд бодит хөшүүрэг болно гэдгийг онцоллоо.

Айлчлалын хүрээнд зохион байгуулах Монгол–Тажикистаны анхны бизнес форум, Бизнесийн зөвлөл нь хоёр улсын баялаг бүтээгчдийн хэлхээ холбоог өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдлээ.

Айлчлалын хүрээнд байгуулах Эрчим хүчний яам хоорондын санамж бичиг нь сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усан цахилгаан станцын чиглэлээр мэдлэг, туршлага солилцож, шинжээчдийн түвшний зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо.

Хоёр орны төрийн тэргүүний ивээл дор Душанбе хотноо зохион байгуулах  соёл, урлагийн тоглолт нь ард түмний харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэлээ.

Цаашид соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, боловсрол, спорт, залуучуудын ойр дотно харилцааг дэмжихээр боллоо.

Төрийн тэргүүн нар бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа НҮБ, ШХАБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээ илэрхийллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тажикистан Улс нь “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-ийн гишүүнээр нэгдсэн анхны улсуудын нэг байсныг тэмдэглэв.

Мөн 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд Тажикистан Улсыг дээд түвшинд оролцохыг урьснаа нотоллоо.

Төрийн тэргүүн нар Монгол Улсын “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” болон Тажикистан Улсын “Хоёр тэрбум суулгац”, “Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн хөтөлбөр – 2030” зэрэг үндэсний санаачилгуудыг уялдуулан хамтран хэрэгжүүлэх нь тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

Шархадны авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Газарчны уулзвараас Цайз 16-гийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ.

  • Зам хаах: 07 дугаар сарын 25-ны 23:00 цаг
  • Зам нээх: 07 дугаар сарын 29-ний 06:00 цаг

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар 2025 оны 07 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Душанбе” олон улсын нисэх онгоцны буудалд тус улсын Тэргүүн Шадар сайд Холикзода Хоким, тус улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү нар угтаж авлаа.

Энэ удаагийн айлчлал Төв Азийн улс орнууд, тэр дундаа Тажикистан Улстай найрсаг харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал түлхэц болно гэж талууд үзэж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, “Найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын хамтарсан мэдэгдэл” гаргана.

Айлчлалын хүрээнд хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн тус улсын Мажлиси Намояндагон /Парламентын доод танхим/-ын даргыг хүлээн авч уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Айлчлалын хүрээнд хоёр орны төрийн тэргүүн нарын ивээл дор анхны бизнес форум болон соёл, урлагийн тоглолт болох юм.

Хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд манай улсаас анх удаа Ерөнхийлөгч төрийн айлчлал хийж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Душанбе хотноо хүрэлцэн ирсэн даруйдаа Тажикийн түүх, соёлын бэлгэ тэмдэг болсон Исмоил Сомони-гийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Тажикийн төрт ёсны түүхэнд тод мөрөө үлдээсэн Саманидын анхны эмир Исмоил Сомони-г ард түмэн нь мөнхөд дээдэлдэг бөгөөд 13 метр өндөр хөшөөг нь бүтээж, IX-X зуунд Бухарт баригдсан Саманидын бунхны хуулбар бүхий музей байгуулжээ.

Хөшөөний хоёр талд байрлах хүрэл арслангууд нь улсын тогтвортой байдал, энх тайван, үндэсний эв нэгдлийг илэрхийлдэг.

Тажикистан Улсад айлчилж байгаа төр, засгийн тэргүүн, хүндэт зочид тус улсын Төрийн ёслолын журмын дагуу хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ

Халдвартын эцсийн авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Намьянжугийн гудамжнаас зүүн тийш Халдвартын эцэс хүртэлх авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэнэ.

  • Зам хаах: 07 дугаар сарын 28-ны 23:00 цаг
  • Зам нээх: 07 дугаар сарын 31-ний 06:00 цаг

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар тус улсад хийсэн төрийн айлчлал өнөөдөр өндөрлөлөө.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бишкек хотын “Манас” олон улсын нисэх онгоцны буудлаас Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров болон Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуяг, Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Артыкбаев нар үдэж мордууллаа.

Энэ удаагийн төрийн айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч уламжлалт найрсаг харилцааг шат ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо.

Ингэснээр Бүгд Найрамдах Киргиз Улс нь манай улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон Төв Азийн хоёр дахь улс болж байна.

Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа.

Хоёр улс цаашид:
  • Худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин бий болгоно,
  • Иргэдийн эрх ашгийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох болон мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хамтран ажиллана,
  • Бишкек -Өрөмчи-Улаанбаатар чиглэлийн авто коридорыг хамтран ашиглана,
  • Уул уурхай болон бусад салбарт болон харилцааны бэлгэ тэмдэг болох төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ,
  • Монгол, Киргизэд нэг жилээс дээш хугацаагаар оршин сууж, ажиллаж амьдарч байгаа иргэд өөрийн улсын жолооны үнэмлэхээ нөгөө улсын жолооны үнэмлэхээр солих боломж бүрдлээ,
  • Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Киргизэд ноос, ноолууран бүтээгдэхүүн нийлүүлнэ,
  • Мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс, шир боловсруулах үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нийлүүлнэ,
  • Киргиз Улсад монгол сарлаг, ямаа нийлүүлж, жимс, хүнсний ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ,
  • Цахим хөгжил, инновац, төрийн үйлчилгээг цахимжуулах, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтарна,
  • Киргизийн үндэсний их сургуульд “Монгол-Киргизийн боловсрол, соёлын төв” байгуулж, “Монгол судлал”-ын хөтөлбөр хэрэгжүүлнэ,
  •  Хоёр улсын Засгийн газрын тэтгэлгээр энэ хичээлийн жилээс монгол, киргиз хэл судлалын чиглэлээр оюутнуудаа харилцан сургана,
  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Киргизийн “Ногоон өв” санаачилгатай уялдуулан үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ,
  • “Монгол-Киргизийн найрамдлын төгөл” цэцэрлэгт хүрээлэнг Монгол Улсад байгуулна,
  • Дархан-Уул аймаг Киргизийн Ерөнхийлөгчийн Бүрэн эрхт төлөөлөгчийн газартай хамтран ажиллана.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн парламент Жогорку Кенешийн дарга Н.Тургунбек, Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Касымалиев нартай уулзлаа.

Хоёр улсын хамтарсан бизнес форумд өндөр технологи, эрчим хүч, уул уурхай, тээвэр логистик, боловсрол, банк, санхүү, хүнс, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын 150 гаруй аж ахуйн нэгж оролцож, харилцаа холбоо тогтоон, гэрээ хэлцэл байгууллаа.

Мөн аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжих, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнесийг нь дэмжих зорилготой Монгол-Киргизийн бизнесийн зөвлөл байгууллаа.

Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Үндэсний урлагийн их театр анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ уран бүтээлээ толилуулж, морин хуурын болон фото зургийн үзэсгэлэнг Киргизийн ард түмэнд сонирхууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөх морь өдөр

-Аргын тооллын 7 дугаар сарын 24. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)
-Билгийн тооллын 30, хөх морь, мэнгэ 7 улаан, суудал төмөр, өглөгт охин-6 од, хотол чуулган барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:18-20:38.​
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, морь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биенд, гэрийн сүлд тооно, тааз, цонхонд орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, бэрийн үйл, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, цэрэг хөдөлгөх, шинэ гэр, байшин, асар майхан босгох, нүүдэл хийх, эд, мал худалдан авах, морь худалдах, уралдуулах, малын үс, ноос хяргах, мал хөнгөлөх, үхэгсдийн үйл, хүүр түлэх, улайны үйл, улаан идээ авах, хиншүү хярвас гаргах, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +29 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

24-нд Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий аймгуудын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2025 оны 07-р сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Дархадын хотгор, Эг, Үүр голын хөндийгөөр +10…+15 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Ерөө голын хөндийгөөр +16…+21 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +19…+24 градус, говийн бүс нутгаар +32…+37 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +28…+30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +28…+30 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +26…+28 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх улирлын цаг агаарын ерөнхий төлөвөөр наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нутгийн өмнөд хэсгээр ахиу байх хэдий ч уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэнэтийн ус ихтэй аадар борооны давтагдал нэмэгдэж байгаа тул нийт нутгаар болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Цаашдаа  есдүгээр сард агаарын дундаж температур нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх бол хур тунадас баруун аймгуудын нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол аравдугаар сард баруун аймгуудын нутгаар дунджаас сэрүүн, хур тунадас нутгийн өмнөд хэсгээр ахиу, бусад хугацаанд болон бусад нутгийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Наймдугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Өмнөговь, Дорноговийн ихэнх хэсгээр олоон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Есдүгээр сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтайн хойд, Архангайн баруун, Баянхонгорын баруун хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Аравдугаар сарын агаарын дундаж температур Увс, Завханы нутаг, Ховдын хойд, Архангайн баруун, Баянхонгорын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Өмнөговь, Дорноговийн ихэнх, Дундговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Эх сурвалж:ЦУОШГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол, Киргизийн бизнес форум боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын хүрээнд Монгол, Киргизийн бизнес форум болж, хоёр орны төр, засгийн байгууллагууд, бизнесийн төлөөлөл, хөрөнгө оруулагчид оролцлоо.

Форумыг Монгол-Киргизийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Шадар сайд С.Амарсайхан, Киргизийн Сайд нарын танхимын орлогч дарга Э.Ж. Байсалов нар нээж үг хэллээ.

С.Амарсайхан, төрийн тэргүүн нарын харилцан айлчлал харилцааг шинэ түвшинд хүргэж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг тодотголоо.

Бизнес форум эдийн засгийн харилцаа, хоёр орны төр, хувийн хэвшлийг харилцан үр өгөөжтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээ, технологийн дэвшлийг уялдуулсан, бодит үр дүнд хүрэхэд чухал түлхэц болно гэж талууд үзэж байна.

 Цаашид:

Хөдөө аж ахуй, хүнс, мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс, шир боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах,

Тээвэр логистик, аялал жуулчлал, боловсрол, шинжлэх ухаан, дэвшилтэт технологийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх,

Жимс, хүнсний ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, мэргэжилтэн бэлтгэх,

Хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлж, бизнес эрхлэх нөхцөлийг тогтвортой, ойлгомжтой болгох зэргээр хамтран ажиллана.

Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Киргизтэй хамтран хүнсний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

Бизнес форумд хоёр улсын мэдээллийн технологи, эрчим хүч, уул уурхай, тээвэр логистик, боловсрол, банк, санхүү, хүнс, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын 150 гаруй аж ахуйн нэгж оролцож, харилцаа холбоо тогтоон, хамтран ажиллах гэрээ хэлцэл хийлээ.

Форумын үеэр хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжих, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Монгол-Киргизийн бизнесийн зөвлөл байгууллаа.

Киргизийн эдийн засагт хөдөө аж ахуй, уул уурхай, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл, эрчим хүч, нэхмэл голлодог. Гадаад худалдааны хэмжээ нь 16 тэрбум ам.доллар.

Алт болон хөдөө аж ахуйн түүхий эд, төмөр, шил, нүүрс, цемент голлон гаргаж, суудлын автомашин, газрын тос, байгалийн хий, тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн импортоор авдаг юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Адылбек Касымалиевийг хүлээн авч уулзлаа.

Монголын төлөөлөгчдийг элэгсэг дотноор хүлээн авч буй Киргизийн төр, засаг, ард түмэнд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Энэ удаагийн айлчлалаар уламжлалт найрсаг харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн нь харилцааны түүхэнд тодоор  бичигдэж, хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлж байгааг онцоллоо.

Мөн Монгол, Киргизийн эрх зүйн үндсийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар, байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг  зурсныг тэмдэглэлээ.

Төрийн тэргүүн нарын харилцан тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгох, харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд хоёр улсын Засгийн газар нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа хэлэв.

Дарга А.Касымалиев, сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж, Засгийн газар хоорондын комиссын ажил эрчимжиж буйг тэмдэглэж, худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Киргиз Улсад Засгийн газрын тэргүүн-Сайд нарын танхимын дарга, гишүүдийг Парламентын зөвшөөрлөөр Ерөнхийлөгч томилдог.

Сайд нарын танхимын дарга нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албыг давхар гүйцэтгэдэг. Адылбек Касымалиев 2024 оны 12 дугаар сард энэ албанд томилогджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр харагчин могой өдөр

-Аргын тооллын 7 дугаар сарын 23. Лхагва (Буд) гараг (2025)
-Билгийн тооллын 29, харагчин могой, мэнгэ 8 цагаан, суудал шороо, хэрцгий охин-5 од, рашаан барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:17-20:39.​
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд толгой, өвдөг, шилбэнд, гэрийн сүлд хаалганд орших болой.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, лам болох, залбирах, буян номын үйл, ном сонсох, хурим хийх, бэрийн үйл, суурь тавих, угаалга, эм найруулах, өс дарах, мод таслах, газар малтах, нүүдэл хийх, ус хааж бөглөх, арилжаа наймаа хийх, эд, мал худалдах, гадагш өгөх, заргалдах, замд гаргах, морь худалдах, морь уралдаж эхлэх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, малын үс, ноос хяргах, хатуу үйл ажил хийх, хөрөнгө исгэх, үр цацах, хиншүү, бузар, бэлбэсний үйл, үхэгсдийн үйл, ан гөрөө хийх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

23-ны өдөр Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг, Дорноговийн хойд сумдын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2025 оны 07-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон зүүн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгороор +14…+19 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +21…+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх голын хөндийгөөр +31…+36 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй . Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +24…+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно . Салхи баруун өмнөөс барууунн хойш эргэж секундэд 5-10 метр.Өдөртөө +23…+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй . Салхи баруун хойноос секундэд 4-9 метр.Өдөртөө +22…+24 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ил задгай цахилгааны утаснаас болж иргэд тогонд цохиулах эрсдэлтэй байна

Үерийн усны улмаас ил, далд цахилгааны утас усанд автаж хүчдэлд цохиулах эрсдэлийг бий болгож, хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулдаг тул ил гарсан цахилгааны утас байвал мэргэжлийн байгууллагад хандах, бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, аюулгүй байдлаа хангаарай.
Мөн иргэн Та таны ойр орчимд хөрсний гулгалт, үерийн улмаас ус тогтсон газарт дэд станц, өндөр хүчдэлийн хазайсан тулгуур шон, хэт унжсан цахилгааны самбар, хайрцаг, шугамын утас байгаа бол ойртохгүй, дээрх газрын ойролцоо тогтсон уснаас хол байхыг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа